Categories
арын-нүүр булангууд мэдээ

Твиттерчдэд хууль хамаагүй юм уу?

Сүүлийн хоёр жилийн турш энэ зураг цахим сүлжээгээр аялж “Юун хөөрхөн юм бэ” хэмээн дамжуулцгааж байна. Монгол хүүхэд ишиг, хургатай тоглож өсдөг. Харин энэ бол монголчуудыг доромжилсон, үндэстнийг гутаасан хэрэг. Үүнийг хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэрэг биш байгаа хэмээн эмзэглэж сууна. Твиттерчид, фэйсбүүкчид олны анхаарлыг татсан юм олж, кайф авдаг болсон. Үүндээ бүр үр хүүхдээрээ тоглохдоо тултлаа донтсон юм биш байгаа. 

Энэ зургийг харсан зарим эрчүүд “Монголчууд малтай явалддаг гэж харагдахаар юм байна” гэж ундууцаж байна лээ. Арай ч ийм насны хүүхдэд гаж донгийн тухай ярих эртдэх байх. Гэхдээ ийм маягаар тоглоод байвал хүүхэд хэн ч болж хувирч мэднэ. Хоёр нялх амьтнаар зугаагаа гаргахдаа яахав дээ. Томчууд л олны анхаарлыг татсан содон гоё зургийн зохиомж хийх гэж хүүг хүнд байдалд оруулсан байлгүй. Хүүг том болохоор үеийнхэн нь шоолно доо. Тоглоом тоотой нь дээр гэдэг.  

Эцэг эхчүүд охин хүүхдэдээ илүү анхаарал тавьж, бусдын нүдний хор шингэхээс айж, хамгаалдаг. Үнэндээ бага насны хөвгүүд ч бэлгийн мөлжлөгт ашиглагдаж байгааг хүчирхийллийн байгууллагын ажилтнууд ярьдаг.  

Одоо бүр зарим нь интернэтэд томчуудыг баясгахаар гаж байдлаар зургаа даруулахад хүрсэн байна. Твиттерчид ээ, хүүхдийн эрхэнд халдахыг хуулиар хориглодог юм шүү. 

Б.Эгшиглэн

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утсаар шинжихүй

Харц ноёд ялгаагүй адилхан хувцаслачихаад байхад л нийгэмд ямар байр суурь эзэлдгийг мэдчихээд байх юм. Даргаасаа бүдүүн гүзээтэй аахилж байхад хүртэл андуурахгүй шүү.

Урьд цагт алганы хээ, нүүр хараад нэр асуултгүй шинждэг байсан. Одоо гар утасны ноймер танихгүй хүнд их олон юм ховлодог боллоо. Хотынх уу, хөдөөнийх үү, оюутан, босс, гэр хороолол, эр эм, хөгшин залууг утасны дугаараас нь мэдээд авчихна.

Цаашлаад зан “хараактэр”-ийг нь сонжихоор бол залгахад өөдөөс “Таны дуудлагыг миний туслах хүлээж авлаа” гэсэн нарийн бичиг эмэгтэйн дуудлага утсандаа хийсэн байгаа бол утасны эзэн мэдээж удирдах ажилтан биш. Харин их юм мөрөөддөг, амбицтай, жижиг гар байж таараа. Ямар ая эгшиг суулгаснаар нь үндсэрхэг, шалиг, тэнэг маанагийг нь хүртэл ханатай таамаглаж орхино. Бүх юмаа, дугаараа хүртэл нууцалсан байвал үл бүтэх этгээд, эсвэл хүчний байгууллагынхан. 

Гар утасны  үүрэн телефоноос алийг сонгосноор нь төрийн албан хаагч, манаач “сэкрийт”, малын хулгайч эсэхийг ч төвөггүй тогтооно. 

Хамгийн сүүлд харилцагч­тайгаа ярилцах ярианы өнгө нь ажилгүйчүүд, тэтгэврийнхэн, махны ченж, ачааны машины жолооч, сантехникийн слесарийн аль нь гэдгээ тэр өөрөө ойр хавийнханд хангинатал зарлана.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Railbus“-ийг Налайх руу явуулъя

Толгойтоос Амгалан чиглэлд “Railbus” үйлчилгээнд явж эхэллээ. Энэ унаа 200 хүртэл зорчигчтойгоор талдаа 45 минут зорчоод зорьсон газартаа очих юм. Нийтийн тээврийн ийм үйлчилгээ гарснаар замын түгжрэл 30 хувь багасч, иргэд зорьсон газраа товлосон цагтаа очно гээд сайхан мэдээ дуулдаж байна. Одоо хотын төвөөр давхих “Railbus”-ийг Налайх руу явуулдаг болъё. Налайхаас нийслэлд ажилтай хүн олон. Тэд өглөө, оройд Налайхын нарийн зам дээр түгжирдэг. Боломж гарвал нэгийгээ гүйцэж түрүүлэх гэж байгаад зам тээврийн осол гаргана. Долоо хоног бүр Налайхын энхэл, донхолтой, нарийхан, “алуурчин” зам нэг хүний аминд хүрдэг гэдгийг Замын цагдаагийнхан мэдээлсэн. “Railbus” Налайх чиглэлд явдаг болчихвол бэрх замаар цуврагсад цөөрнө. Тэр хэрээр олон хүний амь аварна. Энэ утгаараа “Railbus” буянтай үйлчилгээ болох юм. Нөгөө талаар хот баруун, зүүн тийшээ тэлж байгаа. Шинэ суурьшлын бүсээ одооноос хурдан унаатай болгочихвол аштай юу. Хэдэн жилийн өмнө Налайхынхан галт тэргээр ажилдаа явдаг байлаа. Харин одоо “Railbus”-аар давхидаг болъё.   

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөдрөгөөр харвал амьдрал өөрөө амралт

Билл Гейтсийн хэлсэн үг цахим ертөнцөөр нэг таржээ. “Амьдрал жилийн дөрвөн улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход тусална, үүнийг ч хувийн чөлөөт цагаараа амжуулах ёстой” гэж тэрээр хэлж.  

Түүний үг Монголд их тохирсон санагдлаа. Өвлийн хахир хүйтэнд угаас бүтээн байгуулалт хийх биш дээ. Зуны дэлгэр цагт амарлаа гээд ид ажил хийх дулаан сайхан үед биеийн амрыг бодоод алга болчихдог. Амармаар байвал өвөл ч амарч болно шүү дээ. Үүнийг өөрчилж зуны дэлгэр цагт ажлаа амжуулж, өвөл амардаг болгож солимоор байгаа юм. Ажил олгогч нар ч ажилчдынхаа амралтыг иймэрхүү маягаар зохион байгуулж болно шүү дээ. 

  Цаг наргүй ажилладаг, өөрт амралт гэж байдаггүй Билл Гейтс шиг хүмүүс бол амьдралыг аль нэг улиралд хуваадаггүй учраас л амжилтанд хүрсэн биз. Ажлаа зөв зохицуулж чадвал амрах цаг гарч л байдаг. Амьдралыг өөдрөгөөр харж чадвал тэр чигтээ амралт шиг санагдаж болно.  Ажиллана гэдэг бол ял үүрэхтэй адил зүйл биш. Заавал амрах ёстой бол яагаад заавал зун гэж. Ид хүйтэнд амарчихаад зун зугаатайхан ажиллая л даа. 

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ээжийн захиас

Автобусанд. Ар талын суудалд настайвтар эмэгтэй сууж явлаа. Хүүтэйгээ утсаар ярина. “За миний хүү ээж нь Төв аймаг руу гарч байна. Маргааш өглөө очно. Захиргаагаар нь явж нөгөө ажлаа хөөцөлдөхөөс. Пагмаа эгчийнд хононо.  Миний хүү шалгалтаа яав. Дажгүй юу. Ээж нь сая гарахдаа гоймонтой шөл хийсэн. Аягалаад тавьчихсан. Орой адууны махтай цуйван хийж идээрэй. Хөлдөөгчинд цэнхэр гялгар уутанд мах байгаа. Хоолондоо сармис хийгээрэй. Хөргөгчний хоёр дахь тавиур дээр байгаа. Байна уу, байна уу…байна уу” гэснээ “Өө, утас тасарчихлаа” хэмээн өөр өөртэйгээ ярина. Тэгснээ дахиад хүүтэйгээ холбогдоно. 

“Хоёр дахь тавиур дээр ногоон тагтай саванд нухсан сармис байгаа. Тэрнээс нэг халбагыг хийгээрэй. Их хийвэл гашуурчихна. Үзэм авсан. Орой унтахдаа гурван литрийн нөгөө шилэн савандаа буцалсан ус хийгээд үзмээ дэвтээгээд хонуулчих. Үнээний зурагтай дундах саванд нь шүү” гээд л ярьж гарлаа. Эргэн тойрны бүх хүн эмэгтэйн яриаг сонсоно. Арваад минут ийн ярьсан юм. Утас нь тасрав бололтой “Байна уу, байна уу…миний хүү сонсч байна уу” гэнэ. Тэгтэл урд суусан залуу эргэж хараад “Айдасын даваа даваад гар утасны сүлжээ тасардаг юм. Аль түрүүн л сүлжээгүй болчихсон шүү дээ” гэхэд эмэгтэй “Тэгэхээр би өөр өөртөө л захиж хэлээд байжээ” гээд инээж билээ. 

Хэний ч ээж ялгаагүй. Ээжүүд хаашаа ч явсан үр хүүхдэдээ анхаарал хандуулж, санаагаа чилээдэг улс. Утасны сүлжээ тасарсныг мэдэлгүй ганцаараа баахан ярьсан ээжийн яриаг хэн ч таслаагүй нь бүгд л ээжээсээ захиасын үг сонсдог, дуулгавартай хүүхдүүд байсны шинж л дээ. 

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жүйс намой давай

Гаднаасаа түгжигддэг Бүргэд  хаалганаас хаширсан охин маань орсон гарсан болгонд “Тү аваа даяаа” гээд байсныг хожуухан “орчуулж” наргиан болж билээ. “Түлхүүрээ аваад гараарай” гэсэн уг нь маш хэрэгтэй захиасыг нь шал худлаа таацгаагаад …(Өнгөрсөн жил эгчтэйгээ хоёулхнаа гэр сахих зуураа хаалганы хоёр талд тусгаарлагдан онгойлгох түлхүүргүй хэдэн цаг болсон юм)    

Одоо тэр үеэ бодвол хаалгаа өөрөө очоод онгойлгочихно, “Монгол”-оор ус цас болсон л доо. Харин ойрмогхон “Жүйс намой давай” гэнэ үү бас нэг ойлгомжгүй хэллэг гараад ирэв. Гэр бүлээрээ институци  байгуулах нь холгүй ажиллаж “юу гэж байгаа юм, дахиад нэг хэлчих дээ” гэцгээлээ. Шалгалт хэмжээнээсээ хэтэрч гоё инээдэмтэй юм олж сонсохоор бүгд л хорхойсов.

Аливаа алдаа сургамж эхлээд инээдэм, давтагдвал эмгэнэл гэдэг юутай үнэн ажээ.

-Би дахиж хэзээ ч хэлэхгүй за. “Пидаа” минь??? гэдэг байна шүү. Юун инээдэм манатай. Та нарын хэн чинь хүүхдэд  энэ муухай үгийг заасан бэ? гэсэн ноцтой асуудал үүссэнээр “Жүйс намой давай”-н хэргийг бушуухан хаацгаав.  

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголчууд аливаад үнэнч хандана гэдгийг мэддэг болов уу?

Аливаад чин үнэнчээр хандаж, өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг гаргана
гэдэг “уул шугамандаа” бол сайнсан. Гэвч манайхан хэзээд ч чин сэтгэлээ бусдад үзүүлж,
хэн нэгэнд мэдрүүлдэггүй. Дандаа л худал хуурамч сэтгэлээ олны өмнө дэлгэж, нэг
л их өө сэвгүй цэвэр цэмцгэр хүн болж хувирах нь бий.

Үнэн чанартаа чин сэтгэл гэдэг юугаар ч үнэлшгүй эрдэнэ байдаг. Ингэхэд
“юугаар ч үнэлшгүй” гэдэг үг бас буруу юм. Хэн нэгэн найрагчийн ухаандаа,билэг туурвилын
төлөө шаналж явдаг миний бүтээл туурвилыг алт, эрдэнэстэй зүйрлэвэл би лав дургүйцнэ.
Ядмаг амьтан даа гэж байгаа ч юм шиг юм нэг л ёозгүй санагдана биз дээ.

Саяхан даа, зохиолчдын гар бичмэлийг хавсаргасан “Монгол найргийн
сувдан шастир” гэсэн ном гарсан. Уг номонд энэ цагийн бүхий л нэртэй зохиолчид шүлэг
найргаа гараар бичиж оруулсан байна лээ. Харин Д.Урианхай зохиолч л гар бичмэлийн
анхны хувилбар гэдгийг нь үнэнчээр гаргасан байгаа юм.

“…Аялгуу сайхан монгол хэлээр хүмүүс ярьж л байвал би амьд явна

Тэр хэлэнд би хачин их хайртай

Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна

Тэр оронд би хачин их хайртай

Хайраар би амьдардаг аа” гэх “Мөнхийн шалтгаан” шүлгийнхээ эх нооргийг,
балласан, зассан, шинээр сэргээсэн бүгдтэй нь номонд хэвлүүлжээ. Бусад нөхөд маань
шүлгийнхээ эх нооргийг бус зүгээр л шүлгээ хуулаад, гараараа бичээд л өгсөн байна.
Үүнээс нэг зүйл нэвт шувт уншигдсан хэрэг л дээ. Манайхан аль ч салбартаа үнэнч
байна гэдэг худлаа болжээ. Бүгд л хуурамч, нэг л цэмцгэр гялтганаж, гялалзсан гоё
ганган хээнцэр хүмүүс. Уран бүтээлчдийн гараар бэлдээд өгсөн бүтээлээс Д.Урианхайн
баллаж цохлосон эх ноорог ямар үнэн, ямар гоё, ямар хайр хүрмээр харагдсан гэж санана.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гадныхны гайхшралыг төрүүлдэг монгол зан

Энэ ертөнцөд хот, хөдөөг хослуулан амьдрах боломж, амьдралын хэмнэл зөвхөн монголчуудад заяажээ. Монголчууд элгэмсүү ард түмэн. Ах дүүсэг, нэг нэгнийхээ төлөө амиа тавьдаг. Боломж нь олдвол байраа, машинаа ч төрсөндөө зүгээр өгчихдөг. Нэг нь өвдлөө гэхэд байгаа бүхнээ ямар ч эргэлзээгүй зориулдаг. Ийм ард түмэн дэлхийд их цөөхөн. Монголчуудын сэтгэл зүрхэнд байдаг энэхүү онцгой шинжид хамаарах бас нэг үзэгдэл нь нэг айлын хоёр хүүхэд байлаа гэхэд нэг нь хотод, нөгөө нь хөдөөд амьдарна. Хот сууринаас хамааралтай хүүхдийн сургууль соёлын асуудал, эрүүл мэнд… гэхчлэн олон асуудлыг нь хотод байгаа нь хөдөөд байгаа нөгөөдөө шийдэж өгдөг. Хөдөө мал дээрээ байгаа нь хот сууринд суух нэгнийхээ идэш уушаас эхлээд өөрөөс шалтгаалах бүхнийг хариуцна. Энд маш сонин хийгээд том эдийн засаг оршин байдаг нь аав ээжээс адилхан тасалж өгсөн хотод байдаг ах дүүгийнхээ малыг хөдөөд байгаа нь бүрэн хариуцдаг явдал юм. Хотын нөхөрт малыг маань хариулж байгаа юм гээд цалин хөлс өгөх тухай ойлголт байдаггүй. Хөдөөд амьдардаг нь “Би муу ахынхаа, эсвэл дүүгийнхээ хэдэн малыг 100 хувь хариуцан маллах ёстой. Юун цалин хөлс…” гэсэн ухамсартай. Хэрэвзээ ах дүү хоёрын хооронд цалин хөлсний асуудал босч ирвэл аав ээж дундуур нь шууд орж ирнэ. Олон хөлийн газар амьдрах гэж яваа муу ахаасаа юм нэхлээ, энэ хэдэн малыг нь хариулж өглөө гээд чиний махнаас чинь мах, яснаас чинь яс уначих гээд байна уу гэж ирээд хөдөөд байгаа дүүг нь баллах шахна. Ийм учраас хотын нөхрийн мал байнга өсч байдаг нь /эзэн нь огт оролцохгүй байж шүү/ сонин. Ийм нэгэн өвөрмөц харилцаа монголчуудын дунд өнөөдрийг хүртэл байсаар ирсэн нь гадныхны гайхшралыг төрүүлсээр иржээ. 

П.ХАШЧУЛУУН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ухаалаг ба тэнэг

Ухаалаг гэж ямар хүнийг хэлдэг юм бол. Сүүлийн үед гарч байгаа ном зохиолоос харвал товчхондоо Ж.Самбуу гуай шиг хүнийг хэлэх юм шиг байна. Олон таван үггүй, шулуун шударга, ноён нуруутай, дотроо бодолтой, дороо суурьтай. Улааныг дагаж улцганахгүй, шарыг дагаж шарвалзахгүй тийм л хүнийг ухаантай гэх болов уу гэж бодогдоно. 

Гэхдээ манай төрийн яам тамгын газрын залуучууд бие биеэ ухаантай ба тэнэг  гэдэг хоёр ангилалд хуваачихсан тухай хөгжилтэй яриа сонслоо. Тэдний үнэлэмжээр тэгвэл ухаантай хүн гэж хэн бэ. Даргынхаа цүнхийг барьж гүйдэг, элдэв арга заль, маапааныг мэдрээд тендер зохицуулалтад орчихдог,  хов жив базаж, худал үнэн аргаар ажлаа хийдүүлдэг, хор найруулж суудаг амбицтай, хөдөлгөөнтэй нөхдүүдийг ухаантай хэмээн ангилдаг. 

Харин юм болгон дээр шударга царайлж, бүгдийг үнэнчээр хийх гэж хичээдэг, аливаа арга заль маапаан дээр ямар ч найраагүй, ажлаа тасалдаггүй, цагаа барьдаг, улаан хэнхэг нөхдүүдийг тэнэгүүд хэмээн нэрлэдэг гэнэ. Тэгэхээр  орчин цагт ухаантай ба тэнэг хоёрын үнэлэмж ийм л болсон бололтой. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ажиллаж амьдрах урлаг

Хүмүүс ажилтай, хот нүргээнтэй, энд тэндгүй зам барилга засвар хийгдэн оволзож, өөрөөр хэлбэл амьдрал буцлаад сайхан л байна. 100 мянган айлын орон сууц барихаас арван мянгыг нь лав барьчих шиг. Одоо ерэн хувь нь дутуу. Ёо ёо энэ  их ажил хэзээ дуусч чих амрах юм. Ер нь манай орны бүтээн байгуулалт жилээс жилд улам л өсөн нэмэгдэнэ үү гэхээс хөгшин Европ шиг хамаг замаа тавиад, байшингаа барьж дуусталаа өдий биз.
Жил жилийн зуны дэлгэр сайхан цагтай давхцан түгжрэл, хаалт, толгой руу машин цөм цохин орж ирдэг барилгын төмөр бэхэлгээнүүд сэлттэй эвлэрэн амьдрах болж байна. Эхэлж орон сууцанд орогсод дараагийн ээлжинд босох учиртай барилгын дутуу орхисон хана туурган дундуур хэдэн ч жил бүдчин алхах юм билээ.
Наад ажлаа боль, бид ая тухтай амьдармаар байна гэлтэй биш. Ажил амьдрал хоёр нь  аль алиндаа түвэг учруулах ёсгүй. Энийг бүр концерт найруулах лугаа урлагийн хэмжээнд зохицуулдаг олон арга туршлага бий. Аливаа ажлыг нэн таатай, аз  жаргалтай хэлбэрээр өрнүүлэх нь цалинтай эн зэрэгцэхүйц чухал байдаг. Гэтэл энэ гадаа өрнөж байгаа зуны бүх л ажлууд ял эдэлж байгаа ч юм шиг, дайн болоод түр завсарласан аятай хөглөрүүлж орхидгийг өөрчилмөөр байна.

Ж.ГАНГАА