Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хөгжлийн банкны дансанд 300 сая ам.доллар орж ирэх нь

Төгрөг суларч, доллар чангарч, эдийн засаг хүндэрсэн энэ үед Хөгжлийн банкны дансанд  300 сая ам.доллар орж ирэх нь бараг л тодорхой болжээ. Хөгжлийн банк Засгийн газрын баталгаатайгаар 300 сая ам.долларын хөрөнгө босгохоор ажиллаж эхэлжээ. Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Бид ажиллаж эхэлсэн. Үр дүн нь тун удахгүй мэдэгдэх байх. Энэ ажлын бүтэх магадлал 90 хувьтай” гэж онцлов. “Олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох ажил Монголын хувьд тийм ч хэцүү биш, учир нь Монгол Улсын дунд урт хугацааны ирээдүй гэрэлтэй байгаа” гэж дэлхийн банк, санхүүгийн шинжээчид үзэж байгаа аж. “Credit Suisse” банк  арилжааны дансны бүртгэл хөтлөгчөөр ажиллах энэ арилжааг гурав хуваан хийхээр төлөвлөжээ. “Credit Suisse” –ийн зүгээс зээлдүүлэгчид  баталгаажсан үнэт цааснаас хэсэгчлэн авч болно гэсэн мэдээлэл өгчээ. Зээлдүүлэгчид арилжаанд гурван түвшинд оролцох аж. 50 сая ам.доллар болон түүнээс дээш хөрөнгө оруулсан зээлдүүлэгч гурван жилийн хугацаатай үнэт цааснаас 125, таван жилийнхээс 150, долоон жилийнхээс 175 суурь нэгжийн өгөөж авах юм байна.   

Ц.СҮРЭН 

Categories
мэдээ эдийн-засаг

Бороогийн ордод 14.265 унци алт үйлдвэрлэжээ

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Энэ хугацаанд тус компани 31.7 сая ам.долларын алдагдал хүлээснийг marketwired.com цахим хуудсанд мэдээлэв. “Centerra Gold” 92.124 унци алт үйлдвэрлэснээс 77.860 нь Кыргызийн Кумтор, 14.265 нь Бороогийн ордод ногджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 99.426 унци алт үйлдвэрлэснээс буурсан үзүүлэлт гэнэ.

Бас өмнөх оны хоёрдугаар улиралд Бороогийн ордод 27.061 унци алт үйлдвэрлэж байсантай харьцуулахад хоёр дахин багассан үзүүлэлт юм. Хоёрдугаар улиралд “Centerra Gold”-ын орлого 119.5 сая ам.доллар болж доошилсон нь өмнөх жилийнхээс 8.7 саяар буурсан дүн бөгөөд энэ нь бүтээгдэхүүний борлуулалт муудан, үнэ хямдарсантай холбоотой аж. Бас бүтээгдэхүүний борлуулалтын зардал нь 29 хувиар өссөнийг тайландаа дурджээ.

Дашрамд дурдахад, энэ оны эхний хагаст “Centerra Gold” компани нийт 208.794 унци алт (2013 онд 214.646 унци байсан) үйлдвэрлэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Оны сүүлээр инфляци бууна

Улсын хэмжээнд инфляци 14,6 хувьтай байгаа бол Улаанбаатар хотод  15,1 хувьтай байна. Монголбанкны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ оны сүүлч гэхэд инфляци 10 хувь руу дөхөж очих гэнэ. Учир нь өчигдөрөөс Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 1,5 хувиар нэмж 12 хувь болгосон юм.  Энэ нь инфляцийг бууруулахын тулд авч байгаа нэг арга хэмжээ аж. Энэ оны эхний хагас жилийн статистикаас харахад иргэдийн хэрэглээний бүтцэд өөрчлөлт орж махнаас бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт харьцангуй буурчээ. Харин хүнсний бус бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт давамгайлах хандлагатай байгаа юм. Нэмж дуулгахад өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар инфляцийн түвшин улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатарын хэмжээнд 12.3 хувьтай гарч байсан юм. 

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны авлага 209.5 сая ам.доллараар өсчээ

Монголбанк 2014 оны эхний зургаан сарын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг гаргалаа.   Урсгал тэнцэл 603.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 62 хувиар буюу 1,004.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд  барааны гадаад худалдааны дансны алдагдал 113 хувиар буурч 86.0 сая ам.долларын ашигтай гарч, үйлчилгээний худалдааны алдагдал 11 хувиар буурч 649.8 сая ам.долларт, орлогын дансны алдагдал 51 хувиар буурч 143.4 сая ам.долларт, урсгал шилжүүлгийн ашиг 81 хувиар өсч 103.5 сая ам.долларт тус тус хүрсэн нь нөлөөлжээ.

Хөрөнгө, санхүүгийн тэнцэл 29.8 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 97 хувиар буюу 884.9 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг 70 хувиар буюу 873.2 сая ам.доллараар багасч, бусад хөрөнгө оруулалтын дансны алдагдал 129 хувиар буюу 465.5 сая ам.доллараар өссөнөөр тайлбарлагдаж байна. 

Бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийнхүү өсөхөд аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад худалдааны авлага 209.5 сая ам.доллараар өсч, гадаад зээл цэвэр дүнгээр 187.3 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын банкинд Хятадын иргэн мөнгө угаажээ

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэд хоногийн өмнө ЦЕГ-ын дэргэдэх Интерполын үндэсний товчоо БНХАУ-ын иргэнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ олон улсад тавьсан байна. БНХАУ-ын иргэн Вэнчао Чен нь манай улсад байхдаа бизнесийн хамтрагч нараа залилаж, онц их хэмжээний мөнгөөр хохироосон төдийгүй мөнгө угаасан үйлдлээр шалгагдаж байгаа ажээ. Хуучнаар УМБГ буюу одоогийн Зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх газраас шалгаж үзэхэд Вэнчао Чен нь ор сураггүй алга болжээ. Тэрээр хилээр оргон зайлсан байж болзошгүй юм. Иймээс сэжигтнийг олон улсад эрэн сурвалжлуулахаар Интерполд хандаж, хэргийг түдгэлзүүлээд байгаа ажээ. 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Монголбанк бодлогын хүүгээ нэмжээ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, өнөөдрөөс бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэж байгаагаа зарлалаа. Инфляцийн өсөлт, ханшийн савалгааг тогтворжуулахын тулд төв банкнаас ийнхүү төсөв мөнгөний бодлогоо чангатгаж, ингэснээр эдийн засгийн хүндрэлийг саармагжуулна гэж үзэж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг. Банкуудаас Төв банкин дээр байршуулж буй хөрөнгөнд Монголбанкнаас төлж буй хүү юм.

Бодлогын хүү өсөх нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд хүргэх, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг билээ. Улаан буудай, гурил, бензин түлшний үнийн өсөлт, Засгийн газрын төсвөө тэлэх бодлого, сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсэн мөнгөний нийлүүлэлт инфляцид сөргөөр нөлөөлж байсан тул Монголбанк бодлогын хүүг 2007-2008 онд өсгөж байсан юм. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээдэг юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Дорнодын замын ажлын дутуу хөрөнгийг шийдвэрлэлээ

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 10.65 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардлагатай 1.9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Хэнтий-Дорнод чиглэлийн 95.4 км авто замын нэг багц болох энэ зам Чойбалсан хотын төвөөр дайрах бөгөөд 9 м өргөнтэй, хоёр захаараа бетон хашлагатай, борооны ус зайлуулах байгууламж, цахилгаан холбоо, шугам сүлжээ, авто замын гэрэлтүүлэг зэрэг инженерийн иж бүрэн байгууламжтай баригдах юм байна.

2009 онд ажил нь эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн ашиглалтад оролгүй таван жилийн турш сунжирсан Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлийн 288 км замын бүтээн байгуулалтын ажилд Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэгч компаниуд нэмж оруулан ажиллуулсан.

 Ингэснээр өнгөрсөн оноос эрчимжсэн Дорнодын замын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр таван компани ажиллаж байна. Эдгээр компани тус бүр 10-143 км зам хариуцан барьж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Дорнодын замын 145 км нь ирэх есдүгээр сард ашиглалтад орох юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Агаарын тээврийн даатгагчид их хэмжээний мөнгө төлнө

Агаарын тээврийн даатгагчид 2001 оны 9 сарын 11-ээс хойш хамгийн том нөхөн олговорыг энэ жил төлнө. Өөрөөр хэлбэл, агаарын тээврийн бизнесийн эрсдлийг даатгадаг, давхар даатгалын компаниуд энэ жил 2 тэрбум ам долларын биет алдагдалын даатгалын нөхөн төлбөр олгохоор байгаа нь 2001 оны 9 сарын 11-ны сүйрлээс хойш тохиолдож буй хамгийн том нөхөн олговор, алдагдал хүлээж буй үйл явдал болж байна. Жилд дунджаар шувуутай мөргөлдөх зэрэг ослоос үүсдэг биет хохирлын хэмжээ 600 сая ам доллар байдагтай харьцуулбал 2 тэрбум ам доллар нь бараг 4 дахин их дүн болж байна.

Агаарын тээврийн компаниудын хувьд үндсэн 2 төрлийн томоохон даатгал байдаг байна. Үүний эхнийх нь дайны даатгал, өөрөөр хэлбэл бүс нутаг дахь хямрал, дайны нөхцөл байдлаас хамаарч агаарын хөлөгт дайсагнасан үйл ажиллагаанаас биет хохирол үүссэн нөхцөлд хамгаалдаг. Нөгөөдөх нь all risk policy буюу хуулийн зардал, аялан явсан зорчигч нарт олгох нөхөн олговор, дайсагнасан бус үйл ажиллагаанаас агаарын хөлөгт үүссэн биет хохиролыг нөхөн олгож, эрсдлийг хаадаг даатгал. 

2014 онд дээрх 2 төрлийн даатгалын хураамж хэд дахин өсөхөөр шинжтэй байгаа нь сүүлийн 10-н жилд тохиолдоогүй агаарын тээврийн осол, эрсдэл гарч буйтай холбоотой байна. Ливийн Триполийн нисэх буудалд газардсан байсан 12 онгоц буудагдаж гэмтсэн, Малайзын нэг онгоц сураггүй болж, сүүлийн MH17 нь Украйнд буудуулж унасан. Нэмээд Алжирын болон Тайваны онгоц осолдсон зэрэг нь гал дээр тос нэмсэн үйл явдал болжээ.

Дээрх үйл явдлуудтай холбоотойгоор зарим давхар даатгалын компаниуд дайны болон хямралын шинж чанартай зэвсэгт мөргөлдөөн гарч буй бус нутгууд улсууд дээр дайран гарч буй нислэгүүдэд даатгал хийхгүй бодлого хэрэгжүүлж байна.

Зөвхөн Английн Lloyd’s давхар даатгагчын хувьд 2014 онд дээрх төрлийн даатгалуудаас 60 сая ам долларын шимтгэлийн орлого олсон бол эргээд үүнээс хэд дахин их нөхөн төлбөр олгож, алдагдалтай ажиллахаа зарлажээ.

Биет хохирлын нөхөн төлбөрийн асуудал хурдан тодорхой байдаг бол хариуцлагын даатгал буюу зорчигч нарт олгох нөхөн төлбөрийн маргаан шийдэл хэдэн жилээр дамжин удааширдаг байна.  Нөхөн олговорын хэмжээ нь хохирогч маань аль улсын иргэн байсан, мөн хир хэмжээний орлого амьд ахуйдаа олж байсан нь гол хүчин зүйл болдог байна.

Шинжээчдийн дүгнэж буйгаар энэ жилийн осол авааруудад хохирогч нар дунд Америкийн иргэн цөөн байгаа нь давхар даатгач нарын олгох хариуцлагын нөхөн төлбөрийг багасгана хэмээн үзжээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 1860 төгрөгт хүрчээ

Өчигдөр Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1,860.88 төгрөг, Хятадын юань 300 төгрөг 73 мөнгө болов. Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 11.7 хувь, 2013 оны мөн үеэс 23.8 хувиар тус тус суларчээ.

Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсад ажиглагдаж байгаа зүйл биш болохыг шинжээчид онцолж байгаа. Учир нь эдийн засаг нь уул, уурхайгаас ихээхэн хамааралтай Перу, Индонези зэрэг хөгжиж буй орнуудад ч энэ хандлага ажиглагджээ.  Уул, уурхайгаас хамааралтай гэгдэх 17 улсын мөнгөн тэмдэгт өнгөрсөн 18 сарын хугацаанд бүгд 5-45 хувиар суларсан байна. Эдгээр орны валютын ханшийн нэг өдөрт ногдох хэлбэлзэл 0.1-0.68 хувийн хооронд байгаа аж. 

Categories
мэдээ эдийн-засаг

Худалдаа хөгжлийн банк Токиод төлөөлөгчийн газраа нээлээ

Монгол улсыг дэлхийтэй холбох санхүүгийн гүүр Худалдаа, хөгжлийн банк нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, олон улс дах анхны төлөөлөгчийн газрын нээлтээ Япон улсын нийслэл Токио хотноо 7-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг нээлтийн үйл ажиллагаа нь  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улс дах албан ёсны айлчлалын үеэр зохион байгуулагдсан ба Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Хүрэлбаатар, ХХБ-ны Ерөнхийлөгч Рандольф Коппа, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхон, Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга асан Хатанака Рютаро, “Bank of Tokyo Mitsubishi UFJ” Гүйцэтгэх захирал Ёшикава Эижи, бусад улс төрийн болон бизнесийн хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. ХХБ-ны төлөөлөгчийн газар нь Япон улстай тогтоосон бизнесийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг болох Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүжилт босгох, хөрөнгө оруулагчдыг эдийн засаг, зах зээлийн шаардлагатай мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой юм. Уг төлөөлөгчийн газраараа дамжуулан ХХБ нь Япон дах хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай холбох санхүүгийн гарц нь болж өгөх юм. 

Төлөөлөгчийн газрын нээлтийн үйл ажиллагаанд зориулж ХХБ, Монгол улсын ЗГХЭГ болон Япон улс дах Монголын ЭСЯ-тай хамтран “Монголын үдэш” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан ба Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы парламентын зөвлөхүүдийн танхим дах Монгол, Японы найрамдлын бүлгийн дарга Эда Сацүки, Японы ЗГХЭГ-ын дэд сайд Нишимура Ясутотши болон бусад хүндтэй зочид уригдан ирж, монголын үндэсний гайхамшигт дуу хуурыг сонсон, үндэсний зоог барьж, монгол зан заншилтай танилцан нэгэн сайхан үдшийг өнгөрүүллээ. Мөн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол, Япон 2 улсын цаашдын хамтын ажиллагаа нь үргэлж эв найрамдалтай байхыг бэлэгдэн Японы уламжлалт “Кагами Бираки” буюу японы саке архины торх хагалах хүндэтгэлийн ёслолыг үйлдсэн юм.