Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Умард Солонгос гурван баллистик пуужин харвалаа DNN.mn

Умард Солонгос өнөөдөр өглөөний 8 цаг 50 минутын орчимд зүүн эргийнхээ Вонсан хотын ойролцоох цэгээс Японы Зүүн тэнгис рүү ойрын тусгалын гурван баллистик харвалаа. Пуужингийн нэг нь хоёр Солонгосын маргаантай далайн хил болох Хойд хязгаарын шугамаас өмнө зүгт олон улсын усан хилд унасан бол нөгөө хоёр нь Өмнөд Солонгосын зүүн эрэгт орших Сокчо хотоос 57 км зайд, Уллён арлаас 167 км зайд далайн усанд унажээ.

Пуужин харвасантай холбогдуулан Өмнөд Солонгосын тухайн орон нутгийн эрх баригчид агаарын довтолгооны анхааруулах дуут дохиог ажиллуулж, улмаар

Ерөнхийлөгч Юн Сук Ёл тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааныг зарласан бол Японы Ерөнхий сайд Ф.Кишида Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө мөн хуралдуулж байна.

Пхеньяны энэ удаагийн пуужингийн харвалт нь өнгөрсөн даваа гарагт эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын “Сэрэмжтэй шуурга” хамтарсан агаарын цэргийн сургуулилттай холбоотой юм. АНУ, Өмнөд Солонгос, Японы хамтарсан цэргийн хээрийн сургуулилтын хариуд Умард Солонгос он гарснаас хойш 29 пуужин харвасны 23 нь баллистик пуужин байна. Тухайлбал, өнгөрсөн 10 дугаар сарын 28-нд Японы тэнгис рүү дунд тусгалын баллистик пуужин, 10 дугаар сарын 13-нд алсын тусгалын стратегийн далавчит пуужин харвасан юм.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Халловины баяраар мөрддөг дүрэмтэй болъё DNN.mn

АНУ-д Халловины баярын өдрөөр олон нийтийн газар, хувийн компани, дэлгүүрт маск зүүдэггүй, оройн 18-20 цагийн хооронд л баг, зүүсгэлтэй хүүхдүүд зөвхөн тэмдэглэгээ тавьсан айлуудын хаалга тогшиж “Айх уу, эсвэл чихэр өг” гэж хэлдэг. 12 наснаас дээш насны хүмүүс маск зүүж, айлуудаар явдаггүй. Бэлгийн гэмт хэрэг хийж байсан хүмүүс энэ баяраар хүүхдүүдэд чихэр өгч болохгүй, баг зүүж болдоггүй бөгөөд цагдаа нар тэднийг хянаж байдаг. Мөн лам хувраг, санваартны хувцас өмсөж болохгүй гэх зэрэг хууль, дүрэм тус улсад Халловинээр үйлчилдэг юм байна. Зөрчвөл торгуультай, бүр хорих шийтгэл ч бий.

Манайд энэ баяр шинэ тутам учир ойлголтын зөрүүнээс үүдэлтэй үл ойлголцол гарах боллоо. Эхний ээлжинд бид үр хүүхдээ элдэв халдлагаас хамгаалахын тулд зөвхөн тэмдэглэгээ тавьсан айлуудын хаалгыг тодорхой тогтоосон хугацаанд тогшдог гэдгийг сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Энэ тал дээр нэгдсэн ойлголтод хүрэх юм уу, нийтээр дагаж мөрддөг тэр чигийн дүрэмтэй болъё. Эцэг эхчүүд, томчууд л үүнд анхаарал тавьж албан ёсны мэдээллийн хэрэгсэл, сонин хэвлэлээр хэлэлцүүлэг өрнүүлж хоорондоо тохиролц. Яваандаа энэ баяр хүссэн хүсээгүй дэлгэрэх нь ойлгомжтой. Тэр цагт нь хуулиар зохицуулаад явчих байх.

Хүүхдүүдэд чихэр өгөх дур сонирхолтой айлууд нь хаалган дээрээ тэмдэглэгээ, лого, зураг наах ч юм уу, бариулнаасаа юу ч юм өлгөчихөд л хүүхдүүд тэр айлын хаалгыг тогшино шүү дээ. Ингэж таних тэмдэг тавихгүй бол цаашид хичнээн хүүхэд том хүмүүст зодуулж, загнуулж өшиглүүлэхийг мэдэмгүй.

Бид дэлхийн найман тэрбум шахуу хүнтэй бөөрөө нийлүүлэн оршин байгаа бол даяарчлалаас зугтаж, алив юмыг хорьж, хориглож дангаарчилж, ганцаараа гозойж үлдэнэ гэж байх ч үгүй, тэгэх ч боломжгүй. Дараа жилийн Халловинээр ч хүүхдүүд хаалга тогшиж л таарна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Эрвээхэй 14 хоногийн настай амьтан DNN.mn

Дэлхий дээр 170-180 мянган эрвээхэй байдаг гэж үздэг ч жил бүр хэд хэдэн төрлийн эрвээхэй энэ тоон дээр нэмэгддэг. Үүний 10 хувийг өдрийн эрвээхэй эзэлдэг. Өдрийн эрвээхэйнд 17-18 мянган зүйл багтана. Монголын хувьд эрвээхэйн 300 гаруй зүйл байдаг аж. Монголоос шинэ шинэ зүйлийн эрвээхэй их нэмэгдэж байгаа юм. Эрвээхэйн төрөл зүйлийг нэмж олохын тулд судалгааг сайн хийх хэрэгтэй аж. Монголын хамгийн гоё эрвээхэйнээс дурдвал папилио махаон буюу морин эрвээхэй, парнасиус номион, парнасиус аполло зэрэг ордог байна. Эрвээхэй нь дөрвөн үе шаттай амьдралын мөчлөгтэй, ихэнх шавжны нэгэн адил тэд бүрэн хувиралд ордог. Эрвээхэй нь цэцгийн балаар хооллодог бол төөлүүр нь өөр өөрсдийн тэжээлийн ургамал дээр амьдардаг онцлогтой байна.

Эр, эм эрвээхэйг хооронд нь ялгахдаа төрөл бүрийн аргаар ялгадаг аж. Халуун орны эрвээхэйн хувьд өнгө нь өөр байдаг бол Монгол орны эрвээхэйнүүдийг биеийн бүтцээр нь ялгадаг. Ихэнхдээ эм эрвээхэйнүүд том, эр эрвээхэйнүүд жижиг байдаг аж.

Эрвээхэй нь халуун оронд хамгийн их байдаг. Тухайлбал, Монголд зургаа, долоо, наймдугаар сард л байж чаддаг. Зарим үед цөөхөн хэдэн зүйлийн эрвээхэй үр хөврөл нь богинохон байдаг учраас хоёр удаа нисэж гардаг. Бусад нь бол нэг л удаа ихэнхдээ хавар нисэж гардаг. Тиймээс Монгол орны хувьд эрвээхэйн төрөл зүйл бага бол халуун орны хувьд гайхамшигтай олон, өнгөний хувиралтай байдаг байна. Тиймээс эрвээхэйг цуглуулж сонирхдог хүн олон байдаг. Ер нь шавьж дотроо хамгийн гоё, үзэсгэлэнтэй нь эрвээхэй юм.


Эрвээхэйг дэлгэж хатааж мэргэшсэн хүмүүс манай улсад тийм ч олон байдаггүй юм байна. Иймээс бид мэргэжлийн биологич Ц.Одбаяртай уулзаж эрвээхэйн талаар ярилцлаа.


-Та эрвээхэйг хэрхэн сонирхож, хоббигоо болгож эхэлсэн талаараа хуваалцаач?

-Намайг 12 настай байх үед манайх Баянбулагийн зусланд гардаг байсан юм. Тэр үед гар утас, компьютер тоглоом байхгүй учраас уул, гол руу очдог байлаа. Нэг удаа ууланд явж байх үед улаан цэгтэй их гоё цагаан эрвээхэй хараад барих гээд араас нь дагаж нэлээд хөөцөлдөж байгаад цамцаараа дараад барьж авсан. Парнассиус номион гээд Монголын уулархаг газар хамгийн түгээмэл байдаг зургаан төрөл зүйлтэй парнассиусын нэг төрлийг барьж байсан юм.

Тэр эрвээхэйг харчихаад хөөх ямар гоё юм бэ, ийм сайхан байдаг юм уу гэж багаасаа амьтан сонирхдог байсан учраас эрвээхэйг зүүгээр хатгаж хадгалдаг гэж мэдэж байсан. Тэгээд номын завсар хийхгүй, оёдлын зүүгээр хатгаж хадгалж байсан. Дэлхий дээр олон зүйлийн эрвээхэй байдаг ч гэсэн одоог хүртэл надад парнассиус эрвээхэйг гүйцэх төрөл зүйл байдаггүй, энэ төрөлд хамгийн их дуртай. Хамгийн гоё жингүйддэг парнассиус нь өндөр хадан дээгүүр жингүйддэг, их үзэсгэлэнтэй өнгөний олон хувилбартай байдаг.

-Эрвээхэйн амьдралын мөчлөгийн талаар тодруулаач?

Хүмүүс эрвээхэйг хаа сайгүй нисэж, үргэлж байдаг гэж боддог ч эрвээхэй нь 14 хоногийн настай амьтан. Эрвээхэй болтлоо урт удаан хугацааг туулдаг. Монголын хамгийн том эрвээхэй шар будааны тал шиг хэмжээний өндөг гаргадаг бол жижиг эрвээхэй элснээс жижиг өндөг гаргадаг. Өндөг хагарч авгалдай гарч хооллож томордог бол ихэнх нь хүүхэлдэй болж амжихгүй авгалдайгаараа өвөлждөг. Ирэх хавар нь гарч ирж нэмж хооллож томроод гуужиж хүүхэлдэй болдог. Гуужих бүртээ томордог юм. Хүүхэлдэй болж байх үедээ төөлүүр эрвээхэй болох процесс явагдаж эрвээхэй дэлгэгдэн гарч ирдэг. Эрвээхэй үржилд ороход ихэнхдээ эр эрвээхэйнүүд хаа сайгүй эмэгчингээ хайж нисдэг бол эмэгчингүүдийн хувьд бэлгийн гормон гаргаж навчин дээр нисэлгүйгээр сууж байдаг. Тэдний үүрэг бол ийм л байдаг аж. Эрвээхэй нисэж эхэлсэн эхний долоо хоногт өнгө нь их өнгөлөг, тод байдаг бол хоёр дахь долоо хоногоос эхлэн өнгө нь наранд гандаж, салхин, бороо, ургамлын навч, ишинд далавч нь урагдаж сэмэрдэг. Гурав дахь долоо хоногоос гандаж, сэмэрч тодорхойлж болохооргүй хэмжээнд очиж үхэж дуусдаг.

-Одоогоор таны цуглуулгад хэчнээн төрлийн эрвээхэй байна вэ?

-Би Москвагийн их сургуулийг амьтан судлалын мэргэжлээр төгссөн. Оюутан байхаасаа эрвээхэйг хоббигоороо цуглуулж ирсэн, одоогоор миний цуглуулгад Монголын 200 гаруй зүйл, халуун орны 300 гаруй зүйлийн эрвээхэй бий. Шинжлэх ухааны талаар харж үзэж буй учраас энгийн хүний нүдээр эрвээхэй хаа сайгүй л байгаа юм шиг санагддаг. Хүн харахдаа хамгийн элбэг байдаг эрвээхэйг л хардаг. Жижиг шавар, бутан дээр суудаг чигчий хурууны эхний үе шиг хар, цэнхэр эрвээхэйг тоодоггүй. Энэ нь л хүнд баригддаггүй ховор төрөл зүйлүүд байдаг.

Монголын хамгийн том халуун орны эрвээхэйн цуглуулга надад бий гэж боддог. Анх хичээлийн дагуу Москва дахь Дарвины музейд халуун орны янз бүрийн өнгөтэй эрвээхэйг үзээд хөөх ийм амьтан байдаг байх нь ээ гэж бодож байсан. Дараагаар нь ОХУ-д хамт сургууль төгсөж байсан найз нар маань Монголд судалгаа хийх гэж ирэхдээ надад цөөхөн хэдэн эрвээхэй авчирч өгч байсан юм. Түүнээс хойш эрвээхэйг гаднаас худалдаж авч цуглуулдаг болсон. Одоо тооцоолж үзэхэд халуун орны эрвээхэйнд 30 гаруй мянган ам.долларыг зарцуулсан. Нэг жилд бүгдийг цуглуулж авахгүй шүү дээ, тав, 10, 30-аар нь цуглуулж байсан. “Ковид-19” цар тахлын дараагаар дэлхийн зах зээлд эрвээхэйн үнэ асар өндөр болсон. Тиймээс эрвээхэйг гаднаас худалдаж авахад хэцүү болсон. Миний цуглуулж байсан үеийн эрвээхэйн үнэ 2-3 дахин өссөн байна.

-Эрвээхэйг дэлгэж хатаах нь ямар ач холбогдолтой вэ?

-Шинжлэх ухаанд шавжин дотроо хамгийн их цуглуулгатай хүмүүс сонирхогчид байсан. Учир нь юм сонирхдог хүн цуглуулгынхаа төлөө юу ч хийсэн чаддаг юм. Чингис хааны музейгээс харахад хэдэн хувь нь хувь хүний цуглуулгаас авсан гэж байгаа билээ. Тэгэхээр сонирхдог хүний цуглуулгаас л авч байгаа юм. Халуун орны эрвээхэйн цуглуулга маань Монголын хаана ч байхгүй цуглуулга.

-Эрвээхэйг дэлгэж хатаахад эрвээхэйгээ барих нь их чухал шүү дээ. Та хэрхэн барих талаар тодруулаач?

-Эрвээхэйг барихын тулд дөнгөж өндөгнөөсөө гарч эхэлсэн үед, мөн идэш тэжээлийн ургамал нь цэцэглэх үед эрвээхэй балаа авч амьдардаг учраас тэр үеэр очвол барьж чадна. Тэгэхээр ямар нэгэн амьтан шавжийг үржлийн үе, гарч ирж буй үеийг тааруулж барьдаг. Би Монголын эрвээхэйг оюутан байхаасаа цуглуулж байгаад завсарласны эцэст сүүлийн 20 жил эрчимтэй явж цуглуулж байна.

-Эрвээхэйг хэрхэн дэлгэж хатаадаг вэ?

-Эрвээхэйг дэлгэж хатаахдаа байгаль дээр араас нь хөөж байгаад сачокоор барьж авч эрвээхэйг бүтэн байна уу, уранхай байна уу гэж хардаг. Хэрвээ уранхай бол тэр эрвээхэй хэрэггүй учраас буцаагаад тавих юм. Бүтэн эрвээхэйг барьж авсныхаа дараа цээжин хэсэгт нь гараараа зөөлхөн базах үед эрвээхэй далавчаа дэвэхгүй, хөдөлгөөнгүй байдалд ордог юм. Хөдөлгөөнгүй болсон үед гурвалжин цаасан пакетанд хийж, тусгай саванд хийх хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол эвдэрч, гэмтэх магадлалтай. Хөдөө хол явж байвал өдрийнхөө барьсан эрвээхэйг хөвөн матрасанд тэмдэглэж тавих ёстой. Хаяггүй бол хаанаас, хэзээ барьсан нь мэдэгдэхгүй учраас хаяглаж тэмдэглэх хэрэгтэй. Шинжлэх ухаанд ямар ч амьтныг барьсан хаягладаг. Матрасандаа хийгээд хөгцрүүлэхгүйн тулд цаасан, модон чийг нь авч болох саванд хийж авчирна. Үүний дараагаар чийгтэй орчинд шилэн саванд, нойтон элс зэрэг дээр тавибал хатсан байсан хэлбэрээсээ дэвтдэг юм. Тэр үед зориулалтын шавьж хатгадаг зүүгээр хатгаж, тусгай дэлгэдэг тавцан дээр дэлгэж тавьдаг. Дэлгэдэг хавтангүй бол хөөсөнцрөөр ч хийж болох юм. Youtube дээрээс хайж үзвэл олон бичлэг бий.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Цахилгаан машины ирээдүй хаалганы цаана ирчихжээ DNN.mn

Хүн төрөлхтний хөгжил дэвшил өдөр хоногоор ахиж, өчигдөр шинэхэн гэгдэж байсан зүйл өнөөдөр хуучинд тооцогдох нь холгүй байна. Дэлхий ертөнц цаг минутаар хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн ертөнцийн гол түлхүүрийн нэг нь яалт ч үгүй технологийн шинэчлэл юм. Хэдхээн жилийн өмнө фэйсбүүк, твиттер өнөөдрийнх шиг өндөрлөгт хүрнэ гэхэд итгэх хүн цөөн байсан. Ухаалаг гар утас гэдэг зүйл хэзээ ч ингэж хурднаар хүний амьдралд нэвтэрч, хүн бүрийн хэрэглээ болчихно гэж алдарт “Нокиа” ч төсөөлөөгүй. Гэлээ ч энэ бүхэн ухаант хүний амьдралын салшгүй хэсэг болж чаджээ.

Сүүлийн хэдэн жилд цахилгаан машины хөгжил нэгэнт эрчийг авлаа. Заавал цахилгаантай утсанд “дүүжлэгдэж” явдаг троллейбуснаас өөр цахилгаан машины төсөөлөлгүй шахуу байсан монголчууд өнөөдөр бүрэн цахилгаан машин хэрэглэдэг болоод багагүй хугацааг өнгөрөөжээ. Эдийн засгийн хувьд асар хэмнэлттэй, байгаль орчин ээлтэй гэгдэх бүрэн цахилгаан машинууд хотын төвөөр хэдэн арваараа явахыг бид бүхэн харж байна. Нэг цэнэгээрээ 500 км хүртэл явдаг гэх машинуудын давуу талууд үнэхээр их юм билээ. Дугаарын хязгаарлалтад орохгүй, агаар бохирдлын татвар төлөхгүй, бас тун хүчтэй гэх мэт. Нэг цэнэглээд авахад бараг долоо хоногоо даачихдаг гэж байгаа. Өөр нэг чухал давуу тал нь дуу чимээ багатай. Дотоод шаталтын хөдөлгүүргүй учраас.

Монголын эрс тэс нөхцөлд асуудалтай байх гэж олон хүн эргэлздэг. Мэдээж хэт халуун, хүйтэнд цэнэгээ хурдан алдах магадлал өндөр. Гэхдээ хот дотор бол асуудалгүй гэж цахилгаан машины хэрэглэгч ярьж байсан. Мөн хотод суурин цэнэглэх станцууд цөөн байгаа нь энэ төрлийн машин сонирхож байгаа хүмүүст нэг бэрхшээл байх л даа. Яахав удахгүй цэнэглэх байгууламжууд энд тэндгүй баригдаад эхлэх биз. Саяхан бид эрлийз хөдөлгүүртэй машинд таатай бус ханддаг байсан бол одоо хүн бүхэн шахуу унаж хэрэглэж байна. Тиймээс бүрэн цахилгаан машин бидний хэрэглээ болох нь цаг хугацааны л асуудал биз. Ирээдүйгээ хараад цэнэглэх станцуудаа байгуулж эхлэх цаг нь болсон байх шүү. Цахилгаан машины ирээдүй хаалганы цаана ирчихжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятад улс “Мэнтянь” лабораторийн модулиа хөөргөжээ DNN.mn

Хятад улс даваа гарагт “Мэнтянь” лабораторийн модулиа хөөргөснөөр “Тяньгун” сансрын станцыг бүтээн байгуулах ажил эцсийн шатандаа оржээ.

Дэлхийгээс ойролцоогоор 400 километрын өндөрт байрлаж буй хоёр модульд “Мэнтянь” модуль нь залгагдсанаар “Тяньгун” станцын Т хэлбэрийг үүсгэнэ.

Хятадын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газрын мэдээлснээр, “Мэнтянь”-ийг тээсэн “Long March-5B” тээгч пуужин Вэньчан сансрын буудлаас орон нутгийн цагаар 3:37 цагийн үед хөөрсөн байна

Түүнээс ойролцоогоор найман минутын дараа модуль пуужингаас салж, тойрог замд нэвтэрчээ. Ийнхүү хөөргөлт амжилттай болсон гэдгийг Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдээлжээ.

Хятад улс сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийг анх 1992 онд санаачлан баталснаас хойших 25 дахь удаагийн нислэг энэ болжээ. “Тяньгун”-ыг гурван модуль бүхий үндэсний сансрын лаборатори болгон барьж буй нь сансрын жолоодлогот хөтөлбөрийг хөгжүүлэх 30 жилийн хүчин чармайлтын хувьд түүхэн үйл явдал болж байна.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Сансрын нисгэгч Базз Олдрин: 50 жилийн дараа ангараг дээр 50 хүн оччихсон алба хаагаад зогсч байх болно DNN.mn


“Өдрийн сонин”-ы 2017.06.09-ний Баасан гаригийн №130 (5697) дугаараас авч нийтлэв.


Саран дээр буусан, АНУ-ын сансрын алдарт нисгэгч Базз Олдрин Монголд айлчилж байна. Өчигдөр тэрээр “I Max” кино театрт одон орон сонирхогч болон хүүхэд залуусын төлөөлөлтэй уулзаж сонирхсон асуултад нь хариулсан юм. Базз Олдрин нь 1930 онд төрсөн бөгөөд 1969 оны долдугаар сард Нэйл Армстронг, Майкл Коллинс нарын хамт “Аполло-11” сансрын хөлгөөр саран дээр буусан түүхтэй. Сансрын нисгэгч Нэйл Армстронг оройн 10 цагийн орчимд хөлгөөсөө гарч саран дээр гишгэснээрээ саран дээр мөрөө гаргасан анхны хүн гэгдэж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг бол Базз Олдрин түүнээс 20 минутын дараа хөлгөөсөө гарч саран дээр гишгэжээ. Харин багийн гурав дахь гишүүн нь техникээ хариуцаж хөлөгтөө сууж байсан гэнэ. Тэд сарны гадаргаас ойролцоогоор 20 кг чулуу түүж эх дэлхий дээр авчирч байжээ.

Сансрын нисгэгч Базз Олдрин өөртэй нь уулзахаар хүрэлцэн ирсэн хүмүүст “Баярлалаа, баярлалаа” хэмээн талархаад сэтгэгдлээ ийн илэрхийлсэн юм.

-Энэ бүхнийг зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Л.Болдод талархлаа. Миний амьдрал анхнаасаа л сансар огторгуй, сартай холбоотой байсан. Сансрын тийрэлтэт хөдөлгүүрийн технологийг нээсэн Роберттой уулзаж байсан. Тэр хүн аавын минь найз байсан. Манай ээжийн нэр ч их сонин. Ээжийг минь Марион Мүүн гэдэг байсан. Англиар Мүүн гэдэг чинь Сар гэсэн үг шүү дээ. Ер нь л энэ мэт зүйлүүдээс харахад миний хувь тавилан анхнаасаа л тодорхой байсан гэж болно. Би өөрийгөө маш азтай хувь тавилантай хүн гэж боддог. Ээж минь хүн төрөлхтөн анх удаа онгоцоор тэнгэрт дүүлэн ниссэн түүхэн өдөр мэндэлсэн юм. Аав минь II дайны үед агаарын зэвсэгт хүчний командлагчаар ажиллаж байсан. Би хоёр Солонгосын дайны үед агаарын зэвсэгт хүчинд нисгэгчээр ажиллаж дайсны хоёр онгоцыг сөнөөж байлаа. Үргэлжлүүлээд Вьетнамын дайнд нисгэгчээр явж болох байсан ч Массачусетсийн Технологийн их сургуульд орж, улмаар АНУ-ын Сансрын хөтөлбөрт сонгогдож, 1963 онд сансрын нисгэгчийн гараагаа эхэлж байлаа. Тэр үед ганцхан сансрын нисгэгчтэй байсан “Меркури” хөтөлбөр дуусч байв. “Жеминай” хөтөлбөрийн хоёр дахь сансрын хөлөг дотор хамгийн анх сансарт жингүйдсэн Эндвайт миний сайн найз байсан юм. Эндвайт маань байлдааны нисгэгч байсан. Надад энэ хүн маш их нөлөө үзүүлж билээ.

Хүмүүс сансарт алхана гэж яриад байдаг. Үнэндээ алхаж байгаа юм биш шүү дээ. Тэр чинь бүжиглэж байгаа мэт жингүйдэж байгаа юм (Хэрхэн жингүйдэж, бүжиглэж байгаа мэт хөдөлдгийг тэрээр биеэрээ үзүүлэв. сурв). Би ер нь өөрийгөө зөв цагтаа, зөв газраа байсан хүн гэж боддог. Нэйл Армстронг бид хоёр бол анх саран дээр бууж чадаагүй, тойроод буцсан тэр багийн арын албаны нөөц нисгэгч нь байлаа. Нэйл Армстронг, Майкл Коллинс бид гурав бол маш азтай тохиолдлоор саран дээр хөл гишгэсэн хүмүүс. Гэхдээ дан аз биш л дээ. Азтайгаас гадна чадварлаг байж чадсан шүү (инээв). Бид саран дээр “Аполло” сансрын хөтөлбөрийн гол утга санааг шингээсэн “Бид энд хүн төрөлхтний энх тайвны төлөө ирсэн” гэсэн утгатай бичээсийг үлдээсэн.

Сарнаас буцаж ирээд би дэлхийгээ олон тойрч, дэлхийн бүх л хаан хатадтай уулзсан, зарим дарангуйлагчидтай ч нүүр тулж ярилцаж байлаа. Энэ хооронд миний хүү Энди сургуулиа төгслөө. Би энэ мөчөөс дахин карьераа эхлүүлэх боломж нээгдсэнийг харсан. Тэгээд буцаад Цэргийн нисэх хүчиндээ орохоо хойшлуулаад Туршин нисгэгчдийн сургуулиас шинэ карьераа эхлүүлж байлаа. Сансарт сансрын нисгэгчид л уулзахаас илүүтэй сар-дэлхий-сар-дэлхий гэсэн байнгын маршрутын талаар мөрөөддөг байлаа. Гэхдээ НАСА үүнд тийм ч их анхаарал хандуулж тоогоогүй. Надтай хамт саран дээр буусан Армстронг маань “Битгий их санаа зов. Сар, дэлхийн хоорондох таталцлын хүчний тойрогт гараад тэр тойргоосоо цааш Ангараг руу, тэр бүслүүр рүү явах том боломж байгаа шүү дээ” гэдэг санаа өгсөн л дөө. 1985 онд Армстронг маань ингэж хэлснээс хойш Нарны аймгийн гаригуудын хоорондох, гариг тойрч байгаа бүслүүр дээр хөлгийг гаргаж тавих санааг өнөөдрийг хүртэл бодсоор явна.

Одоо миний хийж байгаа ажил Ангараг гаригийг эзлэхийн төлөө тэдгээр бүслүүр дээр юу хийж болох вэ гэдэг дээр анхаарч байна. Хүн төрөлхтөн дэлхийн орбит дээр хэдэн мянган хиймэл дагуулаа гаргачихсан. Үүнтэй адил дэлхий-сарны орбит дээр маш олон хиймэл, сансрын төхөөрөмжүүдийг ажиллуулъя. Энэ ажиллагаагаар дэлхий дээрээс биш саран дээрээс цаашаа нисдэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сансрын баазтай болох юм. Үүгээрээ нарыг тойрсон орбит дээр, цаашлаад Ангараг гариг хүртэлх хөвөгч хэлбэрийн олон хиймэл дагуулыг хөөргөх баазтай болно. Энэ санаачлага маань АНУ, Европ, Япон, Хятад, Орос гэсэн сансарт тэргүүлэгч таван улсын нийлсэн нэгдмэл том төсөл болно. Дэлхий-Сар-Ангараг гэсэн том төсөл болно. Үүнд энэ таван орноос гадна өөр олон орон нэгдээсэй гэж хүсч, хүчин зүтгэж явна даа. Ямар ч мөрөөдөл хэтэрхий том байдаггүй юм. 2010 онд бичсэн миний номонд энэ тухай бий. Тэнгэр өөд тэмүүлж амьдрахад ямар ч мөрөөдөл том санагддаггүй юм шүү. Баярлалаа гэв.


Үүний дараа тэрээр үзэгчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та юугаар бахархдаг вэ?

-Би Америк хүн гэдгээрээ бахархдаг. Та бүхэн ч гэсэн Монгол хүн гэдгээрээ бахархдаг. Түүнтэй адил.

-Хүн төрөлхтөн ойрын 10-15 жилд сансрыг эзэгнэх болов уу. Тэнд ер нь эртхэн шиг байр байшингаа авч байвал яасан юм?

-Тавин жилийн дараа Ангараг гариг дээр ямар ч байсан 50 тооны нөхөр алба хаагаад байж байх болов уу. Тэнд хүн төрөлхтөн насан туршдаа амьдарна гэж очихгүй байх. Гэхдээ дэлхийн лидер улсууд ямар ч байсан саран дээр байнгын хөвөгч хиймэл дагуулуудтай болчих байх гэж бодож байна. Сар бол амьдраад байх газар биш.

Гаригуудын орбит дээр байгаа хиймэл дагуулууд тухайн гаригийнхаа эргэлтээс энерги авч байдаг. Тэрний дагуу сарыг хурдан тойроод сарны энергийг өөртөө шингээгээд сарны орбитоос эргэж байсан хурдаараа салаад цаашаагаа Ангараг руу нисэхийг гравитациар чавхдуулах гэж нэрлээд байгаа. Ийм нэг онол байгаад байна. Өнөөдөртөө үүнээс цаашаа гүнзгийрүүлж яриад хэрэггүй байх аа (инээв).

-Ангараг гариг дээр гравитаци нь бага, соронзон оронгүй учраас нарнаас ирж байгаа хортой цацрагийн хэмжээ ихэснэ. Тэгэхээр ангараг дээр очсон хүн тэнд хэр удаан байж байгаад эх дэлхий дээрээ ирэх вэ. Энд ирээд хэр удаан амьдрах боломжтой бол?

-Нарны хэт ягаан туяанаас хамгаалах боломжтой. Гэхдээ Ангараг дээр өөр ямар төрлийн радиациуд байгааг бид мэдэхгүй. Гэхдээ ангараг дээр байдаг нимгэн атмосфер нь бас хамгаалах байлгүй. 200 жилийн өмнө бидний элэнц, хуланц өвөг дээдсийн маань дундаж наслалт нь бидний одоогийн үеэс доогуур байсан. Ангараг руу явбал тэр хавьцаа л наслах байх даа.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Түс тас” харилцаа амьдралыг амархан бөгөөд амттай болгодог DNN.mn

Налгар намрын өдрүүд энд хүрээд дуусав уу гэлтэй амралтын өдрийн цастай өглөө намуухан бөгөөд жихүүн. Нийтийн тээвэр хүлээх зорчигчид хаа нэг автобус ирэх зүгт хараа чилээхээс өөрөөр анир чимээгүй. Гэнэтхэн энэ аниргүй байдлыг гудамжны үзүүрт хэн нэгэнтээ чангаар ярингаа, уйлах эрийн дуу эвдэж орхив. “Яагаад, яагаад чи надад хайргүй юм бол энэ олон жил яагаад хүлээлгэсэн юм бэ” гэх дуу тодоос тод сонсогдов. Гомдол цөхрөл дүүрэн тэдний яриа тэгсхийгээд төгсөв.

Хашааны булангаас 40 эргэм насны эр гарч ирээд бидний нэгэн адил автобус хүлээн зогсов. Тэрээр хэнд ч азаарагдахыг хүсэхгүй байгаа нь илт. Автобусны буудал дээр зогсоо 10 орчим хүн түүнийг анзаарсан ч анзаараагүй мэт царайлав. “Бодвол хэн нэгэн согтуудаа солиорч байгаа биз” гэх бодол минь тэрхэн зуурт өөрчлөгдөв. Бүлцэн болсон нүдээ шударчихаад, багахан гунигтай хэрнээ эрс шийдэмгий царай гарган хажуугаар зөрөх идэр насны эрээс архи биш үнэртэй ус ханхална. Түүний дотор цастай биш, цасан шуурга шуурч байгаа бололтой. Амьдралд танихгүй нэгэнд урмын үг хэлмээр, юу болсон талаар нь ярилцмаар, эсвэл зүгээр л тэвэрмээр үе тохиолддог байх нь…Түүний “Яагаад, яагаад…” гэх чин сэтгэлийн асуулт сэтгэл хөндүүрлүүлж, автобусны цонхоор тамхи татан зогсох түүний төрх улам бүдгэрэв. Хайргүй хэрнээ хайртай мэт царайлдаг, хамт амьдрахгүй мөртлөө амьдрах ч юм шиг итгэл төрүүлж, хэн хэнийхээ цаг зав, сэтгэл зүрхийг үрсэн харилцааг битгий өөгшүүлээрэй. Эцэст нь хэн нэг нь сэтгэлдээ шархтай, нүдэндээ нулимстай үлдэх нь.

Өөх ч биш булчирхай ч биш харилцаанаас илүүтэй хайрлавал хайрласан шиг хайрладаг, хамт амьдрах боломжгүй бол сайн сайхныг хүсээд явуулдаг түс тас харилцаа амьдралыг амархан бөгөөд амттай болгодог доо.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

НАСА-ын сансрын нислэгийн төвийн түүхэн барилгыг нураажээ DNN.mn

АНУ-ын Алабама мужийн Хантсвилл хот дахь НАСА-гийн Маршаллын сансрын нислэгийн төв байрыг бямба гарагт тусгай хяналтан дор нураах ажиллагаа явуулжээ.

НАСА-гийн мэдээлснээр, 63 жилийн өмнө баригдсан тус барилга 1963-2020 он хүртэл тус байгууллагын төв байр байсан ч хэт хуучирч муудсан тул засварлахад асар их зардал шаардагдана гэж үзжээ. Саран дээр анх хөл тавьсан хөлгийн багийнхныг зөөвөрлөсөн Сатурн V пуужин болон бусад зөөгч пуужингуудыг энэ барилгад зохион бүтээж байжээ.

Шинэ, сүүлийн үеийн барилга байгууламжийг барих зай талбайг чөлөөлөх үүднээс хуучин төвийн барилгыг буулгаж байгаагаа НАСА-гаас мэдэгдсэн байна. Анх тус төв байрыг 2030 онд шинэчлэхээр төлөвлөж байсан байна. Гэвч инженерүүд 2020 онд гадна ханын хавтанд нь бүтцийн асуудал үүссэнийг илрүүлсэн бөгөөд засварлаж, засвар үйлчилгээ хийхээс илүүтэйгээр нураах нь зүйтэй гэж шийджээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дагина сахиус” DNN.mn

Үлгэрч Т.Цэрэнлхамын “Дагина сахиус” сургамжит үлгэр бяцхан уншигчдын гарт хүрч байна. Тэрээр үлгэрүүдээ цувралаар гаргаж байгаа бөгөөд эхнийх нь энэ. Зохиогч одоогоор 20 орчим үлгэртэй. Тэрээр үлгэрийн дүрүүддээ монгол нэр өгөхийг чухалчилдаг агаад “Өрөмхөн гүнж”, “Дагина сахиус”, “Ухаарал”, “Ариун үйлст хүүгийн үлгэр”, “Алимны мод”, “Хамгийн гайхамшигтай бэлэг” гэх нэрүүдээс яалт ч үгүй тэр нь мэдрэгдэж байна. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингисийн билиг” сургаалт үлгэрийн уралдаанд Т.Цэрэнлхамын “Ариун үйлст хүүгийн үлгэр” нь шалгарч байсан удаатай.

Үлгэр ингэж эхэлдэг. Дээд тэнгэрийн оронд Түмэнхишиг хааны үзэсгэлэн гоо хатнаас цасан цагаан царайтай, алиман улаан хацартай төгөлдөр гоо гүнж мэндэлжээ. Түүнийг Сүйбилэг хэмээн нэрийджээ. Гүнж нэг настайдаа хэлд орж, дэлхий ертөнцийн сонин сайхан хийгээд элдэв сайн мууг ээж аавдаа ярьдаг байв. Хаан миний охин юуны учир зовлонт ертөнцийн талаар өдөр шөнөгүй ярих болов хэмээн мэргэн зөвлөхөөсөө асуувал “Гүнж өрөвч нинжин сэтгэлтэй төрсөн тул зовлонт ертөнцийн хүн ардыг зовлонгоос гэтэлгэхээр сэтгэл шулууджээ. Тун удахгүй дэлхий рүү явуулж өгөхийг танаас гуйна. Тэр үед та өөрийн зөн совингоор шийдвэрээ гаргах хэрэгтэй” хэмээн мэргэн зөвлөх айлджээ. Удсангүй Сүйбилэг гүнж ааваасаа дэлхий рүү явуулж өгөхийг гуйв гэнэ. Түмэнхишиг хаан охиноо хайрлан өрөвдөж хэцүү хатуу ертөнц рүү битгий яваач хэмээн аргаа тасартал гуйсан боловч тусыг эс олов. Ингээд Түмэнхишиг хаан “Би энэ удаад хэд ч хориглоод сэтгэлийг чинь хувиргаж чадахгүй нь ээ. Тиймээс чамайг үзэсгэлэн гоо дүрээр биш үзлийн муухай дүрээр ертөнцөд илгээнэ. Нэг нар, нэг сарны хугацаанд чамайг хэн нэгэн авахгүй бол чи тэнгэрийн ордондоо ирж дахин хэзээ ч тэр ертөнц рүү зүглэхгүй гэдгийг хатуу сануулъя” гэжээ. Сүйбилэг гүнж болзлыг зөвшөөрч явахаар болов. Хаан ядуу гуйлгачны дүрээр газарт бууж үзлийн муухай царай төрхтэй болсон нялх гүнжээ нэгэн баян айлын үүдэнд орхиод явж гэнэ. Өглөө болж нэгэн нар эхэллээ. Баяны эхнэр өглөөний зоогийг бэлтгүүлэх санаатай зарц нарын овоохой руу явахаар гараад үүдэнд байгаа үзэшгүй муухай царайтай хүүхдийг олж хараад орь дуу тавин хашгирч “Чөтгөр, чөтгөр…” хэмээн бахардан уналаа.

Орилоон шуугианаар сандарч тэвдсэн зарц нар гүйлдэн ирж хүүхдийг хараад огло үсрэн харайж хаанаас гарч ирсэн ад тийрэн бэ хэмээн айж балмагдан зэвүүцэж хэн ч ойртож чадсангүй…Үлгэр цааш хэрхэн үргэлжлэхийг та “Дагина сахиус” номоос дэлгэрүүлж уншаарай. Зохиогчтой фэйсбүүкийн “Гайхамшигт үлгэрүүд” группээр холбогдож, үлгэрээ хүргүүлж авах боломжтой юм байна.

Нэг хэсэг монгол үлгэрүүдийн утга агуулга, үйл явдал гажуудаж, ёс бус үг хэллэг ихээр гарах болсныг хүмүүс шүүмжилсэн. Тэр үед үлгэрч Т.Цэрэнлхам “Баян хоосны ялгаа, тэр дундаа баян хүнийг үзэн яддаг санаа ямар ч үлгэр, зохиол бүтээлд байж л байдаг. Тэр нь уншигч, үзэгчдэд их таалагддаг. Түүнээс гадна нийгмийн хандлага ерөөсөө баян хүнийг үзэн ядах, сэтгэлгээ хүүхэд байхаас нь суучихсан. Яагаад гэвэл тэр санаа үлгэрээр зогсохгүй зохиол бүтээлд нийтлэг болчихсон. Миний үлгэрт баян ядуу хамаагүй, хэн хөдөлмөрлөнө, тэр үр шимийг нь хүртэнэ гэсэн санаа зонхилно. Баян хүн бүр хулгайч луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн байна гэдэг санааг л өгөхийг зорьж үлгэрээ бичдэг” хэмээн ярьж байсан билээ.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Д.Дашпүрэв: Цахимжсан нийгэмд хүн өөрийгөө зөв авч явах чадварт бүх талаар суралцана DNN.mn

Монгол Улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Бидний амьдрал цахим руу улам л гүн нэвчиж, шилжиж байна. Бидний өдөр тутам хийх үйлдэл, хэлэх үг ил тод. Хүссэн нь л бичлэг хийгээд олон нийтэд дэлгэх боломжтой болжээ. Ийм нөхцөл байдалд бид өөрийгөө хэрхэн авч явбал зохистой вэ?

-Цахим орчин гэдэг зүйл барууны орнуудад бий болоод сүүлийн 20-иод жил болсон, бараг бүх улс орон цахимжиж байна. Ялангуяа улс төрийн дэглэмээсээ хамаараад дарангуйлагчтай нийгэм, тоталитар, авторитар дэглэмтэй нийгмүүдэд цахимжилт хязгаарлагдмал. Тэдэнд дарангуйлагч бүлэглэл өөрийнхөө эрх ашгийн үүднээс цахимжилтыг өөртөө зохицуулж хийдэг. Нээлттэй нийгэм бүхий биднийхээр ардчилсан хүний эрх, эрх чөлөөг дээдэлж хүлээн зөвшөөрсөн хууль журамтай улс оронд цахимжилт өргөн дэлгэр явагдаж байна. Эрчимтэй цахимжсан нийгэмд энэ эриний хүмүүс амьдарч сурах нь гарцаагүй болоод байна.

-Цахимжилтын давуу болоод сул тал нь юу вэ?

-Цахимжсан нийгэмд сайн, саар тал хоёул бий. Хоёуланг нь жинлээд үзвэл сайн тал нь давамгай байдаг юм. Ийм орчин хууль дээдэлж, цөмөөрөө дагаж мөрддөг, тогтсон хуулийнхаа дагуу амьдардаг түүндээ дадаж заншсан нийгэм цахимжилтад зохицдог. Тэр нийгмийнхээ хууль журмын дагуу өөрийгөө авч явж сурдаг.Цахимжихаар нийгэм улам нээлттэй болж байгаа ю м . Нээлттэй болохоор бүх зүйлийг хуулиар зохицуулагдана. Илүү их нээлттэй учраас тухайн хүний ямар нэг үйлдлийг нийгэмд дэлгэх сонирхолтой байдаг юм. Тийм учраас зарим талаар болгоомжтой байхгүй бол цахим орчны хохирогч болж болно. Эерэг тал нь мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй. Хувь хүний засаг захиргаатай харилцах харилцааны хүнд суртал арилдаг. Чөлөөт сонголт бий болно. Хүн өөрөө өөрийгөө зөв авч явах чадварт бүх талаар суралцана.

-Монголчуудын цахим хэрэглээний соёл ямар түвшинд байна вэ?

-Аливааг шинээр сурч байхад болхидуу шүү дээ. Хууль нь ч нарийн дэг журамгүй. Жишээ нь хоёр найз муудаад нэгэндээ муухай үг хэлж байхад нь хэн нэгэн бичлэг хийгээд цахим орчинд “Телевизээр жигтэйхэн гоё юм яриад байсан хүн чинь амьдрал дээрээ ийм л юм байна шүү дээ” гээд л оруулчихвал тэр хүнийг гутааж байгаа юм. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө гутаахгүйн төлөө байх ёстой болчихож байгаа юм. Хуулинд нь тодорхой заагаагүй учраас чи намайг доромжиллоо гэхэд би чиний үнэн төрхийг л харуулсан шүү дээ гэх янзтай. Тиймээс хууль тодорхой, хүн өөрийн үг, үйлдлээ ил тод байгаа гэдгийг бодох хэрэгтэй.

-Хаалттай нийгмээс шилжээд удаагүй учир болхидуу байна аа гэж үү?

-Тиймээ, 1990 оноос өмнө манай нийгэм хаалттай байлаа. 1990 оноос өмнө цөм хатуу дэг журам, хяналтан дор амьдарч байсан. Хувь хүнийг цагдан хянах яамтай байсан. Албан нэрэндээ Нийгмийг аюулаас хамгаалахын яам. Тэр нь хүмүүсийг эрх баригчдын эрхийн үүднээс хянаж цагддаг, тагнадаг байлаа. Ер нь манай нийгэм гурван хүний нэг нь НАХЯ-д матаж бичдэг тийм л нийгэм байсан шүү дээ. Тийм нийгмээс гарсан хүмүүс чинь маш бүдүүлэг байх нь аргагүй. Харин сүүлийн үед соёлжиж, шинэ ертөнцтэй танилцаж байна.

-Бүх зүйл ил тод болчихоор хэн ч дүр эсгэх боломжгүй болж байгаа юм бишүү?

-Жигтэйхэн сайхан дүр үзүүлээд цаана нь муухай байх уу. Дотоод ертөнцөө ил гаргахгүй, нээхгүй байж ч болно л доо. Гэхдээ өөрийгөө хянаж, барьж л явах шаардлага үүсэх юм.

-Хүссэн хүн бүр нь цахим орчинд оролцож байгаа учир бүх мэдээ, мэдээлэл эер эг байх боломжгүй байх…

-Тийм ээ, хичнээн гоо сайхан байлаа ч түүнд сүүдэр, дутагдал байгаа шүү дээ. Хэрэглээний хувьд бүгд л оролцож байна. Болхидуу, бүдүүлэг л хэрэглээ. Ямар ч хүнд хувийн нууц гэж байна шүү дээ. Хувийн нууцийг дэлгэх нь ихэн х хүнд тааламжгүй, харин зарим хүмүүст тааламжтай байдаг. Тиймээс цахим орчин бол үзэн ядаад, хүсч мөрөөдөөд байхаар орчин аль нь биш. Зөв ойлгож ашиглаж чадвал дэвшилттэй зүйл.