Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс “СМТ DIGITAL” аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцов

Германы Штуттгарт хотноо болдог аялал жуулчлалын олон улсын “СМТ DIGITAL-2021” үзэсгэлэнд Монгол Улс оролцлоо.

Жил бүрийн 1 дүгээр сард болдог аялал, жуулчлалын салбарын томоохон үзэсгэлэн “СМТ DIGITAL” энэ онд цар тахлаас үүдэн хойшлогдоод байсан юм. CMT (Caravan, Motor, Touristik) буюу аялал жуулчлалын салбарын хэрэглэгчдэд шууд хандсан (B to C) уг үзэсгэлэн улс орон, бүс нутаг, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулдаг. Үүний зэрэгцээ газар дээр нь шууд гэрээ байгуулах, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой байдаг онцлогтой. Штуттгарт хотын үзэсгэлэнгийн захиргаа уламжлалыг тасалдуулахгүйн үүднээс “СМТ DIGITAL-2021” үзэсгэлэнг 2021 оны 1 дүгээр сарын 26-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм.

Дэлхий дахиныг хамарсан “COVID-19”-ийн цар тахал аялал, жуулчлалын салбарт хүнд тусаж, салбарын цаашдын хөгжилд ч нөлөөлөх хандлагатай байгаа юм. Тухайлбал, европчууд өндөр үнэтэй тусгай үйлчилгээ, тансаг амралтаас илүү идэвхтэй, байгальд ээлтэй, ухамсартай аяллын төрлүүдийг сонирхон хүлээн авч байна. Түүнчлэн коронавирусний үед аяллын машин, тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийн эрэлт огцом өсжээ. Энэхүү шинэ хандлага өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгальтай Монгол орны аялал жуулчлалын салбарын хөгжилд эерэгээр нөлөөлөх боломжтой юм.

Монгол Улс 2001 онд СМТ үзэсгэлэнгийн Түнш орноор оролцсон бөгөөд 20 жилийн дараа дахин энэ түвшинд оролцохоор төлөвлөж байв. “СМТ DIGITAL-2021” цуцлагдсан ч манай улс хамтран ажиллах гэрээгээ сунгаж, 2022 онд Түнш орон болохоор шийдвэрлэснийг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат Штуттгарт хотод болсон уг цахим үзэсгэлэнд оролцох үеэрээ уламжилсан талаар ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 24,2 их наяд төгрөг болжээ

Мөнгөний нийлүүлэлт 2020 оны эцсийн байдлаар 24,2 их наяд төгрөгт хүрснийг Монголбанкны Судалгаа, статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн Монголбанкнаас боловсруулан гаргадаг статистик мэдээллийг өчигдөр танилцуулах үеэрээ хэлэв.

Мөнгөний нийлүүлэлт нь өмнөх оны мөн үеийнхээс 16,3 хувиар нэмэгдэхэд хадгаламжийн өсөлт нөлөөлжээ. Үүний 10,9 хувийг төгрөгийн, 5,6 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байв.

Мөнгөний нийлүүлэлт өмнөх сарынаас 4,1 хувиар өссөн нь байгууллагын төгрөгийн харилцах болох иргэдийн төгрөгийн хадгаламж, харилцах зэрэг үзүүлэлт өссөн нь нөлөөлжээ.

Хадгаламжийн хувьд өнгөрсөн оны эцсийн байдлаар 18 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 85,4 хувь буюу 15,4 их наяд төгрөгийг иргэдийн хадгаламж, 14,6 хувь буюу 2,6 их наяд төгрөгийг байгууллагын хадгаламж бүрдүүлжээ.

Нийт хадгаламжийн 25,7 хувь, иргэдийн хадгаламжийн 22,8, байгууллагын хадгаламжийн 42,8 хувь нь гадаад валютынх аж.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Цар тахлын үед эрхтэн шилжүүлэн суулгах нь донор, реципиентэд өндөр эрсдэлтэй

Дэлхий даяар Коронавирусийн цар тахал тархсан энэ үед олон улс оронд Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрс цөөрч энэ төрлийн эмчилгээг хийхдээ халдвар хамгааллын дэглэмийг маш чанд баримтлах ёстой болж байна. ДЭМБ болон Дэлхий эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс ийм төрлийн эмчилгээ хийдэг улс орнуудад энэ төрлийн эмчилгээг цөөлөх, халдвар хамгааллыг нарийн баримтлах зөвлөмж өгч байгаа юм. Түүнчлэн Цар тахлын үед улс орнуудын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор өндөр өртөг бүхий энэ эмчилгээг хийх нь эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байна.

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн дархлаа дарангуйлах эм заавал уух шаардлагатай бөгөөд тухайн донороос авсан эрхтний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд дархлааг нь дарангуйлдаг. Эрхтэнг хүлээж авсан бие нь донорын эрхтэнг өөрийн биед орж ирсэн гадны биет байна гэж үздэг. Эзэн биеийг хамгаалах дархлааны хариу урвал явагддаг бөгөөд энэхүү үйлдлийг Дархлаа дарангуйлах эм ууж зохицуулахгүй тохиолдолд Донорын эрхтэн ондооших буюу ховхордог байна.

Дархлаа дарангуйлах эм байнга ууж байгаа хүний биеийн эсэргүүцэл ихээхэн сулардаг бөгөөд гадны нөлөө бактер, вирусын халдвар, мөөгөнцөр, бусад халдварт өвчинд нэн мэдрэг эмзэг болдог. Өөрөөр хэлбэл Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгээд дархлаа дарангуйлах эм ууж буй хүн халдварт өртөх нь жирийн хүнээс хэд дахин илүү болдог.

Иймд өнөөгийн нөхцөлд амьд болон амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийнэ гэдэг нь реципиентэд ч маш өндөр эрсдэлтэй. Мөн амьд донорын хувьд ч эрсдэл үүсгэх талтай. Энэ төрлийн эмчилгээг бусад мэс заслын эмчилгээтэй адил хийж болохгүй юм. Амь насны зайлшгүй заалтаар цөөн тохиолдолд энэ эмчилгээг хийж байгаа болно.

Манай орон бусад улс орны жишиг олон улсын байгуулагуудын зөвлөмжийг дагаж ажиллаж байна. ЭМХТ-ийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрхтэн шилжүүлэн суулгах багуудтай хамтран дархлаа дарангуйлах эм ууж байгаа эмчлүүлэгч нарынхаа нарийн судалгааг гаргаж манай улсад вакцин орж ирсэн тохиолдолд нэн түрүүнд эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээ хамруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн цаашлаад Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох эмчлүүлэгч болон тэдгээрийн донорыг вакцинжуулах ажил хийгдэнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ЭС, ЭД, ЭРХТНИЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ АЛБА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Банкинд байсан хонзогногчид, банк талагчдын салбараа багалзуурдах ажиллагаа бэлэн болж дээ

МАН төрийн эрхэнд гарч ирээд л банктай ноцолдсон. Банкуудыг багалзуурдаж эхэлсэн. Ерөнхий зүй тогтол нь хувийн хэвшилд ажиллаж байсан хүмүүс улс төрд орж ирэнгүүтээ эргээд эздээ, ажиллаж байсан салбараа самардаг байдал ажиглагдах юм. УИХ-ын дарга Г.Занданшатар Хаан банкнаас ажил амьдралаа эхлүүлсэн. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас УИХ-ын гишүүн болсон байх жишээтэй. Ер нь МАН-аас өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүд хийгээд сайд дарга нар дотор банкнаас ажлаа эхлүүлсэн маш олон хүн бий. Тэд бүгдээрээ л банкны эздээс өмчийг нь авъя, хувь эзэмшлийг тараая, арилжааны банкуудыг аймаар том хувьцаат компани болгоё гэцгээж байгаа нь сонин. Тэдний энэ байдлыг харахаар нэг л үнэн харагдах. Бүгдээрээ банкинд ажилладаг, ер нь хувийн хэвшилд ажилладаг байхдаа эзэндээ атаархаж үхэх шахдаг байсан юм байна. Тэр атаархал хонзогнолоо өөрийнхөө сүүдрээс ч нууж явдаг байсан бололтой. Ингээд эрх мэдэлд хүрсэн хойноо хонзонгоо авах ажил их хийдэг юм байна. Том банкнаас гаралтай улстөрчдийг тэгж харахаас өөр арга алга. Банкны 20 хувийг эзэнд нь үлдээгээд бусдыг зарах ёстой гээд байгаа биз дээ. Энэ хуулийн гол санаачлагчид болох Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын өнөөдрийн хамтрагчиддаа 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх мэдээлэл баримттай гарч байгаа нь үнэндээ онигоо ч юм шиг.

Энэ бүх хуулийн өөрчлөлтөд банкны эзэд огт дуугарахгүй байгаа нь Үндсэн хууль дахь тодорхой заалтууд болох “Хүний хувийн өмч халдашгүй байх…”, “Иргэн хүн хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй, төрөөс хувийн өмчид халдахыг хориглоно…” гэх хуулийн тодорхой үзэл санааны зүйл заалтуудад итгэж найдаж суугаа юм байлгүй дээ. Хувь хүний эрх чөлөө, өмч хөрөнгөнд халдсан үйлдэл төрөөс хийгдвэл Үндсэн хуулийн Цэц дээр гарцаагүй унана. Үндсэн хууль зөрчнө гэдэг бол Ардчилсан Монгол Улсад байж болохгүй юм. Улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн, дайны байдал бий болсон үед төрөөс хуулийн хүрээнд хүний хувийн өмчийг дайчлах үзэл баримтлал аль ч улсын хуульд бий. Манайд тийм нөхцөл байдал үүсээгүй шүү дээ. Үнэхээр хүмүүсийн 30 жилийн хөдөлмөрийн үр дүн болох банкуудын 80 хувийг тарааж өгнө гэвэл ганц банкны салбарууд биш Монголд монополь шинжтэй үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуйн нэгж дараагийнх болно. Тэдгээр эздэд хөрөнгийнх нь 20 хувийг үлдээгээд бусдыг нь эд бад хийнэ гэж хуульчлах юм уу. Жишээ нь АПУ-гийн 90 хувь нэг хүнийх шүү дээ. Гурил, Мах, Сүү… за тэгээд уул уурхайн нэг эзэнтэй том компаниуд олон байгаа. Тэд бүгдийг нийгэмчлэх үү, нийтийнх болгох хууль гаргаад явах юм уу. Хуулийн ийм хүчирхийлэл чөлөөт нийгэмд байдаггүй юм, зах зээлийнхээ жамаар зохицуулагддаг юм. Энэ хууль өнөөдрийнх шиг хурдтайгаар цааш тэлвэл юун ковид, ковидоос илүү аюултай байдал руу орж мэднэ. Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт бол Засаглалын шинж чанартай том хуулийн төсөл шүү. Бусад бүх салбарт нөлөөлнө.

Ер нь энэ хуулийн төсөл дээр ажилласан гишүүд, улстөрчид нэг зүйлийг хэр сайн анзаарч байгаа юм бол. Хэдэн жилийн өмнө Олон улсын валютын сангаас Монголын арилжааны бүх банкуудын дүрмийн сангийн эх үүсвэрт шалгалт хийсэн. Бараг гурван жил үргэлжилсэн тэр шалгалтаар Монголын арилжааны банкны эздийн мөнгөний эх үүсвэр цэвэр юм байна, банкинд байгаа хадгаламж эзэмшигчдийн мөнгө цэвэр, ер нь арилжааны банкуудын дүрмийн сан, активт бохир мөнгө алга гэдгийг тогтоож, албан ёсоор зарласан. Ийм шалгалт хэдэн жилийн ажил болдог юм байна гэж ойлгосон. Аль ч улсад банкны дүрмийн сангийн эрүүл эсэхийг шалгах процесс маш их цаг хугацаа ордог болохыг энэ үеэр олонтаа уншлаа. Ингэж ОУВС-гийхан Монголын арилжааны банкуудын мөнгө бохир эсэхэд цэг тавьсан. Үүнийг өнөөдрийн улстөрчид хэр санаж байгаа юм бол. Мөн Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр банкны нэг хувьцаа эзэмшигчийн дээд хязгаар 20 хувиас хэтрэхгүй гэж заасан. Үлдсэнийг нь хувьцаа хэлбэрт оруулж, хэн ч худалдан авч болно гэв. Банкны хувьцааг Балдан, Дорж, Дулмаа нарын энгийн иргэд худалдан авах уу, өнөөдрийн Монголд. Дор хаяж нэг тэрбумын хуримтлалтай хүн сонирхох сэдэв шүү дээ. Тэгвэл өнөөдөр тэр банкуудын 80 хувийг тэрбум тэрбумаар нь худалдан авах хүн хэд байгаа юм. Өнөө л ад үзэгдээд байгаа цөөн хэдэн хадгаламж эзэмшигчид биз дээ. Банкны хувьцаа авах хүн байлаа гэхэд мөнгөнийхөө эх үүсвэрийг хэл, түүнийг чинь тогтооно гээд бөөн ажил болно. Энэ ажил эхэлвэл шалгаж байна гэж хэдэн жил болдгийг ОУВС-гийн шалгалтаас харсан. Дээр нь мөнгөнийхөө эх үүсвэрийг тогтоолгох гээд хамаг байдгаа уудалж, онгичуулаад сууж байх хүн олон уу. 2020 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт актив 35.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа юм билээ. Үүний 90 хувийг нөлөө бүхий банкууд санал болгоход түүнд хөрөнгө оруулах зах зээлийн нөөц манай улсад байгаа юу гэж зарим судлаачдын бичээд байгаа чинь энэ. Энэ талаар ямар тооцоо судалгаа хийсэн юм бол? Хууль гажих вий гэсэн болгоомжлол ингээд л эхэлж байгаа юм. Гэтэл хууль заавал хэрэгжих ёстой, арилжааны банкуудын 80 хувь заавал олон нийтийнх байх ёстой. Үнэгүйдүүлэх үү, эсвэл зүгээр тараах юм уу. Холбогдох тооцоо судалгаагаар бол энэхүү 35.8 их наяд активын чинь 15 хувь нь банкны эздийн өмч юм билээ. Энэ хөрөнгө тэдний ариун цагаан хөдөлмөрийн үр шим, цэвэр мөнгө гэдгийг бид биш ОУВС-гийн шинжээчид гурван жил ажиллаад тогтоочихсон. Асуудал их байгаа биз.

Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачлаад, бас дэмжээд байгаа улстөрчдийн эцсийн зорилго нь тэгээд юу юм бэ? Монголын улстөрчид үнэндээ жижигхэн эрх ашгийн ард л нуугдаж байдаг шүү дээ. Эхэнд хэлснээр энэ хуулиар оролдож, дэмжиж байгаа гишүүдийн ихэнх нь банкнаас гарвалтай гэж. Ихэнх нь Монголын томоохон хувийн хэвшилд ажиллаж байсан, хэн нэг том эзний дэмжлэгээр гарч ирсэн гэж. Тэгэхээр хувийн хэвшлээс улс төрд очдог хүмүүс ер нь ингэдэг л юм байна. Эцэг шиг нь явсан эздээ эргээд ноцдог юм байна. Энэ зэрэгт хүргэсэн салбараа эргээд урж тасддаг юм байна.

Эцэст нь хэлэхэд, Их хурал дээр энэ хуулийн талаар учиртайхан дуугарч байгаа гишүүд цөөхөн байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж л чуулган дээр “Банк олон эзэнтэй болсноор бизнес рүү хандсан зээл багасна. Яагаад гэвэл гүйцэтгэх захирал нь олон хувьцаа эзэмшигчиддээ таалагдах гээд ер ажил хийдэггүй юм. Шийдвэртэй зээл өгдөггүй, хурдан арга хэмжээ авдаггүй юм. Түүний нэг жишээ нь манай Г.Амартүвшин байна. “Хас” банкинд байхдаа баахан дарга нартаа таалагдах гээд юу ч хийдэггүй байсан юм” гэж ярилаа. Өөрөөр Монголын эдийн засгийн Засаглал болсон банкны салбарын хуулийн талаар дуугарч байгаа улстөрч алга даа…

Б.НЯМАА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Эдийн засагч Г.Ганзориг: Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь мөнгөнд хэмнэлттэй ч, баярууд эдийн засгийг идэвхжүүлж, сайнаар нөлөөлдөг тал бий


Коронавируст цар тахлын улмаас өнгөрсөн жил Монголчууд уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэлгүй өнгөрүүлсэн билээ. Тэгвэл энэ жил мөн сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан юм.

Сар шинийн баярыг цомхон тэмдэглэснээр эдийн засагт ямар нөлөө гарч буй талаар эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Эдийн засаг хямралтай байгаа. Үүн дээр сар шинийн баярыг өргөн тэмдэглэвэл төдий чинээ зарлага гарах нь тодорхой байх. “Цагаан сар”-ын баярыг тэмдэглэхэд нэг өрхөөс дунджаар 1,5 сая болон түүнээс дээш төгрөг зарцуулдаг юм билээ. Тэгвэл уламжлалт баяруудыг цахимаар тэмдэглэснээр хичнээн төгрөг хэмнэж байгаа вэ?

-Цагаан сар нь өрх бүрийн 1.5 сая төгрөг, улсын хэмжээнд нийт 850 тэрбум төгрөгийн өртэгтэй гэсэн судалгааг 2019 онд гаргасан. Жил ирэх тусам тус дүн нэмэгдэнэ. Үүнийг ч тухайн судалгаанд харуулсан байсан. Гэхдээ бид энэхүү зардал гарахгүй байх нь сайн гэж харж болохгүй. Түүнчлэн хэмнэнэ гэдэг ойлголт нь эдийн засагт жаахан сонин. Учир нь нэг талдаа зардал гарахад нөгөө талд орлого болж байдаг. Иймд эргээд эдийн засгийн идэвхжилийг сайжруулж, харин ч сайнаар нөлөөлдөг тал бий. Маш олон байгууллагууд эдгээр баярын өдрүүдэд жилийн гол орлогоо хийдэг. Тэнд нь олон мянган хүн ажиллаж орлоготой болно гэсэн үг. Бүтээмж гарч байгаа хэрэг. Түүнчлэн уламжлалт баярууд нь аялал жуулчлалыг дэмждэг давуу талтай. Гэхдээ энэ жилийн хувьд бүх зүйл өөр байх нь дээ.

-Импортын бэлгэнд л гэхэд 360 тэрбум төгрөг гаргадаг гэсэн судалгаа гарсан байсан. Ер нь баяруудыг цомхон тэмдэглэснээр жилийн турш хичнээн төгрөгийг гадагш урсгахаас хамгаалдаг вэ?

-Тэрийг шууд тооцож хэлэхэд хэцүү байх. Зүгээр баримжаалбал хагас сая ам.доллар болов уу гэж харж байна. Бид сүүлийн жилүүдэд үндэсний бүтээгдэхүүнүүдээр баяраа тэмдэглэх болсон нь үүнд нөлөөлж байгаа.

-“Цагаан сар”-ыг тэмдэглэхгүй гэж уриалж байхад наймаачид бараа бүтээгдэхүүнээ сурталчилж олон нийтийг өдөөдөг. Энэ нь эдийн засгийн үзэгдэл үү?

-Аливаа шийдвэрт нөлөөлөх зорилготой түлхэц үзүүлэх нь энгийн л үзэгдэл шүү дээ. Харин үүнийг тодорхой хугацаанд зохион байгуулалттайгаар хориглож болно л доо. Тэгээгүй цагт юугаа сурталчлах нь борлуулагчдын л эрх. Харин худалдан авах эсэх бол хэрэглэгчийн эрх. Энэ бол чөлөөт эдийн засаг.

-Таны харж байгаагаар дотоодын болон дэлхийн эдийн засаг хэзээнээс өсөх зам руугаа орох бол?

– 2021 оны сүүл үеэс эхлэн манай эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч ирэх болов уу гэж харж байгаа. Сайн талаас нь харвал олон улсын зах зээл дээр бидний импортолдог бүтээгдэхүүний ханш энгийн үеэс бага. Харин экспортолдог бүтээгдэхүүний ханш энгийн үеэс өндөр байх хүлээлттэй байна. Иймд манай гадаад худалдааны тэнцэлд 2021 он нь их эерэг жил болох шинжтэй.

-Ирэх онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа. Энэ өсөлт манайд хэрхэн нөлөөлөх вэ?

-БНХАУ-н эдийн засаг тун сайн өсөлттэй явж байна. Энэ нь бидний гол экспортын бүтээгдэхүүний эрэлтэд сайнаар нөлөөлнө. Харин аялал жуулчлал зэрэг зарим нэг салбарын хувьд сэргэхэд үнэхээр цаг хугацаа шаардах нь тодорхой байна.

-Ингэснээр ямар эрсдэл үүсэх вэ?

-Санхүүгийн салбарын хувьд зээлүүд чанаргүйдэж, салбарт том эрсдэл учруулах магадлалтай байна. Иймд муудсан активуудыг худалдан авах сан үүсгэх шаардлагатай. Эдгээр алхмууд нь тийм шинэлэг эсвэл сонин зүйлс биш. Маш олон оронд ийм арга хэмжээнүүдийг авсан. Гэхдээ эдгээр арга хэмжээний араас нь том эрсдэл гарч ирнэ. Өмнө нь хэлсэнчлэн эдгээр нь ердөө эрсдэлийг тархаан байршуулах л арга хэмжээнүүд юм. Өнөөдөр огцом “шок”-ыг үгүй хийж, зөөлрүүлж буй хэрэг. Юм гэдэг бүгд өөрийн үнэтэй. Энэ мэтчилэн эдийн засаг нь мөнгөөр угжигдаад байхаар инфляци өсч, валютын ханш дарамтад ордог. Өөрөөр хэлэх юм бол, аливаа асуудлыг дэвэргэхгүйгээр бага багаар намжааж, түүнийхээ үнэ хөлсийг бага багаар төлөх тухай юм л даа.

-Өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэж ярьж байгаа. Үүний эерэг сөрөг үр дагаврыг тайлбарлахгүй юу?

-Сайн тал нь гэвэл орлого багатай иргэдэд илүү дэмжлэг болж өгнө. Тэгэхээр эрэлтийг нэмэгдүүлж эдийн засгийг сайжруулж байгаа хэрэг мөн. Нөгөөтэйгөөр, Энэ нь эргээд ханшийг нэмэгдүүлж, инфляцийг хөөрөгдүүлэх сөрөг нөлөөтэй. Ер нь бол бэлэн мөнгө тараах бодлого нь зорилтод бүлэгт чиглэдэг. Нийтэд тараахаар үр ашиггүй болох талтай. Зарим өндөр орлоготой иргэдэд нэг сая төгрөг гэдэг бага юм. Ингэснээр тэнд ямар ч ашиггүй зарцуулагдаад ирэхээр инфляци хөөрөгдөхөд хүргэнэ. Үүнийг тодорхой бүлгүүдэд тараах нь зүгээр болов уу.

-Цар тахлын үеийн эдийн засаг гэж нэр томъёо бий байх. Ийм онцгой үед улс орнууд ямар арга замыг сонгодог вэ?

-Цар тахлын үеийн эдийн засагт тодорхой асуудлуудыг арилгах бодлогууд түгээмэл ашиглаж байна. Энэ нь эдийн засгийн хямралын үед авч хэрэгжүүлдэг бодлогууд юм л даа. Олон улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс манай улсад юу нь онох вэ гээд харахад дараах дүгнэлтэд хүрч болохоор байна. Үүнийг би өмнө нь ч бас хэлж байсан. Нэгдүгээрт, энэхүү “Ковид-19” нь нийгмийн хамгийн эмзэг бүлэгт мэдрэгдсэн. Энд эдийн засгийн хувьд ярьж буй хэрэг шүү. Тэрнээс эрүүл мэндийн тухай биш. Тэрхүү эмзэг бүлэг нь хатуу хөл хорионоос хамгийн ихээр хохирч буй хүмүүс. Угтаа эдгээр хүмүүсийн ажлын байр нь голдуу үйлчилгээний салбар, барилга тэр дундаа цагийн буюу түр ажлууд байсан. Гэтэл одоо ямар ч ажилгүй болчихлоо. Олон улсад энэ мэт бага орлоготой иргэдээ анхаарч, мөнгөн дэмжлэг үзүүүлж байна. Хоёрдугаарт, Бид хөдөлмөрийн захаа огт орхигдуулж болохгүй. Энэ үед цомхотгол хийх магадлал тун өндөр. Иймд ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн ААН-үүдийг урамшуулах, хэрэв гэнэт халагдвал давхар санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч болно. Гуравдугаарт, Жижиг дунд бизнесүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох явдал юм. Ийнхүү эхнийх нь эмзэг бүлэг рүү, дараагийнх нь хөдөлмөрийн зах, гурав дахь нь бизнес рүү, дөрөв дэх нь санхүүгийн зах зээл рүүгээ чиглэсэн дэмжлэг байх учиртай.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ

Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтийн хүрээнд 2020
оны арваннэгдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкууд нийт
99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1,362 өрхөд олгосон байна.

Үүнээс
Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл
олгогдсон бол банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум
төгрөгийг олгожээ. Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор
банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс
хүлээн авч шийдвэрлэж буй бөгөөд нэгдүгээр сарын 22-ны байдлаар нийт 53180
зээлдэгч хүсэлт гаргаснаас 52384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн
шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Банкууд энэ сарын
30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах талаар хүсэлтийг
цахимаар хүлээн авч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Г.Дөлгөөн: Банкны салбарын хэт төвлөрлийг бууруулснаар зах зээлийн олон тулгуурт хөгжил бий болно

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл энэ талаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн тайлбар өгчээ.

Тэрээр, Банкны тухай хуульд 2018 онд 45 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол одоо 15 хувьд нь нэмэлт, өөрчлөлтийг хийхээр хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Үүнд дараах үндсэн дөрвөн зарчмыг баримтлан өөрчлөхөөр төсөлд тусгасан байгаа.

Нэгдүгээрт, банкийг нээлттэй болгох. Банкны системийн хэмжээнд нийт 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Үүний таван банк нь банкны системд нөлөө бүхий банк байна. Тус банкууд хуулийн зохицуулалтаар 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй болно. Харин бусад банкуудад нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголт хийх эрхийг нээлттэй үлдээнэ.

Өөрөөр хэлбэл, хувьцаат компани хэлбэрт шилжих юм. Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна. Энэ нь банкны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Тус зохицуулалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хуулийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн байх ёстой. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна.

Харин Төрийн өмчийн оролцоотой банкийг хувьчлах тухай асуудал бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулагддаг бөгөөд энэ үйл ажиллагаа нь Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах харилцаа байдаг. Тиймээс үүнтэй холбоотой асуудлыг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Засгийн газраас хуульд заасан хугацаанд бүх банкны адил хувьцаат компанийн хэлбэрт шилжих болон бусад арга хэмжээг хуульд заасны дагуу шийдвэрлэх талаар тусгасан байгаа.

Банкууд IPO гаргаснаар банкны үйл ажиллагаа ил тод нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, банкны засаглал сайжрах, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэх зэрэг банк, санхүүгийн салбарын экосистемийн тогтвортой хөгжлийг дэмжих боломж бүрдэх юм.

Гуравдугаарт, банк татан буугдсан үед төлбөр барагдуулах дарааллыг ойлгомжтой болгох, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн байдлаар оновчтой байлгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Нийтлэг дагаж мөрддөг зарчмын хувьд төлбөр барагдуулах дарааллын тэргүүн хэсэгт тухайн банкны эрх хүлээн авагчийн зардал гарахаар туссан байдаг.

Одоо хүчин мөрдөгдөж байгаа Банкны тухай хуулиар төлбөр барагдуулах дараалалд иргэн, аж ахуйн нэгжийг тусад нь зохицуулах нь маргаан дагуулсан асуудлууд үүсгэх тохиолдолд байдаг хэдий ч, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалах үзэл баримтлалын хүрээнд иргэд тэргүүн ээлжид хадгаламж болон харилцах дансанд байгаа өөрийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдийн өмнө буюу тэдгээрээс тэргүүн ээлжид авах зохицуулалтыг тусгаж өгсөн.

Дараа нь хуулийн этгээд, түүний дараа Засгийн газар, УИХ-ын харьяа байгууллагууд гэх зэргээр төрийн байгууллагууд байхаар төлбөр барагдуулах дарааллыг нарийвчлан тусгалаа. Банкны систем дэх нөлөө бүхий банкны тодорхойлолтыг нарийвчлан боловсронгуй болгон хуульчлахаар тусгаж өгсөн. Системд нөлөө бүхий банкуудтай холбоотой асуудлыг Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд тусгайлан хуульчилсан байдаг.

Одоогийн байдлаар нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж тооцогддог. Харин энэ зохицуулалтаар ганцхан зах зээлд эзлэх хувиар бус банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг баримтлан энэ тодорхойлолтыг боловсронгуй болгож байна. Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаанд банкны системд томоохон үнэлгээ, дүгнэлт хийсэн. Энэ үнэлгээ, дүгнэлтийн хүрээнд хийгдэж байгаа чухал ажлуудын нэг юм.

Улсын Их Хурлаас Дэд ажлын хэсгийг банк, санхүүгийн салбарын үндсэн зохицуулагч байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл мөн Монголын банкны холбоо зэрэг энэ салбарын олон талын оролцогчдын төлөөллийг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байгаа. Хөрөнгийн зах зээл нийт санхүүгийн системийн 10 хүрэхгүй хувийг л эзэлж байгаа. Банк нээлттэй компани болж, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэ бүтээгдэхүүн гаргаснаар санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэж, энэ зах зээлийн хөгжилд маш том хувь нэмэр оруулна гэж харж байгаа. Харилцагч нар зөвхөн банканд мөнгөө хадгалуулах бус хөрөнгийн биржээр дамжуулан тухайн аж ахуйн нэгжийн хувьцааг авснаар өөрийн санхүүг төлөвлөх, санхүүгийн салбарын мэдлэг мэдээлэл нэмэгдэх, ногдол ашиг болон бусад үр шимийг хүртэх бүрэн боломжтой болно.

Тэгэхээр банкнаас хэт их хамааралтай санхүүгийн зах зээлийг задалж, хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд энэ хууль тодорхой ач холбогдолтой. Хөрөнгийн бирж дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд үүнийг нэлээд таатай хүлээн авч байгаа. Гэхдээ бид бүхэн үндсэн зарчим, суурь зохицуулалтуудаа хэвээр хадгалж шинэчлэлтэй холбоотой эхний суурь алхмаа хийн зохицуулагч байгууллагууд болох Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо болгоомжтой хандах нь зүйтэй. Нөхцөл байдлаас хамаараад тодорхой үнийн дүнтэй арилжааны хувьд хяналтын уян хатан бодлого, тогтолцоог хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ ФАТФ-аас тавигдаж байгаа шаардлага, шалгуурыг тогтмол ханган хэрэгжүүлж, үр дүнтэй тогтолцоог хэвийн үргэлжлүүлэх учиртай. Бид ФАТФ-ын саарал жагсаалт болон Европын холбооны хар жагсаалтаас гараад удаагүй байгаа хэдий ч удахгүй дахиад харилцан үнэлгээ хийгдэж, үнэлгээний баг ирэх учир аливаа мөнгөний урсгалд бид байнгын хяналт тавьж ажиллах болно.

Categories
мэдээ эдийн-засаг

52384 иргэний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтийн хүрээнд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1,362 өрхөд олгосон байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон бол банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум төгрөгийг олгожээ.

Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж буй бөгөөд 1 дүгээр сарын 22-ны байдлаар нийт 53180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах талаар хүсэлтийг цахимаар хүлээн авч буй юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“Гермес центр”, “Түмэн шувуут” ХК-ийн хувьцааны үнэ унажээ

Өчигдрийн энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 206,829,469 төгрөгийн үнийн дүн бүхий 814,274 ширхэг хувьцаа арилжаалжээ.

Үүнээс 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. “Булган ундрага” ХК (BUN +14.98%) болон “Багануур” ХК (BAN +9.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гермес центр” ХК (HRM -5.97%) болон “Түмэн шувуут” ХК (TUM -3.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 43,266 ширхэг нэгж эрхийг нийт 4,731,084 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 100 ширхэг үнэт цаас 10,200,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 21409.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.9 их наяд төгрөг боллоо хэмээн МХБ-ээс мэдээлэв.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ эдийн-засаг

БНФУ-аас 54 мянган еврогийн тусламж олгоно

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад “COVID-19” цар тахалтай тэмцэхэд туслах зорилгоор 54 мянган евро буюу 184 сая төгрөгийн тусламжийг “COVID-19 цар тахалтай тэмцэх-Евроопын Холбооны иргэний хамгааллын механизм (UCPM)”-ийн хүрээнд олгоно.

Тусламжид хүчилтөрөгч ялгаруулагч (5 ширхэг), 10 литрийн генератор (5 ширхэг), хүчилтөрөгчийн маск (400 ширхэг), хүчилтөрөгчийн нүдний шил (200 ширхэг) багтсан байна. Мөн энэхүү тусламж нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэхэд Монгол Улсад туслах зорилготой БНФУ-ын иргэдийн сайн санааны илэрхийлэл гэдгийг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Ташрамд дурдахад, Холбооны иргэний хамгааллын механизм (UCPM)-ийг Европын холбооны яаралтай хариу арга хэмжээг зохицуулах төв (ERCC) удирдлага зохицуулалтаар хангадаг байна.