Categories
булангууд мэдээ томилолт

Нарны солонго шиг үзэгдээд өнгөрсөн Чинжигийн Булган хангайгаар…

Түмэн хүн хөлхсөн
галт тэрэгний буудал түжигнээн тачигнаан дүүрэн. Ирж буцах хүний тавилантай
зүйрлэм одох, үдэхийн гэгээхэн гуниг хөшиглөн намиатна. Булган хангайн намар
өглөөгүүр будан хүдэнд нь хөлөө дүрж бууна гэхээс Эрдэнэт чигийн вагонд дөнгөж
суусан атлаа сэтгэл нэг л догдлонгуй. Эргэн тойрноо харвал над шиг догдлонгуй
хүн ч алга. Суудалдаа тухалсан зорчигчид “Одоо явдаггүй юм байх даа” гэж
битүүхэн хүлээсэн хүмүүс. Ер хүний хорвоо гэгч цаг мөч тутам хүлээж догдолж,
урагш тэмүүлэхийн гэгээн заяа гэлтэй. “Улаанбаатар” өртөөнөөс хөдөлснөөс хойш
хажууд тухалсан улаан тэрмэн дээлтэй, бүрх малгайтай хижээл нас­ны ах, сүүлд
танилцахад солонгос, түрэгт найман жил хараар ажилласан гэх залуу, орж ирсэн
цагаасаа ам хуурайгүй хүүрнэх тавиад насны эгч, “Этүгэн” сургуулийн нэгдүгээр
курсын оюутан хүү, Баруунхараа дээр бууна гэх аятайхан бүсгүй гээд хэдий сайн
танихгүй ч бүгд л сэтгэлд дотно санагдана. Ам хуурайгүй эгч Эрдэнэтийн
цагдаагийн томоохон албан тушаалтны гэргий гэнэ. Уурхайн хотхонд урд өдөр нь
үерхдэг бүсгүйгээ, эмээтэй нь, хүүтэй нь сүхдэж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан
тухай өгүүлж, аян замын хамсаатнуудаа түгшүүрлүүлээд авав. “Ийм ноцтой хэрэг
манай сонин дээр гарсан баймаар юм. Эрэн сурвалжлахын Хүрлээ “Балдорж” шагнал
авах гэж хөө­рөөд анзаараагүй өнгөрчихсөн юм болов уу” хэмээн өглөөнөөс хойш их
ажилтайдаа түүртэн гарчиглаж амжаагүй “Өдрийн сонин”-оо үүргэвчнээсээ гарган
шаржигнууллаа. Цагдаагийн даргын эхнэрийн амнаас сонссоноос өчнөөн бодитой,
хэдийнэ бичсэнийг уншаад, золгүй явдалд гуниглаж, эрээн бараан аж төрөл, эгэл
жирийн ардынхаа зовлонг ч алдаа оноогүй бичиглэдэг үзэг нэгтнээрээ бахархах
сэтгэл төрлөө.

Нийтийн вагоны
дотоод долгионоор

“Аргадаж
гэгэлзсэн аялгууг сонсоход

Асгартал уйлмаар болдоггүй ч билүү

Алдаа онооны хатуухан үнэнийг

Атгахан зүрх дэнсэлдэггүй билүү

Эгшиг яруухан
дууны хорвоод

Эмзэг сэтгэл
бөмбөрөөд байх юм аа”

гэсэн ардын жүжигчин Долгорын сэтгэл гэгэлзүүлсэн дуу явж, нэг л амьдрах
энэ хорвоодоо утга учиртай амьдрахын гэгээн учиг хөвөрдөнө. Хүн ер нь юуны
төлөө төрж, юу бүтээж буцнам. Эхийн халуун хэвлийгээс хүй орчлонд унахдаа муу
үйл үйлдэж, эцэг эх, элгэн саднаа зовоох гэж алтан рашаан шиг амьдын агаар
залгилдаггүй байлтай. Ийм нэгэн гуниг сэтгэлийн гүнд огшино. “Тэр залуу яах гэж
энгэртээ наасан энхрий хайртнаа түйвээв ээ. Хэрвээ энэ дууг сонсоод утгын
гүнийг нь мэдэрч чадсан бол тийм булай хэрэг үйлдэхгүй л байх байсан даа”
гэхээс нулимс аяндаа цийлэгнэнэ. Галт тэрэг түжигнэн тачигнан харанхуйн дундуур
урагшлах нь угсраагаар тачигнатал галлах нэгэн хүчит бууны сум хар эрчээрээ хаа
нэгтээ очиж хагацал гунигийг бэлэглэх гэж исгэрэн нисэж явах шиг санагдана. Түг
таг, түг таг. Нэг л түгшүүртэй ч юм шиг нойр ч эс хүрнэ. Дарханы өртөөн дээр
зогсох бүтэн цагийн хооронд таван вагоноор тусгаарлагдан нэгэн харгуйд хамт
яваа гавьяат жүжигчин Намдагийн Төмөрхуяг ахын тусгай өрөөнд зочилж, халуун
элгэн сэтгэлээр хууч баахан хөөрөв. Бид төрийн соёрхолт хөгжмийн зохиолч
Цэдэн-Ишийн Чинзоригийн “Дууны хорвоо” улсын уралдааны зочноор уригдаж яваа юм.
Төмөрөө ах “Чинжигийнхээ “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ” дуунуудыг
дуулж хос жигүүртэй явсан залуу халуун өдрүүд минь энүүхэнд юм шиг санагдаж
байна. Танай Хонгор нутгийн яруу найрагч Намжимын Сүхбат бид ч их дотно явлаа шүү дээ.

Чинзориг сүүлд
надад

“Марал мичдийн
анивчаан дундаа

Манхайх саран
гэрэлтэй юм даа

Булгилах
зүрхэнд хүсэл дуудсан

Булбарай чи
минь ганцхан юм даа”

гэсэн үгтэй “Холын од руу харвачих вий дээ” дуугаа өгөхөд нь дуулаагүй.
Налайхын уурхайд осол гарч арваад сайхан залуу эндээд, тэдний нэг
Д.Баасанжаргал гэх залуугийн тэмдэглэлийн дэвтрээс олдсон үг шүү дээ. Би өмнө
нь Чинжигийнхээ гунигтай аялгуутай хэд хэдэн дууг дуулж алдрын моринд дөрөөлөөд
байсан ч нэг л дуулж төвдөхгүй буцааж өгсөн. Харин “Чингис хаан”-ы Жагаа маань
дэндүү сайхан дуулсан даа. Чинзоригийн дуу ер нь л нэг хүний сэтгэлийн
чавхдасыг хөндсөн аятай, цаанаа л нэг амьд байдаг юм даа” гэснээ “Чинжиг минь
их зөөлөн сэтгэлтэй хүн сэн. Яруу найрагч Шагдарын Уянга тэр хоёр нийтийн
унаанд явж байтал нүдэнд хүйтэн нэг залуу ирж дээрэлхэн, сандал дээр нь суугаад
тэр хоёрыг буулгахад унааны мөнгөгүй алхаж явахдаа “Төмөрөө минь байсан бол бид
хоёрыг дээрэлхэж чадахгүй дээ” гэж хоорондоо ярьж явсан байдаг юм, хөөрхий дөө”
гэж нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв. Энэ л үед Чинжиг аялгуу зохиосон төрийн
шагналт зохиолч Далхаагийн Норовын “Эцсийн тушаал” жүжгийн дууны

“Хүлгийн
сайныг унасан юмсан

Хүний дээд нь
явсан юмсан

Хүүгээ үнсэж
амжаагүй юмсан

Хүслээ гүйцээж
чадаагүй юмсан”
гэсэн
гашуухан үг цээжин цаана огшоод ирлээ. Халхын сайхан дуучинтай уулзаад
харанхуйд вагон руугаа алхаж явахад эгшигийн гэгээт их туурвилчийн аялгуунууд
чихнээ сонсогдох шиг болж сэтгэл нэг л цэлмүүхэн болов. Эрдэнэтийн өртөөн дээр
үүрийн жингээр буухуй намрын өглөө нэг л жихүүхэн. Биднийг тосох унаанууд
хэдийнэ иржээ. Хийл бололтой хөгжмийн зэмсэг үүрсэн хоёр тэрсхэн охин их
хөгжмийн зохиолчийн амьд ахуйдаа харж амжаагүй ихэр үрс Номинцэцэг, Сувданцэцэг
нар ажээ. Эрдэнэтээс цааш Овоотын хөтөл дээр гарч очиход наран сиймгэр пансан
үүлсийн чинадаас мандаж, сайтар ажвал эрдэнийн долоон өнгийн солонго нумлан
татжээ. Хамт яваа хөгжим бүжгийн багш бүсгүйчүүдэд сонин болгон хэлбэл тэгтлээ
тоосон шинжгүй. Намрын сайхан өглөө наран солонго харна гэдэг тийм ч элбэг
тавилан ч биш дээ, хорвоо минь.

Ийм л гэгээн
өглөө Чинзориг хөгжмийн зохиолч

“Алтан бороо
навчис асгарна

Аясын хонгор
салхи үлээнэ

Арын номин тайга дуниартана

Аав л ээжийн
минь нутаг санагдана

Моддын орой
тэндээ шуугина

Могодын айраг
дэргэд шаагина

Хайлан дуулан
суумаар аа

Хангайн сайхан
намар аа”
гэж
сэтгэлийн чавхдасаа хөглөн догдлон алхаа биз ээ. Монгол нутгийн минь баян
хангай Булган чигт намар налайжээ. Айлуудын яндангаас цэнхэр утаа эгц дээшээ
суунаглах нь тэнгэрийн мөнгөн зүү шиг санагдана. Тэртээ дээгүүр нисэн өнгөрөх
онгоцны цагаан утаатай тэр л тэнгэрийн мөнгөн зүү нийлж уярал хайр, учрал
хагацлын эгшгийг хөвөрдөн бүтэн бүрний хорвоог бүрдүүлэх мэт бодогдоно.
“Монголдоо алдартай “дүүгүүр” Гомбосүрэн начингийнх энүүхэн Зоон давааны доохно
шүү дээ. Айраг нь ч өдийд янзын байгаа даа” гэж нутгийн найрагч эгч цаанаа л
амттай тамшаалан, шүлсээ залгих нь шүлгээ уншдагаас нь ч уянгалаг юм шиг.
Айргийн бодон ганзагалсан хужаа мотоцикльтнууд замын дагуу үе үехэн шурхийн
зөрнө. Хөеөгөө зөөх хулгана шиг нэвсийтэл өвс ачсан бичил тэргүүд дэнхэлзэн
ойртож ирснээ сэвсхийн зөрж одно. Түлээ мод овоолон ачсан нэг нь харин нуруугаа
гонолзуулах гуна шиг аажуухан уужуухан урагшилна. Хүйтний улирлыг санаа амар
давах сан гэсэн хүн зоны хөдөлмөр бүтээлийн ид үе хөдөө нутагт айлчилжээ.
Ногоорон дуниарч, хүрэнтэн улаарч, алтран шарласан хөглөгөр моддын хаяагаар
зулзаган жаахан бургас, хуш эгнэсэн нь өвлийн өвөөгөө даган тойрон бүжигт ирсэн
тоодон даашинзтай цасан гоо охид шиг цаанаа л үзэмж төгөлдөр харагдана.

“Нарны
тасархай атгаж

Наадаж тоглосон нутаг юмсан

Насны босго алхаж

Наргиж цэнгэсэн газар юмсан

Өрөл мойлтой
нутагтаа

Өвлөөс урьтаад
очих юмсан

Өсөж торнисон
газартаа

Өвдөг сөгдөөд мөргөх юмсан” гэсэн буурал найрагч Н.Дагвадоржийн
“Нутгаа санах юм аа” шүлэгт нэрт хөгжмийн зохиолч маань ийм л гэгэлгэн намраар
аялгуу зохируулаа болов уу гэх бодол аяндаа төрнө. Чинжиг ер нь хаашаа ч янзын
гэгэлгэн гэгээн, уяхан сэтгэлтэн байсан юм бэ дээ. Аялгуу зохиосон дууных нь
шүлгүүдийг уншихад л аяндаа цээжлэгдмээр, аяыг сураад аялмаар дэндүү уяхан мөрүүд
тааралдаад нулимс мэлмэрэх гээд хэцүү юм. Булган хотын хаалгаар оров уу, үгүй
юу л төв засмалын дагуу Чинжигийн зураг хаа сайгүй өлгөөтэй харагдаж, “Дууны
хорвоо-2” гэсэн зарлалын хулдаасан хөшгүүдийг ирийтэл татжээ. “Ямархан хүү
төрүүлсэн”-ээ эх нутаг нь ийн гүнээ хүндэтгэжээ.

Есдүгээр сарын
18-ны өглөө “Булган” зочид буудалд аяны тоосоо шилгээсхийгээд аймгийн Хөгжимт
жүжгийн театрыг зүглэлээ. Булганчууд бүгд нэгэн дор цуглаа юу гэлтэй
хүн-цэцгийн хүрээлэн үүсчээ. Нийслэлд тэр бүрий нэгэн зэрэг таараад байдаггүй
ардын жүжигчин Н.Жанцанноров, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, ардын
жүжигчин Ш.Чимэдцэеэ, Самбуу, гавьяат жүжигчин, СУИС-ийн профессор
А.Ичинхорлоо, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, урлагийн гавьяат зүтгэлтэн,
хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Т.Сэр-Од, Дархан хотын “Залуучууд” театрын дарга,
гавьяат жүжигчин Н.Түвшинтөгс, гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг, Ц.Өлзий-Орших,
Үнэнхүү, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Р.Энхбазар, Буянхишиг,
соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюун, яруу найрагч У.Булган,
Ж.Батцэцэг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын удирдаач, хурандаа Б.Ганхуяг,
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл, Буриад улсын
гавьяат жүжигчин Долгормаа, хөгжмийн зохиолчийн эгч Ц.Цэнд-Аюуш, гэргий
Д.Ганмягмар, хүргэн ах Батбаатар, ангийн багш Хандсүрэн, Цэгмид, ихэр охин
нарын хүндэт зочид, улсын уралдаанд оролцохоор ирсэн Өвөрмонгол, ОХУ-ын Буриад,
Монгол Улсын 89 мэргэжлийн дуулаачид. Монголын хөгжмийн их суутан, Могодын
тэнгэрлиг аялгууч, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн
нэрэмжит “Дууны хорвоо-2” олон улсын уралдаан

“Идэр омголон
насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй билүү

Эндүү андуугийн халуухан харгуйд

Эргээд санахад харамгүй л билүү

Уянга яруухан
дууны хорвоод

Удаан
амьдармаар санагдах юм аа”

хэмээн тэнгэрийн их найрал эгшиглүүлэн ёслол төгөлдөр эхэлвэй. Багадаа
“Төмөртогоо” нэртэй байсан Чинзориг агсан түмэн зөгий, буман эрвээхэйг урин
даллах анхилуун балт цэцэг мэт хүмүүний дээд хөгжмийн гэгээн билигтэн байсныг
сэтгэлдээ бахархлын цуурайтай, нүдэндээ уярлын нулимстай харан баясав, би. Ай,
бараан бүхэн сарнин арилах аялгуу дууны хорвоо мину.

Уралдаан
эхлүүлээд хөгжмийн зохиолчийн багш Н.Жанцанноров, их туурвилчийн уран бүтээлийн
анд Б.Шарав нараар тэргүүлүүлсэн урлаг соёлынхон Ц.Чинзоригийн сурч байсан
нэгдүгээр сургууль, “Эрдэм” ахлах цогцолбор сургуулийн багш сурагчидтай уулзаж
халуун дулаан дурсамжаа хуваалцав. Булган хотын соёлын төвд мөн Чинжигийн
сурагч ахуйн ангийн хорин зургаан найзтай, олон түмэнтэй чин сэтгэлийн
хөөрөлдөөн үүсгэв. Дурсамж хөөрөлдөөн инээд хөөр, баяр гунигийн сувдан нулимс
дүүрэн өнгөрөв. Чинжиг ер нь их алиа, жигтэйхэн шооч хүн байсан гэнэ. Ганц
жишээ дурдахад л анд Шарав нь хань Ганмягмарыг нь гуйгаад ирэхэд “Зуу татдаг
нь манайд байна

Зурагтаар
гардаг нь танайд байна

Дуу зохиодог
нь манайд байна

Дурлалдаа
шатдаг нь танайд байна

Авгай сольдог
нь манайд байна

Авч суудаг нь
танайд байна”
гэж
гуйв уу хө гэж өөрийгөө хүртэл онигоонд оруулчихсан сууж байсан гэнэ. Төрийн
соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны нэрэмжит “Дууны хорвоо-2” улсын
уралдаан хоёр өдрийн турш дуу хуураар цалгисны эцэст Цэргийн дуу бүжгийн
эрдмийн чуулгын дуучин Б.Батбаатар тэргүүн байр, таван сая төгрөг, цорын ганц
хувь Чинзоригийн дүр бүхий цомын эзэн болсон. Удаах байруудад аймгийн Хөгжимт
жүжгийн театрын дуучин Б.Чинсанаа, Үндэсний дуу бүжгийн чуулгын дуучин, соёлын
тэргүүний ажилтан П.Баярмагнай, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин
Д.Содномдаржаа, Улсын филармонийн дуучин Т.Отгонбаяр нар шалгарсан юм. Булган
хангай нутгаас хүлгийн жолоо залахад “Мөнгөн сартай уйтан замбуулинг

Мөнхийн юм шиг
санаагүй л билүү

Сүүдэр гэрлийн
алагхан заяаг

Сүүмэлзээд
өнгөрөхөд гунихгүй л билүү

Айзам яруухан
дууны хорвоод

Ахин дахин
төрмөөр байх юм аа”

гэж амандаа аялсаар унаандаа суув. Бүтэн хоёр хоног энэ дууг чагнасаар чихэнд
хоногшсоных ч биш аяндаа л сэтгэлд нэгийг өгүүлж аялагдаад байсан даа. Ай,
Чинжиг гэж аугаа тэнгэрийн туурвилч юм даа.

Categories
булангууд мэдээ томилолт

Улаан-Үдээс “гахай” чирэх хэцүү

ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш Алтанбулагийн гаалийн ачаалал нэмэгдэж, 24 цагаар ажилладаг болсон. Манайхны ихэнх нь газар орон үзэж, Итгэлт хамбад мөргөхийн сацуу Улаан-Үдээр аялж, Байгаль нуурын хөвөөнөө очих зорилготой. Гадаад паспортынхоо дуусах хугацааг шалгаагүйгээс буцах тохиолдол хааяа нэг гардгийг эс тооцвол иргэдийн хувьд хилээр гарахдаа ноцтой зөрчил ер нь гаргадаггүй юм байна. Деклараци энэ тэрээ бөглөхдөө л жаахан будилна. Гэхдээ нэр ус, овгоо хаана бичих, паспортын дугаараа хаана нь бөглөх зэргийг бэлэн заагаад өгчихсөн хувилбар байдаг юм байна. Тэрийг нь хараад л дуурайгаад биччихнэ. Алтанбулагийн боомт айхавтар ачаалалтай, хонон өнжин дугаарлаж, зарим тохиолдолд машин гаргахгүй байгаа гэх зэрэг мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тардаг. Энэ мэтээр эндхийн үйл ажиллагааг буруу талаас нь таниулсан ташаа мэдээ сэлт явж байгааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын дарга Р.Одмөнх үгүйсгэсэн юм.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон хэвлэл мэдээллийн 20 орчим байгууллагын төлөөлөгчдийн баг Монголын хилээр гараад 19 цагийн үед ОХУ-ын хил дээр очоод автобусандаа нэлээд сууцгаалаа. Монголын талаас явж байгаа суудлын арав гаруй тэрэг ч хүлээж байна. Оросын талаас энэ зэргийн хүлээлт бий болгодог нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Гэхдээ зориод ирсэн болохоор хил дээрээс буцна гэж байхгүй учир хаалгаа нээтэл нь хүлээцгээхээс өөр аргагүй.

Хиагтын дэргэдүүр өнгөрч “Роснефть”-ийн шатахуун түгээх станцаас түлш авснаар бидний худалдан авалт эхэлнэ.

Улаан-Үдийг зорин очиж байгаа жуулчдын 30 гаруй хувь нь Итгэлт хамбыг зорьдог аж. Хашаагаар нь оруут л шашны эд өлгийн зүйлс, бэлэг дурсгал, бурхан сахиус, арц хүч, дарцаг сэлт нүд хужирлана. Худалдаачид нь эрчүүлийг хараад “Энэ очир бол эр хүнд байвал их сайн” гэж ирээд сурталчлах. Эсхүл залуу охидод модоор урласан жижигхэн хос нугасаа их “шахна”. Энэ хос нугасыг дэрлээд унтвал үтэр түргэн заяаны ханьтайгаа учирч, нөхөрт гардаг гэнэ. Эсхүл шаазан хонх үзүүлээд “Гэрт муу муухай юмыг тогтоодоггүй, хөөж гаргадаг” гэх мэтээр бараа бүхэн нь жанцантай. Худалдаачдынх нь дэргэдүүр өнгөрөөд гол дацанд хүрэв. Итгэлт хамба заларч буй гол дацан руу ороход нэг хүнээс 250 рубль авна. Хоёр лам угтаж, хэрхэн яаж залбирах, сунаж мөргөхийг зааварлана. Дотор гэрэл зураг авахыг хатуу хориглох аж. Итгэлт хамбын дэргэд байж, ирсэн сүсэгтнүүдэд тусалдаг энэ хоёр лам уриалгахан зантай. Сүсэгтнүүдийн авчирсан хадгийг очир зангилаагаар зангидаад буцаагаад өөрт нь өгнө. Очир зангилаа нь муу бүхнийг зайлуулж, эргэн тойрондоо сайн эрчим түгээдэг гэнэ. Хүмүүс хүслээ бичсэн захидлаа дацангийн тахилын өмнө үлдээдэг юм байна. Ингээд гол дацангаас гараад зүүнтээх дацанд орно. Эндээс хамбын рашаан, арц хүж зэргийг авч, уншуулах номоо бичүүлнэ. Ном бичиж байгаа ламын эргэн тойронд бэлэг дурсгал, шашны холбогдолтой зүсэн зүйлийн эд бараа өрөөстэй. Хүнтэй ч мэндлэх завгүй номоо бичиж, хандив авахын хажуугаар наймаа хийнэ. Ном, CD, хэвийн боовноос эхлүүлээд матрёшка тоглоом, аяга, таваг ч байна. 20, 40, 50, 150 рублийн үнэтэй элдэв зүйлсийг манайхан авч мэднэ. 20, 40 гэж байгаа нь бидэнд бага тоо боловч цаагуураа мөнгө гүйж өгнө. Жуулчдад зориулсан болохоор энэ хавийн зүйлс үнэтэй. Энд 250 рублиэр зарж байсан хонх Улаан-Үдийн томоохон супермаркетад 181 рублийн үнэтэй байх жишээтэй. Итгэлт хамбад мөргөж байгаа хүмүүсийн дотор буриадууд өөрсдөө олон байх. Бас гадны жуулчид ч харагдана.

Улаан-Үд “Титан”, “Абсолют” гэсэн хэд хэдэн сүлжээ, үйлчилгээний төвүүдтэй. Супермаркетийн зарчмаар ажиллах бөгөөд хажууд нь дагалдах үйлчилгээний цэгүүдтэй. Үнэ нь ерөнхийдөө хямд байдаг болохоор худалдан авагч олонтой. Монголчуудын хувьд молоко, душонка, утсан гахайн мах, матрёшка, чихэр, паалантай савнууд, сархад, ирис, зөгийн бал зэргийг голдуу цуглуулах аж. Дээхнэ үед идэж, хэрэглэж байсан зүйлс нь яг тэр хэвээрээ дэлгүүрийн лангуун дээр байгаа нь нүдэнд содон. Душонка буюу үхрийн жигнэсэн мах 24.9 рубль болж хямдарсан байлаа. Зах худалдааны төвүүдэд явж байгаа монголчуудын хувьд бэлэг дурсгалын зориулалтаар цөөхөн тооны юм цуглуулж байгаагаас бус их хэмжээгээр бараа сэлт авч байгаа нь цөөн. Эрээнээс “гахай”-гаар бараа чирч ирдгээс арай өөр худалдан авалтыг монголчууд энд хийдэг юм байна. Оросоос гарахад хил дээр зарим зорчигчийн цүнх, чемоданыг задалж, юу авч явааг нь нэг бүрчлэн шалгаж, онгичиж байгааг харсан хүмүүс “Улаан-Үдээс бараа авч явмааргүй юм байна. Авлаа ч ганц хоёр л юмтай буцвал болох санж” гэцгээж “Гахай чирнэ гэж саналтгүй бололтой” хэмээн толгой сэгсэрнэ. Хувийнхаа машин тэрэгтэй яваа монголчууд бараагаа хайрцаглаад ам амсрыг нь битүүмжлэхгүй нээлттэй явдаг юм байна. Эсвэл машиныхаа багажинд сул хийчихдэг аж.

ОХУ руу визгүй зорчдог болонгуут монголчууд хойшоо их явжээ. Цагаан сарын үеэр оргилдоо хүрсэн юм байна. Монголчууд юм шинэ дээрээ сайхан гэдэг. Түүн шиг Орос улс, Улаан-Үд, Итгэлт хамбыг зорих иргэдийн тоо ерөнхийдөө буурах хандлагатай байгаа бөгөөд ирэх намраас хойш чиглэсэн жуулчлал татрах аж.

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Гангачуулын гудамж хийгээд зуун зууны түүх хүүрнэх Будапешт дахь хааны ордон

Энэ хавар “Өдрийн сонин”-ы томилолт, мөн хувийн ажлын далимаар Европоор аялах завшаан тохиосон юм. Эртний түүхт буурал Европын хотууд, тэнд амьдрах хүн зон бас монголчуудынхаа тухай цуврал тэмдэглэлээ хүргэж байна.

Будапешт хотын нисэх онгоцны буудал дээрээс тосож авсан найз маань “Шөнийн Будапештийг л үзэхгүй бол Унгарт ирсний хэрэг байдаггүй юм” гэсээр хотын төв рүү дагуулан явлаа. Гэвч цаг нэлээн орой болсон тул хоттой дараагийн өдөр танилцахаар болж зочид буудалдаа очиж амрав. Хол зам туулж ирсэн болохоор эргэн тойрноо ч анзаарах сэхээгүй толгой тавиад л нам унтжээ. Нэг мэдэхэд үй түмэн шувуутай цэцэрлэгт хүрээлэнд унтаж байна уу гэлтэй олон янзын шувуудын жиргээгээр сэрлээ. “Томоо гээчийн цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд л байрласан юм байна даа” гэж багцаалан бодоод цонхоор хартал нэг ч мод харагдсангүй. Шалнаасаа таазандаа хүрч байгаа болов уу гэмээр өндөр цонхтой цагаан саарал байшингууд тулах ажээ. Тэнгэрт бүртийх ч үүл алга. Нэрийг нь үл мэдэх жижигхэн шувууд цонхны наагуур цаагуур сүлжилдэн жиргэх нь сэтгэлд таатай. Аажуухан хувцаслаад гадаа гарвал хотын хөдөлгөөн аль хэдийнэ эхэлжээ. Ялангуяа сургуулийн насныхан ийш тийш хөлхөх юм. Цагаа харвал 06 цаг өнгөрч байв. Будапешттэй танилцуулах найзыгаа ирж автал орчин тойронтойгоо танилцахаар явлаа. Хоолны газар, дэлгүүр, үзвэр үйлчилгээний төвүүдийн хаяг нь дандаа Унгар буюу мажор хэл дээр юм. Хаа нэгхэн “Japanese restaurant”, “Change” гэх хаяг таарна. Ингэж яваад хүнсний дэлгүүрт орлоо. Манай дэлгүүрүүдэд байдаг Европын ихэнх бараа лангууны ард өрөөстэй харагдана. Чихэр, шоколадны тасагт аль хэдийнэ танил болсон “Merci”,“Raffaelo”,“Kinder” тэргүүтэй амттан өрөөстэй. Үнэ нь харин тийм ч хямдхан байсангүй. Улаанбаатарын дурын дэлгүүрээс “Merci” шоколадыг 8000 төгрөгөөр авч идэх бол эндээс 6000 төгрөгөөр авах ажээ. Гоо сайхан, ахуйн хэрэглээний тасагт ч гэсэн дандаа манайд зардаг бүтээгдэхүүнүүд. Бүр манайд байдаггүй бүтээгдэхүүн юу байна вэ гэж хайж үзмээр санагдаж байв. Харин жимс, ногоо нь харьцангуй хямд. Хачин гоё үнэр, амттай бэлцийсэн том гүзээлзгэнэ нэг кг нь 10 мянган төгрөг орчим болж байв. Бас Оросоос хуучин цагт оруулж ирдэг шиг гоё үнэр, амттай алим нэг кг нь 2000 төгрөг орчим ажээ.

Эндхийн байшин барилга бүрийн орой дээр уран баримал сийлсэн нь нүд булааж байв. Хотод хөшөө, уран барималтай хаа сайгүй таарна. Эхэндээ таарсан хөшөө болгоны нэрийг бичиж аваад, уран баримал бүрийнх нь дэргэд зургаа авахуулж байсан бол сүүлдээ залхаж гүйцэв. Хот тэр чигтээ л уран баримал, хөшөөгөөр дүүрчээ. Байшингийн ханан дээр эртний түүхийг харуулсан сийлбэрүүд ярайж байв. Барилгуудын өндөр, өндөр цонхнуудыг анзаарахгүй өнгөрөөж боломгүй. Шалнаасаа таазаа шүргэв үү гэлтэй өндөр цонхоо элдэв хээ хуар багатай бараан өнгийн хөшгөөр халхалжээ. Ер нь эндээс хөшөөгүй, сийлбэргүй барилга олж харна гэдэг байж боломгүй зүйл мэт санагдах ажээ. Сүүлд баригдсан орчин үеийн загвартай ганц нэг зочид буудлын барилгууд хүртэл үүд хавьдаа заавал нэг хөшөө байрлуулсан байдаг юм байна.

Будапешт хоттой танилцах аяллаа тэндхийн залуусын очих дуртай “Гангачуулын гудамж”-аас эхэллээ. Хотын төвд байрлах энэхүү гудамжинд дэлхийн олон брэндийн дэлгүүр бий. Бас олон үндэстний хоолны газар ихтэй. Ерөнхийдөө жуулчдад зориулсан гудамж болохоор хотын бусад хэсгийг бодвол харьцангуй үнэтэй гэсэн. Гэхдээ л Европын бусад хоттой харьцуулахад тун боломжийн үнэтэй болохоор сонирхож байгаа зүйлээ авахыг зөвлөж байлаа. Замд таарсан ганц, нэг дэлгүүрээр орвол Унгарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байхад гадны брэндүүдээс сонголт хийж болмоор санагдав. Унгар бүтээгдэхүүн гэснээс эднийх ноосон цамцаараа алдартай юм байна. Хориод жилийн өмнө Унгар ноосон цамц өмссөн европ хүүхэн тэр үеийнхээ л хамгийн ганганд тооцогддог байж.Тэр яриа одоо хүртэл хэвээрээ гэсэн. Юугаараа алдартай вэ гэхээр хэдэн ч удаа яаж ч угаасан сунадаггүй, агшдаггүй гэнэ. Ерөнхийдөө оёдлын үйлдвэр ихтэй болохоор ноосон эдлэлийн нэхээс, сүлжээсэнд мэргэшсэн байдаг ажээ. Гудмаар яваа залуус биед аль болох эвтэйхэн байдлаар хувцасласан байв. Эрчүүд нь голдуу өвдөгний дээгүүр татсан урттай богино өмд, даавуун цамц өмсчээ. Бүсгүйчүүд харин урт хормойтой даашинз, эсхүл жинсэн шоортон дээр дал мөрөө гаргасан сул майк өмссөн харагдана. Залуусын гол гангараа нь янз бүрийн бугуйвч, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч, алчуур, малгай шиг анзаарагдав. Хувцаслалт нь энгийн хэрнээ маш гоё зохицсон гоёл чимэглэлийн зүйлс их хэрэглэдэг юм байна. Энгийн нэг малгайн дээр өд хатгаад л дэгжин харагдах жишээтэй. Хүүхнүүд нь даашинзныхаа өнгө дагуу хэд хэдэн зүүлт давхарлан зүүжээ. Ер нь чамин тансаг гэхээсээ илүүтэй энгийн, гар аргаар хийсэн зүйлс сонирхдог нь анзаарагдаж байлаа. Мөн энэ гудмын төгсгөл хэсэгт хоолны газрууд бий. Шарсан махны үнэр хэдэн метрийн зайнаас үнэртэж цатгалан хэдий ч идэх хүсэл төрүүлэх ажээ. Тогооч нар нь мухлагийнхаа үүдэнд гараад ирчихсэн хоолоо танилцуулна. Голдуу янз бүрээр амталж шарсан мах амсаж үзэхийг санал болгох ажээ. Хамт яваа найз маань “Унгарчууд манайханд их элэгтэй” гэж хэлээд шорлог хийж буй тогоочид хэдэн зүйл хэлэв. Тэгсэн өнөөх нь мухлагийнхаа цаанаас гарч ирж тэврээд сүйд болоод явчихлаа. Яасан гэтэл “Бид монголчууд. Найз маань Улаанбаатараас ирсэн” гэж хэлжээ. Унгарчууд манайхантай гарал угсаа нэгтэй, ахан дүүсээ гэдэг юм байна. Тиймээс монгол хүнд элэгтэй хандаж, дайлах дуртай байдаг ажээ. Ингээд өнөөх маань Монголоос ирсэн дүү минь гэсээр хонины махтай шорлогоор дайлав. Бас тусгай аргаар дардаг, хүндтэй зочдоо дайлдаг ногоо гаргаж ирээд махтайгаа идэхийг хүслээ. Цагаан лууван, улаан чинжүү тэргүүтэй ногоонуудыг бага зэргийн халуун чанартайгаар даршилжээ. Анх удаа идэж байгаа надад амт нь гойд сайхан санагдсангүй. Гэсэн хэдий ч талархсан сэтгэлээ илэрхийлээд босов.

“Гангачуулын гудамж”-нд хол газраас аялж яваа жуулчид их цуглах юм. Үүргэвч цүнхээ газар тавиад орчныг ажиглангаа шар айраг шимэн суух ажээ. Тэдний ингэж суудаг хэсэгт өөрсдийгөө олонд таниулах хүсэлтэй шинэ залуу хамтлаг, дуучид тоглолтоо хийж байв. Зарим жуулчид тэднийг дуулах үеэр ширээнийхээ хажууд зогсож бүжиглэсэн шигээ цагийг зугаатай өнгөрүүлж байлаа. Тэднийг дуурайж хоол эргүүлж, гудманд зарж буй бэлэг дурсгалын зүйлийг сонирхсоны дараа Дунай мөрнөөр усан онгоцоор аялахаар болов. Усан онгоцонд суухын тулд метрогоор явсан. Эндхийн метро дэлхийд хоёрдугаарт ордог эртний метротой. Хамгийн эртний метро Англи улсад ашиглалтад орж байсан бол хоёр дахийг нь унгарчууд барьж байжээ. Метро нь газар доороо нэлээн гүн гэсэн. Уртаа гээчийн цахилгаан шатаар доош буух бөгөөд шат нь хурдан гэж жигтэйхэн. Эхэндээ цахилгаан шатны эхний гишгүүр дээр зогсоод арагшаа савангаа алдаж байна лээ. Метрогоор явсаар хот дундуур урсдаг Дуна мөрөн дээр ирэв. Мөрний баруун хэсгийг Буда, зүүн талыг Пешт гэж нэрлэдэг юм байна. 1873 онд Буда, Пешт, Обуда гэх газруудыг нэгтгэн нийслэл Будапешт үүссэн түүхтэй. Өдгөө Дуна мөрнөөр аялахад хотын ерөнхий төлөв харагдах ажээ. Усан онгоц нь 3000 форинт гэнэ. Нэг форинт долоон төгрөгтэй тэнцэж байв. Аялж явахад Парламентын ордон, Буда цайз, Хааны ордны дэргэдүүр өнгөрч байлаа. Бас Европт алдартай гинжин гүүрэн доогуур өнгөрсөн. Энэхүү гүүрний хоёр талд томоо гээчийн хоёр арслангийн баримал бий. Энэхүү арслангийн баримлыг хийсэн уран бүтээлч бүтээлээ дөнгөж дуусгаад байхдаа амиа хорложээ. Учир нь гүүрний хоёр талд бүтээсэн дөрвөн арслангийн хэлийг хийхээ мартсанаа хүлээлгэж өгөх үеэрээ анзаарсан байна. Ингээд хотын захиргааны дарга нараас айхдаа тэр оройдоо амиа хорлосон тухай түүхийг усан онгоцоор аялуулж буй хөтөч ярьж өгөв. Усан онгоцны аялал хагас цаг хэртэй хугацаанд үргэлжлээд Хааны ордны гадаа буулгалаа. Хааны ордныг унгарчууд өөрсдөө Буда цайз гэж нэрлэх юм. Хааны ордон орчмыг шөнөөр харвал үзэсгэлэнтэй гэж зөвлөсөн учраас нар жаргахыг хүлээнгээ “Арена” гэх худалдааны төвөөр орлоо. Энд бүхий л брэндийн дэлгүүрүүд бий. Гэхдээ байнгын 30-70 хувийн хямдралтай байдаг болохоор сайн хэсвэл хүссэн бараагаа боломжийн үнээр авч чадахаар ажээ. Хоёр давхар тус дэлгүүрийн үүдний хэсгээр л яваад хөл цуцчихлаа. Цаад зах нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор гурван цаг хэсээд гарав. Ингээд бүрэнхий болсон учраас хааны ордон руу явсан юм.

ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 1987 онд бүртгэгдсэн хааны ордныг 1243 онд барьж эхэлжээ. Ордон барих явцад маш олон удаагийн халдлага дайралт гарч барилгын явцыг удаашруулж байсан гэнэ. Улмаар 1410-1430 онд тухайн үеийн эзэн хаан ордны барилгыг түргэвчлэх шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч барилгын ажил мөн л дорвитой урагшлахгүй байсаар 1700 онд бүрэн зогсчээ. Түүнээс хойш ордонд хэн ч гар хүрэхгүй байсаар 1867 онд Австрийн хаан Франц Иосеф Унгар улсыг захирах болоход эзэн хаандаа зориулан ордны ажлыг бүрэн дуусгаж тохижуулсан түүхийг хөтөч маань сонирхуулав. Гэвч Европтоо хамгийн эртнийхэд тооцогдох уг ордонд эзэн хаан хэзээ ч амьдарч байгаагүй ажээ. Франц Иосеф Унгарын хаан болсноосоо хойш анх удаа ордонд ирж ёслолын дараа хонох гэж байхад нь Австриас яаралтай захиа ирэн нутаг буцаж байжээ. Түүнээс хойш ордонд нэг ч эзэн хаан ирээгүй бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеэр асар их хохирол амсаж сүйдэж байсан байна. Улмаар 1946 оноос дахин сэргээж 1960 оноос хойш өнөөгийн дүр төрхөө хадгалж байгаа гэсэн.

Хааны ордон Дуна мөрний баруун эрэг дээр байрлах ажээ. Уулын энгэрт байрлах ордон олон давхар хэсгээс бүтсэн байв. Шөнө болж ордны гэрэлтүүлэг асахад ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Бас гинжин гүүр, Парламентын ордон зэрэг түүхэн дурсгалт газрууд гэрэлтүүлгээ асаасан байхыг хараад яагаад заавал шөнийн Будапештыг үзээрэй гэснийг ойлгов. Учир нь байшин барилгуудаас цацарсан үй түмэн гэрэл шөнийн харанхуйтай хоршиж Будапешт хотыг чимжээ. “Европоор аялж байгаа хүмүүст заавал үзэх ёстой хоёр хот байдаг. Нэг нь Парис, нөгөөх нь Будапешт” гэж хамт яваа хүн маань хэлэв. Ингээд ордны гол хэсэгт гарахаар чулуун шатаар дээш өгслөө. Булан тохой бүрт эртний баатрууд, гоо бүсгүйчүүдийг дүрсэлсэн уран баримал байх юм. Бас давхар бүрт сүрлэг сайхан усан оргилуур өнгө өнгийн гэрэл дор оргилох ажээ. Хааны ордон баруун, зүүн, хойд, өмнөд гэсэн жигүүртэй бөгөөд хойд жигүүрийг ордны гол хэсэг гэж үздэг юм байна. Тэнд шүтээний байр, ёслолын, их сэнтийн, цайны, хааны унтлагын, зочдын, бичгийн, тамхины, хоолны зэрэг өрөөнөөс гадна урлагийн музей, хааны үнэт эдлэлийн сан байдаг гэсэн. Ордны зарим өрөөгөөр ажлын цагаар орж үзэж болдог ажээ. Цагаан гантиган ханатай, улаан гантиган шаттай Дундад зууны модернист загварын ордны төв хэсэг дөрвөн давхар өндөр. Дээд давхарт гарч ирэхэд жуулчид дүүрэн байв. Энд тэнд зогсож зургаа авахуулахын зэрэгцээ залуу хосууд Дуна мөрөн рүү харсан хашлага налан үнсэлцэн зогсоно. Дуна мөрний зүгээс ирэх зөөлөн салхинд нүүрээ илбүүлэн Будапешт хотын сайхныг бахдан зогсоод доош буулаа. Дараагийн очих газар хотын урд байх Баатруудын талбай. Энд Ялалтын бурхныг дүрсэлсэн “Зууны хөшөө” нэртэй баримал бий. Түүнийг нь тойроод Унгарын хаан ширээнд сууж байсан 14 хааны хөшөө байв. Энд бас л жуулчид олноор цуглачихаж. Тэд нутаг нутгийнхаа дууг чангаар дуулаад шар айраг шимэн суух ажээ.

ВЕНА ДАХЬ ХАТАН ХААН СИСИГИЙН ОРДОН

Унгарын нийслэл Будапешт хотоос машинтай гарч хоёр цаг гучинминут давхиад Австрийн Венад ирэв. Хоёр улсынхилээр нэвтрэх нь манай 22-ын товчоогоор гарч байгаатай л төстэй юм. Машинтай явж байгаа хүмүүсийг шалгаж байгаа ч юм алга. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэдэг бололтой буу барьсан хоёр цагдаа орчны амгалан тайван байдалд хяналт тавьж байлаа. Венийн төвд орж ирээд хамгийн түрүүнд хатан хаан Сисигийн Шёнбрун ордонтой танилцахыг бодов. Хатан хааны ордон руу ороход дөрвөн төрлийн тасалбараас сонгож авдаг юм байна. Ордны эргэн тойронтой танилцах, хатан хааны ордон руу орох, хувцас хэрэглэлийн өрөөгөөр аялах, ордон болон амьтны хүрээлэнгээр зугаалах гэсэн сонголттой. Тасалбар нь юу үзэхээс хамаарч 10-50 еврогийн үнэтэй байв. Хатан хааны ордноор аялах 25 еврогийн тасалбар аваад дотогш орлоо. Орох хэсэгт англи, япон, хятад, орос, герман, франц хэлний сонголтоор тайлбар сонсох жижигхэн хөгжим шиг зүйл өгөв. Түүн дээр байгаа тоонууд дээр дарахад тухайн дугаартай үзмэрийг тайлбарлах учиртай юм байна. Өнөөхөөс нэгийг аваад дотогш ортол өөрийн эрхгүй дуу алдав. Шалнаас тааз хүртэлх зай нь дор хаяж дөрвөн метр хэмжээтэй. Өндөрт байх таазан дээр алтан шаргал өнгөөр эртний бурхдыг зуржээ. Цонхнууд нь улаан хүрэн өнгийн зузаан хөшигтэй. Хана дагуулан тавилгууд өрөөтэй байв. Тавилга сэлтэд гар хүрч болохгүй учраас наагуур нь хамба хилэн уяагаар хязгаарлажээ.

Үүдний хавьд үйлчлэгч, асрагч эх, даамлуудын өрөө байв. Тэдний өрөө гял цал бус мөртлөө булан тохойдоо уран барималтай юм. Бас тухайн үеийн ордны ажилтнуудын өмсөж байсан хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлжээ. Зарц, асрагч нар газар шүргэсэн урт хормойтой цайвар өнгийн даашинзан дээр цагаан хормогч зүүдэг байсныг харав. Хиа, даамлууд өндөр хар малгай өмсөн улаан өнгийн ёслолын хувцастай алба хаадаг байжээ. Өрөөний эд хогшлыг үзмэр шиг биш хүн амьдарч байгаа мэт байрлуулсан нь ордонд зочин болоод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Амьдарч байсан хүмүүсийг ч гэсэн яг л хажууд ажлаа хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр үйл хөдлөлтэй байрлуулжээ. Хүүхдийн орны дэргэд хувцас эвхэн зогсож байгаа асрагч, хааны зарлигаар бусад улс орон руу захиа илгээж байгаа бичээч гээд тухайн үед хэн, яаж ажиллаж байсныг харсаар хааны ажлын өрөөнд ирлээ. 1854 оноос Австри улсын эзэн хаанд өргөмжлөгдсөн Франц Иосефийн өрөөний хойморт ажлын ширээ байх ажээ. Цэвэр модоор хийсэн болов уу гэмээр ширээн дээр бэхэнд дүрж бичдэг өд, зузаан ном, Австрийн төрийн далбаа, газрын зураг зэрэг байв. Эзэн хааныг ширээнийхаа ард суугаад Сиси хатандаа захиа бичиж байгаа мэтээр төсөөллөө. Өрөөний эсрэг талд буйдан, хагас хэвтээ байдлаар суух урт сандал, цайны ширээ зэргийг байрлуулжээ. Цайны гүцэн дээрх чимэглэл аяганы амсрын алтан шармалтай тун сайхан зохицож байв. Ажлын өрөөг улаан хүрэн, бор өнгийн тавилгаар тохижуулжээ. Цаашлаад хаан, хатан хоёрын унтлагын өрөө, уулзалтын өрөөнүүд үргэлжилж байна. Хаан хатан хоёрын унтдаг байсан ор лав л гурван метрийн өргөнтэй байх аа. Орны дөрвөн талаар цагаан өнгөтэй нимгэн хөшиг унжуулжээ. Энэхүү өрөө хаан, хатан хоёрын албан ёсны унтлагын өрөө бөгөөд түүнээс гадна тэдний мэдлийн зургаан өрөө бий гэсэн. Харин өрөө бүрт ваар хэлбэрийн ханын зуух байлаа. Уг зуухаар өрөөг бүхэлд нь халаадаг байжээ.

Хааны хувцасны өрөөнд ороход ёслолын, энгийн, ангийн, уулзалтын хувцаснуудыг маниканд өмсүүлсэн байсан. Хувцаснаас багцаалбал Франц Иосеф хаан 180 см орчим өндөртэй байсан бололтой. Өрөө бүрийн ханан дээр хатан хаан Сисигийн болон бусад гүнж нарын зургийг жаазлан өлгөсөн байв. Шёнбрун ордон 1441 өрөөтэй болохоор бүгдийг нь байтугай талыг нь ч үзэж амжихааргүй юм. Архитектурын түүх, соёлын дурсгалт гол гол өрөө, танхимыг нь сонирхоод цэцэрлэгт хүрээлэн рүү орлоо. Ордонг 1569 онд барьж, 1642 оноос Шёнбрун гэж нэрлэх болжээ. Ордонд хамгийн сүүлд амьдарч байсан Франц Иосеф хаан 86 насандаа буюу 1916 онд нас барахад Шёнбруныг улсын өмчид бүртгэн авсан гэдэг. Улмаар 1955 оноос музей болгон олон улсын аялал жуулчлалын чухал үзмэрүүдийн нэг болгожээ.

Ордны ар талд таван га цэцэрлэгт хүрээлэн үргэлжлэх юм. Нов ногоон зүлгэн дээр өнгө өнгийн цэцгээр элдэв хээ оруулан чимжээ. Мод ургамлаа хүүхэлдэйн баатар, амьтны дүрсээр хэлбэржүүлэн тайрсан байв. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах өргөн гудамжны хоёр талаар ургасан модыг шугам барьж байгаад хяргаа юу гэлтэй нэгэн жигд тайрчээ. Төв ордноос 300 метр орчим зайд нуур байсан. Тэнд усны шувууд цуглаад гангар, гунгар дуугарах ажээ. Хүнтэй ижилдэн дассан бололтой ойртоод очиход үргэхээ ч мэдэхгүй юм. Нуурын цаахна аварга том гантиг чулуун саравч байлаа. Тэндээс ордны ерөнхий төлөв байдлыг харж хэсэг суув. Австричууд Шёнбрун ордныхоо цэцэрлэгт хүрээлэнд хүссэн үедээ зугаалдаг ажээ. Хаа сайгүй л бэлтгэлийн хувцастай гүйж байгаа хүмүүсийг хараад ажлын өдөр ингээд гүйж явдаг яасан сайхан завтай нөхөд вэ гэх бодол төрж байв.

Задгай саравчнаас Шёнбрун ордныг толидонгоо хатан хаан Сисигийн тухай яриа өрнүүлэв. Хөтөч маань “Сиси хатан чиний бодож байгаа шиг ариухан амьтан байгаагүй юм” гэсэн нь сонирхол татлаа. Гоо үзэсгэлэн төгс, шулуун шударга, ялдамхан бүсгүйн төсөөллийг “Хатан хаан Сиси” киноноос авчихжээ. Тэгсэн хөтөч маань шал өөр зүйл ярьж байна шүү. Франц Иосеф хаантай суугаад удаагүй байхдаа Унгар болон Италийн гүнтэй нууцаар амрагладаг байсан. Түүнийг нь хаан мэдээд гэр бүлээ цуцлуулсан хэдий ч гурван жилийн дараа эргээд нийлсэн гэхчлэн ярилаа. Тухайн үед европ эрчүүдийг хөөрхөн царай, 50-хан см-ийн тойрогтой нарийн бэлхүүсээрээ байлдан дагуулж байсан түүнд бусад улсын хаан, хунтайж, гүнгүүд унан тусан дурладаг байжээ. Италийн өндөр язгуур угсаатай гүнтэнг Венад ирэх үеэр танилцан улмаар сэтгэл алдарч эр нөхрөө хүртэл мэхэлсэн түүх байдаг гэнэ. Дурласан гүнтэнг санахын эрхэнд ордноосоо нууцаар гарч уулзалдаж байгаад эзэн хаандаа баригдсанаар харилцаагаа дуусгавар болгожээ. Гэсэн ч хашралгүй Унгарын язгууртантай амрагласнаар Шёнбрун ордноо орхиж байсан юм байна. Франц Иосеф Сисигээс салсныхаа дараа улс орноо удирдахад хатных нь үнэтэй зөвлөгөө дутагдаж байснаар авааль гэргийгээ уучлан буцааж авчирсан түүхтэй. Мөн Сиси хатан Унгар улсад элэгтэй байдгийг түүний дурлалт хархүү Андраши гүнтэнтэй холбон ярьдаг гэсэн. Гэхдээ Франц Иосеф улс төрийн хэрэгт анхаарлаа бүрэн хандуулдаг, эр нөхрийн хувьд гэргийгээ хайр, халамжаар үргэлж дутаадаг байсан гэдэг. Ордон дотор явж байхад ханан дээр өлгөсөн зурган дээр нээрээ л хөөрхөн хүүхэн байсан даа. Өвдөг шүргэсэн буржгар урт үстэй, өтгөн хар хөмсөгтэй өө сэвгүй сайхан бүсгүй байж, Сиси. Түүний гоо сайхан царайнаас гадна улс орныг зөв бодлогоор чиглүүлж явсан үйл хэрэг алдар нэрийг нь улам бүр цуурайтуулж байжээ. Тэрээр эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр аливаад ханддаг байсан гэнэ. Сэтгэл хөдлөл багатай, хатуу ширүүн гэмээр хааны гаргаж буй шийдвэрүүдийг Сиси зөөллөдөг, улс төрийн чухал шийдвэрүүд дээр алсыг харсан холч ухаанаар зөвлөгөө өгдөг байсан байна. Тэрээр бодит амьдрал дээр эзэн хаантайгаа тийм ч дотно харьцаагүй байсан бөгөөд Франц Иосеф хатнаа нас барсных нь дараа “Сисид би ямар их хайртайгаа ойлгуулж чадсангүй” хэмээн харамсан уйлж байсан гэдэг. 1937 оны арванхоёрдугаар сарын 24-нд Германы Мюьнхен хотод Баварийн гүн Максимлан Жозефийн гэрт төрсөн Элизабет Амалия Евгений буюу Сиси хатан Австри болон Унгар улсын хатан хаан байсан юм. Түүнийг 1898 онд Швейцарийн Женев хотод зугаалж явахад нь Италийн анархист үзэлтэн Луйчи Лучиени гэгч зүрхэн тушаа нь хутгалан амь насыг нь хороожээ.Хожим түүний тухай “Хатан хаан Сиси” кино бүтээснээр дэлхий даяар танигдсан гэдэг. Өдгөө хатан хаан Сисигийн амьдарч байсан ордныг үзэхээр жилд дөрвөн сая жуулчин Вена хотод зочилдог ажээ.

Ордноос тун холгүй алдарт Венийн дуурийн
театр байдаг юм байна. Дотор болж буй тоглолтоо гадаах дэлгэцээрээ шууд
дамжуулдаг болохоор жар гаруй сандал эгнүүлээд өрчихдөг ажээ. Тэнд хэн дуртай
нь суугаад дуурь сонсож болох юм. Олон хүний дэргэд очоод хэсэг суув. Ихэнх нь
дэлгэцээр гарч буй хүний дуунд уярчээ. Нэг харахаар нүдээ аньчихсан суудал
дээрээ ганхана. Дахиад нэг анзаарвал ямар нэг зүйлд санаа зовж байгаа аятай хөмсгөө
зангидчихсан суух ажээ. Надад харин дуурийн театрын барилга сонин санагдав.
Гурван давхар барилгын хана тэр чигтээ уран сийлбэрээр дүүрчээ. Сахиусан тэнгэр,
эртний Грекийн дайны бурхадыг ханан дээр уран тансагаар сийлсэн нь гайхалтай.
Дуурийн театртай зэрэгцээд “Штефан” сүм байв. Сүм рүү хүссэн хүн бүр орж болох
ч гэлээ биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан хувцастай бол оруулдаггүй юм
байна. Сүм, дуурийн театр бүхий төв гудмаар явж байгаад казино руу орлоо.
Багахан еврогоор азаа үзэх хүсэл байсан ч эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд нь
ёслолын хувцастай орох ёстой гээд халгаасангүй. Харин үүдэнд нь байх 777
тоглоомоор тоглож болно гэнэ. Буцаж гараад төв гудамжаар алхахад шарсан зайдас,
пицца тэргүүтэй түргэн хоолны газрууд олон таарч байв. Пиццаг ганцаараа явж
байгаа хүн идэхэд тохиромжтой болгон зүсмээр зардаг ажээ. Гурил нь мэдэгдэхгүй
шахам олон хачиртай зүсэм пицца таван еврогийн үнэтэй. Хоолны газруудад нэг
таваг хоол ойролцоогоор 15 еврогийн үнэтэй байна лээ. Гудмаар явж буй залуус
жинсэн өмд, даавуун цамц өмссөн харагдана. Энэ хавиар жуулчид ирдэг нь илт.
Зургийн аппарат тэврэн үүргэвч үүрсэн хүмүүс гудмаар холхихтой зэрэгцэж алхаад
“Волксгартен” метроны буудал дээр ирлээ. Уг буудлын нэг буланд хааш, хаашаа
хоёр метр хэмжээтэй шилэн хана байв. Тэнд хоёрдугаар дайны үед еврейчүүдийг
амьдаар нь булсан гэсэн. Дотроо чулуун хана, төмөр сараалжаас өөр зүйл
харагдахгүй мөртлөө огиудас хүрэм эвгүй үнэртэй байлаа. “Яагаад ийм үнэр
гардгийг мэдэхгүй. Уг нь цогцос аль хэдийнэ газар шороондоо шингэсэн баймаар
юм” хэмээн хөтөч маань тайлбарлав. Нас барсан хүний үнэр л ийм байдаг байх даа
гэмээр эвгүй үнэр үнэртээд, амьд хүмүүсийг булсан шүү гэж бодохоор тэр хавь нэг
л зэврүүн санагдах ажээ. Яагаад ийм газрыг энэ хэвээр нь байлгадгийг мэдэхгүй ч
шилэнд тулж очсоноос хойш нэг хэсэгтээ л дотор муухайрч байлаа. Харин шилэн
хананаас метр гаруй зайнд зогсоход өнөөх үнэр алга болж байв.

Метронд суугаад явж байтал гудамжны хулигаан маягтай залуу
бидний хажууд ирлээ. Халтайсан нүүр, тааруухан хувцсыг нь хараад айдас төрлөө.
Эх хэлээрээ ярих биднийг ширтээд зогсоод байхаар нь хөтөч “Чамд ямар нэг зүйл
хэрэгтэй” юу гэтэл “Энэ эмэгтэй миний тухай яриад байна уу” гэдэг байгаа. “Үгүй
дээ, бид Вена хотын тухай ярилцаж байна. Монголоос ирсэн хүмүүс” гэтэл нүүрэнд
нь мишээл тодрон “Чингэс хаан, Чингэс хаан” гэчихээд яваад өглөө. Австри уг нь
тайван амгалан хот хэдий ч Украйны дайнаас хойш бага зэрэг үймээнтэй байгаа
гэнэ. Дайнаас дүрвэж орж ирсэн хүмүүс Австрид ирээд хийх ажилгүйн улмаас
хулгай, дээрэм хийх болжээ. Ялангуяа метронд бусдыг дээрэмдэх тохиолдол их гарч
байгаа юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ томилолт

Хорь гаруй хоног уугисан бууцнаас гал дэгдэж, Түмэнцогтыг түймэрджээ

Зүүн гурван аймгийг хамарсан түймэр олон га газрыг сүйтгэж гамшгийн хэмжээнд хүрсэн тул манай сурвалжлах баг Сүхбаатар аймгийг зорьсон юм. Бидний зорьж очсон эхний газар бол тус аймгийн Түмэнцогт сум юм. Энэ суманд гарсан түймэр цурманд орсон ч цаг агаар, салхины хурдаас болж дахин дэгдэж, сумын ойр орчмыг хар үнсэн тал болтол хуйхалсан гэх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас авсан юм. Энэ хэмжээний мэдээлэлтэй Улаанбаатар хотоос энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрсөн лхагва гаригт Түмэнцогт сум руу хөдөллөө. Тус суманд пүрэв гаригийн өглөөний 06.00 цагийн үед дөхөж ирэв. Хамт явсан хүмүүс “Түмэнцогтын нутаг дэвсгэр рүү ороод ирлээ. Сумын төв харагдахгүй байх чинь арай түймэрт өртчихөөгүй байгаа даа” хэмээж байв. Тэр хавь нэлдээ утаа тортог, машины цонхоор хоолой гашуу оргим агаар утааны гашуун үнэр тээн орж ирж хоолой хорсгож байв. Тэр их хуйхлагдсан талаас сумын төвийг олж харна гэдэг амаргүй аж. Автомашины шороон замаас өөр зурайж харагдах зүйл ойр хавьд байсангүй. Уул толгод тэр аяараа хар үнс болжээ. Бид удтал хараа бэлчээж хоёр км явсны эцэст сумын төвийг олж харлаа. Төвийн хоёр хажуу талаар ногоон өвс зурайж голд нь сумын төв утаан дундүл ялиг сүүмийж харагдав. Үүнийг харсан бид “Сумын төв тэр харагдаж байна”. “Арай ч нурам болчихоогүй байна”. “Түймрийг сумын төв рүү оруулахгүй байх арга хэмжээ авч чаджээ” гэх мэтээр ам амандаа шаагилдлаа. Сумын төвд ирэхэд тэндхийн иргэд гартаа тороосон шүүр барьж, зарим нь гал унтраадаг цохиур барьжээ. Тааралдсан хүмүүс туйлдаж ядарсан нь илт бөөвийсөн хар юмнууд л харагдах аж. Тэдний царай, хувцас нэлэнхүйдээ хар болжээ. Сумын төв утаатай байсан тул үзэгдэх орчин 100 метрийн орчинд л хараг­дахаар байлаа. Биднийг сумын Засаг дарга угтаж авав. Тэрбээр сумаас 10 гаруй км-ийн зайд нутагладаг хоёр малчны гэрийн шатсан буурин дээр дагуулж очсон юм. Малчин Х.Эрдэнэхүү, Д.Мөнхбат нар “Шургуугийн уулын” бэл гэдэг газар нутаг­лаж байжээ. Тэдний хотонд түймэр энэ сарын 15-ны өдөр дэгдэж, хоттой хонь нь гэр оронтой нь шатсан аж. Иймд тэд гэр бүлийнхнээ төвд амьдардаг хамаатныдаа авчирсан байна. Тэд бидэнтэй хамт шатсан буурин дээрээ очсон юм. Хаваржаандаа буугаад тэд удаагүй байсанаж. Үнс нурманд дарагдсан гэрийн хоёр буурин дээр нь төмөр бетон, гурилын сав, зуух, данх, тогооноос өөр зүйл огт алга. 200-аад толгой хонь ямаа нь хашаа хороотойгоо тэр чигтээ нурам болжээ. Дээр дээрээсээ давхарлан хэвтэх арьс үс нь хуйхлагдан, гэдэс дотор нь цувсан малыг харахад сэтгэл өөрийн эрхгүй шимшрэв. Нүүрснээс ялгарах өнгөгүй болсон арьс үс, хайрагдаж харласан элэг бөөр, гэдэс ходоодных нь хажуугаар хошуу нь харлаж, үс нь энд тэндээ алаг цоог шатаж, харласан төлийн сэг зэм үзэгдэнэ. Малчин Б.Мөнхбатын ярьснаар бол бог малынх нь талаас илүү нь төллөөгүй байсан гэнэ. Биднийг ийн ярилцаж байх зуурсалхины хүч ихсэж, утаа тортгонд нар халхлагдан, шатсан өвс ургамал, модны үртэс салхиар туугдан энд тэндгүй хөглөрөх аж. Тус хотонд бага насны таван хүүхэд, өндөр настан байсан ч азаар түймэрт өртөөгүйгэнэ.

Х.Эрдэнэхүүгийн хэлснээр үд дундын үед салхиар туугдсан түймрийн утаа үнэртэж эхэлжээ. Тэрээр “Би түймрийн утаа үнэртэж эхлэхтэй зэрэгцэн хонь ямаагаа ойртуулж ирэхээр мордсон. Хониныхоо бэлчээрт хүрээгүй байхад утаа улам өтгөрч, салхи ч ширүүссэн учраас хонио туусаар байгаад гэрийнхээ гадаа авчраад хашчихсан. Гаднах зүйлсээ эхэлж цэгцэлчихээд арын довцог дээрээ гарч, түймрийн багцааг харах гэтэл өтгөн утаатай салхи шороон шуурга болж хувирсан. Холын бараа харах нь бүү хэл унаж яваа мориныхоо чихийг ч харж чадахаа больсон учраас түймэр ойртчихож гэж бодоод шуудхан гэр лүүгээ давхисан. Морио бүдчүүлж, бусгуулан байж гэрийнхээ хажууд ирээд шуудхан мотоциклио асаасан. Эхлээд өөрийн эхнэр хүүхдүүдээ зүүн доохно талын худгийн халцгай газар дээр хүргэж өгчихөөд хажуу айлынхаа хүмүүсийг авахаар хөдөлсөн. Хүүдээ ойр хавиа ус ховоодоод норго гэсэн. Салхи сөрөөд, нүдээ тас аниад, гэрээ зүглээд мотоцикльтойгоо явж байтал галтай өвс, ногоо хийсч байхыг олж харсан. Төд удалгүй өөдөөс халуу төөнөөд эхлэв. Мотоциклио зогсоогоод, саахалт хаваржиж байсан Б.Мөнхбат, түүний эхнэр хүүхдүүдийн нэрийг дуудаж ориллоо. Хоромхон төдийд тогтохын аргагүй халуу төөнөхөөр нь буцах гээд эргэх гэтэл мотоцикль унтарчихсан. Аргагүйн эрхэнд мотоциклио хаяад салхи уруудан гүйсэн. Эхнэр хүүхдээ арайхийн олж очтол азаар саахалтынхан бүгдээрээ тэнд зогсож байв. Тэд миний хажуухан талаар зөрсөн юм билээ. Бараг шүргэлцэх төдий зөрөхөд нэгнээ хараагүй, дуу хоолой, мотоциклийн чимээг нь сонсоогүй гэж бодохоор тэр бол түймэр биш, байгалийн гамшиг байсан. Тэнгэрт тултал эрчилсэн хар салхи лхарагдсан. Бас амьд амьтан байж суухын аргагүй халуу төөнөж байсан гэдгийг нь яана. Манай суманд өмнө нь түймэр олон гарч байсан. Гэхдээ үүн шиг байгалийн гамшигтай огт таарч байсангүй. Төд удалгүй хонь ямаа майлалдаад, аргамжааны морь хамар амаа дуугарган тачигнаж эхэлсэн. Тэгэхэд л хэдэн мал минь түймэрт хуйхлагдсан байх даа” хэмээн түүний хоолой цахиртан, нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв. Малчдын ярьж буйгаар бол Түмэнцогтод гарч буй түймэрөтөг бууц уугиж байгаад түймэр болон дэгдэж байгааг онцлон ярьж байсан юм.

Бууц, өтөг газар доогуур удаан хугацаанд тасралтгүй шатдаг гэнэ. Өчигдөрхөн цурманд оруулсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумыг бүхэлд нь хамарсан түймэр угтаа бууцан дээр гал гаргаснаас үүдэлтэй аж. Тодруулбал Түмэнцогт сумын хойно хил залган орших Хэнтий аймгийн Баян-Овоо сумын өмнө хэсэгт орших Хөх чулуутад нутаглаж байсан малчин Лхагвасүрэнгийн бууцнаас анх гал алдагджээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд хаваржаа руугаа буурь сэлгэхдээ өвөлжөөний малын бууцан дээрээ хогоо шатаажээ. Тухайн үед гал алдсан хэдий ч орон нутгийн иргэд, аймгийн онцгой байдлын албан хаагчид цаг алдалгүй шуурхай ажилласны хүчинд түймрийг тэр дор нь унтраасан аж. Ийнхүү түймрийг унтрааснаас хойш 20 гаруй хоногийн турш бууцны өнгөн хэсэгт гарсан гал доошоо уугижээ. Тэгтэл дөрөвдүгээр сарын 13-нд зүүн зүгийн ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй буюу хүчтэй салхи гарсны улмаас бууцны гүн дэх цогшсон өтөг ил гарч, салхинд туугдан улмаар хажуухан дахь өндөр ургасан, хатсан өвсөнд хүрч гал гарчээ. Тухайн үед салхи баруун хойноос секундэд 14-оос 17 метр хүртэл ширүүссэн нь түймрийг богино хугацаанд хурдацтай тархах нөхцөлийг бүрдүүлжээ. Нутгийн иргэдийн хэлснээр малын бууцны гүнээс шалтгаалж, нэгээс 1.5 метрийн гүнд хүртэл халж, шаталт явагддаг гэнэ.

Ийнхүү бууцнаас алдагдсан өчүүхэн жижиг цог бүхэл бүтэн сумыг өвөлжөө хаваржаа, мал хуйтай тэр чигт нь залгих их түймэр болон дэгдэж, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хоёрхон цагийн дотор нөмөрчээ. Биднийг дөрөвдүгээр сарын 16-нд Түмэнцогт суманд очиход аль хэдийн 20 гаруй айл орох оронгүй болоод зогсохгүй 2000 гаруй бог, 100-аад бод, арваад ачааны автомашин шатчихсан байсан юм. Сумын төвийнх нь эргэн тойрон дахь саахалтын төдийгөөс цаашхи газар нь бүхэлдээ шатчихсан байсан юм. Энэ сарын 15-ны шөнө түймэр сумын төвийг чиглэн ирсэн бөгөөд дунд сургуулийн ахлах ангийн сурагчаас авахуулаад хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх хүмүүс цурам татах ажилд дайчлагджээ. 30 гаруй км-ийн өргөнтэй түймрийг унтрааж хүчрэхгүй учраас сумын төвөө баруун, зүүн захад орших улсын нөөц өвс хадгалах саравч, шатахуун түгээх станцын хамт бүрэн бүтэн авч гарах гэж чадлынхаа хэрээр хичээжээ. Ингэсний хүчинд сумын төв түймэрт өртчихгүй өнгөрчээ.

Сумын Захиргааны байрны нэгдүгээр давхарт арваад үлээгч төхөөрөмж хэвтэх ч талаасилүү нь эвдэрчихсэн байв. Түймрийг үлээж унтраадаг тус төхөөрөмжийг нэгээс хоёр хоног тасралтгүй хэрэглэнгүүт эвдэрчихдэг гэнэ. Нутгийн иргэд “Улсын хөрөнгөөр олигтойхон шиг юм авчихаж болоогүй юм байх даа. Хятадаас хамгийн хямдхан хог оруулж ирчихээд, тэр нь ажиллахгүй үйл тамаа цайх юм. Галын өөдөөс барьдаг ганц хэрэгсэл нь хүрэлцээгүйгээс гадна байгаа цөөн хэд нь чанаргүй болохоор тороосон шүүр, хаймран ховоогоор түймэр алгадаад ямар ч үр дүн алга” гэцгээж байлаа. Биднийг сумын төв рүү буцахад Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ирсэн байв. Тэрбээр “Манай аймагт бусад газрыг бодвол намар, хаврын хуурайшилтын үед түймэр хамгийн их гардаг. Гэхдээ сүүлийн 20 гаруй жил ийм аймшигтай түймэр гарч байгаагүй. Энэ удаагийнх нь он гарсаар 12 дахь удаагийн ой хээрийн түймэр. Түймэр хурдтай тархан, асар том газар нутгийг хамарч байгаа өнөө үед бэлчээр, өвс ургамал, мал ахуй, байшин барилгыг бүрэн бүтнээр нь үлдээхэд бидний хүч мөхөсдөж байгаа учраас хүний амь насыг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх тал дээр түлхүү анхаарч байна. Цагт зарим үед 30-аас 35 км хүртэл хурдтай тархаж байна шүү дээ. Одоогоор хоёр ч айл шатчихаад байна. Салхины хүч ихтэй байгаа учраас түймрийг бүрэн унтрааж цурманд оруулсан хэдий ч шатсан хомоол, хоргол салхиар туугдан эрүүл газарт хүрч, түймэр шинээр үүсгэсээр байгаа нь гал сөнөөгчдийн ажлыг улам хүндрүүлж байна. Хэрлэн гол, 20-иод мерийн өргөнтэй засмал замыг даваад л гарчихна. Ийм маягаар цурманд оуулчихаад хэн хэдэн удаа тэндээсээ алдсан.

Дорнод аймагт он гарсаар 12 түймэр гарснаас 11-ийнх нь эзэн холбогдогчийг бүрэн тогтоожээ. Эдгээрээс наймд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Учир нь хуулинд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 125-аас 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг үлэмж их хэмжээний гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэдэг юм байна. Дээрх түймрийн учруулсан хохирол энэ хэмжээнд хүрээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үлдсэн гурван түймрийн хэргийг орон нутгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.

Түмэнцогт сумаасаа Дорнод аймгийн Баян-Уул сумыг зорилоо. Учир нь тус суманд энэ сарын 15-нд ОХУ-аас Баян-Уул сумын нутаг дахь Онон Балжийн тусгай хамгаалалттай газар руу түймэр оржээ. Биднийг энэ сарын 17-нд Дорнод аймгийн Баян-Уул суманд очиход Онон Балжийн тусгай хамгаалалт бүхий 30 гаруй мянган га талбай түймэрт өртсөнөөс гадна сумын төв болон, Эрээн багийн нутаг руу 20 гаруйхан км ойртоод байсан юм.

Дашрамд дуулгахад өчигдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Баян-Адарга, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт сумдын түймрийг бүрэн цурманд нь оруулжээ. Гэсэн хэдий ч салхины эрч буурахгүй байгаа гэдгийг эх сурвалж дуулгалаа.

Үргэлжлэл бий

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
булангууд мэдээ томилолт

Алс баруун хязгаар Алтай Таван богдын Даян нуурын застав дахь цэргийн баяр

Алтай Таван богдод эх орны баруун хил дагуу явахад нүд баясам, айдас төрүүлэм, сэтгэл татам олон сайхантай таарах ажээ. Өвөл зунгүй урсдаг 30 гаруй гол, ёроол нь нэвт харагдах 20 гаруй нууртай бөгөөд битүү хад асга эсвэл ой хөвчөөр бүрхэгдсэн мөнх цаст сарьдгийн тоог гаргах аргагүй шахам. Байга­лийн энэхүү нэн сайханд харуу­лын цувааг тэргүүлэн яваа Я.Гансүх нь Ховд аймгийн гарвалтай бөгөөд 2012 онд хугацаат цэргийн албанд татагдан ирээд улмаар гэрээт цэргээр үлдэж гэрээт түрүүч, харуулын дарга болон дэвшсэн тухайгаа хамт гурван цаг гаруй явсны эцэст ярилаа. Нэгэнт л тангараг өргөсөн хүн, эх орныхоо дархан хилд амь биеэ зориулахаар шийдсэнээ ч өгүүлэв. Харин өнгөрсөн зун харьж ирэхэд эхнэр нь оройтож, хүүхэд хэнзэдлээ гэцгээсэн тухай дурсаад сэмхэн шүүрс алдав. Харамсалтай нь гэрээт хилчин эхнэртэй байж болохгүй. Энэ дүрмээр Я.Гансүх эхнэрийн асуудлыг хойш тавьж яг гурван жилийн турш манаанд зогсчээ. Ар гэрийн амьдралаас ярианы сэдэв хальж хилчдийн хөгтэй явдал руу хөтлөв. Хэдхэн жилийн өмнө адууны ширээр хийсэн цанатай цэргүүд манаа хийж явтал 20 орчим метрийн эгц уруу буух шаардлага тулгарч. Эхнээсээ буусаар хамгийн сүүлд Цээеэ гэх цэрэг үлдсэн байна. Доор буусан нөхөд нь ч түүнийг буух үед “Таягаа хавчуулаарай” хэмээн хашгирахад мөнөөх эр хоёр таягаа суганыхаа завсар хавчуулж орхиж гэнэ. Уг нь хөлийнхөө завсарт хавчуулж хурдаа саах ёстой. Ингэж 20 метрийн эгц уруу хурд мэдэн буусан цэрэг эр цасны гүнд бараг гурван метр шигдсэн нь онигоо болж цэргүүдийн дунд одоо ч яригдсаар. Бас цасны мотоцикльтой хоёр цэрэг манаанд явж байтал урдах газар нь гэнэт алга болчихож. Арай гэж мотоциклио зогсоон буутал айлын зуслангийн байшингийн дээвэр дээр гар­­чих­­сан мотоцикль нь дэнжиг­нэж байжээ. Энэ мэтээр баруун хилийн цэрэг эрсийн онигоо дандаа байгалийн шалгуурын өмнө барьц алд­сантай холбоотой байдаг аж.

Хилийн морьд хэдий туршлагатай ч хэнхдэгнээс дээгүүр татсан цасанд оруутаа хөдөлж ч чадахаа болих юм. Хамар нь сарталзан хөдөлж чадахгүй, хий л бүлтэгнэнэ. Цэргүүд буулаа ч яг л морьтойгоо ижил бэлхүүсээ хүртэл шигдэж гараа сарвалзуулан инээлдэхээс илүүг хийж чадахгүй. Элдвээр оролдож мориныхоо цулбуурыг авч ойролцоох мод руу цалам хаяж үзлээ. Цас самардан ганц хоёр метр газар зүтгэх ч хоногтоо гарамгүй. Эцэстээ цалмаа нэгэн рүүгээ шидэж нэг дороо бөөгнөрсний хүчээр тэр их хунгар цаснаас гарч байх жишээтэй. Энэ үед Ямаат голын баруун уулын энгэрээр 20 гаруй марал буга урагшилж үзэгдэв. Харуулын дарга ч “Тор таслаад урагшаа гарчих вий” хэмээгээд хэдэнтээ хүүглэхэд мөнөөх амьтад хэсэг зогссоноо алгуурхан эргэж Ямаат голын эх рүү цувж одлоо. Хилчид эх нутгийн хилийн цаад руу буга гөрөөс бүү хэл хэнд ч үл захирагдах махчин араатанг хүртэл оруулахыг цээрлэн, харамлана. Харагдаж л байвал аль болох нутгийн зүг эргүүлэх цаад санааг агуулж явдаг ажээ. Хилийн торны завсар олон ч амьтан орж үхсэн байхтай таардаг байна. Шуургатай өдөр бүр ч урт зайд эргүүл хийж айл хотлын адуу малыг хариулж, манаж эздэд нь эргүүлэн өгөх нь тэдний үүрэг. Өнгөрсөн өвөл болсон шуурганаар аймгийн хэмжээнд бараг 700 орчим адууг хилээр давахын өмнө буцаан татсан бөгөөд энэ нь нэг ч адуу Шинжааны тал руу алдаагүй гавьяа болсон.

Даянгийн заставын хувьд 2014 онд хилийн нэг, хил орчмын дэглэмийн гурван зөрчлийг илрүүлсэн бол нийт анги бүрэлдэхүүн Хятадын иргэн хил зөрчсөн таван тохиолдлыг илрүүлжээ. Хил зөрчигчдийг барьж саатуулаад хуулийн дагуу мэдүүлэг авна. Нутагтаа байж суух газаргүй болж дүрвэн орж ирсэн тохиолдол ч байдаг аж. Тэр нутгийн мөнгө хүүлэгчид “Чи мөнгө зээлж болно. Хүүгүй шахам” гэж өгчихөөд хэсэг хугацааны дараа их хэмжээний хүү нэмж, мөнгөө нэхдэг. Түүнийг нь төлж чадахгүй бол хүүхдийг нь хүчээр эмнэлэгт үзүүлээд “Тэр эрхтэн нь эрүүл байна дараагийн удаа мөнгөө төлөлгүй зугтвал уу… гэж занаж, сүрдүүлснээс зугтаж хил давлаа” гэж мэдүүлэх хүн ч гардаг ажээ. Зарим нь “Өвгөний чинь хоёр хонь хилийн цаана гарчихаад авахгүй бол хэдэн төгрөг нь хайран санагдаад” гэх жишээний юм ярин маасайж зогсдог аж. Эзнийг нь барьсны ард хоёр хонийг нь илрүүлж, барих гэж хилчид тэр их хад асга, битүү ойгоор өвч бүрхэгдсэн ян сарьдаг ууланд ёстой л ухаанаа зарсан явдал болжээ. Өмнө нь хоёр талаас хил зөрчилт их байдаг байсан бол өнөө цагт манайхаас Хятад руу зөвшөөрөлгүй хил давах тохиолдол нэг ч гарахаа больсон байна. Харин олзны хойноос хөөцөлдсөн хятадууд байгалийн баялаг, бугын эвэр, эмийн ургамал, мансууруулах өвс хүртэл хайж бэдчин хил зөрчих явдал байсаар байгаа бололтой. Тэр дундаа “Алтайн хүн орхоодой” хэмээх монголчууд үзэж ашиглах нь бүү хэл нэрийг нь ч ховор сонссон ургамал олз хайгчдын анхаарлын төвд байдаг бололтой.

Хилийн 17 дугаар тэмдэгт багана хүрэхийн наахна, Даянгийн боомтын харалдаа түр саатан ажиглалт хийлээ. Тор тасарчээ. Хилийн зөрчил мөнөөсөө мөн. Гэхдээ хэн таслав. Хятадын талын тор учраас очиж учрыг мэдэх боломжгүй. Яах вэ гэлцэн дахин дахин нүдээ арчин дурандсаар. Харуулын дарга гурван жил манаанд зогссоны зангараг заан “Бугын мөр байна. Ийм нарийхан байдаг юм. Морьтой хүнийх андашгүй чигээрээ явсан байдаг. Сул адуу байсан бол идээшилж тэр хавьдаа удаан эргэцэж тойрсон байх учиртай. Хүн бол тэр гэхийн тэмдэггүй мурийж сарийсан өргөн мөр үлдээнэ. Явган хүн ийм зузаан цастай хэсгээр явж ч чадахгүй” гэлээ. Бүр цаанаасаа нааш орж ирсэн байна гэдгийг ч олж тогтоолоо. Буга, баавгай зэрэг бие товир амьтад нэг зүтгээд л торны төмөр утсыг тас татан хилийн наана, цаана дуртай үедээ гарчихдаг байна. Ийнхүү амьтны хилийн зөрчил илрүүлж хэдэн буга нутаг өөдөө эргүүлж цаашилсаар хилийн 17 дугаар тэмдэгт, сүлдэт багана хүрч хүндэтгэл үзүүлсэн явдал Даянгийн застав, Бүргэдийн харуулын цэргүүдийн баярын өдрийн гол зорилго. Ухаандаа хилчид цэргийн баяраар сүлдэт баганад хүндэтгэл үзүүлэхийг “баярын нэмэгдэл бууз, хуушуураа” идэхээс ч эн тэргүүнд тавьж энэ чиглэлийн манааны бүрэлдэхүүнд багтахыг эрмэлздэг ажээ. Хилийн тэмдэгт бүх багана дээр төрийн сүлд байдаггүй бөгөөд 17 дугаар тэмдэгт багана сүлдтэй. Чингэсийн хэмээх төв талбайгаас төрийн сүлдэт энэ багана хүртэл хоёр мянган километр хол. Монгол Алтайн нуруу, Алтай Таван богдын энэ бүс нь алсын ажиглалт муутай, ой, бартаа саад, цас их манаа гүйцэтгэхэд хилчдийн шөрмөсийг шалгах газар мөн ч нөгөө талаас хэн хүссэн нь халдан түрэмгийлээд байх газар биш бололтой. Байгалийн энэхүү өвөрмөц тогтоц нь өөрөө өөрийгөө хамгаалдгаараа давуу талтай мэт. Тэр дундаа нутаг орныг төдийлэн мэдэхгүй, ой тайга, эгц цавчим гуу, ян сарьдагт явж сураагүй нөхөд орсон даруйдаа л баримжаагаа алддаг ажээ. Түүхэнд тагнуул хийхээр ирээд төөрч будлихдаа баригдаж, олзлогдохоосоо ч айлгүйгээр Монгол цэргүүд дээр тусламж эрэн ирж байсан тохиолдол ч тэмдэглэгдсэн байдаг аж. Түүхийн хуудас сөхвөл хилийн энэ хэсгээр 1900 оны эхээр Цагаантны дээрэмчид нэвтэрч явсаар Толбо нуурын тулгаралтыг бий болгож байж. Бас 1800 оны дунд үеэс казах иргэдийн Монгол руу хийсэн нүүдлийн цуваа мөн л үүгээр өнгөрч Монгол Алтайн зүүн бэлд суурьшсан. Харин 1700 оны дундуур Цэрэн тайж хар Хятадын цэрэгтэй Алтай таван богдын уг бартаанд түшиглэн дайтаж ялжээ. Ялагдал хүлээсэн цэргүүд Монгол Улсын гүн рүү зугтсан бөгөөд Хархорин ортол үлдэн хөөж хиар цохисон удаатай гэнэ. Ийм л түүхтэй газар, 1933 онд Даянгийн болон хилийн бусад заставуудыг байгуулж байжээ.

Хилийн манаанд гарч сүлдэт баганад хүндэтгэл үзүүлэхийн тулд цаснаа явагчаар нийт 50-иад, мориор хориод километр зам туулан өдрийн хугасыг үджээ. Даянгийн заставт эргэж ирэхэд цэргийн үдийн хоол болж таарлаа. Хуваарьт ёсоор хөц будааны шөл, талх, цай, гуляш өгөх байсан ч баярын нэмэгдэлтэй. Тогооч Б.Отгонцэцэг, Ш.Тумархан нар 140 километрээс нааш нэг ч дэлгүүр байхгүй гэхэд тун ч тансаг ширээ засчээ. Ээлжийн манаанд явсан, ирэх байсан ч ирж амжаагүй цэргүүдээ хасаад заставт буй хоёр салаа цэрэгт зориулан чацарганын ундаа найруулан, өөрсдөө үзэмтэй кекс хийж, талх, нарийн боов, орос чихрээр чимэглэн бэлтгэсэн байв. Үүний зэрэгцээ таваг дүүрэн өөх мах нь алагласан гоймонтой шөл, бас дүүргэж овоолсон төмсний хучмал. Нэмэгдлээ идэж баярлах гэсэн цэргүүд цуваагаар орж ирчихээд дуу ч гаргахгүй комманд өгөхийг хүлээсээр. “Малгайгаа аваад, чөлөөтэй байцгаа” гэсэн ч “Суу. Хоолондоо” комманд сонсдтол илүү хөдөлгөөн үл хийнэ. Чөлөөтэй байлгахыг оролдож удаж ядсаны эцэст энгийн үе шигээр командалж баярын ширээний ард суулган халбага, сэрээг нь бариуллаа. Үүнээс цааш тушаал үгүй учир баярын нэмэгдэл, тансаг ширээн дээрх амттан бүхэн цэргүүдийн мэдэлд. Шөлтэй хоолны амт ч хүмүүсийн хэлдгээр “ванлий”. Удтал богшоож буцалган өтгөрүүлсэн шөлөнд тарган мах хөшиглөн гоймон хийжээ. Төмсний хучмалын жигнэлт нь бага зэрэг ихэдсэнийх үү жаахан аргуу болсон байв. Ахмад Б.Бямбадорж, хошууч Х.Ержет, ахлах дэслэгч А.Ахтанбек нартай цэргийн хангалтын талаар хөөрөлдөхөд “Хоол ямар байна, гоё их. Талх ямар байна, гоё том гэсэн яриа цэргийн хүрээнд нийцэхээ болиод удаж байна. Хангалт сайн болсон. Цэргийн хүнсэнд цувдай ч байхаа больсон” гэдгийг өгүүлж байлаа. Цэргүүд хооллохдоо цагтай уралддаг учир баярын ширээ ч 15 орчим минутын дараа нэлээд нимгэрнэ билээ. Хилийн тоот цэгт явж манаа хийхийг цэргүүд илүүд үздэг гэнэ. Яагаад гэвэл тэнд нормын хүнсээрээ өөрсдөө хүссэн хоолоо хийж иддэг, застав нэгдэл, цэргийн сургуулилт байдаггүй. Бас хил зөрчилт илрүүлж, хариад ярих баатарлаг адал явдалтай тулгарахыг цэргүүд нууцхан мөрөөддөг учир хилийн манаанд байнга явахыг хүсдэг ажээ.

Чөлөөт цаг гэхээс нааш цэрэг бүр даалгавар биелүүлж явдаг. Ахуйн цэвэрлэгээнээс эхлээд бие бялдрын дасгал сургуулилт хийгдэнэ. Тархиа цэнэглэж, хэвлэл уншин мэдээлэл авах нь хүртэл тэдний биелүүлэх ёстой даалгавар. “Өдрийн сонин” тэргүүтэй төвийн хэвлэл “DDSH” үзэж мэдээлэл авна. Цэргийн баярын өдөр учраас эдгээр ажлыг эртхэн амжуулаад уралдаант тэмцээнээ хийлээ. Буу угсрах тэмцээнд байлдагч Ховд аймгийн харьяат Б.Магсаржав 20 секундэд гүйцэтгэсэн бол сонс эргэлтээр Увс аймгийн харьяат А.Ганбат тэргүүллээ. Урлагийн авьяасаараа байлдагч Х.Батбаяр, Содномцэрэн, О.Серикбол нар шалгарав. Урлагийн танхимдаа 1980-1990 оны шилдэг эстрадын түүвэртэй бөгөөд “Абба” хамтлагийн аяыг тавьж байгаад, тогооч, угаагч гурван бүсгүйгээ дундаа хийж аваад ёстой л шавиагаа ханатал чөлөөт бүжиг бүжицгээв. Тэд цэрэгт татагдахаасаа өмнө сум, аймгийнхаа шаггүй бүжигчид байсан бололтой. Таазны эргэлт, гарын хөдөлгөөн, нэгнээ халз бүжигт дуудах зэрэг нь мэргэжлийн хэмжээнд яригдахуйц. Гэхдээ энэ бүхэн цаг минуттай, дээрээс тогтоосон хугацаатай учраас урлагийн өрөөний багахан талбайд хөлсөө бурзайтал бүжиглэсэн цэргүүд бэлэн байдлын комманд сонсуутаа л хувцсаа цэгцэлж биеэ зэхэн дараагийн тушаал хүлээнэ.

Алтай Таван богдын өвөр Даян нуур, Даянгийн заставт цэргийн баярын өдрөөр нэг ийм адал явдалтай. Тэдний баярын өдөр ч гэсэн үүрэг даалгавраа гүйцэтгэн хилийн манаандаа зогссоор. Азтай бас азгүй цөөн хэдэн цэрэг л энэ өдөр ээлжгүй таарч баярын нэмэгдэл хүртэж багахан цэнгэв бололтой. Ер нь энэ өдрийг Улаанбаатарын цэргүүд л тэмдэглэсэн шиг тэмдэглэдэг бололтой. Эх орноо манах үүрэг авсан хэдэн бор цэрэг нь өгсөн тушаалын дагуу хилийн манаандаа зогссоор өнжлөө.

-Баян-Өлгийнхөн үндэсний уламжлалаа сэргээн наадлаа-

Казах үндэстний наурызын баяр орчин үеийн хэв шинжид нэлээд шилжжээ. Ёс заншилдаа уг баярыг нэг л өдөр тэмдэглэдэг байсан бол өдгөө цагаан сар шиг битүүн, наурызын нэг, хоёр, гурван өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болж. Тэр дундаа Баян-Өлгий аймагт наурызын баярыг угтсан соёл, спортын арга хэмжээ хэдэн өдрөөр үргэлжлэн сүүлийн өдрүүдэд ёстой л цэнгэцгээлээ. Хурдан морь уралдуулж, казах курес бөх барилдан тулам булаалдах, морины давхил дунд зоосон мөнгө шүүрэх зэрэг тэмцээнүүд наурызын баярын битүүний өдөр буюу энэ сарын 21-нд Баян-Өлгий аймагт зохиогдлоо. Эхлээд морь уралдуулж, үндэсний цэнгэл, уламжлалт тоглоомоороо наадан өдрийн үдээс хойш курес бөхийн барилдаан явагдсан юм.

Өлгий аймгийн морины уралдаан олон түмний мэддэгчлэн төв нутгийнхаас арай өөр. Тэд морьдынхоо дэлийг сумалж засна гэсэн ойлголт үгүй. Азарга, гүү, морьдыг хараад ялгаж танихын аргагүй бүгд л хур дэлээ сагсалзуулан байна. Хурдан морьдынхоо сүүлийг 18-тай охид бүсгүйчүүд лугаа хоёр салаа болгож сүлжин шар шувууны өд уяж бэхлэх юм. Хоёр салаа сүлжих ёс нь эрт дээрээс уламжлагдан ирсэн бөгөөд энэ цагт морины давхил дунд хойд хөлийг нь ороож хурдлахад нь тээр болдог учраас уг ёсыг одоо бараг халжээ. Ихэнх нь энгийн сүүлний боолтоор шууж боох бол уралдаж буй морьдын дунд уламжлалт аргаар сүлжсэн цөөн хэдхэн морь явна. Шар шувууны өд сүүлэнд нь бөхлөх тухайд гэвэл коран судрын бичиг өдний хээ хоёр ижил учраас дээдлэн шүтдэг ажээ. Ийм өнгө төрхийн дор хурдан морьдын уралдаан боллоо. Өнгөрсөн бямба гаригт азарга, их нас, соёолон морьдын уралдаан болсон. Нутгийн иргэд өвлийн уралдаан гэж үзээд азарга, соёолонг 14 километр, их насыг 16 километрээс гаргаж байна. Гэхдээ барианаас гараа руу тууж буцаан уралдуулахгүй. Гарааны зурхай дээр бүртгэж шүдлээд шууд бариа руу хөдөлгөчихнө. Ингээд барианд хүрэхэд уралдааны зул дөнгөж задарч таарах нь ч байна. Увс, Ховд, Завхан аймгаас ч уяачид ирж уралдсан бөгөөд азарганы түрүүг Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн алдарт уяач Ц.Алтай, их насны түрүүг Завхан аймгийн уяач Бямбажав, соёолонгийн түрүүг Баян-Өлгий аймгийн уяач Т.Батсүх нарын морьд авлаа. Хаврын уралдаан учраас нэг насанд 30-50 орчим хурдан хүлэг уралдаж байна. Ер нь энэ нутаг, Монгол орны баруун бүс рүү Сүхбаатар, Дорнод буюу зүүн чигийн хурд зарагдаж цус сэлбэлт эхэлжээ. Хурдалсан морьдын ихэнх нь зүүн бүсийн угшилтай бөгөөд гурван насны түрүү морьд бүгд Сүхбаатар аймгаас зарагдсан унага аж.

Ийнхүү морьдоо уралдуулсан зон үндэсний тэмцээнээ үргэлжлүүлэн хийв. Кыз хуар, тенге илу, кекпар гэсэн гурван төрлийн тэмцээн явуулж байна. Кыз хуар гэдэг тоглоомын хэлбэр нь өөр болохоос төв нутгийн цүү хаяхтай утга нэг. Эрэгтэй эмэгтэй нийлсэн олон залуус оролцох бөгөөд тэнд хайр сэтгэлийн асуудал хөндөгдөнө гэсэн үг. Эрэгтэй нь эмэгтэйгээ өдөж, хоргоосны эцэст морьтой зугтана. Тэгэхэд эмэгтэй нь гүйцэж малиа буюу ташуураар хэдэнтээ гөвшиж орхино. Ингэж л нэг дор цугларсан залуус танилцдаг байжээ. Ер нь жаахан хатуу тоглоом юм. Хөмсгөө яз цохиулах, нүдээ таглуулах тохиолдол өчнөөн гардаг тухай ахмадууд ярилцаж байв. Гэхдээ энэ удаа үзүүлэх тоглолт хийсэн учраас нэгнээ арай зөөлөн цохино билээ. Харин тенге илу гэдэг морины хурдаар явуут дунд зоосон мөнгө шүүрэх учиртай. Дээхнэ үед тэмцээнийг зохион явуулагч зоосон мөнгө шидэж оролцогчид унасан газраас нь шүүрдэг байсан бол дүрэм нь өдгөө мөн л бага зэрэг өөрчлөгджээ. Мөнгөний оронд тод өнгийн даавуу зангидаад шидэж байна. Тэгээд тэмцээний аваргыг шалгаруулахын тулд цаг харах болж. Хамгийн бага хугацаанд шүүрсэн хүн нь хамгийн их хурдтай давхиж шүүрсэн гэсэн үг тул тэр нь ялагч. Энэ үеэр цөөнгүй жуулчид ч тэнд явж таарсан бөгөөд тоглоомын даалгаврыг биелүүлсэн гэхээсээ илүүтэй морьтойгоо давхар унасан оролцогчдыг ихээр сонирхож байлаа.

Тэгвэл тулам булаалдахыг кекпар гэнэ. Энэ тоглоомын дүрэм ч нэлээд өөрчлөгдсөн гэнэ. Хамгийн эхлээд ямааны толгойг тасдах хэрэгтэй. Тэр нь дотроо, яс махтайгаа байх шаардлагатай аж. Тэгээд хэсэг залуус хоёр баг болж хуваагддаг байжээ. Тоглоомын талбайн хоёр захад тус бүр нэг айл байх ёстой бөгөөд тэр гэрийн дээр тулмыг шидсэн тал нь ялагч. Гэр дээр нь тулам ойчсон айл бүтэн хоног найр хийж, хүн ардыг дайлах ёстой. Хар ухаанаар ойлговол сагсан бөмбөгийн тоглолт гэсэн үг. Харин оролцогчдоо харгалзан дүрмийг өөрчилж хоёр морьтой хүний хооронд тулмыг хаяж булаацалдуулж байна, өнөөдөр. Гэхдээ хол шидсэн тулам руу оролцогчид ухасхийн эхэлж хүрсэн нь өөрийн гарын зөв талаар тулмыг барих эрхийг авна. Ингээд л морьтой хоёр тийш нь татсаар алдалгүй авч үлдсэн нь дараагийн шатанд ахина. Тулмаасаа тавиагүй ч мориноосоо унасан бол бас л ялагдал хүлээнэ. Тулам булаалдах уг тэмцээнд нэг булхайтай нөхөр орох аваас тэр хавиар нэг хэрүүл тарих юм. Үндэсний бөхийн барьц сонгоод барьцаа аваагүй байхад нь хаяж баахан хэрэлддэг шиг нөгөө оролцогч нь тулмын шийр хэсгээс мөчигхөн атгах төдийд ухасхийн авч зугтсан тохиолдол хэд хэд гарлаа. Үзэгчид ч дүрмээ мэддэггүй новш гээд л тэмцээний талбар руу бүгд дайран орно. Булхайцсан этгээдээс тулмыг булааж, морьтой нь татаж унагаад шударга ёсыг сахиулах, тэмцээний дүрмийг заах ажлыг хүн бүр хийж хоолой мэдэн сургана. Оролцогч ч шаралхана гэж жигтэйхэн. Дээрээс нь булхайцсан нөхрийн сумынхан нийлээд хоёр тал болж эцэс төгсгөлгүй маргаан болж хувирах юм.

Өдөржин морь давхиулж, үндэсний тоглоомоор наадсан Баян-Өлгий аймгийнхан үдээс хойхно бөхийн өргөөндөө цугларлаа. Курес бөхийн барилдаан болж жин жингийн бөхчүүд зодоглолоо. Өмсгөл нь чөлөөтийн кимонотой төстэй хүрэм бол доогуураа богино өмдтэй төстэй. Гэхдээ өмсгөлдөө үндэснийхээ хээ, угалзыг урласан байх жишээтэй. Дүрэм нь чөлөөт бас Өвөрмонголын бөхтэй адил. Хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа барилдана. Зөвхөн далаар нь тавих бөгөөд хөл, гар газарт хүрэх, далнаасаа бусад хэсгээр унахад оноо алддаг ажээ. тэд зонхилон үүрч шидэх, халз хутгах мэхийг хийж байна билээ. Дээрх тэмцээнүүдийн дүн нь өдөртөө бус наурызын баярын нэгний өдөр гарч шагналыг гардуулсан учраас хэн тэргүүлсэн нь тодорхойгүй байлаа.

Харин дэлхийд өдөр, шөнө тэнцдэг өдөр буюу наурызын баярт төвөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хүрэлцэн очжээ. Тэрээр аймгийн төв талбайд казах үндэстний баярын парадыг үзэж сонирхон төрийн өндөрлөгүүдийн мэндчилгээг уламжилсан. Наурызын нэгэн буюу гуравдугаар сарын 22-нд Баян-Өлгийн иргэд төв талбайдаа үндэсний хувцсаараа жигдрэн хүндэтгэлийн жагсаалыг өглөөний 10-11 цагийн хооронд хийгээд тарж одоцгоосон юм. Өнөө жилийн баярын парадын онцлог нь өвлийн өвгөн байлаа. Тэмээ унасан цав цагаан хувцас өмсч, сахал зүүсэн өвлийн өвгөн хаврын энэ баярт хүрэлцэн сургааль айлдаж буйгаар зохиомжилжээ.

Наурызын баяр ийнхүү болж өнгөрлөө. Харин энэ нутгаас сонгогдсон УИХ-ын хоёр, гишүүн хоёул баяртаа очсонгүй. А.Бакей гишүүн наурызын Улаанбаатар дахь үйл ажиллагааг удирдаж буй бол А.Тлейхан гишүүний талаар яригдсангүй.

Наурызын баярын арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд очсонгүй. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт хүрэлцэн ирж иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэндчилгээг давхар уламжилсан юм.

Л.МӨНХТӨР

Categories
булангууд мэдээ томилолт

Монгол оронд ургацын далай долгиолж байна

Намар. Уужим тал шаргалтан, усны шувууд зэллэн, ертөнц солонгын өнгөөр гоёх богинохон үе. Бас бүх юм боловсорч амт шим нь гүйцэх  алтан үе. Сум, тосгоны хүмүүс  хадлан тариаландаа гарч, талд ургасан тариан дунд трактор, комбайн сэлсэн хөдөлмөр үнэртсэн ажлын цаг. Намрын улирлыг дэлхийн олон яруу найрагч өгөөмөр баян эхийн сэтгэлтэй зүйрлэн “Ижий улирал” гэж бахдан дуулцгаадаг.

Шив шинэхэн талх амттай. Захыг нь  шажигнуулан хазах бүр янзтай. Шинэхэн талхны үнэр амьдралын үнэр мэт санагдах нь бий.

Дэлхийн яруу найрагт газар ээж, түүний үр шим болох тарианы тухай шүлэглэн дуулаагүй нь ховор. Түүнээс талх, давсаар хүндэт зочноо угтдаг тариан эх орон болсон Оросын яруу найрагчид дунд намрыг дүрслээгүй, магтан дуулаагүй, хөг хэмнэлийг нь шүлэглээгүй нь хэд билээ.

 Оросын утга уран зохиолын очир эрдэнийн шигтгээ Сергей Есенин намрын тухай, тарианы тухай олонтаа бичиж “Тариан талбай-Орос орон минь ээ” хэмээн бахдаж, “Орос орон” шүлэгтээ

…Тариан талбай, шан татсан газар минь

Таны минь уйтайхан бараа цаанаа л нэг л энхрий

… Аяа, миний орон нутаг-энхрийхэн эх орон минь 

Амин хайраа тандаа л гэж гамнана билээ гэж сэтгэл зүрхээ шингээн байж бичин үлдээжээ. 

Монголчуудын хувьд тариа өсч дэвжихийн, өөдөлж сайжрахын бэлгэдэл буюу. Манай судар бичгүүдэд тариа, буудайн тухай эртнээс өгүүлж, түүнтэй холбоотой ёс уламжлалууд хадгалагдан үлдсээр өнөө бидний цагт ирсэн сэн. Монгол Улсын хувьд тариалангийн бүс нутгуудтай болж, гурил, буудайныхаа хэрэгцээг өөрсдөө хангадаг болсон баян, ажилсаг орон. Тийм болохоор бид тариан тухай зөндөө дуулж, шүлэглэх, бас түүгээрээ бахархах гавьяатай. 

Өнөө жил манай улс 430 гаруй мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 293 мянган га-д улаан буудай тариалсан бөгөөд энэ талбайгаас нийтдээ 439 мянган тонн улаан буудай хураан авах төлөвлөгөөтэй.Нэг га газраас дунджаар 15.2 центнер буудай хураан авахаар төлөвлөсөн бол Сэлэнгэ аймгийн Ерөө сум улсын хэмжээнд хамгийн их буюу нэг га-гаас 17.5 центнер буудай хурааж авахаар ажиллаж байна. Энэ сумынхан 12 мянган га-д буудай тарьжээ. Үүгээр нь энэ нутгийнхныг ургацын далайд хөлөг онгоцоо сэлүүрдэн яваа далайчид гэхэд болно. 

Ерөө сумын төв Жавхлантын хөндийд байр¬лана. Жавхлантын хөндий рүү уруудаад орлоо. Сайжруулсан замын хоёр талд зүлэг ногоо зунаараа. Сумын төвийн хэдэн байшин, хашааны үүдний мандалд цэцэгс зай завсаргүй алаглана. Сумын Захиргааны байшингийн довжоон дээрээс ойр орчмоо хараачилбал тариан талбай хаа сайгүй шаргалтаж, зах хязгааргүй том талбайд  комбайн тоос татуулан ажиллана.  Өндөр ургасан тариан дундаас комбайны орой  дөнгөж цухуйн бункер дээрх шар гэрэл нь манас манас хийх нь өдрийн гэрэлд үл мэдэг харагдана.

Сумын төв нам гүм. Харин захиргааны байшинд хадлан, тариалан, цаг агаарын төлөв ярьж, төлөвлөгөө норм, бичиг цаас барьсан хүмүүс л ийш тийш завгүй гүйлдэх. “Цаг агаар муудах нь. Хүйтэн бороо орно”, “Хадланд гарсан хэд рүүгээ явъя”, “Өнөө бригадынхан маань наад талбайгаа дуусгаад цаашлах гэж байна” гэцгээж, ургац хураалт, хадлан, явцын мэдээгээ боловсруулцгаана. Ерөө сумын төвийнхөн төрийн далбаа намируулсан Захиргааны цагаан байр, тариалангийн талбай гэсэн хоёр газарт хуваагдаад бужигнаж байгаа гэлтэй. 

Сумын төвөөс зүүнтээд уртаас урт үргэлжлэх уудам талыг Энх тал гэх. Энэ талд “Улсын ургацын аварга хамт олон” өргөмжлөлтэй “Ачит оргил” компанийн тариаланчид ажиллаж байлаа. Ерөө сумын Хөдөө аж ахуйн Тасгийн дарга Я.Баярсэдийг дагаад Энх тал руу гарав. Тасгийн дарга шалмаг гэж дэндүү, яриа хөөрөө нь эрс шийдмэг эмэгтэй. Ажлаа мэддэг хүн ийм л байдаг байх гэсэн бодол төрнө. Талбайд ажиллаж  бүх л эд анги нь хөдөлж самардах нь самардаж няцлах нь няцалж байгаа бололтой. Хүн сүрдмээр хүнгэнэх том комбайныг угтаж очно. Тариан талбайд байдаг чадлаараа зүтгэх комбайнаас босох  их тоосон дунд ер нь тээршаах шинжгүй, ийш тийш түргэн гүйх. Тэрээр тариаланчидтайгаа ажлын халуун яриа өрнүүлж, гараараа юу ч юм зааж зааварлана. 

Тогоруун сүрэг тариа хураа­сан намхан талбай дээ¬гүүр нисэн өнгөрлөө. Газ¬раас хэдхэн алдын өндөрт ниссээр талбайн дунд буугаад хормын дараа нисээд явчихав. Борооны бараан үүлс алсаас нүүдлийн цуваа адил зугуухан айсуй. Тэр үүл зангиран харанхуйлж  тэнгэр тугалган өнгөөр бүүдийн бүрхэж  яах нь үл мэдэгдэн дүнсийнэ. Тариаланчид тариагаа хурдхан хураагаад дараагийн талбай руу яарч “Бороо гайгүй өнгөрөөсэй дээ” гэцгээнэ. Борооны өмнөх салхи тариан талбайг дайран өнгөрөхөд дөлгөөхөн байсан тэнгис долгилох адил тариан толгой бөхөлзөж  нэгэн хэмнэлээр хөвсөлзөн, салхин тариа болгонд жимбүүрдэн ямархан нэгэн аясыг тоглох мэт ээ. Гэвч энэ тоглосон аяс бодвол яарлын нэгэн  аялгуу байсан биз ээ. 

…Хүн төрөлхтний бишрэн шүтэж, зураг бүхнийг нь гай­хам­шиг гэж үнэлдэг алдарт зураач Ван Гог намрын тухай, тариан талбай, тариа­ланч, хадланчдын амьд¬ралыг тусгасан олон бүтээл туурвисан. Голландад аав, ээжийнхээ гэрт хэсэг зуур амьдарч байхдаа тосгоны ахуй байдал, тэр нутаг усны хүмүүсийн аж ахуйг дүрсэлсэн алдартай бүтээлүүдээ тариан талбайн зах, хадлангийн дэргэд, ойр орчмын өндөрлөг дээрээс зурсан нь одоо дэлхийн уран зургийн шилдэг бүтээлүүдийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзэлсээр. 

Түүний намрын тухай өгүүлсэн бүтээлүүдэд, шаргал тал дунд тариан түрүү найгана. Нар, салхи, бороонд элж хуучирсан сийрсэн малгайтай тариачин эр хаана нь ч юм шаргуу ажиллана. Тариачны гар нүцгэн бөгөөд гартаа ямар ч зэр зэвсэг, хүрз бариагүй байх. Тариан талбайн цаана тосгоны байшингууд ганц хоёроор бөөр нийлүүлэн нойрмоглох агаад дэргэд нь өнчин эсхүл хоёр гурван мод ногоорон зогсоно. Намрын шаргал нар шижир туяа сацруулан дугуйрна. Тэнгэр нь хүртэл шаргалтдаг.

Энх талыг дүүртэл тарьсан тариа борооны өмнөх салхинд хүчтэй ганхан найгаснаа хөдөлгөөнгүй болсон мэт ишин дээрээ үл мэдэг эргэлдэв. Тэнгэр бүрхэж, юу юугүй л бороо асгах нь уу даа. Шөнөжин орох нь дээ гэсэн бодол төрөх ч шаргалтах тариаг анзаарвал ер хур орох шинжгүй ч юм шиг, ноёлог байдлаа алдаагүй байсан нь Ван Гогийн “Үүлтэй тэнгэрийн доорх тариан талбай” хэмээх алдартай бүтээлийг санагдуулна.

Тариачин хүний хөдөлмөрч гарын хүчинд л хүн төрөлхтөн талхтайгаа залгаж, өглөөг цатгалан угтдаг. Хэдий сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбарт дэвшилтэт машин техник, төхөөрөмж эрчимтэй нэвтэрч, орчин үеийн арга барилыг ашиглах болсон ч тариачин хүний гар, сэтгэл хэзээд тэргүүнд байдаг нь ойлгомжтой. Ерөө сум 24 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд 15 аж ахуйн нэгж энэ салбарт нь ажиллаж байгаа аж. Тэд тариалангийн эргэлтийн талбайгаа бүрэн ашиглаж, техникээ 95 хувьд нь шинэчилж чаджээ.

Энх талд комбайнаас урсах буудайг машиныхаа тэвшин дээр овоолж зогссон жолооч Н.Алтай алтартах тариаг алгандаа сул асгаруулан инээмсэглэн зогсонгоо “Тариа чинь хамгийн сайхан эрдэнэ. Тариачин хүн буман эрдэнийг дөрөвхөн сарын дотор тарьдаг гэдэг шүү. Би үр тарианы компанид тээвэр хийдгээрээ бахархдаг юм. Газар эхийн шим барагдах биш дээ” гэж комбайны моторын жигдхэн хүнгэнэх дуунаас даван гарах гэж хэрэндээ чанга ярилаа. Тариачид ийн буудайгаа хурааж авах гэж, жавраас өмнө, бороо, цас, цочир хүйтрэлээс урьтаж шаргуу ажиллаж байна. 

Ерөө сумын Засаг даргын орлогч Б.Нармандах тариачид голдуу амьдардаг сумыг удирдахын жаргалыг түлхүү өгүүлнэ. Мөрөөр нь татахуйц өндөр ургасан тариан дундаа ороод зогссон тариачин хүний сэтгэл юугаар ч хэмжигдэшгүй сайхан байдаг гэнэ. Аварга том техник дотроо суугаад талбай дундуур явж байгаа тариаланчдын харц хамгийн их аз жаргалтай байдаг гэлээ. 

Ерөө хадлангийн арвин их нөөцтэй бөгөөд хадлангийн гарц сайн байгаа аж. Өнөө жил сумынхаа хэмжээнд 26 мянган тонн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс хориод мянгыг нь хадчихаад байгаа юм байна. Хадлангийн олон бригад шижигнэтэл ажиллаж байхад зэрэгцээд тариалангийн талбайд комбайн, трактор, ачааны машинууд нүрэглэнэ. Тэртээд уул уурхайн компанийн хүчит том машин техник сүлжилдэх. Малчид ч малаа хариулах нь үзэгдэнэ. Сумын төвийн айлууд хашаандаа тарьсан төмс ногоо, хүлэмжиндээ ургуулсан өргөст хэмх, улаан лоолио хураацгаана. Намрын жинхэнэ дүр зураг гэж бас намрын нижгэнэсэн симфони гэж  үүнийг л хэлэх байх гэмээр ажил өрнөж байна, Ерөөд.

Тариан талбай, сумын захиргаа дунд хэдэнтээ холхитол хөнгөн тэрэг тоосонд дарагдав. Өмдний шуумгаа гөвбөл буудай болон ишнийх нь хальс салхинд хийсч, намар үнэртэн дэргэд тариан талбай шуурна. Шуурна гэснээс яруу найрагч, уянгын их дууч  Д.Урианхай гуайн “Эх орны тухай бодол” шүлэгт, 

…Намрын тарианы шар шуурга-Миний эх орон

Намуухан зуны ойн ногоон аялгуу-Миний эх орон хэмээсэн нь сэтгэлд зурсхийв. 

Бараан үүлс холуур өнгөрч, бороо чигээ өөрчлөв. Энх талд үүлэн чөлөөний наран тусч, талын өнгийг улам нэмлээ. 

Түрүүхэн л борооны үүлнээс болгоомжилж байсан тариаланчдын магнай тэнийв бололтой тариан талбай дундуур комбайнууд хөвөрнө. 

Буудай ачсан том улаан тэрэгний жолооч  бүхээгтээ хөгжим тавьчихаж. “Алтан намар”, “Ургацын далай” болон дуучин С.Ганзоригийн дуутай хуурцаг эгшиглүүлнэ. 

1964 онд Монголын радио “Ургацын далай” гэх нэвтрүүлэгтэй болж байсан түүхтэй. Нэвтрүүлгийн утга санаанд бүрэн нийцсэн хэмээн Б.Дэндэвийн үг, Т.Чимэддоржийн хөгжмөөр бүтсэн “Ургацын далай” дууг сонгож эгшиглүүлсэн нь Монголын тариаланч, энэ салбарт ажилладаг хүмүүсийн сүлд дуу болсон билээ. Энэ дууны утга агуулга өнөөдөр ч алдагдсангүй, дуулагдсаар байна. Хагас зуун жилийн турш дуулагдаж байгаа энэ дуунд гардаг үйл явдал яг одоо тариалангийн нутагт, Ерөөд өрнөж байна.

Ургацын далай, ургацын далай

Намрын салхинд үелзсэн

Найгал сайхан долгиотой

Нар хурын шим юм аа хө

Навч ногооны дээж юм аа хө…

Ургацын далай, ургацын далай

Алгаа тосоод авахад минь

Ариун сүүний үнэртэй

Атар хөрсний амт юм аа хө

Амуу будааны сан юм аа хө…

Тариа хураалттай зэрэг­цээд буудайны үнэтэй холбоо¬той асуудал энэ салбарынхны анхаарлыг татаад байгаа. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас улаанбуудайг тонныг нь 500 мянгаас дээш төгрөгөөр борлуулсан тохиолдолд тонн тутамд нь олгодог 100 мянган төгрөгийн урамшууллыг олгохгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь тариаланчдад хүндээр тусчээ. Тийм ээ, энэ их ажлыг чухам юуны төлөө хийж байгаа гэж та бүхэн бодож байна. Мөнгө олж  амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж л шороон нүүрлэчихээд нойр, хоолоо умартан зүтгэж байгаа шүү. Хамгийн эрсдэлтэй салбарт төрийн дэмжлэг хамгийн чухал.

Гэтэл хувийн нэгэн компанийн эрх ашигтай уялдуулан олон мянган тариаланчдын эрхийг зөрчиж байгаа нь ёсзүйгүй гэдгийг Ерөөгийн тариаланчид хэлж байна. Тариаланчид их ажлынхаа хажуугаар ийн санал сэтгэгдлээ өгүүлчихээд ажлаа үргэлжлүүлнэ. Түрүүхэн л нь тарианы үнийн талаар бухимдангуй өгүүлж байснаа талбайнхаа захад очоод бүх бэрхшээлээ мартсан юм шиг тариан түрүүг хуруугаараа имэрч зогсох юм. 

Үүлэн чөлөөний наран жаргах нарнаар солигдох эгшинд тариан түрүү улам л өнгөжиж алтан шаргал туяа гялбуулан найгана. 

…Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж

Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ гэдэг нь энэ ажгуу. 

Тэртээд бороо хувингаар цутгах мэт орж байгаа бололтой. Борооны хормой дайраад өнгөрөх учир яаралгүй бол болохгүй гэцгээнэ. Ашгүй энэ удаа ажил зогсохгүй нь бололтой. Бороо, цас, мөндөр, салхи шуурга бас дээр нь мал талбайд орж сүйтгэх энэ бүхнээс өрсөх гэж манай тариаланчид бүхнээ зориулан зүтгэж байгаа.

Нар жаргасан ч тариа хураалтын ажил зогсохгүй шөнөжин үргэлжилнэ. Жаахан л алгуурвал бүтэн жил хөдөлмөрлөсөн ажлаа юу ч үгүй болгож мэднэ. 

Хээр талыг харанхуй бүчив. Тал дундуур гарсан хээрийн нууцхан замаар сумын төвөөс холдлоо. Тэртээд нүдний үзүүрт тод шар гэрэл анивалзана. Сүүлт од лугаа анивалзах тэр гэрэл  тариан талбай дундах  комбайны гэрэл ажээ. Бункер нь дүүрсэн биз. Дүүрээд бүр халин асгарч байгаа байлгүй. Тэр шар гэрэл рүү нэг цагаан гэрэл ширүүхэн очиж байгаа нь харагдана. Бодвол тариа ачих машин байж таараа. Хав харанхуй шөнийн тэнгэр дор ийнхүү одод бужигнах мэт гэрэл гялалзан тариа хураах ажил үл зогсоно. Ай даа, алтан намар аа гэж…

Д.ГАНСАРУУЛ

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Тэнгэрт диваажин, газарт Сужоу

Дорнын Венец

Хятадын Энхтайван хөгжлийн сангаас Хятадын Ардын Их сургуультай хамтран зохион байгуулсан “Орчин үеийн хэвлэл мэдээллийн чиг хандлага” сэдэвт сургалт аялалд оролцох боломж тохиов. Тус сан МАН-тай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд сэтгүүлчдийн багийг урьсан нь энэ ажээ. Энэ удаагийн сургалт аялалд Монголын хэвлэл мэдээллийн арав гаруй байгууллагын төлөөлөгч оролцсон. Зохион байгуулагчдын зүгээс тав хоногийн сургалтыг Бээжинд хийгээд эдийн засгийн загвар хот Шанхай, дорнын Венец хэмээн нэрлэгддэг Сужоу хотоор аялах маршрутыг сэтгүүлчдэд зориулан бэлтгэжээ.
Хятад улс зарим талаараа гадаад мэдээллийн сүлжээнээс хаалттай байгаа боловч интернэтийн өөрийн гэсэн дотоод сүлжээгээ бий болгож чадсан аж. Манай багийнхныг Синьхуа агентлаг, Хятаддаа алдартайд тооцогдох QQ.com, Baike.com сайтуудын үйл ажиллагаатай танилцуулсан юм. Дэлхийд алдартай Синьхуа агентлаг бүтэц, туршлагын хувьд дээгүүр жагсдаг ч орчин үеийн мэдээллийн хурдаас хоцрохгүйн тулд шинэ мэдээний албыг байгуулжээ. Тус албыг агентлагийн ирээдүйн гол хүч болно гэж үзэж буйгаа ч Синьхуагийнхан илэрхийлж байсан. QQ.com, Baike.com сайтуудын хувьд дэлхийг хэрээд буй Google, Facebook-ээс хандалтын тоо, ашиг орлогоороо илүү гарна уу гэхээс дутахгүй гэж танилцуулсан. Ер нь автобус, метрогоор зорчигчид гар утас, таблетаа ширтээстэй л суугаа нь харагдана. Тэгэхээр тэдний танилцуулга бодит үнэнд дөхөж очих байх. Орчин үед гар утас, интернэт сүлжээ хүн бүхний хэрэглээ болсон. Ухаалаг гар утас болон олон төрлийн төхөөрөмжөөр мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулдаг ч бодит мэдээлэл тэр бүр авч буй нь эргэлзээтэй. Мэдээлэл дамжуулах хэрэгсэлд интернэт хүч түрэн орж ирсэн ч уламжлалт мэдээллийн хэрэгсэл сонин, телевиз, радио чухал үүрэгтэй хэвээр байгаа талаар Хятадын их сургуулийн эрдэмтэн багш нар сургалтын үеэр голчлон хэлж байлаа. Хятадын Иргэний их сургуулийн мэдээллийн сургуулийн профессор Шенг Бао Вэйн хэлснээр сонин дөрвөн зууны тэртээгээс тэргүүлэх байр сууриа алдалгүй явж иржээ. Одоогоос 100 жилийн өмнө буюу радио үүсч бий болоход сонингийн эрин үе дуусна гэж үзэж байж. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонирхогчдын тоо буурсангүй. Жараад онд телевиз гээч цоо шинэ юм гараад ирж. За одоо сонин ч байхгүй болно гэцгээж. Гэтэл сонин уншигчийн тоо улам нэмэгдэж. Ерээд онд интернэт сүлжээ дэлхийг хэрж эхэлсэн. Тэгсэн ч сонин тэргүүлэх байраа тавьж өгсөнгүй. Гэхдээ цаг үетэйгээ уялдуулаад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн хурд, өгөлт, дамжуулалт, чанартаа онцгой анхаарч шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатай байгааг ч дурдаж байсан. Тус улсад анхны вэб сайт 1994 онд шангаа татаж байсан бол өдгөө интернэт хэрэглэгчийн тоо 600 сая хол давжээ. Хятадын жиргээчид ч twitter-ийнхнээс дутахааргүйгээр жиргэдэг гэнэ. Нэгэн зурагтай жишээг сургалтын үеэр үзүүлсэн юм. Хятадын тэргүүн хатагтай Iphone утсаар ярьж буй зураг хэвлэлд гарч жиргээчдийн нүдэнд өртчихөж. Улмаар жиргээчдийн шүүмжлэл ч өрнөж. Үүний дараахан Хятадын дарга Си Жин Пиний гэргий эх орны үйлдвэрийн Nubia гар утсаараа “гангарах” болсон аж. Бээжинд бидний сонирхсон газрын нэг бол Хориотой хот буюу хааны ордны цогцолбор. Гадаад, дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй газруудын нэг. 1406-1420 онд баригдсан энэхүү цогцолбор нь том жижиг 980 барилгаас бүрддэг. Найман мянга гаруй өрөөтэй. Өрөө бүрт нэг хоноод явахад 24 жил зарцуулах юм гэсэн. Хориотой хот нь 500 жилийн турш хаадын төрийн үйл хэрэг явуулдаг гол төв байжээ.

Сургалт-аяллаа өндөрлөөд дурсгалын зургаа татуулав.

Бээжингээс Шанхай хүртэл ойролцоогоор 1500 км зайтай. Бидний хөлөглөсөн хурдны галт тэрэг таван цаг давхиад хүрэв. 300 км/цагийн хурдтай давхиж явааг вагон доторхи хурдны заалт байнга заах нь харагдана. Газрын түвшнээс дээш 5-6 метр өндөрт тавигдсан төмөр замаар цахилгаан ашиглан утаа тортоггүй, тоос шороогүй орчинд зорьсон газраа түвэггүйхэн хүрэх нь тун амар. Санаагаар болдогсон бол Улаанбаатарын “агаар”-т ийм зам тавиад метро явуулчихвал түгжрэл, бөглөрөлгүй болох байх даа гэсэн гэнэн бодол тээж явлаа. Зам дагуух хотуудад ердөө гурван минутын хугацаатай саатна. Зорчигчид энэ хугацаанд амжиж бууж, суух ёстой юм билээ. Шанхай хот хорь гаруй сая хүнтэй. Дээр нь арваад сая хүн орж гардаг гэсэн статистик байдаг аж. Аргагүй л эдийн засгийн чөлөөт том бүс гэдэг нь аяндаа мэдрэгдэнэ. Бидний танилцсан худалдааны томоохон төв Пудон дүүрэг ч үүний бас нэг илэрхийлэл. Эртний түүхэн дурсгалт байшин барилгаа яг байсан хэлбэрээр нь харуул хамгаалалттайгаар олон нийтэд үзүүлдэг байна. Мөн хуучны барилгын хэв маягийг өөрчлөлгүйгээр тохижуулсан орчин үеийн пабуудад гаднын жуулчид шар айраг тамшаалан сууцгаана. Олон давхар замтай учир автомашины түгжрэл харьцангуй бага. Гэхдээ манайд автомашин худалдаж аваад дугаараа зүүдэг бол энд эсрэгээр. Дугаартай болсныхоо дараа машинаа худалдаж авна. Автомашины дугаар харьцангуй үнэтэй. Бээжинд дунджаар 20 мянган юань бол Шанхайд 80 мянган юань буюу манайхаар 24 сая төгрөг. Хотын төвд тэнгэр баганадсан нэгэн барилга баригдаж дуусах шатандаа орж байлаа. Энэ аварга “амьтан”-ыг өндрөөрөө гүйцэх барилга дэлхийд одоогоор байхгүй юм гэсэн. Алдарт “Forbes” сэтгүүлийн Хятад дахь салбар Шанхайд төвлөрдөг. Биднийг тус салбартай танилцаж байх мөчид Улаанбаатарт “Forbes” сэтгүүл монгол хэлээр хэвлэгдлээ гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдав.

Сужоу хот

Бидний дараагийн буудал Шанхайгаас зуугаад км зайтай орших Сужоу хот. Дорнын Венец гэж нэрлэгддэг Сужоу бол эртний түүхийг авч үлдсэн Хятадын гурван томоохон хотын нэгд зүй ёсоор ордог байна. Бас сайн чанарын торго, дурдангаараа алдартай. Италийн Венец адил зарим барилгууд нь усаар хүрээлэгдсэн. 12 сая хүн амтай, аялал жуулчлал өндөр хөгжсөн хот. Эртний, орчин цагийн, барууны хэлбэрийн барилгын архитектураар барьсан гурван өөр бичил хотыг Жижи Фу, Янжу Фу, Душу Фу гэсэн гурван нуурын хөвөөг дагуулан байгуулсан нь тун өвөрмөц бөгөөд“Тэнгэрт диваажин, газарт Сужоу” гэдэг хэлц үгтэйгээ дүйнэ.
Их дээд сургуулиудын хотхонуудыг нэг дор төвлөрүүлсэн хот цэвэр цэмцгэрээс гадна нам гүм орчныг бүрдүүлжээ.Эртний хаадын цэцэрлэгт хүрээлэн болон эртний барилга байгууламжтай хотод гадаад, дотоодын жуулчид хөлхөлдсөн хүн ихтэй бол, барууны хэв маягтай хот нь гоё ганган машин тэрэг хөлөглөсөн залуус, өнгө өнгийн гэрэл гялбасан паб, уушийн газраар дүүрэн.

Дэлхийн хамгийн өндөр барилга

Эцэст нь энэхүү сургалт аяллыг зохион байгуулсан Хятадын энхтайван хөгжлийн сангийн талаар товч танилцуулъя. Энэ сан нь 2011 онд байгуулагдсан, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн сургалт зэрэг нийгмийн халамжийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа аж. 2011 онд Монголд хараа сэргээх хагалгаа хийх ажлыг амжилттай зохион байгуулсан бол 2012 онд МХАҮТ-тай мэргэжлийн сургалтын төв байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Манай багийг ахалж явсан Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Г.Ганбаяр тус сангийн удирдлагуудтай уулзах үеэрээ “ажлаа амжуулж” Улаанбаатарын хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн машин шаардлагатай, хүүхдийн эмч дутагдалтай байгааг дуулгаад боломж байвал туслахыг хүссэн. Тус сангийнхан ч Монголд явуулах хүмүүнлэгийн ажлаа өргөжүүлэх сонирхолтойгоо илэрхийлж байсан. Хятадын Ардын их сургууль 1937 онд байгуулагдсан. Улсдаа тэргүүнд эгнээнд бичигддэг сургуулиудын нэг. Нийгмийн ухааны чиглэлээр голлон сургахаас гадна шинжлэх ухааны чиглэлүүдээр ч мэргэжил эзэмшүүлдэг. Одоо тус сургууль 20 мянга орчим оюутантай. Монголоос 25 оюутан тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг юм билээ.

Б.ЭНХБОЛД

Бээжин-Шанхай-Сужоу

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун (7)

8Түрүүч нь
¹154, 155, 156, 158 (4794, 4795, 4796, 4798) дугаарт
8

Буриад бол манай зарим иргэдийн хувьд худалдаа наймаа хийдэг томоохон
газар нь. Наймаачид Хятадаас авсан бараагаа галт тэргээр Улаан-Үд рүү зөөнө. Нэгэн
үе Улаан-Үд монгол наймаачдаар дүүрчээ. Том том цүнх үүрсэн наймаачид хотын гудамж,
талбай, орон сууцны хороолол дундуур бараагаа бариад явна. Хүмүүс хямдхан үнэ сонсоод
хаана ч хамаагүй наймаа хийнэ. Дэлгүүр хоршоо, автобусны буудал, гэрийнхээ үүдэнд
хүртэл. Сүүлдээ эндхийн иргэд монгол наймаачдаас залхах хандлагатай болж. Засаг
захиргааны зүгээс энэ байдалд анхаарал хандуулж монгол наймаачдад зориулсан худалдааны
төв, дэлгүүр хүртэл гаргаж өгчээ.

Монгол гэсэн тодотголтой тэр дэлгүүрээр нь орвол голдуу Эрээний бараа
байх аж. Бараанууд нь хямдхан. Сонголт ихтэй. Одоо монгол наймаачид “гахай”-гаа
үүрээд Улаан-Үдээр хэсэхээ больсон гэнэ. Хятад-Монгол-Улаан-Үд гэсэн чиглэлд наймаа
арилжаа хийж амьдардаг монголчууд Улаан-Үдэд байр хөлсөлдөг юм байна. Тэндхийн монголчууд
бие биенээ танина. Тэр байрны төдөн давхарт хоёр монгол амьдардаг. Харин тэр байранд
хоёр монгол айл байдаг гэхчилэн заана.

Хөлсний байр гэснээс Улаан-Үдэд байрны үнэ манайхтай харьцуулбал
өндөр. Нэг өрөө шинэ байр байршил, зэрэглэлээсээ хамаарч 1.5-2 сая рублийн үнэтэй.
Сүүлийн үед орон сууцны хорооллууд ихээр баригдах болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор
залуу гэр бүлүүдийг ипотекийн зээлд хамруулах ажил ид өрнөж байна.

Улаан-Үдийн зун ерөнхийдөө халуун бүгчим. Их мөрний хөвөөнд байдаг
болохоор агаар нь ихэд чийглэг. Гудамжны моддын навчисыг нь имэрч үзэхээр өчүүхэн
ч тоос, тортоггүй. Нов ногооноороо. Зүлэг, ширэг нь ч мөн адил.

Харин өвөлдөө хүйтэрнэ. Ямар сайндаа цаа бугын арьсан гутал өмсөх
вэ дээ. “Юун ноосон малгай вэ. Өвөл дан малгайтай явна гэж байхгүй шүү” гэцгээнэ.
Ноосон малгай өмсвөл дээгүүр нь куртикнийхээ малгайг давхар өмсөнө. Цаг агаарын
хэм хасах 36 хүрч хүйтэрвэл цэцэрлэг, сургуулийн бага, дунд ангийнхан нь хичээлдээ
явахгүй. Хүүхдүүд урьд орой нь цаг агаарын мэдээ заавал үзнэ. Агаарын хэм -38 хүрвэл
ахлах ангийн сурагчид хичээлдээ явахгүй, Онцгой байдлын газраас нь онц байдал зарлана.

Улаан-Үдийн охид, залуусын арьс нь тунгалаг, нүд нь жавхлааг байдаг
нь зөөлөн, цэвэр агаар, устай нь холбоотой гэж Оросын бусад муж, улсуудын залуус
ярьдаг гэнэ.

Буриадууд оросуудыг орос гэхээсээ илүүтэй орд, мангад гэж хэлж, ярьдаг
нь сонирхол татсан билээ.

Улаан-Үдэд саатахдаа тэндхийн буриад иргэдтэй хөөрөлдсөн юм.

 

ЦЭДЭВ: БУРИАД ЗАЛУУС ЭХ ХЭЛЭЭ МАРТАЖ БАЙНА

Хөлсний тэрэгний жолооч Цэдэв.

-Та
такси бариад хэдэн жил болж байна вэ?

-Есөн жил болж байна.

-Та
аль аймгийн хүн бэ?

-Буриад улс чинь хорин аймагтай шүү дээ. Би Зэдийн аймгийнх.

-Буриадын
аймгуудыг эхнээс нь нэрлэвэл?

-Баргажин, Зэд, Сэлэнгэ, Хиагт, Түнхэн, Хурамхан, Яруун, Хорь, Тарвагатай,
Мухар шивэр гээд хорин аймаг бий.

-Сүүлийн
үед буриад залуус өв уламжлалаа сэр­гээж, хэл, соёлдоо ихээхэн анхаарал хандуулж
байгаа гэлцэх юм?

-Хөдөө аймгуудад ажил төрөл олдохгүй, бүгд төв бараадаж байна. Төвд
орж ирээд энд тэнд юм хийгээд л явцгааж байна. Хөдөөнийхөн ёс заншлаа авч үлдэх
талдаа сайн. Аав, ээжүүд, өндөр настнууд нь хүүхэд залуустаа хэл, ёс заншлаа хэлж
өгдөг юм.

-Улаан-Үдэд
ирсэн залуус голдуу ямар ажил хийж байна вэ?

-Худалдаа наймаа хийнэ. “Абсолют”, “Титан” гэсэн сүлжээ дэлгүүрүүдэд
ажиллацгаана. Барилга дээр ч ажиллаж байна.

-Залуус
үүх түүхээ хэр мэддэг вэ?

-Муухан даа. Хэдий хил зааглахад ахан дүүс салсан ч цаг сайхан болсон
болохоор бие биенийдээ байнга зочилц­гоодог. Бид чинь Улаанбаатар руу байнга явна.
Худалдаа наймаа хийнэ.

Намайг жаахан хүүхэд байхад нагац ахынх маань Монголд байдаг байсан
юм. Хожим нь сураг тасарч холбоогүй болчихсон.

-Та
буриадаар сайн ярьдаг юм байна шүү дээ. Гэртээ буриадаар ярих уу?

-Тэгэлгүй яахав. Манайхан хоорондоо буриадаар ярина. Улаан-Үдэд удчихаараа
л хэлээ мартчихдаг юм.

-Цагаан
сараа яаж тэмдэглэдэг вэ, танайх?

-Битүүндээ мах чанаж, бууз жигнэж идээд сүүгээ ууна. Маргааш нь аав,
ээждээ айлчилж очно доо. Дүү нар минь манайд ирж золгоно. Хотуудаар явж ахан дүүсийнхээрээ
орно.

-Дацангуудад
найр болдог гэх юм?

-Хурал ном хураад зон олноороо цуглаж, эрийн гурван наадмаа хийдэг.

-Монгол
ардын дуунуу­даа хэр дуулдаг вэ. Та дуулна биз дээ?

-Би дуулдаггүй. Спортоор явсан болохоор хоолой муутай (инээв). Монгол
дуу дуулдаг хүмүүс олон байдаг юм. Манай хамаатан садангууд бүгд монгол дуу мэднэ.

 

ЕСҮХЭЙ: БИ ОЛОН МОНГОЛ НАЙЗТАЙ

29 настай, өмгөөлөгч, маркетингийн менежер мэр­гэ­жилтэй Есүхэйтэй
ярилцлаа.

-Буриад
хэлээ хэр мэддэг вэ?

-Сайн мэднэ шүү. Буриад дуу ч мэднэ. Миний үеийн залуус буриад хэлээ
сэргээх гэж, сурах гэж их эрмэлзэх болсон. 1990-2000 оны үед бол юун эх хэлээ сурах
тухай бодох вэ, нийгэм хүнд байсан цаг. Харин одоо хэл соёлдоо анхаарал хандуулах
цаг нь болсон. Ер нь буриадуудын 90 хувь нь өөрсдийгөө Монгол гэж боддог.

-Таны
үеийн буриад залуус Улаан-Үдэд ихэвчлэн ямар ажил төрөл эрхэлж байна вэ. Нийгмийн
байр суурийг нь сонирхвол?

-Миний эргэн тойрны, миний таньдаг залуусын дийлэнх нь буюу жараад
хувь нь төрийн албан байгууллагад ажиллаж байна. Үлдсэн хувь нь худалдаа наймаа
хийж, өөрийн гэсэн бизнес эрхэлж байна.

-Ажилд
ороход ямар нэг хүндрэл байдаг уу?

-Буриад дарга нь буриад хүнийг ажилд авна. Орос дарга нь орос хүнийг
ажилд авдаг. Ерөнхийдөө ийм хандлага бий.

-Буриад
залуус ямар зан чанараараа ажлын байран дээрээ гайхагддаг вэ?

-Ажлаа сайн хийгээд явбал чи буриад, чи орос гэсэн ойлголт байхгүй
л дээ. Гэхдээ буриад залуусыг ажилдаа үнэнч, хөдөлмөрч, чадварлаг, хариуцлагатай
гэж үнэлдэг тал бий.

-Монголд
очихоор Улаанбаатарын хаагуур явах дуртай вэ?

-Гандан орно. Тэрэлж явна. Хотын төв болон III, IV хорооллоор явдаг.
Улаанбаатарыг сайн мэднэ. Монголд рубль хэдэн төгрөгт хүрч байна гэсэн бэ?

-54 төгрөг.

-Тэгвэл ойрмогхон явъя байз. Рубль Монголд үнэд орвол бидэнд ашигтай
шүү дээ (инээв). Би Монголд очих дуртай. Тэнд миний олон найз бий. Би өөрийгөө Монголын
нэг хэсэг гэж боддог. Хэрвээ Монголд надад тохирох боломжийн ажил байвал хэзээ ч
явахад бэлэн байна.

Би буриад хэл мэддэггүй найзуудаа шоолдог юм. “Ичих­гүй байна уу,
буриад хэлээ мэдэхгүй байгаадаа” гэж.

Буриад улс тэр дундаа Улаан-Үд бол их тайван газар. Хүмүүс нь уужуу
сэтгэлтэй. Энд буриад, орос гэсэн зааг ялгаа ер нь гардаггүй юм. Зон олон нь ижилсчихсэн.
Москва ч юм уу Оросын зарим газруудад үндэсний үзэлтэй нөхдүүд бусдыг хавчих үзэгдэл
гаргадаг л даа. Харин Улаан-Үдэд тийм зүйл барагтай бол тохиолддоггүй. Залуус нь
эв найртай. Сайхан ч нөхөрлөдөг.

Би Улаанбаатарт очоод автобуснаас буухад хэзээ ч харь улсад очсон
юм шиг сэтгэгдэл төрдөггүй юм. Ганцаараа явчихдаг. Ерөөсөө юунаас ч айж эмээдэггүй.
Чемоданаа чирээд л дуртай газраараа алхчихдаг. Гоё байдаг.

 

БААТАРДОРЖ: БУРИАД ХЭЛ МИНЬ МАРТАГДААД Л БАЙНА

Хүний нөөцийн менежер мэргэжилтэй Баатартай ярилцлаа. Тэрээр 27 настай.

-Буриад
залуус хүссэн мэргэжлээ эзэмшээд хүссэн газартаа ажилд орох боломж хэр байдаг вэ?

-Хүн хүнээсээ шалтгаална. Өөрөө хүсээд тэмцвэл хүссэн газартаа ажилд
ордог. Энэ тал дээр ер нь шударга шүү. Үүнд хааж боогоод байдаг зүйл байдаггүй.

-Нэр
усаа гаргаад амжилттай яваа буриад залуусаа дурдвал?

-Эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа залуус салбар салбарт л байна.
Улс төр, бизнес, урлаг гээд олон.

-Та
буриадаар ярьдаг уу?

-Буриад хэл минь мартагдаад л байна (буриадаар ингэж хэлэв). Би багадаа
их сайн ярьдаг байсан. Байнга ярихгүй болохоор мартчих юм.

Би хүүхэд байхдаа Монгол руу их явдаг байлаа. Одоо манай ахан дүүсийн
хүүхдүүд Монголд очиж сурдаг.

Д.ГАНСАРУУЛ

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун – томилолт(6)

Түрүүч нь
¹154, 155, 156 (4794, 4795, 4796) дугаарт

Үнэгэтэй
тосгоны төв гудам

Буриадын тосгоны амьдралыг сонирхохоор буриадууд голдуу амьдардаг
газруудыг сурлаа. Үнэгэтэй буюу Үнэгтэй, Ацагат буюу Ацагтад буриадууд амьдардаг
гэцгээнэ. Ингээд Үнэгэтэй рүү явдаг автобусанд суулаа. Суудлууд дүүрчихэж. Хамгийн
ард сул суудал харагдана. Очоод суучихлаа. Суудал дээр хар тортой зүйл байна. Тэмтэртэл
ундааны саванд хөлдөөсөн сүү бололтой, хүйт даана. Хажууд хүүхэдтэйгээ явсан бүсгүй
наад суудал чинь хүнтэй гэж байна. Орос залуу орж ирээд суудал нь эзэнтэй болчихсонд
дургүйцсэнгүй. Тортой юм минийх, буухдаа авна гэв. Сүү цагааг ямар хөл дороо авч
явалтай биш гээд тэврэх шахуу өвөр дээрээ тавилаа.

Үнэгэтэй тосгон Улаан-Үдээс зүүн тийш наяад километрт оршино. Замын
дунд явж байтал хүчтэй аадар бороо асгалаа. Үнэгэтэйд буухад бороотой байх нь. Шүхэргүй
гараад ирсэн хэцүүдэх нь гэж бодогдов. Замын хажуугаар өнгөрөх замын тэмдэг, тэмдэглэгээ,
газар усны нэрүүдийг сонирхсон шигээ хэрэндээ л ажилтай явлаа.

Эрхирэг тосгон, Тасархай гол, Даваат гол, Арвижил, Онхой тосгон,
Добо-Ёнхор, Чулуут, Хар шивэр, Ацагт гэх монгол нэрүүдийг харахаар Монголынхоо аль
нэг аймаг, суманд явж байгаа юм шиг санагдана. Автобусанд надаас өөр монгол хүн
байхгүй байгаа нь хүмүүсийн царай төрхнөөс харагдана. Ингэхэд би чинь буриад тосгон
руу очиж байна уу гэж өөрөөсөө асуухад хүргэлээ. 

Өнөө залуу тортой юмаа нэхэж байна. Өгчихлөө. Зайлуул ээждээ хотоос
сүү цагаатай очиж байгаа ачлалтай хүү байх нь гэж бодоод дуусаагүй байтал торноосоо
савтай зүйл гаргаад ирлээ. Сүү биш ээ, квас байж. Тагийг нь онгойлгоод залгилж гарлаа.
Бүр талд нь ортол нь шуналтай залгилав. Автобус бүгчим халуун гэж жигтэйхэн, бүх
цонх нь хаалттай. Цангаж явсан болохоор цэв хүйтэн квас ууж байгаа залууг хүн бүр
л шүлсээ гүдхийтэл залгин харна.

Бороо татарлаа. Хүмүүс замд нэг хоёроор буусаар Үнэгэтэйд дөрөв тавхан
л хүн ирлээ. Монголжуу төрхтэй ганц ч хүнийг автобусны цонхоор харсангүй. Монголоос
явж байгаа, буриад тосгоны аж амьдралыг сонирхох гэж байгаагаа автобусанд явсан
хүмүүст дуулгавал “Буруу газраа иржээ. Түрүүн Ацагатад буух байж. Энд буриадууд
байдаггүй, орос тосгон шүү дээ” гэж байна. Автобус 15.00 цагаас буцаад хөдөлнө.
Гучин минутын зай байсан учир Үнэгэтэйн гудмаар алхлаа. Нээрээ буриад хүн таарсангүй.
Өглөөнөөс хойш хэлэн дээрээ юм тавиагүй болохоор цайны газар сурвал байдаггүй гэнэ.
Дэлгүүрт нь орлоо. Идчихмээр юм алга. Лангуу нь ерөнхийдөө хоосон. Нэг ширхэг элэгний
нухаш байна. Үйлдвэрлэсэн хугацаа нь дуусчихаж. Нэг литрийн савтай цэвэр ус аваад
тал хүртэл нь нэг амьсгаагаар ууж цангаагаа тайлав.

Үнэгэтэй гэж энэ тосгон цагтаа сангийн аж ахуй байсан бололтой юм
даг. Энд тэнд эвдэрч хаягдсан ферм, үйлдвэрийн барилгын балгасууд. Халгай, шарилж
дүүрсэн газар. Ганцхан төв замтай. Замын хоёр талаар айлууд цуварчээ. Нүүрэн талын
л байшингуудтай. Араар нь бараг байшин савгүй. Нэг л урт сунасан тосгон. Автобус
төв замаар явсаар эцэст нь очоод эргэдэг юм байна. Ингээд автобусандаа буцаж суулаа.
Жолооч нь “Тэр холоос ирчихээд төөрчих гэж. Одоо би буриад тосгон дээр буулгаж өгье.
Харин буцахад чинь унаа байхгүй. Замын машинд дайгдаарай” гээд эелдэгхэн инээмсэглэнэ.

Ацагат буюу Ацагт тосгонд буулаа. Зүүн өмнөөс цахилгаан цахисан,
бөөн хар үүлс бараантан наашилна. Аадрын үүл. Удахгүй асгах нь. Хашааны булангууд
дээр “Раднаева”, “Доржиева” гээд биччихэж. Хүн амьтан харагдсангүй. Ядаж захиргаа,
сумын төв гэж байшин байдаг байлгүй. Дээрээ туг хатгасан байшин олж харлаа. Тийш
зүглэж явтал нэгэн өвгөн тааралдав. Сайн байна уу гэвэл “Мэнд амур” гэж байна. 

Ацагат тосгон бол буриадуудын хэдэн үеэрээ амьдарч ирсэн газар юм
байна. Улаан-Үдийн буриад тосгод дундаас иргэд нь баян чинээлэг, амьдрал ахуй нь
жигдэрсэн, бүгд ажил төрөл, үхэр малтай гэдгээрээ шагшигдана. Цагаан сарыг эндхийнхэн
өргөн дэлгэр тэмдэглэнэ. Бүр Монголоос ахан дүүс нь золгох гэж ирдэг гэсэн.

Тосгон нь дунд сургуультай учир хүүхдүүд нь бүгд их дээд сургуулийн
мөр хөөнө. Их сургуулиа төгссөн хүүхдүүдийн тодорхой хувь нь нутагтаа эргэн ирдэг
гэнэ. Энэ тосгон 130 гаруй өрхтэй. Залуус нь Улаан-Үдийн онгоцны үйлдвэрт голдуу
ажилладаг аж. Өглөө бүгд машинаа унаад хотын төв рүүгээ орчихно. Ард нь настайчуул,
үр хүүхдүүд нь үлдэнэ. Ацагатад машингүй айл бараг байдаггүй гэнэ. Яагаад гэвэл
бүгд хотод ажил төрөл эрхэлдэг болохоор хувийн тэрэггүй бол ажил нь амжихгүй. Орой
ажил тарах цагаар залуус нь ирээд тосгон дуу шуутай болно. Буриад өвөө хот руу явах
замд уул давахаар буузны газар байдаг гэв. Эхлээд юутай ч хүн амьтантай уулзъя дараа
нь хоол унд болъё гэж бодоод гудмаар нь алхав. Тэртээд нэг байшин руу хүмүүс орж
гарч байгаа нь харагдана. Тийш очлоо. “Асагадай соелой байшан” гэсэн хаягтай юм.
Соёлын төв нь. Ацагатын нэгэн залуу энд хуримаа хийх гэж байгаа гэнэ. Том зааланд
дөрвөн эгнээ урт ширээ засчихаж. Хоол унд, зууш, ундаа сархад, амттан алаглана.
Хурим 16 цагаас эхлэх зар тараажээ. Эхний зочид нь ирж байна. Бэр, хүргэн хоёр хотоос
гарч байгаа дуулдана. Тэгэхээр 18 цагаас нааш хурим эхлэхгүй нь бололтой. Соёлын
байшингаас гарч, нөгөө зааж өгсөн зүгт буузны газар руу зүглэлээ. Ацагатын даваан
дээр, дацангийн ойролцоо ирж байтал бороо ганц хоёр дусалж эхлэв. Соёлын төв рүү
буцахаар шийдлээ.

Хуримын зочид гийчид машинтай нь машинтайгаа, машингүй нь бороонд
норон гүйлдсээр ирцгээнэ. Нэгэн настайвтар эмэгтэйтэй танилцлаа. Тэр эмэгтэй тосгоныхоо
талаар танилцуулж, хуримаа хийж байгаа хосуудын талаар ярина. Залуу нь Ацагатынх
юм байна. Харин бэр нь Зэдийн аймгийнх. Бэрийн талдаа хийдэг найраа хийчихээд өнөөдөр
төрсөн газартаа, төрөлх нутагтаа ханиа дагуулж ирж хуримлаж байгаа нь энэ гэнэ.

Бороо хүчтэй шаагина. Хүмүүс соёлын төвийн үүдний өрөөнд борооноос
хоргодно. Бүгд гадагшаа харж бороо хэрхэн хүчтэй асгаж байгааг харна. Дотор биллиардны
ширээ байна. Өвгөчүүлтэй биллиард тоглолоо. Тэд ганц ч шарик унагасангүй, би ч унагаж
чадсангүй. Тэнд байсан хүмүүс намайг бэрийн талаас ирсэн үү, Зэдийн аймгийнх уу
гэж байна. Монголоос явааг дуулаад бөөн баяр хөөр болж, найрын ширээнд нэрэлхэхгүй
суугаарай. Манай буриадууд чинь зочломтгой улс, бид өөрсдөө хүргэний аав, ээжид
дуулгачихъя. Бэлэг сэлт гэж зовсны хэрэггүй. Чи өөрөө бэлэг, тэр холоос ирсэн зочин
юм чинь гээд дуу дуугаа авалцан баярлана.

Бороо шаагисаар. Тэгтэл биллиардны ширээний яг голд дээврээс дусаал
дуслаа. Эмэгтэйчүүд таваг тавиад тосчихов.

Цахилгаан цахина. Бэр, хүргэн хоёр дацан дээр ирсэн дуулдана. Дацанд
мөргөчихөөд ирэх гэж байна гэцгээнэ. Цахилгаан гялсхийж, тэнгэр дуугарав. Авгайчуул
“Ээ, бурхан багш минь! Айхавтар чанга бэр ирж байна даа” гэнэ.

Цэцэг, туузаар чимэглэсэн, гоёмсог хар саарал машин дохиогоо анивчуулсаар
бороон дундуур ирлээ дээ. Хүмүүс бүгд үүд рүү очлоо. Хоёр гурван цагийн турш хүлээсэн
мөч шүү дээ. Аав, ээж нь хүү, бэрдээ хадагтай сүү барилаа. Хүүдээ цэнхэр хадаг,
охиндоо цагаан хадаг барих аж. Залуу нь цайвар гоонжтой, бүсгүй нь цагаан даашинзтай.

Ингээд хосууд ширээ зассан танхим руу орж, зочид гийчид араас нь
дагалаа. Найр эхэллээ. Хүмүүс ширээн дэх идээ унданд хүрч, охид данхтай халуун аагтай
шаргал цай зөөнө. Гахайн мах, өөх, үхрийн хэлэн зууш, тахиа, загасны махтай салат,
өргөст хэмх, улаан лоолийн салат, давсалсан, хатаасан, чанасан загас, хар, улаан
түрстэй талх, сүши, кимбаб, усан үзэм, шийгуа, алим, чангаанз, чавганы компот, цөцгий,
чөмөгтэй чихэр гээд амттан шимттэнээр дүүрсэн ширээ. 250 гаруй зочин. Хөтлөгч нь
Буриаддаа нэртэй дуучин залуу. Мэндчилгээ дэвшүүлээд хурим эхэлснийг зарлана. Буриад
дуу дуулна. Залуу хосын ээжүүдэд зориулан буриадын “Эжий минь” дууг дуулав.

Юхэн хара хэбэл соогоо

Юумын гамтай шэрээш

Намар байгаа талхан соогуур

Намай түрөө бэлэйш

   Эжы, эжы, эльгэ зүрхэмш

   Эгээн дүтэш намдаа

   Эжы, эжы, оршон ябыш

   Элүүр энхэ зандаа…

Зочид хөтлөгч залууд нэрээ бичүүлнэ. Бичүүлсэн дарааллаараа тайзан
дээр гарч хүргэн, бэрд ерөөл дэвшүүлж бэлгээ гардуулна. Хүргэний найз нь гарч ирээд
бэрд алтан гинж бэлэглэв. Нэг эгч нь гарч ирээд мебель бэлэглэж байгаагаа хэлээд
авчирч чадсангүй. Гэрт чинь оруулж өгье гэнэ. Бас нэг ах нь хос буйдан өгч байгаагаа
хэлнэ. Садан төрлүүд нь нэг хоёроороо, ахан дүүсээрээ, гэр бүлээрээ бултаараа тайзан
дээр гарч ирж ерөөл хэлж, зарим нь халуун хошуутай мал тасалж өгч байгаагаа дуулгана.
Тайзан дээр ахан дүүс нь ийн ерөөлөө хэлж, бэлгээ өгч байхад наана нь бусад зочин
нь хундага тулгаж эхэллээ. Хундагатай зэрэгцэн шинэ хонины шөл, таван цулын шөл,
бүхэл мах, бууз ирлээ. Холоос ирсэн хүн идээний дээж сархад амсдаг юм гээд эхний
хундагыг барь гэлээ. Хоёр дахь хундагыг танилцсаных гээд тогтоо гэнэ. Гурав дахь
хундагыг аз жаргалын төлөө. Аз жаргалаа Буриадад үлдээгээд явахгүй биз дээ гэцгээнэ.
Тэгснээ дөрөв дэх хундагыг барь гэнэ. Барь гэхийгээ “Баригты” гэх. Дөрөв дэх хундагыг
эрчүүдийн төлөө барьдаг юм. Эрчүүдийг гомдоох гээгүй биз. Сайн нөхөртэй, сайхан
хөвүүдтэй болохын төлөө миний дүү наад хундагаа барь гэлээ. За тав дахь хундага
бол хайр дурлалынх байдаг юм, хамгийн чухал нь гэнэ.

Нөгөө танилцсан эмэгтэйд баярлалаа гэдгээ хэлээд, явж байгаагаа дуулгалаа.
Тэрээр “Дүү минь санаа зоволтгүй, сайхан үйл явдалтай таарлаа шүү дээ. Бид баяртай
байна. Буриад хурим маань нэг иймэрхүү болдог юм. Унаа олдохгүй бол буцаад ирээрэй.
Зочдоос хот руу буцах хүмүүс байвал машинд нь суугаад явчих” гэсээр гар даллан үдсэн
юм.

Бороо татарчихаж. Зам дээр гучаад минут гар өргөн зогслоо. Дахиад
нэлээд удсаны дараа суудлын тэрэг ирлээ. Жолооч нь буриад эр. Түүнд хуримнаас гарч
ирснээ хэллээ. Баахан хөөрөлдөв. Тэрээр Монголд ирэхээрээ говиор явах төлөвлөгөөтэй
байгаа тухайгаа, буриад залуус өв уламжлалаа сэргээх тал дээр сүүлийн үед их идэвхитэй
ажиллах болсон, ажилгүйдэл их байгаа ч буриад залуус ажилсаг зангийнхаа ачаар нийгмийн
бүхий л салбарт амжилттай яваа талаар ярьсаар Улаан-Үд рүү орж ирлээ.

 

Д.ГАНСАРУУЛ

Үргэлжлэл
бий 

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун (томилолт)

Сонины цэгт очлоо. “Буриад үнэн” сонин худалдан авлаа. Тэгтэл тэргүүн нүүрт нь “Буха ноёной эха тайлган” гэх нийтлэл гарчээ. Уг нийтлэлд “Түнхэнэй Далайхан hуурин хэдэн зуун жэлэйнгээ туухэ соо нимэ олон айлшдые угтан абаагүй байгаа. Хэды тиигэбэшье, эндэхи ажаhуугшад “Буха ноёной ехэ тайлган” гэhэн регион хоорондын хуралдаанда хабаадагшадые үндэр хэмжээндэ угтан абаа” гэжээ. 

Эндхийн ахмад настай буриадууд бас төрийн албан хаагчид эл сониныг шимтэн уншдаг аж. Шинэхэн дугаарыг нь хүлээн аваад “Хөөе ямар гоё юм бэ, энэ чинь манай ах байна ш дээ. Булган аймагт амьдардаг шүү дээ” хэмээн сонин дээр зураг, нийтлэл нь гарсан хүмүүсийг дотночилон танилцуулна. “Буриад үнэн” сонин дээр гарна гэдэг бол эндхийнхний хувьд том хувь тавилан. Буриадууд Монголын уран бүтээлчид ирж тоглолт зохиохыг хамгийн ихээр хүсдэг гэнэ. Та Монголын ямар дуунд дуртай вэ гэж асуухаар “Ход ход”, бас “Сайхан амттай цай” гэдэг дуунд дуртай гэнэ. Ход ход гэдэг нь 

Ход ход ход ход ход инээгээд

Хоёр гурав гиш­гэлээд 

Хөөр баяр болох юм

Хөлд орж дээ миний хүү буюу “Том болж дээ миний хүү” гэдэг дуу. Ер нь тааралдсан монгол хүн бүр энэ дууг амандаа аялж, үргэлжлүүлэн дуулахыг хүснэ. 

Сайхан амттай цай гэдэг нь дуучин С.Жавхлангийн “Ээжийн чанасан цай” дуу. “Хамаг Монгол” тоглолт ирэхэд буриадууд догдлон тосон авч, бүхэл үдшийн турш баяр хөөртэй байсан гэдгээ илэрхийлж байлаа. Эндхийн буриад залуус “Татар”, “Камертон” хамтлагийн дуунд дуртай юм байна. Аялж сонирхуулна. Бас дуучин Алтанцэцэг, Ариунаа, Сарантуяа гоё дуулдаг гэцгээнэ. Монголд ирээд сүүлийн үед ямар дуу моодонд орж байгааг асуугаад цомгийг нь худалдаж авъя гэхээр хүмүүс сэтгэлд нь хүрсэн дуутай цомог өгдөггүй гэв. “Сүүлийн үед хит болж байгаа дуутай цомог сонсъё гэвэл юу гэж асуувал зүйтэй вэ” гэнэ. “Хит болж байгаа рок, поп дууны цомог байна уу гэж асуу” гэвэл “Аан, за тийм байх. Бид нар асуухаараа эстрад дуу байна уу гэхээр “Ход ход” дуутай цомог өгөөд байдаг юм. Тийм учиртай байж. “Ход ход” дуу чинь хэдэн оны дуу юм бэ” гэж асууцгаана. 

Буриадууд мон­гол уламжлал, ёс занш­лынхаа талаар ярихдаа омогшин догдолдог ч оросуудад их элэгтэй. Улаанбаатарт очиход хүмүүс бухимдалтай, хар яр хийгээд хэцүү. Өлмийн дээр гишгэчихээд уучлал ч гуйдаггүй. Харин оросууд өөр. Тэд боловсон. Энэ зан нь замын хөдөлгөөнд оролцохоос эхэлдэг гэх. Туслах замаас машин орж ирж байхыг алсаас харчихаад ёс юм шиг хүлээж байгаад оруулах нь Улаанбаатарт замын хөдөлгөөнд оролцдог бидэнд бол ядаргаатай мэт санагдана. Явган хүний гарцаар хүн гарч байвал манайхан огцом хурдаа сааруулдаг бол Улаан-Үдийнхэн их тайвуун. Хотын замын хөдөлгөөнд ихэд уужуу тайван оролцдог нь сэтгэлд таатай.

Буриадууд Улаан­баатарт ирээд автобусанд сууж явна. Хүүхдүүдээ суудалд суулгаад өөрсдөө зогсоно. Хөгшин хүмүүс орж ирээд суудал тавьж өгсөнгүй гэж баахан үглээд “Муу сайн хужаанууд” гэж хараахаар нь голдоо ортол гомддогоо нуусангүй. Улаан-Үдэд нийтийн зорчигч тээврээр явахдаа настай хүмүүс гэхээсээ илүүтэй хүүхдүүдэд суудал тавьж өгдөг аж. Яг л тэр аясаараа Монголд автобусанд суугаад доромжлуулснаа дахин дахин ярьцгаах. Буриад хүүхдүүд Монголд байх ахан дүүс хамаатнууддаа зуны гурван сараа өнгөрүүлнэ. Гурван сар болоод ирэхэд хэл нь зүгшрээд яг л монгол хүүхэд шиг болчихдог аж. Тэгээд л буцаад орос орчинд орчихоор монгол хэлээ мартагнана. Улаан-Үдийн дунд сургуулийн нэг ангид 30 хүүхэд байлаа гэхэд 3-4 нь буриад хүүхэд байна. Тийм болохоор гэртээ хичнээн монголоор яриад нэмэргүй, хэл нь орос болчихно. 

Буриадууд Монголд амьдардаг төрөл садан дээрээ ирэх дуртай. Зарим нь “Бид Монголд юу болж байгаа талаар бүгдийг мэднэ. Орой болгон skype-гаар харилцаж, фэйсбүүкээр уулздаг юм чинь” гэнэ. Тэд “Монгол метротой болох гэж байгаа гэл үү. Метро нээлтээ хийнгүүт очиж сууж үзнэ дээ. Бас морин хуур шиг хэлбэртэй том цогцолбор барих гэж байгаа гэлүү” гэж сураглана. 

Буриад залуус наймдугаар сар, бас өвөл, хавар гээд жилд гурван удаа Монголд орж ирнэ. Улаанбаатарт ирээд III, IV хорооллоор явж хувцас хунар цуглуулна. Бас “Нарантуул” зах гарч тосгон дахь өвөө эмээ нартаа юм цуглуулна. 

Харин настайчуул нь Улаанбаатарт ирээд “Түндэмүн” гэх зэрэг хэдэн саунд орж, төв талбайн ойролцоо байрладаг гэх бааранд орж үздэг гэнэ. Бас хүүхдийн паркаар орж тоглоцгооно. “Модерн номадс”-ын салбараар орж хоол иднэ. Улаан-Үдэд хоолны газар ажиллуулах гэж байгаа хүмүүс Улаанбаатарт ирж туршлага судалдаг юм байна. Хуушуурны иж бүрдэл сонирхлыг нь ихэд татдаг аж. Бас хорхогны шөл анхаарлыг нь татдаг ч Улаан-Үдийн оросууд шөлийг нь ууж чаддаггүй, хурц гэдэг аж. Буриадынхны Улаанбаатарт ирээд амтархан зооглож байгаа хоолнуудыг Улаан-Үдэд нутаглуулахыг хүсдэг ч энэ мэт хүндрэл их гардаг гэсэн. 

Д.ГАНСАРУУЛ

Үргэлжлэл бий.