Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаж Хөгжлийн банк 200 сая ам.долларын хөрөнгө босгохоор шийдвэрлэсэн гэнэ. Арилжааны дансны бүртгэл хөтлөгчөөр “Credit Suisse” банк ажиллах аж. Арилжааг гурав хувааж хийхээр төлөвлөжээ. Ам.долларын libor (Лондоны банк хоорондын захын суурь хүү) дээр 425-450 суурь нэгж нэмж тооцох гурав, тав, долоон жилийн хугацаатай үнэт цаас гаргах ажээ. Зээлдүүлэгчид баталгаажсан үнэт цааснаас хэсэгчлэн авч болох юм байна. 50 сая ам.доллар болон түүнээс дээш хөрөнгө оруулсан зээлдүүлэгч гурван жилийн хугацаатай үнэт цааснаас 125, таван жилийнхээс 150, долоон жилийнхээс 175 суурь нэгжийн өгөөж авах аж.
Category: эдийн-засаг
Монгол-Хятадын бизнес форум болно
Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум энэ сарын 31-нд болох гэж байна.
Энэхүү хуралдааны хүрээнд хоёр орны хоорондох худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын захирагчийн алба, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам, Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран форумыг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.
БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Юүэ фү хун, Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэй жун тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцох юм.
Улсын төсөв алдагдалтай гарчээ
Сангийн яамнаас Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн эхний зургаан сарын гүйцэтгэлийг гаргажээ. Үүгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2014 оны эхний зургаан сарын байдлаар 2,729.4 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2,970.0 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь төлөвлөсөн хэмжээний 26.6 хувьтай тэнцэж байна.
Ашигт малтмалын газрын мэдээлснээр дэлхийн коксжих нүүрсний худалдаа энэ онд 3.2 хувиар өсч, 320 сая тоннд хүрэх аж. Үүний тал хувийг нь бүрдүүлэх Австралийн нийлүүлэлт энэ онд 3.9 хувиар өсөх төлөвтэй байна. Тус улсын хувьд “Queensland”-ийн төмөр замын тээвэрлэлт болон “New South Wales” мужийн далайн боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Харин Австралийн нүүрсний олборлолт 2020 онд 550 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн 54.9 хувийг Австрали улс дангаараа бүрдүүлж байсан.
НДЕГ-аас нэг удаагийн үзлэг оношлогооны 80 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Ингэхдээ энэ онд багтаан нийт 100 мянган хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн байна.
Урамшууллыг авах хүн нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр хугацаанд нь төлсөн, даатгалын сангаас дараалсан гурван жилийн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй байх шаардлагатай аж.
Уг шаардлагыг хангасан даатгуулагч оношлогоо, шинжилгээний багц болон үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгон, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм байна.
Даатгуулагчид эхлээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хаягаар урамшуулал авах эрхтэй эсэхээ шалгах аж. Шаардлага хангасан бол харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагадаа хандан, даатгалын дэвтэртээ тэмдэглэгээ хийлгэснээр урамшуулалд хамрагдах эрхтэй болно.
Манай улсын нүүрсний экспорт өмнөх жилийнхээс 25 хувиар нэмэгдсэн ч үнэ нь буурчээ. Тодруулбал энэ оны эхний хагас жилд 11.6 сая тонн нүүрс олборлосноос 9.3 саяыг нь экспортолжээ. Үнэ нь буурсан учраас нүүрснээс олох ашиг энэ оны эхний хагаст 17.4 хувиар буурч, орлого нь 448 сая ам.долларт хүрчээ. Энэхүү орологын дийлэнхийг “Эрдэнэс Тавантолгой” бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсийг 34-36 ам.доллараар борлуулж байна. Шинжээчид ирэх есдүгээр сараас нүүрсний үнэ нэмэгдэх хандлагатай хэмээн таамаглаж байна.
М.Ууган
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1854.02 төгрөгийн хаалтын ханшаар 16.0 сая ам.доллар, 299.10 төгрөгийн хаалтын ханшаар 86.0 сая юань тус тус худалдав.
Ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 13.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 80.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
М.Эрдэнэ
Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн яамны хэрэгжүүлэх 19 ажлын явцыг 2014 оны долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар үнэлгээ хийхэд биелэлт ерөнхий дүнгээрээ 65 хувьтай гарсаныг өнөөдөр танилцууллаа. Тиймээс тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын явцыг эрчимжүүлэх, биелэлтийн хувь бага байгаа арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хяналтандаа авч ажиллаж байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.
Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1847.32 төгрөгийн хаалтын ханшаар 26.4 сая ам.доллар, 298.05 төгрөгийн хаалтын ханшаар 80.5 сая юань тус тус худалджээ. Гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 10.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 10.6 сая ам.доллар нийлүүлэв хэмээн Монгол банкнаас мэдээллээ.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм байна.
Үндэсний статистикийн газрын мэдээллээс авч үзвэл өнгөрсөн хагас жилийн хугацаанд манай улс 583,5 мянган тонн зэсийн баяжмал гаргасанаас 217 мянган тонныг өнгөрөгч сард экспортлосон нь Хятад улсын гаалийн мэдүүлгээс харагдаж байна. “Оюутолгой” үйлдвэрийн ажил улирлын чанартай өссөнөөр энэ үзүүлэлт 15 орчим хувь нэмэгджээ. Мөн БНХАУ-н бүтээгдэхүүн хүлээн авах тээврийн үйлчилгээ сайжирсан нь нөлөө үзүүлж байна гэж үзсэн байна.
Нөгөөтэйгүүр өнгөрсөн онтой харьцуулахад 300 мянган тонн өссөн тоо бөгөөд экспортын бүтээгдэхүүний 47 хувийг дангаар бүрдүүлж нүүрсний нийлүүлэлтийг даваад байна. Латин Америкын орнуудын зэсийн нийлүүлэлт өсөлттэй байгааг мөн дурдах нь зүйтэй. Чили улс гэхэд 535,5 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлсэн байна.
Харин алт олборлогчид өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 65,4 хувиар илүү буюу дөрвөн тонн гаруй алтыг төв банкинд тушаасан байна. Үүнээс 2,5 тонныг Их Британид гаргасан тухай Үндэсний статистикийн хороо мэдэгдлээ. Энэхүү өсөлт нь алтанд ногдуулж байсан рояльти 2,5 татварыг тэглэсэнтэй холбоотой гэж эдийн засагчид үзлээ. Мөн алт тушаалтын өсөлт нь Монгол банкны валютын нөөцийг 187 орчим сая доллараар нэмэгдүүлсэн гэх тооцоо байна.
Өнөөдрийн зах зээл дээр зэсийн ханш 7025 ам долларын ханштай байна /Bloomberg статистик/
Дэлхийн зах зээл дээр зэсийн хэрэглэгч орнуудын эрэлт өсч байгаа. Харин эрэлт нь үнэд сөргөөр нөлөөлж магадгүй, ирэх таван жилийн хугацаанд буурах төлөвтэй байна гэж “Goldman Sachs”-ынхан тооцжээ. “The Wall Street Journal”-д тэмдэглэснээр зэсийн үнэ доошилж, энэ оны эцэст тонн нь 6200 ам.доллартай тэнцэнэ гэсэн байна. Хөрөнгө оруулалтын банк ч мөн адил зэсийн үнэ буурна гэж үзжээ. Харин “Morgan Stanley”-гийн зүгээс биржүүд дэх нөөц дундарч байгаа учраас оны 2 дугаар хагаст 7055 ам долларт хүрнэ гэсэн эерэг төсөөллийг хийсэн байна.
Дэлхийн зах зээлд нэг унц алт 1307 ам.долларын ханштай байна /Bloomberg статистик/
2011 оны ес дүгээр сард алт бүх цаг үеийн дээд ханш буюу 1923,7 ам.долларт хүрч байсантай харьцуулахад өнгөрсөн онд ханш 28 хувиар унасан. Энэ оны хувьд оны эхнээс 9,5 хувийн өсөлт үзүүлсэн байна. “Goldman Sachs”, “Societe Generate” зэрэг банкны шинжээчид алтны үнэ унана гэж үзэж байгаа ба үүнийгээ дэлхийн эдийн засаг сэргэж байгаатай холбон тайлбарлажээ. “Societe Generale”-ын шинжээч Майкл Хэй оны төгсгөлд алтны ханш одоогийнхоос таван хувиар хямд үнэлэгдэнэ хэмээн таамагласан бол “Goldliian Sachs’’-ын Жеффри Кюри энэ оны эцэст нэг унци алт 1050 ам.доллартай тэнцэнэ хэмээн тооцоолсон байна.
Алтны нөөц гадаад валютын баталгаа болдог учраас валютын хомсдолтой энэ үед Төв банк алтны нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэж эдийн засагчид үзэж буй. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй алтны нэгжүүд энэ онд 31 тонн алт олборлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний гуравны нэг хэсгийг Монгол банк татан төвлөрүүлэхээр ажиллаж байгаа аж.
М.Бүжил