Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе ярилцлага

Д.Бат-Очир: Санхүүгийн салбарын засаглалын онцлогийг түрүүлж мэдрээд хэрэгжүүлсэн нь ХасБанкны давуу тал

Сүүлийн жилүүдэд компанийн сайн засаглал хэмээх Монгол улсын хувьд шинэхэн ойлголтын талаар багагүй ярих болсон. Энэхүү ойлголтыг байгууллагынхаа үнэт зүйл болгоод зогсохгүй бусаддаа үлгэрлэн түгээж яваа ХасБанкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очиртой ярилцсанаа хүргэж байна.

 -Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэе! Танай банкийг олон улсын байгууллагаас компанийн сайн засаглалтай банкаар шалгаруулсан гэж сонслоо. Яг ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм бол, танай банкнаас нэрээ дэвшүүлсэн үү?

-Баярлалаа. Олон улсын хөрөнгийн зах зээл болон санхүүгийн салбарын чиглэлээр хэвлэмэл сэтгүүл болон цахим хэлбэрээр мэдээлэл гаргадаг Лондонд төвтэй Capital Finance International байгууллагаас сайн засаглалаар ман­лайлж байгаа банкуудыг шалгаруулдаг юм байна.  Шалгаруулалтыг хийхдээ олон улсын нэр хүнд бүхий Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, Европын холбоо зэрэг байгууллагуудаас санал авч нэр дэвшигчдийг тодруулаад дараа нь тусгайлсан ярилцлага хийх замаар эцсийн шалгаруулалтыг хийдэг юм билээ. 

Монгол улсаас энэхүү шагналд нэр дэвшсэн нь анхны тохиолдол бөгөөд тэр дундаа ХасБанк ази тивийн шилдэг сайн засаглалтай банкаар шалгарсан нь бидний хувьд бахархалтай хэрэг юм.

– Тухайн байгууллагаас танай банктай холбогдсон уу, эсвэл олон улсын байгууллагуудаас нэр дэвшүүлсэн л бол өгдөг шагнал уу?

-Нэр дэвшүүлж байгаа байгууллагууд нь олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд байдаг болохоор нэр дэвшүү¬лэхдээ хүртэл өөрс¬дийн¬хөө нэр хүндэд сэв суулгах сонголт хийх магадлал бага байдаг байх. Нэр дэвшигчдээсээ уг байгууллага нь дахиж сонгоод 30 минутын ярилцлагыг банкны Гүйцэтгэх захиралтай хийн, банк¬ны гүйцэтгэх засаглалын чана¬рын талаар мэдээлэл аван дахин хороогоороо оруу¬лаад эцсийн сонголтоо хийдэг гэж ойлгосон. Тэгэхээр нэр дэвшүүл­сэн болгонд өгдөг шагнал биш гэдэг нь харагдаж байгаа байх. 

– Компанийн засаглал гэж үүнийг хэлнэ гэсэн албаны тодорхойлолтоос илүү ХасБанкны хувьд компанийн засаглалыг яаж хардаг нь сонирхол татаж байна?

– Компанийн засаглал бол тухайн орны эдийн засаг ямар төвшинд явж байгааг харуулдаг үзүүлэлтүүдийн нэг л дээ. Хувийн хэвшил дөнгөж бий болж байх үед бид компанийн засаглалын тухай  ямар ч ойлголтгүй байсан. Харин эдийн засаг хөгжих хэрээр энэ ойлголт өргөжиж тэлсэн. Хүссэн хүсээгүй бий болдог зүйл гэж хэлмээр байна. Манай банкны хувьд анхнаасаа, сууриас нь компанийн засаглалын зарчмаар явсан. Анх байгуулагдахдаа суулгасан компанийн сайн засаглалын үр өнөөдөр соёолж, ургаж, цэцэглэж эхэлсэн учраас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бидэнд энэ нэр хүндтэй шагналыг хүртээсэн байх. Мөн бичил санхүүгээс бизнесээ эхэлсэн ХасБанкны хувьд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахуйц өндөр түвшинд хүрч чадсаны нэг том баталгаа гэж харж байгаа.

Санхүү, бизнесийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй уялдаж ажиллах шаардлагатай бүх талуудын ашиг сонирхолыг жигд тэнцвэртэйгээр хамгаалж чадаж байгаа байгууллага л урт удаан хугацаанд тогтвортой амжилттай ажиллаж чадна гэдэгт бид анхнаасаа итгэн энэ зарчмаар ажиллахыг хичээж ирсэн. Манай банкны хувьд гэхэд л харилцагчид, зээлдүүлэгчид, хувь нийлүүлэгч, ажилчдаас гадна бидний харилцдаг түнш байгууллагууд болон татвар, нийгмийн даатгал, зохицуулах байгууллагууд гээд олон талуудтай холбогдон ажиллах шаардлагатай учир аль нэгнийх нь ашиг сонирхлыг сөргөөр хөндөөд эхлэх л юм бол бизнесийн тогтвортой байдалд муугаар нөлөөлөх эрсдэлтэй. Энэ зарчмыг ялангуяа ХасБанкны үе үеийн хувь нийлүүлэгчид маш сайн ойлгон өөрсдийн эрх ашгаа хэт дээгүүр тавин бусад талуудын эрх ашгийг хөсөрдүүлэхгүй байх тал дээр засаглалын зарчмыг хатуу баримталж ирсний үр дүнд ХасБанк жижиг төслөөс олон зуун мянган харилцагчтай системийн хэмжээний банк болж, өсөн дэвжиж чадсан гэж боддог. Энэ олон ашиг сонирхлыг тогтвортой хангахын тулд Хувь нийлүүлэгчид, ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын багийн эрх үүргийг зохистой хуваарилах, мэргэжлийн хараат бус байдлыг нь хангах нь чухал гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрөн ажиллаж ирсэн нь бидний нэг давуу тал гэж бодож байна. Миний санаж байгаагаар 2001 оноос хойш өдийг хүртэл арваад банк дампуурсан. Гэтэл бид хамгийн жижиг банкаас системийн хэмжээний дөрөв дэх том банк болж чадсан.  Шалтгаан нь маш тодорхой. Олон ашиг сонирхлыг жигд барьсны л хүч. Ингэж чадсан учраас л хувь нийлүүлэгчид хөрөнгөө оруулж, харилцагчид мөнгөө хадгалуулж, зээл авч, ажилчид  тогтвортой ажиллаж байгаа хэрэг.

– Компанийн засаглалаар бусдаас ялгарах давуу тал гэвэл та үүнээс өөр юуг онцлох вэ? 

– Санхүүгийн салбарын засаглалын онцлогийг түрүүлж мэдрээд хэрэгжүүлж чадсан нь бидний бусдаас ялгарах давуу тал байх. Санхүүгийн салбарын засаглал өөрөө их онцлогтой.  ХХК-ийн хувьд дийлэнх хөрөнгө нь эзнээс ордог учраас эзний эрх ашиг тэргүүн ээлжинд тавигдахаас аргагүй байдаг. Харин санхүү¬гийн байгууллагын хувьд  хадгаламж эзэмшигч, гадны зээлдүүлэгчийн мөнгийг эзний хөрөнгөтэй хольж эдийн засагт эргэлтэд оруулдаг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулах нийт хөрөнгийнхөө 10 хувийг эзнээс, 90 хувийг нь бусдын итгэлийг олж татан төвлөрүүлдэг онцлогтой. Нийт мөнгөний 90 хувийг бүрдүүлж байгаа талын эрх ашгийг хамгаалах тусам банкны бизнес зөв замаар өргөжин тэлдэг. Хамгаалахгүй бол хөгжихгүй, эсвэл дампуурна. Тэр утгаараа манай банкны хувь нийлүүлэгчдийн бодло­го тодорхойлох болон хэрэг­жүүлэх түвшинд оролцох орол¬цоо нь хэт давамгайлсан биш. Одоо ч тийм хэвээрээ. Зарим байгууллагын хувьд зөвхөн өөрийн ашгийг илүүд үзэж ТУЗ болон гүйцэтгэх удирдлагаа хараат болгох хандлагууд анзаарагддаг. Хас¬Банкинд анхнаасаа мэргэж­¬лийн хараат бус байдал нэ¬лээд сайн хөгжсөн. Аль нэг хувь нийлүүлэгч ТУЗ-д  дур­тай үедээ хүн тавиад, дургүй үедээ хөөгөөд гаргадаг болол­цоо байдаггүй. Гүйцэтгэх удирд­лагын хувьд ч ялгаагүй. Ду­рын нэг хувь нийлүүлэгч гүйцэтгэх удирдлагын багт шалт¬гаангүйгээр хүн томилж, сугалж авах боломжгүй. Мэ¬дээж хараат бус гэдэг нь дур зоргоороо аашилна гэсэн үг биш. Ашиг сонирхлыг хэт нэг талд нь гаргахгүй, тогтвортой хөгжлийг хангахын тулд тэргүүн ээлжинд мэргэжлийн ажлаа хий­гээд явна гэсэн л санаа. Товч­хондоо, мэргэжлийн ха¬раат бус байдал манай гол ялгаа.

– Тэгэхээр ТУЗ, гүйцэтгэх удирдлагын баг хувь нийлүүлэгчдээс үл хамаарч чухал томоохон шийдвэрүүдийг гаргаад явах боломжтой гэсэн үг үү?

– Хувь нийлүүлэгчдээс үл хамаарах гэдэг утгаараа биш харин тус тусдаа үүрэх ёстой хариуцлага, энэхүү хариуцлагаа хэрэгжүүлэх эрхийн хүрээнд үл хамааран хараат бусаар шийдвэрээ гарган хэрэгжүүлэх боломжтой гэж ойлгох нь илүү зөв байх. Банкны салбарт нэг  гашуун туршлага байдаг. Нэг бол зээл хэт төвлөрч олгогдсон, эсвэл холбоотой компаниуддаа зээл өгсөн жишээ олон бий. Дэд бүтэцдээ хангалттай хөрөнгө оруулалт хийдэггүй нь ч сөргөөр нөлөөлдөг.  Банкны гол үүргүүдийн нэг бол эдийн засагт иргэд байгууллагуудын төлбөр тооцоог найдвартай шуурхай хийх явдал байдаг.Үүний тулд мэдээллийн технологийн дэд бүтэц нь сайн байх шаардлагатай. Ийм юманд мөнгө зарахаас хойшоо суувал  төлбөр тооцооны тогтолцооны аюулгүй байдал алдагдаж, харилцагчдад эрсдэл учирна. Жишээ нь үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг гүйцэтгэх удирдлага, ТУЗ хоёр шийдэх үүрэгтэй, хувь нийлүүлэгчид оролцох эрхгүй байдаг.

– Capital Finance International-ийн сайн засаглалтай компанид тавьдаг нэг шалгуур нь гүйцэтгэх удирдлагын хараат бус байдал гэж онцолсон байсан. ХасБанкны хувьд энэ шалгуурыг хангаж чадсан гэдэг ойлголтыг таны ярианаас авлаа. Хараат бус ТУЗ, хараат бус гүйцэтгэх удирдлагатай байх зайлшгүй шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

– Нийгэм, эдийн засаг, бизнес хөгжөөд ирэхэд зайлшгүй тавигдах шаардлага, нөхцөл л дөө. Бизнес эрийн цээнд хүрч байгаа эсэхийг хэмждэг нэг гол үзүүлэлт гэж хэлж болно. Монголд хувийн сектор хөгжиж байх эхэн үед нэг, хоёр хүний, гэр бүлийн бизнес гэж байсан бол өнөөдөр өчнөөн оролцогчтой, олон ашиг сонирхлыг нэг уулзвар дээр нэгтгэсэн том бизнес хөгжих нь гарцаагүй болж байна. Ийм нөхцөлд хэн гүйцэтгэх удирдлагыг хийх вэ гэдэг бол анхаарал татахаар том асуулт. Маш өндөр мэргэжилтэй, тавьж байгаа шаардлагын босгыг давсан мэргэжлийн баг хэрэгтэй гэсэн үг.  банк анхнаасаа зөв хүмүүсийг удирдлагынхаа багт тавьж, зөв хүмүүсээр удирдуулж ирсэн. Энэ зарчим өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Харин ч илүү олон чиглэлээр бэлтгэгдсэн банк, санхүүгийн мэргэжилтнүүд удирдлагын багт ажиллаж байна. Дараагийн удирдагч хэн байх вэ гэдэг залгамж халааны асуудал ТУЗ-ийн анхаарлын төвд байсаар ирсэн. ТУЗ нь удирдлагын багтаа “та нар энэ зорилгыг ийм эрх мэдэлтэйгээр хэрэгжүүлж энд хүргэнэ шүү” гэж чиглүүлээд тодорхой эрх өгсөний дараа өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Мэргэжлийн баг ч тэр чиг замаар  нь ажиллаж,  хийснээ үнэлүүлж чаддаг. Бид ийм зарчмаар ажилладаг. Дахин хэлэхэд хараат бус ТУЗ болон гүйцэтгэх удирдлага олон оролцогчтой том бизнес хөгжиж байгаа өнөө үед зайлшгүй хэрэгтэй бүтэц. 

– Засаглалын нэг хэлбэр бол яах аргагүй нийгмийн хариуцлага. Манай компаниуд нийгмийн хариуцлагыг хүүхдийн баяраар хүүхдэд бэлэг тараах төдийгөөр ойлгоод байх шиг санагддаг. ХасБанкны хувьд нийгмийн хариуцлага гэж юу вэ?

– Мэдээж бид  бүх хүнийг мөнгө хөрөнгө, элдэв зүйлээр тэтгэж чадахгүй. Сэтгэлгээнд нь өөрчлөлт хийх замаар нөлөөлөхийг л нийгмийн хариуцлага гэж ойлгодог. Нийгмийн хариуцлагатай байх тусмаа банкны бизнес цэцэглэнэ. Учир нь бид нийгмийн бүх давхаргын хүмүүст үйлчилгээ үзүүлдэг. Тэдэнд хүлээн зөвшөөрөгдөж байж л итгэлийг нь олж авна шүү дээ. Олж байгаа ашгийг хувь нийлүүлэгч аваад байх биш тэр ашгаасаа нийгмийн сайн сайхны төлөө хуваалцах нь нэг талаасаа бидний үүрэг. Бид энэ нийгэмдээ үйлчилгээ үзүүлээд ашигтай ажиллаж байгаа бол эргээд нийгмийн сайн сайханд боломжоороо хувь нэмрээ оруулах учиртай. Ийм зорилгоор төрийн бус байгууллагуудыг, нийгэмд  хэрэгтэй ажлуудыг тасралтгүй дэмжиж ирсэн. Амьдралын боломж тааруу ч авъяастай хүүхдүүдийг дэмждэг “Хөгж¬лийн алтан сан” төрийн бус байгууллага бий. Аймаг бүрт “Хас төгөл” гээд цэцэрлэг байгуулсан. Одоо ч үргэлжилж байгаа ажил. Багийн спортыг дэмжих зорилготой заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээнийг анхлан санаа­чилж, жил бүр нэлээд идэвхтэй спонсорлодог. Хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккейн спортын “Хасын хүлгүүд” багийг дэмждэг, хүүхэд залууст нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон хөтөлбөр гээд олон ажлуудыг дурьдаж болно. 

– Эдийн засаг хэцүүхэн байгаа энэ үед эрсдлээс хамгаалсан бодлого нэгдүгээрт тавигдаж таарна. Нөгөө талаараа компанийн сайн засаглалын нэг гол шалгуур үзүүлэлт гэж бодож байна?

– Банк хүмүүсийн олон жилийн хөдөлмөрийн үр ши¬мийг хадгалж эдийн засагт зуучилдаг байгууллага учраас зээлийн үйл ажиллагааг аль болох болгоомжтой явуулах үүрэгтэй л дээ. Тийм учраас төвөгтэй барьцаа шаарддаг. Хүнд өгсөн 100 төгрөгийн 90 төгрөг нь хүний, 10 төгрөг нь эзний мөнгө байдаг учраас тэр. Их л өөриймсөг хандахгүй бол хүний итгэлийг алдана. Зээлдэгчийн эрх ашгийг хадгаламж эзэмшигчийн эрх ашигтай жингийн туухай дээр тавихад хүссэн хүсээгүй хадгаламж эзэмшигчийн эрх ашиг дийлэхээс аргагүй. Энэхүү зарчмыг мөрдлөг болгон ажиллаж ирснээрээ манай банкны зээлийн багцын чанар банкны салбартаа харьцангуй сайн байсаар ирсэн. Системийн банк учраас  орон даяар үйл ажиллагаагаа явуулдаг харилцагчид манайхаас зээл авдаг. Эдийн засаг хумигдахаар тэр хүмүүсийн мөнгөн урсгал хумигдаж, төлөвлөж байсан зээл төлөх чадвар нь багасдаг тал бий. Бидний хувьд ч тэр байдлыг нь ойлгож, зээлийн эргэн төлөгдөх нөхцөлийг нь өөрчлөх ажлуудыг зохистой түвшинд хийдэг. Гэхдээ анхнаасаа ирээдүйн эдийн засгийн таамагт үндэслэж зээлийн үйл ажиллагаагаа болгоомжтой явуулдаг тул ийм бэрхшээл гарсан ч гэсэн ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрдэггүй. Уул уурхайн салбарт гэхэд манай зээлийн төвлөрөл маш бага. Цөөн хэдэн том зээлдэгчид олгосон зээлийн төвлөрөл бас бага хэмжээтэй. Зээлийн үйл ажиллагаа ихэвчлэн жижиг дунд руу чиглэсэн. Эрсдлийн удирдлага хариуцсан нэгжүүд, түүн дотроо зээлийн эрсдэл хариуцсан тусгай нэгж үйл ажиллагаа явуулдаг. Зээлийн шийдвэр гаргалтанд дөрвөн нүдний зарчим үйлчилдэг буюу аль нэг хүн дангаараа давамгайлж шийдвэр гаргадаггүй гэсэн үг. 

-Компанийн засаглалаа сайжруулахын тулд цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Гүйцэтгэх удирдлагын түв­шинд эрх мэдлийг төрөл­жүүлж тусгаарлах ажлууд хийж байна. Өмнө нь гүйцэтгэх захирал бүх шийдвэрийг гаргадаг байсан бол одоо гүй­цэтгэх захирлын дор хариуцсан захирлууд гэж ажиллана.  Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захи¬рал эрх мэдлээ хувааж өгөөд, хариуцсан захирлуудаа илүү зорилго, чиглэл өгөх, гүй­цэтгэлийг нь хянах замаар удир¬дан, тэдэнд тухайн чиглэ¬лээрээ илүү мэргэ¬шин үйл ажиллагаагаа өргө¬жүүлэх болом­жийг олгоно гэсэн үг.  Гүйцэтгэх захирал хэт олон шийдвэрт оролцохоо бо¬лин бизнесийнхээ хөгжлийн явц, чиглэлд тавих хяналт, ойрын болон хэтийн зорилтоо илүү оновчтой тодорхойлоход голлон анхаарах боломжтой болно.

– Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

– Баярлалаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жил жилийн төгсөгчдийн сэтгэл мэдэг

МУИС-ийн 69 дэх төгсөгч оюутнууд нийллэг, цайллаганыхаа мөнгөнөөс 50 мянган төгрөг илүүчилж Хавдар судлалын үндэсний төвд зүрхний оношилгооны аппарат авч өглөө. Хэзээнээсээ хэт үрэлгэн хэмээн шүүмжлүүлж бараг төгсөлтийн баяр тэмдэглэхийг хориглох асуудал босч байхад МУИС-ийг төгсөгчид ийм алхам хийсэн нь бусдын санаа бодлыг ихэд зөөлрүүлэв. Нэг төгсөгчийн 50 мянган төгрөг бага санагдах ч нийтээрээ хөдөлж, нэгдвэл ямар хэмжээний ажил хэрэг болж байгааг монголчууд харсан байх. Нэг жарны тэртээ солонгосчууд гудамжиндаа гарч улс орныхоо эдийн засгийг аврахын төлөө өөрт байгаа бүх алт, мөнгийг Засгийн газартаа хандивлаж байсан түүхтэй дүйхүйц ажил байлаа.

Тэгэхээр төгсөгчид жил бүр ийм ухаалаг ажилд нэгдвэл ямар үр дүн гарах бол. Манай улсын их, дээд сургуулиудыг жилд 30 гаруй мянган оюутан төгсдөг юм байна. Нэг оюутнаас 50 мянган төгрөг татан төвлөрүүлбэл дунджаар 1.5 тэрбум төгрөг болох нь. Энэ мөнгөөр юу хийж болох вэ. 120 хүүхдийн цэцэрлэг, сургууль, сум дундын эмнэлэг гээд хүссэнээ худалдан авч, бүтээн байгуулах боломжтой. Боловсрол, эрүүл мэндийн болоод бусад олон зүйл дутагдалтай байхад “Тэдэн оны төгсөгчдийн нэрэмжит” хэмээгдэн сүндэрлэж, олон арван хүнд тус нэмэр болж байвал хэний ч сэтгэлд бахадлын гал дүрэлзэх буй за. Хамгийн гол нь ирээдүйн эзэд өнөөгийн залуусын Монголоо гэх сэтгэл мэдэх биз ээ.

Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хоцрогдсон оюутан

Зах зээлийн нийгэм & капитализм.
Бүхнийг мөнгөөр шийднэ. Энэ
нь ч шударга. Төлбөртэй
эрүүл мэнд, боловсролд шаардлага
өндөр, чанар яаж муу
байхав. Энүүнд суртал ухуулга
орохгүй мөн амар болох
нь ээ. Эхний жилүүдэд
ийм л гаргалгаа харагдаад
байсан .

Харамсалтай
нь зөв таасангүй. Хөдөлмөрлөж,
суралгүйгээр өөрөө ороод ирдэг
сул олз зах зээлийн
замаар дүүрэн хөглөрөөд дуусч
өгөхгүй юм. 18, одоо 16-тай
хүүхдүүд хайран мөнгө гэх
зовлон үзээгүй болохоор дээд
боловсролд шаардагдах сая сая төгрөгийн
үнэ цэнийн мэдрэмжгүй. Хэрэв
ар гэр нь уг
гувчуурыг “өөр газраас” цавчиж
барагдуулдаг бол сургалт улам
л үнэгүйднэ. Зарим
түгээмэл тархацтай  ангийн,
алтны зэрэг  хулгай
луйварт ч “Хүүхдийн төлбөр”
гэсэн ариухан шалтаг явдаг.Төр, нийтийн төлөө
сурч  байгаа
аятай улсаас сар бүр
70 мянгаар угждаг ямар сайхан
ааштай капитализм бидэнтэй тааралдчихваа. Орилж бахиран аргадуулж
баймааж хүүхдүүдийн багыг нь цэцэрлэгт,
томыг нь зах зээл
рүү хөтөлж явах шив
дээ.

Одоо гадуур сургуулиа төгссөн
гэх утасны нурчихсан батарей
шиг хоосон толгойнууд  хаалга үүд онголзуулан
цувдаг үе эхэллээ. Хэрэв
тэднээс ажилд авах дээрээ
тулбал дахиж жинхэнээс нь
сургаж эхэлдэг.

 

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төр гэдэг хэдэн улстөрчийг хэлдэггүй

Манай төр болохгүй байна, энэ муусайн улстөрчид  дэндүү  байна  гээд л амтай болгон шүүмжлэх юм. Шүүмжилж болно. Шүүмжилмээр зүйл ч байна.  Гэлээ гээд арван хэдтэй жаахан хүүхэд хүртэл  ирээдүйн тухай гэгээн мөрөөдөлд умбахын оронд улс төр ярьж шүүмжлэх юм. За тэр ч яахав. Нөгөө хэдэн улстөрчид нь ч болдоггүй л байх. Гэхдээ Монголын төр гэдэг чинь энэ хэдэн улстөрч гэж шууд ойлгож боломгүй.  Хэдэн улстөрчдийн болохгүй бүтэхгүйг ярих гээд  Монголын төрийг нураачих юм шиг аашилцгаах  аж. Улстөрчид  үүрд монгол төрд ажиллахгүй.  Хэдэн жил болоод  хэн нэгэнд ээлжээ өгөх нь тодорхой.  Тэд бол  төрд ажиллаж байгаа хүмүүс. Харин Монголын төрд хэн ч ажиллаж байлаа,   хэн ч явлаа гэсэн байдгаараа л байх ёстой. Ахмад хүмүүс “Төрийн минь сүлд өршөө, төр минь төвшин, түмэн олон амгалан байг” гэж хэлдэг болохоос улстөрчид минь мөнх байг гэдэггүй. Дэлхийн олон оронд төр лүүгээ дайрч төрийн эргэлт хийсэн улс орнууд мөхөж байгааг бид өдөр бүр л сонсдог. Угтаа бол болохгүй  нөхдийг сонгохгүй байх эрх нь бидэнд бий.  Тэднийг сонгуулиар сольчихно.  Харин улсаараа тоглож, төрөөрөө наадаж болдоггүйг төр нь хямарч, улс нь сүйдэж байгаа улс орнууд бэлхэнээ  харуулж байгаа.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хоносон хоолыг халаагаад идчихдэг

Хоносон хоолыг халаагаад идчихдэг бол хоносон сонинг шатаагаад түлэхээс өөр далд оруулах арга байхгүй.  “Өдрийн сонин” бол урсаж буй мэдээллийн агуу том мөрөн юм. Энэ сонины хувьд зог тусан авах эзнээ хүлээхийн завдалгүй дараагийнхдаа шахагдчихдаг.

Сонины улирлын захиалгаас хоцорч хаширсан хүн үгээ хэлж байна билээ. Өглөө болгон эрт босч хэвлэлийн мухлаган дээрээс өрсөж “Өдрийн сонин”-г авахгүй бол 10 цаг жаахан өнгөрлөө бол хаанаас ч олдохгүй зарагдаад дуусчихсан. Бусад сонин сэтгүүлүүд бол өөрийгөө рекламдсан шигээ үдэш болтол бүр маргааш нь ч байж л…

Хэдхэн жилийн өмнө хэв­лэл борлуулагчдын цөөнгүй нь айхтар улс төржсөн наймаачид байж билээ. Энэ муу “ӨС” нам засгийг минь шүүмжилж, энхрий хайрт Энхбаяр даргыг минь хүртэл элдвээр бичдэг болохоор нь зарахаас ч дургүй хүрдэг гэж үү. Хожим сонсохнээ өөр зорилготой тусгай даалгавартай хүмүүс ажилладаг байсан юм шиг байна лээ.

Одоо тийм юм байхгүй ч аанай ховор зэвэр байдгийн шалтгаан нь манай мэргэжил нэгтнүүд маань ( PM, сайт, сонин, бүр телевизийнхэн) эртээ нисч ирээд бидний хөлөө цуцтал явж тархиа гашилтал боловсруулсан бүтээлээр хооллон өдөржин жиргэж гарна даа. Буян болог зайлуул. Бид нэг удаа амрахад зурагт унтарч байсан тал бий шүү. Тэгэхлээр сониноо шуудангаар захиалчихсан нь аль алиндаа амар байдаг юм шүү хө.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мухар сүсэг

Урваж ирсэн шар нохойг учиргүй хүндэлж “аав аа, өвөө” гэж авгайлан,
дээдэлдэг айл Улаанбаатарт байна. Үйл явдал хэрхэн эхэлснийг гэрийн эзэд нууж хаалгүй
хуучилна.

Тэднийг нэг өглөө сэртэл хашаанд нь золбин шар нохой ирсэн байжээ.
Хичнээн хөөж туугаад явсангүй гэнэ. Хааяа нэг хоолны шавхруу мэтийг илүүчилсээр
овоо хэдэн сар болсны хойно гэрийн эзэгтэй гандан эргэж, гороо хийсэн байна. Ингэж
явахдаа сайн танил лам дээрээ очиж “Манай гэрийн хаяанаас золбин шар нохой салахгүй
байна. Ямар учиртайг бурхан тэнгэрээс асууж өгөөч” гэж. Гэтэл мөнөөх лам “Олон жилийн
өмнө бурхны оронд одсон аавын чинь сүнс тэнэж явна. Сайн хооллож, буян бол” гэснээс
хойш тэр шар нохой тэдний шүтээн болон хувирчээ. Арай томчууд нь түүнийг “аав аа”
хэмээн авгайлдаг бол багачууд нь “өвөө” гэж дуудна. Өглөө оройд хоол, цайныхаа дээжийг
барина. Эгээтэй л хоймортоо гаргаж, өвөртөлж унтах нь холгүй.

Шашинд шүтэж бишрэх нь хувь хүний хэрэг ч мухар сүсэг хэрээс хэтэрвэл
эргээд аюултай. Хүмүүсийн сүсэг бишрэлийг далимдуулан итгэхэд ч бэрх номлол, таавар
гаргах нь том нүгэл болох болов уу. Хүн төрөлхтний түүхэнд хэрээс хэтэрсэн мухар
сүсэг нь зөрчил маргаан, уй гашууг л авчирч байсан билээ.

 Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

А.Энхтайван: “Алтаргана” нэг сумын наадмаас ч дор болох нь

“Алтаргана” наадмын ерөнхий найруулагч А.Энхтайвантай ярилцлаа.

-“Алтаргана” наадамд Хэнтийн Дадалд болно. Энэ жил ямар хөтөлбөртэй байх вэ?

-“Алтаргана” бол ОХУ, ӨМӨЗО, Монгол гэсэн гурван улсад амьдарч буй буриад ард түмний их наадам. Ирэх сарын 20-нд Хэнтий аймагт болох юм. Олон улсын чанартай наадмыг өндөр түвшинд, маш сайхан зохион байгуулах зорилготой сэтгэл өөдрөг байлаа. Ерөнхий сайдын зөвлөл болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан комисс байгуулагдсан. Комиссоос намайг нээлт, хаалтын арга хэмжээг зохион байгуулах ерөнхий найруулагч болгоод давхар урлаг соёлын дэд холбоог даргалах үүрэг өгсөн. Хийх ажлаа хүлээж авсныхаа дараа Дадал сум руу гурван ч удаа явж төлөвлөгөө боловсруулсан. Нээлт, хаалт ямар болох вэ гэдгийг зохион байгуулж буй хүний хувьд мянган хүүхдээр нээлтийн үед ёохор хатируулахаар болоод байв. Бас хаалт дээрээ буриад үндэсний хувцастай таван мянган хүнээр ёохор хатируулж Гиннесийн номонд бүртгүүлэхээр төлөвлөөд байсан. Гэтэл одоо уг наадмыг зохион байгуулах ямар ч хөрөнгөгүй болчихлоо. Эдийн засгийн хямрал гээд хаа, хаанаа мөнгөгүй байгааг ойлгож байна. Гэхдээ улсын баяр наадамд 2.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөчихөөд байгаа биз дээ. Гэтэл олон улсын чанартай уг наадам оролцооч гэж олон улсад зараа тарааж мэдүүлгийг нь авсан хойноо нураах гэж байна. Хөрөнгө мөнгөгүй болохоор яаж ч хичээгээд сайхан зохион байгуулж болохгүй байна шүү дээ. Нэг сумын наадмаас ч долоон дор болох нь.

-Хэдэн төгрөг төсөвлөчихөөд байгаа юм бэ. Зохион байгуулалтад нэг ч төгрөг өгөхгүй гээд байгаа юм уу?

-Өнгөрсөн жил Алтаргана наадамд 1.8 тэрбум төсөвлөж байсан. Энэ жил 200 сая төгрөг төсөвлөчихөөд байна. Спорт, бөх, сурын харваанд 140 саяыг нь зарцуулаад үлдсэн 60 саяыг урлаг, соёлын арга хэмжээнд зориул гэж үүрэг өгсөн.

-Тэр мөнгөөр нь хүргэж болохгүй байгаа юм уу?

-Бүхэл бүтэн 12 номинацитай наадам шүү дээ. Ийм том наадмын 80-90 хувь нь дандаа урлаг соёлын арга хэмжээ. Сайн дураараа ирээд дуулах дуучин олдохгүй. ССАЖЯ-наас 60 саядаа багтаа гээд байгаа. Намайг нээлт, хаалтыг найруулаач гэж дуудсан хэрнээ одоо болохоор таны хэрэг байхгүй гэж байна. Би Хэнтийн хүн. Төрсөн нутагт минь болж байгаа энэ том наадмыг сайхан зохион байгуулчихъя гэж зүтгэсэн. Гэтэл эцэстээ нуралтын байдалд орчихлоо. Ний нуугүй хэлэхэд Улаан Үүдэд байтугай Агийн буриадад болж байгаа наадмын нэг номинацийн шагнал доод тал нь гурван сая төгрөг. Гэтэл манайд дээд тал нь 500 мянган төгрөг байвал их юм боллоо. Өнөөдөр ССАЖЯ-ны харьяанд байдаг урлагийн хэдэн байгууллагадаа албан шахалт үзүүллээ гэхэд уран бүтээлчдээс хэд нь явж чадах вэ. Бүгд зуныхаа ажлыг төлөвлөчихсөн байгаа. Жуулчдад зориулсан тоглолтоо хийх учиртай. Би үндэсний их найрал хөгжмийн тоглуулах, байг гэхэд мянган хүүхдийг гучин минутын турш таван янзын ёохор хатируулах гэж байсан. Бас нэг ч гэсэн өвийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлье гэж бодож байлаа. Бидэнд дараа гэж байхгүй шүү дээ. 2016 онд “Алтаргана” болно. Түүнийг зохион байгуулах оросууд, эсвэл Өмнөд Монголынхон өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлчихнэ. Бид нар цөөхүүлээ ч гэлээ маш олон жилийн түүх, баялагтай. Тэрний салшгүй нэг хэсэг нь буриадын өв соёл.

-Одоо ямар арга хэмжээ авбал наадамд сайхан болох гээд байна вэ?

-Ингэ тэг гэх ч юу байх вэ дээ. Хөрөнгө мөнгөгүй байна л гээд байгаа юм. 12 номинацитай гэж дээр хэлсэн. Номинацийн дарга нараа би томилсон юм. Тэд маань ч гэсэн больдог юмуу гэсэн бодолтой, урамгүй болчихлоо. Миний бодлоор “Алтаргана”-ыг хэний ч өмнө нүүр улайхааргүй сайхан зохион байгуулж болно. Одоо ч оройтоогүй байгаа. Засгийн газар хөрөнгө мөнгөө шийдэж чадахгүй юм бол буриадаар овоглодог хүмүүс Монголд зөндөө байгаа. Тэдэндээ хандахад хандив өгөхөөр, энэ зэргийн наадмыг сайхан зохион байгуулахад сэтгэл зүтгэл гаргахаар хүн бий. Засгийн газар, яам мөнгөгүй байгаа юм бол иймэрхүү маягаар хөрөнгө цуглуулъя гэхээр хориг тавиад байх юм.

С.АЛТАН

Д.ДОРЖДЭРЭМ


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мэдмээр юм байна

Хүн бүр хуульч байх шаардлагагүй. Харин хуулийн наад захын мэдлэгтэй болмоор юм байна. “Таван сая фунт хожлоо” гэсэн захидал хүлээж авсан залуу 50 сая төгрөгөөрөө хохирсон талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. Цаад нөхөр нь үнэмшил төрүүлэхүйц баримт харуулчихаад л татвар болох арван хувь, банкны данс нээх мянган фунт, банкны шимтгэл 12 мянган фунт явуул гэх мэтээр захидал илгээж мөнгө аваад байсан гэдэг. Хохирогч орлогоос нь татвар, шимтгэлийг суутгаад авдгийг мэдсэн бол юу гэж 50 сая төгрөгөө алдах билээ. Манай хуульд ч ингээд заачихсан байдаг. Дэлгүүрийн азтанаар шалгараад хожсон мөнгөө авахад арван хувийг нь татварт суутгаад авчихсан байдаг шүү дээ. Байгууллагаасаа 300 мянган төгрөгөөр шагнуулсан бол 270 мянга нь гар дээр нь ирдэг. Ийм энгийн зүйлийг анзаардаггүй, мэддэггүйгээсээ бусдад олз болж байна. Бас цаадах нөхдүүд “Шаардсан мөнгийг хугацаанд нь шилжүүлэхгүй бол Олон улсын шүүхэд хандана” гэж айлгадаг. Эх орондоо байгаа хүнийг гадаадын хуулийн байгууллага шалгах, байцаах бол эхлээд тухайн улсын хуулийн байгууллагаас албан ёсоор зөвшөөрөл авдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд манай улсын хуулийн байгууллага иргэнээ дуудаж асуудлыг тодруулдаг. Энэ мэт энгийн зүйлсийг мэдмээр юм байна шүү. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жинхэнэ аз жаргал

Буддын ухаанд “Эсрэг тэсрэг мэдрэмж хэзээ ч зэрэг төрдөггүй” гэсэн философи бий. Уурлаж бухимдсан хүнд хэзээ ч энэрэл төрдөггүй,  хайр энэрэл сэтгэлийн гүнээс ундарсан агшинд уур цухалд орон зай байдаггүй гэсэн санаа л даа. Нэг ийм домог бий. Ад чөтгөрүүд бурхан багшийг хөнөөхөөр нум харваж л дээ. “Чөтгөрүүдийн харвасан сум бүр бурханы  биед хүрэлгүй цэцэг болон хувирч дэлбээлсэн гэдэг. Учир нь тэр үед Будда энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийг бясалгасан юмсанжээ” гэж домогт өгүүлдэг.  Энгийнээр ухвал ямар ч хүчтэй сөрөг зүйлийг эерэгт урвуулах онцгой шид хайранд бийг үлгэрлэсэн хэрэг. Бидэнд ч ийм хүч бий. Сэтгэлээ хайраар дүүргэж, зүрхний гүнээсээ хайр оргилуулж чадвал уур, бухимдал, атаа, зэвүүцэл ер хатуу хөтүү юунд ч үл ажрах хүчийг олно. Сэтгэлд нь нар гийсэн хүн  хэнд ч хатуу үг хэлэхгүй. Хэн рүү ч муухай харахгүй, дэргэдээ байгаа хүмүүст элдэв муу зан гаргахгүй. Ийм хүн рүү бас хэн ч муухай харахгүй. Эерэг сэдэл эерэг хандлагыг төрүүлнэ гэж үүнийг л хэлээд байгаа юм. Хүнийг бухимдуулахгүй, өөрөө ч бухимдахгүй амьдрах л жинхэнэ аз жаргал. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Дандар гуай “Дайн гэдэг хүсмээр зүйл биш. Харин тулаад ирвэл буцмаар ч юм биш” гэдэг сэн


Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын 100 жилийн ой өнөө жил тохиож байгаа юм. Уг ойг тохиолдуулан Дандар баа­тар­тай хамгийн ойр явсан хүмүүсийн нэг ардын уран зохиолч Пунцагийн Бадарч­тай ярилцсанаа хүргэж байна.

-“Домогт Дандарын морин жолооч явлаа, би” гэсэн таны дурсамж тэмдэглэл байдаг. Он жил улирах тусам түүх домог мэт хэлцэгдсэн тэр хүнтэй ойр дотно явсан дурсамж дурдатгалаасаа хуваалцана уу?

-Өнөө жил Дандар гуайн минь 100 насны ой тохиож байна. Сэрүүн тунгалагтаа “Би чинь Бал даргаас хоёр насаар ах юм шүү дээ” гэж хэлдэг байж билээ. Миний бие Монголын нэр цуутай баатруудтай ойр дотно явжээ. Дүүдээ, Жам­баа, Данзанваанчиг, Дам­пил,Төмөрбаатар гээд олон хүнийг нэрлэж болно. Гэхдээ тэр бүгдээс Дандар гуайтайгаа л их ойр байж. Ямар сайндаа л “морин жолооч нь явлаа” гэхэв. Дандар бол гарамгай баатар гэдэг нэрэндээ дүйсэн, жинхэнэ монгол эр хүний хэмжүүр байсан юм шүү. Баатар гэж ийм л хүн байдаг байхдаа гэх бодол төрнө. Тэрээр юмыг чин үнэнээр нь л хэлнэ. Хүнийг худлаа магтаад байхгүй, аливаад тэгтлээ хөөрч дэврэх юм уу, мань мэт шиг нь нялганах, нялцганах зүйл даан ч үгүй дээ. Гэхдээ дотоод сэтгэлдээ бол асар их гуниг зовлон хадгалсан хүн байсан шиг санагдана. Архи уусан ч, шатар тавьсан ч, аян замд дөрөө нийлэхэд ч баатар машид бодлогоширч явдаг сан. Сэтгэлд нь гуниг их хурсны илрэл болов уу.

Намайг хүмүүс Дандар баатар­тай ойр дотно явж, агуу их Лууяа(Дагвын Лувсаншараваа рхэлж байна)-тай уран бүтээ­лийн анд нөхөд явсан гэхээр амьтан хүн үнэмшихгүй байх. 

-Яалаа гэж, та ч өөрөө яруу найргийн домог болсон хүмүүсийн нэг дээ. Дандар баатартай хэрхэн танилцсан тухайд чинь сонирхмоор байна?    

-Бүргэдийн даль шиг нөмрөгөө дэрвүүлсэн, алаг морьтой залуухан Дандарыг Халхын гол, Хамар даваа, Хайлааст манханд өгөр самуурайнуудыг цээж толгой хоёрын нь дундуур сэлмээрээ тоолж явахад, би гэгч арьсан өлгийд сүүл хөхсөн улаан цурав үрчийн хэвтсэн минь ёстой түүхэн үнэн л дээ. Гэвч надад тэр хүний “морин жолооч” явах хувь эртээ тохиосон юм. Тавин нэгэн оны зун аав ээжтэйгээ, ээжийн эгч гэж хөгшинтэй Жанчивлангийн рашаан хүртэхээр нутгаасаа гарч, замдаа Төв аймгийн Баян сум одоогийн Төмөр замын өртөөний наадамтай таарч билээ. Уг наадмын гол сонин өнөөгийнхний хэлдгээр сенсаци нь Дандар баатар байв. Мань хүн улсын начин Хөхөөгийн хамт тухайн баярт барилдахаар ирсэн дуулддаг юм. Арванхоёр настай жаалхан надад өнөөх домогт Дандарыг харах хүсэл гозолзож байсан нь мэдээж. Тэгтэл наадмын хоёр дахь өдөр Дандар баатрыг хажуунаас нь морьтой залуус дайрч хөлийг нь бэртээсэн яриа гараадахав.  Ингээд Дандар барилдах эрхгүй болж, Хөхөө начин түрүүлэх нь тодорхой болсон хэрэг. Энэ бүхнийг би яаж мэдэх билээ. Ааваасаа л сонч байгаа ухаантай. Наадмын сүүлчийн өдрийн орой бид олны хөлөөс зайдуу буугаад, гэрийнхээ хонины гэдэс чанаад  байж байтал морин туурай тачигнан, дөрөө харших чимээ гарч, яах ийхийн зуургуй өнөө миний хүсэн хүлээсэн Дандар баатар чинь Хөхөө начинтайгаа хамт ороод ирдэг байна шүү. Миний айж байна гэж юүхэв. Айх хэд хэдэн шалтгаан байсан. “Сэлэм гялс,толгой бөндгөс”  гэдэг домогт баатар үдэш оройн цаагаар гэрийн хаалгаар багтаж ядан орж ирэхэд над шиг жулдрай нь байтугай, хэн хүнгүйл айна, бэргэнэ. Мөн тухайн үед Дандар гуай шоронгоос дөнгөж гараад Төв аймгийн хэдэн сумдаар баахан төрхгүйтэж, янз бүрийн л яриа хөөрөө дуулддаг байсан цаг. Айлын уяан дээрээс эмээлтэй морийг нь, авдар дээрээс мөнгөн аягыг нь  өвөртлөөд мордож гэнээ гэж яригддаг сан. 

-Тэр үдэш ирээд чухам юу ярьж байсныг та санадаг уу?

-Санахаар барах уу. Дандар гуайг анх харсан тэр үдэш санаа сэтгэлээс гардаггүй юм. Аавтай наадам найр, нутаг усны тухай ярьж байтал тогоон дээрх гэдэс боллоо. Хөхөө начин тэр хоёр гэдэснээс огтолж, гогцоо цус хэд хэд явуулчихаад хойш суулаа. Удаа ч аав нэг архи гаргадаг юм. Одоо бодох нь ээ, манайхыг хүн амьтнаас сураглдаж ярилцаад авдрандаа ганц “юм”-тай байж магадгүй хэмээн өнөө хоёр ирсэн байж ч болох юм. Ганц нэг тагү юм тогтоосны дараа Дандар гуайн яриа хөөрөө ч задгайраад, миний айдас хүйдсийн ч хүлээс алдуураад сайхан болоодов. Тэгтэл Дандар манай ээжийн эгч хөгшнийг заагаад “Би яг ийм ээжтэй байсан хүн. Дандаа л байлдаж, дайтаж муу ижийнхээ амар заяаг үзүүлээгүй дээ” гээд өнөө баатар чинь уйлдаг юм байнаа.

-Өө за…Та чинь алаг морьт Дандартай анх уулзаад л нулимсыг нь үзсэн байх нь ээ?  

-Сүүлд бодож байх нь ээ, би гэдэг хүн Дандар гуайнхаа уйлахыг хэд хэдэн удаа үзсээн. Тийм хүн одоо Монголд надаас өөр байхгүй л болов уу гэж  санах юм. Хөхөө начин, Дандар баатар хоёр аавтай баахан ярилцаад явах боллоо. Аав минь жаалхан намайг хөтлөөд “Хүү минь, хоёулаа Дандар баатрыгаа мордуулж өгье” гэдэг юм. Ингээд аавтайгаа хамт гартал Дандар цагаан бор мориныхоо хааг алгадан хэвтүүлж мордоод шөнийн гүн харанхуйд морин туурайн чимээ нь  тачигнан алсраад одож билээ. Баатрыг анх харсан сэтгэгдэл энэ. Харин дотносож нөхөрлөсөгн минь сүүл л дээ. Миний бие 1976-1993 он хүртэл Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгад утга зохиолын эрхлэгч гэдэг алба хашсан ухаан­тай. Тэр үед “Батлан хам­гаа­лахыг сурталчлах сарын ажил” гэж сүртэй дуулиантай юм болдог байв. Энэ ажлаар Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Увс, Завхан аймгуудад Дандар гуайтай хамт, дээрх аймгуудын хичнээн ч сумаар явсан юм бэ дээ. Улаанбаатарт хотод ч  цэргийн ангиудад уулзалтад очиж, сүүлдээ гэр орноор нь ч орж гардаг дотно нөхөд болсон юм. Хөдөө явахдаа Дандар гуайг халамжилж энгэр дүүрэн олон одон тэмдэгтэй, бараг л сум нэвтлэхийн аргагүй жигтэйхэн хүнд хүрмийг нь өмсгөх тайлах, “маллаж” явах үүрэг надад ирнэ дээ. Хаана ч очсон Дандар гуай надтай хамт нэг өрөөнд л орно. “Намайг Бадарчтай оруулна шүү” л гэнэ. Тэр нь сайндаа ч биш. Нийлж ганц нэг “юм”-ны бөглөө мулталдаг л байхгүй юу. Далаад оны төгсгөлөөс наяаад оны сүүл үе хүртэл Халх голын ахмад дайчид олонх нь сэрүүн тунгалаг байж. Сум болгон дээр Дандарын цэргүүд архайн баатартай ирж үнсүүлж, идээ ундаа болон хууч хөөр болдог сон. Манай хүн бусдын өгсөн бэлэг сэлт энээ тэрээг шууд л над руу явуулж, “манай морин жолоочид өг” гэнэ. Дандар гуайгаар морин жолооч гэж өөрийгөө хэлүүлэх дуртай. Дайны үед шадар туслахыг нь “морин жолооч” гэдэг байсан юм даг уу даа. 

-Дандар гуайтай хөдөөгүүр явахдаа осолд орж, баатрын нэг нүд хараагүй болсон золгүй явдал та хоёрт тохиосон байдаг? 

-Увс аймгийн баруун талын сумдаар явж байгаад машины осолд орсон юм.  Улаан­баатараас Улаангомд онгоцоор буугаад сумдаар “ГАЗ-66” машин хөлөглөж явлаа. Нүүр нүдгүй цасаар шуурч байхад  бид “жаран зургаа”-гаар дайруулж яваад гуу жалган дээгүүр харайлан урд талын цонхны шил хага үсэрч Дандар баатрын зүүн талын нүд, зовхийг нь зүссэн байлаа. Бид гэдэг нь  БХЯ-ны Соёлын хэлтсийн дарга, хурандаа буурал Болд, Увс аймгийн Намын хорооны харийн бичгийн дарга Цэрэннадмид бид хэд л дээ. Арай гэж цусыг нь тогтоогоод, хоёр дарга айл руу гүйлээ. Би Дандар гуайтай хоёул үлдэж цасан шуурганаар гадаа гарч зогслоо. Даарч бай­на гэж юүхэв. “Дандар гуай өвдөж байна уу” гэхэд,  “Өвдөж байна шүү. Би дайны үед нэг японтой ноцолдоод гуя руугаа бууны хутган жадаар хоёр ч дүрүүлсэн, сургагч орос маань золоор ирж шархыг минь боогоод цус алдуулахгүй гэж холбооны кабель утсаар гуяыг минь тасартал хэрж билээ. Тэгэхэд ингэж өвдөөгүй шиг санах юм” гэж яс янгинатал хариулт өгч билээ.

Оройхон хэрд аймгаас эмч нар ирлээ. Одоогийн гавьяат, доктор Цэгээнжав, мөн  Сүрэнжав гэж мөн л доктор нүдний их эмч сайхан бүсгүй ирж байлаа. Ойрх сумдын эмч нар ч ирцгээсэн. Машины зөөдөг гэрэл тавьж байгаад нүдийг нь эмчилж оёдол хагалгаа ч хийв. Болд дарга, баатарт хандан “Төвөөс Ёндон сайд цахилгаан ирүүлжээ. Таныг буцаа, онгоц явуулна гэнэ ээ” гэхэд Дандар гуай “Цэргийн  хүн үүргээ биелүүлээгүй хэзээ буцаж байсан юм. Би цаашаа сумдаар явна. Цаад Ёндон генералдаа намайг ингэж байна гэж хэл” гэдэг байгаа. Тэгээд л бид ёстой үүргээ биелүүлж дөрөв хоног яваад аймаг дайрч хаалтын тоглолт уулзалтаа хийгээд Улаанбаатарт ирж билээ. Түүнээс хойш Дандар гуайн нэг зүүн нүд хараагүй болсон доо, хөөрхий минь.

-Дандар гуай хүмүүстэй уулзахдаа юу ярихав. Дайтаж тулалдаж явснаа ярьдаг байв уу. Гарамгай баатар цолоо хураалгаж шоронд сууж байсан. Тэр тухайгаа дурсах уу?

-Тэр олон уулзалт үдэшлэгт хамт байж, аян замыг туулж явахдаа Дандар гуайг ихэмсэг зан гаргаж байхыг нэг чиг хараагүй. Мань мэт түүний оронд байсан бол яаж онгирч сагсуурч, агсамнаж, галзуурч байх бол доо. Дандар гуай хүний зовлонг, хүний хорвоог таньсан хүн байлаа. Галын шугамд ойртох тусам сайн хүмүүс олширдог гэдэг биз дээ. Аливаа уулзалт дээр цөөхөн хэрнээ жинтэй үг хэлнэ.  Ямар ч уулзалтын төгсгөлд “Дайн гэдэг чинь хүсмээр зүйл биш. Харин тулаад ирвэл бас буцмаар ч юм биш дээ” гэдэг сэн. Дайн байлдааны тухай, япончуудыг алж хядаж явсан тухайгаа, өөрийнхөө эр зоригтойы байснаа ярих их дургуй. Нэг удаа уулзалтаас ирчихээд намайг загнадаг юм. “Ямар олон юм ярьдгийн. Эх орон, тусгаар тогтнол , урлаг утга зохиол гээд баахан юм ярихын. Хэнд хэрэгтэй юм. Шүлэг зохиолоо одоо бага унш” гэж билээ. Эх орон тусгаар тогтнолынхоо төлөө галын шугамд явсан хүний үг юм даа гээд л би дуугуй өнгөрсөн. Дандар гуайн өөдөөс би юу хэлэх билээ. Над руу нэг чиг удаа муухай харж байсангүй. Гэхдээ би түүнээс айдаг байлаа.  Алаг мориных нь тухай хүмүүс их асууна. “Алаг морийг минь, Одсүрэн Хянганы нуруунд ёс төртэй оршуулсан гэж надад захиа бичсэн” гэж нэг удаа хэлж билээ. Одсүрэн гэдэг нь Дандар гуайн найз дайны жилүүдэд хороо, дивиз командалж явсан цуутай хурандаануудын нэг шүү дээ. Алаг морь, Дандар хоёр болл үнэндээ домог л доо. 1939 онд БНМАУ-ын гарамгай баатар цолыг олгосон байдаг.  Гарамгай гэсэн чимгийг нь маршал Х.Чойбалсан өөрөө биечлэн оролцсоноор тусгайлан тодотгосон ч гэдэг. 1945 оны чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож хятадын цагаан хэрэм тултал тулалдсан. Дайны сүүлээр ЗХУ-ын цэргийн даргатай цэргийн бэлтгэлийн мал булаалдсан хэрэг үүсгэсэн байна. Цэргүүдийнх нь хүнсний үхрийг булаах гэсэн орос цэргийн даргыг буудан хороосон тухай яриа бий. Тэр тухайгаа баатар ярих, би ч асууж байсангүй. Гавьяат Шагдар Булганд явах үеэх зочид буудалд хоёул шатар тавьж суухдаа “Та ЗХУ-ын баатрыг буудаж алсан юм уу” гэж асуутал Дандар, Шагдарыг үсдэж аваад шатрын хөлөг гурав мөргүүлсэн гэдэг юм. Дандар гуай Монголын төрд их гомдсон. Чойлбалсанд ч, Цэдэнбалд ч их гомдсон. Би түүнийг хошой баатар гэж хэлэх дуртай. Яалт ч үгүй Монгол Улсын баатар гэх цолны зарлигийг хоёр удаа сонссон хүн. Далан насных нь ойгоор Бал даргыг хошой баатар өгчих болов уу гэж амихандаа горьдож байлаа. Тэгтэл Сүхбаатарын одон өгсөн юм даг. Дандар баатрыг Монгол Улс олон ч тамласан даа. Шоронд хорьж, Дорнод Улаанбаатар хоёрын хооронд пүүлэн машин бариулсан, япончуудтай Туул голд сал урсгасан, Зэлтэрийн сангийн аж ахуйн ойролцоо аваачиж,  хятадуудын эрлийзүүдтэй үзүүлсэн, за тэгээд баруун хязгаарт хасгийн дээрэмчдийн эсрэг тусгай ажиллагаанд гурван ч удаа явуулсан. Халх голын дайны талбарт тодорёон Дандарыг ингэж л Монгол төр тамласан байдаг.

-Гэр орноор нь очиж байснаа дурсахгүй юу. Үр хүүхэдтэй хэр ойр билээ?

-Үр хүүхдийг нь нэг сайн мэдэхгүй. Зүүнбаянд офицер байсан нэг хүүг нь мэдэхээс цаашгүй. Гэр орноор нь бол очилгүй яахав. “Ард” кинотеатрын тэнд гэр нь байлаа. Батаа генерал тэдний хоёр хөрш зэргэлдээ байсан. Гэрт нь хүрч очиход бусадтай шатар нүүчихсэн л сууж байдаг сан. Дашдооровтой хамт очсон маань санаанд байна. “Сайн байна уу, баатар аа” гээд л би сагсаганана л даа. Дандар гуай “сайн” гэчихээд л сууж байна. Диван орных нь ард байлдааных нь сэлэм өлгөөтэй байж байна. Дооров сахилгагүйтэж “Дандар гуай сэлмийг чинь үзье” гэдэг юм. Тэгтэл  “Яах гээв, толгойгоо авахуулах гээ юу” гэж хэлэхэд манай Дооров хачин царайлж билээ. Цаашлуулж байгаа нь тэр.  Дандар гуайгаа насан эцэслэхийнх нь өмнө Цэргийн госпиталийн гурван давхарт хэвтэж байхад нь буурал Болд­тойгоо хамт очсон. Уйлахгүй гэж бодсон уу, дээшээ хараад хэвтэж байлаа. “Би ганцхан жил л амьд явмаар байх юм” гэж хэлээд нүдээ цавчихад нь гялтгар нулимс чихийг нь дагаад урсаж билээ. “Дандар баатар миний найз” зэрэг хэд хэдэн шүлэг тэрлэсэн ухаантай. Мөн “Матад, Тамсаг, Баянтүмний 

Мартахын аргагүй дурсгалт жилүүд

Маргад эрдэнийн залуу нас минь 

Морин дэл дээр сэлэм шиг явлаа

Миний залуу нас                 

Дайны жилийн цэрэг явлаа

Алдар, үхэл хоёрын дундуур

Ассан гал шиг бадран өнгөрсөн…” гэдэг чинь Дандар гуайдаа зориулсан шүлэг шүү дээ. Монголын домог болсон хүнтэй ийм л ойр дотно явжээ. Сүүлд нь дахиад хэолэхэд, тэр бол хүний зовлон жаргалыг, хүмүүний орчлонгийн мөн чанарыг таньсан нэгэн байлаа даа.

Ярилцсан Н.ГАНТУЛГА