Categories
мэдээ эдийн-засаг

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгджээ

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал тус бүр өсчээ. Тухайлбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 254.5 мянган тонноор буюу 35.7%, молибдений баяжмалын үйлдвэрлэл 191.3 тонноор буюу 5.6 %, алтны үйлдвэрлэл 2.1 тонноор буюу 25.1%, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 1.8 сая тонноор буюу 32.8%, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 126.0 мянган тонноор буюу 60.8%, газрын тосны үйлдвэрлэл 2.3 сая баррелиар буюу 49.1%-иар тус тус өссөн байна.

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаарх экспортын өссөн дүнтэй харьцуулвал нүүрсний экспорт 822.6 мянган тонноор буюу 5.1 хувь, алтны экспорт 1.0 тонноор буюу 14.1%, газрын тос 1.8 сая баррелиар буюу 39.7%-иар, зэсийн баяжмал 667.1 мянган тонноор буюу 2 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Уул уурхайн салбараас татварын орлогоор улсын төсөвт нийтдээ 1 их наяд 75.4 тэрбум төгрөг төвлөрчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Геологийн судалгааны ажлын санхүүжилтийг 10 тэрбум төгрөгт хүргэжээ

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгийг жил бүр нэмэгдүүлэнэ гэж заасны дагуу 2014 онд 10 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулсан байна. Геологийн судалгааны ажилд зарцуулах санхүүжилт нэмэгдсэнээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрдэл зураг зохиох ажлыг нутаг дэвсгэрийн 81,94 хувь, 1:50000-ны масштабын геологийн зураглал ерөнхий эрлийн ажлаар 31 хувийг тус тус хамруулсан. Мөн сэдэвчилсэн судалгааны 8 төсөл, гадаад хамтын ажиллагааны 3 төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

152 хайгуулын ажлын тайлан, 149 уурхай, Уулын үйлдвэрийн ТЭЗҮ хүлээн авчээ

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ онд нийт 44 удаа хуралдаж, дараах асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд:

-Стратегийн орд, уурхайн нөөц, ТЭЗҮ-ийг хэлэлцэж 3 удаагийн өргөтгөсөн хуралдаанаар 5 уурхай, уулын үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) хэлэлцэж дүгнэлт гаргажээ.

-Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын үр дүн, төсвийн тодотголыг 8 удаагийн хурлаар хэлэлцэж 20 төслийн үр дүн, 2014 онд үргэлжлэн хэрэгжих 38 төслийн тодотголыг хэлэлцэж Уул уурхайн сайдын тушаал гарсан байна.

-Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүн, нөөцийг улсын бүртгэлд бүртгэх 14 удаагийн хурлыг зохион байгуулж 152 тайланг хэлэлцэж шийдвэрлэжээ.

-Ашигт малтмалын ордыг ашиглах ТЭЗҮ-ийг хэлэлцэх 19 удаагийн хуралдаанаар 149 уурхай, уулын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гарган ажиллав.

ЭБМЗ-ийн өргөтгөсөн болон салбар хуралдаанаарулсын нөөцийн нэгдсэн бүртгэлд 17 төрлийн ашигт малтмалын нөөц нэмж бүртгэсэн байна.

Голлох ашигт малтмалын нөөцийг авч үзвэл, алт 98.1 тн, төмөр 35.6 мянган тн, нүүрс 6.5 сая.тн, зэс 978 846 тн, жонш 4.168,28 мян.тонныг тус тус бүртгэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Тавантолгой”-н хөрөнгө оруулагч тодорчээ

“Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах шалгаруулалт эхлээд сар гаруйн хугацаа өнгөрсөн. Өчигдөр хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар Техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан Хятад, Япон, Монголын “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо”, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл болон “Пибоди Энержи” компанийн Санхүүгийн саналын үнэлгээг Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.

Үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлийг “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгаруулав. Шалгарсан хөрөнгө оруулагч тал нь “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулан, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд ордыг өмчлөх эрх төрийн мэдэлд хэвээр хадгалагдан үлдэх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Оюу толгой ирэх онд 195 мянган тонн зэс үйлдвэрлэнэ

“Туркойз хилл ресурс” компани өнөөдөр Оюу толгойн үйлдвэрлэлийн ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч, 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвийг танилцууллаа. Оюу толгойн баяжуулах үйлдвэрт гал гарснаас хойш гурван хоногийн дараа буюу энэ сарын 6-нд үйлдвэрлэлийн ажиллагаа нь дахин эхэлж, хагас өөрөө нунтаглах тээрэм хоёулаа, дөрвөн бөмбөлөгт тээрмээс гурав нь одоо хэвийн байдлаар ажиллаж байгаа аж. Баяжуулах үйлдвэрийн усан ангилагчийн хэсгийг засварлах ажил эрчимтэй явагдаж байгаа гэнэ. Гурваас дөрвөн долоо хоногийн дотор дуусах төлөвтэй байна гэж тус компаниас мэдээллээ. “Туркойз хилл” компани энэ оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Ирэх онд Оюу толгой 175.000 – 195.000 тонн зэс, 600.000 -700.000 унц алт үйлдвэрлэх төлөвлөгөө гаргажээ. Энэ оны Оюу толгойн техникийн тайлангаас хэмжээний хувьд хэлбэлзэлтэй байгаа нь цаг хугацааны шалтгааны улмаас уурхайн үйлдвэрлэлийн хуваарьт болон уурхайн зураг төсөлд бага зэрэг өөрчлөлт гарснаас болжээ. Үйл ажиллагааны зардал нь ойролцоогоор 900 сая ам.доллар байх нь. Хөрөнгө оруулалтын зардал нь 230 сая ам.доллар байх аж. Үүнээс 185 сая ам.доллар нь урсгал хөрөнгө оруулалтын зардал байх юм байна. “Оюу толгой компани мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, санхүүгийн гүйцэтгэлээ сайжруулахад чиглэсэн зардлаа бууруулах, бүтээмжээ дээшлүүлэх шинэ санаачилга хэрэгжүүлэн үйл ажиллагааны үр ашигтаа анхаарлаа төвлөрүүлэн ажилласаар байна. Үйл ажиллагааны ба хөрөнгө оруулалтын зардлын мэдээллийг Олон улсын санхүүгийн тайлагналын стандартын дагуу хийсэн. Манай компани ирэх оноос санхүүгийн тайлангаа энэ стандартын дагуу хийх болно” гэж Туркойз хилл ресурс компанийн мэдэгдэлд дурджээ.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх сард хагас тэрбум ам.доллар орж ирнэ

Ирэх сард буюу 2015 оны нэгдүгээр сард 500 гаруй сая ам.доллар орж ирэх нь тодорхой болжээ. Тэгэхээр 1900 давж сандаргах гээд байгаа ам.долларын ханш оны эхээр лав өсч сандаргахгүй нь. Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш аажмаар унаж эхэлсэн нь ч ийм учиртай аж. Ногоон валютын ханшийн бага ч гэсэн уналт валютын дотогшлох урсгал сэргэсэнтэй холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Өнгөрсөн сарын байдлаар гадаад худалдаа 358 сая ам.долларын ашигтай гарсан гэж статистикийнхан мэдээлсэн. Тэдний дуулгасан өөдрөг мэдээ энэ сард ч үргэлжилнэ гэсэн таамаг байна. Гадаад худалдааны ашиг өмнөх сарынхаас мэдэгдэхүйцээр нэмэгдэх нь тодорхой болжээ. Энэ сард гэхэд Хөгжлийн банк, арилжааны банкууд 320 сая ам.долларын зээл босгож оруулж ирэх юм байна. 160 сая ам.доллар нь ороод ирчихсэн аж. Үлдсэн 160 сая нь сардаа багтаад орж ирэх гэнэ. Ирэх сард орж ирэх 500 сая ам.долларт “Энержи ресурс”-ийн хувьцаа гаргаж оруулж ирэх 200 сая ам.доллар багтаж байгаа юм байна. Үүнээс гадна Хөгжлийн банк 250 сая ам.доллар ч багтаж буй. Арилжааны банкуудын хувьд 100 сая ам.доллар оруулж ирэх нь. Ямартай ч ам.доллар 1900 давж сандаргахааргүй нөхцөл байдал бүрдээд эхэлчихэж. Өчигдөр гэхэд “Найман шарга” валютын зах дээр ам.долларыг 1885 төгрөгөөр авч, 1893 төгрөгөөр зарж байна.

Ц.СҮРЭН

Categories
мэдээ эдийн-засаг

Баянгол дүүргийн төсвийг хэлэлцэнэ

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах, ирэх оны төсвийг батлах тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын биелэлт, ирэх оны зорилтыг батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, ирэх оны төлөвлөгөөг хэлэлцэх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

“Hyundai”-гийн шинэ гибрид Sonata

“Hyundai” автоконцерн 2015 оны эхний хэсэгт худалдаанд гаргах бензин-цахилгааны холимог хөдөлгүүртэй шинэ үеийн Sonata-гаа танилцуулав.

100 км-д 5,5-5,8 литр бинзен зарцуулах тооцоотой седан D ангилалын энэ тэргийг Сөүл хотын Grand InterContinental Seoul Parnas зочид буудлын их танхимд цугларсан 250 орчим зочдын өмнө үзүүлж танилцууллаа. 2015 онд 37000 ширхэгийг импортод гаргах төлөвлөгөөтэй байгаа гэв.

Б.Хулан

Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгойн ажлын хэсэг хуралдлаа

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтын зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болов.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 135 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан дээрх Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, нарийн бичгийн даргаар Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар ажиллаж байна. Түүнчлэн дээрх захирамжаар Дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит компаниудын төлөөлөл багтан ажиллаж байна. Дээрх ажлын хэсгүүд нь 2010 онд УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоолын хүрээнд зарлан явуулсан “Таван толгой нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалт”-ыг Засийн газрын 2014 оны 268 дугаар захирамжийн дагуу үргэлжлүүлэн явуулах юм.

Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу нэр бүхий 6 компанид саналаа ирүүлэх урилга илгээсэн бөгөөд нийт 5 компани саналаа энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр ирүүлсэн байна. Ажлын хэсэг оролцогчдын техникийн болон санхүүгийн саналыг үнэлж хамгийн өндөр оноо авсан оролцогчтой Таван толгойн ордод “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулах хэлэлцээг эхлүүлэх юм. Санал өгөх эрх бүхий оролцогч компаниудын техникийн саналыг үнэлэхэд Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэл, Пибоди Энержи корпораци техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан байна. Ажлын хэсгийн хуралдаанаар техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан оролцогчдын санхүүгийн саналыг нээж, үнэлэх чиглэлийг Дэд ажлын хэсэгт өгөв.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын сайд М.Энхсайхан уралдаант шалгаруулалтыг зохион байгуулахдаа нээлттэй, ил тод байх зарчим баримтлахыг онцолсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 1905 төгрөгтэй тэнцлээ

Арилжааны банкуудаар зарагдаж байгаа ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1899-1906 төгрөг байна.

Хас банк нэг ам.долларыг 1899 буюу хамгийн бага үнээр зарж байгаа бол, Капитрон банк 1906 төгрөгөөр зарж байна.

Харин “Найман шарга” зах дээр зарагдаж байгаа ам.долларын ханш арилжааны банкуудаас даруй 5 төгрөгөөр хямд байна.

Ам.долларын ханшийг тогтворжуулахын төлөө төв банкнаас ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна хэмээн зарим эдийн засагчид шүүмжилж байгаа бол Төв банкны зүгээс Засгийн газар доллар олж ирэхгүй байна хэмээн шүүмжлэлтэй ханддаг.

ХасБанк

1,889.00 4.00

1,899.00 4.00

Голомт

1,894.00 6.00

1,904.00 6.00

ХХБанк

1,890.00 3.00

1,904.00 6.00

ХААН

1,893.00 4.00

1,904.00 4.00

Төрийн банк

1,888.00 4.00

1,904.00 5.00

КРЕДИТ банк

1,890.00

1,905.00

Капитал банк

1,890.00

1,905.00 5.00

Капитрон

1,891.00 3.00

1,906.00 7.00