Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өвөг дээдсийнхээ алдааг засах боломж бидэнд л байгаа

Хүн төрөлхтөн хэдэн мянганы турш олон ч зүйлийг нээн хөгжүүлсээр иржээ. Өнөөгийн өндөр барилгуудаас эхлээд тог цахилгаан, өдөр тутмын хүнс гээд хэрэглээ бүхэн байгалиас хүний нийгэм рүү шилжсэн бүтээлүүд. Гэхдээ шинэ санаа, шинэ бүтээл бүхэн төгс байсангүй. Зохион бүтээгчид нь хүртэл харамсч, амиа егүүтгэсэн бүтээлүүд ч цөөнгүй байдаг.
Автомат буу, атомын бөмбөг гээд бүтээгдээгүй бол энэ дэлхий дээр илүү сайхан байх тохиолдлуудыг нэрлэвэл цөөнгүй юм. Энэ жагсаалтад мэдээж архи орно. Архийг хүн төрөлхтөн чулуун зэвсгийн үеэс төмөр, хүрэл зэвсгийн шатанд ахисан даруйдаа нээн илрүүлсэн гэдэг. Бараг хоолоо олигтойхон болгоод идчих чадамжгүй нөхдүүд улаан буудайг нэрж сархад үйлдвэрлэн согтуурч “солиордог” байсан байгаа юм. Нэг ёсондоо гурил идэхийн тулд бус согтуурахын тулд улаан буудайг тариалдаг байж, бидний дээд өвөг. Архи гэдэг ундаа араасаа хар барааныг дагуулдаг гэдгийг олж нээсэн хүмүүс нь тухайн үедээ мэдээгүй байж таарна. Тэгэхээр архи, архины хэрэглээ хүнтэй хамт төрөөгүй, төрмөл биш учраас таслан зогсоож болох тал бас байна. Үүнийг хувь хүний ухамсраар шийдэх боломжтойг олон ч эрдэмтэн хэлдгийг л хэрэгжүүлчих хэрэгтэй байгаа юм. Хүн бүр үүнийг ухамсарлаж ойлговол улмаар бидний хэрэглээний жагсаалтаас хасагдах боломж байгааг ч олж харах хэрэгтэй. Нэг ёсондоо өвөг дээдсийнхээ алдааг засч хүний нийгэмд ямар ч хэрэггүй атомын бөмбөг, автомат буу, архи, тамхинаас татгалзах боломж зөвхөн бидэнд л байгаа. 

Л.Мөнхтөр

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Энэ их газар нутгаа бид хэзээ ашиглах юм бол

Бид газар нутгаа ашиглаж чадаж байна уу. Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод  л чихэлдэж, шахалдан, бухимдаж амьдарч байна. Дөрвөн уулын дундах  давчуухан газар нутаг дээр л хөгжил дэвшлийг бий болгох гэж зүтгэцгээнэ. Өмнөговь зэрэг цөөн хэдэн аймагт уул уурхайн компаниуд газрын баялаг ашиглаж байна. Өөрөөр цэлийсэн их тал нутгаа ашиглаж чадахгүй л байна даа гэх бодол дорнын их талаар явж байхад бодогдов. Үнэхээр л нийслэл хотоос гараад 50 километр хүрэхгүй давхиад цэлийсэн хээр нутаг угтана. Манай орны зүүн хэсэгт  уул, толгод гээд нүдэнд бүртийх ч зүйлгүй өнжмөл шаргал өвс найгасан тал нутаг байх. Мэнэнгийн их тал, Хөх нуур, Эрээнцавын их талд хэдэн малчин усаа бараадаж малаа бэлчээн аж төрцгөөнө. Туулаад барамгүй цэлийсэн их талыг огт ашиглахгүй өдий хүрч байна. Энд хэдэн ч том хот босгож болохоор.  Хэнтийн нуруу, Минжийн хангай, Хөвсгөлийн их тайга нутаг гээд хүний хөл хүрээгүй газар олон. Усанд нь метр гаруй урт тул загас сэлээд, ан амьтад дүүрэн идээшлэх. Морь, онгоцноос өөр зүйл хүрэхгүй ян сарьдаг хөвч, тайга огт эзэнгүй байна. Ядахдаа өгөрч унасан модыг нь ашиглаж болмоор. Тэнд унанги мод дүүрэн байна лээ.  Баруун тал Алтайн нурууны ар, өврөөр говь, хангай хосолсон газар нутаг мөн л эзэнгүй. Баруун аймгийн ихэнх иргэд хот руу нүүгээд ирцгээсэн. Цавчим өндөр уулс бүхий нутаг хэзээд ашиглахад бэлэн байна. Эзэнгүйдсэн энэ газар нутаг дээр дэлхийд гайхагдсан олон хот, тосгодыг босгож болмоор санагдана. Бид энэ их газар, нутгаа хэзээ бүрэн ашиглах юм бол доо.

Э.Хүрэлбаатар    

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголчууд яагаад хуучин хувцсаа худалдаж болохгүй гэж

Дэлгүүрээс авсан дороо голж орхисон  хувцас хунар  танд байдаг л байлгүй. Ялангуяа хүүхнүүдэд иймэрхүү зуршил гэм биш зан байдаг. Загвар нь таалагдахгүй ч шинээрээ,  хаяхад хайран, шатаахад тиймхэн хувцас хунараа хамаатан садны хүн амьтанд гуйх шахуу өгч байж далд оруулдаг. Эдгээр хувцас хунарыг хэр тааруу үнээр худалдаж аваад хэрэгтэй хэн нэг нь авах боломжийг олгодог дэлгүүр байвал зүгээр дээ.   Гадаадаас ирдэг комиссын барааны талаар энд ярих гээгүй юм. Ер нь монголчууд гадаадынхны өмсч хэрэглэж байсан эд зүйлсээс эрээлж цээрлэлгүй хэрэглэж байгаа юм чинь энэ төрлийн бизнесийн орон зай байгаа л байлгүй. Гэр оронд хөглөрч хог шахуу болсон хэрэггүй эд зүйлсээсээ хэдэн төгрөгийн ашигтайгаар сална гэдэг сайхан санаа. Хямдхан  хувцас хунар  эрж хайсан  хүмүүс байж л таараа.  Хуучин хувцас, эдлэлийн бизнес хотын хогийг ч багасгах буянтай үйлс. Загвар хөөдөг хүмүүс энэ төрлийн дэлгүүрийн гол нийлүүлэгч байх вий. Манай нэг ах лав шинэ загварын зурагт гарах болгонд телевизээ сольдог сонин зуршилтай. Японд амьдарч байгаад ирсэн танил маань хэлсэн юм аа. Манайхан тэнд очихоороо үнэтэй дэлгүүрээс юм авч дийлэхгүй. Хуучин бараа зардаг дэлгүүрийн сүлжээгээр орох дуртай байдаг гэсэн.  Японд хуучин бараа, хувцас эдлэлийн сүлжээ дэлгүүр байдаг гэнэ. Монголд ч бас ийм хэдэн дэлгүүрийн хэрэгцээ бий дээ бий.

Б.ЯНЖМАА 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зовлон жаргал ээлжилдэг нь худлаа

Зовлон, жаргал ээлжилдэг хорвоо гэж ярьдаг. Сар шинийн идээнийхээ үеийг хүртэл жаргал, зовлон, жаргал гэж өрдөг сүсэг бий. “Багаасаа зовлон үзэж, хэцүү амьдрал туулсан болохоор өтлөхдөө жаргах нь дамжиггүй”, “Зовлон үзсэн хүн ухаантай байх нь аргагүй”, “Хүүхдийг хэтэрхий жаргалд умбуулах дэмий. Бага ч гэсэн зовлонг мэдрүүлж өсгө” гэх мэтээр ярих хүн олон. Багадаа зовлон үзсэн хүн жаргадаг гэдэг нь худлаа. Ихэнх тохиолдолд зовсон хүнийг бусад нь өрөвдөж, энхрийлдэг. Тэр хэрээрээ бусдад буруу тохдог, хэн нэгнээр өрөвдүүлж өөрийнхөө хэргийг бүтээгээд сурчихсан байдаг. Амжилттай яваа нэгнийг өөртөө тусалсангүй гэж өс санаж, хэн нэгэн заавал зовлонг нь зохицуулах учиртай мэт аашлах нь элбэг. Ингэж бусдаар өрөвдүүлж, тэдний дэмжлэгээр өдөр, хоногийг өнгөрөөгөөд байхад жаргах нь юу л бол. Тиймээс л зовлон, жаргал биш зовлон зовлон болоод байгаа хэрэг.
Хүүхдийнхээ хажууд болохгүй, бүтэхгүй, байхгүйн зовлон тоочиж, амьдралд сургах гэсний хэрэггүй мэт. Таныг өрөвдөж байгаа хүүхэд өөр хэн нэгэнд зовлон тоочихоос хэтрэхгүй. Харин болж бүтэж байгаа бүхнээ дэргэдэх хүмүүстээ, хүүхдэдээ нээ. Жаргалтай хүн бардам, бусдадаа гэрэл түгээж жаргал, жаргалыг дагуулдаг.

Б.Цэцэгдэлгэр

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гадныхан гайхжээ

Барууны аль нэгэн оронд юмны үнэ өсвөл бөөн дуу шуугиан дэгдэж, иргэд нь үймэлддэг. Гэтэл монголчууд тэрэнд огт санаа зовдоггүй нь сонирхол төрүүлж байна гэж гадныхан гайхжээ.

Латин Америкийн нэгэн улсад ариун цэврийн цаасны үнэ өснө гэхэд хүн бүр дэлгүүрт дугаарлаж бүтэн жил хэрэглэх цаасаа худалдан авч хомсдол үүсгэж байсан үйл явдал болсон. Гэтэл Монголд юмны үнэ өсч байна, өсөх байх гэсэн мэдээллийг эдийн засагчид өгдөг ч үүнд ач холбогдол өгч хашгирч байгаа хүмүүс бараг алга. Өнөөдөр 850 төгрөгийн үнэтэй байсан талх маргааш 860 болчихвол хэн ч уурлаж бухимдаж жагсдаггүй. “Яагаад юмны үнэ өсгөөд байна” гэж худалдагч руу ширэв татаад л өнгөрцгөөдөг.

Хүн төрөлхтөн нэг дэлхий дээр, нэг агаараар амьсгалдаг ч аливаа үйл явдалд өөр өөрийнхөөрөө ханддаг. Тухайн нэг асуудлыг үндэстэн, улс бүр өөрийнхөөрөө хүлээж авна. Төгрөг суларч, доллар чангарч байгаа нь бидний амьдралд хамаатай ч монголчууд үүнд өндөр ач холбогдол өгөөд дагаж сэтгэлээр хямрахгүй байна. Тиймдээ ч “Эдийн засгийн хямрал биш хүндрэлтэй үе” гэж ярьцгаах болсон. Тухайн асуудлыг хэн ямар өнцгөөс харж байгаа нь чухал. 250 төгрөг байсан бүтээгдэхүүн 450 төгрөг болсон нь бухимдал төрүүлж болох ч болж байгаа үйл явцыг уужуу тайван, хүлээцтэй хүлээн авч байгаа нь сэтгэлзүйн хувьд ухаалаг байгааг илтгэнэ. Ухаалаг байгаа болохоор өөрт байгаагаа зүй зохистой, тооцоотой зарцуулна гэсэн үг.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эмэгтэй хүнийг өшиглөх эрх зөвхөн хэвлийд нь бойжих үрд нь л байдаг

Сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа мэдээ, мэдээллийг харвал олон жилийн турш цагдаа нөхрийнхөө дарамтад байсан бүсгүй учир битүүлгээр өндрөөс унаж амь насаа алдсан тухай, уулнаас хоёр эмэгтэйн цогцос олдсон тэгэхдээ толгой, хөл гарыг нь тасалж, бүр овоон дор булсан байсан гэхчлэн үргэлжилнэ. Эмэгтэйчүүд гадуур  гарсан ч амь насанд нь аюултай, гэртээ байсан ч гэр бүлийн хүчирхийлэлд дарамтлуулж хорвоогоос халих цөвүүн цаг иржээ. Үнэндээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн хүмүүс бие, физиологийн хувьд ялгаатай ч нийгмийн нэг гишүүний хувьд ямар ч эрх, үүргийн ялгаагүй амьдрах ёстой. Энэ бүхэн Үндсэн хуулиар баталгаажсан улс оронд бид амьдарч байгаа. Гэвч өнөөдөр өрнөж буй үйл явдлууд үүний яг эсрэг байна. Эмэгтэй хүнийг өшиглөх эрх ганц л хүнд буй. Тэр нь эхийнхээ хэвлийд өсөн бойжиж байгаа бяцхан үрд нь байдаг. Өөр хэнд ч биш. Энэ ертөнцөд хүн болон мэндлэхээр  ирсэн тэр бяцхан хүний жаахан хөлөөрөө нудчин эхийнхээ хэвлийг өшигчих нь хязгааргүй аз жаргалыг бэлэглэж байдаг. Заримдаа эхийнхээ ууж байгаа аягатай цайг нь цалгиатал нудчих нь бий. Харин үүнээс өөрөөр өшиглөж, өр рүү нь чичиж болохгүй.
Онлайн ертөнцөд ихээхэн тархаж байгаа “Эмэгтэй хүнийг өшиглөх эрх зөвхөн хэвлийд байдаг үрд нь л буй” гэдэг үгтэй санал нэгдэж, лайк дарсан олон мянган хүн энэ бодлоо өөрийнхөө хийдэл, байдалтайгаа тохируулан бүсгүй хүнд хүндэтгэлтэй хандаасай билээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хилээ яамаар ч юм бэ?

Манай хөрш нуль цэрэгжсэн хоёр том гүрэн бидэнтэй бидэнгүй хилийг маань сайхан хараад өгөх юм. Монголын хязгаар нутаг Тува орчмыг эс тооцвол бүхэлдээ амар амгалан налайгаад удаж байна. Хилчид уйдахын эрхээр нэлээд хонь адуу авчирсан нь өдгөө мянга түмээр тоологдож малынхаа дороос босохоо байв. “Нинжа” нарын хүүхэд цэрэгт татагдан ирмэгц офицерууд отряд заставтаа аваачин алт хайлгадаг. Хил орчим байтугай тэрнээс хамаагүй наана байгаа аймаг сумынхан хот бараадан хөдөө эзгүйрсээр байгаа. 

Харин энэ хоосон орон зайд хил манах нэрийн дор баахан вант улсууд үүсчих вий дээ. Хүний бараа харалгүй бүтэн сар улирал болох бол хэвийн ч гэх шиг. Улам л сураг алдрах нь өнөөгийн техникжсэн эрин үед хачирхалтай сонсогдоно. Монгол Улсын хилийг бүрэн гүйцэд маная гэвэл 2,9 саяулаа очоод ч хүн хүрэлцэхгүй асар уудам. Харуул манаа гэхээр заавал хүн гозойж байх албатай ч биш. Хүмүүс нэн саяхнаас скоч, камер хоёрыг ус агаар лугаа хэрэглээд хэвшчихлээ. Уг нь хилийн тор дагуу хамгийн сайн үзүүлэлттэй камерууд л зоолттой баймаар. Тэрнийгээ төвөөс хянаад сууж байдаг тогтолцоо хэнд ашиггүй тусаа юм бол?

Аялал жуулчлалын хувьд өвөл зунгүй очих, үзэх, амрах боломжтой бэлэн газар бол манай хилийн байр сав орчин юм. Жуулчны чиглэлээр ялимгүй засвар хийх төдийд л хил дээр буун дуу биш хүүхдийн дуу цангинаад л зах хязгаар маань хөшиж бадайрахаа болино. Хил орчмыг ийн ашиглахаас гадна энэ далимдаа хилчдийг бас давхар хянах шаардлагатай байна.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд редакцийн-нийтлэл

“Шилжилтийн нас” гэх нэрийдлээр үр хүүхдээ баллах юм даа

“Манай хүү шилжилтийн насандаа яваа юм. Сүүлийн үед их эмзэг, нэг л хачин болоод байна” гэж ээж аавууд өөрсдөө сүржигнээд байх шиг. Зүв зүгээр байсан хөвгүүд охидод “Шилжилтийн нас” гэж томъёоллыг тулган хүлээлгээд буруу зүйл рүү хөтлөөд давхичихаж байгаа нь анзаарагддаг. Тухайн хүүхэд огт санаандгүй байдлаас ах эгч нарынхаа өөдөөс цоролзох юм уу, хэн нэгэнд яльгүй гомдоллож тунирхахыг харангуутаа өнөө хэдийг нь загнаад “Эмзэг насандаа яваа хүүхдийг та хэд ойлгохгүй байна. Дүүд чинь ямар хэцүү байгааг ухаарч байна уу” гэх зэргээр баахан сүржигнээд болохыг нь байлгачихдаг.
Ижий аав нь тэгж бөөцийлөн хэн хүнээс өмөөрч нялхамсч нялцганаад эхлэнгүүт өнөө хүүхэд дүрдээ орох нь тодорхой. Тэгж л арван хэдтэй алиа хонгорууд жинхэнэ шилжилтийн үетэйгээ золгож ёстой л уньсан тунисан, ихэрхэж пээдэлзсэн, үг хэл авахгүй, аливаад жигтэйхэн шантарсан ул суурьгүй, сэтгэлийн хатгүй болох эхлэл тавигдаад ирж байгаа юм.
Учир мэдэх хүмүүс “шилжилтийн нас” гэх энэ томъёоллыг огтоос тоодоггүй шиг билээ. “Бидний багад лав тийм зүйл мэдрэгдээгүй дээ. Аав ээж тэгж нялганаж, наашаа цаашаа болж байхыг мэдэхгүй юм” гэж өгүүлэх нь бий. Арван хэдэн насанд мэдээж дуу хоолой бүдүүрэхээс аваад бие физиологийн хувьд өөрчлөлт ордог. Түүнээс сэтгэл санааны гүн цочролд автаж, эмзэг туяхан болдог нь юу л бол.

Н.Гантулга        

Categories
арын-нүүр булангууд редакцийн-нийтлэл

Гомдол бол хууран мэхлэлтийн хэлбэр

Алба ба амин хувийн ажил төрөл дээр ганц нэг хүнийг санамсаргүй гомдоочихсон
тохиолдол үргэлж гардаг. Сүүлд сонсохноо өмнөөс нь гашуудаж бүр нулимс гоожмоор
шоовдорлосон байхыг нь яана гээч. Хөөрхийдөө тэр муу ядарсан амьтан тухайн үед нь
ядаж хэлчихгүй даанч яав даа.

-За за ёстой уучлаарай. Одоохон наад гомдлыг чинь…

-Үгүй ээ үгүй. Би дахиад хэзээ ч…ий ий…

 Байгаа үгүй нь мэдэгдэхгүй
урвайсан, очиж очиж тэрэнд л дандаа шударга бус явдал тохиолдоод байгаа бол өрөвдөхөөсөө
өмнө сайтар судалж үзээрэй. Гомдогсод ихэвчлэн бусдыг хууран мэхлэх аргаар өөрийн
хэмжээнээсээ дээгүүр ажилд шургалагсад байдаг. Тэд бүр төрөлхийн ухаан муутай, ямар
нэгэн согог оёгтой, юу ч хийж чаддаггүйгээ үргэлж нууж явдаг. Тийм болохоор өөрөөс
хамаарах мэдлэг мэргэжил, хариуцлага болгоноос сэм бултаж зугтаж явдгийг хамтрагчид
нь анзаардаггүй. Бүх зүйл болоод өнгөрсөн, нийтийн бэлэг, шагнал түгээгдсэний дараа
гэнэт гарч ирээд олон юм гоншигноод өрөвдүүлдэг муу аргатай.

Монголын өнөөгийн нээлттэй нийгэмд хаа очиж цагаандаа гарсан хэлмэгдэл,
шударга бус хуваарилалт хийх үндэслэлгүй болсны ачаар л тунималуудын цаад мөн чанарыг
мэдэж авлаа.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тамхичид гишгэх газаргүй

Тамхины хяналтын хууль гарсан биш ганц далайлгадаг юмтай боллоо. Өглөө
автобусанд явж байсан чинь жолооч тамхи баагиулж яваа харагдав. “Сайн байна уу.
Нийтийн тээврийн хэрэгсэлд  тамхи татаж
болохгүй шүү дээ. Хуулиар хориглосон юм ” гэчихлээ. Жолооч тамхиа цонхоор шууд
л чулуудчихав. “Анх удаа л надад ингэж хэлж байна. Хэрвээ хүмүүс хэлбэл тамхи
татахгүй л дээ” гэж байна аа бас. 
Цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд салхилуулж 
явахад тамхи зуусан  хүн мэр сэр
тааралдана. Хууль гарсан болохоор ч  тэр
үү шаардлага тавихаар чих зөөлөнтэй хүлээж авдаг юм.

 АН-ын УИХ дахь  бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Би тамхи
татдагийнхаа төлөө яагаад ял үүрэх ёстой юм” гэж хуулийн төслийн өөрчлөлтийг
хэлэлцэх үеэр өөрийгөө өмгөөлсөн  байна
лээ. Бусдыг хордуулж байгаагийнх нь 
төлөө тамхичидийг дарамтлах нь зүйн хэрэг шүү дээ. Одоогийн УИХ-ын
гишүүн Ц.Оюунгэрэл  хэдэн жилийн өмнө
“Аавыгаа Америкт урих гэсэн чинь тамхи татдаг болохоор нь өрөвдөөд байна.
Америкт тамхичин хүнд гишгэх газар байхгүй” гэж ярьж байсан юм. Монголд ч гэсэн
тамхичин хүнд гишгэх газар байхгүй болгох хэрэгтэй. Тамхичид ч гэсэн тамхи
татах газар байхгүй гэж гоншигноод байх 
хэрэггүй шүү дээ. Тамхи татахгүй бол эрүүл мэндэд нь л сайн биз дээ.

Б.Янжмаа