Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны ханш 40 ам.доллар хүртэл уруудна гэв

Газрын тосны ханшийн уналт 40 ам.доллар хүртэл буурч болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. Төсвийн орлогынх нь тал хувийг бүрдүүлдэг нефтийн орлого буурах нь Оросын эдийн засагт томоохон дарамт болох аж. Ираны хувьд тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах замаар төсвөө танахад хүрээд байгаа гэнэ. Лалын бослогод өртөөд буй Нигери улс эдийн засаг, улс төрийн бодлогын улмаас хямарсан Венесуэль зэрэг орнууд “ОPEC”-ийн газрын тосны нийлүүлэлтийг бууруулахгүй байх шийдвэрээс хамгийн их хохирол хүлээхээр байгаа юм байна. Нефтийн үнийн энэхүү дайнаас эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч БНХАУ хожино гэж шинжээчид үзэж байна. Нефтийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ 2015 он гэхэд өдөрт 700 мянган баррель нефть импортлохоор төлөвлөсөн байна. Энэ нь өдрийн нийт илүүдлийг хоёр дахин нугалсан дүн болж байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш буурч байна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлч буюу арванхоёрдугаар сарын эхээр шинэ жилийн бараа бүтээгхдүүний татан нийлүүлэлт, гадаад төлбөр тооцооны оны эцэс дэх төлөлт зэрэг олон шалтгаанаар зах зээл дэх ам.долларын эрэлт хэрэгцээ ихээр нэмэгддэг.

Энэ жилийн хувьд дээрх шалтгаанаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 1903 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 20-25 орчим төгрөгөөр буураад байна. 10 цагийн байдлаар голлох арилжааны банкуудын ам.доллар бэлнээр худалдан авах ханш 1867-1870 төгрөг, зарах ханш 1880 төгрөг байгаа бол валют арилжааны цэгүүдээр ам.долларын 1875 төгрөгөөр авч 1880 төгрөгөөр арилжаалж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш буурч эхэллээ

Ердөө нэг хоногийн өмнө 1903 төгрөгт хүрч галзуурч байсан ам.долларын ханш өнөөдөр 1880 төгрөг болж буурлаа. Яг одоо Худалдаа хөгжлийн банкны ам.доллар худалдан авах ханш 1867 төгрөг байгаа бол зарах ханш нь 1880 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь ам.долларын төгрөгтэй харилцах ханш нэг хоногийн дотор 23 төгрөгөөр буурсныг харуулж буй юм.

Ченжүүдийн ярьж буйгаар ам.долларын ханш буурах үзэгдэл өчигдөр оройноос эхэлжээ. Энэ нь МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэр нөлөөлсөн байх талтай аж. Ингэхдээ Ардчилсан нам, МАН хамтран Засгийн газрыг байгуулах шийдвэртэй холбоотойгоор эдийн засагт үүсээд байсан хөөсрөл хагарсан байж болохыг зарим эдийн засагч үгүйсгэхгүй байна.

Цаашдаа улстөрийн голлох хоёр хүчин Засгийн газрыг хамтран байгуулснаар улстөрийн тогтвортой байдал бий болж таарна. Энэ нь эргээд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулж, эдийн засгийг тэтгэх хөшүүргүүд бий болох эхлэл ийн тавигдаж байж мэдэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Арилжааны үнийн дүн сарын дотор 3.8 дахин өсчээ

Монголын хөрөнгийн бирж энэ сард нийт 20 удаагийн арилжаагаар 57 компанийн 2,510,107.0 ширхэг хувьцаа арилжиж, 2.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ нь өмнөх сарын хувьцааны арилжааны үнийн дүнтэй харьцуулбал 1.9 тэрбум төгрөг буюу 3.8 дахин өссөн байна.

Мөн Монголын хөрөнгийн бирж нь Засгийн газрын үнэт цаасны арилжааг хөрөнгийн биржээр дахин явуулах нөхцөлийг бүрдүүлснээр арваннэгдүгээр сард тус үнэт цаасны арилжааг 4 удаа зохион байгуулж, нийт 12.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжжээ.

Энэ сард нийт 2,637,729 ширхэг үнэт цаасыг арилжиж, 15.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд өдрийн дундаж арилжааны үнийн дүн 765 сая төгрөг байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриаллаа

Эдийн засгийн хямрал жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байгаа талаар бичил бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.

Энэхүү хуралд гутлын болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.

Тэдэнд тулгараад байгаа хамгийн том асуудал нь бараг худалдан авалтгүй болчихоод байгаааж. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж төр засгаас уриалдаг ч дорвитой ажил зохиохгүй байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихөд саад болж байгааг өгүүлсэн.

Тиймээс импортын бүтээгдэхүүнээс илүүтэй үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээдэхүүнийг худалдан авахыг төрийн тэргүүн, Ерөнхий сайдаас эхлээд жирийн иргэдэд уриалж байгаа аж. Иргэд дотооддоо үйлдвэрлэсэн ахуйн хэрэглээний зүйлээ худалдан авах тусам энэ төрлийн үйлдвэрлэлийн чанар сайжирна гэдгийг тэд онцолсон. Үйлдвэрлэл эрхлэгчдийн өөрсдийнх нь гаргасан судалгаагаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 60-70 хувийнх нь борлуулалт багассан бол өдөрт худалдаалдаг бүтээгдэхүүний хэмжээ 65 орчим хувиар буурсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж байна

Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж мөнгөний бодлогын саналыг хэлэлцэж буй ажээ. Өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, дунд болон урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэн 12.0 хувь болгох шийдвэр гаргаад байсан. Үүний дүнд инфляцийн түвшин тогтворжиж байгааг эдийн засагчид онцолж байна.

Ирэх онд улсын төсөв мөн л тэлэлттэй байхаар батлагдсан, төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байгаа, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй ийм орчинд мөнгөний бодлогод ямар өөрчлөлт оруулах нь ихээхэн анхаарал татаж байна. Бодлогын саналыг 2-3 удаагийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр Мөнгөний бодлогын зөвлөлөөс шийдвэр гаргадаг байна. Ямар шийдвэр гаргах нь ойрын хугацаанд тодорхой болох аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс долларын хоёр тэрбумтантай болжээ

Манай улсад гадны хөрөнгө оруулалтгүй, хувийн хэвшил дундаа толгой цохидог нь “MCS групп”, “АПУ” ХК, “МАК” ХХК, “Гачуурт” ХХК, “Ажнай” корпораци юм. Сингапур дахь WealthX компани, Швейцарийн UBS корпораци хамтран 2014 оны Дэлхийн тэрбумтануудыг тодруулсан судалгаагаар манай улсаас хоёр ч долларын тэрбумтан тодорч, нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн бичигджээ.

Монголдоо л номер нэг гэгддэг “MCS групп”-ын ерөнхийлөгч Ж.Оджаргалын хувьд яахын аргагүй долларын тэрбумтаны нэг гэгдээд буй. Түүний нийт хөрөнгө 2.5 тэрбум ам.доллар гэх бөгөөд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 20 жилийн түүхтэй “MCS групп”-ээс “Интерпресс”, “Медимпекс”, “Анун”, “Грандхаан Айриш Паб” компаниуд бие даан гарсан байна. Энэ онд “MCS групп” 208 тэрбум төгрөгийн татварыг улсад төлжээ.

Харин хоёр дахь долларын тэрбумтан хэн бэ гэдэг асуулт гарч ирэх нь мадаггүй. Энэ онд “MCS”-ээс гадна “АПУ” ХК 157 тэрбум, “МАК” ХХК 86.4 тэрбумын татварыг тус тус төлсөн аж. Тэгэхээр хоёр дахь тэрбумтан Монгол улсдаа топ компаниудын нэгд тооцогддог “АПУ” компанийн захирал П.Батсайхан байх магадлалтай юм.

Түүний хөрөнгийг 500 сая ам.доллар гэж хэдхэн жилийн өмнө баримжаалж байсан бол өнөөдөр тэрбум ам.доллар хүрснийг үгүйсгэх аргагүй. Ер гаруй жилийн түүхтэй үндэсний томоохон үйлдвэрлэгч компанийн зүгээс хувь нийлүүлэгчиддээ 1.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан цаг саяхан.

“МАК”-ийн захирал Н.Нямтайширыг хоёр дахь тэрбумтан болов уу гэх магадлал бий юм. Тус компани өнгөрөгч онд гэхэд 130 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн бөгөөд энэ нь улсын төсвийн 4 хувийг дангаараа бүрдүүлсэн үзүүлэлт. “МАК” компани Германы ХЕРЮЗ компанийн Хонконг дахь салбар руу алтны экспорт хийдэг. 2003 онд БНСУ-ын “Самсунг” корпорацитай Алт худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Монголбанкны хяналт дор Швейцарийн Цюрих дахь UBS банкны нөхцлөөр алтаа экспортод гаргаж эхэлсэн гэдэг. Түүний хөрөнгийг 1.8 тэрбум ам.доллар гэсэн албан бус мэдээлэл ч бий.

Энд “Ажнай” корпорацийн Б.Бат-Эрдэнийг дурьдахгүй байх аргагүй. Тэрээр Монголын топ баячуудын нэгт тооцогддог. Түүнийг 8 сая ам.долларын үнэ бүхий Нүхт цогцолбор, Германд 150 сая еврогийн харштай ч гэж ярьдаг. Мөн Лондонгийн төв цэцэрлэгт хүрээлэнд байрлах Даши Намдаковын бүтээлийг 2 сая ам доллараар худалдан авсан гэсэн мэдээлэл бий. Эх орон телевиз Б.Бат-Эрдэнийн эзэмшлийнх. Түүний нийт хөрөнгө тэрбум гаруй ам.доллар гэсэн албан бус мэдээлэл байна.

Юутай ч Монголоос долларын тэрбумтан тодорсон нь цөөн хүн амтай манай улсын хувьд дэлхийд дотоодын үйлдвэрлэлээ ямар түвшинд авч явж байгааг харуулж буй явдал юм. Эдгээр эрхмүүдийн хувьд гадны хөрөнгө оруулалтгүй, зуун хувь дотоодын хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг компанийн эзэд билээ.

Эх сурвалж: Мэдээ.мн

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулав

Өчигдөр буюу энэ сарын 25-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 43.5 сая ам.доллар, 86.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1891.10 төгрөгийн хаалтын ханшаар 16.0 сая ам.доллар, 49.0 сая юанийг 308.10 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Түүнчлэн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 5.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 16 сая ам.доллар худалдлаа

Монголбанк өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ирүүлсэн саналуудыг үндэслэн 1891.10 төгрөгийн хаалтын ханшаар 16.0 сая ам.доллар, 308.10 төгрөгийн хаалтын ханшаар 49.0 сая юань тус тус худалдлаа.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 5.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүллээ.

Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын Хөрөнгийн бирж зардлаа 23 хувиар бууруулжээ

Санхүүгийн зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалан Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь өнгөрсөн наймдугаар 4-ний өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд шилжсэн. Үүний хүрээнд байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, зэрэг орон тооны цомхтгол хийжээ.. Мөн бусад орон тоог хэмнэх, томоохон худалдан авалтыг зогсоох, бүх төвшинд зардал хэмнэх зэрэг чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нийт зардлын гүйцэтгэлийг 23 хувиар бууруулжээ. Ингэснээр Монголын хөрөнгийн бирж нь ирэх сарын 1-ний өдрөөс санхүүгийн хэвийн горимд шилжих нөхцөл бүрдэж байгаа талаар Монголын хөрөнгийн бирж мэдээлэв. Өнөөдрийн байдлаар дотоодын болон гадаадын аливаа аж ахуйн нэгжид хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байгаа аж. Хэмнэлтийн горим амжилттай хэрэгжих гол үндэс суурь нь тус биржийн нийт ажилтан өөрсдийн санаачилгаар цалингаа 30 хувиар бууруулах шийдвэрийг гаргасан явдал байлаа. Бараа үйлчилгээний үнийн өсөлттэй үед дээрх шийдвэрийг гаргаж байгууллагын санхүүг хэвийн байдалд хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн нийт хамт олондоо байгууллагын зүгээс талархал илэрхийлж буй гэнэ. Хэдийгээр санхүүгийн хувьд хэмнэлтийн горимд байсан ч дээрх хугацаанд Монголд нэн ашигтай нөхцөлөөр Лондоны хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаагаа дахин гурван жилээр сунгасан, Засгийн газрын үнэт цаасны арилжааг гурван жилийн дараагаар Хөрөнгийн биржид дахин сэргээсэн, хяналт, бүртгэл болон гишүүнчлэлийн цогц журмуудыг шинэчлэн Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулсан зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.