Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цас ороход бид бороог мартдаг

Хятадын Хэнань мужийн 38 настай эмэгтэй Линийг гэртээ харих замд нь гурван эмэгтэй газар түлхэн унагаж, хувцсыг нь урж, өшиглөн олны өмнө зоджээ. Лин нь эхнэртэй хүнтэй дотно харилцаатай байсан бөгөөд түүнд халдсан эмэгтэйчүүдийн нэг нь Линтэй дотно харилцаатай байсан залуугийн эхнэр гэнэ. Харин нөгөө гурван эмэгтэй нь тэр эмэгтэйн найзууд бөгөөд тэд Линийг отож байгаад дайрсан нь тэр аж. Хятад оронд болсон үйл явдал болохоор нэг их гайхах юм алга. Ер нь хүний хорвоод ирсэн хүн бүр л бүх зүйлийг өмчлөх гэдэг нь жам. Өөр хүүхэнтэй яваад байгаа нөхөр биш, эмэгтэй нь шийтгэлийг нь амсчээ. Хүний ёсонд байдаг л нэг шударга бус явдал. Бас байдаг л нэг зүйл. Харамсалтай нь энэ хорвоод эд хөрөнгөнөөс өөр зүйлийг өмчилж бид чадахгүй байсаар төгсдөг. Тэр эд хөрөнгө ч гэсэн цаг зуурын л зүйл. Цас ороход бид бороог мартдаг шиг. Өмнөх учралыг дараагийн учрал ирэхэд мартдаг нь жам. Хүн мөнх биш болохоороо энэ хорвоод ирж жаргал зовлонг хэдэн янзаар нь туулдаг. Тэгэхээр аз жаргалыг хүн юу гэж бодно түүгээрээ л хүртдэг л дээ. Учрал сайхан гэж бодвол учраад л бай. Нэр алдар хэрэгтэй гэвэл түүний төлөө шуна. Хайр сэтгэлээс догдлол мэдрэхийг хүсдэг бол мэдэр. Үнэнч байна гэж бодсон нь үнэнч байг. Хамгийн гол нь үдлээд буцах энэ амьдралд утга хийж амьдарч чадаж байгаа нь өөрөө аз жаргал юм. Хүн бүхэн хүссэнээ хийж амьдраг. Өөрийнхөөрөө л яваг цаашаа, өөрийнхөөрөө амьдарч байгаа хүнийг харин адлаад яах юм.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Өөртөө зориулах цаг

УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх саяхан нэг телевизэд өгсөн ярилцлагадаа “Би өмнө нь өөрийгөө сонсох завгүй улс төрд зүтгэжээ. Улс төрөөс хөндийрөөд өөрийгөө сонсох цаг зав гарсан. Миний амьдарч байсан Австралид бороо их орох юм. Бороотойд зөндөө л юм бодогддог юм байна” гэсэн агуулгатай зүйл ярина лээ. Ажил гэр, гэр ажил гэсэн маршрутаар өрнөх зав чөлөөгүй өдрүүдэд нээрээ бид өөртөө цаг гаргаж, дотоод сэтгэлээ сонсохдоохэр хүмүүс билээ. Ж.Гүррагчааг сансарт нисэхэд эмчээр нь ажилласан Лхагваа доктор Н.Багабандийг төр тэргүүлэх үед нийгмийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Өрөөгөөр нь өдөр хавьд шагайхад мань эр компьютерийнхаа ард ая сонсоод сууж байдаг сан. Учрыг нь асуухаар сонгодог ая сонсохоор эрч хүч, энерги авдаг гэж ярина. Тэр агшин бол зөвхөн Лхагваа зөвлөхийн цаг. Амралтын цагаараа ая сонсоод тухалж суугаа хүний өрөө рүү нээрээ хэн л шуудхан яваад орох вэ дээ. Их ажлын өдрийнхөө хэдхэн минутыг өөртөө зориулж, дуртай зүйлээ хийгээд дадчих нь өөрөөрөө орших, хүнээ алдахгүй байхын эхлэл байх шүү. Бас өөрийгөө цэнэглээд авна. Дуртай зүйлээ хийж, эрч хүч авсан хэн ч ажлаа түүртэлгүй амжуулчихаад гэрийн зүг инээмсэглэн алхана гэдэгт эргэлзэх юу билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хамгийн анхны ээж хэнээс төрсөн бэ?

Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад бусдыг шалгааж, хэцүүхэн асуултаар улалзуулж явсан удаа нэг бус. Харин одоо надад үе үе хүндхэн асуулт тавьж, “бүдрүүлдэг” нэг хүнтэй болсон. “Ээжээ, нарыг хэн асаадаг вэ” гэж гурван настай охин маань асуухад анх удаа би нэлээд хүнд байдалд орсон. Дунд сургуульд нар сар, одны тухай ямар нэгэн хичээл үзэж байсан ч тэрхэн үедээ тоймтой юм толгойд орж ирээгүй ээ. Харин саяхан охин маань их л энгийн асуултаар яриагаа эхэлдэг байгаа. “Ээжээ, та эмээгээс гарсан тийм ээ”, “Тийм ээ, миний хүү”, “Эмээ өөрийнхөө ээжээс гарсан тийм ээ”, “Тийм ээ”. “Тэгвэл бүүр хамгийн эхний эмээ хаанаас гарсан бэ?” гэхэд нь ахиад л мухардав. Адам, Ева, алимны мод, Бөртэ чоно, Гуа марал гэсэн хэдэн нэр санаанд буусан ч таван настай охинтой ярилцахад амаргүй сэдэв аж. Хэсэг бодож байгаад бурхан руу “чихлээ”. “Бурхан хамгийн эхний хүнийг бүтээсэн юм аа, миний охин” гэлээ дээ. Дундад зууны үед ч ээжүүд иймэрхүү л хариу өгдөг байсан биз.

Хөдөө малаа хариулж яваа малчин ээжээс би мэдлэгтэй биш бас ухаантай биш. XXI зуунд, мэдээллээр бөмбөгдүүлж явдаг ч сэтгэлд үлдэж хоцордог юм дэндүү цөөхөн. “Хүмүүс мэдэхгүй юмаа бурхантай холбож тайлбарладаг байсан” гэж түүхийн хичээл дээр багш ярьсан санагдана. Тиймээ, надад мэддэг юм их. Гэхдээ л бас хамгийн эхний ээж шиг “Бурхан”-аас өөр хариулт олдохгүй үе олон юм даа.

Б.Янжмаа

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Далайгаас өөр гарцгүй, газаргүй орнуудын зовлон гэж бас байж таараа

Эрт урьд цагт дээд өвөг маань тэнгис далайг гэтэлж ирээд “Болдсайхан эмч” нэрт нэгэн хөвүүн төрүүлснээс хойш дахиж араас уснаас ирэх тухай гомдол гаргаагүй санагдах юм. (МНТ номноос сурв) Харин буцаад далайдаа гарч тив дэлхийгээр тойрон бэдэрч арилжаа наймаа хийж байх тухай санал гомдлыг байнга тавьсаар ирсэн байдаг. Одоо бүр цаг сайхан болж Хятад улсын найман ч боомтоор гарах эрх нээгдэн Монголын далбаатай усан онгоцнууд ярайж өгөх нь.

Тэдгээрийг түрээсэлдэг, лизенц олгодог, туг далбаагаа ашиглуулах гээд маш ашигтай, янзын гоё албан тушаал байдаг гэж сонссоноос цаашгүй.

Жюль Верний “Нууцат арал” зохиол дээр гардаг лугаа амьдрал буцалж байсан ганц арлыг нь галт уул дэлбэлж орхивол хязгааргүй далайн дунд юу ч үгүй торойж үлдэх том жижиг олон ард түмэн бий. Ялангуяа дэлхий дулаарч, усанд үйж болзошгүй арлын Япон шиг олон улс орнуудын асуудлыг шийдэхийн тулд олон улсын байгууллагаас далайд гарцтай болгосны хариуд хуурай газрын гарцнаасаа илүүчлэх ээлж ирэхийг үгүйсгэх аргагүй юм.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Гэр бүлийн аз жаргал

Саяхан нэг ах маань хэлж байна. “Пунцагийн Бадарч гуайтай уулзлаа. Их ухаалаг сайхан хүн юм аа. Надад бүтээлийн дээжээ барихдаа “Танд гэр бүлийн аз жаргал, эрүүл энх, буян хишгийг ерөөе” гэж бичжээ. Өдий насны өндөрлөгөөс энэ хүн ямар үг бичих нь вэ гэсэн бодол тухайн агшинд төрж байсан. Хүний хорвоогийн хамгийн эрхэм зүйл гэр бүлийн аз жаргал гэдгийг Бадарч гуай мэдэрчээ” гээд ихэд тааламжтайгаар өгүүлэх нь тэр. Нээрээ л гэр бүлийн аз жаргалаас амьдралын сайхан, баяр баясгалан ундардаг билээ.

Харин тэрхүү сайхны үнэ цэнийг бид өөрсдөө ухаардаг билүү. Наад захын жишээ гэхэд, манай харцуул ажлынхаа газрын бүсгүйчүүдтэй нэг л нялуун, хий хоосон дүр эсгэсэн, уруул дэвссэн байдалтай наалинхайтна. Тэгснээ гэртээ очоод гэнэт хохилзож, ёхилзоод хүйтэн хөндий болоод ирэх нь хачирхалтай. За тэгээд нам дагаж далдганасан залууст гэргий хүүхэд ер нь бодогддог болов уу гэмээр. Хэн нэгэн дарга даамлын ар өвөрт бөхөлзөж, цүнх савыг нь барьж бүтэн шөнийн турш өмхийртлөө архидан, эцэс төгсгөлгүй үзэл бодлын маргаан өрнүүлж, баахан эх орончид царайлж, албан тушаалын хэнээрхэл нь багтаж ядсан тийм л дүр зураг харагдах нь бий.

“Лэнсий” байдлаар эхэлсэн амьдрал үнэ цэнээ алдах талтай. Өнөөгийн нийгмийн өнгө төрх ийм л байдалтай болж дээ, янз нь. Бүгд амар хялбараар мөнгө олохыг боддог, албан тушаалын үзүүрээс зуурч байж сайн сайхан амьдрах юм шиг итгэцгээдэг. Өдөр тутмынхаа ажилд чин сэтгэлээ зориулдаг хүн л өргөө гэрийнхээ сайн сайхныг бий болгодог бус уу.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Худлаа ярьсан чинь баригдаад…

Фэйсбүүк, твиттер хоёроос болоод захиралдаа, эхнэртээ, нөхөртөө худлаа яриад баригдсан жишээ олон байна шүү. Багын найз маань саяхан найзуудтайгаа салхинд гарахаар болж дарга руугаа “Бие өвдөөд босч чадахгүй халуураад байна. Өнөөдөр эмнэлгээр явахаас” гэж амьсгаадаж ярагласан хүн ярьжээ. Дарга нь ч сандарч “Яаж туслах уу. Мөнгө төгрөг байгаа юу. Таньдаг эмчдээ хэлж өгье” гээд сүйд болж. Гэтэл тэр өдөр нь даргаас дуудлага ирж гэнэ. Манай хүн ч яахав өрөвдүүлэх санаатай нам дуугаар ярьж эхэлтэл захирал нь ууртайгаар “Чи худлаа ярьснаа нууя гэвэл найзаасаа нэг зүйл гуй. Фэйсбүүктээ миний зургийг битгий тавиач гэж хэл дээ” гээд утсаа салгачихаж. Мань эрийн найз амралтанд олуулаа авахуулсан зургаа фэйсбүүктээ тавьчихсан байсныг дарга нь харсан хэрэг. Их сургуулийн найзтайгаа таарсан чинь бас нэг хөгтэй явдал ярьж байна. Ажлынхантай ресторанд суухдаа эхнэртээ “Хуралтай байна” гээд худлаа ярьчихсан гэнэ. Ресторанд ид дундаа суутал эхнэр нь залгажээ. Дуу нь нэг л янзгүй сонсогдохоор нь хар авалгүй “Хурал дээр их чухал асуудал ярьж байна” гэж ажил хэрэгч царайлаад утсаа тавьчихаж. Орой юу болсон нь тодорхой. Эхнэр нь худлаа ярьж ресторанд суусныг нь мэдчихсэн байжээ. Найзыг маань худлаа хэлсний дараахан ажлын газрын бүсгүй нь фэйсбүүктээ “Ажлынхантайгаа гоё сууж байна” гэсэн тайлбартайгаар бөөнөөрөө сууж байгаа зургаа оруулсан байж. Энэ мэтээр худлаа ярьсныг нь фэйсбүүк, твиттер илчлээд байдаг болж дээ, цаана чинь.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Намрын дунд сарын арван долоон

Монголчууд намрын дунд сарын арван долооны өдрийг хэзээнээс бэлгэшээж насны хань болох сэтгэлийн амрагтайгаа заяагаа зангиддаг уламжлалтай. Энэ жилийн хувьд бар өдөр давхцаж тал нутгийнхан унага тамгалах найраа хамтатган ёсолж байгаа. Эл билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд далан долоон хос гал голомтоо бадраах ёсоо үйлдлээ. Хөдөө нутагт ч олон хос тоонот гэрт толгой холбож, жаргалын дугараа мэлтрүүлж байгаа. Хүдэр залуус ороолон чавхдах унагадыг уургалан барилж, галд улайдсан тамгыг шархийтэл даран, хүлэг эрдэнээ эзний ёсоор тойлж байгаа. Намрын дунд сарын арван долооны өдөр орой намрын бороо шивэрч, уулсын орой будантан байна. Сэтгэлд гуниг, баяр ээлжлэн хургана. Угаас хүний амьдрал жаргалтай бас зовлонтой. Намар хэдий гунигтай ч залуу хосын сэтгэлд гэрэл гэгээтэй дурсамжаар дүүрэн үлддэгээрээ сайхан. “Жаргалтайн дэлгэр ээ” гэсэн уртын дууны шуранхай өргөө гэрийг нисгэх шахан жигүүрлэж, улаа бутарсан халмаг хүмүүс мөнөөх дууны үгийг гүйцэд мэдэхгүй ч “Ээ ээхийгээ” хэмээн баясгалантай сайхнаар түрэн дуулцгаана. Уяа шузга дээр мөнгөн тоног бүхий ганган боржигон эмээлтэй морьд молор эрдэнийн толгойгоо хаялан дүүхэлзэж, хазаарын амгайгаа хазлан эвшээцгээнэ. Залуу хос биесийг түшин жаргалтайхан залхуу маягаар талимааран хоймор голлоно. Өвгөд настан намбатайхан дүмбийцгээж, хэд гурван дугарааны дараа сургааль айлдан, “Халзан цагаан хонь, халтар гүүний унага аваарай” гэж халуун хошуут мал амлан мөнгөн аягатай сүүг цэнхэр хадган дээр мэлтэгнүүлэн барина. Найр хавтгайрч, өрх үүсгэж сум сунгасны жаргалтайн дэлгэр бүрдэнэ. Намрын дунд сарын арван долоонд найр хурим өрнөж, насны жаргал ирнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан

Хорих ангид арав гаруй жил хоригдсон залууг түр чөлөөгөөр гарах үед хамт байж таарлаа. Харгалзагчийн хараа хяналтад гэр рүүгээ явж байгаа тэр залуу “Хот маань ямар сайхан болчихоо вэ. Энэ олон өндөр байшин, бүтээн байгуулалт, хөгжлийг хараач. Замаа яасан сайхан өргөн болгоо вэ. Машинуудыг харахад л хүмүүсийн амьдрал дээшилжээ. Тэр хүүхдүүдийг хараач. Инээлдээд жаргалтай гэдэг нь. Өө, тэр хүү формоо тайлаад хашлага дээр тавьчихлаа. Мартаад аав ээждээ загнуулна даа. Сайхан загнуулах ч сайхан шүү” гэх зэргээр ам хуурайгүй баясна. Тэгснээ “Гудамжаар алхаж байгаа хүмүүс яасан ч өнгөлөг, жавхаатай юм бэ. Арван хэдэн жилийн өмнөхөөс шал өөр, бүр сайхан болжээ” гээд бүсгүйчүүдэд харц унагана. Тэр залууд эрх чөлөөтэй хүн бүр жаргалтай, нийслэлийн минь зам талбай, байшин барилга, түгжирсэн машин, шарласан мод, бүр хөглөрсөн навчис хүртэл сайхан харагдаж байгаа нь мэдрэгдэв. Бүр биширч, атаархаж байгаа нь нүднээс нь харагдав. Харин хажууд нь суугаа харгалзагч залуу машиныхаа цонхоор ч хараагүйгээр үл барам “Байдаг л юм” гэх янзтай тоомжиргүй гар утсаараа оролдох аж. Хавь ойрдоо шунан дурлах, орчноо мэдрэхийг ч хүсэхгүй суугаа хоёр залууг хараад “Бид сайхан бүхний дунд дэндүү эрх чөлөөтэй яваагаа анзаарахгүй юм даа” хэмээн жаахан харамсав. Тэгснээ “Энэ залуу эрх чөлөөтэй байхдаа одоо ярьж байгаа бүхнээ анзаараагүйгээр барахгүй, амьдралдаа сэтгэл дундуур байсан биз” гэж харгалзагч залуу болон өөрийгөө өмөөрөх аядав. Зам түгжрэлтэй, гудамж шороотой, хүмүүс нь уур уцаартай ер нь Улаанбаатарт болж бүтэж байгаа юм алга гэж ярих хүн олон. Хөмсгөө зангидчихсан яваа нөхдүүдийн нэг нь өөрөө гэдгээ ч анзаардаггүй. Заавал хол, өөр газар байж сайхан байснаа мэдрэх гэж үү. Олныхоо дунд, эрх чөлөөтэй амьдарч байгаа нь өөрөө сайхан. Сайхаан, сайхан.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Нэгэн сургаалыг уншаад бодохдоо…

Нэг лаа нөгөөгөө асаахдаа юугаач алддаггүй гэж нэгэн мэргэн хүн сургажээ. Харин үүний үр дүнд гэрэл л нэмэгддэг. Харанхуй өрөөнд нэг лаа гэрэлтэй, харин хоёр болбол бүүр илүү гэрэлтэх нь ойлгомжтой.

Мэргэд хэн нэгний оюун ухааныг гэгээрүүлэхэд ямар ч зардал гарахгүй харин үүний үр дүнд нийгэм илүү сайхан, илүү аз жаргалтай болдгийг л ингэж зүйрлэн хэлсэн байна. Тэгэхлээр мэддэг чаддаг зүйлээ бусдадаа харамгүй хэлж өгөх нь, мэдлэг туршлага дутмаг хүмүүст зааж зөвлөх нь та өөрөө өөртөө тусалж байгаа хэрэг аж.

Хүн болгон мэдлэг туршлагатай, ухаалаг амьдарч эхэлбэл нийгэм маань гэрэл гэгээгээр дүүрэн байх болно. Нийгэм илүү гэрэл гэгээтэй байвал танд л амар амгалан аз жаргалтай амьдрахад амар байна биз дээ. Орчин үед хүмүүс бүүр их нийгэмшсэн цагт амьдарч байна. Нийгмээс өөрийгөө тусгаарлах оролдлого бүр амжилтгүй болж ирсэн түүхтэй.

Иймээс хүн бүр өөрийнхөө амьдралыг ухаалаг, бас аз жаргалтай авч явах ёстой. Хүн болгон аз жаргалтай байвал энэ хүн төрөлхтөн тэр чигтэй аз жаргалтай байх болно. Тэгэхлээр яаж аз жаргалтай байх аргаа бусдадаа харамгүй хэлж өгөөрэй. Ингэлээ гээд хувь хүний нийгмийг бүрэлдүүлэх байр суурь чинь бүдгэрэхгүй шүү гэсэн сургаал юм даа гэж дээрх үгийг уншаад бодож байлаа.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Залуус давжаараад байна уу даа

Нэлээд хэдэн жилийн өмнө Герман улсын нэгэн хотноо “Чингэс хаан ба түүний өв сан” гэдэг нэртэй үзэсгэлэн үзэж билээ. Овоо хэдэн улс хамтарч өөр өөрийн үзмэрүүдээ нэгтгэсэн гэх тэр үзэсгэлэн их л том байсан санагдах юм. Тэр үзмэрүүдийн нэг нь онцгой анхаарал татсан. Монгол дээл. Жирийн нэг монгол цэргийн даавуун дээл. Уг нь би тийм ч жижиг биетэй хүн биш. Гэхдээ тэр дээлийг аваад нөмөрвөөс томдоно уу гэхээс багадахааргүй хэлхийсэн тэрлэг байсан бөгөөд эзэн нь дэлхийн талыг чичрүүлж явсан өвөг дээдсийн маань нэг байсан гээд бодхул омогшиж байж билээ. Монголчуудыг том биетэй дайчид байсныг батлах эх сурвалж энэ дээлнээс гадна цөөнгүй тэмдэглээстэй байдаг шүү дээ. Арвангуравдугаар зууны үед ааруул, ээзгий, борцноос өөр хоол тэжээлгүй байсан тэр хүмүүсийн үр удам уг нь өнөө цагийн элбэг дэлгэр идэштэй үед бас дутахааргүй том байхаар. Гэтэл гудмаар хөлхөх залуус улам л давжаа болоод байна уу даа. Том, жижиг, гүзээтэй намхан эрчүүд ерөнхийдөө их олширсон байгаа биз. Бие бялдраа хөгжүүлэх тал дээр анхаарахгүй бол өмнөд Азийн иргэдтэй ижилсэхээр шахуу л болоод байна шүү.

Д.БАТЭРДЭНЭ