Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор буюу 51 хувиар өсчээ

2021 оны эхний дөрвөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.4 тэрбум ам.доллар болж 2020 оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор буюу 50.6 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа.

Тодруулбал, экспортын дүн импортын дүнгээс 535.4 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. Экспортод 2.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 81.8 хувиар өссөн бөгөөд нийлүүлсэн барааны 98.8 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлсэн байна.

Экспорт, импортын барааны гүйцэтгэлээс харвал:

  • Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2.1 тэрбум ам.доллар буюу 87.5 хувь
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 69.1 сая ам. доллар буюу 2.8 хувь
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс 52.4 сая ам.доллар буюу 2.1 хувь
  • Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 36 сая ам.доллар буюу 1.4 хувь
  • Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 65.8 сая ам.доллар буюу 2.6 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж буй юм.

Манай улс дэлхийн 48 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 92.5%, БНСУ-д 2.3%, Сингапур улсад 2% тус тус ногдож нийт экспортын 96.9%-ийг дээрх орнууд эзэлснийг мөн мэдээллээ.

Түүнчлэн импортоор нийт 1.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2020 оны мөн үеэс 374.9 сая ам.доллароор буюу 23.6%-аар өсжээ.

Импортоор нийлүүлэгдсэн барааг ангилан харвал:

  • 96.8 хувийг валютын төлбөртэй худалдаа,
  • 0.5 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа,
  • 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа,
  • 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 18.5 сая ам.долларын бараа импортлолжээ. Тус барааг гарал үүслийн орноор авч үзэхэд АНУ-д 45.4 хувь, БНХАУ-д 37.7 хувь, Японд 8.1 хувь тус тус ногдож байгаа аж.

Үндсэндээ нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж ирсэн бөгөөд уг зээлийн 15.5 хувийг БНХАУ-аас, 10.9 хувийг Беларусиас, 21 хувийг Австриас, 25.4 хувийг Японоос тус тус олгосон байна.

Ийнхүү тайланд хугацаанд нийт 29.5 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид 352 сая төгрөгийн хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 38 ХК-ийн 352.825.921 төгрөгийн үнийн дүн бүхий 640.025 хувьцаа арилжив.

Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш өсч, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Булган ундрага” (BUN+14.96 хувь) болон “Стандарт агрикалчер групп” ХК (SOH+13.48 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улаансан” (UNS-8.68 хуь) болон “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH-7.23 хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Булган ундрага”, “Стандарт агрикалчер групп” ХК-ийн ханш хамгийн их өсөв. “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 354.276 нэгж эрхийг нийт 100.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.01 хувиар буурч, 37056.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.724.315.392.598 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Санхүүгийн салбарын хэвлэлийн бага хурал цахимаар боллоо

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2021 оны нэгдүгээр улирлын тойм мэдээллийг танилцуулсан хэвлэлийн бага хурал цахим хэлбэрээр өнөөдөр боллоо.

2021 оны нэгдүгээр улиралд Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 17.5 хувьд хүрсэн. Үүнээс, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 9.9, даатгалын зах зээл 1.1, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ 5.7, ХЗХ 0.8 хувьтай байна.

Хороо нь зохицуулалт хяналтын чиг үүргийнхээ хүрээнд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 3,302 зохицуулалттай этгээд, 2,429 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.

Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 315 ХК, 281 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 326 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 530 ББСБ, 249 ХЗХ, 185 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 438 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 978 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48.5 хувиар өсөж 3,695.1 тэрбум төгрөгт хүрч, 2020 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 10.0 хувьтай тэнцэж байна. Харин хувьцааны хөрвөх чадвар 1.4 нэгжээр өсөж 1.8 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 17,732.0 нэгжээр өсөж 34,635.7 нэгжид хүрсэн.

2021 оны нэгдүгээр улиралд нийт 71.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 91.8 хувийг хувьцаа, 5.7 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 0.7 хувийг компанийн бонд тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 145.1 хувиар өсөж 5 төрлийн 69.3 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсөж 401.2 тэрбум төгрөгт, нөөц сан 9.3 хувиар өсөж 172.6 тэрбум төгрөгт хүрлээ.

Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурч 39.0 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар буурч 10.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 29.0 хувиар буурч 881 мянгад хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар буурч 12.3 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.6 хувийг эзэлж байна.

Банк бус санхүүгийн байгууллага: 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 530 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 2.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 48.5 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.3 хувийг иргэдийн зээл, 14.7 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 610.1 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 3.4 сая байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурч 2.9 хувьтай байна.

Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 2.3 сая төгрөг, финтекийн зээлдэгчид нийт 362.9 мянга буюу нийт зээлдэгчдийн 59.5 хувь, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 270.7 мянган төгрөг байна.

Хадгаламж, зээлийн хоршоо: 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 249 ХЗХ-д 75,002 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өсөж 278.9 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 201.4 тэрбум төгрөг буюу 72.2 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурч 1.4 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр буурч 2.4 хувь болсон.

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өсөж 192.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.64 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 40,166 байгаа бол зээлдэгчдийн тоо 38,353 байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Хорооны тусгай зөвшөөрөлтэй 185 компани, тэдгээрийн 206 брокер, 1,219 Агент ажиллаж байна. Давхардсан тоогоор 290 ҮХЭХЗ-ын байгууллага нийт 935 хэлцлээр 98.6 мянган м.кв талбай, 127.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин нийт 390 хэлцлээр 39.3 мянган м.кв талбай, 2.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлжээ.

Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Салбарт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 34, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэд 229, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэд 117, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэд 58 байна. 2021 оны 1 дүгээр улиралд 101.9 тэрбум төгрөгийн үнэт металлын борлуулж, 103.6 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

2021 он гарсаар “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 9 хувиар өсчээ

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 0.95 хувиар өсөж, 125.42 австрали доллар болоод байна.

2021 он гарсаар хувьцааны ханш нь ес орчим хувиар өсөөд байгаа юм. Төмрийн хүдрийн үнэ эрс өсөж байгаа нь “Rio Tinto” тэргүүтэй олборлогч компаниудын хувьцааны ханшид эергээр нөлөөлж байна.

“Turquoise Hill Resources”-ийн хувьд хувьцааны ханш нь он гарсаар Торонтогийн Хөрөнгийн биржид 30 орчим хувиар өсжээ. Түүнчлэн “Macquarie” хөрөнгө оруулалтын банкны шинжээч тус компанийн хувьцааны үнэлгээг “Neutral”-аас “Өсөх төлөвтэй” болгож ахиулсан байна. Мөн хувьцааны ханшийн таамгийг 28 канад доллар болгон нэмэгдүүлжээ.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ эдийн-засаг

Ж.Ганбаатар: Хүнд цаг үеийг туулж яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийнхээ санхүүгийн байдалд хүндрэл учруулах хуулийн өөрчлөлтийг бид хийх учиргүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд “иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй” байх зохицуулалт тусгагдсанд Ж.Ганбаатар гишүүн шүүмжлэлтэй хандаж, харилцах дансны тодорхой хэмжээний үлдэгдэлд хүү тооцох талаар санал гаргасныг гишүүд дэмжив.

Тэрбээр “Хүнд цаг үеийг туулж яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийнхээ санхүүгийн байдалд хүндрэл учруулах хуулийн өөрчлөлтийг бид хийх учиргүй, эсрэгээрээ тэдэнд дэмжлэг болох зохицуулалтыг оруулахын төлөө байх ёстой.

Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар өдөр тутмын үйл ажиллагааны зардлаасаа илүүчилж, хугацаатай хадгаламжид мөнгөө байршуулдаг жишиг бараг байхгүй. Иймээс харилцах дандсандаа мөнгөө байршуулаад, түүндээ хүү тооцуулаад явдаг хуучин тогтолцоог хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Супер циклээс яавал илүүг хүртэх вэ?

Дэлхийн зах дээр гол нэрийн барааны үнэ өсдөг таатай үеийг супер цикл хэмээдэг. Сүүлийн гурван супер циклийн эхнийх нь өнгөрсөн зууны тавиад онд дэлхийн хоёрдугаар дайны дараахан Европын орнуудын эдийн засаг өндийхөд тохиосон бол хоёр дахь нь дал, наяад оны дундуур, гурав дахь нь 2008 оны хямралаас 2013 он хүртэл тохиож байв. Эндээс супер циклийн хоорондох хугацаа 20-25 жил гэсэн багцаа харагддаг. Шинжээчид “Энэ тооцоогоор бол дараагийн супер цикл 2030 он хүртэл тохиохгүй” гэж онцолсоор өнөөг хүрсэн.Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан нэг удаа “Би амьддаа супер циклийг үзэхгүй байх” гэж гутрангуй ярьж суусан нь цаанаа ийм шалтгаантай. Азаар гэх нь ч хаашаа юм, гэхдээ бидний хувьд дахиад арван жил хүлээх байсан супер цикл хаалга тогшчихлоо. Хаалга тогшчихлоо ч биш юм аа, дэргэд ирчихлээ. Шалтгаан нь тахлын дараах дэлхийн эдийн засгийн өндийлт. Ковидын дараах эдийн засгийн энэ сэргэлт ойрын хэдэн жилдээ үргэлжилнэ, төмрийн хүдэр, нүүрс, зэсийн ханш өсөлтөө алдахгүй, зэсийн зах зээл гэхэд л ирэх хорин жилд гялалзана гэсэн таамаг голлож байна.

Эрдсийн зах зээл яаж сэргэж байгааг сүүлийн үеийн мэдээлэл сөхөж харъя.БНХАУ-ын Төмрийн хүдэр болон Гангийн Холбооны (CISA) мэдээлснээр өмнөд хөршийн голлох ган үйлдвэрлэгчид өнөө жилийн эхний улиралд жилийн өмнөх үеэс 159.94 хувиар буюу 100.4 тэрбум юанийн өндөр ашигтай ажиллачихаж.CISA-ын гишүүн байгууллагуудын борлуулалтын орлого жилийн өмнөх үеэс 52.28 хувиар өсч 1.54 их наяд юаньд хүрсэн гэх мэдээллийг “Голомт капитал”-ын шинжээчид долоо хоног бүр гаргадаг таваарын зах зээлийн тоймдоо онцолсон харагдана. Ган үйлдвэрлэгчид өндөр ашигтай ажилласны гол шалтгаан нь “Covid-19” цар тахлын нөхцөл харьцангуй сайжирсных. Төмрийн хүдэр, кокс, коксжих нүүрсний ханш хэдийнэ өндөр түвшинд хүрсэн ч цаашид өсөх төлөвтөй гэсэн өгүүлбэр ч “Голомт капитал”-ын шинжээчдийн тайланд дурайж байна. Зэсийн зах зээл бас өнгөлөг байна. БНХАУ-ын хамгийн том зэс олборлогч Jiangxi Copper Co компанийн нэгдүгээр улирлынх нь цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс бараг тав дахин өсч, 2014 оноос хойш олоогүй өндөр ашигтай ажилласан байх жишээний. Зэсийн ханш дахин өндөр өсөлт үзүүлж өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт тонн нь 10 мянган ам.долларт ойртсоныг уншигчид сонсож дуулсан байх. Бүр тодруулж хэлбэл, New York-ын Comex биржид зэсийн ханш паунд нь 4.5 ам.доллар буюу тонн нь 9940 ам.долларт хүрсэн юм. Ханш өссөн шалтгааныг шинжээчид тахлын дараах эдийн засгийг дэмжих өндөр дүнтэй хөтөлбөрүүд,дэд бүтцийг дэмжих хөтөлбөр, агаарын бохирдлыг бууруулах зорилготой ногоон хөгжлийн зорилтуудын хэрэгжилт хэмээн онцолж байна. JP Morgan, Societe Generale, BBVA, Capital Economics, GoldmanSachs, ANZ, Citi зэрэг олон томоохон байгууллагууд “Зэсийн үнэ цаашид ч өснө” гэж ам уралдуулаад эхэлчихлээ.

Монголчууд өмнөх хоёр супер циклийн нэгэнд нь Эрдэнэт, нөгөөд нь Оюу толгойг хөдөлгөж чадсан, харин энэ циклийг яг яаж ашиглах бол, бид супер циклд бэлэн үү гэсэн асуултын өмнө улсаараа ирээд байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх асан М.Дагва саяхан “Супер мөчлөг эргэн ирэх нь зарим нэг мартагдсан улсын хувьд дэлхий дахины анхааралд буцаад өртөх алтан боломж” гэж хэлсэн харагдсан. Тийм л дээ. Монгол Улс өмнөх шигээ дэлхийн анхааралд орох өндөр боломжтой орнуудын эхэнд жагсаж байгаа.Энэ удаагийн супер циклийг өмнөх шиг олон жил биш богино хугацаанд ч үргэлжилж магадгүй гэсэн таамаг дуулдаж байгаа.Товчхондоо алтан боломжоо цаг алдахгүй ашиглах цаг ирчихэж. Наад зах нь л супер циклийн үеийг ашиглаж төсвийн алдагдлаа бууруулж, гадаад өрөө нимгэлээд авах хэрэгтэй, уул уурхайгаас олж байгаа орлогоо өмнөх шигээ тарааж үрэх биш баялгийн санд хуримтлуулж, бусад салбаруудаа өндийлгөхөд зориулж байж бид эдийн засгаа тэлж чадна. Дэлхий даяараа ногоон хөгжил ярьдаг болсон энэ цагт нүүрсээ ахиу үнээр зарах цөөхөн жилийг бүрэн дүүрэн ашиглахын тулд төмөр замтай болох, зэсийн ханш олон улсын зах зээл дээр өнгөтэй байх жилүүдийг ашиглаж Оюу толгойн гүний уурхайгаа ажиллуулж, цаашлуулаад яривал Цагаан суварга гэх мэт шинэ төслүүдээ хөдөлгөөд авах хэрэгтэй.

Гэхдээ зэсийн ханш өсөх хэрээр нэмэгддэг татварын орчинтой ийм үед зэсийн шинэ төслүүд шил шилдээ дарна гэдэг үлгэр гэж уул уурхайн салбарынхан хэлж байна.Үнэ өсөх үеийг хожил болгоё гэвэл зэсийн үнэ өсөх тусам нэмэгддэг татварын хувиа багасгах шаардлага бий.Бүр тодруулж хэлбэл “Эрдэнэт үйлдвэр”-ээс Монголд ирэх ашгийг нэмэгдүүлэх зорилгоор АМНАТ-ын суурь хувь дээр үнийн өсөлтөөс хамааруулаад нэмэлтээр 15 хувь буюу нийт 20 хувь байхаар татвар өсгөсөн шийдвэрээ эргэж харах цаг ирчихлээ гэх гээд байна л даа. Энэ татвар үүргээ гүйцэтгэсэн учраас цуцлах шаардлагатай гэсэн байр суурийг мэргэжилтнүүд сануулаад эхэлчихсэн.Шуудхан хэлэхэд, зэс дээр үйлчилдэг татварын орчин зэс үйлдвэрлэгчдэд дарамт учруулж, зэсийн хайгуулын хөрөнгө оруулалтыг таг зогсоочихоод байгаа юм.

Ашигт малтмалын үнэ цойлдог супер циклийн үед том төслүүд хөдлөх боломж нээгддэг учир энэ мэт ухаалаг гарц гаргалгаа олж шийдэл болгоод явбал алт, нүүрс, зэсийн салбарт том төслүүд хэрэгжих өндөр боломж бий.За тэгээд Ашигт малтмалын хуулийн шинэчлэл өөрчлөлтийн ажлыг хурдлуулах, Оюу толгойн хэлэлцээрийг үр дүнтэй урагшлуулах, хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх, хайгуулын салбарт мөнгө татах бодитой шийдлүүдийг дэмжих гээд супер циклээс ахиу ашиг хүртэх өчнөөн боломж бидний өмнө байна.

Тахлын дараах эдийн засгийн сэргэлт тойрсон өөр нэг өнцөг бий. Дэлхий нийтээрээ цар тахлыг амжилттай давчихлаа, Израиль, Америкаас эхлээд гэгээ татаад эхэлчихсэн гэх өөдрөг таамгийн нөгөө талд хүн төрөлхтөн мутацилагдсан вирустэй нүүр тулсан учраас тахлын хэцүү цаг арилж нар мандтал хаа ч юм гэх болгоомжлонгуй байр сууриуд ч хүчтэй байна.Хүүхдүүд халдварын тээгч, гол дамжуулагч хэвээр байгаа, хүүхдийн вакцинжуулалт хийгдэж эхлээгүй гэсэн шалтгаан ч бий. Тахал дарагдах хаа байсан юм гэх гутранги таамгийн бас нэг том шалтгаан энэ л дээ.Хэрвээ байдал гутранги тал руугаа эргэвэл бидний урдаа барих хамгийн том хөзөр бол алтны салбар.Дэлхий нийтээрээ 2021 ондоо багтаад тахлаас салж чадахгүй бол төмрийн хүдэр, зэсийн үнэ өсч, цаасан мөнгөний үнэ цэнэ унах эрсдэл байгаа.

Цаасан мөнгөний үнэ унахад алтны ханш цойлдог зүй тогтолтой.Ингээд харахаар алтны салбарт хэрэгжих нь тодорхой болчихсон хэдэн төслөө аль болох хурдан хөдөлгөх шаардлагатай улсаараа нүүр тулж байна.Наад захын жишээ гэхэд л алтны төслүүд хөдлөхөд тусгай зөвшөөрөл том асуудал болсон хэвээр яваа.Алтны үйлдвэрлэлд амин чухал хэрэгцээтэй цианидын баталгаа өгдөг Химийн үндэсний зөвлөл гэхэд л яаж ажиллах журам нь тодорхой бус, хэзээ хуралдах нь ч ойлгомжтой биш гээд яривал өчнөөн асуудал дуулддаг.Салбар бүрийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар, ЦЕГ болон ТЕГ-ын дарга гээд том бүрэлдэхүүнтэй энэ зөвлөлийн ажиллах журмыг тов тодорхой болгох, хэрэгжихэд бэлэн болчихсон алтны төслүүдэд онцгой анхаарч хурдан шуурхай ажиллах гээд өөрсдөөс шалтгаалсан шийдэл, гарцаа цаг алдалгүй олж харах эрэлт хаалга тогшиж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Таван толгой” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар боллоо

“Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг тараахаар байсныг өөрчилж, нэгж хувьцаанд 535 төгрөг буюу нийт 28.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан ногдол ашиг тараахаар болсон байна

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Жаргалсайхан: Би улс төрийн бус, нийгмийн зүтгэлтэн учраас энэ ажлаа үргэлжлүүлэн хийе гэж бодсон

– АВЛИГАТАЙ ТӨР БИЗНЕСЭЭ САЙН ЯВУУЛАХ БОЛОМЖИЙГ ХҮН БҮРТ ОЛГОДОГГҮЙ –


Эдийн засагч, нийтлэлч, Defacto Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?

-“Ковид-19” цар тахал ийм өргөн хүрээг хамарна гэж аль ч улс орон таамаглаагүй байсан. Жил хагас манай улсын хил хаалттай байна. Тэгэхээр эдийн засгийн үйл ажиллагаа ямар байх нь ойлгомжтой. Материаллаг баялгийг бүтээдэг салбарууд нь зогссон учир хүмүүсийн хэвийн амьдралыг хангахын тулд төр засаг эдийн засгийн эргэлтийг хадгалахын тулд чадах хэмжээгээрээ ажилласан.

Хил арваад сар хаалттай байж байгаад, вакцин гарах цаг үе рүү харьцангуй ойртож чадлаа. Одоо вакцинжуулалт эрчимтэй хийгдэж байгаа учраас эдийн засаг идэвхжих болов уу. Эдийн засгаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд юуны өмнө мөнгөний эргэлтийг хэвийн байлгах ёстой. Ингэхийн тулд өмнөх Засгийн газар таван их наяд, одоогийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрөөр нэгдүгээрт, эдийн засгийг бүтээж буй хүмүүсийн ажлын байрыг хадгалах. Хоёрдугаарт, үеийн үед л байсан орон сууцны асуудлыг шийдэхэд анхаарахад хөтөлбөрүүд чиглэж байна. Тиймээс бэлэн болсон байрнуудад ипотекийн хөнгөлөлттэй зээл олгож байна. Хэрэгжилтийн явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээс бүгд харсан болов уу. Үр өгөөжийн хувьд цаг хугацаа харуулна. ямартаа хоёр их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй зээл буюу 650 тэрбум төгрөг эдүгээ олгочихоод байна. Уг зээлийн үндсэн хүү нь есөн хувь, үлдсэн зургаан хувийг Засгийн газар төлж байгаа. Энэ бол төсөвт ачаалал болно. Сангийн сайд саяхан “Төсөвт урьдчилж тооцоогүй ачаалал гарч байгаа. Түүнийг бууруулахын тулд гадаадаас тусламж авах шаардлагатай” гэж хэлсэн.

Үүнээс гадна манайх харьцангуй их өртэй улс. Гадаад өрөө цагт нь төлөх ёстой. Ямартаа ч хамгийн өндөр хүүтэй “Мазаалай” бондын өрөө цагт нь төлсөн. Энэ мэтээр “Ковид-19” цар тахлын үр дагавартай боломжийн хэрээр тэмцэж байна. Хэрвээ бид ковидыг зогсоож чадвал ирэх долдугаар сарын 1-нээс эдийн засаг огцом өсөх болов уу. Жишээ нь, гэртээ удаан суучихсан хүмүүс,хаасан усыг нь тавьчихсан мэт худалдаа хийнэ Худалдаа, мөнгөний эргэлтэд маш хурдан нөлөөлөх байх. Ингээд бизнесийн нийлүүлэлтэд огцом өсөлт авч ирнэ гэж харж байна. Энэ жилийн хоёрдугаар хагаст манай эдийн засгийн огцом өснө.

-Хятадын эдийн засгийн сэргэлт, зэсийн үнийн өсөлт мөн нөлөөлөх болов уу?

-Тийм, Харин өсөлт бол уул уурхайгаас гол хамааралтай эдийн засагтай учраас урд хөршид нүүрс, зэс хүргэж буй дэд бүтцийн чадвараас их хамаарна. Тэр чиглэлийг төмөр зам хурдан ашиглалтад орчихвол сайн байна. Гэхдээ энэ жилдээ бараг амжихгүй байх. Үүнээс гадна нүүрс баяжуулах үйлдвэрээ эхэлж байна гэж сонссон. Мөн цахилгаан станц баригдаж эхлэх ёстой. Энэ мэт том төслүүд нь эхэлчихээр эдийн засгийн эргэлт хурдасна.

Хятадын эдийн засаг ковидын дарамтаас түргэн гарч эхэллээ. Зэсийн хэрэгцээ дэлхий даяар ч улам өсч байна. Энэ цаг үед хүн төрөлхтөн технологийн дараагийн шинэчлэлтэд орж байна. Үүнийг манай улс одоохондоо мэдрэхгүй байна. Технологи хөгжүүлэг ч орнуудад. Нэгдүгээрт, 5G, хоёрдугаарт, Blockchain технологи эрч хүчээ авч байна. Энэ хоёр дээр суурилсан цахилгаан машины үйлдвэрлэл огцом өсч байна. Цахилгаан машины үйлдвэрлэлд маш их зэс ордог. Мөн хагас дамжуулагч чипний үйлдвэрлэл хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.Тиймээс зарим машины үйлдвэрлэл төлөвлөгөөнөөсөө хоцорч байгаа. Товчоор цар тахал удалгүй дуусна. Тун удалгүй бид цахилгаан машин руу шилжих юм. Цаг хугацааны асуудал. Үүнтэй зэрэгцээд монголчуудын хувьд ямар асуудал тулгарч байна гэхээр одоо байгаа 300, 400 мянган приус машиныг яах вэ? Бүгдээрээ хуучирсан, нэг машинд хориод ширхэг батарей байдаг. Ялангуяа хөл хорионоос болоод удаан зогссоны дараа хуучин машин асахгүй байна гэсэн. Солих хэрэгтэй, гэхдээ хуучнаа яах билээ? Хаана хаях билээ. Байгальд хортой. Тэгэхээр батарей боловсруулах үйлдвэр барихаас өөр сонголт алга. Учир нь манай хоёр хөрш хуучин батарейг нутаг дэвсгэр дээгүүрээ явуулдаггүй.

-ХҮН-аас өрнүүлсэн “Ерөнхийлөгчөө захиалъя” аянд олон хүн таны нэрийг дэвшүүлж, уг эвслээс танд санал тавьсан. Саналаас татгалзсан шалтгаан тань юу вэ?

-Надад санал тавьсан ХҮН, нэр дэвшихийг дэмжсэн бүх хүмүүст талархаж байгаа. Энэ талаар сайн бодож үзсэн л дээ. Гэхдээ би улс төрийн бус, нийгмийн зүтгэлтэн хүн учраас нийгмийн ажлаа үргэлжлүүлэн хийе гэж бодсон. Ер нь ардчилал, ардчиллын үнэт зүйлийг дээрээсээ төр засаг, институци гэхээсээ илүү, доороосоо иргэдээсээ дэмжих ёстой. Учир нь ардчилсан төр засгийг иргэний нийгэм хянадаг, засдаг. Тиймээс нийгмийн идэвхи, та бидний хэвлэл мэдээллийн ажил чухал үүрэгтэй. Харин үүргээ бид сайн ойлгохгүй байна.

Ардчиллын үнэт зүйл болох хүний эрх, чөлөөт зах зээл, хаана амьдрах, юу хийхээ өөрөө сонгох зэрэг агуу эрх чөлөөг хүн төрөлхтний хагас нь мөрөөдөөд ч авч чадахгүй байхад бид авчихсан байгаа. Тэгвэл энэ үнэт зүйлээ яаж бэхжүүлэх, авч үлдэх, яавал эргэж буцалтгүйгээр эх орныхоо хөрсөнд, хүн бүрийн тархинд шингээхийн тулд хүн бүрийн оролцох хэрэгтэй. Иргэдийн оролцоогүйгээр төрийн эрхэнд байгаа хүмүүсийг нэгийг нь нөгөөгөөр нь солиод хөгжихгүй. Төр нь бусад хүний хөрөнгөөр ажиллаж байгаа учраас тийм сайн ажилладаг машин ч биш.

Харин иргэний нийгэм буюу тэдгээр эрх баригчдыг сонгосон, мэдээлэлтэй иргэд төр засгийн өдөр тутмынх нь ажлыг хянадаг, засдаг, сонгуулиар сольдог юм. Бид энэхүү ардчиллын бүхэл бүтэн систем ажиллуулж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь иргэний нийгэм үүсэхгүй, хүмүүс ч идэвхтэй биш байна. Зөвхөн сошиал медиа дээр хэт “хашхирсан”-аас хэтрэхгүй байна. Харин сүүлийн үед хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөн бий болж байгаа нь зөв.

Би иргэний нийгмийн хөгжүүлэх чиглэлээр долоо хоног бүр нийтлэл бичиж, телевизийн ярилцлага хийж вэб сайтдаа хэвлээд арваад жил байна. Нийтлэлүүд англи, япон, орос, хятад,солонгос хэлээр бас гардаг. Учир нь ардчилалын үнэ цэнэ, алдаа оноо бол бүх улс оронд хамаатай. Хөршүүдэд маань төрийн удирдлагад гарсан хүн олон арван жилээр солигдодгүй. Манайд бол өөр. Ерөнхийлөгч өмнө нь дөрөв, одоо зургаан жилийн дараа дүнгээ тавиулдаг, солигддог. Үүнээс болж төрийн бодлого нь тогтвортой бус, Засгийн газар олон солигдож байгаа нь үнэн.Гэхдээ энэ бол аль нэг нам, бүлэг монополь эрх авахгүй байх баталгаа болдог. Ардчилал нь олонхын нь шийдвэрээр явдаг. Гэхдээ олонхын нь сонголтоор бий болсон төр засаг цөөнхийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах ёстой. Тэгж бид илүү хурдан хөгжинө. Өнөөдөр манай ардчилсан төр засагт саад болж байгаа ганцхан зүйл бий. Тэр нь авлига. Авлига төр засгийн бүх түвшинд гүнзгий шингэсэн. Эхлээд уул уурхайн лиценз, дараа нь Улаанбаатарын газрын авлига, одоо бол эрх мэдэл, албан тушаал, гадаад томилолт гээд явж байна. Авлигын амьд жишээ нь Богд уулын амууд. Ам бүр авлигын хөшөө. Үүнийг засаж чадахгүй байгаа. Олон залуус маргаашдаа итгэхгүй зугтаж байна. Болж өгвөл л гадагшаа яваад байна.

-Улс төрийн намуудад өрнөж байгаа үйл явцыг та хэрхэн дүгнэж байна.Эрх барьж байгаа намаас Ерөнхийлөгч сонгогдчихвол нэг намын дарангуйлал тогтоно хэмээн зарим улс төрчид, хүмүүс ярьж байна л даа. Төрийн эрхийг нэг нам давамгайлж барих нь ардчилалд нөлөөлөх үү?

-Ардчилсан нийгэмд төрийн эрх барьдаг ганц институци бол улс төрийн намууд. Гэхдээ улс төрийн намууд олон байж, ядаж сонголттой байх хэрэгтэй. АН-ыг үзэл бодол ашиг сонирхлоороо нийлсэн хүчтэй бүлэг болж жигдрээд байна гэж бодтол одоо хоёр толгойтой болчихлоо. МАН, АН хоёр Монголын улс төрийн гол хүчин болж ирсэн. Гэтэл хоёр баганын нэг багана нь дотроо хоёр болчихсон ганхаж байна. Яагаад ийм болчихов гэсэн асуулт гарч ирж байна.Улс төрийн намуудын санхүүжилт нууц,түүнийг нь эс үйлдлээрээ төр засаг зөвшөөрч буйгаас их мөнгөтэй нь сонгуульд ялж байна. Монголын улс төрд эрх мэдлийн төлөө зодоон болж байна. Төрд байгаа нь эрх ашгаа хамгаалах, авч үлдэх гэж оролдож байна. Намууд өөрсдийг нь санхүүжүүлж буй бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн хүмүүсийн бөөгнөрөл болжээ.

Төрд бүлэглэлээ хамгаалах, нөгөө бүлэглэлээ дарах, шударга өрсөлдөөнийг алга болгох, зөвхөн өөрсдийн хүмүүстээ албан тушаал өгөх зорилготой болжээ. Олон арван хөгжиж буй орон ингэж ардчилаасаа ухарсан байдаг. Санхүүгийн тайлангаа иргэдэд гаргаж өгдөггүй, улс төрийн намуудыг бид өдий болтол дэмжээд ирлээ. Энэ байдал удах тусам ардчилал хэврэг болно. АН-ын өнөөгийн байдал үүнийг харуулж, түгшүүрийн дохио нийгэмд өгч байна.

МАН бол харьцангуй институц болсон ч дотоод ардчилал нь сул, гол шийдвэрүүдийг нь дарга нар нь голдуу гаргаж байна. Энэ бол ноцтой асуудал. Хэрвээ намын шийдвэрийг зөвхөн дарга нар нь гаргаад, гишүүд оролцдоггүй бол АН нам шиг хямрал бол цаг хугацааны л асуудал. Дефакто институциэс Израилийн институцитэй хамтарч намын дотоод ардчилал ямар байгаа талаарх судалгааг сүүлийн гурван жил хийж, англи, монгол хэлээр гаргаж байна.

Нөгөөтэйгүүр иргэний нийгэм яагаад чухал болохыгманай хэвлэлүүд тэр бүр ярихгүй байна. Хэвлэлийнхэн МАН-ын, эсвэл АН-ын талд орохоосоо өмнө, мэргэжлийн бодитой үнэлгээ өгөх хэрэгтэй байна. Аль нэг талыг зөвтгөх гэсэн хандлага гаргаж буй нь сэтгүүлзүйн мэргэжлийн нэр хүнд, сэтгүүлчийн цалинг унагаж байгаа юм. Өнөөдөр манай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа боловч 75 хувийг нь улстөрчид эзэмшиж байна.

-“Мэдээллийн урсгал” нэвтрүүлгийг юу гэж дүгнэж байна?

-Яг үнэндээ би үүнийг ойлгоогүй. Нэг суваг нөгөө сувгаасаа үзэл баримтлал, хандлагаараа ялгаатай байх ёстой. Бүгдээрээ нэгдчихээд мэдээлэл өгөөд байвал олон ургалч үзлийг хаанаас олгох юм бэ. Ойн шувууд бүгд адилхан дуугардаг болчихвол яах билээ.

Үзэл бодол олон байж хүчтэй байдаг.Нэгдэл гэдэг олон янзын үзэл бодолтой хүмүүс нэгдэхийг хэлдэг болохоос нэг ижил үзэл бодолтой хүмүүс хамт байхыг хэлдэггүй. Тиймээс ардчиллын үнэ цэнийг бэхжүүлэхэд урагшаа алхам хийлээ гэж үзэхгүй байна.

-Ер нь өдрөөс өдөрт ардчилал хэврэгшээд байна уу. Цаашид яах бол?

-Улам хэврэг болоод байна. Цаашид яах нь иргэд яаж ойлгосноос хамаарна.

-Өнөөгийн нөхцөлд иргэдэд орлого л чухал болохоос нийгмийн асуудал төдийлөн чухал биш байна шүү дээ. Энэ нь улс төрийн нам, улстөрчдөд олз болоод байх шиг байна л да…

-Тийм. Ийм байх тусмаа улс төрийн намуудад ашигтай. Тэдний ил далд тарааж байгаа бэлэн мөнгөнд хууртагдах нь улам өндөр болж байна. Нөгөө талд авлигатай төр хүн бүр бизнесээ сайн явуулах боломжийг олгодоггүй. Өөртэй нь холбоотой хүмүүст илүү боломжөгөөд байна. Үүний тод илрэл нь төрийн нэртэй ч, намын эзэмшилтэй том компаниуд бий болж байна. Энэ нь шударга өрсөлдөх боломжийг хаагаад байгаа юм. Засгийн газар “Би ард түмэндээ хайртай учраас үнийг хязгаарлана” гэдэг. Үнэндээ хорлож байгаа юм. Бензиний үнийг хайрцаглаад барихын оронд чөлөөтэй болгочихвол компаниуд зардлаараа өрсөлдөнө. Үүний дүнд бид хямд бензин авна. Учир нь бид бараг 30-иад нийлүүлэгчтэй. Засгийн газраас “Та нар энэ үнээс хэтрүүлэхгүй шүү”,“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэх мэтээр арга хэмжээ авч байна. Энэ бол дандаа улс төрийн лобби. Чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас компаниуд өрсөлдөж, ажлын байр шинээр бий болгож чадахгүй байна. Ажилгүйдэл ихсээд байна. Хэвлэл мэдээллийн салбарт ч тэр. Ажлаасаа халагдах хамгийн их магадлалтай хүмүүс нь сэтгүүлчид. Учир нь чөлөөт өрсөлдөөн байхгүй. Яаж та Ерөнхийлөгчийн, сайдын веб сайт, телевизтэй өрсөлдөх юм бэ. Ингээд чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас дуулгавартай хүн авна, хараат бусыг нь халж, эсвэл цалинг нь бууруулна. Нийгэм даяар чөлөөт өрсөлдөөн байхгүй учраас ажлын байр хомстож иргэд Солонгос руу зугтаад байгаа юм. Иргэдийн орлого багасаж, улстөрчид саналыг нь худалдаж авахад улам амар болоод байна. Ийм л чөтгөрийн тойрогт эргэлдээд байна.

-Авлигыг бууруулахын тулд хаана нь ямар реформ хийх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ёстой. Хоёрдугаарт, шүүхийн засаглалыг шударга болгохын тулд гол гол шүүгчдийг УИХ-ын гишүүд шиг сонгочихмоор байгаа юм. Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын шүүхэд нөлөөлөх нөлөөллийг зогсоох хэрэгтэй.

Нэг нь шийдвэр буюу хууль гаргаж нөгөөх нь хэрэгжүүлдэг. Гурав дахь нь энэ нь зөв хийгдэж, хэрэгжиж байна уу гэдгийг хянадаг хараат бус байгууллага байх ёстой атал бүх шүүгчид энэ хоёр байгууллагаасаа хараат болчихоод тэр явцдаа өөрсдийнхөө ашиг сонирхлыг хэрэгжүүлээд байна. Ингээд монголд шударга ёс алдагдаад байна л даа. Шударга ёс алдагдсан газар хүмүүс сайхан амьдардаггүй. Ер нь үүнийг эрт хязгаарлаж барьж авахгүй бол үймээн самуун гардаг. Олон үндэстэнтэй улсад иргэний дайн,олон шашинтай газар шашны мөргөлдөөн гардаг. Үүнийг цаагуураа улс төрчид нь дэмждэг. Тиймээс би юу хэлэх гээд байна гэхээр зөвхөн чөлөөт эдийн засаг, нээлттэй ардчилсан засаглалтай улс оронд эдийн засаг нь хөгждөг. Энд Сингапурыг жишээ болгох юм. Сингапур хэдий диктатурын дэглэмтэй ч эдийн засагтаа сая дурдсан аргачлалуудыг зөв хийж өгсөн. Гуравдугаарт, өнөөдрийг хүртэл төр нийтийн хөрөнгийг завшсан бүх хүмүүстээ хуулийн дагуу шүүхээр хариуцлага тооцох хэрэгтэй. Ардчилсан нийгэмд өөрийн хөдөлмөрөөр бүтээсэн зүйл л чиний хөрөнгө болохоос юу ч хийгээгүй мөртлөө гэнэт хөрөнгөжсөн бол, түүнийгээ тайлбарлаж чадахгүй байгаа бол бүх хөрөнгийг хураах хэрэгтэй. Тэд гэхдээ ингэж чадахгүй. Учир нь өөрсдөө холилдчихсон. Тиймээс улс төрийн асар том шударга ёсны реформ хийх хэрэгтэй. Үүнийг сайн ойлгоогүй иргэдэд МАН, АН гэж өнгөн дээр нь талцуулах нь тэдэнд ашигтай байгаа юм. Сайн мэдэхгүй, ажилгүй, ядуу голдуу нөхдүүд МАН, АН гэж хандаж байна.Намайг жаахан байхад улаан, цэнхэр ороолттой хулгианууд хоорондоо зодолддог байсан. Яг одоо тийм зүйл болж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байхыг хуулиар заачихсан. Гэхдээ өнөөгийн түвшинд зарчмын хувьд, хувь хүний хувьд ямар Ерөнхийлөгч манайд хэрэгтэй байна вэ?

-Шударга хүн байх хэрэгтэй. Ерөнхийлөгч хэн ч болсон бай ах дүү, хамаатан садангийнхаа материаллаг баялгийн төлөө юу ч хийж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ганцхан удаа сонгогдох зохицуулалттай болсон учраас дараагийн удаад гэж бэлдэхгүй байх. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсны бэлэг тэмдэг байх ёстой. Эв нэгдлийн гэхээсээ илүү шударга ёсны бэлгэ тэмдэг байх Ерөнхийлөгч өнөөдөр Монгол Улсад хэрэгтэй байна.

Бид ер нь эгзэгтэй үед байна. Бүтээлч, хийсэн бүтээсэн зүйлээ эдийн бус виртуал хөрөнгө дээр дэлхийн зах зээлд гардаг хүүхэд залуусыг бид хурдан бэлдэх хэрэгтэй. Тэгвэл blockchain-д программ бичээд сарын 10 мянган долларын цалин авах боломж нээгдэхээр байна. Бусад улсын хүүхдүүд сурч болоод байхад манай хүүхдүүд сурчихна. Flexible resilient edu­cation system гэдэг. Ялангуяа дунд ангиа хүртэл хүн болгоход илүү анхаарах хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжил бие биенээ хүндлэх, хайрлах, өөрийгөө илэрхийлэхэд сургах хэрэгтэй. Үүнийхээ дараа мэдлэг олгохгүй хэрэгтэй.Үүнийг би олон жил судалсан, манайд Финландын боловсролын систем манайд яг тохирох юм байна лээ. Тэнд дөрөв, тавдугаар анги хүртэл нь хүүхдэд дүн тавьдаггүй. 16 настай Финлянд хүүхдүүд дэлхийн олимпиадад түрүүлдэг шүү дээ.

-Шинжлэх ухаан залуус ховор болж. Боловсролын системийн бодлогын хаана нь алдаа гараад шинжлэх ухаанч залуучууд ховордчихов оо?

-Төр засагт мэдлэгтэй бус улстөрч хүмүүсийг гаргаад байгаа юм. Мөн багш нар ч мөн мэдлэгтэй хүмүүс байх ёстой. Системийн хувьд ямар асуудал байна вэ гэхээр жишээлбэл, багшийн цалинд байна. НДШ-д цалингийхаа 25 хувийг бүгд төлж байгаа. Уг нь энэ шимтгэл нь даатгал бус, хуримтлал байх ёстой. Учир нь таны мөнгө учраас та тэтгэвэрт гарахаараа энэ мөнгөө буцааж авах ёстой. Шимтгэлийг нь хоёр дахин их болгож төрөөс өгдөг бол багш тэтгэвэрт гарахдаа асар их мөнгө авна. Багшийн мэргэжлийн нэр хүнд өсч, сайн сурлагатай хүүхдүүд энэ мэргэжлээр суралцдаг болно. Ингэж сайн багш нар “төрж” шинжлэх ухааныг ямар агуу гэдгийг зааж өгнө. Өнөөдөр болохоор хуульч, инженер болно гэж явсаар байгаад, хамгийн сүүлд үлдсэн сул хүүхдүүд нь багшийн хуваарийг авч байна.

Финляндад багш болохын төлөө маш том өрсөлдөөнд болдог. Багшийн цалин, нэр хүнд маш өндөр байдаг. Финляндын бүх шатны бүх багш нар мастер цолтой. Тэнд багш нараа хоёр гурван жил тутам дахин, тасралтгүй бэлтгэж, шинэ технологид сургадаг. Хүүхэд бүр ipad-тай, нэг ангид 20 хүрэхгүй хүүхэд хичээллэдэг.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт 15.7 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 155.158.060.929.9 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 56 компанийн 15.7 сая хувьцааг 4.231.799.219.7 төгрөгөөр арилжсан байна.

Багцын арилжаагаар: Өнгөрсөн 7 хоногт 1.5 сая ширхэг компанийн багцыг нийт 150.000.000.000 төгрөгөөр арилжжээ.

Компанийн өрийн хэрэгслийн арилжаагаар: “Эрдэнэс таван толгой” ХК-ийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 600 ширхэг компанийн бондыг нийт 60 сая төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.8 сая нэгж эрхийг нийт 866,260,710.20 төгрөгөөр арилжсан байна. 4 дүгээр сарын 30-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 3,719,067,887,445.06 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36,085.37 нэгж болж өмнөх 7 хоногоос 4.97 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь одоогийн нөхцөлд тохиромжгүй, амь аргацаасан алхам

Тэтгэврийн реформхөдөлгөөний санаачлагчийн нэг, эдийн засагч, шинжээч Г.Батзоригтой ярилцлаа.


Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэгдүүлж ирсэн. Үүнд иргэд ихээхэн бухимдалтай байгаа. Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Тэтгэврийн тогтолцоог тогтвортой байлгахын тулд хэд хэдэн арга хэмжээ авдаг. Үүний нэг нь хамгийн богино хугацаанд авч хэрэгжүүлэх боломжтой буюу нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх, тэтгэврийн насыг нэмэх, хамрагдалтын хувиа тохируулах зэргээр 4-5 параметруудыг нааш цааш нь хөдөлгөөд тухайн тэтгэврийн системийнхээ тогтвортой байдлыг хангах гэж үздэг. Ингэж өөрчлөх нь урт хугацаагаа харсан арга биш. Аргацаасан алхам юм. Шимтгэлийг байн байн нэмэгдүүлээд байгаа нь одоогийн нөхцөлд тохиромжгүй. Үүнд иргэд бухимдаж байна.

Тэтгэврийн даатгалын тогтолцоонд үүссэн хүндрэлийг шимтгэл нэмэх байдлаар шийдвэрлэх боломжгүй. Урт хугацаагаа харсан реформ хийж байж асуудлыг шийднэ гэж үзэж байгаа. Хэрэв энэ алхмыг хийхгүй богино хугацаанд галыг намжаах гэж шимтгэл нэмээд байвал хожим юу болох вэ?

-Тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоо олон улсад байдаг. Харин манайх ганц тулгуур дээр явж байна. Тэр ганц тулгуур нь өөр дээрээ маш их ачаалал авчихсан. Тийм учраас төсвөөс жил бүр 500-600 тэрбум төгрөг гаргаж байна. Бидний хийсэн судалгаагаар төсвийн татаасын мөнгө 2040-2050 он гэхэд төсвийн орлогын 20-25 хувьтай тэнцэх хэмжээнд хүрнэ гэсэн дүн гарсан. Ачаалал асар их өснө. Манай хийсэн судалгаанаас гадна Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны судалгаагаар ч иймэрхүү дүнгүүд гарч байгаа. Тэгэхээр урт хугацаанд төсөв дээр дарамт нэмэгдэнэ. Нөгөө талаас иргэдийн гар дээрээ авах цалин буурна. Шимтгэлд төлөх дүн өснө. Төр, иргэн гээд хоёр талдаа давхар дарамтууд бий болох юм.

Иймд нэг тулгууртай тогтолцоон дээр удаан тэсэхгүй нь гэдгийг хаа хаанаа ойлгочихсон гэж боддог. Тийм учраас тэтгэврийн реформ буюу Тэтгэврийн багц хуулийг оруулж ирэх гээд байх шиг байна. Оруулж ирэх юм бол тэтгэврийн реформ хийхэд улс төрийн маш их зориг шаардах болов уу. Бүх улс орнууд 50-60 жилийн өмнө хараад реформуудыг хийчихсэн. Манайх одоо хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон.

Та улс төрийн зориг шаардлагатай гэлээ. Тэтгэврийн реформ хийхэд улс төрийн сонирхол, нөлөөлөл ямар байна вэ?

-Уг шинэчлэлийг хийхэд нийгмийн сэтгэл зүй тун чухал гэж санагдсан. Нийгмийн даатгалын систем гэдэг нь зөвхөн татвар шиг өгөөд байдаг бус эргээд авч болдог, үр өгөөжийг нь хүртдэг, хуримтлуулсан мөнгөө өсгөж үржүүлж, өвлүүлж болох юм байна гэдэг нийгмийн итгэл хэрэгтэй байна. Гэтэл одоогийн нөхцөл байдалд шимтгэл нэртэй татвар болсон. Өөрт нь ямар ч өгөөжгүй болохоор хүн энэ системд итгэхгүй байна. Нэгдүгээрт энэ системийн реформ хийхийн тулд нийгмийн сэтгэл зүйг сайн бэлдэх ёстой. Бүх нийтээр ойлгочихвол төр засгийг нэлээн шахах болов уу. Одоо бол шимтгэл нэмэгдэх үед нь бүгд бухимдаад эсэргүүцдэг. Хэсэг хугацааны дараа намждаг. Гэтэл үндсэн шалтгааныг нь таниулж, түүн дээр төвлөрч улстөрчдийг шахмаар байна.

Улс төрийн зориг хэрэгтэй гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Сангийн яамны нөхцөл байдлаас харахад ирэх дөрвөн жил өртэй, одоо ч төсөв нь алдагдалтай байна. Ийм нөхцөлд сангийн сайд нь нэмэлт төсвийн алдагдал үүрэх үү гэдэг эргэлзээтэй. Дээрээс нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Капитал” банкинд мөнгөө алдчихлаа. Эргээд энэ мөнгийг хувийн хэвшил шилжүүлэх тухай ярьж байна. Тэдний өнцгөөс асуудлыг харахаар тийм зориг байхгүй болов уу. Дахиад алдчихвал яах вэ гэсэн айдас бий. Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр нэмэгдээд Санхүүгийн зохицуулах хороо байна. Уг хороо Монгол Улсыг саарал жагсаалтаас гарахын тулд өндөр ачаалалтай ажиллаж ирсэн. Олон газрыг цэгцлэх бөөн дарамт авсан. Үүн дээр нэмээд тэтгэврийн сантай холбоотой хөрөнгө оруулалтын сангууд байгуулах, дэд бүтэц хууль эрх зүйн орчин гэх зэргээр дахиад ачаалал авах хэрэгтэй болно. Тэгэхээр төсөв нь батлагдаагүй, дэд бүтэц байхгүй үед хэрэгжүүлэх сонирхол байна уу. Монголбанк руу шилжүүлье гэхээр банкуудын IPO гээд бүр завгүй байгаа. Тэгэхээр тал талаас нь харахад ямар ч яамнаас энэ ажлыг хийх, дэмжих сонирхол байхгүй байна уу гэж харагдана. Иймд хуулиа батлаад үүнийхээ дагуу яамдад үүрэг өгөөд, УИХ-аас шахаад явахгүй бол болохгүй болов уу. Тэр үүднээс одоогийн улстөрчдөд энэ хуулийг батлах зориг хэрэгтэй.

Нийгмийн даатгалын сан жил бүр 500-600 тэрбум төгрөгийн татаасыг төсвөөс авч байна. Ийм алдагдалтай санг хуримтлалтай, үр өгөөжтэй тэтгэврийн тогтолцоо руу оруулахад хэр их цаг хугацаа зарцуулах вэ?

-Реформын эхний үйл явц дор хаяж 10-15 жил үргэлжилнэ. Дээрээс нь реформ хийж байгаа учир бид тодорхой хэмжээгээр “гашуун юм” уухаас өөр аргагүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл одоо бид тэтгэврийн даатгалын шимтгэл гэж 19 хувийг төлөөд байгаа шүү дээ. Гэтэл одоогийн санал болгож байгаа хуулийн төсөлд хувийн нэмэгдэл систем гэсэн утгагүй юм орж ирээд байгаа. Тэр нь одоогийн 19 хувь дээр нэмээд сайн дурын 1-2 хувийн шимтгэлийн тухай яригдаж байгаа. Тэгэхээр хүн цалингаасаа ХАОАТ нийлээд 36 хувийн татвар төлж байгаа. Тэгвэл худалдан авах чадвар муутай эдийн засагт хүн орлогынхоо бараг 40 хувийг өгөх үү гэдэг том асуудал юм. Яахав хуулийн төсөл дээр санал аваад явах байх. Гэхдээ хувийн нэмэлт гэдэг буруу логик юм. Тэтгэврийн реформ хөдөлгөөнөөс санал болгож байгаа нь 19 хувиас тодорхой хувийг нь авъя. Энэ хувийг хэд байх дээр тооцоолол хийж үзэх хэрэгтэй. Бид таван хувь дээр тооцож үзсэн. Ингэхэд төсвийн орлогын 10 орчим хувьтай тэнцэх алдагдлыг богино хугацаанд үүрүүлээд тэр алдагдал нь аажим багассаар 2030-2040 он гэхэд сан нь алдагдалгүй болоод ашигтай ажиллаад ирэх боломжтой. Гэвч одоогийн төсвийн 10 хувьтай тэнцэх алдагдлыг хэн ч үүрэг сонирхол алга. Тэгэхээр мөнгөжүүлэх үйл явц л харагдаж байна. Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөнөөс төвлөрүүлэх үү. Саналууд яригдаж байна. 19 хувиас л бага багаар аваад явна гэсэн үг. Ингэснээр ойролцоогоор 100-200 тэрбум төгрөг хөрөнгийн зах зээл дээр сулраад гараад ирнэ. Тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан гэж байгуулаад, удирдлагын компани гарч ирээд энэ мөнгийг Засгийн газар, төв банкны үнэт цаас гэх зэргээр найдвартай өгөөжийг нь хүртэх боломжтой газарт хөрөнгө оруулаад явах юм. Өндөр хяналттай явна. Эхний удаад ийм байдлаар хуримтлал үүсгэнэ. 2050 он хүртэл тооцоод үзэхээр бараг банкны системтэй тэнцэх активтай том институци гарч ирэхээр байгаа.

Уул уурхайн өсөлтийн цикль гэж ярих болсон. Энэ үед уг салбараас орж ирэх орлогоос тэтгэврийн реформыг санхүүжүүлэхэд зориулах боломжтой юу?

-Сүүлд Дэлхийн банкны гаргасан судалгаагаар манай улс уул уурхайгаас орж ирж байгаа 100 ам.доллар тутмын бараг нэг хувийг л үр ашигтайгаар ашиглаж байна гэсэн дүн гарсан. Тэгэхээр уул уурхайгаас орж ирж байгаа мөнгө манайд асар үр ашиггүй зарцуулагдаж байна гэсэн үг. Гэвч төсөв хүнд байгаа нөхцөлд уул уурхайгаас орж ирэх орлогыг тэтгэврийн реформ руу хийх, мөнгөжүүлэх сонирхол хэр их байх бол гэдэг асуудал байна. Сонголтоор л шахах ёстой болов уу. Сонголтоор шахаад эхлэхээр улстөрчид мөнгөжүүлэх үйл явцыг хаанаас бол хаанаас хийх болов уу гэж бодож байна. Тэтгэврийн зээлийг хүртэл сонгуультай холбоотой тэглэж чадаж байна шүү дээ.

Тэтгэврийн реформыг хэрэгжүүлснээр үр өгөөжийг нь бидний хойч үе хүртэж, ирээдүй нь баталгаажина гэдгийг олон нийтэд сайн ойлгуулах. Улмаар нэгдсэн ойлголтод хүрснээр шахах боломжтой гэж харж байна. УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль гэх зэргээр улстөрчид ард түмний сонголтын өмнө тулахад тэтгэврийн реформ хийх сонголтоор шахах хэрэгтэй гэж ойлголоо?

-2018 оноос Тэтгэврийн реформ хөдөлгөөнийг байгуулаад, эрдэм шинжилгээний хурал гэх зэрэг ажлуудыг хийж, нийгмийн давлагааг тодорхой хэмжээнд үүсгэсэн байгаа. Уг давлагаан дээр тулгуурлаад Н.Учрал тэргүүтэй гишүүд пи-ар хийгээд маш олон сонгогчийн саналаар гарч ирсэн.

Ер нь олон нийт тэтгэврийн реформ хийгдсэнээр тэтгэвэр нь өсөж, хүртээмжтэй болно гэсэн ойлголттой байгаа. Гол нь бид ирээдүй хойчдоо сайн систем өвлүүлэн үлдээх боломжийг олгох нь чухал шүү дээ. Судалгаагаар 1990- ээд оноос өмнөх хүмүүс тэтгэврийн реформын үр өгөөжийг төдийлөн хүртэхгүй гэсэн байгаа. Тэгэхээр бид асар оройтсон байгаа биз. Иргэд нийгмийн даатгалын шимтгэл нэмж, ачаалал ирэх үед хариу үйлдэл үзүүлээд намддаг. Өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй байна. Тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоог улс оронд 50-60 жилийн өмнө хийгээд явчихсан байх ёстой. Бид хөрөнгийн зах зээлийн хөгжлийг маш их ярьдаг. Баялгийн тэгш хуваарилалт хийх ёстой гэж хэлдэг. Тэгвэл энэ хуваарилалтын хамгийн гол санхүүгийн эх үүсвэр нь тэтгэврийн сангууд юм. Тэгэхээр тэтгэврийн санг хөгжүүлж байж урт хугацаатай мөнгийг бий болгож компаниуддаа бага хүүтэй, урт хугацаатай мөнгөөр санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Улмаар хөрөнгийн зах зээл хөгжих гол үндэс энэ. Мөн зээлийн хүү үүгээр дагаад буурна. Хоёрдугаарт, тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоо нь төгс тогтолцоо гэсэн үг биш. Одоогийн тэтгэврийн гурван тулгуурт тогтолцоо Европын олон улсад байна. Эргээд тэдний насжилт нэмэгдэж байгаа учир манай хөдөлгөх гээд байгаа нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас нэмэх зэрэг параметрүүдийг өөрчилж эхэлж байна. Үүнээсээ болоод бослого хөдөлгөөн гарч, зогсоосон. Тэгэхээр энэ систем чинь сайжраад аль болох гарцаа хайх гээд үйл явц нь үргэлжлээд явж байгаа. Бид одооноос л эхлэхгүй бол асар их оройтож байна.

Г.ЗОРИГ