Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Google”-ийн жолоочгүй автомашин

Техник технологийн салбарт шинийг эрэлхийлэгч “Google” корпораци ээлжит шинэ туршилтаа танилцуулсан билээ. Хэдэн жилийн өмнө туршилт нь эхэлж байсан “Жолоочгүй машин” автомат жолоодлогын тусламжтайгаар хотын хөдөлгөөнд ямар ч саадгүй явдаг болсон юм. Өмнө нь технологийн компаниуд жолоочгүй автомашиныг туршиж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн төгөлдөр амжилтад хүрч байгаагүй аж. Зарим компаниуд жолоочгүй машиныг тусгай замаар, туршилтын журмаар явуулж байсан. Мөн зам сканнердах төхөөрөмж, урьд нь ямар нэгэн саадгүй тохиолдолд л жолоочгүйгээр алсын удирдлагаар автомашиныг явуулсан удаатай билээ. “Google” энэ удаагийн оролдлогоор өмнөх бүх туршилтаас илүүтэй шинэ дэвшилтэт алхам хийж чадсан юм.

Японы “Toyota” корпорацийн тусгай захиалгаар “Pruis 20” маркийн автомашиныг туршилтад ашигласан бөгөөд “Google”-ийн инженерүүдийн ур чадварын хүчээр жолоочгүй машин нэг дор гадны 100 гаруй биетийг шууд илрүүлж өөрийгөө удирдах боломжоор хангагджээ.

Үүнд замын тэмдэг, тэмдэглэгээ гэрлэн дохио, хүн, зэрэгцээ, урд, хойд, ард эгнээнд зорчин яваа тээврийн хэрэгсэл тэр бүү хэл замын хажуугаар яваа дугуйтай хүнийг замаа солих бол гарын хөдөлгөөнийг нь мэдрэх нарийвчлалтай технологид суурилсан аж. “Google”-ийн тус бүтээл анхны туршилтдаа 50 км замыг жолоочгүй туулж, хотын хөдөлгөөний төвлөрөл ихтэй төв замуудаар саадгүй зорчсон байна.

Автомашины дээд хэсэгт болон гол толь, манангийн гэрэл, их гэрлийн орчим, хаалганы дэргэд, арын ухрах системийн голд болон дугуйны дээд талд хөдөлгөөнд оролцох зориулалтын камерууд суурилагдсан байна. Эдгээр нь нэгэн зэрэг бичлэг хийж, төв компьютерт мэдээллийг хүргэсэн даруйдаа ямар үйлдэл хийхийг тэндээс зааварчлах юм. Ингэснээр тал бүрийн камераас ирсэн мэдээллүүдийг автомашины төв процессор ердөө 1.2 секундээс хэтрэхгүй хугацаанд боловсруулж, автомашины инженерийн системтэй хослон ажилладаг гэнэ.

Жолоочгүй автомашины хамгийн том давуу талын нэг бол робот системийн үйлдэл. Нас биед хүрсэн жолооч ямар нэгэн аюул тулгарах тохиолдолд зогсох, хурдаа сааруулах, эсвэл сандарч мэгдэх гэсэн хариу үйлдэл үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон юм. Тэгвэл “Google”-ийн тооцооны систем өөр рүү нь ойртож эсвэл гэнэт аль нэг талаас гарч ирсэн биетийг илрүүлсэн даруйдаа зогсох үйлдэл рүү автоматаар шилжих аж. Энэ нь болзошгүй аюулыг 99.7 хувиар бууруулж буйг туршилтын үед баталсан байдаг. “Google” энэ туршилтаа анх 2010 оны аравдугаар сараас эхэлжээ.

Саяхан Google компанийн өөрийн жолоодлоготой машин зургаан жилийн туршилтын хугацаанд зөвхөн зургаан удаа л осолд орсон байна гэж USA Today сонин мэдээлжээ. “Машиныг туршсан зургаан жилийн хугацаанд 2.7 сая км-ийг туулахдаа манай машинууд зөвхөн 11 удаа л жижиг осолд орлоо” гэж хөтөлбөрийн удирдагч Крис Урмсон ярьсан байна. Түүний хэлснээр эдгээр жижиг осолд хэн нэгэн хэлмэгдээгүй байна. Зам тээврийн эдгээр ослын буруутнууд нь тээврийн бусад хэрэгслийн жолооч нар байжээ. Ийнхүү “Google”-ийн жолоочгүй автомашин техникийн өндөр үзүүлэлт үзүүлж, чанартай гэдгээ батлаад байгаа юм байна.

Бэлтгэсэн С.АРИУН

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарны хөдөлгөөнөөр өнгө нь солигддог дээвэр хийжээ

Америкийн уран бүтээлч Жэймс Түррелс “Rice” их сургуульд зориулан “SkySpace” нэртэй энэхүү дээврийн дизайныг гаргасан байна.

Энэхүү дээвэр нь нарны хөдөлгөөнийг мэдэрч, нар мандах, нар жаргахад өнгө загвараа өөрчилдөг байна.

Нар мандах үед уг дээвэр яг л мандаж буй нар мэт өнгөтэй болж хувирах ба харин нар жаргах үед жаргаж буй нарны туяаг танд мэдрүүлэх гэнэ. Энэхүү гайхалтай барилга нь урлагийн “Rice’s Shepherd School of Music”-ийн зүүн талын толгод дээр баригдсан ажээ.

.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бодисын дөрөв дэх төлөв: Устөрөгчийн плазмыг гарган авчээ

Үйлвэрээр гаргасан анхны устөрөгчийн плазм ингэж
харагдаж байна

Дэлхий дээрх бодисууд хатуу, шингэн, хий гэсэн гурван төлөвт багтдаг хэмээн Ерөнхий боловсролын сургуульд заадаг. Харин бодисын дөрөв дэх төлөвөөр эрдэмтэд плазм (сийвэн) буюу ионжсон хийг нэрлэдэг. Плазм нь ер бусын шинж чанарынхаа хувьд бодисын дөрөв дэх төлөв гэгддэг байна. “Ионжсон” гэдэг нь атом, молекулаас салсан нэг юм уу түүнээс дээш тооны чөлөөт электроныг хэлнэ.

Биеийг халаах тусам бөөмс улам хурдан болдог. Маш өндөр температурт халаавал бөөмс илүү хүчтэй мөргөлдөж эхлэх бөгөөд үр дүнд нь бөөмс бутран задарч нэмэх, хасах цэнэгтэй ионууд болно. Энэ төлөвийг плазм гэдэг байна.

Орчлон ертөнц дээрх хамгийн түгээмэл хэлбэр нь нар болон бусад одод дээр орших плазмын төлөв юм. Цахилгаан цахих нь дэлхийн гадаргуу дээрх плазмын нэг жишээ юм. Энэ үед температур нь ойролцоогоор 28000К хүрдэг байна.

Хийн атомууд ионжих шалтгаан олон боловч голдуу температураас хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл температур ихсэх тусам атомууд электроноо алдаж ионждог байна. Тэгэхлээр ионжлолын зэргээс (хэр сайн ионжсоноос хамаарч) плазмыг сул, хүчтэй ионжлогдсон гэж ангилж болно. Гал нь плазм төлөв дэх бодисын хамгийн сул нэг хэсэг юм. Плазм нь ийнхүү маш өндөр температуртай орчинд бий болж үүсдэг, барьж хадгалах боломжгүй учраас өмнө нь гаргаж авч чаддаггүй байв.

“Вендельштэйн 7х” халуун цөмийн реактор

Тэгвэл Германы эрдэмтэд энэ оны хоёрдугаар сард бодисын дөрөв дэх төлөвийг үйлдвэрлэлийн орчинд гарган авчээ. Тус улсын Балтийн тэнгисийн ойролцоо орших “Грийфсалд Их сургуулийн Макс Бланк хүрээлэнгийн плазм физикийн туршилтын лабораторид анх удаа устөрөгчийн плазмыг гарган авчээ. Шинжлэх ухааны түүхэнд тэмдэглэхүйц энэхүү явдал энэ сарын 3-нд болсон байна. Эрдэмтэд хүчилтөрөгчийн плазмыг гарган авахын тулд Вендельштэйн 7х халуун цөмийн реакторыг ашиглажээ.

Түүхэнд тэмдэглэхүйц энэхүү үйл явдлыг албан ёсоор зарлах үед ХБНГУ-ын канцлер Ангела Меркель тус их сургуульд зочлон эрдэмтдэд баяр хүргэсэн байна. Мөн тэрбээр үйлдвэрийн орчинтой танилцаж, анхны устөрөгчийн плазмыг харжээ.

“Вендельштэйн 7х” гэх уг халуун цөмийн реакторыг анх 2011 оноос барьж суурилуулж эхэлсэн байна. Энэ нүсэр тогоо нь дэлхий дээрх хамгийн том цөмийн хайлуулах тоног төхөөрөмж буюу ууршуулагч реакторын нэг юм.

Германы эрдэмтэд бодисын дөрөв дэх төлөвийг гарган авах туршилтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сараас хийж эхэлсэн бөгөөд ийнхүү маш богино хугацаанд амжилттай ажиллан устөрөгчийн сийвэнгийн анхны гэрлийг гаргажээ. Устөрөгчийн сийвэнг амьдрал дээр гарган авахын тулд гели тэргүүтэй 300 гаруй ховор хий, бодисыг түүхий эд болгон ашигласан байна.

Ингэхдээ “Вендельштэйн 7х” халуун цөмийн реакторыг зургаан сая хэмийн хэмжээнд ажиллуулсан байна. Энэхүү хайлуулах реактор нь 80 сая хүртэл хайлуулах хүчин чадалтай аж.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газраас уг туршилтад зориулж 400 сая евро зарцуулаад байгаа аж.

Энэхүү төлөвийн шинж нь нарны гадарга дээрх нөхцөл шиг халуу шатаж байдаг бөгөөд бодисын молекул, атом алдагдсан бүтэц учир эрчим хүч ихээр ялгаруулдаг аж. Усны дусалтай дүйцэхүйц өчүүхэн жижиг устөрөгчийн плазм л гэхэд 6000 богино долгионы зуухнаас гарах дулаантай дүйцэхүйц дулааныг ялгаруулах аж. Гэхдээ одоогоор энэхүү төлөвийг шууд ашиглах боломжгүй.

Учир нь дэлхий дээр энэ төлөвийг ямар нэгэн саванд хадгалах боломжгүй бөгөөд халуун цөмийн реакторт цахилгаан соронзон талбайн тусламжтайгаар барьж байгаа юм.

Макс Бланк хүрээлэнгийн багш доктор, профессор Ханс Стефан Босч “Бидний өмнө маш том боломж нээгдэж байна. Мөн маш ихийг хийж бүтээх, судлах арвин их ажил ундарлаа” хэмээн мэдэгджээ. Эрдэмтэд цаашид энэхүү сийвэнг агуулж хадгалах, эрчим хүчид хэрхэн ашиглах талаар илүү нарийвчилсан судалгааг явуулах юм. Наран дээр байдаг сийвэнг дэлхий дээр гарган авснаар хязгааргүй эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Зөвхөн эрчим хүч гэлтгүй энэ төлөвийн тусламжтайгаар маш олон шинэлэг тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гарган авах эх үүсвэр бүрдэх юм.

Энэ туршилт амжилттай үргэлжилбэл таван жилийн дараагаас анхны эрчим хүчээ үйлдвэрлэж эхлэх юм байна.

Энэ 2016 оныг шинжлэх ухааны жил гэж нэрлэж болохоор байна. Учир нь шинэ он гараад удаагүй байгаа ч түүхэнд тэмдэглэж үлдэхүйц гайхалтай нээлт, үйлд явдлууд өрнөж байна. Тухайлбал, энэ сарын 11-ний өдөр АНУ-ын эрдэмтэд таталцлын хүчний долгионыг түүхэнд анх удаа долгион хүлээж авах асар хүчтэй төхөөрөмжийн тусламжтайгаар шууд бүртгэж авсан билээ. Германы нэрт эрдэмтэн Альберт Эйнштейн зуу гаруй жилийн өмнө энэхүү таталцлын хүчний долгионыг цэвэр хийсвэр математик сэтгэлгээний үндсэн дээр гаргаж ирж байсан нь ийнхүү бодитоор нотлогдсон юм.

Э.НОМИН

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Фэйсбүүк ”сэтгэл хөдлөл”-тэй боллоо

Фэйсбүүк компанийн удирдлагууд өнгөрсөн оноос эхлэн “лайк” буюу “таалагдлаа” гэх тэмдгийг орлох тэмдэгтүүдийг бүтээж эхэлсэн юм.

Уг нийгмийн сүлжээний нэг дутагдал нь ямар ч мэдээллийн дор лайк дарах эсвэл дарахгүй байх хоёр сонголттой байдаг билээ.

Тиймээс инженерүүд удаан хугацааны турш ажиллаж, фэйсбүүкийг илүү сэтгэл татам болгохын тулд “Таалагдлаа буюу лайк”, “Хөгжилтэй”, “Гайхалтай”, “Харамсалтай”, “Ууртай”, “Жаргалтай”, “Хайртай” гэх тэмдэгтийг бүтээсэн талаар “www.fox6now.com” мэдээллээ.

Марк Цукерберг “Тун удахгүй фэйсбүүк хүмүүс шиг сэтгэл хөдлөлтэй болно. Хэрэглэгчид фэйсбүүкээр нэгнийхээ сэтгэлийг өвтгөөсөй хэмээн хүсэхгүй байна. Тиймээс л эдгээр сэтгэл хөдлөлийг бүтээсэн ” гэж мэдэгджээ.

Гэхдээ энэ товчлуур дунд “Таалагдсангүй” буюу “Dislike” товчлуур багтаагүй байна. Өнгөрсөн онд Цукерберг “Таалагдсангүй” товчлуур бүтээх болсноо мэдэгдсэн билээ. Сэтгэл хөдлөл дунд “Таалагдсангүй” товчлуур багтаагүй шалтгааныг Цукерберг “Удахгүй хэлэх болно” гэсэн байна.

Эдгээр сэтгэл хөдлөлийг өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдэд ашиглах боломжтой гэнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Монгол залуус “USB” бүтээгдэхүүн гаргалаа

Монгол залуус “Apple” корпорацийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Nomadd гэх Монгол брэндийн Apple USB-г бүтээж эхэлсэн байна. Тэдний бүтээл аноджуулсан хөнгөн цагаан хамгаалалттай, ус, чийгний хамгаалалт бүхий резинэн бүрэлттэй, баталгаат чипээ хамгаалсан металл бүрэлттэйн дээр USB-ны гадаргууг бүхэлд нь хамгаалсан үхрийн ширэн бүрэлттэй аж. Тэд энэхүү бүтээгдэхүүндээ зургаан сарын баталгаа олгож байгаа юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

4G LTE үйлчилгээг 2-р улирлаас нэвтрүүлнэ

Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци хэрэглэгчдэдээ 4G LTE үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлөө Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос гардан авлаа. Энэхүү технологийн ачаар хэрэглэгчид олон төрлийн өндөр чанартай дижитал контент, аппликэйшнуудыг бүрэн ашиглах боломжтой ба бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах өргөн боломж нээгдэх юм. Түүнчлэн дэлхийн стандартад нийцсэн 4G LTE технологид суурилсан хамгийн өндөр хурдны гар утасны дата үйлчилгээг үзүүлэх бололцоотой боллоо.

Мобиком Корпораци 4G LTE үйлчилгээг энэ оны 2 дугаар улирлаас эхлэн хэрэглэгчдэдээ хүргэх бөгөөд нэн тэргүүнд Улаанбаатар хотод нэвтрүүлэх бөгөөд 2017 онд бусад хот, аймгуудын төвд нэвтрүүлэх юм байна. Уг технологийг нэвтрүүлэх нь дан ганц харилцаа холбооны салбарт үр өгөөжөө өгөөд зогсохгүй дэд бүтэц, инженерчлэл, барилгын салбарт шинэ ажлын байр бий болгох ач холбогдолтой. Цаашлаад контентын бизнес эрхлэгчдээс авахуулаад томоохон байгууллагын харилцагчдад хүртэл илүү олон боломж, шинэ ажлын байруудыг бий болгох боломж бүрдэх юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2016 онд шинжлэх ухаанд ямар дэвшил гарах вэ

2016 онд шинжлэх ухаан, технологийн салбарт ерөнхийдөө ямар ахиц дэвшил гарахыг тоймлон харуулж байна.

“CO2” нүүрстөрөгчийн хийг агаараас ялгаж авна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох агаар мандал дахь хүлэмжийн хийн гол төлөөлөл нь нүүрсхүчлийн хий буюу нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) юм. Гэвч нийгэм хөгжиж, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр агаар дахь хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 200 гаруй жилийн турш эрс нэмэгдэж, улмаар энэ нь дэлхийн уур амьсгал огцом өөрчлөгдөхөд хүргээд байгаа билээ. Тэгвэл, Шведийн нэгэн компани анх удаа агаараас нүүрстөрөгчийн давхар исэл гаргаж авч, түүнийгээ зах зээл дээр борлуулж эхэлжээ. Энэ нь нэг талаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулахад томоохон ахиц дэвшил болсны зэрэгцээ дэлхий нийтээрээ дулаарлын эсрэг тэмцэх том алхам болжээ.“Climeworks” хэмээх нэртэй тус компани өнгөрсөн оны долдугаар сарын үеэс Цюрихийн үйлдвэрийн ойролцоо сар бүр 75 тонн СО2 олборлож, ойролцоо байрлах газар тариалангийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой хүлэмжүүдэд нийлүүлжээ.

Өмнө нь дэлхий даяар үйлдвэрлэлийн яндангаас хий авдаг байсан юм. Харин 2015 оноос цөөн тооны жижиг компаниуд агаараас хий татаж эхэлсэн бөгөөд 2016 онд агаараас СО2-ыг ялган авч үйлдвэрлэх нь илүү өргөжнө хэмээн үзэж байна.

Удамшлын генийг өөрчлөхийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрнө

Генийн инженерчлэл ургамлын генетик кодыг өөрчлөөд зогсохгүй хүний ДНК-г засварлах хэмжээнд хүртлээ хөгжсөн. ДНК дахь удамшлын өвчин, хорт хавдар, согогийг генетикийн аргаар засварлах боломжтой юм. Тухайлбал, хараа, сонсголын согогийг хадгалж байсан генийг илрүүлж засварлахаас гадна өндөр нам зэрэг удамшлын шинжтэй мэдээллийг ч засварлах боломжтой ажээ. Гэхдээ хүн амьтны генийг цаанаас заяагдсан төрөлх байдлыг нь өөрчлөх нь байгалийн хуулийг зөрчсөн, ёс зүйгүй асуудал хэмээн үздэг. Тэгвэл 2016 он гэхэд ёс зүй судлаачид болон эрдэмтэд хүний генийг засварлан өөрчлөх асуудал дээр харилцан ойлголцож чадна хэмээн найдаж байгаа аж. Мөн энэ жил ургийн үед генийг нь засварласан анхны сармагчин төрөх юм. Энэхүү сармагчны монш зарим эсэргүүцэгчдийн итгэлийг бага ч гэсэн олж авахад ихээхэн түлхэц болно хэмээн үзэж байна.

Хиймэл элгийг анх удаа хүнд суулгасан

2016 он гараад удаагүй байхад БНХАУ-ын эрдэмтэд нэгэн шинэ дэвшилтэт нээлт, мэс заслыг хийжээ. Тодруулбал, тус улсын эрдэмтэд хиймлээр био элэг гарган авч хүнд суулгасан нь амжилттай болсон байна. Хиймэл био элэг суулгуулсан анхны хүн нь Хятад улсын иргэн 40 настай эрэгтэй аж. Тэрээр элэгний өвчнөөр олон жил шаналсан бөгөөд эцсийн найдвар тээн анхны хэрэглэгч болохоор шийджээ. Харин туршилт амжилттай болж, элэг жирийн элэгний адил бүрэн ажиллаж байгаа аж. Био элгийг Хятадын эрдэмтэд хүний биеийн эсэд тулгуурлан бүтээжээ. Энэ шинэ технологи нь анагаах ухааны хөгжилд том дэвшил авчрахын сацуу элэгний үйл ажиллагааны дутагдалтай тэмцэхэд өндөр амжилт авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа төслийн багийнхан мэдэгдсэн байна. Энэхүү дэвшил хүн төрөлхтнийг элэгний хорт хавдраас аврах гарц хэмээн үзжээ.

Эрсдэлтэй судалгаа

Анагаахын шинжлэх ухаан хөгжин дэвшихийн хэрээр өмнө нь гарч байгаагүй вирус, өвчин эмгэг дэлгэрэх болсон. Тэгвэл цаашид ч хүн төрөлхтний харж байгаагүй аюулт, үхлийн вирусууд шинээр гарч ирсээр байна хэмээн олон улсын эрдэмтэд үзэж байна. Гэхдээ нэг ноцтой зүйл нь элдэв туршилт, судалгаа, эрэл хайгуул нь аюулт вирусийг дэлгэрүүлэгч нэг шалтгаан болж болзошгүй гэдгийг анхааруулж байгаа юм. Элдэв туршилт судалгааны үр дүнд өвчин үүсгэгч вирусийг устгах аргыг нээхийн зэрэгцээ шинэ вирусуудыг гарч ирэх боломжийг нээж өгдөг аж. АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны зөвлөл 2015 оны арванхоёрдугаар сард “Эрсдэл үр ашгийн шинжилгээ” гэдгийг хийж дуусгасан бөгөөд санхүүжилтийг дахин сэргээх талаар ойрын хэдэн сарын дотор хэлэлцэж, зөвлөмж гаргах юм. Мөн зарим эрсдэлтэй судалгаа явуулахыг хязгаарлах ажээ.

Ангараг гаригтай холбоотой шинэ нээлтүүд хүлээж байна

Энэ онд дэлхий болон ангараг гаригийн хооронд илүү нээлттэй харилцаа бий болно хэмээн эрдэмтэд болон сансар судлаачид хүлээж байгаа. Учир нь энэ жил дэлхий болон ангараг гаригуудын тойрог замууд тун ойрхон дөхөж очих юм. Энэ бол Улаан нүдэн гаригийг судлах хамгийн сайхан боломж ирж байна гэсэн үг.

Европын сансрын агентлаг болон Роскосмос хоорондын эрхэм зорилго нь тэрхүү боломжийг барьж авах гэнэ. Мөн НАСА агентлаг ч энэ жил Марс гаригийг судлахыг эрхэм зорилгынхоо нэгээр тодорхойлон ажиллах юм байна. Олон орны сансар судлаачид 2020 он гэхэд тус гариг руу 50 мянга гаруй хүнийг оршин суухаар илгээхээр ажиллаж байгаа бөгөөд тууштай туршилт судалгаа хийж байгаа билээ. Энэ судалгаанд 2016 онд Марс гариг дэлхийд дөхөж ирэх болсон нь томоохон боломжийг олгож байгаа нь дамжиггүй.

Роботехникийн дэвшил

Роботыг эсэргүүцэгчдийн тоо олон ч роботехник хурдацтай хөгжиж буй салбарын нэг юм. Төмөр биетүүд хүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон бөгөөд 2016 онд энэ салбар байгальд ээлтэй роботуудаар бүл нэмэх нь. Тэр ч байтугай “ухаантай” роботыг зохион бүтээх төслийг томсгож, хиймэл оюун ухаант роботуудыг үйлдвэрлэх ажээ. Тэдгээр робот нь шатар тоглох, бодлого бодох зэрэг оюуны үйлдэл хийх чадвартай гэнэ. Японд роботууд сувилагчийн үүрэг гүйцэтгэж өвчтөнд тусалж, асрах үйлчилгээ үзүүлж байна. Цаг хугацаа шаардсан эсвэл нарийн ажлуудыг хийж гүйцэтгэх тусгай программ бүхий роботуудыг “Dexter Bot”, “Baxter” бас “LBR iiwa” зэрэг компани бүтээх болжээ.

Хиймэл оюун ухааны хөгжил

Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж чаддаг программ хангамжийн төгс шийдэл юм. Бид хиймэл оюуныг роботоор төсөөлдөг. Гэхдээ орчин цагийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ.

Мөн өнөөгийн компьютер тоглоомууд нь хиймэл оюун ухааны тод жишээ юм. Хиймэл оюунд байвал зохих дараахь чадварыг бий болгохоор эрдэмтэд хичээн ажиллаж байна. Үүнд, өөртөө дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөрөө илэрхийлдэг байх. Өөрийн алдааг олж засварладаг болох. Хүний сэтгэхүйгээс илүү давсныг сэтгэх болно. Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай гэж олон хүн үздэг. “Компьютер бидний ажлыг хөнгөвчилдөг боловч супер-оюун ухааныг эзэмшиж чадахгүй. Хэрэв бид зөв удирдаж чадвал бүх зүйл хэвийн байх болно. Харин хэдэн арван жилийн дараа хиймэл оюун ухаан хүн төрөлхтний сэтгэл түгшээх гол асуудал болтлоо хөгжинө” гэж хиймэл оюун ухааны хөгжлийг эсэргүүцэгчид үздэг.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарны аймаг есөн гаригтай юу?

-ЭРДЭМТЭД ҮЛ МЭДЭГДЭХ Х ГАРИГ ИЛРҮҮЛЖЭЭ

Сансар ертөнцийн тайлагдаагүй нууцын нэг хэсэг нь бидний оршин буй нарны аймгийн систем юм. Одоогоор нарны аймгийг үндсэн найман гаригтай, хэд хэдэн одой гаригтай хэмээн тогтоосон ч илрээгүй маш олон гариг, хиймэл дагуул, тоосонцор хүн төрөлхтний үл мэдэх нууц оршин байгаа гэж үздэг.

Үүний баталгаа болж Пасаден хотын Калифорнийн технологийн дээд сургуулийн одон орны судлаач эрдэмтэд Майк Браун, Константин Батыгин нар нарны аймагт нэгэн шинэ гариг байгааг илрүүлжээ. Энэхүү үл мэдэгдэх X гариг нь нарны аймгийн хамгийн жижиг нь болох Дэлхий ван гаригийн тойрог замын цаана байрлах аж. Хэмжээгээрээ Далай ван гаригтай адилхан бөгөөд дэлхийгээс арав дахин хүнд жинтэй шинэ гаригийг нээсэн тухай өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ.

Энэ гариг өмнө нь одон орончдын дуранд өртөж байгаагүй шалтгаан нь нарыг зууван тойргоор 15 мянган жилийн хугацаанд нэг удаа тойрдогт оршино. Эрдэмтдийн тогтоосноор Х гариг бүтцийн хувьд Тэнгэрийн ван, Далайн ван зэрэг хийн гаригуудтай адилхан юм байна. Уг гариг 4,5 сая жилийн өмнө нарны ойролцоох гаригуудынх шиг тойрог замаас шахагдан гарсан байна.

Нар болон шинээр нээгдсэн гаригийн хоорондын зай нь астрономын 200 нэгжтэй (нарны аймгийн гариг хоорондын зайг хэмжихэд хэрэглэгддэг нэгж юм. Нар ба дэлхийн хоорондох зайг 1 астрономийн нэгж болгон авдаг) тэнцэж байгаа бөгөөд Х гаригийг нарнаас хамгийн их холдох зай нь 600-1200 астрономын нэгж гэнэ. Тэр нь Далайн ван гаригийн байрлах Койперийн бүс гэдгийн цаана тойрог замыг гаргаж байна гэсэн үг юм.

Гэхдээ эрдэмтэд тус гаригийн яг бодитоор хараагүй аж. Сансрын бусад биетэд үзүүлэх түүний таталцлын нөлөөг эрдэмтэд судлан уг гариг байгааг тогтоосон байна. Майк Браун, Константин Батыгин нар энэхүү гаригийг одон орны дурангаар харсан цагт л нээлт баталгаатай болно гэжээ. Ингээд тэд Хавайн арал дахь “Subaru” гэдэг Японы одон орноос судалгаа хийхээр болжээ. Тэд гаргийг судлахдаа найман метр урт сансрын дуран ашиглаж байгаа аж. Х гариг үнэхээр байгааг баталтал тав орчим жил хэрэгтэй хэмээн тооцоолж буй юм. Учир нь ойролцоогоор таван жилийн дараа Х гаригийг таван жилийн дараа гэхэд одон орны дурангаар харах боломжтой болох аж. Хэрэв уг гариг бий гэдэг нь тогтоогдвол нарны аймгийн ес дэх гариг болно.

Энэ дашрамд уншигчдадаа нарны аймгийн талаар товч танилцуулъя.

НАРНЫ АЙМАГ

Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй хэмээн үздэг аж. Нарны аймгийн төв болох орчлон ертөнцийг гийгүүлэгч алтан нар нь бидний нүдэнд хамгийн ойр орших од билээ. Тэрхүү од болон түүнийг тойрон эргэх гарагууд нь мананцрын бөөгнөрлөөс үүссэн юм. Гэвч энэ мананцар нь их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй. Тэднээс өөр олон элемент сансар огторгуйд тоосонцор адил тархаж байсан. Харин тэр элементүүд Их дэлбэрэлтээс хойш 10 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд хоёр хувьд ч хүрэхээргүй бага байлаа. Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гараг, дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агуулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг байна. Манай нарны аймаг ч бас гараг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай Нарны аймаг, өмнө үүсээд сөнөсөн одноос үүссэн юм.

Нарны аймаг нь үндсэн найман гаригтай. Зарим эрдэмтэд есөн гаригтай гэж тайлбарладаг ч хамгийн бага Дэлхий ван гаригийг одой гаригт оруулснаар найман гариг хэмээн тооцох болсон билээ. Мөн маш олон тооны нээгдсэн болон нээгдээгүй одой гаригууд, нийт гаригийн дагуулууд болон тоо томшгүй жижиг хатуу биет, тоосонцруудаас бүтдэг.

Ингээд нарны аймгийн найман гаригаа нарнаас холдох байдлаар нь жагсаавал:

•Буд Mercury

•Сугар Venus

•Дэлхий Earth

•Ангараг Mars

•Бархасбадь Jupiter

•Санчир Saturn

•Тэнгэрийн ван Uranus

•Далайн ван Neptune

Одоогоор эрдэмтдийн нээгээд байгаа хамгийн багадаа 41 одой гариг байгаа бөгөөд эдгээрийг жинхэнэ одой гариг уу, эсвэл гариганцар уу гэдгийг тодруулах шаардлагатай юм. Хамгийн тод ажиглагддаг томоохон, баттай тогтоогдсон таван одой гариг:

•Дэлхий ван Pluto

•Седна Sedna

•Оркус Orcus

•Квавар Quaoar

Нарны аймгийн үндсэн найман гаригийг хөрстэй гариг болон хийн гариг гэж хоёр ангилдаг. Хөрстэй гаригт Буд, Сугар, Дэлхий, Ангараг гариг багтана. Эдгээр гарагууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гараг гэдэг.

Харин хийн гариг болох Бархасбадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг аж.

Бэлтгэсэн Э.НОМИНЭРДЭНЭ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Фэйсбүүк хэрэглэгчдийн тоо тэрбум 590 мянгад хүрчээ

2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар АНУ-ын иргэн Марк Цукербергийн үүсгэн байгуулсан фэйсбүүк олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн тоо тэрбум 590 мянга болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсчээ. Энэ нь тус сүлжээний нэг өдрийн хэрэглэгчийн тоо 17 хувиар өсч, өдөрт дунджаар нэг тэрбум найман сая хэрэглэгч үзэж буй гэсэн үг аж.

Хэрэглэгчид уг сүлжээг өөр хоорондоо харьцах, текст бичлэг хийх зэргээр ашигладаг байсан бол эдүгээ видео бичлэг оруулах, үзэх талбар болгон ашиглах нь ихэсчээ. Өнгөрсөн онд хэрэглэгчид өөрсдийн 100 сая цагийн видео бичлэгийг фэйсбүүкт оруулсныг тэрбум орчим хүн үзсэн байна. Фэйсбүүк олон нийтийн сүлжээний нийт орлогын дийлэнхийг АНУ, Канад улсуудаас ордог бол 25 хувийг Ази тивийн орнуудаас олсон байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ирээдүйд онгоцны ослоор хүн нас барахгүй

Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд онгоцны осол ихээр гарч, олон хүний хэмжээнд хүрэх болсон. Дахин ийм эмгэнэлт үйл явдал гаргахгүй байх үүднээс судлаачид шинэ санаа бодож олжээ.

Тэд онгоцны кабин хэсэг, зорчигчийн хэсгийг саланги хийх санаа дэвшүүлсэн байна. Ингэснээр осол болох үед зорчигчдыг аюулгүй байлгах боломжтой гэжээ. Кабин, зорчигч хэсгийг салдаг болгосноор ослын үед кабин их биеэс салж унана. Харин их биеийг дээд талд нь байрлах том шүхрүүд автоматаар дэлгэгдэн аюулгүй газардуулна. Мөн газардах үед доод хэсэгт тусгай зөөлөвч хийлэгдэх аж.Ингэснээр зорчигчид ямар ч аюулгүйгээр эх газартаа буух боломжтой болох гэнэ.