Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ц.Цолмон: Нэг улсын ачааг нөгөөгөөс ялгаварлан түрүүлж ачсан бол гомдол гаргаж болно

ТЯНЬЖИНД ГАЦСАН ЧИНГЭЛГҮҮДЭЭ ТАТАХГҮЙ БОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ТАСАЛДАНА. ҮҮНИЙ УЛМААС ХОМСДОЛ ҮҮСНЭ, ҮНЭ ӨСНӨ, ОРЛОГО БУУРНА, АЖИЛГҮЙДЭЛ НЭМЭГДЭНЭ-

МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Ц.Цолмонтой ярилцлаа.


-Манай улсын гадаад худалдааны өнөөгийн байдал ямар байна вэ?

-Эхний таван сарын байдлаар гадаад худалдааны үйл ажиллагаа эрчтэй сэргэж байгаа нь статистик мэдээллээс харагдаж байна. Нийт эргэлт 2020 онтой харьцуулахад 48хувь, экспорт 67 хувь, импорт 30 хувь өссөн дүнтэй гарч худалдааны тэнцэл эерэг хэвээр байна. Эдгээр тоог цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулан харахад эргэлт 347 сая, экспорт 61 сая, импорт 286 сая ам.доллараар өссөн байгаа нь гадаад худалдаа эргээд сэргэж байгааг харуулж байна. Экспортын 95 хувь орчим нь эрдэсийн бүтээгдэхүүн, алт, нэхмэлийн бүтээгдэхүүнээс бүрддэг хэвээр. Харин импортын хувьд тээврийн хэрэгсэл, түлш шатахуун, машин тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нь нийт импортын 72 орчим хувийг эзэлжээ.

-Монголтой хамгийн ойрхон далайн боомт бол Тяньжин. Тэнд одоогийн байдлаар 5000 гаруй чингэлэг бөөгнөрсөн гэсэн мэдээлэл байна. Судлаачийн хувьд та энэ гацааны шалтгааныг нь хэрхэн харж байна вэ?

-Хамгийн гол шалтгаан нь эрэлтийн гэнэтийн өсөлт. Дэлхий нийтээр цар тахлын бууралттай холбоотойгоор эрэлт огцом өсөөд байна. Монголын хувьд дээрх шалтгаанаас гадна манай улсын эдийн засгийн идэвхжилтийн үе, ялангуяа уул уурхай, барилгын салбарын оргил үе нөлөөллөө. Мөн гуравдугаар сард Хятадын талаас хилээ сар шахам хаасан зэрэг шалтгаануудын улмаас хуримтлагдсан ачаа гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлснөөр одоогийн энэ нөхцөл байдалд хүрээд байна. Ер нь энгийн үед голдирлоороо явдаг байсан урсгал гэнэтийн өсөлтийн үед ачааллаа даахгүй болсон нь энэхүү бөөгнөрөл, түгжрэлээс харагдаж байна. Мөн дээрээс нь Хятадын өөрийнх нь төмөр зам дагасан хотуудын дотоод ачаа, олон улсын транзитын ачаанууд нэмэгдэж орж ирэхээр Тяньжинаас Эрээн орох төмөр замын хүчин чадал яалт ч үгүй дийлэхгүйд хүрч байгаа.

-Монголын эдийн засаг хилийн боомтууд дээр түгжигдчихээд байхад төр засаг яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бол?

-Огт юм хийхгүй байна гэж болохгүй байх. Миний сонссоноор хоёр улсын тээвэр, гадаад харилцааны яамдын хооронд асуудлыг шийдэх чиглэлээр ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа гэсэн. Иймэрхүү асуудал бас тийм амархан шийдэгдэхгүй.

Гол нь Дэлхийн худалдааны байгууллага(ДХБ), Дэлхийн гаалийн байгууллага(ДГБ) болон Олон улсын тээврийн конвенц, хэлэлцээрүүдэд нийцсэн, тэдгээрийг зөрчөөгүй шийдэл олохын тулд ажиллах хэрэгтэй болно. Олон улсын болон транзитын тээврийн асуудлууд ялангуяа хатуу дэг журам, шаардлагын дор явагддаг, үүнийг зарим тохиолдолд хоёр улс яриад шийдэх боломж ч бага. Шийдвэр нь бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүй байх ёстой. Гэхдээ ийм шийдэл, гарц байгаа гэж бодож байна.

-Асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Ямар гарц байна вэ. Үйл ажиллагаа хэвийн болоход хэдий хугацаа шаардах вэ?

-Тээврийн салбарын мэргэжилтнүүдтэй ярилцаж байхад зарим нэг боломжит шийдлүүдийг санал болгож байсны нэг нь Монголын зүгээс Эрээн рүү өргөн царигаар орж буй экспортын болон транзитын вагонуудыг хоосон буцаахгүйгээр Тяньжин болон Эрээн дээр гацаад байгаа ачаа, чингэлгүүдийг ачин Монгол руу оруулах шийдэл юм. Тэгэхээр Тяньжинд гацаад байгаа чингэлгүүдийг Эрээн рүү автомашинаар тээвэрлэн авчирна гэсэн үг. Гэхдээ энэ шийдэл нь төмөр замын цариг солигдож сэлгэн ачилт хийгдэх олон улсын хэлэлцээрээр хориглогдсон үйлдэл юм. Тиймээс хоёр улсын засгийн газрын түвшинд уг асуудлыг авч үзэн бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүйгээр шийдэж чадвал Тяньжинд дараалал хүлээхгүйгээр тээвэрлэлтийн хугацааг хурдасгах боломж байна гэж харж байна. Харин зардал бол яах аргагүй өсөх болно.

-Ерөнхий сайд урд хөршид айлчлах үеэр боомтуудын асуудал цэгцэрнэ гэсэн мэдээлэл байгаа. Тэр болтол ингээд гацаад байж байх уу. Үүний цаана улс төр яваад байна уу?

-Эхлээд асуудлыг шийдэх гарцаа олоод мөн уг шийдэл нь хэрэгжүүлэх боломжтой, бас бусад улсуудын эрх ашгийг хөндөхгүй, олон улсын байгууллага, хэлэлцээрүүдэд нийцсэн эсэхийг сайтар тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. Түүний дараа албан ёсны уулзалт хэлэлцээр хийвэл үр дүнд хүрнэ. Улс орны эдийн засаг, ард иргэд, бизнесийн байгууллагуудын эрх ашигтай холбоотой, нэн яаралтай асуудал яригдаж байхад улс төрийн хүсэл сонирхол ямар ч хамаагүй гэж бодож байна. Цаг хугацааны хувьд аль болох хурдан шийдэхгүй бол эдийн засгийн идэвхжилийн чухал мөчлөгийг өнгөрүүлснээр эдийн засагт сөрөг үр дагавар авчирна.

-Боомтын гацаа бизнесийнхний бухимдлыг дээд цэгт нь хүргэж туйлдуулж байгаа. Ачаа тээврийн компаниуд хүртэл заналхийлэлд өртөж байна гэсэн?

-Бизнесийн байгууллагуудын хувьд маш том эрсдэл, томоохон хэмжээний алдагдлыг бий болгоод байна. Монголын эдийн засаг, бизнес импортоос маш өндөр хамааралтай гэдгийг бүгдээрээ мэднэ. Үндэсний үйлдвэрүүд нь хүртэл үйлдвэрлэлийн тодорхой шатанд импортоос хамааралтай. Худалдааны салбарын хувьд бүр ярилтгүй. Тэгэхээр бараа нь боомт дээр гацаад ирж чадахгүй байна гэдэг бол бизнесийн байгууллагуудын ашиг орлогод шууд сөрөг нөлөөтэй. Дээр нь тээвэрлэлтийн үнэ хөлс нь 2-4 дахин нэмэгдэн орж ирж байгааг мартаж болохгүй. Ийм байдлаар удаан үргэлжлэх нь бизнесийн үйл ажиллагаа тасалдахад хүрч эргээд нөгөө зээл, хүү, түрээсийн дарамтанд орох эрсдэлтэй. Ингэснээр Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийн үр нөлөөг бууруулж байгаа юм.

-Боомтын бөөгнөрлийг арилгахын тулд айлын талаас ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Ер нь энэ бөөгнөрөл нь зөвхөн ганц Монголын асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хятад өөрөө дэлхийн том үйлдвэрлэгч улс тул нийлүүлэлтийн гинжин хэлхээний асуудал Хятадтай бизнес хийдэг улс бүрт тулгараад байна. Хятад өөрөө ч экспортоос маш их хамааралтай улс. Тэгэхээр транзитын тээвэрт санаа тавьдаггүй юм аа гэхэд өөрийн экспортын тээвэрлэлтийг саадгүй явуулахын тулд Хятад ч бас шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой. Гэхдээ асуудлыг дангаараа шийдэх боломж бас тааруу байна. Транзит гэхэд олон улсын дүрэм журмаар явагдана. Зөрчвөл конвенцийн дагуу хариуцлага хүлээнэ. Нэг улсыг илүүд үзвэл ДХБ-тай тулах болно. Одоогийн огцом өсөлт нь богино хугацааны шок тул учир зүггүй төмөр зам, дэд бүтцийн шинэ байгууламж барих сонирхол бага байгаа. Тэгэхээр Монголын талын аливаа санал шийдлийг нааштайгаар хүлээн авч хамтран ажиллах нь хамгийн боломжит арга хэмжээ юм болов уу л гэж бодож байна.

-Монголын тал Тяньжинд гацсан чингэлгүүдээ татаж авахгүй бол цаашид учрах эрдсдэл нь эдийн засагт том зургаараа яаж нөлөөлөх вэ?

-Эдийн засаг хямрахад хүрнэ. Хэрэглээний салбартаа бид 80 хувь импортоос хамааралтай. Энгийнээр хэлбэл, үйлдвэрлэл, худалдаа тасалдана, хомсдол үүснэ, үнэ өснө, орлого буурна, ажилгүйдэл нэмэгдэнэ.

-Эрээнд бас нэлээд бөөгнөрөл үүсчихээд байх шиг. Хэвийн болгоход хэдий хугацаа шаардлагатай бол?

-Эрээний бөөгнөрлийн гол шалтгаан нь цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт. Өмнө нь дунджаар 300-400 машин нэвтрүүлдэг байсан боомтоор саяхныг хүртэл 60-100 машин л нэвтрүүлж байсан. Харин энэ долоо хоногоос 100-150 машин оруулж байгаа сурагтай байсан. Монголын вагон Хятадын нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрхгүй тул цаанаас Эрээний ачааг автомашинаар зөөвөрлөн Замын-Үүдэд авчран вагонд ачдаг. Энэ процесс дээр л гацаа үүсчихээд байгаа. Эрээнээс шууд вагонд ачна гэвэл дээр дурдсан хоёр улсын Засгийн газар хоорондын тохиролцоог л хийх хэрэгтэй болно. Түүнээс шууд өргөн царигтай вагонд ачаад гарах эрх зүйн боломж одоохондоо байхгүй. Мэдээж ачих боломжтой болсон тохиолдолд вагоны багтаамж, даац их тул Эрээн дээрх ачааг богино хугацаанд тээвэрлэн импортлох боломжтой.

-Тяньжинд овоорсон 5000 гаруй чингэлгийг Хятад нааш нь явуулахгүй манай ачааг хойш тавиад өөр орнуудынхыг зөөгөөд ийм болсон гэх мэдээлэл байгаа. Далайд гарцгүй орны энэ зовлонг яаж барагдуулдаг вэ, олон улсын ямар байгууллагад хандадаг юм бэ?

-Хөндлөнгөөс харахад, “Манай ачааг зөөхгүй бусад ачааг зөөгөөд байгаа юм шиг харагдах магадлалтай. Учир нь транзитын тээврийн олон улсын хэлэлцээрийн дагуу боомтууд транзитын ачааг хамгийн түрүүнд нэвтрүүлэх зохицуулалт байдаг. Монголд ч транзит тээвэр ингэж явдаг. Тяньжин дээр Европ руу явах их хэмжээний транзит ачаа түгжирсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр конвенцийн дагуу тэдгээр ачаанууд түрүүлэн ачигдаж байгаа байх. Үнэхээр нэг улсын ачааг нөгөөгөөс илтээр ялгаварлан түрүүлж ачуулсан бол ДХБ-ын үл ялгаварлах зарчмын MFN буюу нэн тааламжтай нөхцөл болон бусад тээврийн хэлэлцээрүүдийн заалтыг үндэслэн ДХБ-ын Маргаан шийдвэрлэх хороонд нэхэмжлэл гаргаж болдог. Харин дотоодын тээврийг илүүд үзэх тохиолдолд нотлох магадлал бага байдгаас шалтгаалан гомдол гаргаад амжилт олох магадлал тун бага байдаг.

Далайд гарцгүй орнуудад (44 орон бий) хамгийн түгээмэл асуудал нь тээврийн хараат байдал. Үүний нөлөөг бууруулахаар улсууд өөрсдөө л хичээнэ үү гэхээс яг эрх ашгийг төлөөлсөн том байгууллага байхгүй. Гэхдээ тээврийн ТИРКарнет-д далайд гарцгүй орнуудад зориулсан хөнгөлөлтүүд байдаг. Гэвч илүү тариф, төлбөр болон шалгалтын хувьд хөнгөвчилсөн нөхцөлүүд бий. Мэдээж ДХБ, ЮНКТАД зэрэг байгууллагуудад энэ сул талыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, хэлэлцээрүүд байдаг ч төдийлөн үр дүн сайн биш. Тэгэхээр бид өөрсдөө л илүү хичээж ОХУ-тай хийсэн шиг давуу тал бүхий хэлэлцээрүүдийг хийх хэрэгтэй.

-Тяньжины боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний эхний ээлжийн 943 чингэлэг бараа Замын-Үүд боомтод өчигдөр буужээ. Энэ янзаараа Тяньжины гацааг шийдчих юм биш үү?

-Энэ бол богино хугацааны цөөхөн удаагийн авах арга зам. Товчхондоо гал унтраах маягаар зохион байгуулж буй ажил гэж ойлгож болно. Манай улсын Засгийн газрын зүгээс айлын талд шаардлага тавьсны үр дүнд нэмэлт вагон гаргуулаад чингэлгээ зөөсөн. Урт хугацаандаа байнга ийм маягаар асуудлыг шийдэх боломжгүй. Цаанаас хүлээгдэж байгаа ачаа барааны захиалгууд маш их байгаа. Тиймээс Тяньжинаас Эрээн рүү машинаар авчираад өргөн царигтай вагоноор зөөвөл хугацааны хувьд нааш татах боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

ХААБ 15.3 тэрбум төгрөгийн түүхий эд арилжив

Пүрэв гаригт Хөдөө аж ахуйн бирж 15.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 167.9 тонн ноолуур арилжлаа.

Арилжааны үнийн дүн өмнөх өдрийнхөөс буурсан үзүүлэлттэй байна. Ноолуурын үнэ кг тутам нь 122-125 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Дөрвөн өдрийн арилжаагаар нийт 61.5 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаад байгаа юм.

Үүнээс гадна иргэд, олон нийт Төрийн үйлчилгээг шуурхай, хялбараар авах боломжийг бүрдүүлсэн “E-Mongolia” цахим системд Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн салбарын 76 төрлийн үйлчилгээ байршжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт буурав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, 2021 оны эхний өдрөөс зургадугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд төмрийн хүдэр, баяжмалын экспорт буурчээ.

Тодруулбал, дээрх хугацаанд Монгол Улс 3.639.6 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувь буюу 187.7 мянган тонноор буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн оны мөн үед нийт 3.827.3 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.

Монгол Улс 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 914.9 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 201.1 мянган тонн буюу 18 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин 2020 онд жилийн дүнгээр нийт 8.2 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Энэ нь өмнөх оны дүнгээс гурав орчим хувиар буурсан үзүүлэлт хэдий ч төмрийн хүдрийн үнэ өссөнтэй холбоотойгоор экспортын орлого 2019 оны дүнгээс 11 хувиар өсч, 639.6 сая ам.доллар хүрчээ.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ТӨМРИЙН ХҮДРИЙН НИЙЛҮҮЛЭЛТ ӨСЧ, ҮНЭ БУУРЧ БАЙНА

“Business Insider”-т мэдээлснээр, өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн тонн тутмын үнэ 213 ам.доллар давжээ. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад үнэ буурсан үзүүлэлт юм.

Тонн төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн тавдугаар сард 200 ам.долларт хүрч, түүхий эдийн ханшийн дээд үзүүлэлтээр тооцогдсон. Тухайлбал, Хятадын хойд нутгийн Циндао боомтод төмрийн 62 хувийн агууламжтай хүдрийн тонн тутмын үнэ 201.88 ам.доллар хүрчээ. Бразилын агууламж өндөртэй 65 хувийн төмрийн хүдрийн үнэ 234.7 ам.доллар болж нэмэгдсэн билээ.

Төмрийн хүдрийн үнэ огцом өссөн нь Хятад улс тодорхойгүй хугацаагаар Австралитай эдийн засгийн хувьд стратегийн бүх яриа хэлцлээ зогсоосонтой холбоотой хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Хятадын Хөгжил, шинэтгэлийн хороо (NDRC)-ны мэдэгдэлд “Сүүлийн үед Австралийн Хамтын нөхөрлөлийн зарим албан тушаалтнууд Хятад, Австралийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц хэд хэдэн арга хэмжээ авсан” хэмээн дурдсан байна.

Австралийн хувьд төмрийн хүдрийн томоохон нийлүүлэгч бөгөөд Хятадын төмрийн хүдрийн эрэлтийн гуравны хоёр хувийг дангаар хангадаг.

БНХАУ-д ган үйлдвэрлэл эрчимжсэнээр төмрийн хүдрийн эрэлт өсч буй юм. Өнгөрсөн сард тус улсын гангийн гарц 99.45 сая тонн буюу дээд хэмжээндээ хүрсэн байна. Гэвч цаашид агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаруулалтын асуудалтай холбоотойгоор Хятад ган үйлдвэрлэлийг хязгаарлаж, төмрийн хүдрийн эрэлт буурах магадлалтайг “Sinosteel Futures”-ийн шинжээч онцолжээ.

“Goldman Sachs”-ийн шинжээчид 2021 онд Хятадаас гадна барууны орнуудад төмрийн хүдрийн эрэлт өснө гэж тооцоолж, үнийн таамгаа 90-120 ам.доллар болгон өсгөж байв. “Credit Suisse” үнийн таамгаа 40-50 хувиар өсгөж, тонн төмрийн хүдэр 150 ам.доллар хүрнэ гэж тооцоолсон. Төмрийн хүдэр олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Vale” 2021 оны олборлолтын таамгаа бууруулж, нийлүүлэлт буурч, үнэ өснө гэж тайлбарлаж байв.

Австрали, Бразилын төмрийн хүдрийн нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногт 26.1 сая тоннд хүрчээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.1 сая тонноор өссөн дүн юм. Далянийн Таваарын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 1.5 хувиар буурч, тонн нь 1198 юань болсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

470.139 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 153.922.566.63 төгрөгийн үнийн дүн бүхий 470.139 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Дархан хөвөн” ХК (DAH+ 14.77 хувь) болон “УБ-БҮК” ХК (BUK +13.94 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хай би ойл” ХК (HBO -12.13 хувь) болон “Жуулчин дюти фрий” ХК (SUL -4.31 хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 37.866 ширхэг нэгж эрхийг нийт 9.527.265 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.9 хувиар өсөж, 32181.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3.707.328.619.246.78 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээл нийт 2 их наяд төгрөгт, хугацаа хэтэрсэн зээл 1.4 их наяд төгрөгт хүрээд байна

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн багцын 10 хувь, чанаргүй зээлийн хувь 8 хувь байна. Нийт 18 хувьд хүрчээ.

Тэгвэл зээлдэгч та зээлээ цагт нь төлөөгүй байх нь зөвхөн банк та хоёрын асуудал биш. Тухайн банкнаас зээл авах хүсэлттэй, дараагийн зээлдэгчид ч хамаатай. Учир нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл өсөх хэрээр банкны Эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгө тэр хэрээр нэмэгддэг байна. Ингэснээр банкуудын дараагийн зээлд гаргах мөнгөн дүн буурч, ААН-үүдийн бизнесийг дэмжих үйл ажиллагаа саатдаг.

Чанаргүй зээл нийт 2 их наяд төгрөгт, хугацаа хэтэрсэн зээл 1.4 их наяд төгрөгт хүрээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 1.4 их наяд төгрөгийг 19 мянган зээлдэгчид олгожээ

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2021 оны зургадугаар сарын 21-ний өдрийн байдлаар 1.4 их наяд төгрөгийг нийт 19 мянган зээлдэгчид олгож, 73.6 мянган ажлын байр хадгалсан дүнтэй байна.

Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд барьцаа хөрөнгийн дутагдалтай нийт 142 иргэн, аж ахуй нэгжид 18.8 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргасан байна.

Төлөвлөгөөнд тусгагдсан репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 525.4 тэрбум төгрөгийг 2,396 зээлдэгчид олгож, 24 мянган ажлын байр хадгалсан бөгөөд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 414 тэрбум төгрөгийг 5,570 зээлдэгчид тус тус олгосон гэлээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 232.6 тэрбум төгрөгийг 17.3 мянган зээлдэгчид олгожээ.

No description available.

No description available.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо

Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ.

Тэрбээр “Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй нь холбох үүд хаалгыг нээлээ” гэжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна гэсэн үг юм.

Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарлаа

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, шийдвэрээ танилцуулав.

Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Гэхдээ одоогийн мөнгөний зөөлөн бодлогыг дахин сулруулах буюу 6 хувиас бууруулах боломжгүй гэдгийг онцлов. Өрхүүдийн орлого хоёр улирал дараалан буурсан, 60 мянган хүн ажилгүй болсон зэргийг харгалзан бодлогын хүүг хэвээр хадгалжээ.

Шийдвэрийг Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цахимаар танилцуулсан юм. Мөн тус банкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийг нэмэхээр болсон байна.

Инфляц ойрын хугацаанд зорилтот түвшинд буюу 6 хувь байна гэв. Одоогоор инфляц нийслэлд 6.7 хувь, улсын хэмжээнд 6.2 хувь байна. Үүнд эдийн засгийн өсөлт, иргэдэд олгосон бэлэн мөнгө, махны үнийн өсөлт нөлөөлжээ.

Эдийн засгийн өсөлтийг таамаглахад тодорхойгүй байдал өслөө. Гэхдээ энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ.

Өнгөрсөн онд зээл олголт 4-5 хувиар агшсан бол эргээд сэргэлээ. Шинээр олгосон зээлийн дундаж хүү 11 хувь болж, 4 нэгжээр буурлаа Алт, зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ихээхэн өслөө. Гадаад эрэлтийн эрч хадгалагдахаар байна. Энэ онд Манай улсын төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын эерэг үзүүлэлттэй гарах хүлээлт байна.

Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлc: Цэвэр экспорт буюу нүүрсний экспорт оны төгсгөлд 29 сая тоннд хүрнэ. Зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос өссөн. Санхүүгийн салбарын өсөлт 14-15 хувь байна. Уул уурхай, түүнийг дагасан салбаруудад илүү их өсөлт гарна. Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрэх тооцоо хийлээ.

Арван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжээд гурван сар өнгөрлөө. Энэ хүрээнд нийт 1.4 их наяд төгрөгийг Гурван хувийн хүүтэй зээлд олгосон байна. Зээлийг тодорхой зорилтот бүлэгт л олгоно. Банкууд өөрийн шалгуураар олгож байна. Нийт 6 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн ч бүгдэд нь зээл олгох боломжгүй юм. Moody`s, FITCH гэх мэт олон улсын байгууллагууд энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг өндрөөр үнэлсэн. Энэ хөтөлбөрийн зээлийг хасвал зээлийн дундаж хүү 14 хувь байна. Зээлийн хүсэлт салбар бүрд харилцан адилгүй байна.

Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Инфляцын өсөлтийг бүрэн хянаж чадна гэж үзэж байна уу?
-Инфляцын дарамт байна. Гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрлээ. Иймд ханшийн дарамт ирэхгүй. Төгрөгийн үнэ тогтвортой байна.

-Төв банкны үнэт цаасны нийт хэмжээ 10.2 их наяд төгрөг болжээ. Сүүлийн үед өссөөр байна. Банкууд зээлээ гаргахгүй харин Төв банкны үнэт цаасанд 6 хувийн буюу бодлогын хүүгээр мөнгөө байршуулж байгаа нь зөв үү?
-Банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хаана байрлуулахаа өөрсдөө шийддэг. Төв банк зээл олголтыг нэмэх бодлог барина.

Categories
мэдээ эдийн-засаг

Ө.Ганзориг: Монголын ардчиллыг тогтоож үлдээх эсэх нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёроос л шалтгаална

-ЖИРИЙН ИРГЭДИЙГ ТОМ КОМПАНИУДЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛГОЖ МӨНГӨЖҮҮЛЭХ НЬ МИНИЙ ИРЭХ ХОРИН ЖИЛИЙН ТОМ АМБИЦ-


Мандалсанхүүгийн нэгдлийн ТУЗийн дарга, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


Иргэн бүрд банкны эзэн байх боломж бий, баялгийн шударга хуваарилалт хийе гэх мэт мессэж чинь олны анхаарлыг татаад эхэлчихлээ л дээ. Нөгөө талд Засгийн газрын тэргүүн, төрийн эрх мэдэлтэй зарим нэг хүн баялгийн тэгш хуваарилалт хийх ёстой гээд уул уурхайгаас орж ирсэн мөнгийг зүгээр л тэгшитгээд тараагаад уналаа. Баялгийн шударга болон тэгш хуваарилалтын ялгаа нь юу юм бэ гэдгээс яриагаа эхлэх үү, хоёулаа?

-Өнгөрснөө эргээд харахаар би Монголын санхүүгийн зах зээлийн 20 жилийнх нь түүхийг бичилцчихэж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чигт нэлээд ажил амжуулсан байна. Таны сая асуусан баялгийн шударга хуваарилалт бол миний ирэх 20 жилд зорьж хийх том ажлуудын нэг. Би ирэх жилүүдэд баялгийн шударга хуваарилалтаас гадна тэтгэврийн реформ, иргэдэд том корпорациудын эзэн болох боломжийг нээсэн хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр ажиллана. Баялгийн тэгш хуваарилалт гэсэн үг хэний ч амнаас гарах ёсгүй. Бид тэгш байдаг нийгэмд 70 жил аж төрөөд бүтэлгүйтсэн. Тэгш байх нь сүйрэл гэдгийг ойлгоод шударга гэдэг нийгэм рүү орж яваа улс. Хүн бүр тэгш боломжтой амьдрахыг л шударга гээд байгаа юм. Аа харин тэгш хуваарилалт бол сүйрэл. Шуудхан хэлэхэд, социализм. Тэгш боломж гэдэг чинь ардчилал.

Бас л шуудхан асууя. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа чөлөөт зах зээл гэж байхгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн удаатай. Энэ мэт өнгө хандлагаас нь анзаарахад шударга биш тэгш хуваарилалт хийчих вий гэсэн болгоомжлол төрөөд байх юм, танд тийм болгоомжлол төрөхгүй байна уу?

-Би харин ч сайнаар харж, эерэгээр ойлгож байгаа. Монгол Улсын 30 жилийн түүхэнд анх удаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь нэг намаас сонгогдлоо. Та бодоод үз дээ, бусад Ерөнхийлөгч нарт ямар эрх байсан билээ? УИХ, Засгийн газар нь өөр нам учраас юм хийх гэхээр хөдөлж чаддаггүй байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурав төрийн өндөр суудлуудад суучихлаа. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр шударга ёсыг тогтооно, хонгилыг нураана, МАНАН-г арилгана гэж гарч ирсэн. Энэ зарчмаа дагаад явбал ийм хүчтэй нэгдэлд реформ хийх асуудал биш. Тэр утгаар нь би эергээр харж суугаа, найдаж яваа.

Өнөө л цүнх баригчдаараа тойрон хүрээлүүлээд өмнөх өнгө маягаараа явчихвал яах уу?

-Энэ том эрх мэдлийг өнөө л МАН маягийн намчирхсан, жалгархсан, нутгархсан, ах дүүрхсэн өнгө янзаараа ашиглавал 2024 он гэхэд манай улс сүйрнэ. Би Хэнтийнх юм чинь Хэнтийн залуус дарга болох ёстой гээд явчихвал энэ улс жинхэнэ диктатур руу гулсаж орно.Нэг л мэдэхэд улсаараа Венесуэл болж үндэсний аюулгүй байдал алдагдана. Монгол өнөөдөр гуравхан сая хүнтэй. Гурван сая хүнээ 300 хүнтэй сумынхаа түвшинд аваачихгүйхэн шиг аж төрүүлж, цүнх баригч, найз нөхөд, нутаг усныхандаа давуу эрх олгодог байдлаа зогсоож, бүх иргэддээ тэгш боломж олгохын төлөө ажиллах эсэх нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүнээс л шалтгаална. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бидний үе. Бизнес, эдийн засаг сайн мэдэхгүй ч улс төрөө сайн мэднэ. Харвард төгсөөд шууд Монголдоо ирсэн хүмүүсийг сайд дарга нараар тавьж байна л даа. Цаашид ч олноор нь тавих байх. Улс төрд цоо шинэ, олзуурхмаар хандлага ч гэлээ тийм төгс шийдэл биш. Өнөөдөр Монголд бизнес, эдийн засаг сайн мэддэг залуус өчнөөн бий. Тэднээс зөвлөгөө авах хэрэгтэй. Бидэнд ч гэсэн Ерөнхий сайд шиг улсаа хөгжүүлэхсэн гэсэн чин хүсэл байна. Харвард төгссөн дарга залуус хувь хүнээсээ давж гараад ийм залуусын үгийг сонсвол улсаараа хурдан хугацаанд хөгжих асуудал биш гэж хэлэх гээд байна л даа.

Тан шиг өөдрөг бодол төрөхгүй л байна. Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайд нь нэг намынх, хэдэн арван жилээр тогтчихсон гажуудал шууд өөрчлөгдөхөд хэцүү, тэгэхээр дарангуйлал руу улсаараа гулсчих вий гэсэн хар төрөөд байх юм…?

-Дахиад хэлье, Монголын ардчиллыг тогтоож үлдээх эсэх нь үнэмлэхүй засаглалыг авсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёроос л шалтгаална. Л.Оюун-Эрдэнийн харах ёстой хамгийн гол нэг л өнцөг бий. Хэнтий аймгийн Бэрх суманд өнөөдөр төрсөн хүүхэд Зайсанд төрж байгаа хүүхэдтэй ижил тэгш боломжоор хангагдах ёстой. Түүнээс биш сайдын хүүхэд учраас гадаадад төрийн тэтгэлэг аваад тэргүүн ээлжинд явчихдаг, Хэнтий аймгийн хүүхэд учраас төрийн өндөр албан тушаалд томилогддог байж болохгүй. Энэ чинь тэгш бус, шударга биш хандлага.Товчхондоо хүмүүсийн боломжийг дээрэмдэж байгаа хэрэг.

Та ирэх хорин жилийн карьериа баялгийн шударга хуваарилалтыг хийхэд зарцуулна гэж хэллээ. Шударга хуваарилалтыг яг яаж хийх гарц шийдлээ сонирхуулаач, Ерөнхий сайд та ч гэсэн нар шиг зах зээлийнхээ гал тогоонд олон жил болсон хүмүүсийн үгийг сонирхож суугаа байх…?

-Том компаниудыг хөрөнгийн бирж дээр гаргаж задалъя, жижиг иргэдийн эрх ашгийг хамгаалдаг хөрөнгө оруулалтын сан гэдэг бизнесийг дэлхийн сонгодог стандартаар хөгжүүлье гэсэн амбиц надад бий. Ирэх 20 жилд хийх ажил маань энэ. Бүр тодруулж хэлбэл, сая миний хэлдэг шийдэл бол баялгийн шударга хуваарилалтыг хийх гол гарц.

Том компаниудын хувьд хувьцаагаа хөрөнгийн зах дээр арилжаалах сонирхол нь хэр байдаг юм бол?

-Би 2012-2015 оны үед энэ талаар их ярьсан л даа. Тэр үед хүлээж авах хүн их цөөн байсан. Сүүлийн хэдэн жилд том компаниудын захирлуудын хандлага өөрчлөгдсөн, хувьцаагаа арилжаалъя, бүтээсэн баялгаа хуваалцъя гэх болсон. Сүүлийн 30 жил бизнес эрхэлж баялаг бүтээж ирсэн ах нарын хувьд миний яриад яваа шийдэл бол бизнес нь цаашид тогтож үлдэх тухай асуудал. Тийм учраас нухацтай бодож үзээрэй гэж танай сониноор дамжуулж хэлмээр байна. Өнөөдөр Монгол шиг чөлөөт зах зээлтэй капиталист гэх мөртлөө топ 100 компанийг нь 100 гэр бүл эзэмшдэг улс дэлхийн хаана ч байхгүй. ОХУ ч тийм биш. Нийгэм, эдийн засгийг барьж байгаа энэ компаниуд хувьцаат байх ёстой. Эдгээр компанийн хувьцааг иргэн мөнгөө төлөөд худалдаж авах боломж бүрдэх байх ёстой. Үүнийг тэгш боломж гээд байгаа юм. Би Өмнөговь аймгийн угшилтай, Төв аймгийн Батсүмбэр суманд өссөн, Улаанбаатарт ерөнхий боловсролын сургуулиа төгссөн, гурван нутагтай хүн. Өнөөдөр би тэг цэгээс эхлээд “Мандал даатгал” гэдэг компани байгуулчихсан дажгүй амжилттай яваа. Гэтэл миний дараагийн үеийнхэнд ийм боломж байхгүй. Даатгалыг нь би эзлээд авчихсан. Ундаа, харилцаа холбоо, банкны бизнест мөн л миний болон миний өмнөх үеийнхэн эзэн суучихсан. Уул уурхай, барилгын салбар ч эзэнтэй болчихсон. Тэгэхээр Долоон буудалд төрж байгаа хүүхдэд, тэнд өсч өндийж буй залууст ямар боломж байна вэ? Ямар ч боломжгүй нийгэм рүү бид алхаж яваа. Энэ бол эргээд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Венесуэлийн гашуун тавилан руу явах уу, үгүй юү гэдгийг шийдэх гарц. Ер нь ямар ч хүн боломжгүй болохоороо, буланд шахагдахаараа шийдсэн юм хийдэг.

Шийдсэн юм гэдэг нь…?

-Дээрэм тонуул, Уго Чавес. Куба улс өнөөдөр коммунист диктатуртай. Энэ улсыг олон жил удирдсан Фидель Кастро гудамжнаас гарсан хүүхэд шүү дээ. Бүх бизнес, бүх боломж нь хаагдсан учраас залуус нь хувьсгал хийж, баячуудынхаа хөрөнгийг хураасныг бүх дэлхийгээрээ мэднэ. Өнөөдөр Монголын бизнес эрхлэгчид 30 жилийн турш бизнесээ босголоо. Үнэхээр мундаг. Тэр хүмүүс байсан учраас бид өнөөдөр ус, ундаа, хоолоо гаднаас авч идэхгүй аж төрж яваа. Барилгаа өөрсдөө барьж байна. Банк, харилцаа холбоо, бензин түгээгүүр маань монгол эзэнтэй. Тэр утгаар нь өнөөдөр бид топ 100-н компанийн захирлууддаа баярлах ёстой. Бензинийг нь оросууд, ундааг нь хятадууд, банкийг нь германчууд, харилцаа холбоог нь япончууд гээд нэг ч монгол эзэнгүй байж болох байсан.

Манайх шиг социализмаас чөлөөт зах зээлд шилжсэн улсууд дунд бүх бизнесээ гадныханд эзлүүлчихсэн орон дэлхийд байна уу?

-Байлгүй яахав. Зах зээлээ хэт чөлөөтэй тавьснаас болоод ийм хэцүү байдалд хүрсэн улс Европт бий. Зүүн Европын хуучин социалист улсуудаас гээд ярихад банк, газар, барилгын компани, даатгал гэх мэт бүх хөрөнгөө баруун Европын том компаниудад дээрэмдүүлчихсэн орнууд нэг биш нэжгээд байна. Гэтэл өнөөдөр Монголын топ таван банкны ядаж хоёр нь монгол эзэнтэй, нэг нь төрийн мэдэлд байгаад нь бид бизнес эрхлэгчдэдээ, улстөрчдөдөө баярлах ёстой. Би идэвхтэй хөдөлмөрлөх учиртай хорин жилийнхээ ард гарлаа. Хийе гэснээ хийчихсэн.Одоо дараагийн 20 жилээ хараад сууж байна гэж танд хэлсэн дээ. Яг үүн шиг манай бизнес эрхлэгчид 30 жилийн түүхээ бүтээлээ, одоо дараагийн үе рүүгээ оръё гэх цаг болсон. 30 жил бизнесээ хийлээ, алтан гадас, хөдөлмөрийн баатруудаа авцгаалаа, одоо бүтээсэн баялгаасаа ард түмэнтэйгээ хуваалцах хэрэгтэй. Бүтээсэн баялгийг нь ард түмэн үнэгүй авъя гээгүй. Хувьцаагаа үнээр нь зар, тэгээд ард түмний хамгаалалтад ор л гэж байгаа юм.

Компаниуд хувьцааныхаа тодорхой хувийг иргэдэд зарчихвал улстөрчид дээрэлхэж, дээрэмдэж, бизнест нь илт халдаж чадахаа болих сайн тал байгаа шүү, нээрээ?

-Ерөөсөө л тэр. ХААН банк хувьцааныхаа 30 хувийг иргэдэд зарчихвал таны сая хэлсэнчлэн улстөрчид дээрэлхэж чадахгүй. Улстөрчид дээрэмдэх гэвэл ХААН банкны хувьцааг авсан 30 мянган иргэн босно. Цаад утга агуулга нь ийм учраас бизнес хийдэг ах нар миний энэ санааг бухимдахгүйгээр ойлгож хүлээж авах байх. Нөгөө талд иргэдэд цалингаараа том компанийн хувьцаа авах боломж бүрдэнэ. MCS-ийн хувьцаанаас худалдаж авлаа гэхэд Ж.Оджаргал захирлыг өөрийнхөө төлөө ажиллуулж эхэлж байна гэсэн үг. Яг энэ хандлага дээр иргэдээ дэмжих хэлбэр бол хөрөнгө оруулалтын сан. Бид хөрөнгө оруулалтын сан байгуулж иргэдийг нэгтгэж, том компанийн хувьцаа эзэмшигч болгоод явна. Үүн дээр нэмж хэлэхэд Ерөнхий сайд тэтгэврийн реформыг хийх хэрэгтэй.

Тэтгэврийн реформыг салбарын сайд нь эхэлж яриад Засгийн газарт оруулах ёстой биш үү?

-Би олон жил реформ ярьж явлаа. Эцэст нь нэг л зүйл ойлгосон. Тэтгэвэр, боловсрол, эрүүл мэнд гээд аль ч салбарын реформыг салбар хариуцсан сайд хийж чаддаггүй юм байна. Хийх боломж ч байдаггүй юм байна. Хийе гээд ямар нэг шийдэл гаргахаар Сангийн яам нь мөнгө гаргахыг зөвшөөрдөггүй гэх мэт өчнөөн саад тулгардаг. Товчхондоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав нийлж байж л реформ хийх юм билээ. Та бод доо, би Голомт банкны гүйцэтгэх захирал байхдаа тэнд реформ хийж чадсан. Хэрвээ би тухайн үед Удирдах зөвлөлтэйгөө улс төр, популизм хийгээд суугаад байвал манай хэлтсийн захирал реформ хийж чадах уу. Хэзээ ч чадахгүй. Ийм л энгийн логик бий.

Төрийн гурван өндөрлөг нэг намын угшилтай байгаа энэ цаг реформ хийх алтан үе байх нь…?

-Яг тийм. Ер нь реформ хийх нь ур чадварын гэхээсээ илүү хүсэл эрмэлзлийн асуудал. Ерөнхий сайд тэтгэвэр, боловсролын реформыг, Г.Занданшатар, У.Хүрэлсүх хоёр эрх зүйн реформыг хийх хэрэгтэй. Эрх зүйн реформ хийхгүйгээр энэ улс хөгжихгүй.

Эрх зүйн реформ гэдгээ тодруулж тайлбарлавал…?

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад шударга ханддаг байх ёстой. Хамгаалах биш шударга хандах гэж тодотгомоор байна. Бүр тодруулж хэлбэл, тэгш боломж олгодог эрх зүйн реформ хэрэгтэй. Том дарга болохоор эрүүгийн ял авдаггүй, жирийн иргэн учраас хэн нэгний дохиогоор ял аваад явдаг, өрсөлдөгч бизнесмэнээ хууль эрх зүйн хонгилоор алхуулдаг, бизнесийг нь булаадаг, дээрэмддэг, чангалдаг, улс төрийн ялалт байгуулахын тулд эрүүгийн хэрэг үүсгэдэг байдлыг бүрмөсөн зогсоох хэрэгтэй. Баялаг бүтээгч хэн бэ гэдэгт хуульч, улстөрч, эмч, багш орохгүй. Мэдээж бүгд улс орондоо хэрэгтэй ажил хийж яваа. Гэхдээ яг мөнгө олж ирдэг нь бизнесмэнүүд. Товчхондоо тэд бол баялаг бүтээгчид. Бизнес эрхлэгчид нь эрүүгийн хэрэгт орооцолдоод яваад байвал бизнесээ хийж, мөнгө олж ирж чадахгүй. Монголын топ бизнемэнүүдийн хувьд эрүүгийн хэрэг үүсээгүй хүн байхгүй боллоо. Дунд шатны бизнесийнхэн ч ялгаагүй. Эрүүгийн хэргээ аргалж, хаах гэж хууль эрх зүйн байлдаанд ороод явж байгаа. Энэ тохиолдолд юун бизнес хийх манатай. Ингэхээр улс орон яаж хөгжих вэ дээ. Үнэхээр хэрэг хийсэн бол цаг алдалгүй хурдан шийдэх хэрэгтэй. Өнөөдрийнх шиг тав, зургаа, долоон жилээр гэрч, сэжигтэн яллагдагч гээд явуулаад байвал хөгжил ярихад хэцүү. Эдийн засагч хүнийхээ үүднээс эдийн засгийн бүтээмж алдагдаад байгаа шалтгааныг яриад байна л даа.

Том компанийн захирлууд дунд хувьцаагаа хөрөнгийн зах дээр гаргаж арилжаалах сонирхолгүй нь олон байх аа. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалдаг хувьцаат компаниудын тоог өсгөхийн тулд төрийн зүгээс ямар хөшүүрэг хэрэглэвэл үр дүнгээ өгөх бол?

-Төр маш том худалдан авагч. Төрд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэдэг компаниудын орлогод маш нэмэртэй шийдэл байдаг. Тэгэхээр төрөөс тендер авч байгаа компаниудад “Хувьцаат компани бол тэргүүний ээлжинд тендерт шалгаруулна” гэсэн босго тавиад өгчих хэрэгтэй.

Гэхдээ нөгөө талд тендер авдаг компаниудаас хувь хүртэж амьдардаг төрийнхөнд тийм сонирхол байх болов уу гэсэн асуудал бий шүү дээ?

-У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдээн гурав л хийвэл хийж чадна гээд байгаагийн цаад учир нь энэ л дээ. Энэ гурав хийхгүй бол хэн ч хийж чадахгүй. Учир нь ямар ч реформ тухайн салбарт ажилладаг хүмүүсийн маш том эсэргүүцэлтэй тулдаг.

Манайх шиг цөөхөн хүн амтай улсад реформ хийж чадвал маш богино хугацаанд сэвхийгээд ирэх байх аа?

-Санал нэг байна. Реформыг сарын дотор хийж болно. Дэлхийд гуравт жагсдаг Калифорнийн Беркелейн их сургууль гэж бий. Тэнд сурч байх үед Хүний хөгжлийн төвийнх нь захирал, улс орнуудад реформын зөвлөгөө өгдөг эрдэмтэн надаас манай улсын боловсролын системийг сонирхсон юм. Миний хариуг сонсчихоод “Өө танайх чинь сурах бичиг, сургалтын бодлого агуулгаа бүгдийг нь яамнаасаа өгдөг юм чинь реформ хийхэд маш амархан. Учир нь танайх коммунист хэлбэрээрээ, нэгдмэл удирдлагатай хэвээр яваа юм байна. АНУ-д бол реформ хийхэд хэцүү. Мужууд, муж дотроо дүүргүүд, дүүрэг болгон хараат бус. Нэг дүүрэгт тодорхой асуудлаар хандахад, манай дүүрэгт испани гаралтай хүүхдүүд байдаг учир наадахыг чинь хүлээн зөвшөөрөхгүй гээд гэдийчихдэг. Танайх нэгдмэл системтэй, босоо тогтолцоотой болохоор реформыг дор нь хийнэ” гэж хэлсэн. Үнэн л дээ. Манайд хуучин коммунист маягийн босоо тогтолцоонууд үлдчихсэн. Боловсролын салбарт үлдсэн. Нийгмийн даатгал гээд харахаар аль эрт 1980 оныхоороо, салхи ч ороогүй байх жишээний. Хууль эрх зүйн салбар бас босоо тогтолцоотой. АНУ-д прокурорууд нь гэхэд л бие даачихсан. Хотын прокурор бол “Уучлаарай үндсэн хуулиа мөрдөнө” гээд суучихдаг. Харин манайд их өөр. Ерөнхий прокурорын үг бол хууль. Тэгэхээр энэ талаа ашиглаж реформоо яаралтай хийчихээд дараа нь босоо тогтолцоогоо нурааж хэвтээ болгох хэрэгтэй. Учир нь босоо тогтолцооны дээр бурангуй ашиг хонжоочин хүн суучихаар тогтолцоог бүхэлд нь ялзруулдаг гэм, эрсдэлтэй.

Хөрөнгө оруулалтын сан байгуулахад хууль эрх зүйн ямар ч саад байхгүй юу?

-Ямар ч асуудал байхгүй.

Хүмүүс хэр сонирхож байна. Шууд төчнөөн төгрөгөөр том компаниудын хувьцаа худалдаж авъя гэх мэтээр хандаад эхэлчихсэн үү?

-Эхэндээ хэр явах бол гэсэн асуулт байсан. Гэтэл одоо иргэд их сонирхож байна. Өнөөдрийн байдлаар манай “Мандал ассет менежмэнт” гээд хөрөнгө оруулалтын сан удирддаг компанид 15 мянган иргэний хүсэлт ирчихээд байна. 500 сая, 5 сая, 500 мянгатай хүн ч хандаж байгаа. Хөрөнгө оруулалтын санд нэгдье, тэтгэвэртээ гарахад барих хөрөнгөтэй, үр хүүхдэдээ өвлүүлэх хувьцаатай болъё гэсэн хүсэлтэй хүн олон байна. Байр сав өвлүүлнэ гэж ярихаа больж. Байр сууцны үнэ өсөхөө больсон учраас өсч үрждэг хувьцаанд мөнгөө хийе гэсэн хандлага хүчтэй байна. Улс орныхоо баялгийн хуваарилалтад оролцъё, том компанийнхаа эзэн болъё гэдэг эрмэлзэл ард түмэнд маш их байгааг олж харлаа. Иргэд хөгжихийг хүсч байна. Төрөөс мөнгө өгчихвөл зүгээр сууна гэсэн сонирхолтой хүн алга. Хүн л юм чинь хөгжихийн төлөө тэмцэх нь жам л даа. Товчхондоо том компаниуд хувьцаагаа гаргавал иргэд авахад бэлэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлийн санхүүжилт 2024 он хүртэл үргэлжилнэ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний таван сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 327.3 тэрбум төгрөгийн зээлийг 4.426 өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн үзүүлэлт аж. Өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгодог байсан бол 2021 онд сард дунджаар 75.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь 2.3 дахин өндөр үзүүлэлт байжээ.

Түүнчлэн, 2021 оны зургадугаар сард Монголбанкнаас 75 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 50 тэрбум төгрөгийг нэмж, нийт 125 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна. Цаашид Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг харгалзан үзэж хөтөлбөрийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн санхүүжилт 2024 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ гэдгийг Монголбанкнаас мэдээлэв.