Categories
булангууд мэдээ өд-бэх

Монгол түмэн минь сайхан наадаарай

Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаж байна уу. Энэ зуны наадам бороо хур тэгширч АСЕМ-тай, Олимптой дэлхийн Монголчууд орон бүртээ уухайлан нэгдсэн сайхан наадам болж байна. Монголын маань тамирчид дэлхийд алдараа цуурайтуулж, хүүхдүүд нь ой тогтоолтын дэлхийн аварга болон мандаж, залуус нь дэлхийн чанартай өндөр боловсролуудыг эзэмшиж эх орон элэг нэгтнүүдээ баясгасаар байгаа билээ. Энэ буухиа цаашдаа улам өргөжин тэлэх болтугай гэж ерөөгөөд та бүхэндээ үе үеийн агуу яруу найрагчдынхаа Монгол наадмын тухай шүлгүүдийг хүргэе. Босоо Монголын хөх хийморь үргэлж гал шиг өөдөө мандан бадарч явах болтугай!

Д.Пүрэвдорж : Сумын наадам
Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадам ч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Болий гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Б.Лхагвасүрэн :Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам...
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн

Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууньi шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.

Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.

Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн…

Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосньi дундаас
Зургаан даага сугарсан сан…

Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианьi газар
Бараа саахалтьiн хэртэй

Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан…

Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсньiг
Хөөрч догдлохдоо би хараагүй байж…
Зөв тальiн дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.

Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сүүл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.

Хөлсий нь хусахьiн зав өгөлгүй
Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сут юм билээ.

Ингэдэг гэдгий нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Гүрбазар: Дугуй хээтэй наадам

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа

Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай наадам эхлэх
Наадмын их өрнөл наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хйиморь болдог сүрийг би наадам гэж бэлэгшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойрос хийн алхаж ээ явах хүн хүнээс наадам сонсон холихжээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амс хийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдас хийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харьнаа гэхээр
Сумын захиргааны орой дэрэвсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоогуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурхыг яана
Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад
Шингин сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа

Гүрбазар: Би Монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн юм

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би, хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Тийм ээ, би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийн ус шиг бүсийг нар зөв бүслэж гоёдог
Шилрэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор өчүүхэн чулуу ташчихаад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насандаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан шилийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулай минь гэж залбирна аа эх орон минь
Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна аа эх орон минь
Бөөрийн чинээхэн улс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхэт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацна
Дулаацсан биенээс минь хийморь савсан
Савссан уурны нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар, дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар, дээлтэй сахиус шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар, энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар, эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар, үнэн худлыг ялгах сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар, үүлтэй нартай хорвоод сүүдрээ адлаж чадах биш дээ
Гэхдээ би, агтны мөртэй Монголдоо
Амгайн чинээ ойрхон явах юмсан гэж боддог юм
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалахын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юм
Эх орон минь
Би Монголоороо гоёдог

Монгол наадам Ч.Дагмидмаа
Борлог зүстэй үүлс тэнгэрийн хаяа руу нүүж
Бор тойрмын бялзуухай хурмастын инээдээр жиргэнэ
Босоо заяатай монголын наадмын өглөө эхлэж
Баяр цэнгэлийн магнайд хүлгийн тоос үнэртэнэ
Зодог шуудга нь нарны хээ тогтсон
Зогсоо хийморь бөхчүүд уулсын оргил дэвнэ
Өтөл болсон буурлын магнайн үрчлээ тэнийж
Өргөн түмний цэнгэл лусын хаадтай үелзэнэ.

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам үзнэ

Хангайн цэнхэр уулс баярын хөөнгө татаж
Хуйларч эргэсэн морьдын тоосноос сугарч үлдэнэ
Хул эцээсэн айраг наадамчдын цэнгэлд исэж
Хувилгаан дэлхий хуучин бүхнээ умартана
Ээж нь хүүгийнхээ дээлийн захыг мушгихад
Эрэмгий бөхийн мэхэнд азын тэнгэр сөгдөнө
Мөнх тэнгэрийн одод газарт чуулсан наадмын өдөр
Морь бөх монгол гурав дууныхаа шуранхайнд багтнам зээ…

Categories
булангууд мэдээ өд-бэх

Наран тогоруу

Төрийн шагналт, ардын уран зохиолч
Сэнгийн Эрдэнийн алдарт өгүүллэгийг уншигч танаа толилуулж байна.

Миний бие зуны оройн нартай салах
ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр
сууж байлаа. Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их
үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний учрыг сайн ойлгохгүй боловч
харамсах юм алга. Бага байхдаа олон гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас
зүүгдэн авирч гардагсан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан,
хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан нигүүлсэнгүйн
дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдагсан. Бурханд мөргө гэхээр нь мөргөнө. Тэр
бүхэн газар цөмөрсөн мэт алга болж зөвхөн сүмийн чулуун суурь үлджээ. Тэр чулуун
дөрвөлжүүдийн хоорондуур лууль шарилж ургажээ. Харамсах юм алга. Мөхөх ёстой болоод
л мөхөө биз. Худаг нь хүртэл ширгэчихсэн. Энэ худгийг миний аав ухалцсан гэж ярьж
байсан санагдана. Аав минь ч байхгүй. Ер нь сүм дуган, аав бас өөр олон юм алга
болж урьд өмнө байгаагүй олон шинэ юм бий болдог юм байна. Дайн болов гээд манай
нутгийн аль чадалтай түшигтэй эрчүүд цэрэгт дайчлагдсаар жил болж байна. Миний ах
ч бас явсан. Эргэж ирэх үгүйг бүү мэд. Дайны газар хүнд алуулчихдаг гэнэ. Маргааш
өглөө би ч бас явна. Аймгийн сургуульд явж байгаа хүн дайнд явж байгаа биш боловч
урьд байсан юм байтугай, хүн алга болчихдог ертөнцөд ямархан хувь заяа угтаж байгааг
хэн мэдэх билээ.

Ингэж бодоод газраас хайрга авч
худаг руу шидэхэд ёроолын шалбаагт чол чол хийн унав. Би нутгийнхаа нартай салах
ёс гүйцэтгэж байгаа учир шингэтэл нь энд сууна. Оройн саалины цаг. Айл айлын үнээний
хороод тавьсан майн утаа найман сарын нов ногоон нуга тал дээгүүр алгуурхнаа суунаглан
мөлхөнө. Тэрүүхэн урдах модны булгийн ойролцоо сүрэг улаан тогоруу бэлчиж явна.
Оройн наранд ийнхүү улайран харагднам бөгөөд дэгдээхий тогоруунууд хүчийг сорих
гэсэн мэт жигүүрээ дэлгэж явгалан гүйнэ. Тэр тогоруунууд алс холоос ирдгийг мэдэх
боловч “Миний нутгийн тогоруунууд баяртай” гэж дотроо би өгүүлнэм. Урд арын модны
захын цэл ногоон цагдуулууд шингэх нарны гэрэлд мөн л улбар өнгөтэй болжээ. Надтай
хамт өссөн тэр зулзаган моднуудыг би цөмийг танина. Булгийн эхний ганц хөгшин шинэс
одоо хөгшрөөд бөв бөгтөр болжээ. Хөгшин мод үхэж, залуу мод ургаж байдаг ёс юм биз
ээ.

Бага байхдаа борооны дараа татсан
солонгыг барих гэж ойн зах хүртэл гүйхэд энэ цагдуул зам хаадаггүйсэн. Чингэхээр
надтай хамт “төрсөн” нялх модод байжээ.

Дэлэнгээ хөнгөлсөн үнээнүүд майн
утаан дундуур толгойгоо сэжлэн олон зуны турш гаргасан цувцаараа бэлчээр тийш явна.
Баруун хотын тэндээс нэгэн том улаан бух гарч ирээд хааяа шороо цацлан хүлзэж “надтай
цанхаагаа гаргах бух байна уу” гэх шиг урамдан бүрхэрнэ. Наран сөрөг нэлдээ агь
ургасан зуслан дэнж мөнгөн сортой харагдана. Хүүхдүүд хонио ялган шуугилдаж тэртээ
зүүн үзүүрийн айлын гадаа цагаан морьтой согтуу хүн улаан юүдэнгээрээ даллан хашгирна.
Тэр Тэхийн Палхай лав мөн. Тэх гэдэг нэртэй байх яах вэ. Харин Палхай гэдэг маань
юу гэсэн үг вэ. Багад нь муу амтан болно гэж ёрлож өгсөн нэр шиг. Тэр Палхай манай
нутагт үлдсэн цөөхөн эрчүүдийн нэг бөгөөд цаг үргэлж архи ууж авгай хүүхэд түйвээж
явна. Өрөөсөн гар нь татанхай учир цэргээс гологдсон хэрэг. Палхайн орь дуунаас
үргэх мэт нөгөө улаан тогоруунууд нисэж майн утаан дээгүүр эргэлдээд ганц модны
булгийн тэнд дахин буув.

Нар шингэх дөхжээ. Маргаашаас эхлээд
би үхрийн хорооны шургааг дээр юм уу энэ худгийн ирмэг дээр сууж нутгийнхаа нар
шингэхийг үзэхгүй, хол явчихсан байна. Нөгөө улаан бух хичнээн шороо цацлавч мөргөлдөх
зүрхтэн ирсэнгүй тул цээлхэн залуу дуугаар урамдан үнээнүүдийн хойноос яваад өглөө.
Би Палхайг тэр бухтай тархий нь хага мөргөлдүүлэх юмсан гэж бодоод инээд алдав.
Манай хөрш Сангид гуайн гадаа үнээгээ сааж дууссан хүүхнүүд цуглараад хангинасан
сайхан хоолойгоор дуулцгаав. Тэдний дуу үдшийн сэрүү буусан нуга талын дээгүүр зэллэн,
шингэх нарны түмэн цацрагаар дамжин одож байх мэт.

“Огторгуй харахад минь хол шиг аад

Орох л борооны түргэнийг дээ

Орчлон санахад минь хол шиг аад

Очих л насны түргэнийг дээ…” Цэрэгт явсан
эр нөхөр, сэтгэлт хүнээ санаж дээ гэмээр гэгэлгэн гунигтай дуулна. Хүн хүнээ хайрлах
ба санах ёсыг би мэддэг болжээ. Чингэснээс хоолой дээр минь бөөн хар юм тулж ирээд
арай л уйлчихсангүй.

“Ганга л мөрний гургалдай

Гадаа ирээд жиргэнэ л…”

Ээжийн бурхны орон гэж ярьдаг тэр
Ганга мөрөн хаа ч юм билээ. Энэ тогоруунууд тэндээс ирдэг юм биш байгаа. Үгүй, бий
болох үхэх, төрөх жамтай энэ ертөнц ямар их уудам бэ. Тэр Ганга мөрөн гэдэгт нь
хүрч очих цаг ирэх ч юм бил үү “Мөнх биш хорвоод хүн төрдөг, ухаантай зоригтой яваарай”
гэж аавын захидаг үнэн. Ухаантай зоригтой явбал аймгийн сургууль байтугай тэр гайхамшигт
Ганга мөрөнд ч хүрч болно.

Хүүхнүүдийн дууг уяран чагнаж байтал
нар шингэж улаан тогоруунууд жирийн хөх тогоруу болов. Нутгийн минь нар баяртай.
Тогоруунууд ч нар шингэхийг хүлээж байсан мэт агаарт хөөрөн майн хөх суунаг дээгүүр
алсыг чиглэн нисэв. Тогоруунууд минь баяртай. Би маргааш та нарын хойноос одно…

Од түгж дулаахан шөнө болов. Хөрш
айлуудынхаа хөгшдийг сайн сууж байгаарай гэж хэлээд ир гэж ээж минь хэдэн хадаг
өвөртлүүлээд явуулав. Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд
өлзийтэй болно гэж би итгээд, Ерөөл сонсохоос илүүд бодох нэгэн зүйл надад бий.
Үерхдэг охин гэх юм уу, юу гэмээр юм бэ дээ. Булгийн ганц модон дор түүнийгээ хүлээж
байхдаа зүрх минь түг түг цохилон байв. Зүгээр нэг үерхдэг бол юундаа ингэж зүрх
булгилах билээ. Энэ амьтан болгон ямар нэг юм хүлээж ийм одтой дулаан шөнийн тэнгэр
дор анир чимээ чагнаархан байдаг болов уу гэмээр. Хээр талд адуу янцгаан, мэлхий
нойрмог дуугаар вааг вааг гэж ноход хөв хөв хуцна. Адуу адуугаа мэлхий нь мэлхийгээ,
нохой нь нохойгоо хүсэмжлэн дуудаж байх мэт. Хүлээсэн тэр минь нүцгэн хөлөөрөө хий
агаарт явах мэт чимээгүй гишгэлэн оддын гэрэлд сүүтэгнэн хүрч ирээд “Цайгаа буцалгах
гэсээр удчихлаа. Чи их хүлээв үү” гээд зайдуухан суув. Саяхан болтол бид эзэнгүй
зуслангийн байшин саравч, лууль шарилжинд нуугдаж тоглодог байсан атал одоо тийнхүү
тоглох байтугай бие биендээ хүрэхээсээ эмээн болгоомжлох болжээ. Бие биесээ нууцаар
хүсэмжилж сэтгэл догдлох соньхон. Бид хэн, хэнийхээ дээрхэн гарсан амьсгааг чагнаж
нэг хэсэг дуугүй суулаа. Хажууд чөдөртэй морьд өвс ширд ширд зулгаахаас өөр чимээгүй.
Охиноос буцалсан цагааны үнэр ханхлах нь нөгөө л аарц сүү болсон оготор даалимбан
тэрлэгтэйгээ аж. Харин би дэлгүүрийн үнэртэй шинэ даавуу дээл савхин гутал өмсөөд
харанхуйд боловч түүнийгээ байн байн харж, тийм сайхан шинэ хувцастайгаа охинд мэдэгдэх
аргаа олж ядан суув. Ялангуяа савхин гутал хүсэл болсон эд билээ. Нэлээд томдсон
тэр хуучин савхийг ээж минь бүтэн бодоор авч өгсөн юм.

-Сампилын аав, Баатарын ээж гээд
бүгдээрээ над мөнгө өгсөн. Ээж ноосныхоо мөнгөний талыг өгнө гэсэн. Би аймгаас чамд
савхи авч явуулна аа.

-Аймгийн хоршоо нээрээ их юмтай
байх даа гэж охин горьдож итгэсэн дуугаар хэлэв. Бидний дуу хүртэл өөр болжээ. Ээж
намайг ёстой эр хүн шиг бүдүүн дуутай болсон гэнэ. Охин хоолой дээрээс гарах огцом
чанга дуутай байснаа одоо цээжний зөөлөн дуутай болжээ. Харанхуйд би түүний номхон
бор нүдний гунигт харцыг мэдэрч байлаа. Би аймгийн сургуульд явж тэр минь аарц цагаа
буцалгасаар үлдэх тул гуниглах нь аргагүй дээ. Би түүнд зүрх шимширтэл хайр хүрч
байлаа. Оготор даалимбан тэрлэгний хормойгоор үхрийн баас, шавхай болсон нүцгэн
хөлөө ороож хацраа өвдөгтөө наагаад нулимст нүдээр гөлрөн хоцрох хөөрхийлөлт дүр
нь үзэгдэв. Хүүхдийн харьцах гэнэн цагаан ёсыг эвдэж, аргагүй ертөнцийн нүгэлт амьдралын
амтыг үзүүлдэг тийм нэгэн цагт ийнхүү хагацан салах өдөр тохиолдоно гэж санасангүй.

Гэвч хайр бол зөвхөн бодлоор биш
бас биеэр хүрдэг ажээ. Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадас, зуны шөнийн түмэн
түмэн од гялалзах аугаа ертөнцийн дор хослон байдаг жаргал зовлон өчүүхэн хоёр амьтанд
бас ноогджээ. Хүүхэд бас гэнэт нисэн одсоныг харамсах адил чимээгүй уйлан гашуун
нулимсаа залгихад маань дотор бяцхан онгойв.

-Би аймгийн сургууль төгсөөд цэргийн
сургуульд явна. Цэргийн дарга болоод чамайгаа аваачна. Тэр болтол зуны амралтаар
уулзаж байх боллоо доо.

-Би чамайг хүлээгээд л байна. Ах
жин тээж аймаг орвол хамт очиж магадгүй. Чи надад захидал л их бичиж байгаарай.

-Тэгнэ ээ.

-Ээж чинь яачихав гэж хүлээж байгаа
даа.

-Яах вэ, миний хүүгийн дуу хүртэл
бүдүүрээд ёстой эр хүн болж гээд л байсан.

Охин шүүрс алдаад миний гарт нэг
зөөлхөн юм бариулав. Миний багын үс. Чи комсомол болгоно гэж гэзгийг минь хайчилчихсанаа
санаж байна уу гэв. Дүрсгүй толгой би нээрээ тайранхай үстэй хүүхнүүдийг хараад
шодгорхон гэзгийг нь тас хайчлан “комсомол” болгосон юм. Хүүхдийн үнэр анхилсан
тэр туг үс эрдэнэ чандмань шиг нандин болно гэж хэн санах билээ дээ.

Охин түүнийг зөнгөөрөө мэджээ. Амьдрал
гэдэг үлгэр шиг ч юм шиг, үгүй ч юм шиг. Үлгэр хэвээрээ байгаасай гэтэл барин тавин
үнэн юм болчихно. Амьдрал үлгэр байдаг нас өнгөрчээ. Бид хоёр үүнийг мэдрэн тэнгэр
ширтэж гайхан хэвтлээ. Балчирхан ухааны гэнэхэн үлгэр дахин ирээсэй. Салалтын гунигт
мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа. Тэнгэр над үлгэр хайрлав. Мөнгөн тоос татан
зурайх тэнгэрийн заадсаар замнан сүрэг улаан тогоруу нисэн явтал нутгийн минь нарны
гэрлийг авч яваа тэдгээр наран тогоруу алсын алсад нисэж одъё гэж намайг дуудан
байх мэт.

-Наран тогоруу. Хараач, тэр наран
тогоруу!

Амьдрал үлгэр биш ажээ. Хайрт бяцхан
нөхрөөс минь үлдсэн юм хүүхдийн үнэртэй сэвлэг үс байна. Нутгийн минь нарны гэрэл
сүүлчийн гэнэхэн үлгэрийг авч одсон Наран тогоруунууд альхан газартаа явна вэ. Алсын
алсад нисэн одъё гэж одоо ч намайг дуудсаар байна уу.

Categories
булангууд мэдээ өд-бэх

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Гуйвшгүй Гризельда

Эл ном бол Италийн Сэргэн мандалтын үеийн тууриудын түүвэр юм. Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйн сонголтоор түүхэнд зураг нь ч үлдээгүй зохиолчдын бүтээлүүд багтжээ. Нийт 10 зохиолчийн анталоги юм. Алдарт “Poмео, Жульетта” драмын жүжиг болохоосоо ч өмнө туурь байжээ. Харин үүнээс яруу найрагч, их зохиолч Жованни Боккаччо (1313-1375)-ийн “Декамерон” буюу “Арав хоногийн хугацаанд яригдсан үлгэрүүд”-ээс арав дахь өдрийн үлгэр буюу Х туурийг нь сонирхуулж байна.

Гвальтьери хэмээх язгууртан гаралтай, ухаан сэргэлэн баян эр байв. Гэвч тэрээр гэр бүлтэй болох талаар огт боддоггүй бөгөөд ан авд хорхойсч явдаг нэгэн. Хэнэггүй хийсгэлэн эзэнтнээ үр удмаа үлдээхгүй байсаар “явчих” юм биш биз хэмээн зовнисон албат нар нь түүнийг “гэрлээч” хэмээн ятгах болов. Гэвч Гвальтьери өөрт таарч тохирох хүн хайж байна хэмээн алгуурлан явсаар зэргэлдээ тосгоныхоо Гризельда хэмээх ядуу тарчиг амьдралтай айлын охиныг эхнэрээ болгожээ. Гризельда царай зүсээр хэнээс ч дутахгүй үзэсгэлэнтэй бүсгүй байлаа. Гвальтьери Гризельдаг эхнэр болгон авахдаа болзол тавьж, ам өчиг авсан болой. Гризельда ч язгууртан нөхөртэй болоход татгалзах зүйлгүй тул нөхрийнхөө хэлсэн бүхнийг хийж, ямар ч ааш авир гаргасан хүлцэн тэвчиж, уурлахгүй, дуулгавартай байна гэсэн ам өчгийг ядуу хөгшин эцгийнхээ өмнө өгөв. Тэдний хурим сайхан болж албат нартаа хүндлэгдсэн аз жаргалтай сэтгэл хангалуун амьдарцгаах болов. Тэгтэл нэгэн өдөр Гвальтьерид ямар ад нь шүглэчихсэн юм өөгүй цэмцгэр, ааш авир сайтай, дуулгавартай, халамжтай эхнэрээ элдвээр гоочлон доромжлох болов. Язгуур угсаагүй ядуу зүдүү хүнийг эхнэрээ болгосон нь алдаа байжээ гэнэ. Энэ бүхэнд нь Гризельда анх амласан ёсоор ааш авир хувиршгүй, уурлан уцаарлахгүй байв. Энэ бүхэн Гвальтьеригийн эхнэрээ сорьж шинжсэн санаанд багтамгүй үйл явдлуудын өчүүхэн хэсэг нь байлаа. Гризельдаг хэлсэн үг, амласан амлалтдаа гуйвшгүй үнэнч гэдгийг мэдсэн ч нөхрийнх нь далд хорон санаа үүгээр дууссангүй. Албат нар нь аз жаргалгүй болж байна гэсэн шалтгаар төрсөн үрээ хөнөөлгөх санаа гаргав. Тушаал ёсоор албат нар нь охиныг нь аваад явахад ч Гризельда урьдын хэвээр байв. Энэ явдлаас хойш байдал намжин Гвальтьери эхнэрийнхээ чигч шулуун занд эрхгүй баясан сэтгэл хангалуун аж төрсөөр төдөлгүй хүүтэй болов. Хүү төрсөнд тэрээр хэмжээлшгүй их баяр жаргалтай байсан ч эхнэрээ урьдын аргаар турших санаа нь салж өгсөнгүй. Хүү минь ядуу хүний зээ хүү болно гэхээс айж байна. Ер нь чамаас салж өөрт нийцэх өндөр угсааны эхнэр авахгүй бол болохгүй нь. Хэрэв тэгэхгүй бол албат нар минь сэтгэл дундуур байх нь. Тэд маань сэтгэл дундуур байвал надад үнэнч биш болно шүү хэмээн гоншигоноход Гризельда, аажуу тайвнаар бүх зүйл таны хүссэнээр байх болно гэж би ам өчиг өгсөн шүү дээ. Би бол таны хүчинд амьд яваа ядуу тариачны охин. Танд л ая тухтай, сэтгэл амар байвал болох нь тэр хэмээгээд байдал намжив.

Тэгтэл нэгэн өдөр хатуу хахир нөхөр нь Гризельдаг дан цамтай нь гэрээсээ хөөж явуулаад өөрөө өөр эхнэр авна хэмээв. Төдөлгүй өөр эхнэр авч иржээ. Харин Гризельда нөхрийнхөө шинэ эхнэрт үйлчлэн, сэтгэлд нь сэв хийчих вий хэмээн хичээх болов. Энэ бүхнийг хөндлөнгөөс ажиглаж байсан Гвальтьери эхнэрийнхээ чинхүү сэтгэл, үнэнч байдалд дахин хэзээ ч эргэлзэхээргүй болж сэтгэл догдлон хамаг үнэнээ өчнө. Үнэн хэрэгтээ шинэ эхнэр гэгч үзэсгэлэнт охин бол тэр хоёрын анхны охин байжээ. Охиноо хөнөөсөн хэмээн нууцаар өсгөснийг мэдээд Гризельда уйлан хайлан охиноо тэврэн аваад бүх хэрэг явдлын учиг тайлагдав.

Тэгээд Гвальтьери өгүүлсэн нь: “Эрхэм Гризельда минь ээ, одоо л чи минь удаан хагацааны тэсвэр тэвчээрийнхээ үр шимийг хүртэх боллоо. Би чамайгаа хүн бүхэн дуурайхуйц үлгэр жишээч эхнэр байгаасай гэсэндээ тэсэхийн аргагүй зовлон шаналал чамдаа үүрүүлж байлаа. Би бол энэ орчлонгийн эрчүүд дотроос эхнэртээ хамгийн ихээр сэтгэл ханамжтай хэмжээлшгүй их аз жаргалтай байдаг цорын ганц эр хүн” гэвэй. Тэд урт удаан аз жаргалтай амьдарч буйгаар зохиол төгсдөг.

Магадгүй энэ туурийг уншсан хүн амлалт болоод, үнэнч байна гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрэх биз. Ялангуяа таарамж муутайхан хосууд, харилцаагаа шинэ хандлагатай болгохыг эрмэлзэж буй залуус унших аваас үл ойлголцлын манан сарнин замхарч, итгэлцлийн наран гийнэ вий.

Г.Лхагвадорж

Categories
булангууд мэдээ өд-бэх

Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр

Жил бүрийн 3 дугаар сарын 21-нд “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг хэмээн тодотгосон юм.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх боломжтойг онцолж буй хэрэг юм.

Үе үеийн яруу найрагчдадаа болон яруу найраг сонирхогч шимтэн уншигчдад Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг хүргэе!

Categories
булангууд мэдээ өд-бэх

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Иргэншлээс оргох тасалбар”

Уншчихаар ном олж чадалгүй удсан юм уу, эсвэл гадаадын сонгодгуудыг шимтдэг хүмүүст “Иргэншлээс оргох тасалбар”-ыг санал болгоё. Олон нийтэд биш харин жинхэнэ уншигчдад зориулан хэвлэсэн “Иргэншлээс оргох тасалбар” абсурд жүжиг, урбан өгүүллэгийн түүврийг “Ном ярьж өгье” буланд онцолж байна. Монголын зохиолчдын эвлэлийн болон утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн, яруу найрагч Ө.Үлэмжтөгсийн 2014 онд хэвлүүлсэн уг номыг бүхэлд нь өөр мэдрэмж төрүүлэм гэж хэлбэл арай бүдүүн тойм хэлсэн болно. Нийтлэг, нийтэд таашаагддаг дүр зураг, өнгө будаггүй уг номыг мэдрэх нь уншигчаас зайлшгүй өндөр мэдрэмж, боловсрол “нэхнэ”. Утга зохиол дахь шинэ үеийн залуусын дунд сэтгэлгээний хувьд задарсан, бичлэгийн өөрийн гэсэн дэгтэй Ө.Үлэмжтөгсийн уг номоос “Зуун хувь төгс эхнэр”-ийг товч сийрүүлье л.

…Амь нэгтэй, амралтын өдрөөрөө чөлөөт цагаа хамт өнгөрүүлдэг хөршүүдтэй хотхоныхон ая тухтай, амар амгалан сууж, тавлаг байдлаа алдагдуулахгүйг хичээдэг. Эхнэрүүд нь шинэ жороор амтат зоог бэлтгэнгээ дэл сул яриа дэлгэдэг бол эрчүүл нь ширээ тойрч суун хол ойрын бизнесийн санаа уралдуулцгаана. Ийм нэг хотхон. Гэтэл эдний хотхонд учир битүүлэг нэгэн эр амьдарна. Их нууцтай хүнийг хүн бүр л нүдээ онийлгон гайхаж харангаа дэргэдэхээ ёворч түүний тухай уран зөгнөлөө ярьж гарцгаадаг билээ.

Энгийн нэгэн өдөр хуримын сүржиндүү цуваа хотхонд орж ирэв. Өнөөх эр гоёмсог чимэглэсэн тэрэгнээс буулаа. Тэр өнөөдөр хуримаа хийжээ. Бүгд л гайхаж, заримынх нь ам ангайж хоцров. Хэнтэй ч нийлдэггүй, бүрэг, хаалттай түүнийг ингээд заяаны ханиа дагуулаад хүрээд ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй байж. Хотхоны оршин суугчдын хувьд хуримын цуваа, сүйт хархүү огтхон ч сонин биш. Зожиг эрийн эхнэр болсон бүсгүй нь хэн юм бол гэж дотроо төсөөлцгөөнө. Баян юм чинь залуухан бүсгүй л уургалсан байж таараа, эсвэл хөгшин, нэг бол гадаад бүсгүй ч байж мэднэ гэцгээнэ. Ингээд хотхоныхон анхааралтай ажиж, амьсгал даран зогсч сүйт залуу машинаас шинэхэн гэргийгээ урин буулгаж ирэх торгон агшныг хүлээв. Машинаас ямар бүсгүй бууж ирэх бол?

Тэсвэр муутайхан хүн “Хурдан гаргаж ирээсэй, эхнэрийг нь харахсан, энэ эв дүйгүй амьтныг ямар эмэгтэй тоодог байна аа” гэж түмэн асуултаар өөрийгөө булж салганахаар.

Нууцлаг эр машинаас эхнэрээ тэвэрч буулгалаа. Эхнэрийг нь хараад хотхоныхон, хөршүүд нь нүдэндээ ч итгэсэнгүй. Зожиг эр хиймэл хүүхэнтэй гэрлэчихжээ. Хийлдэг хүүхэн шүү, очиж очиж.

Энэ өдрөөс эхлээд хотхоныхон хаа тааралдсан газартаа ярьдаг зүйл нь хиймэл эхнэртэй эр. Түүнийг элдвээр хараан зүхэн гаж мэтээр ярьж охид, бүсгүйчүүлээ хол байлгацгаая ч гэнэ. Хүнээс хол, өөрийнхөөрөө л чимээгүй аж төрдөг байсан эр гэнэт хотхон дундаа адлагдах болсон ч түүнийг аз жаргалтай, улам л баяр жавхаа нэмэн эрч хүчтэй амьдрах болсныг эрчүүл анзаарч эхэлвэй. Аягүй бол энэ хотхоны хамгийн азтай гэрлэлттэй учирсан эр нь тэр байж мэдэхээр болоод явчихав. Учир нь түүний эхнэр үргэлж үзэсгэлэнтэй, хэзээ ч үрчлээтэж, уурлахгүй, нөхрөө хардаж зовоож элдэв хараал урсгаж гомдоохгүй, түүгээр ч үл барам олж ирсэн цалинг нь хуу хамаад хувцас, гутланд үрэхгүй. Байсхийж утасдаж, байцааж цагдахгүй. Тэгээд хэзээ ч үзэл бодол харшилдаж хашгирахгүй, үргэлж зожиг эрийн зөв байх юм чинь. Тиймдээ хуримын өдрүүд ард хоцорсон ч өглөө гэрээсээ аз жаргалтай гарч, орой хөл хөнгөн гүйн ордог болсныг нь бүгд харцгаана. Хиймэл хүүхэнтэй аз жаргалтай байгаа эрийн амьдралыг хотхоныхон өөрсдийнхтэйгөө зүйрлэцгээдэг болов.

Хотхоныхон зожиг эрийн талаар өмнөх шигээ сүр бадруулан ярихаа байсан ч гэртээ яаж аж төрдгийг нь битүүхэндээ сонирхоно. Гэтэл далд амьдралтай эр гэртээ шинэ тавилга худалдаж авсан тэр өдөр амьдрал нь нийтэд ил болчихов. Нүсэр тавилгаа хаалгаараа оруулах гэж зүдэрч байхад нь нэг хөрш нь өргөлцөж туслахдаа гэр доторхыг нь харцаараа нэгжжээ. Гэрт нь шинэхэн гэрлэсэн хиймэл эхнэрээс нь гадна өөр хэд хэдэн тийм хүүхэн торойцгооно.

Ярианы сэдэв болсон нууцлаг эрийг гадагшаа ажлаар явсан хойгуур хэн нэгэн гэрт нь нэвтэрч хиймэл хүүхнүүдийнх нь дунд хиймэл эр суулгаж даажигнасан нь зожиг эрийн тэсвэрийг алдагдуулж буун дуу гаргалаа…

“Зуун хувь төгс эхнэр”-ийг эрхэм уншигч та өөрөө гүйцээж уншвал амттай байх санж. “Иргэншлээс оргох тасалбар”-т багтсан “Цоожтой гүүр”, “Зөрлөг дээр өнгөрүүлсэн 1:30 минут”, “Зүүдэнд авахуулсан гэрэл зураг”, “Terrorist Win”, “Морг”, “Нуугдаж тоглоё” өгүүллэгүүдийг уншаад Монголын утга уран зохиолд овоо залуус хэдийнэ ороод ирчихсэн явж байгаа юм байна гэх бодол төрөх байх. Тийм болохоор уншчихаар аятайхан ном хайдаг цаг ард хоцрох нь гэсэн үг л дээ, цаашид.

Categories
булангууд мэдээ өд-бэх

“Бор цэргээс Бороо генерал” номын нээлт боллоо

Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатарын “Бор цэргээс Бороо генерал” номын нээлт өнөөдөр боллоо. Тэрбээр Монгол төрийн хошууч генерал Михлайн Борбаатарын тухай уг номдоо өгүүлжээ. Тодруулбал, М.Борбаатар генералын дүр төрх, зан төлөв, удирдах чадвар, хүнийг хүн ёсоор нь хүндэтгэдэг хүнлэг чанар, аядуу зөөлөн атлаа хатуу чанд чанар гээд түний хувь хүний олон талыг нь энэхүү номдоо харуулжээ.

“Бор цэргээс Бороо генерал” ном нь “Өсөх нас өгсүүр зам”, “Генералын мөрдэстэй он жилүүд”, “Дурсах нөхөдтэй дурсагдах үйлстэн”, “Дотно хууч”, “Дотоод сэтгэл” гэх зургаан хэсгээс бүрдсэн байна. Мөн хурандаа генерал Б.Дорж, Б.Цог, Ж.Авхиа, Ж.Ёндон, Л.Болд гээд Батлан хамгаалахын салбарт ажиллаж байсан нэр алдартай хүмүүсийн дурсамж, арван жилийн ангийн хүүхдүүд, хамтран ажиллагсдынх нь сонирхолтой хууч яриагаар бүтсэн ажээ.

Номынхоо тухайд доктор Ш.Сүхбаатар хэлэхдээ “Бороо генерал бол нэг талдаа их энгийн нөгөө талдаа Монголын агуу жанжидын нэг гэж би энэхүү номоо бичсэн.Тэрбээр байлдагчаас эхлээд хошууч генерал хүртлээ цэргийн авах ёстой бүх л цолыг ном журмын дагуу бүгдийг нь авсан, энгийн байлдагчийн медалиас Сүхбаатарын одон хүртэл авсан ийм л агуу хүн, халамжит хань, аав байсан юм” хэмээн тодотгож байлаа.

Уг номын зохиогч Ш.Сүхбаатар нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн тухай “Монгол төрийн мэргэн өвөө”, хурандаа генерал Ж.Авхиагийн тухай “Эр хүн”, зурхайч С.Дашдамбын тухай “Толгойдоо тооны машинтай зурхайч” зэрэг намтар судлалын номууд туурвиж байсан юм.

Ж.Хулан

Categories
булангууд мэдээ өд-бэх

“Бор цэргээс Бороо генерал” номын нээлт болно

Өнөөдөр 16 цагт Хууль зүйн ухааны доктор, хурандаа Ш.Сүхбаатарын “Бор цэргээс Бороо генерал” номын нээлт болно. Тэрээр Монгол төрийн хошууч генерал М.Борбаатарын тухай уг номдоо өгүүлжээ.

Мөн цаг цагийн Батлан хамгаалахын сайд нарын дурсамж, арван жилийн ангийн хүүхдүүд, хамтран ажиллагсадынх нь сонирхолтой хууч яриагаар бүтжээ.

Ш.Сүхбаатар нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн тухай “Монгол төрийн мэргэн өвөө”, хурандаа генерал Ж.Авхиагийн тухай “Эр хүн”, зурхайч С.Дашдамбын тухай “Толгойдоо тооны машинтай зурхайч” зэрэг намтар судлалын номууд туурвиж байсан юм.

Categories
булангууд мэдээ өд-бэх

​ӨГҮҮЛЛЭГ: Диваажинд нар мандана

Байгаль ертөнцийн мөнхийн хөдөлгөөн гэнэт зогсчих шиг болоод чих дүлийрэн шуугиж, тархи толгой битүү мансуурахад нүдээ анилаа. Ингээд хагас мансуурлын байдалтай хэсэг хэвтэв. Агаар чийглэг болоод давирхайны сэнгэнэсэн үнэртэй бөгөөд хярд намрын сэрүүн амьсгал унажээ.

Нүд сонсдог аж. Анихаар таг чиг болж харахаар холын сэрчигнээн, хуурай хэрнээ уянгалаг царгиан, шүүрс алдах мэт авиа тэртээ дээрээс удаан бөгөөд аяархан бууж ирэх нь анирлагдана. Хөвчийн гүнд салхи исгэрч, араатан улин хүрхрэх, ууль орилон шар шувуу хүүглэхээс эхлээд түмэн янзын дуу чимээ байдгийг хэн эс андах вэ. Гэвч хөвчид өөрийн гэсэн нэгэн анир байдгийг хүн тэр бүр мэддэггүй юм. Хөвчийн тэр өвөрмөц өнгө, үнэр, анир гурвыг яг тийм гэж цохон нэрлэхэд хэцүү л дээ. Зөвхөн өөрөө л мэдрэхээс хүнд хэлэхэд төвөгтэй.

Есдүгээр ангиа дүүргэснээс хойш нутагтаа ирэлгүй олон жил болжээ. Харь нутагт боолын хөдөлмөр эрхэлж гэрээ мартсан гэсэр болохын алдад өвөө маань тэнхээрхэн дуудуулж сар гаруй дэргэд нь сахиад өдгөө гэрээслэлийнх нь дагуу төрж өссөн, хайрлаж, хамгаалж явсан тоонотод нь дахин хөл тавиад байгаа минь энэ.

Нийгэм задгайрч, дөнгөж дунд сургуулиа дүүргэсэн залуус жолоо цулбуураа зоргоор нь тавьсан тэр өдрүүд өдгөөгөөс хориодхон жилийн өмнө. Өвөөгийнхөө өвдгийг түшиж хөлд орсон, дураараа өссөн эрх жаал миний бие ч үеийнхнээсээ хоцролгүй гадагшаа тэмүүлэхдээ буяндаа бузар хийж, бурхны номын ариун сүмээс нь хэдэн бурхан сэмхэн авч арилжаад явсан минь эмгэнэлтэй ч гэхэд хэцүү, гэнэн тэнэг үйлдэл байсныг нэхэн санахад уйтай. Хаврын хавсаргад гуядуулан мөлхсөөр могойн жим төдий зөргөөр бэдрэн очиж оройгоороо байц их хадтай энэ л газар, өвөөгийн өвөлжөөний байшингийн доошоо шаталсан шатаар нь тэмтчин бахим хийцтэй царс модон хаалгыг нь түлхүүрдэн орж хэдэн бурхан авч одсоноо яахин мартана.

Тайга руу шургах тусам сэрүү татавч дотор улам давчдав. Гэнэт хажуугийн бургасан дундаас нэг туулай тонгос дэгдсээр хойд хоёр хөл дээрээ зогсоход араас нь дөрвөн бүжин бүлтгэнэн дагасаар зүлгэн дээрх хөвдийн нарийн өвсийг хэмлэх нь харагдана. Би хөдөлсөнгүй. Энд туулай элбэг байдаг хэвээр бололтой. Араараа модтой ижилхэн уулсаар хүрээлэгдсэн давчуу хөндий дундуур Туулайтын горхи хөвчийн хөх судас болон мэлтгэнэнэ. Майхантын төгөл гоо үзэмжээрээ ч, ашиг өгөөжөөрөө ч нутаг усны минь бахархал, өвөөгийн минь хөх уул билээ. Тэгээд л өвөө минь нэг насаараа эндхийн ой хамгаалагч явсансан. Гэтэл одоо Майхантын ар эрвэн, сэрвэн үстэй хожгор толгойтой хүний хуйх шиг болжээ. Байгаль ертөнцийн хувь заяанд нийгмийн ялгаа, төрийн бодлого, хүний оролцоо ингэж хурдан нөлөөлдөг аж.

Үд дундын алдад нарны туяа энэ өндөрлөг газрын хажуугаас таширлаж хөвчийг нөмөрсөн хөхөмдөг униар сийрэгшин ойн алаг цоог амьдрал тод ялгарна.

Голоо дагаад хад жимсний бут битүү ургаж найман сард навчаа гээж яг л багсайсан усан үзмийн талбай шиг болж, сийрэгхэн моднуудын чөлөөгөөр хөвдөнд бүрхэгдсэн хад чулууны хооронд зууван хэлбэртэй, том ширхэгтэй аньс ягаараад ёстой нэг хаашаа ч харсан хангайн хишиг нүд баясгаж, сэтгэл цатгах бөгөөд жимс самрын гарц сайтай жил тэр их элбэг дэлбэг юмнаас юугий нь түүж, хаашаа явахаа мэдэхгүй нүд эрээлжилж, хөл ороолддог тийм л өгөөжтэй газарсан. Гэтэл би энэ хүртэл мацахдаа сая юу ч олж харсангүй, аньс огт гарсангүй, гагцхүү өмхрөөд дуусч байгаа хэдэн хожуулын дэргэд хөвд бүрхсэн довон дээр ганц хоёр жимс бөнжийж, хад жимс ширхэг ч харагдсангүй. Бүр нохой хошуу хүртэл үзэгдсэнгүй.

Миний зорьж ирсэн өвөлжөө ч байхгүй болж урьд өмнө хэзээ ч байгаагүй юм шиг ул мөргүй буурин дээр нь тэмээн шарилж битүү ургасныг хараад нүдэнд маань чийг дааварлаад ирэв. Өвөлжөө ч гэж дээ бид тэгж нэрлэж заншсан болохоос нутгийнхан “оточ” Жанлавын отог гэдэг байлаа. Гаднаасаа жижигхэн харагддаг ч дотроо сүрхий уужим тохилог хоёр хөөрхөн цонхтой байж билээ. Хаалга үүдийг нь зузаан царсаар хийсэн ч цоожгүй. Анчид ирж отоглох нь ч олонтаа. Өвөөг дагаж энд мөн ч олон удаа ирж хоноглохдоо тэртээ доорх хонгилд нь орж бурхан номынх нь тоосыг арчиж зул, хүж асааж залбирал мөргөл болоход нь чимээгүй даган баясдагсан. Өвөө тэр үед юу ч үл дуугарах бөгөөд миний хүү том болохоороо бүх учрыг нь мэднэ гэнэ. Гэтэл одоо болоход сүх далайж тамираа барахгүй гэсэндээ хэн нэг нь малын пүнз хийхээр аваад явчихсан ч юм уу бүү мэд, буурь нь харлаад уджээ.

Тайга цаанаа л нэг харийн хөндий юм шиг санагдаад явчихав. Орвонгоороо булгарч унасан том том дархи, ид залуугаараа тайрагдаж хувхайрсан хожуул дунд хэрхэхээ мэдэхгүй хэсэг зогсов. Өндөр гоолиг нарс хээнцэр ганганаа гайхуулж үндэс булаалдан зэрэгцээд сүглийж байсан газар одоо ямар болчих нь энэ вэ? Орой дээрх хэдхэн мөчрөөс нь өөр нэг ч яр гишүү байхгүй, үзүүр ёзоор хоёр нь бүдүүн нарийнаараа бараг тэнцүү гоолиг нарс, шинэс модод “сайхны өмнө нүд буруутай” гэгчээр ийн хэлмэгджээ. Майхант уулын зүүн мөргөцөг хүртэл ийм хожуулууд нүд эрээлжилж дотор муухайрмаар үргэлжилнэ.

Буурал эцгийнхээ хөлс хүч, ур чадвараа гаргаж босгосон байшингийн туурин дээр ирээд хамаг л зорилго маань хийсэн одох шиг болов. Энэ олон жилд эргэж тойрч байгаагүй аавдаа, хүний нутагт доншуучлан амьдарч ирсэн өөртөө бухимдаж галзуурах шахав. Орхигдож хоосорсон нутаг минь. Эх орон эмтэрвээс элэг эмтэрнэ гэгч л энэ болов. Насаараа л бусдын тэжээвэр мэт явсан надад өөрийн зорилго гэж юу байв. Эцэг эхээс төрүүтээ л эмээ өвөө дээрээ өсч эрийн цээнд хүрүүтээ л эх орноо орхиж, эд өглөгөөс нь зарж үрээд бусдыг даган харь хүний харцан дор ажиллаж хэдэн төгрөгний боол болж явсан надад өөрийн гэсэн бахархах газар шороо минь энэ л тоонот мөнөөсөө мөн байсныг хоромхон зуурт мэдрэв. Насаараа хангай дэлхийгээ шүтэж эмийн өвс ургамал түүж, хандалж хадгалж, хэрэг болсон амьтан ах дүүстээ өгч нутаг орондоо “оточ”, бас ой хамгаалагч, заримдаа анчин хэмээгдэж явсан өвгөн аав минь насан хутаг болохдоо надад юу хэлсэн билээ.

-Хүү минь, өвөө нь чамд бурхныхаа сүмийн түлхүүрийг өгье. Тэнд бурхан, ном судрыг олноор нь хадгалсан байгаа. Шүтэж, дээдэлж, хүндэлж чадахгүйгээс хойш та нарт хэрэггүй. Улсынхаа сан хөмрөгт авчирч өгөөрэй. Өвөг дээдсийн маань үеийн үед шүтэж, сүсэлж явсан шүтээнүүд энэ цагийн та нарт бол бүхэл бүтэн музей болох эд хөрөнгө залаастайгаа, хадгалаастай бий. Одоо дахиж харийн нутгаар битгий тэнэ, сэтгэлийн мэлмий чинь сохорно. Чамд өөрийн гэсэн эх орон чинь байна. Гэтэл эрчүүд нь тэнэж эх орон, газар шороо чинь эзгүйрч гүйцлээ. Яагаад та нар чинь уугуул ус, суугуул нутгаа орхиж, задарч бутарч явна вэ? Майхант ууландаа оч. Тэр хайрхан чинь уулан дээр ургасан уул юм шүү. Өвөөгийнхөө отгийг очиж додомд. Тэгвэл буян заяа чинь тэгширнэ. Нутаг холдож, нас өндөр болоод чамайг явснаас хойш ер очиж амжсангүй. Бурхны гүнгэрваанд байгаа тэр Намсрай бурхныг отог дээр минь авч очоорой гээд ногоон зогдортой цагаан арслан дээр хагас завилан суугаад баруун мутартаа жалцан барьж хоосон ядуугийн зовлонг арилгагч элдэв үнэт эрдэнэ чимэг биедээ зүүсэн бурхандаа сүслэн залбираад амандаа “Ум бээ шаравана ай суухай” хэмээн хэдэнтээ уншин адис өгөөд

-Цус, нулимс хоёрт бурхны мэлмий сэвтдэггүй юм. Газрын диваажинд маань нар гарч, солонго татах цаг нь болжээ. Ямархан он жилүүд өнгөрч, үгүйрэл хоосрол нүүрлэв. Аав минь гучаад онд эсэргүү болж баригдаад явахдаа тэр газар орныг надад хэлж мануулсан юм. Энхжинг эгээрсэн агуу их өвөг дээдсийн минь шүтээн ч тэнд бий. Өвөө нь их ч додомдсон. Одоо чиний ээлж ирсэн ч түүнийг арчилж чадахгүй биз дээ. Нэг хэсгийг нь чи үрэн таран хийгээд явсан. Өвөө нь тэр байрныхаа шалыг гурван давхар доошоо үелсэн байдлаар хадаж, нууц хонгилоо чагталж далдалсан. Яаж онгойлгох, хэрхэн хүрэх маршрут зургийг нь өгнө гээд

-Ээ ногоон дара эх минь гэснээ Намсрай бурхныхаа суумал шармал тагийг авч дотроос нь хонины зөөлрүүлж элдсэн алга дарам илгэ гаргаж дээр нь сүмийн хаалганд хэрхэн яаж очихыг нарийвчлан зурснаа тайлбарлаж өгсөнсөн.

Уулын сүүдэр зүүн талын модот уулын ам жалгыг нөмрөн оройн нар өрнийн хөх сарьдгийн оргилыг шүргэх дөхжээ. Ухаан санаа дэн дун. Би хэн, хэзээ нурааж одсоныг мэдэхгүй өвөөгийнхөө отгийн буурин дээр ургасан зэрлэг өвсийг зулгааж суутал нүдний үзүүрт гэнэт эвэр нь ч ургаж гүйцээгүй зүр зогсож харагдав. Юусан билээ хэмээн ахиулан ажвал салаа эвэр нь сэрийсэн өндөр том биетэй өл халзан гур ч цаана нь зогсох аж. Гөрөөсөд хүзүүгээ сунган өлийлдөж хамар нь сарталзан хоолой төвөнх нь гүрэлзэх авай.

-Хайрхан минь, сахиус минь гэхдээ би өөрийн эрхгүй нүдээ аньж дээдсийн сүнснээс өмөг түшгийг эрэлхийлэн нүглээ наманчлан сөгдөв.

-Хөвүүн чи гэр рүүгээ зүглэ! Ширэнгэн дундах зөрөг дагаад яв, авчирсан бурхнаа орхи! Эдэлдэг эрчүүд цөөрч, эвдэлдэг хөвгүүд олширсон хатуу цаг шүү хүү минь гэж хэлэх шиг болсноо өнөөх зүр, гур хоёр Майхантын орой тийш долоон өнгийн солонго татуулан агшин зуур алга болоход өөрийн эрхгүй дотор зарсхийж эрүү ам маань эвлэхгүй татвалзаад явчихав. Нэг мэдэхүл хадганд боосон бурхнаа өврөөсөө гаргаж газар хонхойлон булаад жим төдий зөрөг даган сүүдэртэйгээ хөөцөлдөн яаравчлан уруудлаа.

-Хайрхан минь, өршөө. Би чинь ямархан цагийн хүн бэ? Диваажинд нар мандаг гэж өвөө маань юу бодож хэлэв. Сая надад юу үзэгдэж, хэн үг шивнэв.

Түмэн бодолд автаж хэсэгхэн зуур сатаарч булгарч унаад газраас хөндийрсөн нэгэн нарсны дэргэд амьсгаагаа дарж жаахан суугаад буурал хөвдөөр хучигдан бараантах том үхэр чулууны дэргэд орхисон машиндаа хурдхан хүрэхийн түүс болж, үхэр чулуутай бут бургасан дундуур багадаа хонь хариулж, арынх нь ойд нэрс түүж явсан хяр даган уруудахдаа саяхан зурагтаар нэгэн байгаль хамгаалагч хулгайчдын гарт өртөж хядуулсан модны хожуулуудын өө сэвийг нь өөрчлөн хөөрхөн туулайн дүрс болгон сийлж будаад, дэргэд нь үрсэлгээ хийж байхыг харсан минь бодогдохуй хүн амьтны хөлөөс зайдуу байгалийн аглагт өвөөдөө зориулан энхжингийн ариуслын ордон босгоё байз хэмээн бодтол зүрх хөөрч, сэтгэл огшоод ирэв.

Би газрын мухраас бус сэтгэлийн мухраас гарч яваа юм шиг хөөрч тэр хүнтэй холбоо барих минь, байшинг нь ч шинээр барья хэмээн шийдэв. Сэтгэлд нүд гарах гэдэг энэ ажээ.

Нар тэнгэрийн хаяанд олон жадны үзүүр мэт сэрвийх гацуур модны оройд хатгуулчих вий гэсэн шиг ихэд удаан гэлдрэн жаргаж байв. Чулуунуудаа илбэх Туулайтын горхи шоржигнож, салхигүй нарны амьсгаанд моносны навч сэрчигнэж авай.

МЗЭ-ийн шагналт зохиолч Ж.ЗАЯАБААТАР

Categories
булангууд мэдээ өд-бэх

Нэг л сайхан бүсгүй байдаг хорвоо

Хайдавын Чилаажав

(Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт)

Нэг л сайхан цэнхэр өнгөтэй тэнгэр

Нэг л сайхан цэцэг ургадаг дэлхий

Нэг л сайхан учрал байдаг амьдрал

Нэг л сайхан бүсгүй байдаг хорвоо

Үл ялиг битүүхэн инээмсэглээд

Үг хэлэхдээ нүд нь хөдлөөд

Эгэл бусаар сэтгэлд минь оршиж яваа

Нэг л сайхан бүсгүй байдаг хорвоо

Тэр бүсгүйг хааяа би зүүдэлдэг

Тэр бүсгүйг олны дундаас хайж явдаг

Тэр бүсгүй хааяа нүдэнд үзэгддэг

Тэмүүлэл итгэлээр амьдралыг минь чимж өгдөг

Нэг л сайхан жаргал байдаг хорвоо

Нэг л сайхан хүсэл байдаг хорвоо

Нэг л сайхан бүсгүй байдаг хорвоо

Тэр бүсгүй уран зөөлөн гартай

Тэнгэрлэг намуухан ялдам харцтай

Тэр сайхан нүдээрээ намайг харах

Тийм азтай өдөр шиврээ бороотой

Тэр бүсгүй тунгалаг гэгээн царайтай

Тэгшхэн цав цагаан шүдтэй

Тэр сайхан шүдээ ярайтал мишээх

Тийм таатай өдөр шившээ салхитай

Тэр бүсгүй жавхаалаг, бардам алхаатай

Тэвхгэр мөр, нарийн гоо бэлхүүстэй

Тийм жаргалтай үдэш, цагаан гэгээтэй

Миний төлөө гоо сайхан төрсөн

Хүний орчлонгийн гэрэл гэгээ болсон

Нэрийг минь мэдвэл зүс нь гунддаг

Нэг л сайхан бүсгүй байдаг хорвоо

Categories
булангууд мэдээ өд-бэх

ӨГҮҮЛЛЭГ: Бургас гөлөглөх цагаар

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Р.Ганбатын бүтээлээс хүргэе.

Өглөөний час улаан наран цэнхэр ногоон тэнгисийн мандлаас ус савируулан мандав. Дунгармаа ногоон шавар вааран дээвэртэй, жижиг хэрнээ гоёмсог барьсан байшингийнхаа довжоон дээр өглөө болгон гарч нар гарахыг хардаг ажээ. Их сургуулийн оюутан болсон хойноо өглөө эртлэн хичээл давтаж суухдаа ирээдүйгээ ямар сайхнаар төсөөлдөг, ямар их гэгээ гэрэлтэй амьдралыг мөрөөддөг байлаа. Гэтэл өнөөдөр аавтайгаа чацуу шахам харь нутгийн цонхигор өвгөний эхнэр болчихоод улаан наран мандахыг жижиг байшингийн довжоон дээрээс харан зогсож байх нь гэнэн залуу насных нь мөрөөдлөөс нь дэндүү зөрөөтэй. Дууяа гэх дуу байшингаас бүдэгхэн сонсогдов. Элдвийг бодож зогссон Дунгармаа давхийн нойрноосоо сэрэх мэт болов.Нөхөр нь сэржээ. Миний хувь тавилан, заяасан хань минь гэж Дунгармаа дотроо бодоод гашуунаар инээмсэглэв.

Миний хувь тавилан гэж сонин юм даа гэж Дунгармаа бодов. Алдартай сайн зураач болно гэж хар багаасаа л мөрөөдөж явсан. Сургуульд сурч байхын түүний хүсэл мөрөөдөл нь уран зураг шиг санагдаж байсан. Багаасаа үзэсгэлэн уралдаанд оролцож, заримдаа шагнуулж, оюутан болсон хойноо “ирээдүйтэй зураач” гэгдэж явсан. Гэвч зураач болсонгүй дээ. Сургуулиа төгсөөд арван жилийн сургуулийн зургийн багш боллоо. Дунгармаа нөхрөө хувцаслалаа. Нөхөр нь дугарахгүй, дэлгүүрийн үзүүлэн мэт зогсоно. Тэгснээ:

-Угаалтуурын карантны жийргэвч муудсан бололтой. Чи засварчин битгий дуудаарай, би дуудна гэж хэлэв. Жийргэвчийг нь солих болсон байна лээ. Би ч сольчихож чадна л даа. Хэрэв би өөрөө сольчихвол “Хэнээр хийлгэв” гээд байх юм болов уу гэж Дунгармаа бодов.

Цэцэрлэгээ усалдаг хоолойных нь хошуу эвдрэхэд хажуу айлын цэцэрлэгч залууг гуйж засуулсан үнэ мөнгө ч аваагүй. Гэнэт нөхөр нь гаднаас орж ирээд юм ч хэлэлгүй гэр лүүгээ явсан. Дунгармаа буруу юм хийгээгүй ч гэсэн нэг л хачин болж санаа нь зовоод араас нь орсон. Дунгармаа шөнө болгон уйлна. Энэ газар ирснээ, энэ өвгөний боол болсноо, мөнгөтэй болохын хүслэн шуналтай өөрийгөө харааж байлаа. Мөнгөтэй болсон ч юм алга. Гэртээ харимаар, аав ээждээ очмоор байлаа. Энэ хүнтэй, цэвдэг хүйтэн царайтай хүний өмд гутал цэвэрлэж явах ч гэж. Гэвч оргоод явж чадахгүй. Паспорт нь хаана байгааг бүү мэд “Чи их үнэтэй хүүхэн шүү. Зуучлагчид чинь ямар их мөнгө өгснийг мэдэх үү?” гэж нэг өдөр нөхөр нь хэлж байсан. “Намайг зуучлаагүй. Чи бид хоёр өөрсдөө танилцаа биз дээ” гэж Дунгармаа хэлэхэд,” Манай үйлдвэрт чамайг оруулсан зуучлагч чинь надаас их мөнгө авсан шүү” гэж билээ.

Нүүр гарын жижигхэн саван шалан дээр унасан байхыг нөхөр нь хараад “Хүн яагаад ядуу байдгийн учрыг чи ойлгохгүй байна. Юмаа жижиг ч гэсэн хайрлаж бай. Танайх шиг жижиг юмаа хайрлах байтугай уул шиг их алтаа гадныханд зүгээр өгөөд жаахан татвар авсандаа баярлаж байдаг тэнэг улс дэлхийд байхгүй” гэж загнасан.

Юм бүхэн дээр Монголынхоо муу муухайг дуудуулах Дунгармаад сайхан байсангүй. Хувцасны чимэг зүүлт, гинж гархи оёдог жижиг үйлдвэрт өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл бөгтийж суусандаа нүд нь эрээлжилж, орой байрандаа ирээд аяга гоймонгоо идэж суухад тавган дотор нь нөгөө чимэг зүүүлтнүүд харагдаад байдаг байж билээ. Зургаан жилийн өмнө нэг хот руу ажлаар очоод шөнө нь эзнийхээ өвөрт сэрсэн. Баян хүний эхнэр болоод жаргана гэж бодсон болохоос эдний ёс заншилд баригдаж гэрийн боол болно гэдгээ даан ч мэдсэнгүй дээ. Би ч өнгөрчээ. Дөч хүрч байгаа авгай дэвхрээд, дэвхрээд дөнгөнөөсөө гарах нь өнгөрч. Харин хүүгээ л эрдэм номтой хүн болгоё. Энд авчирч хэл ам сургая гэж шийдсэн. Миний хоёр хүү байна. Чиний хүүг энд авчирвал би хууль ёсоор үрчилж авах ёстой. Манай ёсоор бол отгон хүү голомтоо залгаж өв хөрөнгөний эзэн болох ёстой. Огт мэдэхгүй, танихгүй монгол залууд гал голомтоо, хамаг хөрөнгөө өгөхийг миний хоёр хүү хүсэхгүй. Харин хүүгийн чинь сурч боловсрох, амьдрах бүх бололцоогоор нь би хангана. Амьдралд нь хүрэлцэх хэмжээний мөнгийг ч би өгнө гэж нөхөр нь хэлснийг Дунгармаа гутлаа тослохдоо бодож суулаа.

Жаамаатайгаа амьдарч явсан бол ямар байх байсан бол? Хүүгээ дундаа хөтлөөд хөхиүн баяртай явсан жаргалтай өдрүүд тэдэнд байсан. Жаамаа агсарч согтуурч, энэ насанд мартмааргүй муухай үг хашгиран цамнавч маргааш нь сүү долоосон гөлөг мэт болж үг ч дуугарч чадахгүй, хар эрт босоод хувцсыг нь угааж индүүдэн, гутлыг нь тосолж сойздож суудагсан. Гэтэл өнөөдөр Дунгармаа өөрөө ямар ч гэм хийгээгүй мөртлөө хүний гутал тосолж гарааш руу гүйхээрээ очиж байх юм даа. Жаамаадаа дэндүү эрх танхил явж дээ. Тэр үедээ аз жаргалаа ч үнэлж мэддэггүй явж. Одоо хэндээ эрхлэх билээ. Ээж нь дэндүү хол. Жаамаа нь одоо хайрлах өөр хүнтэй. Өнгөрсөн өвөл мөнөөх залуухан охинтойгоо суусан. Уулын зэрлэг сонгино шиг аагтай жижигхэн цагаан эр, магадгүй жинхэнэ сайн ханьтайгаа учирсан ч юм бил үү, архи ч амсахаа больсон сурагтай. Нондин зун нутагтаа очиход нь ирж:

-Найз нь чамайг таван жил хүлээлээ. Хүний эхнэр болсныг чинь дуупаад ёстой архинд орохоо шахсан. Манай Тунгаа бага хүн мөртлөө сүрхий шүү. Та амьдралаа бод. Хүмүүст муугаа битгий үзүүл гэж нэхэл дагуул болсоор байгаад нэг мэдсэн бид хоёр бие биедээ хайртай болсон байлаа. Ямар ч юм болсон гэсэн чи миний анхны минь хань шүү. Би чамайгаа одоо ч гэсэн санаж явдаг. Миний муу бүхнийг санаж өршөөгөөрэй. Зургаа хаяж болохгүй шүү. Чамайгаа дахиж зовоохгүй гэж өөртөө олон удаа тангарагласан. Гэвч чи минь хүний хүн болжээ. Чи биш би л буруутай. Би одоо Тунгаагаа л зовоохгүйг бодож явна даа. Чи минь босс болжээ. Дандаа сайн яваарай гэж хэлсэн.

-Би босс биш ээ. Боол болсон гэж хэлмээр бүр хашгирмаар байсан боловч чадаагүй.

Хүний амьдрал зуун жилээр үргэлжлэх биш дээ. Ганц олдох насаа харийн хүнд худалдагдсан боол мэт амьдарч элээх үү? Дунгармаа аав, ээжээ, хүүгээ, нутгаа санасан үедээ зургаа зурдаг. Гэвч энэ зураг нь хэнд ч хэрэгтэй юм. Гэрт нь л байж байгаа. Зундаа нэг нутагтаа очоод аз таарвал үзэсгэлэнд тавина. Түүнийг нь хэдэн хүн үзэх юм билээ. Жилдээ ганц нэг зураг тавиад хүмүүсийн сэтгэлд хүрнэ гэж үү? Яахав дээ. Гайгүй л зурсан зураг байна. Энэ Дунгармаа гэж ямар хүн, хаанаас хааяа гарч ирдэг юм бол гэлцвэл их юм. Тэгээд нутгаасаа явахын цагтаа нөгөө зургуудаа таньдаг хүмүүстээ зүгээр тарааж өгөөд л ирнэ. Зураачдын хүрээлэлд байдаггүй, оволзсон халуун амьдрал дунд нь хамт баярлаж, гомдож явдаггүй хүн болохоор нь зураачид ч түүнийг өөрийн хүн гэж хүлээж авдаггүй. Ер нь би чинь хэн юм бэ? гэж Дунгармаад бодогдов. Энэ бодол түүнийг сүүлийн үед сүүдэр мэт дагаад байгаа билээ.

Хараад маань бургас гөлөглөж, зөөлөн саарал үстэй жижигхэн гөлөгнүүд мөчир дороо бөндийлгөн өхөөрдөм харагдаж, ургаж байгаа бургасны мөчрийн чихрийн чөмөг шиг давирхай нь гарт наалдан шаргалтаж. Ер бусын нууц үнэр нь хамар цоргин, долоогоод үзэхэд хэл дарвигануулан гашуун амтагдаж байгаа даа гэж Дунгармаа бодож зогсов. Цэцэг дэлгэрсэн хавар болгон өөрөө нас нэмж байгаагаа дэлгэрч байгаа мэт аймшигтай эндүүрч, амьдрал гэдэг агуу том, хаяа хярхаггүй, эхийн сургаал, сэтгэл хоёроо ч зориулахгүй, жил өнгөрөх тутам өтөлж, улам давжаа жаахан болоод, ус гүйлгэнэсэн, нэг л уйтай нүдээрээ охиноо харсаар бөртийтлөө үлддэг аав, ээжээ ч асралгүй, Хараа гол, Хоёр Мандал хайрхандаа даатгаж орхиод хүний нутаг явчихдагаа бодохоос үхмээр санагдаж уйлав. Яагаад ч юм ингэж явсаар халуун орны өвчин тусч үхвэл хэн ч мэдэх юм билээ гэж санагдан улам цурхиран уйллаа.

Дунд голын ургасан аарцаг буурцаг төглүүд дунд бургас гөлөглөж байлаа…