Categories
мэдээ эдийн-засаг

Гадныхан хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж Монголд мөнгөө хийх сонирхолтой болжээ

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Хөрөнгийн зах
зээлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Долгорсүрэнтэй хөрөнгө оруулалтын
сангийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө
оруулалтын сангийн хуулийг дагасан хичнээн журам гарах вэ, батлагдаад мөрдөгдөж
эхэлсэн журмууд бий юу?

-Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг дагаж хориод журам батлагдах
учиртай. Хөрөнгө оруулалтын менежмэнтийн компанийг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын
санг үүсгэн байгуулах гэх мэт таван журам мөрдөгдөөд эхэлчихсэн.  Нягтлан бодох бүртгэлийн, сангийн зохицуулалтын
гэх мэт үлдсэн арваад журмыг боловсруулж байна. Гаргаж буй журмууддаа Дэлхийн банкны
техникийн туслалцааг авч ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын
менежментийн компани, нягтлан бодох бүртгэл зэрэг дээр гадаадын нарийн мэргэшсэн
зөвлөхүүдийг урьж  ажиллуулж байна. Тийм ч
учраас манайхаас гарч байгаа журмууд олон улсын стандартад нийцсэн гэсэн үг. Товчхондоо
гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад ойлгомжтой орчин бүрдэж байгаа. Санхүүгийн
салбар итгэл дээр тулгуурладаг, итгэл дээр тоглодог, итгэл үнэмшил дээр дөрөөлж  сайжирдаг. Аль ч журмыг нь харсан дэлхийн ямар
ч оронд байдаг стандартын дагуу учраас хөрөнгө оруулагчдад итгэл төрж байгаад эргэлзэх
зүйлгүй.

 -Дэлхийн стандартад нийцсэн орчин бүрдүүлж байгаа
гэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид сонирхоод эхэлсэн байж таарна. Өнөөдрийн
байдлаар хичнээн компани хөрөнгө оруулалтын сан байгуулах сонирхлоо илэрхийлээд
байна?

-Хөрөнгө оруулалтын сангийн хуулиар бол санг зөвхөн хөрөнгө оруулалтын
менежмэнтийн компани үүсгэн байгуулах эрхтэй. Яг өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах
хорооноос хөрөнгө оруулалтын сангийн менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг
хоёр хуулийн этгээд авсан. Үйл ажиллагаа нь 
эхэлчихсэн. Хөрөнгө оруулалтын сангаа үүсгэн байгуулах судалгаагаа эхлээд
явж байна.

-Хөрөнгө
оруулалтын сан байгуулахад бэрхшээлтэй асуудал бий юу?

-Хөрөнгө оруулалтын сан ажиллаад эхлэхэд  бэрхшээлтэй нэг асуудал байсан. Тэр нь кастодионы
үйл ажиллагаа. Кастодионыг санхүүгийн зах зээлд бий болгох ажлыг Монголбанктай хамтраад
шийдлээ. Журмыг нь баталчихсан. Журмын хүрээнд хамгийн эхний тусгай зөвшөөрлийг
“Голомт” банкинд олголоо. Тэгэхээр санхүүгийн салбарын дэд бүтэц бий болоод эхэлсэн
гэсэн үг. Кас­тодионы үйлчилгээг Монголд нэвтрүүлэх боломжтой болсон. Эцэст нь дүгнэж
хэлэхэд хөрөн­гө оруулалтын сангийн хууль эрх зүйн орчин бүрдээд байна.

-Гадаадын
хөрөнгө оруу­лагчидтай хөрөнгө оруулалтын сангийн талаар уулзалт зохион байгуулаад
эхэлсэн гэж сонссон?

-Тэгсэн. Япончууд сонир­хож байна. Тусгай уулзалт зохион байгуулсан.
Хонконгийн бизнес эрхлэгчид  ч уулзсан.

-Гадныхан
Хөрөнгө оруулалтын сангийн хууль, дагалдаж гарах журмууд дээр нь анхаармаар асуудал
байна гэнэ үү?

-Зарим журам нь гараагүй учраас хүлээлт байна. Давхар бүртгэлийн
асуудал бий. Бусад оронд бүртгүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд бүртгүүлэхдээ
яах вэ зэргийг сонирхож байна. Үүнийг журамдаа нарийвчилж тусгаж өгнө. Түүнээс биш
бусдаар айхтар саад тотгор байхгүй.

-Гадаадын
хөрөнгө оруулагч­дад  шууд сан байгуулаад
ажиллая гэсэн сонирхол байна уу?

-Монголын зах зээл жижиг. Дэлхийн хямралыг дагасан хямрал нөлөөлсөн
гээд асуудал бий. Гадаадын хөрөнгө оруулагчдын ярьдаг нэг л зүйл бий. Монгол өнөөдрийнх
шиг байнга хямралтай байхгүй гэж ярьдаг. Эдийн засгийн тэлэлт явагдахаас өмнө түрүүлж
орж ирээд хөрөнгө оруулалтын сангуудаа бага хэмжээнд ч гэсэн байгуулъя гэсэн сонирхол
анзаарагдаад эхэллээ. Томоохон хөрөнгө оруулагчид ороод ирчихсэн байхад дараагийнхад
нь зай үлдэх магадлал бага. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдын Монголд мөнгөө хийх
сонирхол нь өндөр байгаа юм.

-Журмууд
эцэслэгдлээ, хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаад эхэллээ гэхэд эдийн засагт
мэдрэгдэхээр эерэг нөлөө ойрын жилүүдэд гарах уу?

-Ер нь бид хөрөнгө оруу­лал­тын сангаар дамжуулж гадаадын хөрөнгө
оруулалтыг их хэмжээгээр татна гэсэн байр суурь барьж байгаа. Учир нь Монгол өөрийн
онцлогтой улс. Иргэд нь дотоодын хуримтлал багатай. Хүн бүрд хуримтлал байхгүй,
хөрөнгийн зах зээл дээр тоглож сураагүй. Илүүдэл мөнгө байхгүй улс л даа. Тийм учраас
бид хөрөнгө оруулалтын санг гадаадын хөрөнгө оруулалтыг татах бас нэг шинэ суваг
гэж харж байгаа. Хөрөнгө оруулалтын сангаар дамжин мэргэжлийн хөрөнгө оруулагчид
орж ирдэг. Тэднийг дагаад технологи, бодлого, менежмэнт нь орж ирдэг. Монголчуудад
сурах боломж гарч ирнэ гэсэн үг.

-Төрийн
оролцоотой том сангууд байгуулагдвал тийм зөв гарц биш, хувийн сангуудыг олноор
нь байгуулах боломж бүрдүүлж, жамаар нь хөгжүүлбэл зүгээр гэсэн санааг зарим судлаач
хэлдэг. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Ямар ч тохиолдолд хөрөнгө оруулалтын сан дээр төрийн тодорхой хэм­жээ­ний
зохицуулалт байх ёстой. Заавал төр бүх сан­гуу­даа байгуулна гэсэн үг биш. Мэргэжлийн
хөрөнгө оруулагчид орж ирж тоглоосой, тодорхой хэмжээний үр дүнд хүрээсэй, Монголын
сан­хүүгийн зах зээлийг дэмжээсэй гэсэн өндөр сонирхол бий. Дан ганц санхүүгийн
зах зээлийг дэмжих асуудал биш л дээ. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга зэрэг салбарууд
дагаад босоод ирэх боломжтой гэж хараад байгаа юм.

-Төрийн
оролцоог эрчим хүч зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэгддэг салбаруудад
онцлоод байна уу?

-Тэгж ойлгож болно. Манай санхүүгийн зах зээл нэг онцлогтой. Арилжаа
байхгүй, идэвхгүй байгаа нь хууль эрх зүйн орчин болохгүйдээ биш л дээ. Хувьчлал
эхнээсээ гаж буруу явсанд хамаг учир байгаа юм. Олон нийтэд хувьчилсан ч том компаниуд  нь эргээд цөөхөн гэр бүлийн эзэмшилд оччихсон.
Нөгөөдүүл нь төвлөрүүлсэн хувьцаагаа олон нийтэд нээлттэй зарах сонирхолгүй. Хоёрдугаарт
төрийн компанийн хувьцаа бирж дээр зарагддаггүй. Зүгээр л бүртгэлтэй байж байдаг.
Бүртгэлтэй хэрнээ ямар ч идэвхгүй гэсэн үг. Үүнийг идэвхжүүлэх гарц бол төрийн өмчийн
компаниудыг хувьчлах, хувьцааг нь олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах.
Ингэж чадвал хөрөнгө оруулалтын сангууд орж ирнэ.

-Сан
байгуулах нь иргэ­дэд ямар давуу талтай вэ, одоогоор бол хүмүүст мөнгөө банкинд
хадгалуулснаас илүү хэмжээгээр  өсгөх боломжтой
гэсэн ойлголт л байна?

-Зөв ойлгосон байна. Санхүүгийн салбарын хувьд банкинд дээр төвлөрсөн
санхүүгийн систем болчихоод байгаа. Бараг 80-90 хувь нь банкнаас хамаарч байна.
Хорооноос 2020 он хүртэл санхүүгийн салбарын шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулаад
УИХ-д өргөн барьсан. Энэ концепцийн ерөнхий агуулгыг би сая ярилаа л даа. Гэр бүлийн
компаниудыг задалж олон нийтийнх болгох, “Скайтел”, “Мобиком” зэрэг олон нийтийн
өмчид тулгуурласан компаниудыг тодорхой хувиа олон нийтэд зардаг болгох жишиг рүү
оруулах гээд байгаа юм.  Төрийн өмчийн компаниудыг
хувьчлах учиртай. Ялангуяа уул уурхайн компаниудыг. Төрийн хөрөнгөөр хайгуулыг нь
хийж нөөцийг нь тогтоосон компанийн хувьцааг олон нийтэд арилжаалах хэрэгтэй. Олон
нийт хувь эзэмшиж байж хяналт сайжирна. Мэдээж стратегийн салбарт төр хувиа эзэмшинэ.
Гэхдээ арав, хорин хувийг нь ард түмэнд хувьчлах учиртай гээд байгаа юм. 

-Сая
таны ярьсан бүхэн журмаар зохицуулагдаад явах уу?

-Журам бол хууль гэсэн үг. Мэдээж  тодорхой хуулиудад өөрчлөлт орох ажил гарч болно.
Ногдол ашгийн татвараас чөлөөлөх гэх мэт асуудал бий. Хөрөнгө оруулалтын сан гэдэг
бол нэгдүгээрт хөрөнгө оруулалт татах цоо шинэ суваг. Хоёрдугаарт хөрөнгө оруулагчдыг  татах менежмэнтийг бий болох ёстой. Гуравдугаарт
санг дагаад  бусад хөрөнгийн зах зээл хөгжих
учиртай. Хөрөнгө оруулалтын сангаа дагаад бирж өргөжнө, биржээ дагаад хувьчлал явагдана
гэдгийг хэлээд байгаа юм. Энэ утгаараа яах аргагүй том бодлого.

-АПЕК-ийн
гишүүн орнуудын санхүү чигийн байгууллагын төлөөлөл Монголд анх удаа чуулж байна.
Монголоор бол Санхүүгийн зохицуулах хороо маягийн үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын
төлөөлөл ирсэн гэж ойлгож болох уу?

-Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнуудын
зах зээл зохицуулагч байгууллагынхан ирээд байна л даа. Санхүүгийн зохицуулах хороотой
адил түвшний байгууллагын төлөөлөл ирсэн гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын сангийн
төрийн зохицуулалт гэж юу юм гэсэн сэдвээр таван өдрийн сургалт зохион байгуулж
байгаа. Хөрөнгө оруулалтын сан гэдэг бидний хувьд цоо шинэ ойлголт. Харилцан туршлага
судалъя, сан байгуулаад хориод жил болсон улсын алдаа онооноос суръя гэсэн зорилготой.
Шриланк, Лаос зэрэг ижил түвшнийхэн ч ирсэн. Эднээс ч сурах юм бий. Хийсэн судалгааг
нь харилцан солилцъё гэж байна. Монголоос гэхэд ганцхан Санхүүгийн зохицуулах хорооныхон
биш Монголбанк, Сангийн яамныхан ч оролцож байгаа. Хөрөнгө оруулалтын санг зохицуулахад
төрийн бодлого нэг байх ёстой. Хөрөнгө оруулалтын санг Монгол банк, Санхүүгийн зохицуулах
хороо, Сангийн яам бүгд нэг өнцгөөр харах учиртай. Тэд ийм зорилгоор оролцож байгаа.

-Хуралдааны
эхний өдөр АПЕК-ийн гишүүн орнуудын зах зээлийг удирдагчид юу ярив?

-Хамгийн түрүүнд энэ бүсдээ санхүүгийн зах зээ­лээрээ манлайлагч
Австралийн туршлагыг сонслоо. Солонгосчууд хөрөн­гө оруулалтын сангаараа нэлээд
хүчтэй хөгжсөн. Тэдний туршлагыг сонсч байна. Энэ улсад тэтгэврийн сан гэхэд л тусдаа
хөрөнгө оруулалтын сан болоод явчихсан байх жишээний.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Орос, Хятадын байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжиж эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын төрийн зөвлөлийн Шадар сайд Занг Гаоли нар хичээлийн шинэ жилийн өдөр Якут мужид ажиллажээ. Хятад улс руу 30 жилийн хугацаанд дөрвөн их наяд шоо метр байгалийн хий нийлүүлэх төслийн эхний шатны бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнд оролцсон нь энэ аж.  В.Путин энэ арга хэмжээний үеэр “Сибирийн эрчим хүч төслийн хийн хоолой нь бидний гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх чадамжийг батлахын зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх болно ” хэмээн онцолжээ. Харин Шадар сайд Занг Гаоли уг төслийн бүтээн байгуулалтын ажилд  хоёр орны зүгээс 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болно гэж мэдэгджээ.  Зүүн Сибирээс Хятад улс руу 3968 км хоолой татснаар дэлхийн хамгийн том байгалийн хий дамжуулах сүлжээ үүсэх юм. Якут мужийн Чаяндискы хийн талбайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөвт өртөг 20 гаруй тэрбум ам.доллар аж.  Төслийн ган хоолой ханган нийлүүлэгчээр ОХУ-ын тэргүүлэгч компани ТМК ажиллахаар болж.

Categories
мэдээ эдийн-засаг

Тендерт оролцогчоос татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолт шаардахаа болино

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар төрийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэх, аж ахуйн нэгжүүд, тендерт оролцогчдийн цаг, хөрөнгө мөнгийг хэмнэх зорилгоор хэд хэдэн төрлийн зохион байгуулалтыг хийж байна.

Эхний ээлжинд татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолтыг тендерт оролцогчоос шаардахгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Үүнээс гадна боловсон хүчний мэдээлэл, тусгай зөвшөөрлийн эзэмшил зэрэг бусад мэдээллийг ахин дахин шаардахгүй байхаар зохион байгуулахаар болжээ. Ингэснээр аж ахуйн нэгж тендерт оролцох бүртээ нэг төрлийн тодорхойлолт, нотлох баримтыг бусад байгууллагуудаас авч ирүүлэх шаардлагагүй болох юм. Мөн нөгөө талаас нотлох баримт дутуу болон хуурамч бичиг баримт ирүүлсэн шалтгаанаар тендерт унах тохиолдол үүсэхгүй болно гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 1780 боллоо

Ам.долларын ханш өдрөөс өдөрт хурдтай буурсаар байна. Монголбанкнаас зарласан өчигдрийн хаалтын ханш нэг ам.доллар 1811 төгрөг байлаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр ам.долларыг 1782 төгрөгөөр авч, 1786 төгрөгөөр зарж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс 10 сая тонн нүүрс экспортолжээ

 “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр эрдэс баялгийн эскпортын байдал ямар байгаа талаар Уул уурхайн яам хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн.  Долдугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 535.7 мянган тонн, нүүрсний олборлолт 12.6 сая тонн, алтны олборлолт 4.3 тонн, хайлуур жонш 222.9 мянган тоннд хүрсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 45.4 хувь, төмрийн хүдэр 18 хувь, хайлуур жоншны баяжмал 51.9 хувь, газрын тосны олборлолт 53.9 хувиар тус тус өсчээ. Эхний долоон сарын байдлаар 10.4 сая тонн нүүрс, 703.9 мянган тонн нүүрс, 1.8 мянган тонн молибдений баяжмал экспортолжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкууд 539.1 тэрбумаар ипотекийн зээлийг дахин санхүүжүүллээ

2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 853.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18644 зээлдэгчийн нийт 539.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 22919 иргэнд 1298.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төв банк дуудлага худалдаанд оролцсонгүй

Төв банк энэ өдрийн гадаад валютын дуудлага худалдаанд оролцсонгүй. Арилжааны банкууд 0.4 сая ам.долларыг 1825.5-1826.0 төгрөгийн ханшаар худалдаж авах, 10.2 сая ам.долларыг 1830.0-1838.0 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк гадаад валютын дотоодын зах дахь эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд, энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.

2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 24.0 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш уруудсаар байна

1900 гараад байсан  байсан ам.долларын ханш 60 орчим төгрөгөөр буураад байна. “Найман шарга” валют арилжааны зах дээр өнгөрсөн долоо хоногийн даваа, мягмар гаригт ам.долларыг 1850 төгрөгөөр авч, 1860 төгрөгөөр зарж байсан бол лхагва гаригт 1850 төгрөгөөр авч 1855 төгрөгөөр зарж байж. Харин пүрэв гаригт 1850 төгрөгөөр авч 1956 төгрөгөөр заржээ. Баасан гаригт 1825 төгрөгөөр авч, 1856 төгрөгөөр зарсан бол бямба гаригт  1826 төгрөгөөр авч 1835 төгрөгөөр зарсан байна. Долоо хоногийн сүүлийн өдөр 1831 төгрөгөөр авч 1835 төгрөгөөр зарсан аж. Өнөөдөр өглөөний байдлаар ам.долларыг 1830 төгрөгөөр авч 1835 төгрөгөөр зарж байжээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш бууж эхэллээ

Сүүлийн хэдэн сар ам.долларын ханш эрчимтэй өсч, өргөн хэрэглээний барааны үнэ ч тодорхой хэмжээнд нэмэгдээд байсан. 1905 төгрөгт хүрсэн долларын ханш энэ долоо хоногоос бууж эхэлсэн юм. Яг одоогийн байдлаар доллар “Найман шарга” зах дээр 1857 төгрөгт хүрч сулраад байна. Цаашид ч буурах магадлалтай байгаа аж. 

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк, Хятадын Ардын банктай шинэ гэрээ үзэглэлээ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жоу Шиаочуан нар өнөөдөр /08.21/ Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 10 тэрбум юаниас 15 тэрбум юань болгож нэмэгдүүлэх шинэ гэрээнд гарын үсэг зурлаа.

 Своп хэлцлийн гэрээг шинэчлэн байгуулснаар 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр сунгасан 10 тэрбум юанийн дүнтэй “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ” хүчингүй болсон бөгөөд шинэ гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

2011 онд своп хэлцлийн гэрээг анх байгуулж байсан цагаас хойш Монголбанк, Хятадын Ардын банкны харилцаа бүх талаар өргөн хүрээтэй хөгжиж байгаа бөгөөд 2 талын ихээхэн хүчин чармайлтын үр дүнд своп хэлцлийн хэмжээг ийнхүү нэмэгдүүлж, төв банкуудын хоорондох хамтын ажиллагааг хөгжлийн шинэ шатанд авчирлаа. Своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх нь гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх, мөн 2 орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилготой.

БНХАУ нь Монгол Улсын худалдааны гол түнш орон бөгөөд БНХАУ-ын юань нь Монгол Улс болон БНХАУ хоорондын хил худалдааны төлбөр тооцоонд идэвхтэй арилжаалагддаг 2 дахь валют юм.

Дашрамд дурдахад, Дэлхийн банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны (SWIFT) нийгэмлэгийн судалгаагаар БНХАУ-ын юань нь энэ оны 6 дугаар сарын байдлаар дэлхийн идэвхтэй арилжаалагддаг валютуудын 7 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд худалдааны санхүүжилтэд ашиглагддаг 2 дахь идэвхтэй валютаар шалгарсан байна.