Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч эхэлсэн талаар Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Дээрх газрын мэдээлж буйгаар энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд инфляцийн түвшин 15.4 хувьд хүрсэн байна. Тодруулбал, иргэдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, нэг жилийн өмнө 8.3 хувьтай байсан инфляц 15.4 хувьд хүртэл өссөн гэсэн үг. Мөн эдийн засгийн өсөлт 2013 онд 11.3 хувьтай байсан бол одоо нэг дахин буюу 5.3 хувь болж буурсан байна.
Category: эдийн-засаг
Монгол Японы бизнес форум боллоо
Өнгөрч буй энэ долоо хоногт Монгол Хятадын болон Монгол Японы бизнес форумууд боллоо.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Японы Шизүока муж хооронд үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулжээ. Энэ хүрээнд бизнес форум зохион байгуулсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 21-24-нд Япон улсад айлчилсан. Энэ үеэр Монгол улсын Засгийн газар Японы KEIDANREN-тай хамтарн Монгол-Японы бизнес форум зохион байгуулсан юм. Үүний үргэлжлэлийг Улаанбаатарт баасан гарагт зохион байгуулсан нь энэ юм.
Манай улс болон Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тохиролцоонд хэдийнэ хүрсэн. Мөн Монгол-Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зураад байгаа. Ийм чухал цаг үед дээрх форум болж өнгөрлөө.
Японы Шизүока мужийн албаны хүмүүс болон бизнесмэнүүд Монголын бизнэс эрхлэгчидтэй ойртон танилцах, хамтран ажиллах боломж эрэлхийлэн, Монголд ирцгээжээ. Харин манай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Японд экспортлох сонирхлоо илэрхийлсэн юм.
Жишээ нь Халхын ногоон цайг Японд борлуулах сонирхол байгаа юм. Мөн тус улсаас шинэ болон хуучин тоног төхөөрөмжийг зээлд хамрагдан импортлох хүсэлт манай бизнес эрхлэгчдэд байна. Япон тоног төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй байдаг нь манай үйлдвэрлэгчдэд тодорхой саад үүсгэдэг байна. Санхүүгийн механизмаа бүрдүүлсэн цагт тоног төхөөрмж импортлох бүрэн боломжтой аж.
Форумын үеэр Шизүока мужийн дунд бүсийн цахилгаан станцуудад манай инженерүүд урт хугацааны сургалтад хамрагдах болжээ.
Дашрамд хэлэхэд Монгол Солонгосын эдийн засгийн форум маргааш Их тэнгэрт эхэлнэ.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 117 дугаар тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах 26 гишүүн компанийн арилжаанд оролцох эрхийг 2014 оны наймдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн холбогдох журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.
Үнэт цаасны арилжаанд оролцох эрх хязгаарлагдсан гишүүн компаниудын жагсаалт:
№ Гишүүн компанийн нэр
1 Ай трейд ХХК
2 Аргай бэст ХХК
3 Бага хээр ХХК
4 Бумбат Алтай ХХК
5 Грандлайн ХХК
6 Грийт секьюритис ХХК
7 Ди си эф ХХК
8 Лайфтайм инвестмент ХХК
9 Мөнх огторгуй ХХК
10 Новел инвестмент ХХК
11 Өндөрхаан инвест ХХК
12 Сикап ХХК
13 Скайхан капитал ХХК
14 Тавантолгой хишиг ХХК
15 Түшиг траст ХХК
16 Хүннү Эмпайр ХХК
17 Эм Ай Си Си ХХК
18 Эм Даблью Ти Эс ХХК
19 Эф Си Икс ХХК
20 АБЖЯ ХХК
21 Догсон ХХК
22 Зууны гарц секьюритис ХХК
23 Очир-Эрдэнэ инвест ХХК
24 Соёмбо инвестмент корпораци ХХК
25 Юу Би Би Ди ХХК
26 Би Би Эс Эс ХХК
Монгол Улсын Татварын ерөнхий газар (ТЕГ) нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн татварын цахим төлбөрийн шинэ системийг нээлтийг хийлээ. ТЕГ-аас 2014 оны 1-р сард шинээр нэвтрүүлсэн цахим татварын тайлангийн системийг одоогийн байдлаар татвар төлөгчдийн 70-аас илүү хувь нь ашиглаж байна. Голомт, Хаан банк, Төрийн банк зэрэг арилжааны банкууд ТЕГ-тай хамтран хоёрдахь хувилбарыг амжилттай туршиж, нийт татвар төлөгчдийн 80 гаруй хувийг цахим татвар төлөлтийн системд холбох боломжийг бүрдүүлсэн бөгөөд ТЕГ цаашид энэ үйлчилгээг дотоодын арилжааны бүх банкаар дамжуулан татвар төлөгчдөд хүргэхээр төлөвлөж байна.
“Мэдээллийн технологийг сайжруулах нь татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд МТА-ны үйл ажиллагааг шинэ шатанд аваачих юм. Энэ ажлыг гүйцэтгэхэд арилжааны банкуудтай амжилттай хамтран ажиллах нь Монгол Улсын хэмжээнд манай татвар төлөгчид бэлэн мөнгөнөөс бэлэн бус гүйлгээнд шилжихэд голлох үүрэг гүйцэтгэнэ” гэж ТЕГ-ын дарга Т. Батмагнай хэллээ.
ТЕГ болон арилжааны банк хоорондын хамтын ажиллагааны талаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Г. Ганболд “Татварын цахим төлбөрийн системийг ашиглах нь өөрийн харилцагч, үйлчлүүлэгчдэд тухтай, хүртээмжтэй, найдвартай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх Голомт банкны зорилготой нийцэж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийн нэг хэсэг” гэлээ.
Тус системийн нээлт Шинэчлэлийн Засгийн газрын ЭЗЭН 100 ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг бөгөөд нээлтэнд Сангийн сайд Ч.Улаан, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, АНУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл нар оролцлоо.
“Монгол-Солонгосын эдийн засгийн форум” ирэх 10-12-ны ѳдрүүдэд “Их тэнгэр цогцолбор”-т болох гэж байна. Форумын үндсэн зорилго Монгол Улс болоод БНСУ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан үр ашигтай, нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд оршино гэж зохион байгуулагчид нь хэлж байна. Форумд Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дарга Г.Батхүү, Солонгос-Монголын Хамтын Aжиллагааны Форумын дарга Жүн Жан Сон, Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дэд дарга, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Корейн Эйр” компанийн захирал Жи Чан Хун, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд нар болон хоёр улсын парламент, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцоно.Форумын өдрүүдэд төлөөлөгчдийг Тавантолгой ХК, Оюутолгой ХХК болон Монгол Улс дахь БНСУ-ын компаниудын үйл ажиллагаатай танилцуулах, хоёр орны улс төр, бизнесийн салбарт цаашдын хамтын ажиллагааг далайцтай өрнүүлэх талаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа аж.
“Хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болж буй НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын (АНДЭЗНК) ээлжит 70 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд саяхан НҮБ–ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Монгол Улсаас Тайландын Вант Улс болон АНДЭЗНК–т суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ч.Баттөмөр нар ажиллаж байгаа юм.
Хуралдааны эхний өдөр чуулганы дарга, дэд дарга нарыг сонгосон бөгөөд Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд ээлжит 70 дугаар чуулганы дэд даргаар сонгогдлоо.
Монгол Улсын байр суурийг төлөөлөн хэлсэн үгэндээ сайд Л.Болд даяаршил, харилцан хамаарал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутийн хамтын ажиллагааны ирээдүй нь улс орнууд хэрхэн нягт, ойр хамтран ажиллахаас голлон шалтгаалах бөгөөд Ази номхон далайн бүсийн энэхүү интеграцид идэвхитэй оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал зорилт болохыг онцлов.
Сайд Л.Болд энэ үеэр ээлжит 70 дугаар чуулганы даргаар сонгогдсон Бутан Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгатай уулзалт хийж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсаны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар шинээр томилогдсон хатагтай Шамшад Ахтартай уулзаж Монгол Улс, тус комисс хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилт, чиглэлийн талаар санал солилцлоо.
Монголбанкнаас тогтмол зохион байгуулдаг Гадаад валютын дуудлага худалдаа өчигдөр боллоо. Энэ удаагийн дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1880.00 төгрөгийн хаалтын ханшаар 18.0 сая ам.доллар, 304.50 төгрөгийн хаалтын ханшаар 128.5 сая юань тус тус худалдлаа.
Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 18.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.
Монгол Улсын Татварын ерөнхий газар шинэ системээ олон нийтэд танилцуулах гэж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр татвар төлөлтийн шинэ системийг ашиглаж эхэлсэн бөгөөд уг системийг танилцуулах арга хэмжээ энэ сарын 8 буюу ирэх баасан гаригт болно. ТЕГ уг шинэ системийг энэ оны нэгдүгээр сараас ашиглаж эхэлсэн аж. Одоогоор татвар төлөгчдийн 70-аас илүү хувь цахим татварын тайлангийн системийг ашиглаж байна.
Татвар төлөлтийг хялбаршуулах үүднээс интернет болон мобайл банкны үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр болжээ. Голомт, Хаан банк, Төрийн банк зэрэг арилжааны банкууд ТЕГ-тай хамтран хувийнхаа интернет банкны данснаас татвараа шууд төлөх боломжийг бүрдүүлжээ. Одоогоор нийт татвар төлөгчдийн 80 гаруй хувийг цахим татвар төлөлтийн системд холбох нөхцөлийг хангаад байгаа аж.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн төв Английн Лондон хотноо “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болжээ.
Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран зохиож буй өдөрлөг нь Монголын аж ахуйн нэгж компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид давхар бүртгэх, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэх юм байна.
Өдөрлөг ирэх есдүгээр сарын 9-нд болох бө тус өдөрлөгт оролцох сонирхолтой компани 8 дугаар сарын 8-ны өдөрт багтаан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Зах зээлийн хөгжлийн газарт саналаа ирүүлэх боломжтой аж.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар урсгал тэнцэл 603.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 62 хувиар буюу 1,004.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт болжээ. Барааны гадаад худалдааны дансны алдагдал 113 хувиар буурч 86.0 сая ам.долларын ашигтай гарсан бол үйлчилгээний худалдааны алдагдал 11 хувиар буурч, 649.8 сая ам.долларт, орлогын дансны алдагдал 51 хувиар буурч 143.4 сая ам.долларт, урсгал шилжүүлгийн ашиг 81 хувиар өсч, 103.5 сая ам.долларт хүрсэн байна. Хөрөнгө, санхүүгийн тэнцэл 29.8 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 97 хувиар буюу 884.9 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг 70 хувиар буюу 873.2 сая ам.доллараар багасч, бусад хөрөнгө оруулалтын дансны алдагдал 129 хувиар буюу 465.5 сая ам.доллараар өссөн байна. Бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийнхүү өсөхөд аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад худалдааны авлага 209.5 сая ам.доллараар өсч, гадаад зээл цэвэр дүнгээр 187.3 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.