Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Бусдын машин дээр гарч зогссоныг өхөөрдөөд байгааг ойлгох ухаан хайрла DNN.mn

Монголчууд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Цар тахлаас улбаалан сүүлийн хоёр жил гаруй тэмдэглээгүй учраас энэ жил их л өргөн дэлгэр боллоо. Олон нийтийн сүлжээгээр хүүхдүүдийн баяр хөөртэй, томчуудынх нь хүүхэд ахуй цагийн зургууд л хөвөрлөө.

Харин хэдэн хөвгүүд хэн нэгний машин дээр гараад зогсчихсон зургийг насанд хүрэгсэд их л өхөөрдөж, “ёстой хөөрхөн байна”, “яасан эгдүүтэй юм бэ”, “өнөөдөр харсан хамгийн хөөрхөн зураг”, “тэд өнөөдөр эрхээ эдэлж байна”, “өнөөдөр тэдний өдөр” мэтээр хэсэг шуугилаа. Гэтэл улаан цагаан буруу үйлдлийг энэ мэт тайлбартайгаар зургийг оруулж байгаа хүмүүс харин ч эсрэгээр нь муугийн үлгэр дуурайлыг хүүхдүүдэд өгөөд байгаагаа огтхон ч ойлгохгүй байгаа бололтой. Зогсоол дээр зогсож байгаа тэр машин муу ч бай, сайн ч бай хэн нэгний хувийн өмч. Ерөөсөө өөрийнх нь л биш бол бусдын өмч хөрөнгийг хог новш гэж үздэг увайгүй зан монголчуудад л байдаг байх. Бусдын өмч үнэгүй, өөрийнх нь бол хог байсан ч хосгүй эрдэнэ.

Бид “Гадны оронд бол тэгдэг, тийм байдаг” гэж ярих дуртай. Тэгвэл жишээ болгож яриад байдаг гадны оронд хүний хувийн өмчид ямар нэгэн байдлаар шууд халдаад байдаггүй байх. Өнөөдөр хүүхдүүдийн буруу үйлдлийг жигтэйхэн өхөөрдөөд, өөгшүүлж байгаа нь ирээдүйн иргэдээ буруу тийш нь чангааж байна аа гэсэн үг. Хүүхдийн эрхийг хамгаалдаг өдрөөр харин ч тиймэрхүү буруу үйлдлийг нь тарааж түгээдэггүй баймаар байна. Олон нийтийн сүлжээг анзаараад байхад ер нь илт бурууг өхөөрдсөн, эвийлсэн, бүтээж байгаа нэгнийг элдвээр хэлдэг утгагүй хандлага сүүлийн жилүүдэд үнэхээр газар авчээ.

Монголын нийгмийн сэтгэл зүй, хандлага нэг л буруу тийшээ хазайгаад байна. Нийгмийн сэтгэл зүйд дориухан шинэчлэл, соён гэгээрлийн ажил хийхгүй бол байдал улам л бишдээд байна шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: DUNE буюу Манхан DNN.mn

Уг номын хоёрдугаар дэвтэр хэвлэгдэн гарчээ. Уг номоор хийсэн уран зөгнөлт кино сая болж өнгөрсөн Оскарын шагналаас олон төрлөөр шалгарч шагнуулсан. Тэгвэл киноны эх болох “Манхан” ном баруунд аль жараад оноос л алдаршиж эхэлсэн гэнэ лээ. Френк Херберт гэж зохиолчийн энэ ном харь гариг буюу Арракисын тухай маш нарийн тодорхой зохиож үнэмшилтэй уран сэтгэж бичсэнээрээ алдартай гэдэг аж. Гол баатар гүн Пол ээж Жесикатайгаа гаригийн уугуулуудтай тааралдан цуг амьдрах болно. Уугуулууд болох фременчүүдээс анхандаа түүнийг үл зөвшөөрөн ирүүл тулаанд дуудна. Хүү тулаанд ялан дийлж нэр сонгох эрхтэй болно. Энэ нь тэр омгийн дунд амьдрах эрхтэй болж байгаа хэрэг юм. Түүнд Усул гэдэг нэр өгөөд зөвхөн тэр омгийнхон л ингэж дуудах эрхтэй, бусад нь үүнийг хэлж үл болно хэмээн зарлигддаг. Ер нь бол хамгийн нөлөөтөй омгийнхон дээр тэд очсон бөгөөд тэр омгийнхон ч ээж хүү хоёрыг эрж байсан аж. Мөн Полыг өөрөө олон түмэнд нэрлэгдэх нэрээ сонгохыг зөвшөөрдөг. Хүү өөрийгөө Пол-Мауд Диб хэмээн дууд гэж хэлдэг. Тэр Мауд Диб гэдэг нь цөлд амьдардаг алагдаахай маягийн амьтан гэнэ. Энэ нэр тухайн байдал зэрэг нь хуучны зөгнөлд яригдаж байсан зүйлүүд учир фременчүүдэд гүн сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд тэд ээж хүү хоёрыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч удирдагчаараа тодруулна. Уг гаригийг хууль бусаар эрхшээдэг Харконненыхонд цөлийн зэрлэгүүд өөрийн зөнчөө тодруулсан гэнэ. Тэрийг нь МаудДиб гэж дууддаг гэнэ. Их нөлөөтөй зэрлэг тодорчээ гэцгээгээд өнгөрнө. Харконненыхан гаригийн талаар мэдээлэл маш муутай бөгөөд зөвхөн шидэт нунтгийг нь л ухахаас өөр юунд ч үл сатаарна. Мөн нутгийн зэрлэгүүдийг ажилд дайчлахаас гадна үе үе устгал явуулан элсэн цөл дэх стечь буюу суурингуудыг нь газрын хөрстөй тэгшлэх ажиллагаа явуулна. Пол Мауд Диб Чани гэх нутгийн охинтой гэрлэж нэг хүүтэй болно. Ээж Жессика нь гүнгээс үлдсэн охиныг төрүүлэх бөгөөд ээж, охин, хүү гурав айхавтар зөн билэгтэй хүчтэй удирдагчид болон өсдөг. Пол нутгийн ардуудад тулааны арга заан арми байгуулан хүчирхэгжүүлдэг бөгөөд яваандаа гаригийг ногооруулах төлөвлөгөөг нь гүйцэтгэж өгнө гэж амладаг. Арракис гариг гүндээ устай, түүнийг ууршуулж мөн цөлд тэсвэртэй ургамал ургуулж усны эргэлтийг бий болгож чадвал ногоорно гэж цөлийн эрдэмтэд үздэг аж. Пол аавынхаа үнэнч баатар дайчин эр өөрийнхөө зэвсгийн багштай цөлд тааралддаг. Гёрни Халлек гэдэг дайчин баатар бол төрөлх гаригтаа алдартай.

Тэр Харконненыхны дайралтаас тулалдан гарч чадсанаар барахгүй өөрийн гэсэн бүлэг байгуулан шидэт нунтаг хувиараа олборлон борлуулдаг ажилтай болсон байдаг. Хулгайн анчид буюу хулгайн нунтаг олборлогчид цөлийн бүүр гүнд очин эргүүл цагдаагаас хол олборлолт хийх гэж ирдэг. Тэр нь Пол цэргүүдтэйгээ дайран гардаг ус, хүнсний нөөц газар нь байлаа. Фременчүүд ийм хол нисдэг аппарат олборлогч зэрэгтэй тааралдаад маш гайхан даруйхан цааш нь харуулахгүй бол болохгүй, нууц задарна гэж үздэг. Яагаад гэвэл ийм хол цөлд амьдрал байхгүй гэсэн домог нь худал болох учир ингэж шийддэг. Полын цэргүүд тулааны чадвараар хэтийдсэн бөгөөд эзэн хааны торгон цэрэг болох мэргэжлийн алуурчдын арми сардукаруудыг дийлдэг болоод байв. Тэр сардукар болох гэж 10 жаалын дөрөв нь амьд үлддэг, дурын сардукар энгийн армийн 10 цэрэгтэй тэнцдэг аж. Полын цэргүүдийн довтолгоо эхэлж онгоцуудыг унаган явган цэргүүд рүү нь довтолж эхлэхэд хулгайн анчдын тэргүүн тулалдахаар зэхэн биеэ хураан довтлогчдыг гярхай ажиглан зогсоно. Пол аавынхаа шадар анд өөрийнхөө зэвсгийн багшийг шууд таньж “Гёрни Халлек илдээ бүү сугал гэж тушааж байна” хэмээн хашгирна. Герни цочин тэр хашгирагч руу харан “Чи яаж миний нэрийг мэддэг юм, бас надад тушаадаг хэн бэ” гэж асуув. Хүү дуулгаа авахад Гёрни хий үзэгдэл үзсэн юм шиг цочиж шууд сөхрөн сууна. “Би гүн Пол Мауд Диб байна” хэмээн аавынхаа бөгжийг гарган харуулна. Цаашид ямар үйл явдал өрнөхийг мэдэх гэвэл та бүхэн энэхүү номыг худалдан авч уншаарай.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Э.Сэлэнгэ: Хон хэрээ их ухаантай, бас эрх DNN.mn

Э.Сэлэнгийн тэжээдэг байсан Цагаанаа нэртэй хон хэрээ


“Хар хэрээ гуаглалаа, муухай юм аа…”, “Хар хэрээ шиг тас хар юм”, “Хэрээ шиг пөөнийсөн юм чинь…”, “Хэрээ шиг дотортой” гэж ер нь тааламжгүй юмаа хэрээтэй зүйрлэх хандлага бий. Ер нь хэзээнээсээ монголчууд хэрээнд дургүй болсон нь тодорхойгүй. Гэтэл үүх түүхэнд хэрээтэй холбоотой баримтууд бий. Эрт үед бөө зайрангуудын хэлмэрч нь хэрээ байсан гэдэг бөгөөд үүнээс үүдэж хэрээг тэнгэрийн хэлмэрч гэдэг байжээ. Харагдах байтал нь хар ч авчирдаг хэл нь цагаан. Ёр бэлгээрээ хунгаас цагаан гэх нь ч бий. Тэр ч бүү хэл үнэнч хайрын бэлгэдэл хун шувуу гэдэг ч яг амьдрал дээр хэрээ шиг үнэнч шувуу байдаггүй гэнэ.

Ижил хосдоо, өсгөсөн эзэндээ хэрээ шиг үнэнч, найрсаг шувуу байдаггүйг хэрээ сонирхогч, тэжээгчид ярьж байна. Хун шувууг гоо үзэсгэлэнтэй хэмээн биширдэг ч яг тулбал муухай ааштай, уур нь хүрвэл ганц дэвэлтээрээ жижиг амьтныг хөнөөх чадалтай авир муутай жигүүртэн. Гэтэл хэрээ харагддагаасаа огт өөр, найрсаг, эрх, нялуун шувуу юм байна. Нялх ангаахайгаа тэжээхээс гадна сүргийнхээ гэмтэж бэртсэн юм уу, өтөлж хөгширсөн хамаатны хэрээнүүдээ ч асарч, хооллодог халамжтай, гэр амьтай, нийтэч амьтан юм байна.

Дэлхий дээр хэрээний овогт багтах 20 төрөлд хамаарах 100 зүйлийн шувуу бий. Хэрээ байгальд амьтны сэг зам, жижиг сээр нуруутан, шавьж, ургамлын үр, тариагаар хооллодог. Хавар бусад шувуудаас эрт өндөглөнө. Хосоороо буюу сүргээрээ мод бут, бургас, хадан цохио, байшин барилгуудад үүрлэн 3-9 ширхэг өндөг гаргана. Энэ овогт багтдаг шувууд ухаалаг байдгаараа онцлогтойг шувуу судлаачид тэмдэглэжээ. Өөрийн үүрэндээ таалагдсан элдэв чамин өнгөтэй, гялалзсан шил, толь, гялтгасан эд зүйлс, зүүлт мэтийг авчирч хадгалан өмчирхдөг нь бусад шувуудаас ялгагддаг нэг өвөрмөц зан араншин нь юм.

Хэрээнийхэн овгоос Монгол оронд 12 зүйл шувуу нь нутагладаг. Үүнээс бидний хамгийн сайн мэддэг нь хон хэрээ, хар хэрээ, шаазгай юм. Үргэлж гүйдэг хул саарал өнгөтэй хулан жороо, самар иддэг самарч, ятга шаазгай, улаан хошуут гээд хэрээний овогт багтдаг олон шувууд байдаг. Хэрээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг тэр чигээр нь, Ази, Америкийн талд тархан хаа сайгүй амьдардаг. Харин саарал хэрээ Монголд бараг байдаггүй. Монголын судлаачдын хэмжиж байснаар хамгийн том хон хэрээ 1.8 кг жин хүрч байжээ. Хэнтий аймгаар нутагладаг хэрээнүүд харьцангуй том, биерхүү байсан нь энэ судалгаагаар тогтоогджээ.

Хэрээ хосоороо амьдардаг. Нэг хостойгоо энэ насаа элтэл хамт, насан туршдаа амьдарна. Нэгнээ үхвэл араас нь үхдэггүй. Харин ч үр удам, ирээдүйгээ бодон хажуугийн хосоо бараадан эзэмшил нутгаа нэгтгээд, ангаахайнуудаа хамтран тэжээдэг бөгөөд харин дахин өөр нэгэнтэй ханилдаггүй, үлдсэн амьдралаа бэлэвсэн чигээрээ өнгөрөөдөг үнэнч шувуу аж.

Хэрээ өндөр мэдрэмжтэй, зөнч учир дэлхийн аль ч орны бөө, удган, зайрангууд ихэд хүндэтгэдэг бөгөөд онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршиж хүссэн газартаа нисч явдаг хэмээн үзэх нь бий. Эрдэмтэд хэрээний ухааныг судлаад аливаад дасан зохицох өндөр чадвартай хэмээсэн байдаг. Хүмүүс 33 авиа ашиглаж хоорондоо ярилцаж, харьцдаг бол хэрээ 46 орчим авиа гаргаж өөр хоорондоо харьцдаг. Ангаахай байхад нь хэрээний дуу авиаг ялгах боломжгүй бөгөөд томрох тусам нь дуу хоолойнд нь авианууд нэмэгддэг гэнэ. Хэрээ урт насална. Хүний насаар тооцвол 45-60 жил амьдарна. Хэрээ өндөглөөд 21 орчим хоногийн дараа ангаахай нь гарч ирнэ. Хэрээ жил болгон шинэ үүр засдаг бөгөөд түүний хуучин үүрийг шонхор, сар шувууд эзэмшдэг.

Монголд хэрээ сонирхогч, тэжээгч, судлаач олон бий. Тэд цахим орчинд нэгдэж хэрээний тухай мэдээллээ солилцдог хэд хэдэн фэйсбүүк бүлгэмтэй.


Хэрээ сонирхогч Э.Сэлэнгэтэй ярилцлаа. Тэрээрээ Цагаанаа гэх хон хэрээ тэжээж байсан туршлагатай нэгэн.


-Та хон хэрээ тэжээж байжээ?

-Тийм ээ. Би хот сууринд байдаггүй, хөдөө хээр амьдардаг хон хэрээ тэжээдэг байсан. Хон хэрээ их эрх юм билээ. Хүнд дасахаараа эрхлээд л байна. Илүүлэх дуртай. Яг л нохой шиг ирж наалдаад эрхлэх дуртай. Өлсөхөөрөө гуаглаад л хоолоо нэхээд идчихнэ. Манай Цагаанаа усанд орох их дуртай. Шүршүүрт их

оруулдаг байсан. Хон хэрээ гэж энэ шувуу надад их л эрх санагдсан даа.

-Хон хэрээ биеэрээ бусад хэрээнээс их том гэнэ?

-Хон хэрээ бусад энгийн хэрээгээ бодвол биеэр том. Нэлээд үсэрхэг, өд ихтэй. Хүнд их дасамтгай хөөрхөн амьтан юм билээ. Энгийн, суурин хэрээг харж л байсан. Манай найз далавч нь гэмтсэн хэрээг хашаандаа тэжээж байсан. Тэр хэрээнээс өөр л юм билээ. Миний хон хэрээ ангаахай байсан юм. Тэгсэн хэрнээ том биетэй байсан.

-Одоо Цагаанаа хаана байгаа вэ?

-Би хон хэрээгээ Цагаанаа гэдэг байсан юм. Байранд амьдардаг болохоор манай хөрш “Хэрээ чинь муухай орилоод байна” гэж уурлаад байсан болохоор Хэрээ сонирхогчдын группийнхээ охинд өгчихсөн. Одоо тэр охин хэрээг маань тэжээж байгаа.

Хэрээ хүмүүсийн боддогоос эсрэгээрээ их ухаантай, бас эрх.

-Хэрээг яаж хооллодог вэ. Юу иддэг вэ?

-Өдөрт 4-5 удаа хооллоно.

Түүхий, бараан мах өгнө. Заримдаа малын элэг өгдөг. Саванд ус хийгээд тавьчихаар өөрөө уучихдаг. Их хөөрхөн дэгдэж явдаг. Бас маш үнэнч шувуу. Хэрээ сонирхогчид ярьдаг юм, нэгэн бодит болсон явдал л даа. Архангай гэл үү дээ хөдөө аймагт нэг эмээ далавч нь гэмтсэн хэрээ ирэхээр нь асарч тэжээж эдгээжээ. Эмээ, хэрээ хоёр гадаа модон дээр хамт сууж өдрийг өнгөрөөдөг байсан байгаа юм. Гэтэл тэр эмээгийн бие муудаад хот руу хүргэгдэж ирээд хагалгаанд орох болсон гэсэн. Тэгтэл эмээгийн хэвтэж байсан эмнэлгийн цонхны гадаа модон дээр өнөө хэрээ нь ирээд гуаглаж байсан гэж ярилцдаг юм билээ. Бодит болсон явдал л даа. Эзэндээ их үнэнч, хэл мэдээ сайн хүргэнэ. Хэрээ их олон янзаар гуагладаг шүү дээ. Хэрээ өдөр, өглөө, шөнө хэдийд гуагласнаар нь ямар мэдээ ирж буйг урьдчилж мэдэх

боломжтой гэж номтой хүмүүс шинждэг юм билээ.

-Хэрээг гэрт тэжээхэд сул байлгах уу, эсвэл тор бэлдэх үү?

-Торонд байлгахгүй. Манайд анх авчрахад эхлээд би голын өрөөндөө паарны ойролцоо цаасан хайрцагт байлгадаг байсан. Сүүлдээ пааран дээр суудаг болоод яваандаа тэр хавиар дэгдгэнээд явдаг болчихсон. Уяад юмуу, торонд байлгахаар гуаглаад байдаг. Тийм юманд жаахан дургүй. Чөлөөтэй байх дуртай санагдсан. Сангас их гаргана аа. Байгальдаа бол тэр нь шингэнэ. Гэтэл байранд учраас хана болон өөрийгөө завааруулах гээд байдаг. Тийм болохоор өдөр болгон шүршүүрт оруулах ёстой юм билээ. Хүйтэн бүлээн шүршүүрт оруулчихдаг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Томчуудын дурсамж, багачуудын хүлээлт DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баяр маргааш болно. Энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг байсан тухай томчуудын дурсамжид Хүүхдийн парк том орон зай эзэлдэг. Хүүхдийн парк ч одоогийнхоосоо том байв. Харин одоо хэдэн талаасаа өндөр барилгуудад шахагдаж талбайн хэмжээ нь жижгэрсээр л… Үлдсэн жаахан талбайг нь тохижуулж, хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тухтай газар болгох тухай яриад олон жил болж байна. Энэ яриа хэзээ биеллээ олохыг жил бүрийн Хүүхдийн баярын өмнөх өдрүүдэд л эргэн сануулдаг болов. Энэ жишиг өнөөдөр ч давтагдаж байна.

Одоогоос гурван сарын өмнө Хүүхдийн паркийн хашааг сүр дуулиантайгаар буулгаж удахгүй бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж холбогдох байгууллагын удирдлага, хариуцаж буй компанийнх нь дарга нар мэдэгдсэн. Гэвч түүнээс хойш хашааг нь буулгаснаас өөр ажил хийсэнгүй. Энэ жилийн Хүүхдийн баяраар ч Хүүхдийн парк бахь байдгаараа.

Хүүхдийн паркийг тохижуулах зураг төсөл нь ч бэлэн болоогүй байгаа юм байна. Үүнээс үзвэл ирэх жилийн Хүүхдийн баяраар ч улаанбаатарчууд Хүүхдийн паркаа нэхсээр суух бололтой. Томчуудын дурсамжид үлдсэн Хүүхдийн парк хэзээ сайхан болж, багачуудын хүлээлтийг тайлахыг хэн ч хэлж мэдэхгүй нь.

Өнөөдөр Улаанбаатар хотод хүүхдийн гэх тодотголтой бүтээн байгуулалт, барилга байгууламж гарын 10 хуруу ч олдохоор цөөхөн. Хүүхдийн паркийн газрыг тохижуулж, жинхэнэ утгаар нь хүүхэд, багачуудад зориулах ажил ингэж удааширч байгаагаас харахад цаашдаа ч иймэрхүү дүр зураг хэвээр үргэлжлэх бололтой.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүүхдийн бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний хугацаа, орц найрлагыг сайтар шалгахаа бүү мартаарай DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хайртай бяцхан үрсээ өөр өөрсдийнхөөрөө баярлуулахыг томчууд бид хичээдэг.

Аль тааралдсан дэлгүүр, худалдааны төвөөр орж ямар ч хамаагүй бэлэг сонгодог хэнэггүй нэгэн байхад, чамин боолттой багцанд багтсан бэлэг бүрийн дуусах хугацаа, бүрэн бүтэн байдал, чихрийн агууламж зэргийг нарийн шалгадаг хариуцлагатай нэгэн ч бий. Харин та аль бүлэгт нь багтаж байгаагаа бодоод нэг үзээрэй.

Ингээд хүүхдэд зориулсан бэлэг сонгохдоо юуг анхаарвал зохих талаар бяцхан зөвлөгөө хүргэе. Бэлэгний орц найрлагад түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн орсон эсэх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан эсэхийг заавал нягталж үзээрэй.

Мөн бүтээгдэхүүний хугацааг шалгахын зэрэгцээ хөгц, мөөгөнцөр үүссэн, булингартсан, хонхойж товойсон эсэхийг шалгаарай. Ямар нэгэн байдлаар урамшуулалт худалдаа явагдаж байгаа бол сэтгэл хөдлөлд автаж сонголт хийхээсээ өмнө сэрэмжтэй хандах нь зүйтэй гэдгийг бүү мартаарай. Учир нь 1+1 урамшуулалт худалдаа ихэвчлэн хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн дээр явагддагийг санахад илүүдэхгүй биз.

Түүнчлэн Гудамж талбайд ил задгай, машины ард худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Эртний сургаалын зохиолууд” DNN.mn

“Болор судар” хэвлэлийн газраас 2015 онд гаргасан “Эртний сургаалын зохиолууд” номыг онцолъё. Монголчуудын сайн мэдэх “Оюунтүлхүүр”, “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу хэмээх сургаал”, “Орчлонгийн сав шимийн дууллаас”, “Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал”, “Авах, гээхийн дөрвөн мөрт шүлэг”, “Тоть шувууны сургаал”, “Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх шастир оршвой”, “Чойжид дагинын тууж”, “Молон тойн эхдээ тус хүргэсэн нэрт судар оршвой” гэсэн сургаалуудыг энэхүү номонд эмхэтгэжээ. Олон зууныг дамжсаар ирэхдээ сургаалын мөн чанар нь алдагдаагүй, утга, хэлэх гэсэн санаа, ухаж ойлгуулах гэсэн зорилго нь балартаагүй эдгээр сургаалууд бол монголчууд бидний эдүгээ ч эрхэмлэн уншиж, хадгалж явбал зохилтой үнэт өв билээ. “Эртний сургаалын зохиолууд” номонд монголчуудын оюуны охь болсон сургаалуудыг багтааж, ийн эмхэтгэсэн нь юутай олзуурхууштай билээ.

“Оюунтүлхүүр” болбоос Монголд машид түгээмэл дэлгэрсэн зохиол. Гэрээр бичиг сурсан багачуудад Цагаан толгой заасны дараа уншуулж, утгыг нь тайлбарлаж өгч, цээжлүүлдэг дэгтэй байжээ. Энэ сургаалыг зан суртахууныг төлөвшүүлэх зорилгоор хүүхдүүдэд багаас нь уншуулж ирсэн байдаг билээ. Зохиол дотор уг сургаалыг Чингис хаан зохиосон гэж дурдсан байдаг. Үнэхээр зарим хэсэг нь “Чингисийн билэг сургаал”-тай холбоотой. “Оюунтүлхүүр”-ээс:

…Өчүүхэн номч хүн омгоор

Үргэлж их мэдэх мэргэдэд халдваас

Үтэр шантрахын тэмдэг.

Гэнэт сайжирсан ард

Хэтэрхий ихсэд халдвал

Гэмшиж үл барагдахын тэмдэг.

Арслангийн омог баатар мөн арсландаа зохих

Үнэгний уран арга мөн үнэгтээ зохих

Арслангийн баатар омог үнэгт тусгүй

Үнэгний уран арга арсланд тусгүй

Арслан үнэг мэт явбал үтэр гутах

Үнэг арслан мэт явбал түргэн үхэх.

“Цаасан шувуу” бол монголчуудын дунд мөн өргөн дэлгэрсэн шашин суртахууны уран зохиолын нэг. “Цаасан шувуу” сургаалаас:

…Мунхаг хүнтэй уралдваас үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гомдмуй.

Хүсэл ихтэй хүнийг чанга хоригловоос гансрах тул аргаар номхотго.

Ууртай хүнийг ширүүн хэлбээс аюул болох тул улмаар ухуул.

Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга.

Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс хэрэг гарах тул их битгий хэрэгс.

Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна.

Харамч хүн нэг ширхэг утсыг ч олов харамлах тул арилжаа бүү хий.

Зусарч хүнтэй нөхөрлөвөөс зоргоор сорох тул доорд суудлыг барь.

Ховч хүнтэй хэлэлцвээс бусдын гэмийг сонсох тул үгийг битгий итгэ.

Их хүнийг эс нүүрдвээс өмөггүй болох тул ёсын дотор сайхан хүндэл

Боол хүнийг эс баярлуулваас явдал хожимдох тул бага сага юм өг.

“Орчлонгийн сав шимийн дууллаас”:

…Шилэгдэж үл дуусах ертөнцийн бие

Шаналж үл дуусах орчлонгийн гомдол

Шунаж үл дуусах ертөнцийн харам

Шилбэлзэж үл дуусах омогт сэтгэл ээ.

…Үхэвч үл шингэрэх хүр их ертөнц

Үзэвч үл ажаарах алиа орчлон

Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц

Өгүүлэвч үл сонсох дүлий орчлонгийн амьтан аа.

Сав шимийн энэ ёсыг мэдвээс

Сайн эрдэмт хүний биеийг олсон

Шашин номтой учирсан энэ сайн цагт

Сааралгүй үтэр ном буяныг үйлд ээ хэмээжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Монголд казино хэрэггүй шүү DNN.mn

Казиногийн хууль энээ тэрээ гээд яриад эхлэх боллоо. Монгол нутгийн хөрсөнд огт таарахгүй эд нь тэр казино чинь шүү. Нэг хэсэг зөвшөөрөлтэй газрууд нээгдэж, мэр сэр тоглож их олон айлын амьдралыг нурааж байснаа мартсан уу.

Монгол эрчүүд мөрийтэй тоглоомонд хотлоороо дуртай, хожигдоод ирхээрээ хамгаа гөвж байж зогсдог муу зуршилтай тул тээр жилийн тэр зэвүүн цагт олон ч залуучууд орон сууцаа хүртэл алдаж байсныг мартамгүй. За тэгээд хол газар зөвхөн гадны хүмүүст зориулсан, монголчууд ордоггүй тийм тоглоомын газар нээнэ ч гэх шиг үлгэр яригдаад байх юм.

Хууль тогтоох наад танхимд чинь хүртэл хүний нутагт очоод өчнөөн саяар нь алдчихдаг хүнд гарууд сууж байгаа, тэд болон тэднийг даган баясагчид нээгдэж магадгүй казиногийн чинь вип зааланд сууж л таараа.

Мөрийтэй тоглоом жуулчид татдаг гээд бураад байгаа хүмүүст Турк, Тайланд гээд жилдээ өчнөөн сая жуулчин авчирдаг улсууд казиногүй болоод байдгийг сонордуулчихья. Тэрбум хүн амтай Хятад улс мөрийтэй тоглоомыг хориглодог, арлын Макао явж тоглосон хүмүүсээ бүртгэж хатуу хяналтанд авдаг нь угтаа муу зуршлыг дэлгэрүүлэхгүй гэсэн бодлого мөн. Мэргэн түшмэлүүд суурьтайхан бодож, нухацтай хандаарай даа.

Д.Бат-Эрдэнэ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНАСАУ Япон тэнгис рүү гурван пуужин харважээ DNN.mn

БНАСАУ Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харвасан тухай БНСУ-ын цэргийнхэн мэдээлснийг “Yonhap” агентлаг уламжилжээ.

Цэргийнхний мэдээлснээр, пуужингуудыг Пёньян хотын Сунан олон улсын нисэх онгоцны буудлын бүсээс харвасан байна.

БНАСАУ-ын харвасан гурван пуужингийн хоёр нь Япон тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэж “NHK” суваг Батлан хамгаалах яамны эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Гурав дахь пуужин унасан газрын талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. Японы Батлан хамгаалах яам Умард Солонгосын туршилтуудын талаарх мэдээллийг цуглуулж байгаа аж.

Мягмар гарагт АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс сэтгүүлчдэд зориулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, БНАСАУ удахгүй баллистик пуужин эсвэл цөмийн зэвсгийн туршилт явуулж магадгүй гэж Вашингтон үзсэн хэвээр байна хэмээн мэдэгдэж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены БНСУ, Японд хийсэн айлчлалаас нэг хоногийн дараа БНАСАУ пуужин харваж байна. Ж.Байдены энэхүү айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн пуужин харвасан байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж.

Он гарснаас хойш БНАСАУ тив алгасагч баллистик пуужин, шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужин зэрэг арав гаруй пуужингийн туршилт явуулжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэрийн тэжээмэл амьтанд ч эрх гэж байх ёстой бус уу DNN.mn

Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр нэг муурын зулзагыг аймшигтайгаар тамлаад дараа нь өндөр дээрээс шидчихсэн тухай жижигхэн бичвэр бас хэрэндээ л шуугиан боллоо. Харин амьтанд хайртай залуусын нэгдэл болох “Азтай савар” бүлгэмийнхэн тэр зулзагыг олж авч эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Харин энд ийм үйлдэл хийсэн хүүхдүүдийн хүмүүжлийн асуудлаас эхлээд өөр олон зүйл яригдах байх. Нэн тэргүүнд эцэг эхчүүдийн хүүхдэдээ өгч байгаа хүмүүжлийн тухай яригдах болов уу.

Энд тэнд муур нохойгоо салхилуулж яваа хүмүүсийг айхтар үзэн яддаг болжээ. Хүүхэд л болсон хойно амьтантай тоглох хүсэлтэй байхад “Наад муугаа өшиглө, цохь, зодоод хөөгөөд явуул” гэх эцэг эхчүүдтэй олон таарсан. Яг тийм хүмүүс л хүүхдүүдээ амьтан хайрлах сэтгэлгүй, өөдгүй яргачин болгож хүмүүжүүлж байна. Тийм хүмүүс л амьтныг байж болшгүй араатан мэтээр ярьсаар хүүхдийнхээ ухамсарт амьтныг яаж ч болно гэх ойлголтыг суулгаад байх шиг. Мөн чанартаа хүн ч гэсэн амьтан. Бусад амьтдаас ялгаатай нь ухамсартай. Үнэндээ гэрийн тэжээмэл амьтан бол тухайн гэр бүлийн нэг гишүүн нь болсон байдаг. Бид хүний эрхийн тухай байнга ярьдаг ч амьтны эрх гэж бас нэг зүйл байгааг ямагт орхигдуулдаг. Өөрсдийгөө хачин сайхан, хорвоод байхгүй энэрэх хайрлах сэтгэлтэй гэж уянгалдаг хэрнээ бодит байдал дээр нэг иймэрхүү.

Өнөөдөр амьтан тарчлаагаад, юу ч болсон шинжгүй тэр өндрөөс шидээд “таашаал” авч байгаа хүүхэд ирээдүйд яг ямар хүн болж төлөвших нь бас л бодох асуудлын нэг гарцаагүй мөн. Хүүхдийн хүмүүжил гэдэг зөвхөн хичээл сурлагадаа сайн байхаас гадна өөр олон зүйлээр хэмжигддэг гэдгийг мартаж болохгүй ээ. Монгол Улсын амьтны тухай хуулинд “мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж л заажээ.

Гэрийн тэжээмэл амьтанд ч бас эрх гэж байх ёстой. Уг нь бид өмнөх зуунуудаас хавьгүй илүү энэрэнгүй, хүнлэг нийгэмд амьдарч байгаа бус уу. Гэрийн тэмжээмэл амьтны эрхийг хамгаалах хууль гэж гаргасан ч яах вэ гэх бодол төрж байгааг нуух юун.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn

Морины уралдаан болоход л бандгар, бандгар жийпнүүд хэдэн арваараа дагадаг жишиг манайд тогтоод удаж байна. Хэдхэн морины давхил болох төдийд л хар теньтэй жийпнүүд дагаж давхиад эрүүл хөрсийг сүйтгэж байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлддэг болж. Ийм гажиг жил бүрийн өдийд орон нутагт хурцадмал хэлбэрээр илрэх юм. Хамгийн ноцтой нь морь, машин холилдож давхиад улаан тоос татаад ирэхэд унаач хүүхдийн эрүүл мэнд үндсэндээ хутганы ирэн дээр ирж байна л даа. Тэнд ч унаач хүүхэд мориноос унаж бэртлээ, энд ч унаж нас барлаа гэх мэдээ зогсолтгүй хөврөх болж. Дийлэнх нь л хөдөө орон нутагт овоо тахилгын наадмын үеэр тохиосон байх. Мөрөөр нь холбогдоод сурахад морины уралдааныг машин дагаснаас л боллоо гэж нулимс унагаж байх юм. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудын анхаарлын төвд орж морины уралдааныг хориглох талаар ч шат шатны байгууллагууд хэлэлцээд эхэлж.

Хүүхдийн эрхийг хамгаалагч гэх хэн бүхэн л монгол наадам, тэр дундаа морины уралдаантай дайсагнах болж. Үндсэндээ хориглоход тун ойрхон байна. Одоо морь дагаж давхилддаг бандгар жийптэй нөхдүүдийн хүний мөсгүй, хар амиа хичээсэн үйлдлийг хуулиар хатуу хориглох цаг ирээд байна. Эс бөгөөс монгол наадмын чимэг морины уралдаан хоригдох нь. Мод хулгайлахдаа ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгодог шиг морины уралдаан дагаж хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан том жийпнүүдийг журамлаж улсын орлого болгох талаар Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд суулгаж өгье. Хөлс хөдөлмөрөө зарцуулж авсан төмөр хүлгээ морины уралдаан дагах төдийд ашиглаж хураалгах хүн бараг байхгүй болов уу. Үүнийг л хуульчлаад өгчихвөл хүүхдүүд эрүүл саруул наадах гээд байна.