Төгрөгийн хадгаламж 2024 оны 5 дугаар сарын эцэст 18.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 4.9 их наяд төгрөгөөр, энэ оны 4 дүгээр сарынхаас 159.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлээ.
Төгрөгийн хадгаламжийн хувьд:
- 16.2 их наяд төгрөг нь иргэдийнх,
- 2.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг байгаа нь 4 дүгээр сараас 18.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин өмнөх оны мөн үеийнхээс 848.0 тэрбум төгрөгөөр буурчээ.
Монголбанкнаас энэ оны 5 дугаар сард төгрөгийн АНУ-ын ам.доллар, ОХУ-ын рубль, БНХАУ-ын юаньтай харьцах сарын дундаж ханшийг зарласан байна. Тухайлбал:
- АНУ-ын ам. доллартой төгрөгийн харьцах сарын дундаж ханш 3381.19 төгрөг,
- ОХУ-ын рубльтэй төгрөгийн харьцах сарын дундаж ханш 37.19 төгрөг,
- БНХАУ-ын юаньтай төгрөгийн харьцах сарын дундаж ханш 467.39 төгрөг,
Үнэт цаасны гүйлгээ 5 дугаар сард 28.2 тэрбум төгрөгт хүрчээ. Арилжсан үнэт цаас 116.9 сая ширхэг болсон нь энэ оны 4 дүгээр сараас 58.4 /99.9 хувь/ сая ширхгээр нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 5 дугаар сард 42726.4 нэгж болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 6015.1 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 5 дугаар сард 10.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ 2023 оны мөн үеийнхээс 642.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
Төгрөг болон валютын хадгаламж: Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төгрөг, валютын хадгаламжийн үлдэгдлийн нийлбэрээр тодорхойлно.
Хувьцаа: Компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг ойлгоно гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбар хийсэн байна.