Categories
булангууд мэдээ нийгэм үндэсний-бөx

“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтөд бөхчүүдийн саналыг авч эхэллээ

Бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчдынхоо энэ өдрийн мэндийг эрье. Энэ жил Ардын Хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам болохтой холбогдуулан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн зарим заалтуудад /тухайлбал: тус хуулийн …2-р зүйлийн 2.2 ба 2.6-д заасан улс, аймаг, сумын баяр наадмын товын тухай, 6-р зүйл Ерөнхийлөгч цол олгох, 7-р зүйлийн 7.1-7.7-д заасан бөхөд цол олгох, 7.8, 7.9-д заасан бөхийг эрэмбэлэх, мөн 10-р зүйлийн 10.2 ба 14-р зүйлийн 14.3-т заасан сэргээш, сэргээшийн хариуцлага гэх мэт/ нэмэлт өөрчлөлт оруулах саналаа Монголын Үндэсний Бөхийн Холбооноос бэлтгэн өргөн барихад бэлэн болоод байна.
Тус хуулийн төслөө холбооны пэйж хуудсанд удахгүй нээлттэйгээр гаргаж, олон нийтэд хүргэх бөгөөд нэмэлт өөрчлөлтөд өөрийн санал хүсэлт байвал бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчид та бүхэн 2021 оны 01-р сарын 18-ны дотор МҮБХ-д ирүүлнэ үү.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Коронавирус бэлгийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Оросын сексологич эмч Евгений Кульгавчук Sputnik радиод өгсөн ярилцлагадаа Ковид-19 туссан хүний бэлгийн цаашдын амьдрал хэрхэн өөрчлөгддөгийг мэдээлжээ.

Мэргэжилтний хэлснээр коронавирусийн дараа дотно харьцаанд ч зарим хязгаарлалт бий болдог гэнэ. Ингэхдээ халдварын дараах нөхөн сэргэх үзэгдэл өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан харилцан адилгүй байна.

Уушгийг нэлээд цар хүрээтэй өвчлүүлсэн бол нөхөн сэргэх гэж дор хаяж хагас жил болно. Тэгэхээр энэ хэрээр бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэсэн үг хэмээн эмч тэмдэглэжээ. Гэхдээ өвчтөн коронавирус хөнгөн туссан байлаа ч бэлгийн эрүүл мэндэд нь нөлөөлж, зүрх судасны үйл ажиллагаа сэргэх хугацаа шаардлагатай болно.

Оросын сексологич эмч түүнчлэн коронавирус нөхөн үржихүйн системд таагүйгээр нөлөөлдөг гэх хэд хэдэн судалгаанаас эш татжээ. “Эрчүүдийн хувьд чалх бууруулах таагүй үр дагавартай. Мөн нөхөн үржихүйд нь ч нөлөөлж мэднэ” хэмээжээ.

Гэхдээ коронавирусийн нөхөн үржихүйн үүрэг үзүүлэх нөлөөг сайтар судлах шаардлагатай. Одоогтйн байдлаар Ковид-19 тестостероны ялгаралд таагүйгээр нөлөөлдөг гэх судалгаа байгаа аж.

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи эдийн-засаг

Д.Рэгдэл: Эдийн засгийг солонгоруулахад хувь нэмэр оруулах төслийг Эрдэнэт үйлдвэртэй хамтарч хэрэгжүүлнэ

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа.


-ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд 2020 онд монгол эрдэмтдийн ямар бүтээлээр “гоёв”. Өнгөрсөн онд хийж бүтээсэн ямар ажлаа онцлох вэ?

-2020 он Шинжлэх ухааны академийн түүхэнд онцлог он болсон. Энэ онцлогийг хоёр зүйлээр хэлье. Нэгдүгээрт, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага бий болоод 99 дэх жилдээ анх удаа томоохон бүтээн байгуулалт хийгдсэн. Шинжлэх ухаан инновацийн төвийн цогцолбор барилга байгууламжийн ажил эхэлсэн. Хоёрдугаарт нь, ШУА-ийн өргөтгөлийн барилга 2020 онд ашиглалтад орлоо. Үүгээрээ томоохон амжилттай жил байлаа. “Ковид-19” цар тахлаас болоод дэлхий даяараа саад бэрхшээлтэй учирсан боловч шинжлэх ухааны салбарын хэмжээнд доривтой үр дүн гарсан. Бүгдийг нь нэрлэх аргагүй боловч заримыг нь онцолмоор байна.

Монгол эрдэмтэд шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурыг гарган авлаа. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурыг бүтээсэн юм. Эрдэмтэд Шинжлэх ухаан академи болон Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган авсан билээ. Энэхүү эсрэг биеийн оношлуур ашиглаад өнөөдөр Монголд шинэ төрлийн коронавирусээр өвчилж эдгэсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг тогтоох боломжтой. Энэ бол дэлхийн түвшинд хийгдсэн мундаг ажил болсон. Манай эрүүл мэндийн салбарынхан удахгүй үүнийг авч ашиглах байх гэж найдаж байна. Химийн хүрээлэнгийн судлаачид маань олон жилийн судалгааныхаа үр дүнд Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг үнэргүй болгох ажил хийсэн.

Эрдэнэт ТӨУҮГ-тай манай ШУА хамтын ажиллагааны гэрээ байгуулсны үндсэн дээр энэ ажлыг 2020 онд эхлээд, нийт лагийн 3-ны 1-ийг үнэргүй болгоод байна. Энэ жил Эрдэнэт хот үндсэндээ лагийн үнэрээс бүрэн ангижирна. Мөн Эрдэнэтийн орон нутгийн удирдлагатай ярьж тохироод, Эрдэнэтийн нүхэн жорлонгуудыг үнэргүй болгох ажлыг эхлэх төлөвлөгөөтэй байгаа.

Гадаад хамтын ажиллагааны ганцхан жишээ хэлье. Манай Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Өмнөд Монголын Багшийн их сургууль, Тариалан, мал аж ахуйн хүрээлэн, манай Булган аймгийн орон нутгийн удирдлагатай хамтраад, Хэт талхлагдсан бэлчээрийг судалж, нөхөн сэргээх, туршилт судалгааны төв байгууллаа. Мал өсч, цаг уурын нөхцөл муудаж байгаагаас бэлчээр талхлагдах нь нэмэгдсэн. Бэлчээрийн ургамлын төрөл зүйлийн бүрдэл өөрчлөгдөж, шим тэжээлтэй ургамал багасч байна. Тийм учраас талхлагдсан бэлчээрийг сэргээх төвийг Булган аймгийн Гурванбулаг суманд байгуулсан. Энэ төвд Гурванбулагтай адил нөхцөлтэй нутагт тариалах нэг наст болон олон наст ургамлыг сонгон үржүүлж байгаа. Энэ туршлагыг Монголын бусад газар нутагт түгээн дэлгэрүүлэх боломжтой. Бэлчээрийн доройтлыг сайжруулах шинжлэх ухааны амжилттай томоохон ажлын суурь ингэж тавигдаж байгаа юм.

-Цар тахлаас болоод эрдэм шинжилгээний ажлын төсөв хумигдсан гэсэн. Хөл хорио болон бага төсөв эрдэмтэн, судлаачдын маань ажиллах урам зоригийг царцаачихаагүй байгаа?

-Коронавирусийн үеийн хөл хорионоос шалтгаалаад ялангуяа гадаадын өндөр хүчин чадалтай лабораториудад хийдэг хамтарсан судалгааны ажил үндсэндээ зогсоод байна. Санхүүжилт танагдсан нь үнэн. Монгол Улсад шинжлэх ухааны салбараа санхүүжүүлдэг ганцхан эх үүсвэр байдаг. Энэ нь Шинжлэх ухаан технологийн сан. Эрдэм шинжилгээний ажлын зориулалттай бүх мөнгө энэ санд төвлөрч, эндээс хуваарилагддаг хууль, журамтай. 2020 оны байдлаар энэ санд 12,4 тэрбум төгрөг эрдэм шинжилгээний зардалд тавигдаад байсан. Арванхоёрдугаар сарын эхээр бидэнд өгсөн мэдээллээр бол энэ мөнгөнөөс 9,6 тэрбум нь эргэж татагдсан. Цаана нь 2,9 тэрбум төгрөгөөр Монгол орон даяар эрдэм шинжилгээний ажил хийсэн гэсэн үг. Нийт санхүүжилтийнхээ бараг гуравны нэгийг ч авч чадаагүй хэмжээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулсан. Гэхдээ бид 2020 оны ажлынхаа үр дүнгийн тайланг гаргаж үзэхэд эрдэм шинжилгээний ажлаас гардаг гол үр дүнгүүд өмнөх оныхоосоо дутуугүй гарч ирсэн. Шинжлэх ухааны ажлын үр дүн урьд жилүүдээсээ хойд жилүүддээ хуримтлагдах замаар гардаг учраас 2020 онд бага мөнгө авсан ч өмнөх жилүүдтэй адил үр дүн гаргаж чадлаа. Харин төсөв танагдсан нь дараагийн жилүүдэд хүчтэй нөлөөлнө. Эрдэмтэд маань боломжоороо хүрээлэнд ирж ажиллаж байгаа. Ялангуяа өндөржүүлсэн бэлэн байдлын үед 70-75 хувийн ирцтэй ажилласан. Онцгой комиссоос өгч байгаа зөвлөмжийн дагуу зай бариад, маскаа зүүгээд ажилласан. Бүх нийтийн бэлэн байдал зарласны дараа бол нөхцөл өөр болсон. Эрдэм шинжилгээний салбарын онцлогоос болоод янз бүрээр тусч байна. Ялангуяа лабораторид ажилладаг хүмүүсийн ажил тодорхой хэмжээгээр зогссон. Манайд 1700 орчим хүн шинжлэх ухааны салбарт бүтэн орон тоогоор ажилладаг гэж үзвэл яг лабораторид зогсож ажилладаг мянга гаруй хүн бий. Энэ хүмүүсийг бид өмнө хийсэн туршилтын материал, гадаад орнуудад хийгдэж байгаа мэдээ материалыг авдаг линк холбоос, тэр бүгдээ аваад, гэр орондоо судалгааныхаа үр дүнг боловсруулах ажилдаа төвлөрч ажиллах чиглэл өгсөн. Нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн эрдэмтэд, математик тоон технологийн судлаачид хэвийн байдалтай гэрээр ажиллаж байна. Үр дүн онцгой муудах юм байхгүй. Энэ хоёрын дундуур хээрийн судалгаа гэж том ажил байдаг. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хээрийн судалгааны хоёр салбар дэлхийд байр сууриа эзэлсэн, энэ бол палеонтологийн болон археологийн салбар. Палеонтологийн салбар өнгөрсөн жил маш бага хэмжээгээр хээрийн судалгаандаа явсан. Гэхдээ дэлхийн бүх оронд ийм байдалтай байгаа учраас эзэлсэн байр суурь маань хуучнаараа хадгалагдах болов уу. Хавар, зуны зааг дээр ШУА-аас зориуд зардал тусгаж өгсөн, үүний хүчинд археологичид маань ойр зуур судалгаагаар явсан боловч судалгааны томоохон ангиудыг гаргаж чадаагүй. Сарьдагийн хийдийн судалгаа Улаанбаатар хотын санхүүжилтээр нэлээд гайгүй явсан. Хөвсгөл аймаг руу авран хамгаалах судалгааг Монголд ажиллаж байгаа археологийн хамгийн боломжтой судлаачдыг хамруулан хийлээ.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрдэмтдийнхээ үгийг сонсоно гэсэн. Харин цахилгааны үнийг төрөөс даах гэх мэт огцом шийдвэр гаргахынхаа өмнө тэр эрдэмтдийн үгийг сонссон болов уу. Эрчим хүчний дутагдалд орж байгаа нь тодорхой болсон энэ үед өвлийг эрсдэл багатай даван туулахын тулд эрдэмтэд түүнд юуг чухалчлан сануулж байгаа вэ?

-2019 оны есдүгээр сарын сүүлээр Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал болсон. Монголд орчин цагийн шинжлэх ухаан үүсэн бий болсоноос хойш 98 дахь жил дээрээ болсон анхны их хурал л даа. Энэ их хурал дээр манай төрийн гурван өндөрлөг Шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчлөх тухай ярьсан юм. Энэ нь эрдэмтдэд урам зориг өгсөн. Нэг хэсэг нь бас “Одоо л нэг шинжлэх ухаанд хандах хандлага өөрчлөгдөх нь” гэж гайхсан. Хараад байтал үүний дараа төр засгийн зүгээс шинжлэх ухаанд хандах хандлага үнэхээр өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдэж байгаа. Анхдугаар их хурлын дараа Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолд Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,, эрдэм шинжилгээний ажилтнуудыг орчин үеийн лабораторийн зориулалтын барилга байгууламжаар хангах талаар заасан. Энэ нь Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын барилга байгуулах, нийтдээ 94 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт юм. 2020 онд гурван тэрбум төгрөгөөр эхний ажлуудаа хийсэн. Зураг төслийнхөө ажлуудыг гүйцээж хийлээ. Дэд бүтцийн газар шорооны ажил, цахилгааны холболтын ажлууд, газар дээр байсан зарим нэг актлагдсан байгууламжуудыг зөөж, тээвэрлэх ажлууд бүгд хийгдсэн. 2021-2022 онд үргэлжлээд, 2023 онд ашиглалтад орох барилга байгууламжийн ажил эхлээд явж байна. Үүний хүчинд өнөөдөр Монгол Улсад байгаа төрийн өмчийн эрдэм шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж шаарддаг бүх хүрээлэнгүүд багтаж орох хэмжээний лабораторийн цогцолбор баригдаж байгаа юм. Бидний олон жил яриад байгаа Шинжлэх ухааны парк, технологийн инкубаторууд бий болгох боломжтой болно. Энэ бол төр засаг үнэхээр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилж буйн илрэл.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Анх удаа тоо зааж, мөрийн хөтөлбөрт орсон. Ингэж нэмэгдүүлэхэд шинжлэх ухаанд зарцуулж байгаа нийт зардал ДНБ-ний нэг хувьд ойртож очих юм. Олон улсын шинжлэх ухааны байгууллагууд, төвлөрсөн холбоодын гаргасан судалгаагаар “Аливаа улс шинжлэх ухааныхаа салбарт ДНБ-ний нэг хувь болон түүнээс дээш хэмжээгээр зарцуулж эхлэхэд шинжлэх ухааны салбар нь эдийн засаг, улсын хөгжилд мэдэгдэхүйц хэмжээгээр хувь нэмрээ оруулдаг” гэж үздэг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинжлэх ухааны салбарынхны дуу хоолойг төр засаг сонсож ажиллана“ гэж хэлсэн. “Төрийн чих нь онгойж байна” гэж манай судлаачид, эрдэмтэд үүнийг баяртай хүлээж авсан юм. Эхний алхам нь 2020 оны аравдугаар сарын 1-нээс эхлээд ШУА-ын ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд суудаг болсон. Энэ олон талын ач холбогдолтой. Миний хувьд асуудлыг танилцуулж байгаа сайд нар, албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч, саналаа хэлэх боломжтой болсон. Энэ бол яах аргагүй эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг сонсох суваг нээсэн.

Засгийн газрын хуралдааны үеэр цахилгааны төлбөрийг тэглэхэд хэрэглээ аль хэр нэмэгдэх талаар яригдсан. Манай эрчим хүчний салбарын эрдэмтдийн энэ асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагууд ч сайтуудаар бий. Ажил хийж байхад алдаа гарна. Ямар ч байсан эрчим хүчний сүлжээ тогтвортой ажиллаж байгаа. Хэт хүйтрэхгүй бол ачааллаа даагаад явна гэж Эрчим хүчний сайд маш тодорхой тайлбар өгч байсан. Эхний хэд хоногт ачаалал нэмэгдсэн ч одоо жигдэрч байгаа талаар холбогдох албан тушаалтнууд ярьсан болохоор тайван л байна.

-Гадаадад сурч ажиллаж байгаа монгол залуус, эрдэмтэд судлаачид олон байна. Эднийхээ хүчийг ашиглах, цахимаар ч болтугай хэлхээ холбоо тогтоох талаар ажиллаж байгаа юу. Та ерөнхийлөгчөөр дахин сонгогдохдоо гадаадад байгаа эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллахад анхаарна гэсэн санагдаж байна?

-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад, манай хоёр том хөршид олон монгол эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа. Судалгааны орчин үеийн маш нарийн чиглэлээр ажилладаг, багшилдаг улсууд ч зөндөө байна. Энэ хүмүүсийн мэдлэг, чадварыг Монгол Улсын хөгжилд ашиглах нь яах аргагүй төр засгийн бодлогын нэг чухал хэсэг байх учиртай. Урд хөршийн бэлэн жишээ бий. 2001 онд би Хятадын Шинжлэх ухааны академийн удирдлагын урилгаар ШУА-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд очсон юм. Тэгэхэд тэд гадаадад байгаа хятад эрдэмтдээ эх орондоо татаж авчрах, тэдэнтэй хамтарсан судалгаа явуулах ажлыг хүчтэй зохион байгуулж эхэлж байсан. Гадаадад байгаа өндөр түвшний эрдэмтдээ Хятадад авчрахдаа хамгийн түрүүнд судалгаа явуулах лаборатори бий болгоход анхаарч байв. Дараа нь Хятадад ирж ажиллахад тухайн оронд авч байсан хэмжээний цалинг авах нөхцөл тавьж байсан. Арван жилийн дараа Хятадад очиход “Бид гадаадад байгаа том эрдэмтдээ авчрах ажлаа үргэлжлүүлж байгаа. Гадаадад байгаа эрдэмтэн бүртэйгээ хамтарч ажиллах, эх оронд нь ирүүлэх зорилго тавьж байсан бол одоо хамгийн амжилттай яваа эрдэмтдээ сонгож авчрах, урьж ажиллуулах арга замыг сонгож байна” гэж байсан юм. Хятад бол гадагшаа урссан тархины урсгалаа буцаагаад авчирсан орон.

Манай гадаадад байгаа эрдэмтэд Монголдоо ирж ажиллах хувийн нөхцөл бас тавьдаг. Судалгааны чиглэлийн лабораторитой байх ёстой. Хоёрдугаарт, амьдралд хүрэлцэх хэмжээний цалин хангамжтай байх тухай ярьдаг. Түүнээс биш тухайн орондоо авч байгаа шигээ цалин авна гэхгүй шүү дээ. Монголчууд эх оронч улсууд. Нэг хэсэг төр засгаас санаачилга гаргаад, “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч хоёр жил орчим үргэлжлээд гацсан. ШУА-ийн зүгээс гадаадад байгаа эрдэмтдийнхээ бүртгэлийг сүүлийн тав, зургаан сарын хугацаанд гаргаад байна. Хамгийн сүүлийн үеийн чиглэлээр гадаадад ажиллаж байгаа 120 орчим судлаач олж бүртгэсэн. Заримтай нь холбоо тогтоолоо. Тэднийг өнөөдөр Монголд авчраад ажиллуулна гэхээсээ эхний ээлжинд хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг хөрөнгө мөнгө шаарддаг учраас цаг хугацаа орно. Яваандаа харилцаа холбоогоо улам сайжруулаад, гадаадад байгаа эрдэмтэдтэйгээ холбогдоод, тэднийхээ хүчин чадлыг Монгол Улсынхаа хөгжилд ашигладаг болно гэж мөрөөдөөд л явна. Гадаадад байгаа эрдэмтэдтэй холбоотой их, бага санхүүжилттэй олон төсөл хэрэгжүүлдэг. Жишээлбэл, 2020 онд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд гадныхантай хамтарсан 100 шахам судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Гадаадад ажиллаж байгаа хүн маань өөрөө төслийн мөнгө татах түвшинд байгаа бол өргөжүүлээд явах боломжтой гэдэг нь харагдсан.

-2021 онд ШУА юунд илүү төвлөрч ажиллах вэ?

-Монгол Улсад шинжлэх ухаандаа тавьж байгаа хүсэлт, шаардлага бол судлаачдын олон жил хийж байгаа шинэ мэдлэг түүн дээр бий болсон технологийг хэрэглээнд нэвтрүүлэхэд илүү анхаарч ажиллаач гэдэг. Энэ бол зүй ёсны асуудал. Монгол Улсад шинжлэх ухаанаас гарч байгаа хоёр төрлийн үр дүн байдаг гэж би дандаа ярьдаг л даа. Нэг нь судалгааныхаа үр дүнд шинэ мэдлэг мэдээллийг олон улсын төрөлжсөн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлэх юм. Ингэснээрээ дэлхийн шинжлэх ухааны эргэлтэд монголчуудын хувь нэмрийг оруулж, дэлхийн оюуны баялагийг бүтээхэд оролцоно.

Нөгөө нэг бүлэг үр дүн бол судалгааны үр дүнд бий болсон мэдлэг технологийг хэрэглээнд оруулж, хүний гар дээр бүтээгдэхүүн үйлчилгээ болгож тавих. Төр засгаас бидэнд тавьж байгаа шаардлага бол энэ хоёрдугаар хэсэгт илүү анхаараач гэдэг. Нэгдүгээр хэсэг үр дүн бол монгол эрдэмтдийн хувьд харьцангуй сайн яваа. Нэгж судлаачид ногдох хэмжээгээрээ, гадаадаас авч байгаа эрдэмтдийн эшлэлийн тоогоороо бид дэлхийн дундажаар яваа.

Хүний гар дээр бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх тухайд бид харьцангуй сул байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх учиртай. Шалтаг, шалтгаан олон. Хамгийн гол нь үйлдвэрлэл гэж том салбар бий. Үйлдвэрлэл, бизнесийн салбар Монголын ДНБ-ий 80 гаруй хувийг нийлүүлдэг том салбар. Нөгөө талд нь мэдлэг бүтээдэг академик салбар харьцангуй жижиг ч чадамжтай салбар. Энэ хоёр салбарыг холбодог механизм манайд бий болоогүй. Манай үйлдвэрлэгчид гаднаас бэлэн технологи, техниктэй нь оруулж ирэх нь харьцангуй эрсдэл багатай гэж үздэг. Гэтэл үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан үүнд бий. Энэ хоёрыг холбодог механизм бий болгоход анхаарч ажиллана. Манай 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд энэ чиглэлийн том ажлууд туссан. Энд юуны өмнө Эрдэнэт үйлдвэрээ нэрлэх нь зүйтэй. Эрдэнэт үйлдвэртэй том төсөл эхлүүлэхээр оны өмнөхөн гарын үсэг зурлаа. Эдийн засгийг солонгоруулахад доривтой хувь нэмэр оруулах төсөл эхэлнэ. Эрдэс түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, хүний нөөцийг бэлтгэх төсөл юм.

Манай судлаачид гадаадын мэдээллийн асар том сангууд руу улсын төсвийн хөрөнгөөр орох эрхтэй болоод хэдэн жил болж байна. Энэ эрхийг эдлэхийн тулд маш сайн англи хэл шаардлагатай. ШУА-д байнгын ажиллагаатай англи хэлний институтыг 2020 оны намар эхлүүлсэн. Судлаачдынхаа хэлийг сайжруулах замаар гадаадын мэдээллийн том баазын ашиглалтыг сайжруулна. Эрдэмтэд оюуны өмч бий болгоод патент авдаг. Оюуны өмчийн менежер, төлөөлөгч нарыг хүрээлэн болгонд бий болгохоор ажиллаж байна. 2021 онд энэ чиглэлийн хүчтэй баг бий болж, оюуны өмчийн хэрэглээ, үнэлэмж сайжирна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Г.Сүхчулуун: Тарвагатайн нуруунд байрласан халиун буга 20 хоногийн хугацаанд 480 км зам туулж Баянхонгорын Их Богдод очсон байна DNN.mn

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтний лабораторийнхон Хустайн болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран халиун бугын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн зам, холбоос нутгийг илрүүлэх судалгаа хийсэн байна. Энэ талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрхлэгч Г.Сүхчулуунтай ярилцлаа.


-Танай хамт олон Хустайн болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт идээшилж буй халиун бугын шилжилт хөдөлгөөнийг судалсан гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хэр удаан тандалт судалгаа хийв?

-2010 оны судалгаагаар халиун буга 16,350 байгааг тогтоосон. Бид “Зарим тусгай хамгаалалтай газруудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө” гэсэн төслийн хүрээнд Хустайн нуруу болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран халиун бугын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн коридор, холбоос нутгийг илрүүлэх судалгааг 2019-2020 онд хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд унтуулах болон тор татах аргаар Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт дөрвөн халиун буга, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт зургаан халиун буга барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлгэж ажигласан.

-Тус дохиолол нь халиун бугыг ямар нэгэн хөдөлгөөн үзүүлэхэд л мэдээлэл дамжуулах уу?

-Халиун буганд зүүсэн тус сансрын дохиолол нь дөрвөн цагийн зайтай байршлын мэдээллийг дамжуулдаг. Ерөнхийдөө эдгээр буга өөрсдийн байрлаж буй байгалийн цогцолборт газраасаа хол давж яваагүй тэр хавийн ой мод, уул хадтай газруудаар явж байсан. Халиун бугын хоногийн шилжилт хөдөлгөөн Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт дунджаар 490м, эзэмшил нутгийн хэмжээ 144-242 км2, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт 450м, эзэмшил нутгийн хэмжээ 36-51 км2 талбайг эзэлдэг. Харин Тарвагатайн нуруунд байсан нэг буга маань 480км зам туулан Баянхонгор аймгийн урд хэсэгт байдаг Их Богд ууланд очсон.

-Тухайлбал тус халиун буга ямар ямар газруудаар явж хүрсэн бэ?

-Тарвагатайн нурууны Солонготын даваа орчимд хүзүүвчилсэн халиун буга Тэрхийн цагаан нуур хүрч, Тарвагатайн гол нурууг дамнан Отгонтэнгэрийн зүүнээс урагш Их Богд уул руу Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан зэрэг сумдын нутгийг дайран 20 хоногийн хугацаанд ойролцоогоор 480 км замыг туулан Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт нутаглаж байна. Төсөл хэрэгжих хугацаа дууссан ч сансрын дохиолол бүхий хүзүүвчтэй халиун буга цэгэн байршлын мэдээллээ одоог хүртэл дамжуулсаар байгаа.

-Өмнө нь ийм төрлийн сансрын дохио мэдрэгчийг ашиглаж байсан уу?

-Ер нь буга гэдэг амьтан хаашаа явж нүүдэллэдэг, ямар улиралд хаана очиж байгааг судлах зорилготой дохиолол зүүлгэсэн. Өмнө нь тодорхой хэмжээнд бугын байршил маршрутын дагуу явж судалдаг байсан. Одоо техник техногийн дэвшлийг ашиглан дэлгэцэн дээрээс шууд хянаад мэдчихдэг болсон. Цаашид энэ төрлийн судалгааг өөр зүйл амьтад дээр суурилж хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Манай оронд бугын хичнээн төрөл зүйл байдаг вэ?

-Манайд зөвхөн халиун бугын төрөл зүйл л байдаг. Хангай, Хэнтий, Хөвсгөл, Монгол алтай, Их хянганы ойт бүх нутагт нутагладаг. Сүүлийн жилүүдэд халиун бугын тоо толгой манай орны газар бүрт өсөх хандлагатай байгаа. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор халиун бугыг ховор амьтны жагсаалтад оруулсан бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнадаг болсон. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг бүр хориглосон байгаа.

-Буга урамдахыг сонссон хүний нас уртасдаг гэдэг. Одоо бол бугын урамдаан дууссан байх, тийм үү? -Нас бие гүйцсэний дараа эвэрний салаа нэмэгдэхгүй, харин эвэр угнаасаа эхлэн жилээс жилд бүдүүрч томрон илүү хүчирхэг болдог нь орооны үед бусад эрэгчингээс илүү “согоо буюу эмэгчин” хураах боломжийг нэмэгдүүлдэг. Орооны үе болох намар есдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийг дуустал эрэгчин уртаар уянгалсан дуу гаргахыг “урамдах” гэдэг. Одоо буга урамдах үе нь ерөнхийдөө дуусчихсан.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Бархасбадь, Санчир гаригуудын “Их давхцал” хэмээх ховор үзэгдэл тохиолоо

Бархасбадь, Санчир гаригууд өчигдөр дэлхийгээс давхцан харагдаж, олон орны астрономичдын анхаарлын төвд байлаа. Нарны аймгийн хамгийн том хоёр гариг болох Бархасбадь, Санчир хоёр дэлхийтэй нэг шугаманд зэрэгцэх үйл явц 397 жилийн тэртээ тохиолдож байжээ. Зарим эх сурвалжид 800 жилийн тэртээ уг үйл явдал мөн тохиолдож байсныг дурдсан байна. Уг ховор үзэгдлийн талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Амарсайханаас тодрууллаа.


-Санчир, Бархасбадь гаригууд нэг шугаманд давхцан харагдаж байгаа үйл явцын тухай тодруулахгүй юу?

-Санчир, Бархасбадь гаригуудын үзэгдлийг “Их давхцал” гэж нэрлээд байгаа юм. 2020 оны астрономийн онцлох үзэгдлүүдийн нэг юм. Яагаад гэвэл энгийн нүдээр харахад энэ гариг хоорондоо давхцаж харагдана гэсэн үг. Уг үзэгдэл 20 жилд нэг удаа болдог. Гэхдээ энэ удаагийнх шиг нь 397 жилийн өмнө болсон байдаг.

-397 жилд нэг удаа тохиолдож байгаа ялгаа нь юу вэ?

-20 жил тутам тохиолддог үзэгдлээс ялгаатай нь гаригууд тойрог замаараа явж байгаад хамгийн бага зайнд ойртож байна гэсэн үг. Ингэж ойртсон үзэгдэл 397 жилийн тэртээ тохиож байсан. Дэлхийгээс харахад хоорондоо давхацсан байдалтай, эсвэл бага зэргийн зайтай харагдана. Энгийн нүдээр хоёр тод од хоорондоо маш ойрхон харагдана гэсэн үг.

-Хэдэн цагийн үед тод үзэгдэх вэ?

-17:01 цагт нар жаргасны дараа тэнгэрийн баруун урд хаяанд үзэгдэж эхлээд 17:30 минутад оргил үедээ хүрнэ. Ингээд 18:00 цагт жаргана гэсэн үг. Энэ бол Улаанбаатар хотоос харагдах байдал юм. Хөдөө орон нутагт 17:30 минут хүртэл үзэгдэнэ. Уг үйл явдалтай холбогдуулж олон улсын судлаачид зураг авалт хийх, одон орон сонирхогчид ажиглаж харах зэргээр сонирхож байна.

-Уг давхцал дэлхий дээр ямар нэгэн нөлөө үзүүлэх үү?

-Нөлөө үзүүлэхгүй. Олон зуун жилийн туршид ганц удаа давтагдаж байгаа сонирхолтой үзэгдэл л гэсэн үг.

Дашрамд сонирхуулахад, дараагийн үзэгдэл 2080 оны гуравдугаар сарын 15-нд тохиох аж. Энэ удаагийн үзэгдэл Энэтхэгт илүү тод харагдсан юм байна. Хоёр гаригийн физик зай ойролцоогоор 735 сая км ойртсон аж. Бархасбадь гариг нарыг 12 жил тутам, Санчир гариг 29.5 жилд нэг удаа бүтэн тойрдог бөгөөд 20 жил тутам гаригууд нэг шугаманд жагсдаг байна.

БАРХАСБАДЬ НАРНЫ АЙМГИЙН ХАМГИЙН ХҮНД ГАРИГ

Бархасбадь гаригийн хамгийн том дөрвөн дагуулыг 1610 онд Галилей нээжээ. Энэ нь хамгийн анхны дэлхийгээс өөр гаригийг тойрч эргэдэг сансрын биетүүд байдгийн баталгаа болсон байдаг. Өнөөдөр Бархасбадь гариг нь дор хаяж 67 дагуул сарта болохыг нээгээд байна. Бархасбадь гариг нь манай нарны аймгийн хамгийн хүнд гариг юм. манай дэлхийгээс ойролцоогоор 318 дахин хүнд масстай. Хэрвээ бид нарны аймгийн бусад бүх гаригийг нэгтгэн Бархасбадьтай харьцуулбал, тэдгээрээс 2.5 дахин хүнд масстай болно.

САНЧИР ГАРИГ ДЭЭР 1800 КМ/ЦАГ ХУРДТАЙ САЛХИЛДАГ

Санчир нь манай нарны аймгийн зургаа дахь гариг бөгөөд хэмжээгээрээ Бархасбадь гаригийн дараа буюу хоёрт орно. Санчир гариг нь Бархасбадь, Дэлхий ван, Далайван гаригуудын адилаар хийнээс тогтсон гариг юм. Санчир гариг нь гадаад бүлгийн гаригууд буюу Бархасбадь бүлгийн гариг гэсэн ангилалд хамаарна. Санчир гариг нь үндсэндээ устөрөгчөөс бүрдсэн. мөн гели, метан, аммиак багахан хувийг эзэлнэ.

Санчир гаригийн цөм нь төмөр, никелиэс тогтсон. Санчир гаригийг гаднаас нь харахад тайван мэт харагддаг ч үнэндээ тийм биш. Санчир гариг дээр салхины хурд 1800 км/цаг хүрэх тохиолдол бий. Санчир гаригийн нэгэн гайхамшиг бол түүний цагираг нь бөгөөд чулуу, тоос, төмөр зэргээс тогтдог байна. Санчир гаригийг тойроод одоогийн байдлаар 62 дагуул байна. Тэдгээрээс хамгийн том нь Титан юм.

Г.БАТЗОРИГ

Categories
булангууд гадаад мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Цар тахлын эргэн тойронд

КОВИДЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ОНЫ ШИЛДГЭЭР НЭРЛЭЖЭЭ

“Science” сэтгүүл 2020 оны шинжлэх ухааны гол ололтоор коронавирусийн эсрэг вакциныг нэрлэжээ. Уг сэтгүүлд дурдсанаар “Бид нэгдмэл байж, маш богино хугацаанд шинэ вакциныг гаргаж авлаа. Олон өрсөлдөгч нээлттэй, хамтран ажилласан тохиолдол урьд нь байгаагүй. Сайн дурынхан ч ийм олноороо нэг туршилтад хамрагдсан түүх үгүй. Мөн нэг вакцин гаргаж авахаар олон олон оронд нэг зэрэг хийж байсан тохиолдол огт байсангүй. Засгийн газрууд, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний болон ашгийн бус байгууллагууд нэг төрлийн халдварт өвчинд маш богино хугацаанд ийм их мөнгө, хүчин чармайлт, оюуны нөөцийг ашиглаж байгаагүй” хэмээн тодотгосон байна.

ИХ БРИТАНИ, ИТАЛИ УЛСАД ЗУЛ САРЫН БАЯРААР ХӨЛ ХОРИОГ ЧАНГАТГАВ

Халдварт өвчний нөхцөл байдлаас үүдэн Лондон хот болон Английн зүүн өмнөд нутагт тавиад байсан хорио цээрийн дэглэмийн гуравдугаар түвшинг дөрөвдүгээр түвшин болгож буйгаа Их Британийн ерөнхий сайд Б.Жонсон албан ёсоор мэдэгдлээ. Учир нь тус бүс нутагт коронавирусийн шинэ хувилбар илэрч, халдвар нэмэгдсэн тул ийм арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй дэлгүүрүүд, үсчин, спорт заалуудын үйл ажиллагаа явуулахыг хориглох аж. Түүнчлэн дотооддоо болон хилийн чанадад зорчихгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд зөвлөж байна. Халдварт өвчний дэгдэлтийн дөрөвдүгээр түвшин хэрэгжиж буй бүс нутгуудаас орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт ч бас тогтоожээ. Эдгээр бүс нутагт 20 сая орчим хүн оршин суудаг байна.

Коронавирусийн шинэ омог илэрсэнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Их Британийн эрх баригчидтай харилцаа холбоотой ажиллаж, вирусийн шинж чанар, үр дагаврын талаар олон нийтэд мэдээлэл өгөхөө амлажээ. Энэ талаар Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн онцолж буйгаар шинэ вирусийн хувилбар нь урьд нь илэрсэн омгуудаас илүү хурдан тархаж байна гэв.

Италид коронавирусийн цар тахлын улмаас зул сар, шинэ жилийн баярын үеэр хатуу хорио тогтоох гэнэ. Тухайлбал, орон даяар арванхоёрдугаар сарын 24-нөөс нэгдүгээр сарын 6-ныг хүртэл “улаан бүс” байхаар зарлажээ. Энэ тухай Итали улсын ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгдсэн байна. Тэрбээр “Нэг бүсээс өөр бүс рүү шилжилт хөдөлгөөн хийхийг хориглоно. Гэхдээ хорио цээрийн үеэр хүнсний дэлгүүр, үсчин, эмийн сангууд ажиллах бол зоогийн газрууд хүргэлт хийх боломжтой” гэж тодотгосон байна. Итали улсад коронавирусийн халдварын 1.9 сая тохиолдол бүртгэгдсэний 67 мянган хүн нас баржээ.

АМНЫ ХААЛТГҮЙ ЗУРАГ АВАХУУЛЖ 3500 АМ.ДОЛЛАРААР ТОРГУУЛЬЖЭЭ

Чили улсад цар тахалтай холбогдуулан зөрчил гаргасан этгээдэд мөнгөн торгууль ногдуулж, шоронд хорих хуультай. Тухайлбал, олон нийтийн газар явсан хүнийг 3500 ам.доллараар торгох юм байна. Чили улс нь Латин Америктаа өвчлөлийн тоогоор дээгүүрт ороод буй. Тус улсын ерөнхийлөгч Себастьян Пинера саяхан далайн эрэгт байхдаа маск зүүгээгүй зураг авахуулснаа интернэтэд тавьсан нь олны шүүмжлэлд өртсөн байна. Тэрбээр болчимгүй үйлдэл хийснийхээ төлөө ард иргэдээсээ хүлцэл өчиж, торгуулиа төлөхөө амлажээ. Чилид хамгийн сүүлийн мэдээгээр ковидын халдварын 581 мянга 135 тохиолдол бүртгэгдэж, 16 мянга гаруй хүн амиа алдаад байна.

Бэлтгэсэн

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

400 жилд анх удаагаа Вифлеемийн од тэнгэрт харагдана

Арванхоёрдугаар сарын 21 энгийн биш өдөр. Энэ өдөр нар наашилж одон орны шинэ он эхэлдэг. Харин 2020 оны тухайд бид энэ шөнө Вифлеемийн одыг харна.

Санчир, Бархасбадь гарагууд нэг шугамд давхарлаж харагдахдаа нэгэн тод од мэт маш хүчтэй гэрэл цацруулахыг Вифлеемийн од хэмээн нэрлэдэг. Сүүлчийн удаа Вифлеемын од 1623 онд ажиглагдаж байжээ. Одод давхцах хэмжээ ердөө 0,1 градус байдаг бөгөөд хоёр гараг сарны орчим тэнгэрийн өмнөд хэсэгт Матарын ордод байрлана. Вифлеемын одыг харахын тулд нар жаргангуут гадаа гарах ёстой.

Сонирхолтой баримт:

Энэ үеэр зөвхөн нар төдийгүй сар, гарагс зүүнээс гийж зөвхөн нэг зууван шугамаар баруунд жаргадаг гэнэ.

Гайхалтай нь хоёр гараг нэгэн тод од болон давхарлах тохиолдол одон орны шинэ жилээр арванхоёрдугаар сарын 21-нд тохиодог бөгөөд энд маш их өөрчлөлт шинэчлэлийн үе биднийг хүлээж байна гэдэгт эргэлзэх зүйлгүйг зурхайчид хэлж байна.

Энэ шөнө асар их эрчим ялгарах тул байгалийн ховор үзэгдлийг заавал харах хэрэгтэй гэнэ. Иоганн Кеплерийнхээр бол Исус Христос төрөхийг энэ ер бусын тохиолдол бэлгэдсэн гэдэг. Манай эринээс өмнөх 7 онд Санчир, Бархасвадийн давхцал Загасны ордод болж өнгөрчээ. Загас нь христийн шашины бэлгэдэл юм.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Covid19-ийн эсрэг вакцинуудыг шинжлэх ухааны ололтоор нэрлэлээ

МОСКВА. /TASS/. АНУ-ын “Science” сэтгүүл “Moderna”, “Pfizer-BioNTech” компаниудын болон Оросын “Спутник V” коронавирусний вакциныг энэ оны шинжлэх ухааны гол ололт амжилтаар нэрлэлээ.

“Энэ жил шинжлэх ухааны гол ололт амжилт ямар нэгэн байдлаар коронавирустэй холбоотой байна гэдгийг бид сайн мэдэж байсан боловч “COVID-19”-ийн эсрэг өндөр үр дүнтэй вакцинуудыг нэрлэх ёстой нь сүүлийн хэдэн долоо хоногт л тодорхой болсон. Бид удаан хугацааны туршид ийм вакцинуудыг гарган авна гэдэгт эргэлзэж байсан бол дэлхийн хүн амыг вакцинжуулах ажил хэдийнээ эхлээд байна” гэж “Science” сэтгүүлийн ерөнхий редактор Голден Торп мэдэгджээ.

Дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх сэтгүүлүүдийн нэг Америкийн “Science” сэтгүүл шинжлэх ухааны хамгийн чухал нээлтүүд, шинжлэх ухааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан ололт амжилтуудын жагсаалтыг жил бүр гаргадаг билээ. Сэтгүүлийн редакц мөн цахим хуудсандаа санал асуулга явуулж, “ард түмний ялагчийг” тодруулдаг. Уншигчдын сонголт редакцын сонголттой ихэвчлэн адилгүй байдаг. Жишээлбэл, өнгөрсөн оны шинжлэх ухааны гол ололт амжилтаар сэтгүүлийн редакц “Event Horizons Telescope” /EHT/ төслийн эрдэмтдийн авсан M87 галактикийн төв дэх хэт их масстай хар нүхний зургийг нэрлэсэн бол олон нийт Төвөдийн нэгэн агуйгаас олдсон эрүүний ясны хэлтэрхийгээр Денисовын хүни дүр төрхийг сэргээснийг илүү чухал нээлт гэж үзсэн юм.

Харин энэ жил “Science” сэтгүүл олон нийтийн дунд санал явуулахгүй байхаар шийджээ. Энэ удаад шинжлэх ухааны гол олол амжилт нь тодорхой нээлт биш, харин “коронавирусний вакцин гарган авах, туршихад гаргасан хүн төрөлхтний ахиц дэвшил” байв. “Science” сэтгүүлд тэмдэглэснээр, эдгээр вакцинуудын халдвараас хамгаалах үр дүн нь 80-95 хувьтай байгааг эмнэлзүйн эхний туршилтууд харуулсан бөгөөд энэ нь томуугийн вакциныхаас хамаагүй өндөр юм.

2020 оны чухал ололт амжилтуудын жагсаалтад мөн цусны өвчнийг эмчлэхэд чиглэсэн генийг редакторлах “CRISPR/Cas9” аргад тулгуурласан эмчилгээ, хурдан радио тэсрэлтийн /FRB/ эх үүсвэрийн нээлт, Сүүн зам доторх “харь гаргийн радио дохио”, мөн Сулавеси арлын агуйгаас олдсон адгуус амьтны дүр төрхтэй хүмүүсийг дүрсэлсэн, хадны эртний сүр зургуудыг оруулжээ.

“Science” сэтгүүл мөн эрдэмтэд энэ жил анх удаа өрөөний температурт ажилладаг устөрөгчийн сульфидийн хэт дамжуулагчийг бүтээснийг, мөн хэрээ, шар шувуу, тагтаа болон бусад шувуудын оюун ухааныг судлах ажилд томоохон ахиц дэвшил гаргасныг онцолсон байна.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

ШУА-ийн ээлжит их чуулганаар тэргүүлэгч гишүүдийг сонголоо

ШУА-ийн ээлжит Их чуулган өнөөдөр цахимаар хуралдаж ШУА-ийн дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдийн сонгуулиа явууллаа.

Энэ удаагийн сонгуулиар ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нарыг улираан сонгосон юм.

Тэргүүлэгч гишүүдийн тоог Их чуулганаар тогтоодог журамтай бөгөөд өмнө нь 17 гишүүнтэй байсан бол энэ удаа 15 гишүүн болгон өөрчиллөө.

Дараах 15 хүн ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдов.

1. Д.Рэгдэл /Академич/

2. Г.Чулуунбаатар /Академич/

3. Б.Авид /Академич/

4. Т.Галбаатар /Академич/

5. Р.Гончигдорж /Академич/

6. Т.Ган-Эрдэнэ /Академич/

7. С.Нарангэрэл /Академич/

8. Д.Дашжамц /Академич/

9. Д.Содномдорж /Академич/

10. С.Чулуун /Академич/

11. Ц.Лхагвасүрэн /Академич/

12. Б.Бямбаа /Академич/

13. Ж.Чинбүрэн /УИХ-ын гишүүн/

14. Я.Содбаатар /МУ-ын шадар сайд/

15. Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга/

Categories
булангууд мэдээ нийгэм томилолт

Эрдэм шинжилгээний бага хурал цахимаар боллоо

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгаас хамгаалах бодлогын хөгжил, шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.

Цахим хуралд ОБЕГ болон төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллага, Гамшгаас хамгаалах улсын албад, МУЗН, МУИС, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, ҮБХИС, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухааны академийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн зэрэг нийт 24 байгууллагын 100 гаруй эрдэмтэн судлаач, алба хаагч, оюутан залуус оролцсон юм.

GJ1A8041-1024x682 Эрдэм шинжилгээний бага хурал цахимаар боллоо

Энэ үеэр гамшгаас хамгаалах бодлогын хөгжил, шинэчлэл, түүний хэрэгжилт, цаашдын чиг хандлага, стратегийн чиглэлээр шинэлэг санааг агуулсан онол, арга зүйн болоод практик ач холбогдолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

Хурлаар хэлэлцсэн илтгэлүүдийн үр дүн, оролцогчдын саналд үндэслэн Гамшгаас хамгаалах бодлого, стратегийг боловсруулагчид, энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагад хандсан зөвлөмж гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.