Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Ц.Мандхайхатан: Энэ удаагийн сонгуульд нам эвсэл, нэр дэвшигчид 66 тэрбум төгрөг зарцуулсан байна DNN.mn

“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас сонгуулийн зардлын үйл явцад хяналт тавьж байгааг мэдээллээ.

Сонгуулийн зардал, санхүүжилтийн ил тод байдлын талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр хэлэхдээ “Урьдчилсан байдлаар сонгуульд ямар хэмжээний зардал гарч, орлого орсныг явцын зардлыг тайлангаас харж болно.

747 нэр дэвшигчийн зардлыг харахад 76 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Энэ нь хандив болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэх мэтчилэн хуульд заасан эх үүсвэртэй.

Нам эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайлангаас харахад энэ удаагийн сонгуульд 66 тэрбум зарцуулагдсан.

Гэхдээ нам, эвслийн зардлын дансанд 87 тэрбум байна” гэв.

Явцын тайлантай холбоотой дүгнэлт:

  • Явцын тайланд орлого, зарлага, үлдэгдлийн дүн зөрүүтэй байх тохиолдол гарч байна. Нэр дэвшигчид ёс төдий тайлагнаж, наад захын нийлбэрийг хангаагүй, үлдэгдэл тодорхойгүй байх тохиолдол нэлээд гарлаа.
  • Нэр дэвшигч, нам эвслийн орлогоос илүү зарлага нь өндөр байлаа. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч, нам эвсэл өртэй үлдэж байна. Тухайлбал Иргэний Хөдөлгөөний Нам 640 сая төгрөгийн өртэй гэж тайлагнасан. Гэтэл дансанд нь 7.3 сая төгрөг байна. Тэгэхээр энэ нам 600 гаруй сая төгрөгийн өртэй үлдэж байна.
  • Орлого нь өндөр байгаа ч хуульд заагаагүй хандив буюу буцаах шаардлагатай хандив гэсэн дүн маш өндөр байгаа. Нийт нэр дэвшигчийн хувьд 8.7 тэрбум төгрөгийг буцаасан. Нам эвслийн хувьд 1.2 тэрбум төгрөгийн хандивыг буцаасан байна.
  • Цаашид нам эвсэл, нэр дэвшигч өөрийнхөө дансанд хандив авсан мөртлөө зарцуулахгүй үлдэж байгаа их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулахгүй бол хандив аваад цаашид яах зохицуулалт ойлгомжгүй байгааг “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан нэмж хэллээ.

Үргэлжлүүлэн “Үндэсний аудитын сайтад 969 нэр дэвшигчийн нэрс байгаа. Тэдгээр нэр дэвшигчээс 187 нь зардлын явцын тайлангаа тайлагнаагүй.

Тайлангаа ирүүлсэн 700 гаруй хүний мэдээллийг доторх агуулгаар нь харвал зардлын тайлангийн иж бүрдлийг бүрэн хангаагүй буюу гараар тэмдэглэх зэргээр мэдээллээ ёс төдий илгээсэн тохиолдлууд байна.

Нийт 787 нэр дэвшигчийн хандивын дансыг бүртгэж авсан тухайгаа Үндэсний аудитаас мэдээлсэн. Үүнээс ч олон нэр дэвшигч хандивын дансаа бүртгүүлэлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон байх магадлалтай” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эхний хагас жилд 7.8 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк энэ оны 6 дугаар сард 1,692.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.8 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 209.7 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 492.6 кг үнэт металл тус тус худалдан авсныг төв банк мэдээлэв.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны зургаадугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 252,783.17 төгрөг байв.

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн баяжмалын экспорт 54.9 сая ам.доллароор өсчээ DNN.mn

ҮСХ-ны мэдээллээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ энэ оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор буюу 10.3 хувиар өссөн. Үүнд:

  • Экспорт 74.9 сая ам.доллар буюу 1.2 хувиар,
  • Импорт 932.5 сая ам.доллароор буюу 26.9 хувиар тус тус нэмэгджээ.

Гадаад худалдааны тэнцэл 857.5 сая ам.доллароор буюу 30.4 хувиар буурсан байна.

Экспорт 74.9 сая ам.доллароор өсөхөд:

  • Нүүрс 172.9 сая ам.доллар,
  • Зэсийн баяжмал 54.9 сая ам.доллар,
  • төмрийн хүдэр, баяжмал 41.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 47.6 ам.доллароор өсжээ.

2024 оны эхний 5 сарын хилийн дундаж үнийн үзүүлэлтээр:

  • Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 254.2 ам.доллар,
  • зэсийн баяжмалынүнэ тонн тутамд 47.6 ам.доллароортус тус өсөж,
  • нүүрсний үнэ тонн тутамд 34.0 ам.доллар,
  • төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.9 ам.доллароор буурсан байна.
Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Эдийн засгийн чуулганд олон улсын 500 зочин оролцоно DNN.mn

Монголын Эдийн засгийн чуулган ирэх 7 хоногийн даваа гарагт буюу долоодугаар сарын 8-нд эхэлнэ. Хоёр өдөр болох чуулганд нийт 2000 зочин оролцох талаар мэдээллээ. Үүнд:

  • Төр, засгийн 300 төлөөлөл,
  • Олон улсын 500 зочин,
  • Олон улсын байгууллага, ЭСЯ-ны 100 төлөөлөл,
  • Хувийн хэвшил 500,
  • Эрдэмтэн судлаач 100,
  • Оюутан залуус 500 оролцох аж.

Чуулганы зохион байгуулалтын талаар Монголын Эдийн Засгийн чуулганы ажлын хэсэг төрийн яам, агентлаг, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч, санал солилцлоо.

Уулзалтад ЭЗХЯ, Монголын Бизнесийн Зөвлөл, Европ-Монголын хамтарсан худалдааны танхим, Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТOС), Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын Финтекийн холбоо, Монголын ББСБ-уудын холбоо, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам), Монголын даатгалын холбоо тэргүүтэй байгууллагын төлөөлөл оролцлоо.

Чуулган Төрийн ордны Их танхим, “Чингис хаан” Үндэсний музейд тус бүр болно. Эхний өдрийн хуралдаан “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-оор эхэлж:

  • Хөдөөгийн хөгжил ба хоршоо, эрчимжсэн мал аж ахуй,
  • Бүсчилсэн татвар болон хөрөнгө оруулалтын бодлого,
  • Тээврийн дэд бүтэц ба бүс нутгийн хөгжил зэрэг сэдвээр салбар салбараар хуралдах юм.

 

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 (42.1 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 12.1 их наяд төгрөгт хүрч, 3.6 (42 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 10 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Татварын орлого энэ оны эхний 5 сард 11.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.2 (40.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 1.6 (70.4 хувь) их наяд, нэмэгдсэн өртгийн албан татвар 532.7 (30.9 хувь) тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 376.8 (25.4 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 301.6 (21.1 хувь) тэрбум, онцгой албан татвар 152.4 (53.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Мөн хугацаанд татварын орлогын 33.7хувийг орлогын, 19.9 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 15.3хувийг нийгмийн даатгалын, 5.8 хувийг гадаад үйл ажиллагааны, 3.9 хувийг онцгой албан татварын орлого, 21.4 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан татварын 74.4 хувийг ААНОАТ, 25.6 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн аж.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 10 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 (41.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (2 дахин) их наяд, хөрөнгийн зардал 526.1 (56.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Энэ оны эхний 5 сарын байдлаар нийт зардалд урсгал шилжүүлэг 43, бараа үйлчилгээний зардлын эзлэх хувь 34.1, хөрөнгийн зардал 14.8, хүүгийн зардал 5.3, татаас 2.7 хувийг эзэлж байлаа.

Хөрөнгийн зардал мөн хугацаанд 1.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 526.1 (56.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 462.9 (78.5%) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 42 (27.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин бусад хөрөнгийн зардал 5.6 (3.5 хувь) тэрбум төгрөгөөр буурсан аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Биржээр 15.5 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжжээ DNN.mn

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны 2024 оны эхний хагас жилд 339 амжилттай дуудлага худалдаа явагдаж, 15.5 сая тонн бүтээгдэхүүн арилжлаа. Энэ нь өнгөрсөн жилийн нийт арилжааны хэмжээтэй ойролцоо үзүүлэлт болжээ.

Биржээр 13 төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжсаны 7 нь нүүрсний төрөл эзэлж байна. Биржийн арилжаанд “Энержи Ресурс” ХХК хамгийн идэвхтэй буюу 44 хувьд оролцсон. Харин “Эрдэнэс Тавантолгой” хамгийн олон төрлийн бүтээгдэхүүн борлуулснаас гадна хамгийн их буюу 10.7 сая тонн бүтээгдэхүүн арилжсан байна.

Биржээр арилжсан нүүрсний хэмжээ 14.5 сая тонн хүрсэн нь нүүрсний экспортын 39 хувьтай тэнцжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн чуулган ирэх сарын 8, 9-нд болно DNN.mn

Монголын эдийн засгийн чуулган ирэх сарын 8-9-нд болно.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганд 2000 гаруй зочин төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

  • Хот байгуулалт, архитектур,
  • Эрчимжсэн хөдөө аж ахуй,
  • Аялал жуулчлал,
  • Бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого,
  • Санхүү, хөрөнгийн зах зээл, Цахим эдийн засаг,
  • Уул уурхай-Хүнд үйлдвэрлэл,
  • Шинжлэх ухаан-Технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаанууд нэгэн зэрэг зохион байгуулах юм.

Төрийн ордон болон Чингис хааны музейд болох 14 дэх удаагийн чуулган “Go Mongolia” уриан дор явагдах гэж байна. 2010 оноос хойш жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулганд аливаа асуудлыг эцэслэн шийдэх үр дүн гаргахгүй ч эдийн засгийн талаар салбар бүрээс төлөөлөл оролцон санал бодлоо солилцож, зохих саналуудыг дэвшүүлж чаддагаараа давуу талтай. Чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын төлөөлөл оролцож ирсэн.

Categories
мэдээ эдийн-засаг

Чулуун нүүрсний экспорт 38.5 хувиар өсчээ DNN.mn

 Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр манай улс энэ оны зургаадугаар сарын 24-ний өдрийн байдлаар 358.8 мянган тонн чулуун нүүрс экспортлоод байна.

2024 оны эхнээс 37,685.2 мянган тонн экспортолжээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.5 хувиар өссөн дүнтэй байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Суудлын автомашины импорт 84 хувиар нэмэгджээ DNN.mn

 Манай улсын хилээр он гарснаас хойш энэ сарын 25-ны өдөр хүртэл суудлын 56,086 машин оруулж ирээд байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 84.8 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газар мэдээлэв. Түүнчлэн, дээрх хугацаанд ачааны 13,632 машин импортолсон нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 40.7 хувиар нэмэгдсэн аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого 2.3 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар 2.3 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 795.7 тэрбум буюу 51.6 хувь өссөн үзүүлэлт юм. Харин зарлагын тухайд хоёр их наяд төгрөгт хүрч, 500 тэрбум төгрөг буюу 33.4 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дээрх хугацаанд 795.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 168.9 тэрбум буюу 27 хувь, зарлага 879.7 тэрбум төгрөг болж, 206.4  тэрбум төгрөг буюу 30.7 хувиар нэмэгджээ. Түүнчлэн зардал өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 231.5 тэрбум төгрөг буюу 36 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.