Categories
мэдээ эдийн-засаг

Нийт 28 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигджээ

Монголын хөрөнгийн биржийн гаргасан тайлангаас үзэхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 22 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 28 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан байна.

Тодруулбал, нийт 51 хувьцаат компанийн 7.627.891 ширхэг хувьцааг 4.1 тэрбум төгрөгөөр арилжсан ба багцын арилжаагаар нийт 6.9 сая ширхэг хувьцааг 2.7 тэрбум төгрөгөөр арилжсан нь нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 65.9 хувь байгаа аж.

Харин засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн таван удаагийн арилжаагаар нийт 247.917 ширхэг үнэт цаасыг 23.9 тэрбум төгрөгөөр арилжсан бөгөөд энэ нь нийт арилжааны 85.4 хувь байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар зах зээлийн үнэлгээ нэг их наяд 442.6 тэрбум төгрөг болсон ба ТОП-20 индекс өмнөх өнгөрсөн сартай харьцуулахад 0.44 хувь буюу 64.95 нэгжээр буурч 14,854.24 нэгж болсон байна.

Нийт 28 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигджээ

Categories
мэдээ эдийн-засаг

​Америк ба Иракийн танкны наймаа

Танк “Абрамс”М1А1

Америкийн цэргийн хүчний strategypage.com сайт дээр бичснийг дуулгахад тэдний засаг захиргаа энэ жил Иракийн армид 170-н ширхэг “Абрамс”М-1А1 танкийг зарахаар болжээ. Уг нь 2008 онд иракчууд энэ төрлийн танкийг 140-ийг захиалж 2010 онд захиалгаа авч байсан ч гэлээ 2014 онд лалын босогчдод дөч орчим танкаа олзлуулж явгарчихаад байгаа гэнэ.

Зөөвөрлөгч М88А1

Дээрх танкийг зөөвөрлөгч 21-н ширхэг М88А1 машины хамт захиалж байсан иракчуудын энэ удаагийн наймааны үнэ өртөгийг сайт мэдээлсэнгүй. Зургаан жилийн өмнөх наймаандаа америкчууд нэг танкыг тээвэрлэгч машинуудыг оролцуулалгүйгээр дунджаар 1.4 сая ам. доллараар зарж байжээ.

Б.Бүжин

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын албан нөөц нэмэгджээ

Монголбанк гадаад валютын нөөц 2014 оны 11 сарын сүүлээр 1,352.1 сая ам доллар байжээ. Тэгвэл оны эцэст 1,650 сая ам доллар болж нэмэгдсэн байна.

Олон улсын жишиг төвшин нь гадаад валютын нөөц импортын 12 долоо хоногтой тэнцэж байх ёстой байдаг гэнэ. Манай улсын хувьд өнгөрсөн 11 сарын эцсээр 14.6 долоо хоног, 2014 оны эцсээр 21.9 долоо хоногийн хэрэгцээг хангаж байгаа аж.

Харин Монголбанкны валютын зах дахь оролцоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурч байгаа гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгойд хөрөнгө оруулах хэлэлэцээ өнөөдөр эхэлнэ

Тавантолгойн ордод хөрөнгө оруулан, хамтран ажиллах сонгон шалгаруулалт шинэ оны өмнө дуусаж, Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа энержи”, Монголын “Энержи ресурс” компанийн хамтарсан консорциум ялагчаар тодорсон. Хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлэлцээг Ажлын хэсгийнхэн өнөөдөр эхлүүлэх юм. Засгийн газрын төлөөлөл болон тус консорциумынхан Цагаан сараас өмнө хэлэлцээг дуусгахаар тохиролцоод байгаа аж. Тавантолгойн ордын лиценз төрийн мэдэлд үлдэх бол үйл ажиллагаа, менежментийг нь сонгогдсон консорциум хариуцан ажиллана. Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан “Сонгон шалгаруулалтад их боломжийн консорциум ялсан” гэж ярьсан.

Уг консорциум Тавантолгойн нүүрсний уурхайд нийт дөрвөн тэрбум ам.долларын хөр өнгө оруулах санал гаргаад буй. Тэднийх Тавантолгойн орд газарт нэмэлт хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлэх, төмөр зам барих, 2.5 жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах, Хятадын “Чалко” компанид тавьсан “Эрдэнэс Тавантолгой”-н өрийг барагдуулахад энэ хөрөнгийг зарцуулах аж.

Тус консорциум төмөр замын суурь бүтцийн 51 хувийг 30 жилийн дараа төрийн өмчид шилжүүлэн өгөх үүрэг хүлээхээ мэдэгдсэн. Мөн Монголын Засгийн газар хүсвэл эргэн суутгаж авах нөхцөлтэйгөөр 250-300 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлж болно гэжээ. Уг консорциумын санал нь Засгийн газрын шаардлагыг бүрэн хангасан юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Таван толгойн хэлэлцээр маргааш эхэлнэ

Таван толгойн хөрөнгө оруулагчаар Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэлийг сонгож, эдгээр компаниудтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг томилсон. Тэгвэл маргаашнаас энэ хоёр талынТаван толгойн хөрөнгө оруулалтын талаарх хэлэлцээр эхлэх гэж байна.

Ажлын хэсгийн гишүүд “Орд газар Монгол төрийн өмчлөлд байх, Төслийн бүхий л хугацаанд үндэсний компани олонхи байх, бүтээгдэхүүнийг Япон болон бусад зах зээлд борлуулах бололцоотой байх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон Монголын уламжлалт соёл иргэншлийг хүндэтгэн хөгжүүлэхэд туслах, байгаль орчинд халгүй байх” зэрэг хэлэлцээрт баримтлах шалгуур баримтлалаа тохирсон аж.

Талууд хэлэлцээрт “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтсон бөгөөд энэ нь хэлэлцээр итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмууд багтаж байгаа юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн үнэ унасан хэвээр

Яг одоо brent маркын нефть 56,58 ам долларын ханштайгаар арилжаалагдаж байна. Лондонгийн бирж хэмээх бүхнийг тодорхойлогч “зах” дээрх өчигдөрийн арилжааны үер энэ төрлийн нефть 1,5 хувиар унасан нь өнөөдөр ч өөрчлөгдсөнгүй. Саудын Арабын сайд Али аль-Нуйами нефтийн үнэ 20 ам. доллар болсон ч борлуулалтаа буулгахгүй гэж хэлж байсан бол одоо “Байдал сайжирлаа гээд нефть хэзээ ч 100 ам.долларын төвшинд дахин очихгүй ” гэсэн нь зах зээлийг дахин чичрүүлсэн бололтой. WTI маркын нефтийн хувьд байдал бүр ч дорой. Энэ төрлийн нефтийг өнөөдөр Нью-Йоркын бирж дээр 53,20 ам. доллараар худалдаж байна.

Б.Бүжин

Categories
мэдээ эдийн-засаг

Литва- Евро бүсийн 19 дэх улс

Евро хэмээх мөнгөн нэгжийг хамтдаа хэрэглэдэг Евро бүсийн отгон гишүүнээр Балтикийн жижиг улс Литва 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс албан ёсоор элсэж 19 дэх гишүүн нь боллоо. Тэд энэ гэр бүлд элсэх өргөдлөө 2007 онд өгсөн ч төсвийн алдагдал, инфляцийн өндөр хувь, өрийн үзүүлэлт нь саад болсоор өдийг хүргэжээ. Дээрх эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайжруулсан Литва өнөөдрөөс эхлэн үндэсний мөнгөн нэгж литагаа 3.52 лит-нэг евро гэх харьцаагаар бүх банк тооцооны газруудад сольж эхлэх аж.

Б.Хулан

Categories
мэдээ эдийн-засаг

Таван толгойн хэлэлцээр ирэх сард эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэгтэй томилогдсон Ажлын хэсэг уралдаант шалгаруулалтад шалгарсан Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци болон Энержи Ресурс ХХК-ийн түншлэлийг хүлээн авч уулзжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, бүрэлдэхүүнд Уул уурхайн сайд Р.Жигжид, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар ажиллаж байна.

Уулзалтын үеэр талууд хэлэлцээрийг 2015 оны 1 дүгээр сарын 5-аас эхлүүлэхээр тохирч, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах, хөгжүүлэх хэлэлцээрийг амжилтад хүргэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаар санал нэгджээ.

Талууд хэлэлцээрт “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтож байгаа бөгөөд энэ нь хэлэлцээр итгэлцэл дээр суурилах, санаа зовж байгаа бүх асуудлаа ярилцах, аливаа асуудалд хамтарсан бүтээлч шийдэл олохын төлөө ажиллах зэрэг зарчмыг дотроо багтааж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн үнэ 20 ам.доллар болсон ч олборлолтоо бууруулахгүй

Саудын Арабын Эрчим хүчний сайд Али аль-Нуйами CNN-д өгсөн ярилцлагадаа ” ОПЕК-ийн орнууд хувьд нэг баррель нефтийн зах зээлийн ханш 20 ам доллар болтлоо унасан ч хамаагүй , бид олборлолтоо багасгахгүй. Хэрвээ Саудын Араб олборлолтоо багасгавал нефтийн ханш өснө. Тэгвэл Орос, Бразил мэтийн улсууд бидний ашгаас хуваалцах болно. ” гэж хэлээд тэднийд нефтийн өөрийн өртөг нэг баррель нь 4-5 ам долларын үнэтэй байдаг тул айх юм огт үгүй гэдгээ илэрхийлжээ.

Б.Хулан

Categories
мэдээ эдийн-засаг

20.94 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгоно

Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 20.94 сая га талбайд шинээр өргөдлийн журмаар, харин улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдэж үнэ цэнэ, хэтийн төлөвийг нь тодорхойлсон эрдсийн хуримтлал бүхий 10.15 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тус тус хайгуулын тусгай зөвшөөрөлолгох боломжтой гэж тогтоосон байна.

Үүнээс дэд бүтэц, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан хайгуулын тусгай зөвшөөрлийг үндэсний аюулгүй байдлын бодлого, үзэл баримтлалд нийцүүлж төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.

Сонгон шалгаруулалтаар олгох 10.15 сая га талбайн хувьд улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдэж үнэ цэнэ, хэтийн төлөвийг нь тодорхойлсон эрдсийн хуримтлал бүхий 6.2 сая га, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон 2.32 сая га, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан талбай 1.56 сая га талбай тогтоогджээ.

Эдгээрээс эрдсийн хуримтлал бүхий талбайгаас эхний ээлжинд нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалтын журмаар олгохоор төлөвлөсөн байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг хүлээн авах эрэмбийг цахим мэдээллийн тусламжтай тогтоох бэлтгэл ажил хангагджээ. 2015 оны нэгдүгээр сарын дундуур олгож эхлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр ирэх оны төлөвлөгөөт хайгуулын ажил хавар эрт эхлэх боломжтой аж.