Оюу толгой ХХК энэ оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өчигдөр танилцууллаа. Ил уурхайн олборлолтын үе дараалал, баяжуулах үйлдвэрт боловсруулж буй хүдрийн агуулга, төлөвлөгөөт засвар үйлчилгээний түр зогсолт зэргээс шалтгаалж 2015 оны нэгдүгээр улиралд үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ өнгөрөгч оны 4 дүгээр улирлынхтай харьцуулахад 30 гаруй хувиар буурчээ. Цагаан сарын үеэр хил гаалийн үйл ажиллагаа уртасгасан хугацаагаар зогссон хэдий ч нэгдүгээр улирлын баяжмалын борлуулалт нь үйлдвэрлэлийн хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарсан байна. Оюу толгой компани оны эхний улиралд 66.4 сая ам.долларын татвар, төлбөр төлж, 78.3 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцуулжээ. Энэ мөнгөний 14.1 сая ам.долларыг Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд зарцуулсан байна. Олборлосон хүдрийн хэмжээ өнгөрсөн улирлынхаас 16 орчим хувиар өндөр гарчээ. Оюутолгойн үйлдвэрлэлийн хэмжээ 2014 оныхтой ойролцоо байх аж. Харин энэ оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэнэ гэж компанийн зүгээс мэдээлэв. Оюу толгой оны эцэс гэхэд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөө гаргажээ.
Category: эдийн-засаг
Өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас 1969.00-1972.00 төгрөгийн ханшаар 5.0 сая ам.доллар худалдах, 316.50-317.00 төгрөгийн ханшаар 10.5 сая юань худалдах санал ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй.
Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэлийн, 22.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газар Таван толгойн талаар тогтоол гаргажээ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн тухай тогтоол аж. 2012 оны тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч зарим иргэдийг нэрлэсэн үнээр нь Засгийн газарт хувьцаагаа худалдах бололцоо олгох шийдвэр гаргасны үндсэн дээр нэг сая 504 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан. Ийм шалтгаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдээс эдгээр иргэдийн нэрийг хассан. Засгийн газар хувьцааны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм. Хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэд хувьцаагаа буцааж эзэмшье гэсэн хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргажээ. Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт энэ асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн билээ. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эдгээр иргэдийг дахин бүртгэх шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад үүрэг өгсөн байна. Уг ажлын хэрэгжилтийг хоёрдугаар улиралд Засгийн газарт танилцуулахыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагад үүрэг болгожээ.
Хятадын нүүрсний импорт 2015 оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.07 сая тонн буюу 41.5 хувиар буурсан талаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан мэдээлжээ. Энэ оны гуравдугаар сард тус улс 17.03 сая тонн нүүрс экспортлосон бөгөөд 2014 оны гуравдугаар сартай харьцуулахад 8.26 сая тонн, өөрөөр хэлбэл өмнөх жилийнхээс импортын нүүрсний хэмжээ 32.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг “China Daily” мэдээлсэн байна.
Фузянь мужийн албаны төлөөлөгчийн тайлбарласнаар, БНХАУ-ын эрчим хүчний зах зээл дээр импортын нүүрс дотоодын нүүрстэй харьцуулахад өрсөлдөх чадвар муутай учир анхаарал татдаггүй байна. Түүний бодлоор, нүүрсний импортын бууралт цаашид үргэлжлэх аж.
Мэдээлэл, зөвлөгөөний “ICIS Energy” компаний шинжээч Дэн Шунь, эрчим хүчний эх үүсвэрт энэ төрлийн өргөн хэрэглээний барааны эрэлт буурч, дотоодын нүүрсний үнэ доогуур түвшинд хэвээр байвал 2015 онд нүүрсний импортын хэмжээ 200 саяас доош тонн байх болно гэж тайлбарлажээ. Мөн нүүрсний импортын үзүүлэх сөрөг нөлөө нь Хятадын эдийн засгийг ерөнхийд нь сааруулж болох юм.
БНХАУ-ын нүүрсний аж үйлдвэрийн холбооны мэдээгээр, тус улсын нүүрсний салбарын хувьд 2015 оны эхний хоёр сарын байдлаар уул уурхайн 80 хувь нь ашиггүй ажиллаж байгаа аж. Мөн энэ хугацаанд Хятадын хамгийн том нүүрсний 90 компаний нийт алдагдал ойролцоогоор 13.1 тэрбум юань (2.11 тэрбум ам.доллар)-д хүрсэн байна.
2014 оны эхний хоёр сарын байдалтай харьцуулж үзэхэд, эдгээр компаниудын ашиг ойролцоогоор адил буюу 13.1 тэрбум юань (2.11 тэрбум ам.доллар) байжээ. 2015 оны эхний улирлын байдлаар, Хятад улс өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 3.5 хувь бага буюу ойролцоогоор 850 сая тонн нүүрс олборлосон аж. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүд, сүүлийн гурван жилийн хугацаанд БНХАУ-ын дотоодын нүүрсний зах зээл дээр хэт их илүүдэл бий болсон гэж дүгнэжээ.
Хятад улсын нүүрсний хэрэглээний хэв маягийг өөрчлөх асуудал цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй технологийг хөгжүүлэх эрх бүхий байгууллагуудын анхаарлыг эрхгүй татаж буй юм. Энэ хүрээнд Хятадын засгийн газар импортын зардлаар орон нутгийн нүүрсний үйлдвэрлэлийг дэмжиж болно гэж үзэж байна. 2014 онд Хятад улс 2013 онтой харьцуулахад 10.3 хувиар бага буюу 291 сая тонн нүүрс импортложээ. Хятадын нүүрсний гол экспортлогч Вьетнам, Австрали юм.
Өнөөдөр буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах болон худалдан авах санал ирүүлээгүй байна. Юанийн дуудлага худалдаагаар 320.30-320.40 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. 2015 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 4.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 30.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.
Таван толгойн ордын гэрээний төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон билээ. Тус төслийг хариуцан ажиллаж байгаа М.Энхсайхан сайд өнөөдөр УИХ-д Тавантолгойн гэрээний төслийг хүлээлгэн өгөх ажээ. “Coal Mongolia” чуулганы үеэр “УИХ-аар энэ гэрээний төслийг хэлэлцүүлэхдээ хоёр шалгуурыг тавих нь зүйтэй. Нэгдүгээрт, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх, хоёрдугаарт, Засгийн газрын 268-р тогтоолыг биелүүлсэн эсэх.” гэж М.Энхсайхан сайд онцолсон юм.
“Coal Mongolia 2015” чуулганы төлөөлөгчид нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг олон улсад хэрхэн сайжруулах вэ гэдэгт төвлөрөн ярилцаж байна. Чуулганд Засгийн газрын төлөөлөл болон олборлолтын компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк, санхүүгийн байгууллагууд, АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Тав дахь жилдээ зохиогдож байгаа тус чуулга уулзалт гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа /IPO/ гаргасны таван жилийн ойтой давхцаж байгаа гэдгийг уулзалтыг зохион байгуулагчид онцолж байлаа. Энэ жилийн чуулга уулзалтаар нүүрсний нөөц, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд голлон анхаарч байгаа юм. Харин Монгол Улсын сайд М.Энхсайхан Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах, ингэхийн тулд нэн даруй төмөр зам барих асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй хэмээн илтгэлийнхээ үеэр дурдаж байлаа. Чуулган өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх юм.
“Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа олон улсын биржүүд дээр мэдэгдэхүйц өсөж эхэлжээ. Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны 3.6 ам.доллар буюу 11.12 хувиар өссөн байна. “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа өнгөрсөн оны сүүлчээс хойш анх удаа ийм өндөр үнэ хүрч байгаа тохиолдол болжээ. Түүнчлэн “Туркойз Хилл Ресурс”-ын нийт 10.5 сая ширхэг хувьцаа арилжаалагдсан нь өдөрт арилжаалагддаг дундаж хувьцааны тооноос даруй тав дахин өссөн байна. Сүүлийн таван өдрийн арилжаагаар “Туркойз”-ийн хувьцаа 19 хувиар өсөөд байгаа юм байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулах талаараа өчигдөр мэдээллээ. Чуулга уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гээд мянга орчим төлөөлөгч оролцох аж. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх хэтийн зорилготой юм байна. Тус бизнес чуулга уулзалтаар Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх аж. Мөн тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцох юм байна. Төр-хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах гэнэ.
“Coal Mongolia-2015” өнөөдөр эхэлнэ
Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia” уулзалт өнөөдөр эхэлнэ.
Чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах бөгөөд нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татахад чиглэх аж.
Түүнчлэн “Coal Mongolia” чуулганы таван жилийн ой, гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа IPO гарган нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татсаны таван жилийн ой тохиож буйгаараа онцлогтой болох гэнэ.