Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Солирын цохилтыг гэрчлэх үлэг гүрвэлийн олдворыг олон нийтэд дэлгэлээ DNN.mn

Үлэг гүрвэл устах болсон талаар “66 сая жилийн өмнө дэлхийг аварга том солир ирж мөргөсний улмаас их тоос шороо, утаа май босч нарыг халхалснаас болсон” гэсэн таамгийг сонсоогүй хүн ховор биз ээ. Тэгвэл энэ таамагтай холбоотой маш сонирхолтой олдворыг эрдэмтэд олон нийтэд дэлгэхэд бэлэн болжээ.

Олдвор нь арьстайгаа хамт хадгалагдаж үлдсэн үлэг гүрвэлийн хөл хэсэг бөгөөд аварга том солир дэлхийг ирж мөргөсөн /үлэг гүрвэл мөхөж, хөхтөн амьтан ноёрхоход хүргэсэн/ тэр өдөр үрэгдсэн гэж эрдэмтэд танилцуулж байгаа юм. Энэ гайхамшигтай олдвор АНУ-ын Хойд Дакотагийн Танис орчмоос олджээ. Олдворыг олон нийтэд танилцуулахын тулд гурван жилийн турш бэлдсэн бөгөөд ВВС агентлаг энэ бүх хугацааны турш баримтат кино бэлтгэснээ энэ сарын 15-нд олон нийтэд цацах юм байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Том төслүүдээ хөдөлгөх том зоригтой байна гэчихэв үү? DNN.mn

Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ чуулганы танхимд “УИХ-д асуудлаа зоригтой яриад, эрх зүйн орчноо бүрдүүлээд явна. Ирэх долоо хоногт Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц, түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэг байгуулах бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлыг оруулж ирнэ” гэсэн мэдэгдэл хийлээ. Браво. Том төслүүдээ хөдөлгөх том зоригтой байхаар шийдсэнд нь олзуурхаж сууна. Улсын хөгжилд нэмэртэй, хэрэгтэй ямар нэг төсөл эхлэх гэхээр л иргэний хөдөлгөөн, элдэв улс төртэй гацаа тээгүүд гараад ирдэг, тиймэрхүү гацаанаас болж гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй явсаар өнөөг хүрсэн алдаагаа Засгийн газрын тэргүүн нь олоод харчихна гэдэг сайн хэрэг.

Эдийн засагт том өгөөжтэй, эрчим хүч, уран гэх мэт үндэстний аюулгүй оршиход онцгой нөлөөтэй төслүүд ийм эсэргүүцэлтэй нүүр тулдаг, эсэргүүцдэг хүмүүс нь тэр ажлаараа амь зуудаг болчихсон, санхүүжүүлдэг байгууллага нь гадны аль нэг улсынх байдаг гэж ирээд яривал хачирхалтай өнцөг ихтэй сэдэв л дээ. Одоо ураны төслүүдээ хэрэгжүүлж, газрын ховор элементийн хайгуулаа эрчимжүүлж, эрчим хүчний шинэ мега төсөлд онцгой анхаарч, эдийн засгаа тэлэхийн тулд олон олон, төсөл эхлүүлэх хэрэгтэй. Наад зах нь гэхэд л хэрэгжихэд бэлэн болсон алтны төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөх эрэлт хаалга тогшиж байна. Урд хил хаалттай, доллар хэд ч хүрч цойлж мэдэхээр болчихсон ийм цагт нүүрс, зэс шиг оворгүй, хилийн элдэв хориг саад асуудал болдоггүй, валютын нөөцийг өсгөдөг гэдгээрээ алтны экспорт яалт ч үгүй амин хэрэгцээтэй байгаа.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

АНУ: 10 ширхэг танк сөнөөгч дрон Украинд нийлүүлнэ DNN.mn

зураг

Пентагон Switchblade дроныхоо хамгийн сүүлийн үеийн хувилбараас 10 ширхгийг Украинд нийлүүлэхээр болсныг АНУ-ын албаны эх сурвалж мэдээлжээ.

Өмнө нь Пентагон үүнээс бага хүчин чадалтай, хуучин загварын дрон нийлүүлэхээр төлөвлөж байсан юм.

Switchblade-600 шинэ загвар нь 23 кг жинтэй, 39 км зам туулах чадвартай, хуяг нэвтлэгч хошуу нь 40 минутын турш тэнүүчилсний эцэст байндаа тусдаг юм байна.

Дроныг Калифорни мужид үйл ажиллагаа явуулдаг Simi Valley компанид зохион бүтээжээ.

Оператор дроны нислэгийг таблет төхөөрөмж дээр хуруугаараа удирдахаас гадна цохилтын чиглэлийг нь бас удирдаж болдог гэнэ.

Гуравдугаар сарын 16-нд Пентагон Switchblade-300 хувилбарын 100 ширхэг дроныг Украинд тусламжаар нийлүүлэх шийдвэрийг зарлаж байсан юм.

Энэ нь цэргүүд болон хөнгөн автомашинд цохилт өгөх зориулалттай байжээ. Уг хуучин загвар нь 2.5 кг жинтэй, 10 км нисэх чадвартай, пуужин нь байндаа хүрэхээс өмнө 15 минут тэнүүчлэх чадвартай байсан юм.

Гэвч Бүгд Найрамдах намын конгрессын хэсэг гишүүд гуравдугаар сарын 24-нд Пентагонд илгээсэн захидалдаа танкийн хуяг нэвтлэх чадвартай дрон Украинд нийлүүлэхийг шаардаж байсан нь ийнхүү хэрэгжихээр болжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Германы агаарын тээврийн компани шинэ онгоцны загвараа танилцууллаа DNN.mn

Германы агаарын тээврийн компани онгоцны шинэ загвараа танилцууллаа

Ихэнх нисэх онгоц гадна талаасаа ижил харагддаг. Цулгуй цагаан дэвсгэр дээрх том үсэг, компанийн лого зэрэг нь онгоцны нийтлэг өнгө.

Тэднээс улаан сүүлт “Qantas’ Boeing 787-9 Dreamliner” болон нисдэг яст мэлхий “Nippon Airways’ “Flying Honu” A380″ онгоцнууд бусдаасаа ялгардаг.

Тэгвэл Германы агаарын тээврийн “Condor” компани чихэр, аяллын сандал, шүхрээс санаа авсан шинэ, өнгөлөг загвараа танилцууллаа.

Онгоцнууд нь алтан шаргал, улаан, цэнхэр, ногоон болон шар алаг өнгөөр гоёх бөгөөд компанийн шинэ бэлэг тэмдэг болгохоор зорьж байгаа аж.

Онгоцны багийн хувцас, үйлчлүүлэгчид өгөх нэг удаагийн хэрэгслүүд болон цахим хаягууд нь шинэ хэв маягаар гялалзана гэж компанийн гүйцэтгэх захирал Ральф Текентруп хэллээ.

Шинэ загвартай эхний онгоц, шар алаг өнгөтэй A321 онгоц Германы Франкфурт хотоос Испанийн Канарын арлууд руу нисжээ.

Компани 50 гаруй онгоцтой бөгөөд 2024 он гэхэд бүх онгоцоо будаж дуусахаар төлөвлөж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Уранхай бүрээс, угаагаагүй шал, хураагаагүй ороо төр засгийн буруу хэмээн андууртлаа “ядуу” битгий амьдраарай DNN.mn

Улс орон, өрх гэрийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй хийгээд адармаатай л байна.

УИХ-ын даргаасаа авахуулаад төр засгийн удирдлагууд иргэдийг хэмнэлтийн горимд шилжихийг уриаллаа. Угтаа жирийн иргэд бид өнгөрсөн хугацаанд хэмнэж болох юу л байна хэмнэхийн дээдээр хэмнээд ч цалин, тэтгэвэр нь амьдралд хүрэлцдэггүй болоод удаж байна.
Хэн, хэзээ ч билээ “Монголчууд бид өдөр шөнөгүй ажиллаад авсан цалингаараа амьдардаггүй, зөвхөн амь зуухад л зарцуулдаг” хэмээсэн нь юутай үнэн үг вэ.
Угтаа амьдрах гэдэг амь зуухаас ялгаатай ойлголт юм л даа. Нийгмийн амьдрал ороо бусгаа, амьдрал асуудлаар дүүрэн байгаа ч хиртэй хувцас, уранхай бүрээс, угаагаагүй шал, хураагаагүй ор, ундуй сундуй орон гэр, банз нь хугархай хашаа хороогоо төр засгийн буруу хэмээн андууртлаа “ядуу” битгий амьдраарай. Төрд хүлээх хариуцлага, үүрэх ачаа байж болох ч хиртэй хувцас, ноорхой гэрээ цэвэрлэх үүрэг гагцүү танд л бий.
Бүгдээрээ арчаатайхан л амьдарцгаая. “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцсон Б.Тунгалаг агсан цагтаа “Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу” хэмээж байсан нь өнөөдөр олон хүнд нэгийг бодогдуулсан биз ээ.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Явж ядсан жолооч нар замын түгжрэлд их нөлөөлж байна шүү DNN.mn

Хотын автозамын түгжрэл үе үеийн дарга нарын толгойны өвчин болоод олон оныг үджээ. Олигтой шийдэл ч бараг олж чадсангүй. Хүүхэд шуухдаа сургууль, цэцэрлэгт нь машинаар хүргэж өгч, авдаг аав ээжүүд л түгжрэлийн буруутан нь болж байх шиг. Бодит байдал дээр ч тийм байгаа нь үнэн. Сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцэн замын хөдөлгөөн ч сайхан сийрэг болоод ирж байгаа юм. Гэхдээ энд хүүхдээ зөөдөг эцэг эхчүүдийг буруутгах аргагүй.

Хотын замын хөдөлгөөнд өдөр бүр оролцдог хүний хувьд анзаарахад тэр их түгжрэлийн багагүй хэсэг нь жолооч нарын ур чадвар, эгнээ байраа эзэлсэн байдал гэх мэттэй яалт ч үгүй холбоотой байна аа. Хамгийн энгийн жишээ гэхэд тухайн эгнээг хөдөлгөөнд орохыг зөвшөөрсөн гэрэл аслаа гэж бодоход хамгийн эхний машинууд явж өгөхгүй юм. Араасаа сигналдуулан барин хөдөлсний дараа тухайн уулзвараар их сайндаа 6-10 машин гарч чадвал их юм. Мөн эргэлт дээр жолооч нар жигтэйхэн удаан эргэх юм. Уг нь ямар ч саад урд нь байхгүй. Эргэж ядсаар байтал улаан гэрэл асаад хөдөлгөөн зогсоно. Цөөхөн хэдэн машин гарч чадвал зол.

Энэ мэтчилэн эгнээ, байраа буруу эзэлсэн жолооч нар замын хөдөлгөөний эрчимд мөн их түвэг саад болж байгаа харагддаг. Зэрэгцэж очоод харахаар гар утсаа оролдсон жолооч харагдана. Бодвол фэйсбүүк л ухаж явдаг байх. За, тэгээд утсаараа ярьсан жолооч нар бол битүү битүү. Уг нь ядаж чихэвч хэрэглээд ч юм уу, зориулалтын тавиур дээр тавиад чанга яригчаар нь яриад явбал болохоор. Бас нэг учир шалтгаан байна аа. Орой ажлын цаг тарахтай зэрэгцээд бүх машин хөдөлгөөнд оролцоно. Гэтэл Сүхбаатарын талбайн хоёр талын зам болон Багшиийн дээдийн урд зам зэргийн хөдөлгөөнийг бүр хөдөлгөхгүй 30, 40 минутаар таг барьчихаад байдгийн учрыг бодоод олдоггүй. Яг тэгж барьснаас болоод төв талбайгаас хойшоо байдаг замууд дагаад битүү болж орхидог. Үндсэндээ шууд хиймэл түгжрэл болчихдог. Энэ мэтээ шийдчихвэл бас ч дагаад өөр шийдлүүд гарч ирэх л байлгүй дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Кофе чанагч машинтай албан газрын ажилчдын ажиллах чадамж 40 хувиар өсдөг DNN.mn

Эрдэмтэд кофены талаар янз бүрийн үзэл бодолтой байдаг. Зарим нь магтан сайшааж байхад цөөнгүй хэсэг нь аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй гэсэн талыг баримталдаг. Гэхдээ юм гэдэг хоёр талтай билээ. 12 жилийн турш үргэлжилсэн 25-70 насны нэг сая орчим хүн хамрагдсан томоохон туршилтын үр дүнд кофены тогтмол хэрэглээ нь тархи, зүрх судас, амьсгалын замын болон бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулдаг болохыг баталсан байна. Мөн дээрх судалгаанаас нэгэн сонирхолтой үр дүн гарсан нь кофе чанагчтай, эсвэл кофе шоптой албан газрын ажилчдын бүтээмж, ажиллах чадамж 40 хувиар өссөн дүн байв. Тодруулбал, кофены үнэр яг тамхины утаа шиг дам нөлөө үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, та кофе уудаггүй байсан ч ажиллаж байгаа албан газарт тань кофе шоп, эсвэл кофе чанагч машин байдаг бол энэхүү нөлөөнд шууд орно гэсэн үг юм. Дэлхий дахинд сүүлийн үед албан газруудын удирдлагууд ажилчдынхаа бүтээмж, ажиллах чадамжийг өсгөх, цаашлаад компанийнхаа үйл ажиллагааг шуурхайлах, ашиг орлогоо ихэсгэх зорилгоор байгууллагадаа кофе чанагч машин, эсвэл аль нэг булан хэсэгтээ кофе шоп нээн ажиллуулдаг болсон байна. Энэ нь дээрх судалгааны үр дүнтэй шууд холбоотой юм. Та кофе уудаггүй хүн байж болно. Гэхдээ албан газар тань ийм шийдэл буюу кофены үнэр үнэртэж л байгаа бол таны ажиллах чадамж 40 хувиар өсдөг болох нь судалгаагаар нотлогджээ. Кофенд агуулагдах кофейн гэх бодисыг уухаас илүү үнэртэх үед хүнд нөлөөлөх хүчин зүйл нь хоёр дахин илүү өсдөг байна. Кофены үнэр үнэртэх агшинд хүний сэтгэл санаа тогтворжиж, цусны эргэлт сайжирч, улмаар эрч хүч нэмэгддэг аж. Ингэснээр анхаарал төвлөрөх, ой тогтоолт сайжрах, тархины хурдан сэтгэх үйл ажиллагааг дэмжиж өгдөг байна. Улмаар ядралт багасаж, ажиллах эрч хүч өсдөг ба түүнийгээ дагаад бүтээмж мөн адил нэмэгддэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс та байгууллагынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажилчдынхаа бүтээмжийг өсгөхийг хүсч л байгаа бол албан газартаа кофе чанагч машин авах, эсвэл кофе шоп нээгээрэй.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангараг гаригаас ирсэн анхны аудио бичлэгийг судалжээ DNN.mn

Ангараг гаригаас анх удаа ирсэн аудио бичлэгийг судалсан эрдэмтэд тус гараг дээр дуу чимээ өөр өөр хурдтай тархдагийг тогтоожээ.

NASA-гийн Perseverance станц өнгөрсөн оны хоёрдугаар сард Ангараг гараг дээр буусан юм. Тэр үеэс хойш станц өөрийн хоёр микрофоныг ажиллуулж, ойр орчмын дуу чимээг бичиж эхэлжээ.

Эрдэмтэд үүнээс эхний таван цагийн бичлэгийг нь судалсан тайлангаа Баасан гарагт Nature сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Ингэхдээ тэд Perseverance хөлөгтэй хамт Ангарагт очсон Ingeuinity дроны хөдөлгүүрийн чимээ, Ангарагийн чулуулгийн бүтцийг судлахын тулд зүсэлт хийж буй лазерын багажийн чимээг судалжээ.

Эхний ээлжид Ангарагийн агаар мандалд дуу чимээ дэлхийтэй харьцуулахад удаан тархдагийг баталсан байна.

Тухайлбал дэлхий дээр дууны хурд секундэд 340 метр байдаг бол Ангараг дээр секундэд 240 метр байжээ.

Энэ нь Ангарагийн агаар мандлын бүтэцтэй холбоотой гэнэ. Ангарагийн агаар мандлын 95 хувийг нүүрстөрөгчийн давхар исэл эзэлдэг бол энэ нь дэлхийн агаар мандлын 0.04 хувь байдаг.

Өөрөөр хэлбэл Ангарагийн агаарын нягтрал нь дэлхийнхээс 100 дахин бага юм байна. Энэ нь дуу чимээг 20 децибелиэр сулруулдаг гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Гэхдээ энэ бол эрдэмтдийн урьдчилан таамаглаж байсан үр дүн юм байна.

Харин огт төсөөлж байгаагүй цоо шинэ нээлт нь дуу чимээний ялгаатай хурдтай тархалт байжээ.

Тухайлбал лазер багажийн чимээ дроны хөдөлгүүрийн чимээнээс 10 метрээр илүү хурдан буюу секундэд 250 метрийн хурдтай бичигдсэн байна.

“Би бага зэрэг цочирдсон. Дэлхий дээр бүх дуу чимээ ижил хурдтай тархдаг шигээ төсөөлөөд хэмжилтэд алдаа гарсан байх гэж бодож байлаа” гэж судалгааг ахалсан эрдэмтэн Силвестр Маурис ярьжээ.

Өөрөөр хэлбэл чанга дуу чимээ Ангараг гараг дээр хурдтай, сул чимээ удаан тархдаг нь эндээс анх удаа харагдсан байна.

“Дэлхий дээр найрал хөгжмийн тоглолтыг бид зэмсгүүдийн чанга, сул дуугарахаас үл хамааран зэрэг сонсдог. Тэгвэл Ангараг дээр тайзнаас жаахан хол суусан тохиолдолд зэмсгүүдийн чимээ хугацааны нэлээд хоцрогдолтой сонсогдох юм байна” гэж Маурис ярьжээ.

Тоног төхөөрөмжүүдийн гаргасан чимээнээс бусдаар бол Ангараг дээр салхинаас өөр байгалийн гаралтай дуу чимээ бараг сонсогдоогүй байна.

Эрдэмтэд өмнө нь 1999, 2008 онуудад Ангарагийн дуу чимээг бичихийг оролдож байсан ч аль аль нь амжилтгүй болж байжээ.

Эх сурвалж: AFP

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Лувсандамбын Дашнямын 2222 “Цольд үг” DNN.mn

Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн эрдэмтэн зохиолч Лувсандамбын Дашням 2222 онч мэргэн үг буюу өөрийнх нь тодорхойлж томьёолсноор “Цольд үг”-ээр ном бүтээжээ. “Зохиогч эл номондоо монгол хүний оюуны ертөнц, бодит амьдрал хоёрыг түүхэн хувьслын залгамж холбоонд нь багтаасан олон талт үйл явцыг хурааж оночилжээ. Энэ бол хэн бүхний барьж аваад хийчихдэг зүйл биш. Дашням гуайн уг бүтээлийг ойлгох судлахад херменевтик арга зүй чухал. Аливаа үгүүлэмжээр илэрхийлэгдсэн бичвэр санааны утгыг тайлахад түүний хэсгүүдийн утгаас бүхлийн утга хамаарахын зэрэгцээ бүхлийн утгаас хэсгийн утга хамаардаг гэсэн шүтэлцээг “херменевтик эргүүлэг” гэж нэрлэдэг. Философи мэдлэгийн энэ чиглэлийн нэрт төлөөлөгч Ф.Шлейермахер “Зохиогчийн санаа бодлыг зөв оновчтой ойлгохын тулд судлаач өөрийгөө түүний байранд тавьж, сэтгэж бодох хэрэгтэй”-г зөвлөсөн байдаг” гэж философийн шинжлэх ухааны доктор, академич Г.Чулуунбаатар номын өмнөтгөлд бичжээ.

“Нэгэн хийморьтой сайхан өдөр шинэ санаа бодол төрж цогцлуулж цуглуулж эхэлсэн энэ олон үг, элдэв олон илэрхийлэл бол миний л үйлийн үр юм даа. Үр хүүхэд минь л гэсэн үг. Тийм болохоор гуйх юм тэднийг минь хайр хайрлаж л үзээрэй. Энэ бүхэн миний зохиол туурвил гэхээсээ илүү миний нөгөө цаг наргүй мунгинаж мушгиралдаж суухдаа таньж олсон түмэн олон мухардлын маань л амь сүнс юм шүү” гэж зохиогч бичсэн байна. Ингээд 2222 онч үгнээс дараахь үгнүүдийг жишээ болгон татлаа. “Амаа хамхиагүй байж хаалгаа бүү сав”, “Амьдралаа л эмчлэхгүй юм бол биеэ эмчлээд нэмэргүй”, “Ярихыг сурахад хоёр жил, дуугүйг сурахад 20 жил”, “Яриад л байх болохоос юу ч хэлдэггүй зохиол бий”, “Юм үзээгүй хүн л хамгийн их хулчгар”, “Юм бүхэнд гомддог ч өөртөө гомддоггүй хүн бий”, “Эрдэм ургуулдаг хөрс болгонд эрдэмтэн ургадаггүй”, “Эмэгтэй хүнд чиний буруу гэж ойлгуулъя гэвэл чиний зөв өө гэж шивнэх хэрэгтэй”, “Шүдээрээ биш нүдээрээ мэр”, “Чухамдаа алдаа дутагдал л хүмүүсийг хамгийн их хөгшрүүлдэг”, “Цэвэр болох гэж хиртэй усанд хөлөө бүү дүр”, “Цөмөөрөө ухаангүй загнах хэр нь “ухаангүй амьтан” гэж нэгнээ гайхдаг”, “Цаашаа явсан хүнийг урдаас нь тоссон нь дээр”, “Цагийг үнэтэй гэж цоллоод үнэгүй эдэлдэг”, “Цаг зүүсэн биш цагандаа зүүлттэй хүн бий”, “Магтаалд мансуурсан хүн өлгүүр дэх хувцас лугаа адил”, “Маргаашаас амьдарч эхэлье гэсэн шиг хүмүүс бий”, “Морь унасан толгойгүй хүн” монголчуудад өөрсдийг нь ойлгуулдаг, “Мухар сүсэгтэн олшроход муу явдал ихэсдэг”, “Мэдэх гэсээр ширгэдэг ч хүн бий, оргидог ч хүн бий”. “Намтраа түүх гэж боддог хүн бий”, “Нийгэм гэдэг зовлонгоороо хэлхэлдсэн зон олон”, “Нийцтэй байна гэдэг долгинохыг хэлдэггүй”, “Зарим ном “намайг хэн ч битгий уншаасай” гэж боддог”, “Зарим сүүдэр эзнээсээ ч олонтаа толгой дохидог”, “Зарим хүн юу ч тариагүй байж ургац хураагаад авдаг”, “Зарим хэргэмтэн доошоо биш, дээшээ уначихдаг”, “Зожиг хүний уцаарлах нь арвин”, “Зорилгогүй хүн л салхи даган дэндэгнэдэг”, “Зөнөх тусмаа зөвлөх дуртай”, “Зэвэрсэн хүнийг зүлгэж болдоггүй”, “Ичмээр жаргана ч гэж байх”, “Өвдтөл хайрлана гэж бий”, “Өглөө бүр өөрийгөө чагнадагтаа биш шагнадагтаа л урт насалдаг”, “Өгөх юмгүй хүмүүс л амлах дуртай”, “Өөрийнхөө доторх агуйнуудад л хүн илүүтэй их төөрдөг”, “Өөртөө гомдсон гомдол л хэзээ ч арилдаггүй”, “Өөртөө дурласан хүн л бусдын торонд хоргоддог”, “Өөртөө хамгийн ойр байгаа хүн бол өндөр настан”, “Өшөөний өмнө нь ч, хойно нь ч өшөө л бий”.

“Салахын цагт л хайр хамгийн гоё үгээ хэлдэг”, “Сайхан дуу аялъя гэвэл ээжийнхээ тухай бод”, “Сайхан сэтгэлтэй хүн шиг үзэсгэлэнтэй хүн ховор”, “Сайхан хүний хөшөө нь хүртэл нүдэнд дулаан”, “Тал засна гэдэг талаа гээхийг л хэлдэг”, “Товчхон ярина гэдэг бусдыг хүндэтгэж, өөрийгөө аварч буй хэрэг”, “Тодорхой бодолгүйгээр тодорхой илэрхийлнэ гэж үгүй”, “Тэнэг асуултад ухаантай хариулах хэрэггүй”, “Ухаангүй хүмүүстэй ухаантай харьцах шиг ухаангүй ажил үгүй”, “Үгийн нүгэл үүл мэт сарнидаггүй”, “Хадаасаар нүхлээгүйг ухаанаар цоолдог”, “Хайр дурлалыг уулгамч мэдрэмжтэй эндүүрэх хэрэггүй”, “Хил хэтэрсэн ч хөл татмааргүй үе бий”, “Ховоогүй хүнд худаг шиг там үгүй”, “Баатруудаа таньсан зохиолч л өөрийгөө таниулдаг”, “Байгаль биднийг хорлож байгаа юм биш, оршихуйн хууль ердөө л тэр”. “Биеэ үнэлэх арга олон ч сэтгэлээ тогтоох хэлбэр ганц”, “Бурханд мөргөнө гэдэг үнэнээс зугтах арга”, “Бурхны асуудал гэж байхгүй, байгаа бол тэр нь танин мэдэхүй, хийсвэрлэхүйн л асуудал”, “Бүтэн өдөр залхуурлаа гэж бүү зэмлэ, цаана нь бүтэн шөнө бий”, “Гэмээ ухаарах нь шүдээ сугалуулахаас ч хэцүү”, “Далайн гүн рүү гэхээсээ илүү түүхийн гүн рүү шумба”, “Дуугараагүйдээ алдсан бол тэр нь таны шагнал”, “Дурлаж жүжиглэх нь дурлахаас ч хэцүү”, “Дүлий зарцтай хүн тайван амьдардаг, “Ёс зүй өмхийрдөг үе бий”.

Нацагийн Жанцанноров гуай “Би Дашнямыг үгээр бичдэг хөгжмийн зохиолч л гэж түүний зохиол бүтээлийг нүдээрээ харж, тархиараа сонсдог. Тэгж төсөөлж чадвал “хөгжмийн зохиолч” Дашнямд дуурь ч бий, симфони ч бий, бүр зүрхэнд тулдаг бяцхан аяз ч, нулимс хөхдөг энхэр дуу ч бий. Эрхэм анд минь “Гүйж яваад унахад ээжийн дуу сонсогддог” гэж тунхаглажээ. Уншигч танд унахад тань ээжийн тань дуу сонсогдож байвал “Хүнээ алдаагүй байна аа би” гэж бодоход буруудах явдалгүй мэт” хэмээн бичсэнийг шигтгэе. Дашням зохиолчийн “Цольд үг” өмнө нь гаргаж байсан “Бор дэвтэр”-ийнх нь тайлан болж бид бүхний ширээн дээр ирсэн нь талархууштай.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ЗӨВЛӨГӨӨ: Өдөрт 10.000 алхахад танд ямар өөрчлөлт гарах вэ? DNN.mn

Өдөрт 10,000 алхахад танд ямар өөрчлөлт гарах талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс мэдээлэл хүргэж байна.

Дээрх тоотой тэнцэхүйц өдөр бүр алхахад 2.8-3 км замыг туулж, 30 минут зарцуулна. Түүнчлэн 1,465 грамм өөх хайлуулж, 150 ккал илчлэг шатаана.

Мөн амьдрах хугацаагаа 840 секундээр уртасгах боломжтой аж. Эрүүл, ухаантай, гоо сайхан, хүчтэй, урт наслахыг хүсвэл өдөрт 10,000 алхахыг НЭМҮТ-өөс уриаллаа.

Алхах нь хүний эрүүл мэндэд үзүүлэх олон ач холбогдолтой, гайхамшигтай зүйл. Эрүүл мэндийн салбарын судалгаа шинжилгээнээс үүдэн хүмүүсийг ууланд алхахыг их зөвлөдөг болсон. Гүйх нь зүрхний өндөр ачаалал шаарддаг.

Бэлтгэл хийж байгаа тамирчид эсвэл тогтмол гүйгээд дадчихсан хүмүүст гүйх тохиромжтой. Харин бусад хүн алхах хэрэгтэй. Алхахдаа бага зэргийн ачаалал өгч алхах нь зөв. Энэ нь зүрхний хэмнэлд маш сайн. Алхсанаар хөдөлгөөний дутагдлаас болж үүсдэг чихрийн шижин, нурууны суултаас сэргийлэх боломжтой талаар өмнө нь мэдээлсэн билээ.