Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бусдыг сав таглаанаас дорд үзэж болохгүй

Эрх баригчид зүрх сэтгэлдээ дандаа хүнээ эхэлж бодож явдаг буюу тийм бол тэрнийгээ л хэлж баймаар. Хүн гэхээр ард түмэн, эх орон гээд хадуураад явчихна. Бусад үед мал, эдийн засаг, машины зам…

Хүмүүс химийн хортой саванд ус, сүү, айраг хийгээд бүр сурчихлаа. Сайханы айраг хичнээн сайхан байгаад ч “Бор үнээ”, бондгор хөх поошгинд оруулж ирсэн бол наанадаж хүнсний аюулгүй байдлын хууль зөрчиж, цаанадаж цагаан идээ биш хор болоод хувирдаг.

Хуучин цагт айлуудын амьжиргаа хэдий дутуу гуцуу ч хангалттай бидон сав, сияан, төмөр хувин, шаазан аяга тавагтай байлаа. Бүгд экологийн цэвэр бүтээгдэхүүн байж шүү. Орчин үед жижиглэнгийн бараа зонхилж янз бүрийн сав баглаа боодлууд элбэгшсэн чинь үнэгүй юманд нугасгүй манайхан аяга худалдаж авахаа больчихдог байгаа. Энэнд санаа зовж, хүүе хаая гэж байгаа дарга даамал алга. Цаашилбал, гар чийдэнгийн зай, малчдын толь бүхий аккумлятор, гар утас, гялгар уут, угаалгын нунтаг гээд нуль хорон дунд яваа хүндээ санаа тавиач. Иргэд хоорондоо нэгнийгээ хүндэтгэн ундааны нэг хэрэглээний саванд сүү хийж өгдгөө болимоор байгаа юм. 

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Отгирийд”

Худалдааны жижиг мухлагийн гадаа жаахан охин зогсоно. Цонхны цаана өлгөсөн элдэв янзын зураг хөрөгтэй, эрээн мяраан ил захидал, маркийг харна. Үндэстэн ястны хувцастай хөөрхөн хүүхэлдэйний зурагтай цуврал ил захидлуудыг нэг бүрчлэн удаан гэгчийн шимтэн үзнэ. Худалдагч эмэгтэй охиныг үл анзааран лангууныхаа цаана гиюүрэн суух аж. 

Охины ээж хүрч ирээд гараас нь угз татан чирээд явах гэтэл “Ээж ээ, энэ гоё зурагтай цааснууд юу юм бэ” гэж хэлээд гараа татав. Ээж нь “Отгирийд гэдэг юм. Алив явъя. Машинаа зам дээр орхичихсон. Хурдал” гэлээ. 

Тэмдэглэлт баяр ёслолын үеэр монголчууд бие бие рүүгээ сайхан зурагтай, энгүүн утга агуулгатай ил захидал илгээдэг байсан үе бий. Техник технологи хөгжиж, гар утас өдөр тутмын хэрэглээ болсон энэ үед ил захидал бичээд, илгээгээд сууж байдаг хүн бараг байхгүй, тун цөөн. Шаардлага гарвал цахилгаан шуудангаар зураг илгээчихнэ. Дахиад хэдэн жил өнгөрвөл ил захидал гэдэг зүйлийг мэддэг хүний тоо цөөрч мэднэ. 

Ээждээ чирүүлээд гарсан тэр охинд юуных нь буруу байх вэ. Алгын чинээ тэр амьтан ил захидал гэж юу байдгийг яаж мэдэх юм. Өнөө хорвоотой танилцсан түүх гээч чинь заавал чулуу энэ тэр байх албагүй нь. Бидний сайн мэддэг зүйл нөгөөд маань шинэ мэт санагдах нь энэ. 

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мухар амбиц

Спортын тэмцээнд хүмүүс ерөөсөө хамрагддаггүй байсансан. Ялангуяа бөх барилдаадах гэхээр залуучууд пир гээд зугтаачихна. Одоо сум, аймгийн наадамд 512 бөх, зургаан насны ангилалд нийт долоо найман зуун морь уралдуулж байгаа нь биеийн тамир спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаардаг болсны үр дүн гэхэд эргэлзээтэй.

Ердөө л бусдад атаархаж хэсэг явж байснаа амар хялбар аргаар хурдхан шиг ямарваа төрөлд алдаршаад авбал ашигтай гэсэн давалгаа нийтийг хамарчээ. Хэдий арьс өнгө, шашин, нам улс төрийн ялгаа ардчиллаар устсан ч энэ нийгэмд мөнгөгүй, эрх мэдэлгүй, нэрэн дээрээ нэмэлт цолгүй бол хэн ч биш болчихсон. Хязгаарын аймаг нутгаас орж ирэгсэд олон юмнаас хоцорчихсон тул бие хаа нь жаахан өсгөлүүн бол бушуухан бөх барилдах  эсвэл удган болцгоодог. Польшид очсон монголчууд зүү төөнүүрийн эмчийн мэргэжилтэй болчихдогтой их төстэй.

Одоо байтлаа бүр хар нялхаасаа алдарших дон тусч амбиц хөөн дух, энгэр дээрээ медальгүй морь, хүн хоёр бараг алга шив дээ. Нийгэмд үе үе иймэрхүү хийрхэл, солиорол ядуурал, хямралаас үүдэн бий болдог аж. Энгүүн эгэл амьдралыг үл тэвчигсдийг бурхан багш “чаралба” хэмээн тодорхойлж хожим үйлээ эдэлнэ гэж шоонд нь буужээ. Базарваань хум пад.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Боломжоор дүүрэн амьдрал

Америкийн элчингийн Эдийн засаг, худалдааны хэлт¬сийн дарга Дэвид Уайштай ярилцаж суухад “Би урьд нь”Уолл март” гэдэг сүлжээ дэлгүүрт менежер хийдэг байлаа. Асуудал гэдэг үгийг үгийн сангаасаа авч хаях нь бидний барьдаг гол зарчим байсан. Тэнд зөвхөн боломж, бололцоо гэсэн үгийг ашигладаг. Асуудлыг аль өнцгөөс харахаас  бүх зүйл шалтгаална гэх гээд байна л даа. Миний хувьд танай улсад болохгүй юм бий ч Монголоор дүүрэн боломж байна” гэж хэлсэн нь санаанд тод үлдчихэж. Саяхан даа, Завханы Бат¬сүх гавьяат хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа “Би Мон¬голынхоо замын түгж¬рэлд хүртэл хайртай. Сайн анзаарвал хотын замаар машиндаа хүүхдээ суул¬гачихаад явж байгаа залуус ямар олон байдаг гэж санана. Өмнө нь байгаа өчнөөн болом­жийн төлөө тэмүүлж яваа харцыг би тэр залуусаас олж хардаг. Гэтэл айхтар өндөр хөгжсөн улсын нийслэл тийм эрчимтэй хэмнэлгүй. Явган хүний замаар нохой хөтөлсөн ахимаг насныхан л олон харагддаг. Замын түгж¬рээгээ хүртэл ийм талаас нь харж яагаад болохгүй гэж.  Би Мон¬голд өчнөөн боломж бий гэж боддог” гэж чин сэтгэлээсээ ярина лээ. 

Нээрээ л нийслэлд өрнөж буй амьдралын агшин бүр хэдэн жилийн дараах өндөр хөгжлийн төлөө өрнөж байгаа. Хаа сайгүй баригдаж буй өндөр байшингууд, их хотын гудамжаар завсар зайгүй хөл­хөлдөх завгүй хүмүүс, за тэгээд саяын ярьсан замын түгжрээ. Монголчууд тэр аяа­раа ирэх жилүүдийн аз жаргалынхаа төлөө боломж бүхнийг алдалгүй шүүрэхээр завгүй амьдарцгааж байна даа. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

АПУ шил авъя

“Үйлдвэрээс гарсан бүхэн эргэж үйлдвэртээ очих ёстой” гэсэн дүрэм баримталдаг орон хог хаягдал багатай байдаг аж.  Архины үйлдвэрүүд шилээ буцааж татдаг бол аймаар том буян  болно гэж хэлэх гээд байгаа юм л даа. Үндэсний хэмээх тодотголтой, нийгмийн хариуцлагатай хэмээн өөрсдийгөө сурталчилдаг шингэн хүнс үйлдвэрлэгчид  маань хог хаягдалдаа анхаарах цаг болжээ. Архи, пиво, ундааны хуванцар сав, шил, лааз Улаанбаатарын хог хаягдлын 20-30 хувийг бүрдүүлдэг гэхээр хүнсний манлай компаниуд   хэр их идэвх зүтгэлтэй ажилладаг нь  илэрхий. 

Зүй нь тэд ундаа, архи, пивоныхоо хуванцар сав, шил, лаазыг буцааж авдаг бол  Улаанбаатарын хог хаягдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах байлаа. Нийгмийн хариуцлагатай хэмээн өөрсдийгөө сурталчлахад л анхаарахаас биш нийгмийн хариуцлагаа жинхэнээр нь ухамсарласан компани алга. Хэрэглэсэн шилийг буцааж татсанаас   урд хөршөөс шинээр оруулж ирсэн нь хямд тусдаг  гэдэг.   УИХ импортын архины  шилний татварыг өсгөвөл  үйлдвэрлэгчид шилээ буцааж татахад анхаардаг болох вий. Үгүй бол байгальд шингэдэггүй хог хаягдал нэмэгдсээр байна. 

Архидалт их байна, архины үйлдвэрүүд мундаг ажиллаж байна гэдэг гайхуулмаар амжилт биш. Олон гэр бүлийг архинд живүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаагийнхаа нөхөн төлөөсөнд архи, пиво үйлдвэрлэгчид ядаж хог хаягдлаа багасгаж буян үйлдэх  ёстой. Бүтээгдэхүүнээ хууль бусаар сурталчлах гэж зовж байхаар ядаж архины  шилээ буцааж авдаг бол хамгийн лаг сурталчилгаа болох байлаа.   

Б.ЯНЖМАА           

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Англи хэлтэй цагдаа олдохгүй сандралдаж гүйлдээд…

Саяхны нэг өдөр Хан-Уул дүүргийн замын цагдаа хоёр гадаад иргэнийг хэлтэс дээрээ аваад ирэв. Ямар учраас гадаадын иргэдийг саатуулан авчирч байгаа нь тодорхойгүй байв.  Үүдний жижүүрт “Энэ хоёрыг үлдээлээ шүү. Би яараад байна. Мэдүүлэг авна биз. Би хэл нэвтрэхгүй юм байна лээ” гээд гараад явчихлаа. Замын цагдаад баригдаад ирсэн гадаадын иргэд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн коридороор явах цагдаа болгонд тайлбар хэлээд яваад байх. Харин цагдаа нар нөгөө хоёр нөхрөөс чинь зугтаагаад, тойрч гүйгээд  байх юм. Тэгж байснаа үүдний жижүүр цагдаа нөгөө хоёрыг нэг өрөөнд орууллаа. Тэднээс   байцаалт авах гээд байгаа бололтой. Тэгсэн англи хэлтэй хүн байдаггүй. Жижүүр цагдаа өрөө болгоноор шагайж “Англи хэлтэй юу” гэж асууж байлаа. Гэвч   нэг дүүргийн цагдаагийн хэлтэст англи хэлний мэдлэгтэй  хүн олдсонгүй.  Хурандаа цолтой цагдаа  ирээд “Энэ хавиар англи хэлтэй хүн байна уу” гэж асуух. Тэгснээ “Хоёр давхраас Болдоог дууд. Англи хэлний гурван сарын курст сургасан юм” гэж байна. Тэгсэн   нөгөөх нь “Даргаа би ярьж сураагүй”  гэж хэлээд толгойгоо маажаад зогсоод байх. Энэ мэт англи хэлний гурван сарын эрчимжүүлсэн курст суусан дөрвөн ч  цагдааг дуудлаа. Тэд мөн л “Хэдхэн үг цээжилсэн” гэж хэлэх ажээ.  Ийн мунгинасаар хоёр цаг гаруй хугацааны дараа англи хэлний багш эмэгтэйгээр орчуулга хийлгэж  гадаадын хоёр иргэнээс байцаалт авсан юм.  

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зун ч ингээд дууслаа даа

 “Зуны гурван сарыг зургаа юм шиг эндүүрч явлаа” гэсэн ардын дуу байдаг. Саяхан л хавар болж зун мөд дэлгэрэхгүй юм шиг санагдаж байсан. Тэгэхнээ хаяанд намар айлчлан ирж, амралтын улирал дуусаж байна. Өглөө, үдэшдээ жаахан жихүүндүү байх болж, хангай газар уулын оройд цас будраад эхэллээ. Ерөөс монгол орны зун тун богинохон. Зуны оргил үе нь ердөө л наадмын үе юм. Тэгээд наадам өнгөрүүт маргааш нь намар болно доо, хөөрхий. Сүүлийн үед харин наадам олшроод намрыг жаахан “хойшлуулаад” байгаа. За ингээд бөөн ажлын үе ч эхэллээ дээ. Зунжин засаад байгаа замуудаа хурдхан ашиглалтад оруулахгүй бол нийслэлийн хөл хөдөлгөөн яахын аргагүй ихсээд, хүн болгон ам амандаа хараал ширээл урсгах болно шүү дээ. 

Сургууль, соёлын газрууд урсгал болоод их засваруудаа шалавлахгүй бол хичээлийн шинэ жил хаяанд хүрээд ирлээ. Энэ жил хаа сайгүй хур бороо сайтай сайхан л зун болсон. “Их идсэний маргааш” гэдэг шиг хадлан тариагаа базаахгүй бол чийг ихтэй жилийн өвөл нь ширүүн байдаг гэдэг үг ортой байхыг үгүйсгэх аргагүй. Хулгана зурам хүртэл өдийд хөеөгөө зөөгөөд завгүй байхад малчид, тариаланчид маань нэгийг бодохгүй бол горьгүй. Хувь хүмүүс ч гэсэн зуны алжаалаа сэгсрээд дор дороо довоо шарлуулах цаг боллоо. Наймдугаар сарын энэ л налгар шаргал өдрүүд эх нутгийн минь хөгжил хөдөлгөөний гол хөдөлгүүр нь байсаар ирснийг хүн бүхэн зөн совингоороо мэдэрдэг ч найр наадам хөөж налайсаар л байдаг биш үү дээ, түмэн олон мину зээ!

Л.БАТЦЭНГЭЛ 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цахим ертөнцөөс цус амтагдах боллоо

Цахим сайтад тавигдсан бичлэгүүдийг анзаараад байх нь ээ, нэлэнхүйдээ цусны эхүүн үнэр ханхлах шиг. Өөрийн эрхгүй бие арзасгээд л явчих юм. Хэн нэгийгээ барьж идэх нь холгүй улайран дайрч байгаа дунд сургуулийн охидын зодоон, PC тоглоомондоо донтсон хүүхдүүдийн буудалцаан, хот, хөдөөгийн замд гарсан аваар осол,архидалтаас үүдсэн гэмт хэргүүд. Бүгд л сайтад эгнээ байраа эзлэн тавигдах ажээ. Нийгмийн шаар бүгдийг олонд дэлгэж буй цахим сайтуудын буруу гэж юу байхав. Ерөөс манай нийгэм цаг үеийн өнөөгийн өнгө төрх ийм болсон байна. Нэг л цус амтагдсан, түүний үнэр шиг огиудас хүргэмээр хорон санаа юухан хээхнээс ч болов цухалзах болсон нь аймаар.

Тэгтэл нийгмийн энэ бараан сэтгэлзүйг улам дэврээж, өөгшүүлж байгаа юм шиг алдар цуутай хүмүүсийн “цустай” бичлэгүүд цахим ертөнцөөр “аялах” болов. Та бүхэн санаж байгаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын адууны засаа цусыг нь савируулаад бахархалтайгаар идэж байгаа бичлэг интэрнэтэд тавигдаж баахан шуугиан дэгдээсэн. Цагаанбаатар бол Монголын брэнд тамирчин. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, бусдад үлгэр дууриал болох нэгэн. Гэвч тэрээр адууны засааг түүхийгээр нь идэж гайхуулсан нь  ямар сэтгэгдэл төрүүлэх билээ. Юмны наад цаад учир ойлгодог, өөрийн гэх үзэл бодол, итгэл үнэмшилтэй хүмүүст тэр нэртэй тамирчин бус, нэг тийм “махчин” шиг л санагдана. 

Саяхан Асашёорюү Дагвадорж аваргын яст мэлхийний цус ууж байгаа бичлэг  мөн л интернэтээр цацагдлаа. Мэлхийний цус биеийнх нь эд эрхтэнд сайнаар нөлөөлдөг, бяр тэнхээ тамир суулгадаг ч юм уу, мэдээж сайн болоод уусан байгаа байх л даа. Гэвч түүнийгээ баримтжуулаад дэлхий нийтэд цацахын хэрэг байна уу. Наад зах нь монголчуудыг гадныхан юу гэж ойлгох вэ.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бороотой наадам

Өвөрхангай аймгийн Хужирт сум өнгөрөгч сарын дундуур үүсгэн байгуулагдсаны түүхэн ойгоо тэмдэглэв. Ус нутагтаа төрсөн уугуул, суугуул иргэд нь цуглараад дэлгэр сайхан л наадлаа. 80 жилийн ойгоо угтаж, жил гаруйн өмнөөс их ажил өрнүүлэн, хүн зоноороо л хөдөлжээ. Суманд байх албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудаа дайчлан сарын өмнөөс нээлтийн хөтөлбөрөө “өдөр, шөнөгүй” бэлджээ. Гэтэл энэ бүхний эцэст наадам, ой болох хоёр өдөр нь усан бороо цутгаж өнжих нь тэр. Ер долдугаар сард тус суманд орсон “хоёр бороо” нь л тэр байсан болов уу. Наадам ч дууссан, бороо ч зогссон. 

Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцсон, барилдсан, харвасан, уралдсан хүмүүсээс гадна сонирхохоор ирсэн наадамчин олны тусгайлан хийлгэсэн ганган дээл ингэж “дашиншог” боллоо. Тэднийг наадмын гоё сайхныг мэдрэхгүй, тэгсхийгээд гэр гэр рүүгээ харихаар яаравчлахад “Бороогүйсэн бол мөн чиг сайхан наадам аа” гэх үгс л наадмын талбайд үлдэж байв.

Уг нь тус сумын ойг тэмдэглэх товыг наадам болохоос 20 хүрэхгүй хоногийн өмнө баталсан. Өнөө үед Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээллийг сарын өмнөөс л гаргачихдаг болсон. Тиймээс олон хүний, сар, өдрөөр бодож, хүлээж, төлөвлөж, зорьж ирсэн наадмыг нь цаг агаарын таатай нөхцөлд хийчихэж болох байсан. Ядах юмгүй, интернэтээс харахад л болох байв.

Тиймээс цаашдаа зөвхөн тус сум гэлтгүй бусад аймаг, сумдын удирдлагууд наадмынхаа товыг гаргахдаа үүнийг бодолцоход илүүдэхгүй санагдана.

Т.ГЭРЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төрөх эмнэлгийн зөвлөл

Энэ зун хүн бүр аль нэг сумын ойд, ямар нэгэн байдлаар оролцож байгаа гэхэд хилсдэхгүй. Төрсөн сум нь биш гэхэд хадмын, аавын, ээжийн гээд сумын ой өөрт нь хамаарч л таараа. Зарим нь амралтаа тааруулж нутгийнхаа ой руу давхиж байгаа бол нөгөө хэсэг нь банкин дахь хандивын дансанд хэдэн төгрөг хийчихээд наадмынхаа сонинг утсаар сонсч байгаагаас гарцаагүй. Аймгаараа, сумаараа, сургуулиараа овоглосон л бол ойд нь ямар нэгэн хэмжээгээр заавал оролцох ёстой гэж манайхан үздэг. Нутгийн зөвлөлийнхөн хүмүүсийн ийм өөриймсөг үзэл дээр тулгуурлаж ойгоор багагүй хандив цуглуулдаг. Цугласан мөнгөний ихэнх нь түрүү бөх, морины бай багахан хэсэг нь сумын угтах хаалга, хөшөө, захиргааны байрны засвар төдийхөнд зориулагддаг. Сум, сургууль ойгоо тэмдэглэхэд хэдэн зуун саяар тоологдох хандив цугладаг юм чинь төрөх эмнэлгүүд ойгоо тэмдэглэвэл яах бол. Нийслэлийн нэг төрөх эмнэлэгт төрсөн хүний тоо лав аймгийнхаас хавьгүй олон байгаа. Төрөх эмнэлгийн ойд тэнд төрсөн хүүхдүүд хандив өргөөд, цугласан мөнгөөр нь өргөтгөл барьж болно шүү дээ. “Би чинь I төрөхийн хүүхэд шүү дээ” гэж ярьж яагаад болохгүй гэж. Нэг онд төрсөн хүүхдүүд нийлээд нэг хэсгийг нь сайхан тохижуулахад ядах юмгүй. Тэгвэл суманд хөшөө барьснаас илүү үр дүнтэй, өгөөжтэй бүтээн байгуулалт болно доо. Нутгийн зөвлөл хандив цуглуулаад байхад Төрөх эмнэлгийн зөвлөл яагаад болохгүй гэж. Төрөх эмнэлгийн зөвлөл байгуулж, төрсөн эмнэлгийнхээ ойг тэмдэглэцгээе. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР