Categories
мэдээ эдийн-засаг

Хятад 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлжээ

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийх айлчлалын уулзалтууд албан ёсоор эхэлсэн. Айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга ноён Ли Руогу болон дагалдан ирсэн бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр талууд БНХАУ-аас манай улсад өнөөг хүртэл үзүүлсэн зээл, буцалтгүй тусламжийн хэрэгжилтийн талаар санал солилцож, ирээдүйд хамтран ажиллах зорилтоо тодотгон тодорхойлсон байна. Тухайлбал, өмнөд хөрш өнөөг хүртэл манай улсад 800 гаруй сая ам.долларын зээл, 800 гаруй сая юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн байдаг ба Энхтайвны гүүр зэрэг хотын төвийн томоохон бүтээн байгуулалтуудыг дээрх дэмжлэгээр байгуулсан түүхтэй. Тэгвэл “Хөгжлийнхөө ид үед яваа Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн “ЭКСИМ” банкны ерөнхийлөгч энэ үеэр мэдэгдлээ. Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд манай хоёр орны найрсаг харилцаа дээрх бүтээн байгуулалтын он жилүүд буюу 1950-1962 оны хооронд хамгийн оргил үедээ хөгжиж байсныг тодотгоод, харин одоо үед хэрэгжиж байгаа, удаашралтай зарим төсөл, зээлийн явцыг хурдасгах чиглэлээр шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх механизмыг тохиролцох нь энэ удаагийн уулзалтын гол үр дүн байх болно гэж онцолсон байна.

Уг уулзалтын протоколыг баталгаажуулж, шийдвэрт хүрсэн асуудлуудаа цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Тухайлбал, тус банкны зээлээр барих гэж буй анхны хурдны зам, гурван улс дамнасан таван шугам хоолой буюу “Талын зам” төсөл болон бусад төмөр зам, автозам, эрчим хүчний төсөлд санхүүжилт олгох боломжийн талаар энэ үеэр тодорхой тохиролцоонд хүрч чаджээ.

БНХАУ-ын тусламжийн хөрөнгөөр манай улсад Биеийн тамирын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн гүүр, орон сууц, Толгойтын цахилгаан станц, Шувуун фабрик, Зүүнхараагийн спирт, бал бурмын комбинат, Улаанбаатарын тоосгоны үйлдвэр, Замын-Үүд-Эрээний автозам, Спортын ордон барих төслийн барилга, Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын барилгыг байгуулж байсан бол зээлийн хөрөнгөөр одоогийн байдлаар Орон сууцны хороолол, дэд бүтэц, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн хэсгийн парк шинэчлэл, Мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээний өргөтгөл зэрэг төсөл хэрэгжиж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

18 компанийн хувьцаа арилжаалагджээ

Монголын хөрөнгийн биржийн наймдугаар сарын 20-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар 18 хувьцаат компанийн нийт 188,839 ширхэг хувьцаа арилжаалагдаж, 102.607.165.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 

 Энэ өдөр “А” самбарт 15 компанийн 178,798 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 101.485.390.00 төгрөгийн, “Б” самбарт гурван компанийн нийт 10,041 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.121.775.00  төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. 

 ТОП-20 индекс 15,901.47 нэгж буюу 0.19 хувиар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс  995.89 нэгж болж 0.08 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв. 

Categories
мэдээ эдийн-засаг

Хятадын төмөр замын барилга байгууламжийн корпорацитай хамтрах нь

Хятадын даргын айлчлалын үеэр өнөөдөр  16.00 цагт “Эрдэнэс Монгол” ХХК Хятадын Хятадын Төмөр замын барилга байгууламжийн корпорацитай Хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар болжээ. Хятадын даргын айлчлалын явцын мэдээллийг манай сайт цаг тухайд нь мэдээлэх болно. 

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк Монголд ажиллах шинэ суурин төлөөлөгчөө томиллоо

Дэлхийн банк Монгол Улсад ажиллах суурин төлөөлөгчөөр ноён Жэймс Андерсоныг томилжээ. Тэрээр ирэх долоо хоногоос ажилдаа орох юм байна.  Шинэ суурин төлөөлөгч  АНУ-ын  харьяат аж. Дэлхийн банкинд 1997 оноос хойш ажиллажээ. Өмнө нь Вьетнамын Ханой хотноо засаглалын асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн, 1998-2008 онуудад Дэлхийн банкны Европ, Төв Азийн бүсийн албанд ажиллаж байжээ.  

Жэймс Андерсон тун удахгүй Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарт бараалхаж танилцах уулзалт хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Засагт хувь биш татвар хэрэгтэй

Монголын уул уурхайн хамгийн том компани нь төрийнх. Уг нь “Рио”, “МАК”, “Энержи ресурс” гэж ирээд яривал том төслүүд хэрэгжүүлж байгаа нь бүгд хувийн компаниуд л даа. Гэхдээ Оюу толгой, Таван толгой гэсэн ланжгар хоёр ордоос гадна стратегийн бүх ордын хувьд дээрээ ганц малгайтай. Аль л сайн нөөцтэй ордууд төр гэсэн нэг том эзэнтэй гэсэн үг. Тэр нь “Эрдэнэс Монгол”. Монголын уул уурхайн хамгийн том эзэмшил төрийн компанид бий гээд байгаа нь ийм учиртай. Хувийн хэвшлийн компаниудыг жамаар нь хөгжүүлж байж л чөлөөт зах зээл хөгжинө гэдэг өнцгөөс харвал яг өнөөдрийн “Эрдэнэс Монгол” төгс загвар биш. “Эрдэнэс Монгол”-ын доор “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэс Оюу толгой” гэж дэлхийн хэмжээнд яригдах төслүүдэд оролцоотой хоёр компани бий. Удирдлагууд нь бүгд улс төрийн томилгоогоор ажилладаг. ТУЗ нь ч ялгаагүй улс төрөөс хараат. Энэ том хоёр ордын ажил урагшлахгүй байгаа нь ганцхан ийм шалтгаантай. Жишээ нь “Рио”, “Эрдэнэс Оюу толгой” хоёр өнөөг хүртэл учраа олоогүй. “Эрдэнэс Таван толгой” гэхэд нүүрсээ зарах гэж хувийн компаниудтай өрсөлдсөөр байгаад өөрөөсөө бусдыг бараг л унагачихсан. Төрийн түшээдэд уул уурхайн салбарт төр оролцох ёстой гэсэн сэтгэлгээ бүр суучихсаныг жишээлж яривал өчнөөн баримт бий. Сүүлийн жишээ гэхэд УИХ-аас “Цагаан суварга гэдэг ордыг МАК минь дангаараа эзэмш. Төрд өгөх мөнгө байхгүй учраас хувь эзэмшихгүй, харин татвараа сайн төлөөрэй” гэсэн овоо ухаалаг шийд гараатахсан чинь УИХ-ын нэг гишүүн нь “Өө, тэгж ярихгүй. Энд чинь манай төрийн оролцоо хувь байх ёстой. Энэ муу компанид дангаараа эзэмших эрх байхгүй” гээд Цэцэд өгчихөж байгаа юм. Өөрсдөө хөрөнгө гаргаж чадахгүй хэрнээ олсон ашгаас нь авах ёстой гэсэн зах зээлийн жамаас гажсан сэтгэлгээ ганц энэ гишүүнд ч биш, өчнөөн түшээдийн элэг зүрхнээс уяатай яваа.

Байгалийн баялгаа зарж байж л ам.долларын галзуурлыг намжаана гэдгийг Монголбанкнаас эхлээд эдийн засагчид нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн энэ үед яах аргагүй ярих учиртай асуудал бол энэ. Тодруулж хэлбэл, уул уурхай дахь төрийн хэт оролцоог багасгах гарцыг хайх цаг болчихож.

“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫГ “ТИМАСЕК” ШИГ БОЛГОЁ

Ирэх сарын эхний долоо хоногт “Дисковер Монголиа-2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно. Чуулга уулзалтад гадны ганц ч хөрөнгө оруулагч шинээр бүртгүүлээгүй ч “Блүүмбэрг”-ээс эхлээд гадна ертөнцөд мэдээллийг нь цацах сувгууд бол бий. Монголд төсөл эхлүүлээд гацчихсан цөөн хэдэн шар толгойтнууд мэдээж энд ирнэ. Монголын уул уурхай тэр чигтээ төрөөсөө хамааралтай гэсэн гутранги бодол тээн санааширч яваа тэдэнд “Манай төр уул уурхайд дээрэмчин шиг оролцохгүй” гэж хэлэх ганц индэр нь “Дисковер Монголиа”. Энэ үеэр ийм сэдвээр эвтэйхэн яриа хөөрөө өрнүүлбэл биднийг дэлхий сонсоно гэх гээд байна л даа. “Дисковер”-ийн хоёр дахь өдөр “Уул уурхайн төсөл ба төрийн оролцоо” гэсэн сэдэвтэй хуралдаан болох юм билээ. Лав л “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Сайнбуян төрийн өмчийн компанийн засаглалаар илтгэл тавих сураг дуулдсан. О.Сайнбуянгийн хувьд өөрөө бизнесмэн учраас уул уурхайн төрийн өмчит компаниудыг бизнесийн зарчмаар явуулъя гэж энд тэнд болж байгаа чуулга уулзалтын үеэр их ярьдаг. Гэхдээ засгийн хувьд тэгтлээ дэмжсэн царай үзүүлэхгүй байх шиг санагддаг. Төр, хувийн хэвшлийнхэн нэг дор цугласан энэ хуралдаанаар “Эрдэнэс Монгол”-ыг Сингапурын “Тимасек” болгох чигийн хэлэлцүүлэг өрнүүлмээр байгаа юм. “Тимасек” бол Сингапурын төрийн өмчтэй компани. Компанийн засаглалаараа онц, хувьцаагаа олон нийтэд нээлттэйгээр арилжаалдаг гэдгээрээ дэлхийд танигдсан. Компанийн удирдлагыг улстөрчид биш ТУЗ-өөс нь сонгодог. ТУЗ-ийнх нь гишүүд улсдаа нэр хүндтэй бизнесмэн, эрдэмтдээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр бизнесийн зарчмаар ажиллаж чаддаг гэсэн үг. “Эрдэнэс Монгол”-ын хувьд яг ийм загвараар ажиллабал уул уурхайн салбар дахь төрийн оролцоо цэгцрээд ирнэ. Гэхдээ анхаарах нэг зүйл бий. ТУЗ-өөс компанийн удирдлагыг сонгоход улс төр нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Том төслүүдээ бизнесийн зарчмаар урагшлуулъя гэвэл захирлуудын томилгоонд улс төр орохгүй байх өндөр босгыг хуулиар тогтоож өгөх хэрэгтэй. Мэдээж тэр хууль нь дөрвөн жил болоод солигдохгүй дархлаатай байж үр дүнгээ өгнө. Ингэхийн тулд О.Сайнбуян захирал биш Засгийн газар, УИХ-ын зүгээс өндөр сонирхолтой байх учиртай. Төрийн өмчийн оролцоотой компаниуд хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаад ирвэл хүссэн хүсээгүй хяналт тогтоно, төр хэт оролцох гээд байвал олон нийтийн эсэргүүцэлтэй тулна гэсэн гарц ч бас бий.

ЗАСАГТ ХУВЬ БИШ ТАТВАР ХЭРЭГТЭЙ

“Тимасек” бол “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэх талаасаа байж болох хувилбар. УИХ, Засгийн газар хүсэхгүй бол ажил болоход бэрх шийдэл л дээ. Мэдээж үүнээс ч сайн хувилбар бий. Гадна, дотнын мөнгөтэй эрхмүүд цугласан “Дисковер Монголиа”-гийн үеэр манай засгийнхан “Төр уул уурхайн ордууддаа хувь эзэмшихгүйгээр татвараа аваад явъя” гэсэн мессэжийг өгвөл эргэлзсэн хөрөнгө оруулагчдын итгэл сэргээд ирнэ. “Цагаан суварга”-д хувь эзэмшихгүй гэсэн шийдвэр гаргаж чадсан төр энэ удаа стратегийн бүх ордод хувь эзэмшихгүй, татвараа л авъя гэчихмээр байгаа юм. Засгийн газрын “Рио”-той учраа олохгүй байгаагийн шалтгаан ч яг нарийндаа хувь эзэмшлээс үүдэлтэй. Том төсөлд төр хувь эзэмших нь тэр хэрээр эрсдэл хүлээнэ гэсэн үг. Манай төр Оюу толгойд 34 хувийн эзэмшилтэй. Эзэмшиж буй хувийнхаа хэмжээгээр “Рио”-гийн бүтээн байгуулалтад мөнгө зарцуулах үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл ганц ч доллар гаргаагүй, “Рио”-гоос мөнгө зээлж байж энэ аварга төслийг эхлүүлсэн. Төрийн эзэмшиж буй 34 хувийн хэмжээнд тохирсон мөнгийг “Рио” өөрөөсөө гаргаад баяжуулах үйлдвэр барьчихсан. Одоо дахиад гүний уурхайн бүтээн байгуулалтад хэдэн тэрбум доллар зарах учиртай. Бид Оюу толгойн ордод хувь эзэмшдэг учраас өнөө хэдэн тэрбумынх нь 34 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өөрсдөөсөө гаргах ёстой. Гэтэл бидэнд мөнгө байхгүй. Төр гэдэг бол яг нарийндаа бид. Төр мөнгө үйлдвэрлэдэг газар биш, бидний татварт өгсөн мөнгөөр амьдардаг субъект. Төрийн өнөөдөр “Рио”-д тавьсан, маргааш өөр нэг “Рио”-д тавих өрийг бид л төлнө. Тэгэхээр төр гэдэг эзэн биегүй этгээдийн тавьж буй өр бүхнийг бид төлж барагдуулна гэсэн үг. За ер нь бол нэг иймэрхүү асуудал л Оюу толгой дээр үүсчихээд байгаа. Цагаан суваргын хувь эзэмшлээс төр өгөөмөр зантайдаа биш зах зээлийн энэ айхтар хуулийг ойлгосон учраас татгалзсан юм.

ТӨР ТӨР БАС ДАХИН ТӨР

Төрийн уул уурхай дахь оролцоо энэ хүрээд зогсохгүй. Нүүрсэн дээр гэхэд 30 гаруйхан ам.доллараар зараад байхад л Хятадын хаа холын далайн боомтын үнэ болох хоёр дахин өндөр тоог жишиг үнэ гэж тавиад татвар авах жишээний. Ухаандаа талх үйлдвэрлэгч нэг талхаа 1000 төгрөгөөр зарчихаад байхад татварын газраас “Та талхаа 2000 төгрөгөөр зарах ёстой шүү дээ” гээд ахиу татвар авсантай ялгаагүй дүр зураг л даа. Төр уул уурхайд ингэж оролцож байна. За тэгээд ТЭЗҮ-ийг хянан бичиж батална, уулын ажлын төлөвлөгөөг мэдэж батална. Уг нь ТЭЗҮ батлах нь цэвэр хувийн компанийн хийх ажил. Хувийн компанийн бизнес төлөвлөгөөг баталдаг сонин жишиг манайд л бий. Энэ мэтээр жагсаавал уул уурхай дахь төрийн оролцоо өчнөөн. Төр нүүрсээ зарах гэж ядаж байгаагаа хувийн компаниудтайгаа өрсөлдөхөө ч юман чинээ тоохгүй оролцоно. Эсвэл хувийн компаниудынхаа хөлсөө урсгаж цэцэглүүлсэн бизнесийг төрийн асар том ашиг сонирхлын бүлгүүд нийлж байгаад боловсон аргаар дээрэмдэж оролцоно. Боловсон арга гэдэгт нь зохиомол хэрэг үүсгэж юм уу аль нэг хэрэгтэй холбож бизнесийг нь төрийн нэр дээр буцаан аваад дахин хуваарилалт хийх, хуулийг өөрчлөх замаар дээрэмдэх гээд түмэн зам багтана. Зарим тохиолдолд бүр энэ зорилгодоо төрийн институцийг ашиглана. Уул уурхайн бизнес рүү орж амжаагүй төрд гарсан том бизнесмэнүүд энэ салбарт дахин хуваарилалт хийгээд эхэлснийг бизнес эрхлэгч, эдийн засагчид барим тавим жишээ татан ярьцгаадаг. Тэгэхээр уул уурхайн яг ямар процесст нь төр оролцохыг энэ удаагийн “Дисковер Монголиа”-гаар тогтож яримаар байна. Зүй нь чөлөөт эдийн засгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн улсын төр нь уул уурхайн салбартаа татвар авч, хяналт тавих маягаар оролцдог юм билээ. Айхтар хяналт, ахиухан татвар хамгийн зөв гарц гэдгийг уул уурхайгаараа хөгжилд хүрсэн өчнөөн улсын түүхээс харж болно.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Цахилгааны үнийг 5 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

Цахилгааны үнийг нэмэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос аж ахуйн нэгж болон айл өрхүүдэд нийлүүлэх цахилгааны үнийг 1кВт тутмыг нь таван төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ. Цахилгааны үнийн нэмэгдлийг энэ сарын 10-наас эхлэн тооцох юм байна. Айл өрхийн цахилгааны төлбөр хэрэглээнээс нь хамаарах бөгөөд сард 150 кВт-аас бага цахилгаан хэрэглэвэл кВт нь 74 төгрөг, үүнээс өндөр гарвал 101.6 төгрөгөөр тооцох аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Замын ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлд хэрэгжиж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажилд яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын тухай хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт нийслэлд хэрэгжиж байгаа замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Энэ үеэр газар чөлөөлөлт, хөрөнгө санхүү, зураг төсөл зэргээс шалтгаалаад ажил удааршиж байгаа тухай гүйцэтгэгч компаниудаас танилцуулсан.  Эдгээр асуудлыг удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлж яаралтай арга хэмжээ авна гэдгээ хотын дарга хэлж байсан юм.

Тиймээс, удирдлагын зөвлөлийн хуралдаанаар эдгээр асуудлыг багцлан Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцуулаа.

Тэрээр, Бээжингийн гудамжны 0,9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажил, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэлх 6,0 км авто зам, Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртлэх 17,1 км авто замын барилгын ажил, Яармагийн гүүр–Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто зам, Хувьсгалчдын  гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртлэх 4,6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын талаар товч мэдээлэл өгсөн.  Бээжингийн гудамжны өргөтгөл шинэчлэлийн хувьд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа бөгөөд тус автозам нь ШУТИС-ийн уулзвараас Сансарын туннелийн баруун уулзвар хүртлэх 0,9 км үргэлжлэх зам юм.  Зорчих хэсэг нь нийт 6 эгнээтэй болж, явган хүний зам, гэрэлтүүлэг борооны ус зайлуулах далд байгууламжтай, 74 у/м нуман хэлбэртэй гүүр, дорнын хэв шинжийг агуулсан хүндэтгэлийн хаалга болон сүүдрэвчтэй байхаар зураг төсөл нь батлагдаж ажил эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Бээжин констаркшн” компани ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 65 хувьтай байгаа юм байна.  ШУТИС-ын уулзвараас 11 хорооллын уулзвар хүртэлх замыг энэ сарын 25-наас өмнө хучилт хийж нээхээр төлөвлөжээ.

Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө тус гудамжаас АНУ-ын элчин сайдын байр хүрэх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, Сэлбийн баруун эргийн 0,7 км автозамаас Сансарын туннел чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй явуулах зорилгоор Бээжингийн гудамж, Сэлбийн баруун эргийн 0,7 км автозамыг холбосон автозам барих зайлшгүй шаардлагатай болжээ.  Энэ ажилд 300 сая төгрөг хэрэгтэй гэлээ.

Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэл 6,0 км автозамын ажил өнгөрсөн оны 6 сард эхэлсэн. Гүйцэтгэгчээр “Хансуун зам” ХХК ажиллаж байгаа бөгөөд зорчих хэсэг нь  14 метр өргөнтэй байхаас гадна 2 талаараа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байх юм. Одоогоор ажлын явц 30 хувьтай  байгаа юм байна.  Энэхүү ажлыг цаашид үргэжлүүлэн явуулахад замын эхлэлээс 4,5 км-т Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам  автозамын дээрээс 5 метр унжсан байна.  Барилгын норм стандартын дагуу цахилгааны утас нь 7 метрээс багагүй өндөрт байх ёстой учраас дээрх стандартыг мөрдөхийн тулд автозамын 2 талд байгаа төмөр бетон шонг өндөрлөж төмөр анкер тулгуураар солих шаардлагатай болжээ. Энэ ажилд 81 сая гаруй төгрөг шаардлагатай болсон байна.

Баянзүрхийн товчооноос Богд уулын замаар, Яармагын гүүр хүртэлх 17,1 км авто замын ажил 2012 оны 6 сард эхэлсэн. ЭСТО ХХК ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй, энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Нийт 17,1 км үргэлжлэх энэ зам нь огцом эргэлтүүд ихтэй, харагдах орчин хязгаарлагдмал учир замын нийт уртад гэрэлтүүлэгтэй байх шаардлагатай  юм байна. Авто замын нэг талаар гэрэлтүүлэгтэй болгоход нэмж 540 гэрэлтүүлгийн шон суурилуулах бөгөөд үүнд 1,1 тэрбум төгрөг хэрэгтэй гэж холбогдох байгууллагаас тогтоожээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд эдгээр асуудлыг хэлэлцээд, Бээжингийн гудамж, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн уулзвар хүртэлх замуудад шаардлагатай байгаа хөрөнгийг  холбогдох зардлаас гарган шийдвэрлэхээр боллоо.

Мөн Хувьсагчдын гудамжны замын ажил 17 айл газраа чөлөөлөөгүйгээс удааширж байгаа учраас эдгээр иргэдтэй зөвшилцөн газрыг чөлөөлж, зам барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр нь хийнэ

“Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж буй. Гэсэн ч бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд гэрээний дагуу санхүүжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд 2014 онд орон нутгийн бүтээн байгуулалтад зарцуулаагүй 50 гаруй 

тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Буянт-Ухаа 2” хорооллын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх саналаа ТОСК илэрхийлсэн байна. 

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газрын 2013 оны 263 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ орон сууцны ажлын гүйцэтгэлийг нь харгалзан хөдөө орон нутаг, Улаанбаатар хот хооронд санхүүжилтийн зохицуулалт хийх эрхийг ТОСК-ийн захирал А.Гантулгад өгч, хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

ЭЗЭН 100” хөтөлбөрийнхөн ажлаа тайлагналаа

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд, сайн дурын Эдийн засгийн зөвлөл байгуулагдан ажилласан. Тус зөвлөлд салбар бүрийн 30 эдийн засагч багтжээ. Тус зөвлөлийн гишүүд нийт 15 удаа хуралдаж, 7 удаа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн байна. Мөн энэ хугацаанд нийт 22 илтгэл хэлэлцсэн гэлээ. “BUSINESS SUMMIT 2014” дээд хэмжээний уулзалтыг 6 дугаар сард зохион байгуулсны зэрэгцээ 180  компанийн төлөөлөгчидтэй уулзсан гэж тус зөвлөлийн дарга Б.Бямбасайхан онцолсон юм.

Тэгвэл энэ бүхний үр дүн юу ву? Энэ асуултад дараах хариултыг өглөө.

Монголын компаниуд эдийн засгийн шийдвэрт оролцох механизм бий болсон

•Inclusive economic institution-ы эхлэлийг тавьж, тулгарсан асуудлаар хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, оролцогч талуудаас бүрдсэн зөвшилцөх механизм бүрдсэн.

•Засгийн Газрын бүх шийдвэр “Монголын бизнесийг дэмжсэн байх” зарчимд санал нэгдсэн.

•Өсөлтийг дэмжсэн татварын шинэчлэлийн суурь тавигдсан.

Бизнесийн итгэлийг сэргээх чиглэлээр хийсэн ажлууд

•“Business Summit 2014”-ийг 6 дугаар сард Их Тэнгэр цогцолборт зохион байгуулж, нийт 400 гаруй компанийг оролцуулсан. Энэ үеэр Монгол Улс дахь бизнес, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцжээ.

•Нийт 23 шинэ төслийг танилцуулсан.

•ДЦС-5 төслийн Концессийн гэрээ зурагдаж, $1.3 тэрбумын бодит хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн, ТТЦС ($1.2  тэрбум) ажил эрчимжсэн.

•Нийт 5 Концессийн гэрээ зурагдсан (нийт өртөг нь $15 тэрбум), энэ сард ахин нэг гэрээ шинээр зурна.

•Хөрөнгө оруулалтын сан ($300-$500 сая) байгуулах хуулийн орчинг бүрдүүлсэн.

•Монгол-Япон хоёр улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрсэн нь гадаад орчны анхаарлыг Монгол руу татсан.

•Ашигт малтмалын тухай хууль баталсан.

Татварын тухай хуульд дараах өөрчлөлтүүд орсон: 

-ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-с чөлөөлөх тухай хууль баталсан.

-Импортын гааль, НӨАТ төлөх хугацааг 2 жилээр хойшлуулах тухай хууль баталсан.

-Оршин суугч бус этгээдийн арилжааны банкнаас худалдан авсан бондын хүүгийн орлогод 20 хувиар орлогын албан татвар ногдуулдаг байсныг 10 хувь болгон бууруулжээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

50 мянган төгрөгийн татвар авах төслийг НИТХ дэмжсэнгүй

Төв замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс сар бүр 40-50 мянган төгрөгийн татвар авах асуудлыг өнөөдөр хуралдсан НИТХ-ын хуралдаанаар хэлэлцлээ. НИТХ-ын гишүүд дээрх төслийг хэлэлцээд, дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагчид нь буцаасан байна. Төв замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс ийнхүү татвар авснаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, төвлөрсөн хөрөнгийг нийтийн тээврийг хөгжүүлэхэд зарцуулна хэмээн төсөл санаачлагчид нь үзэж байсан юм.