Categories
арын-нүүр булангууд мэдээ

Адгууг биш аажууг нь сонгож үйлчлүүлье

Автобусны талаар “Нисдэг авс”, “Уралддаг байшин” зэрэг онигоо ч гэх юм уу, сэрэмжлүүлэг ч гэмээр юм уу янз бүрийн хэллэг бий болжээ. Автобус хүн мөргөсөн, онхолдсон, өөр машинтай мөргөлдсөн гэх зэрэг таагүй мэдээлэл салахаа больсноос энэ яриа гарсан байх. Саяхан Сүхбаатараас ирж байсан автобус осолдож зургаан хүн амиа алдаж, олон хүн гэмтсэн. Тэгтэл уржигдар Налайхаас ирж явтал Сүхбаатар гэсэн хаягтай автобус эсрэг урсгал руу орчихсон хурдтай давхиж яваатай таарлаа. Өгсүүр зам учраас гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэгтэй л дээ. Ерөөсөө л өгсүүр явж байгаад тонгойтол эсрэг урсгалаар хурдтай автобус ороод ирж байгаа юм. Ийм адгуу, яаруу жолооч нараас болж осол гардаг. Нарийн зам дээр, гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг байсаар байхад чөлөө гаруут эсрэг урсгалаар давхиж адгасан тэр жолооч тавь шахам хүний амийг дааж яваагаа мартталаа яарсан гэж үү. Өөрийнх нь унаган араншин нь тэр. Жолоо барьж явахад зарим хүний адгуу, бусдаас илүү гарах гэсэн жөтөөч, дээрэлхүү зан илэрдэг. Хувь хүний ийм ааш авираас болж олон хүн хохирдог нь харамсалтай. Тиймээс нийтийн тээврийн компаниуд жолоочоо сонгохдоо олон жил машин барьсан гэхээс илүүтэй ааш занг нь судалдаг болмоор байна. Сэтгэлзүйчээр сориулсан ч яахав. Аливаад тайван хүлээцтэй, уужуу хандаж байгаад нь олон хүний амийг даатгая. Хүмүүс ч гэсэн холын замд явахдаа суух унааныхаа жолоочийг хэсэг хугацаанд ажиглахад илүүдэхгүй. Эд зүйлээ шидлээд л, сандарч мэгдээд байвал дараагийн унаагаа хүлээхэд өлзийтэй. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хуруу зайг буцааж авмаар байна

Бидний амьдралын байн¬гын хэрэглээ хуруу зай аюултай хог хаягдалд ордог. Манайхан хуруу зайнаас эхлээд бусад аюултай хог хаягдлаа ангилж устгах талаар санаа тавьдаггүй. Хортой аюултай бодисоо хогийн цэгт зүгээр л хаячихдаг нь хөрс, усыг хордуулж,  орчны бохирдол үүсгэж өвчний эх үүсвэр болж байдаг. Монголчууд хорт хавдраар хамгийн их өвддөгийн шалтгааныг холоос хайх хэрэггүй. Зарим нь хэрэглэж дууссан хуруу зайгаа зүгээр л гал руугаа шидэж далд оруулдаг нь хамгийн  хор хөнөөлтэй аргаар устгаж байгаа хэрэг.  Хорт бодисыг шатаахаар хорыг нь уушиглаж байгаатай агаар нэг.  Хэрэггүй болсон хуруу зайг хазаж шамшийлгах, хүүхдээрээ тоглуулах нь бүр ч аюултай. Хор идэж байгаа хүүхэд гээд төсөөл дөө. Ихэнх хүмүүс хуруу зайгаа хог руугаа шидэж орхидог. Хөрсөнд хорт бодис нэвчих аюултай учраас энэ ч сайн арга биш. Хуруу зай хорт хавдар үүсгэдэг бодис ялгаруулдаг гэнэ шүү. Хөгжсөн орнуудад дэлгүүр, супермаркетуудад хуруу зай буцааж залгидаг төхөөрөмж ажиллуулдаг юм билээ. Хэрэггүй болсон хуруу зайгаа энд буцааж, орчны бохирдлоос сэргийлэх нь иргэний хариуцлагаа ухамсарлаж буйн илэрхийлэл. Зарим оронд хуруу зайгаа буцаасны төлөө урамшуулал өгдөг юм байна.  Хуруу зайнд хорт бодисоос гадна ашигтай элементүүд ч бас бий. Түүнийг нь ялгаж авах боломжтой. Хуруу зайг дахин боловсруулах жижигхэн батарейны цех байхад л нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг. Хорт хог хаягдлаасаа цэвэрхэн сална. Бас үйлдвэрлэл явуулаад, ажлын байр бий болгоод, бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг олчихно.

Б.ЯНЖМАА   

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нөгөө талаас нь харахаар Монголын эрлийз

Тэмүүжинг ядарч явах үед дүү Бэгтэр нь элэг буруу хүнийрхээд харвуулдаг. Бүр ноцтой нь өөрөө ч түүний ууган хүү ч цэвэр хиад Боржигон  цустай эсэх нь эргэлзээтэй гэх сэрдлэг явдаг. Одоогоор бол Өвөрмонгол ээжтэй (Хонгирад) буриад зүгийн эрийн (Мэргид) нуувар хүү юм уу даа. Хожим Чингэс хаан болж өөдлөх өнгөндөө орохын цагт дайсагнагч талын мэргэд, баатрууд ирж нөхөрлөснөөр Хамаг Монголын тоо үлэмж өсөн хүчирхэгжсэн. Харин Манж лугаа уусан сураг алдраагүй нь бидний бахархал. 

Цөөхөн монголчуудад бусдыг үндэс угсаагаар ялгаварлахыг цаазалсан анхны хаан нь Чингэс ч байж мэдэх юм. Тэрээр харь угсааны олон хүүхэд үрчилсэн байдаг.

Тэгш эрх, шударга ёс, ардчиллыг тунхагласны хариуд манай тусгаар тогтнолыг дэлхий даяар хүлээн зөвшөөрлөө. Хамгийн том газар нутаг, хүн амтай, тэр хэрээрээ хавийнхаа хамаг үндэстэнг өөртөө уусгагч хоёр хөрш гүрэн хажуу дахь Монголоороо оролдохоо больсон.  

Хүний эрдэнэт бие махбодь нь тухайн  төрж өссөн нутгийн ус, агаар, хүнснээс бий болсон болохоороо тэр л газар шороо, хүн ард өөрт  илүү тохирдог. Өссөн дассан газартаа элгэмсэг байдгийн нэг учир энэ юм. Гэтэл бусдын Орос, Хятад, Негр угсаа гарвалаас зарим маань юунд тэгтлээ үргэж цочин айдаг байна аа. Сайнаар бүү хэл муугаар хардсан ч нөгөө талаасаа бас  Монголын эрлийз биш юм уу? Өөдрөг байж, өөдөлж яваа бол юмсыг сайн талаас нь харж сур даа.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хотын хөтөч

Хөдөөнөөс орж ирсэн гэр бүлийн хоёр. Эхнэр нь “Баруун талд Нону (Honey) гэдэг газар байна. Мах (Макс) гэсэн том барилга байна. Юу гэнэ ээ, хэн мэддэг юм. Ямар юм гэнэ ээ, наад газрыг чинь яаж мэддэг юм” гэж хэн нэгэнтэй ярьж байна. Автобуснаас буусан газраа хэн нэгэнд тайлбарлаж өгч байгаа аж. Эргэн тойрны байшингуудын гадаадаар бичсэн хаягийг өөрийнхөөрөө ийн уншина. Тэгээд такси бариад жолоочид нь утсаа өгч яриулж байгаа харагдлаа. 

Улаанбаатар бол олон хүн амтай том хот. Саяас их хүн амтай хотод хөтөч гэх хүмүүс ажилладаг. Холоос хараад тэр хөтөч байна гээд шууд олоод очихоор содон хувцастай, тусгай саравч дотор суудаг хүмүүс. Төөрсөн будилсан хөдөөнийхөн, хүүхэд багачууд, газар заалгах гэсэн жуулчид тэдэнд хандана. Хөтөч нар өөрт нь хандсан хүмүүст газрын зураг үзүүлж, хайж байгаа газарт нь яаж очих, ямар дугаартай автобусанд суухыг нь зааж өгнө. Даралтны эмээ гэртээ орхиод гэнэт бие нь муудсан ахмад настанд тусалж, үр хүүхдүүд рүү нь залгаж тусламж дуудна. Заримдаа хотынхонд зам, гудамж, талбай, өргөн чөлөөний албан ёсны нэрийг мэдэхгүй тохиолдол ч гардаг шүү дээ.

Зун бол манай орны хувьд аялал жуулчлалын улирал. Энэ үед ийм хүмүүсийг хотын төвд цөөн тоогоор ч  болтугай ажиллуулаад үзвэл яасан юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

PR

Бяцхан охин Кейтигийн аав “Гүүгл” компанид ажилладаг. Кейти тус компанийн захиргаанд хандаж, “Аав минь долоо хоногийн ганцхан бямба гаригт амардаг болохоор та бүхнийг түүнд энэ лхагва гаригт нэг өдрийн чөлөө өгнө үү гэж хүсч байна” гээд “Жич, Аавын минь төрсөн өдөр лхагва гаригт тохионо. Жич, зун болж байна шүү дээ” гэж захидал бичжээ. Охинд “Гүүгл” компани хариу захидал илгээхдээ “Ухаарал хайрласан захидал илгээсэнд тань баярлалаа. Танай аав “Гүүгл” болон дэлхийн сая, сая хүнд олон сайхан, бахдалтай зүйлс зохиох гэж маш шаргуу ажилладаг юм. Түүний төрсөн өдөр тохиож байгаатай холбогдуулахын сацуу зун цагт амрахын ач тусыг ч ойлгож байгаа тул аавд нь долдугаар сарын эхний долоо хоног бүтэн амрах зөвшөөрөл олгож байна. Сайхан баярлаарай” гэжээ. Охины өнгийн харандаагаар бичсэн захидал, “Гүүгл” компанийн лого бүхий албархаг хариу нь цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Нэг хэсэг нь охины ухаалаг, хөөрхөнийг гайхна. Нөгөө хэсэг нь “Гүүгл” компанийн удирдлагуудыг ажилтнуудтайгаа уялдаатай ажилладаг гэж сайшааж байна. Охины хүслийг биелүүлснээ олон нийтэд дэлгэснээрээ “Гүүгл”-ийн удирдлагууд компанийнхаа сурталчилгааг хийчихлээ. Бас ажилтнууддаа амрах цаг бага олгодог сөрөг талаа олон нийтэд эвтэйхнээр ойлгуулчихаж байна. Олон улсад үүнийг PR-ийн нэг арга гэдэг. Харин манайхан PR-ийг нэгийгээ газар доогуур ортол муулах, сөрөг сурталчилгаа хийх гэж ойлгодог талтай. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хархираа боргио анирдан сэрхрээ сэвшээгээр омготлуул

Далайн эргийн элстэй наран шарлагын газартай ач холбогдлоороо барьцдаг газар бол Монголын хангайн хээр юм. Газарзүйн хэллэгээр Хангай хээрийн бүс гэдэг байх аа. Манай уудам орны төв хэсгээр хөндлөн зурваслан тэрлэгээ жавхайтал нь бүсэлсэн мэт ногоон торгон дэнж, долоон сарын зуныг зааж байна.

Наадмаар тав хоног ажиллахгүй нь. Энэний ганц хоёр хоногт нь сайхан биш сайн амраад авъя гэвэл урсгал усны харгиа боргио сонсон өдөр шөнөгүй сэвэлзсэн сэвшээтэй дэнж газар олоод майхнаа барьчих. Амьтас усгүйгээр хоног, агааргүйгээр хором амьд явж чаддаггүй ч  төдий л анзаардаггүй нь элбэг дэлбэгийнх юм даа. Харин ус агаар хоёр байгаль дээр ямарваа цохилтонд өртөн мөнхийн хөдөлгөөнт хүрдэнд эрчлэгдмэгц гойд тунгалагшин дэндүү ариун орчинг үүсгэдэг. Дүн зуны пүн халуунд ялаа шумуулаа хүртэл хийсгэн сэвэлзэж тэнд буй биесүүдэд шүүр мэтээр чөлөөтэй нэвчин сэтгэлийн бачуурлыг хүртэл зад цохидог увидас ундрах нь гайхамшигтай. 

Хүмүүс эрүүл агаарт хөдөө гарч хэд хоног гэж ярьдаг ч яг нарийндаа дээр дурдсанчлан болзлыг хангагч нь говьд, талд, ойд биш эдгээрийн зааг нутгуудад алаг цоог тааралддаг. Жишээ нь Багахангай, Хэнтийн нурууны баруун төгсгөлүүд, Бүрэг хангай, Хөгнө хан, Авзагын ар тал, Хангайн нурууны хойшоо харсан амууд гэх мэтчилэн…Тэнд амрахад нэн уйтгартай ч ямар насаараа бай гэж байгаа биш хоёр хоночихоод ирэхгүй юу.   

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бид ингээд л харилцчихдаг

Хүн бүр гар утсыг хэрэглэдэг. Гар утасгүй бол ажил амжихгүй. Гар
утасгүйгээр амьдралаа төсөөлөхийн аргагүй тийм хурдацтай нийгэмд бид амьдарч байна.

Гэтэл аав, ээжүүд, эмээ өвөө нар ингэж загнана. “Уяатай юм шиг байнга
утсаа оролдохоо боль. Наадхаасаа салаач” гэж. “Дээр үед бид нар бие бие рүүгээ захидал
бичээд л болдог байсан. Одооны хүүхдүүд нээрээ, үнэн бүтэхгүй. Утас, мессеж, интернет,
цахим шуудан гээд маяглах юм. Захидал бичих сайхан” гэж загнана. Үгийг нь дагавал
тийм л дээ. Бидний буруу.

Гэвч нөхцөл байдал өөр. Энэ чинь цахимжсан, асар хурдтай нийгэм.
Захидал гэдэг чинь мессеж. Э-мейл чинь шуудан, цахилгаан.

Хайртай, дурласан залуугаас нь мессеж ирвэл шөнөжингөө догдлонхон
хайрын үгсийг нь дахин дахин гүйлгэн уншиж, уруулдаа мишээл тодруулдаг. Бидэнд захидал
бичээд байх тийм урт, уужим хугацаа байдаг гэж үү. Яагаад гэвэл бид хурдтай нийгэмд
амьдарч байгаа залуу хүмүүс. Бидэнд тэр олон захидал, захианы хэрэг алга. Харьд
байгаа найз минь мессеж бичээд ямар байгаагаа хэлнэ. Юу болж байгааг
www.cnn.com, www.bbc.com-oос уншаарай гэхэд хариуд нь би www.admin.dnn.mn-ээс уншаарай
гэчихдэг. Ерөнхийдөө бид чинь ийм л хурдацтай нийгэмд, амьдарч байгаа залуус. Тийм
болохоор лааны гэрэлд хуудас цаас гаргаад үзэг цаас нийлүүлээд байдаггүй юм. Бид
ийм л хурдан мөртлөө ойлгомжтой орчинд амьдардаг юм.

 Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Юм бүхэн сайхан байгаасай

Ажилдаа ирэх зам түгжрэлгүй. Гэртээ харих зам жаргалтай байгаасай. Гэвч эдийн засаг хямраад, юмны үнэ өсөөд, амьдрал доройтоод гэдэг  үгс оюун сэтгэлд нь хадаастай яваа юм уу хүн бүр нэг л бухимдуу болчихож. Харих замд хоёр согтуу хүүхэн үсдэлцэж, аль аль нь амнаасаа хөөс сахруулан биенээ элдвээр хэлэн бахиралдаж байх юм. Ажилдаа ирэх замд түгжрэлд бухимдаж, түнтийтлээ уурссан хүмүүс хараал урсган явах юм. Замаа олохгүй, хөл дээрээ тогтохгүй согтуу нэгэн хатуу цемент дээр ар дагзаараа савж ойчих дүр зургууд гол гогдом байна. Хаа сайгүй ажилгүй залуус бөөгнөрч, ганц шил “юмны” бөглөө мулталж, ардуур урдуур зөрөгсдийг айлгаж ичээх нь даанч гунигтай. Гол харлуулам энэ муухай дүр зургууд цөм амьдралаас зугтаасай. Хаашаа л харна инээд хөөр бялхаж, хүн бүхэн баян тансаг, сэтгэл тэнэгэр, юм бүхэн сайхан байгаасай. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ажилгүй хүн завгүй

Бүр цайчихсан залхуу нь юу ч хийхгүй дээшээ харж хэвтэж байгаад аль хэдийнэ өлсөөд үхчихдэг юм болов уу. Бодит амьдрал дээр зүйр үгэнд дурдсан шиг тийм найгүй хөдөлгөөнгүй биеттэй ер тааралдаж байгаагүй юм байна. 

Жинхэнэ ажилгүй шаар чинь ёстой борви бохисхийхгүй тонгочдог гэвэл та итгэх үү. Ажилгүй, чадваргүй хүнийг танихад их амархан. Тэрээр товчхондоо хүний нүдэнд ажилсаг мэт байхыг тун их хичээдэг ч их болхи л доо. Уулзаад зогсох тэрүүхэн хоромд зогсоо зайгүй юм ярингаа гутлаа зүлгээд л, дээл хүрэмнийхээ тоос хялгасыг гүвж үлээн нясалж ч байх шиг. Тэгснээ хумсаа аван, чимхүүр гарган сахлаа нямбай гэгч нь зулгаана. Ухасхийн хаалгаар гарснаа төдхөн буцаад ороод ирнэ. За нэг иймэрхүү маягтай дэмий юм хийгээд л гүйгээд байна. Тэр гуай ер зүгээр суухгүй юмаа. Хөөрхий  зайлуул гэж бодогдтол чинь хөдөлдөг. Бас нэг сонирхолтой шинж тэмдэг нь гэвэл маш эртэч ба шөнө орой унтах ч бий. Энэ нь сайндаа ч биш ажилгүйчүүдийн ихэнх нь хулгайч байдаг байхгүй юу. Бусдыг ажлаа хийгээд ядраад унтаж амарч байх хойгуур юухан хээхэн ч хамаагүй дэл сул зүйлийг нь хусч орхидог.

Бүтээлч, гараас нь юм гардаг хүмүүс бол харин эсрэгээр дотроо элдвийг тунгаан бодсоор хэдэн цагаар ч хамаагүй сууж, хэвтэх тэвчээрийг үзүүлдэг.

Ж.ГÀÍÃÀÀ

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Д.Ганхуяг: Энэхүү айлчлал Монгол, Хятадын харилцааг бэхжүүлнэ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 24-26-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна. Уг айлчлалын талаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-БНХАУ-ын Гадаад хэр­гийн сайд Ван И-гийн энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг Та хэр­хэн дүгнэж байна вэ. Айлчлалын гол онцлог юунд оршиж байна? 

-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2014 оны зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын энэ оны нэгдүгээр сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм. Хятадын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харил­цаа, хамтын ажилла¬гааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан итгэл­цэл, ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлэхэд оршиж байна. Үүгээрээ энэ удаа¬гийн айлчлал чухал ач холбогдолтой болох юм. 

Гадаад харилцааны сайд Л.Болд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар са¬нал солилцоно. Гадаад хэр­гийн яамд хоорондын хам­тын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар хэлэлцэж, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар хоёр талын баримталж буй бодлого, байр суурийн талаар нухацтай ярилцана. Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагвад тус тус бараалхаж, хоёр талын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. 

Мөн ойрын хугацаанд хоёр талын хооронд хэрэгжүүлэх өндөр, дээд төвшний айлч¬лалын бэлтгэлийг хангах, Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажил-лагааг гүнзгийрүүлэн хөгжүү¬лэх, хоёр талын харилцааны болон бусад харилцан сонирхсон асуудлаар мэдээ¬лэл, санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой болно. 

-Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тог­тоосны 65 жилийн ой тохиож байгаа. Хоёр та¬лын харилцааны хэтийн төлөвийг Та хэрхэн харж байна вэ?

-Монгол, Хятадын хоо­ронд 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өнгөрч байна. Тэгэхээр энэ он тэмдэглэлт ойн жил бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилийн ой мөн тохиож байгаа юм. Эдгээр тэмдэглэлт ойг хамтран тэмдэглэн өнгөрүү¬лэх зорилгоор хоёр тал энэ оныг Найрсаг солилцооны жил болгон зарлаж олон ажил арга хэмжээ хамтран зохион явуулахаар тохиролцож шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Үүнд, харилцан соёлын өдрүүд зохиох, гэрэл зур­гийн үзэсгэлэн гаргах, урлагийн тоглолт хийх, кино өдрүүд зохиох, хүүхэд, залуучуудын солилцоо хэ¬рэг­жүүлэх зэрэг баялаг ар¬га хэмжээнүүд тусгагдсан байгаа. Эдгээр ажил арга хэмжээний дотор дээд, өндөр төвшний харилцан айлчлал багтаж байна. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа БНХАУ-ын даргын хийх төрийн айлчлал, мөн оны сүүлчээр УИХ-ын дарга З.Энхболдын өмнө хөршид хийх айлчлал төлөвлөгдөж байна. 

Сүүлийн жилүүдэд БНХАУ, Монгол Улсын бүх та¬лын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирлээ. Өдөр, дээд төвшний харилцан айлчлалууд тогт-мол­жиж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Хоёр тал бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд ам-жилттай хамтран ажиллаж байна. Соёл, боловсрол, шинж¬лэх ухаан, техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа нь хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол, най­рамд¬лыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.Энэ бүхний үндсэн дээр 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам эрчимжин гүнзгийрч, өндөр дээд төвшний харил­цан айлчлал, салбар хоорондын, иргэд, хүүхэд залуучуудын харилцаа, со¬лил­цоо идэвхтэй хэрэгжих сай­хан төлөв бүрэлдээд байна.

Өнөөдөр Монгол, Хята¬дын харилцаа түүхэн дэх хамгийн таатай үедээ явж байна. Хятадын тал ч ингэж дүгнэдэг. Улс хоорондын харилцааны дээд төвшин болох стратегийн түншлэл хэрэгжиж байна. Улс төрийн харилцаанд ямар нэгэн маргаантай асуудал байхгүй, бүс нутаг, олон улсын асуудлаар үзэл бодол, байр сууриа тогтмол солилцож, дэлхий дахин, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байна. Газар нутаг, хилийн маргаантай асуудал байхгүй. Монгол, Хятадын хилийн зурвасыг хамтран бүрэн тодотгож тогтоосон. Нэг үгээр хэлбэл энхийн хил болсон. БНХАУ олон жилийн туршид манай худалдааны хамгийн том түнш, хамгийн том гадаад хөрөнгө оруулагч байсаар ирлээ. 

Өнгөрсөн тавдугаар сард Шанхай хотод болсон Азид хамтын ажиллагаа, итгэлц¬лийг бэхжүүлэх бага хурлын дээд төвшний уул­залтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар са¬нал солилцож ярилцсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин “БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хоёр улс харилцан ашигтай харилцаж, хамтран хөгжиж, хамтдаа хожих ёстой” гэсэн БНХАУ-ын албан ёсны байр суурийг дахин нотолсон юм. Түүнчлэн Монгол Улстай хамтран ажиллахдаа “Монголын талд илүү ашигтай байхаар хандана” гэсэн  нь манай улсад хөгжлийн боломж, давуу талыг бий болгох таатай нөхцөлийг бүрдүүлж байна. 

-БНХАУ бүс нутагтаа хамгийн олон хөрштэй орон. Тус улс хөрш орнуудын бодлогоо дахин тодорхойлж, хамт¬даа хөгжье гэдэг үзэл баримтлалыг гаргасан гэсэн. Энэ талаар тодруулж өгнө үү?

-Өнгөрсөн 2013 оны 10 дугаар сард Хятадын төр засаг хөрш зэргэлдээ улс орнууддаа чиглэсэн гадаад бодлогынхоо асууд­лаар хурал хийж, хөрш орнуудтайгаа тогтоосон га¬даад харилцаагаа шинэч­лэн идэвхжүүлэх, онцгой анхаарах талаар тусгай шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу он гарсаар хэдхэн сарын хугацаанд хөрш орнууддаа чиглэсэн Хятадын гадаад харилцаа ихээхэн эрчимжиж, хэд хэдэн оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр, чөлөөт бүсийн хэлэлцээр байгуулж, мөн өнөөгийн харилцааны төвшин¬гээ дээшлүүлэх, шинэ алхам хийх зэргээр идэвхтэй харилцах боллоо. БНХАУ-ын удирдлага хөрш орнууддаа “илүү дотно, илүү чин сэтгэлээсээ, илүү нээлттэй, хүртээлтэйгээр хандаж, хамтын ажиллагаанаас хөрш орнууддаа илүү ашиг тус хүртээх” гэсэн шинэ үзэл санаагаар хандаж буй нь Монгол-Хятадын хоёр талын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү таатай нөхцөл бүрдүүлж байна гэж Монголын тал үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Гадаад харилцааны сайд Л.Болдыг энэ оны нэгдүгээр сард Хятадад айлчлах үеэр БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао хүлээн авч уулзан дээрх бодлогоо тайлбарлан танилцуулж, Хятадын хөгжлийн энэ таатай боломжийг хөрш зэргэлдээ улс орнууд онцгойлон анхаарч ашиглаж эхэлснийг дурдаад Монгол Улс ч бас Хятадын хөгжлийн энэ боломжийг алдалгүй ашиглаасай, хамтдаа хөгжье гэж хүсч байгаагаа илэрхийлсэн байдаг. 

-Монгол, Хятадын худал­даа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн өрнөж байна вэ. Тэр дундаа томоохон төслүүдийн хамтын ажиллагаа ямар шатандаа явж байгаа вэ?

-Монгол Улс 2011 онд БНХАУ-тай стратегийн түншлэ¬лийн харилцаа тог­тоо­¬сон. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2013 онд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр байгуулсан. Энэ үндсэн дээр хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд дээр хамтран ажиллаж, түрүүчээс нь зарим тодорхой үр дүнд хүрэх сайхан төлөв бий болж байна. 

Монгол, Хятадын страте¬гийн түншлэлийн харил­цааны гол тулгуур нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэж талууд үздэг. Хоёр талын аж ахуйн нэгжүүд уул уурхай, барилга, зам, тээвэр, ХАА, банк, санхүүгийн салбарт эрчимтэй хамтран ажиллаж байна. БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш, бас хамгийн том хөрөнгө оруу¬лагч билээ. Манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад БНХАУ сүүлийн 14 жилийн турш тэргүүлэх байр эзэлж ирснийг дурдах нь зүй.

Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол, Хятадын харил­цааны ойрын жилүүдийн явц байдлыг дүгнэж, цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх хоёр талын сонирхлыг нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх болом­жуудын талаар санал солилцох юм. Өнгөрсөн онд хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал тохиролцоонууд болон “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийн талаар, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор нүүрс хийжүүлэх,  төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийн хамтын ажиллагааны талаар ярилцах болно.

Монгол Улс нийт 5600 км шинэ төмөр зам барихаар төлөвлөсөн бөгөөд 2013 онд эхний ээлжинд баригдах 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Шинэ төмөр замын болон түүнтэй уялдаатай хөгжүүлэх аж үйлдвэрийн бусад төслүүдэд Хятадын нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагууд зах зээлийн зарчмын дагуу оролцох асуудал нээлттэй.Хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх зорилгоор урьд нь ажиллаж байсанМонгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүчний зөвлөлийг өргөтгөн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл болгохоор талууд тохиролцоод байна. 

Монгол Улсад нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулж, БНХАУ-д эрчим хүч экспорт¬лох сонирхолтой байдаг. Энэ яриа хэлэлцээг үргэлжлүүлж өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр ахиц гар­гах боломж бий.Нүүрс хийжүүлэх төслийн хамтын ажиллагаа нэлээд ахицтай байгаа бөгөөд ойрын үед бодит үр дүнд хүрэхээр ажиллаж байна. Энэ төсөл нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны түү¬хэнд хамгийн том төсөлд тооцогдох бөгөөд манай эдийн засгийн хөгжилд болон агаарын бохирдлыг буу­руулахад маш чухал ач холбогдолтой юм.  

-Олон нийт Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар ойлголт, мэдээлэл багатай байдаг. Ялангуяа төмөр зам, уул уурхайн хамтын ажиллагааны талаар янз бүрийн сэтгэгдэл, байр суурь илэрхийлэх нь бий. Үүнийг Та юу гэж үздэг вэ? 

-Өнөөдөр дэлхийн улс орнууд маш түргэн хурдацтай хөгжин өөрчлөгдөж байна. Бүс нутгууд эрчимтэй хөгжин даяарчлагдаж, хөгжлийн боломжуудыг алдалгүй ашиг¬ла¬хыг зорьж, хамтын хөгж¬лийн төлөө гадаад харилцаа, аюулгүй байдлын таатай, найдвартай орчныг бүрдүүлэхийн төлөө улам бүр идэвхтэй хамтран ажиллах боллоо. Цаг ямагт өнгөрснийг эргэн харж, түүнтэй жишиж харьцуулах нь урагшлан хөгжихөд төдийлөн эерэг үр нөлөө үзүүлэхгүй байх нь бий. Өнөөдөр бид урагшаа харах, хөгжил цэцэглэлийн боломжийг алдахгүй ашиглах, хамтын аюулгүй байдлын найдвартай орчныг бий болгохыг илүү их анхаарах нь зүйтэй юм.   

Өнөөдөр шинээр тавих төмөр замыг өргөн, нарийн царигаар тавих асуудлаар янз бүрийн хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд хамт-ран хэлэлцэж УИХ, Зас¬гийн газарт оруулж шийдүүлнэ. Өөрөөр хэлбэл, монголчууд бид өөрсдөө л шийднэ. Шийдвэр гаргахад улс төрийн аюулгүй байдал, эдийн засгийн бодит үр өгөөж, бусад олон талын нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдэх нь мэдээж. Үүнд гадны ямар нэгэн нөлөө байх боломжгүй.                                                                                                           

Ярилцсан А.СҮНДЭР