Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Цагаан хар улаан” ч сайхан даа

“Цагаан хар улаан” гэдэг ном саяхан уншлаа. Өнгөний тухай ном юм болов уу гэсэн чинь үгүй юм аа. Зохиолч Ховдын Булганд очиж, настай улсуудаар хэсч, хууч домог сонсож, элдвийн яриа өрнүүлж яваад энэ романыг бичжээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Цагаан хар улаан” роман торгуудын үүх түүх, нүүдэлчдийн туульсын сэтгэлгээ, уран бүтээлч хүний дотоод ертөнц, хайр дурлалын тухай зохиол гэж тодорхойлоход болно. Урлаг гэж юу юм, жинхэнэ нь хуурамчаасаа юугаараа эрс ялгардаг юм бэ, уран бүтээлч байна гэдэг нь зүгээр нэг нэр алдар, мөнгө ашиг хөөхөөс хэдий хэр дээгүүр юм бэ гэхчлэн үзэл бодлын шинжтэй зүйлс бас дэвшүүлжээ.

Энэ романд зураач Рэнцэнраа, харь бүсгүй Пенелопе хоёрын хайр сэтгэлийн эмзэг нандин харьцаа, зөрчлийг гайхамшигтай нарийнаар дүрсэлсэн байдаг. Монгол туульч Намаржааны дүрээр устаж, мөхөж буй монгол сэтгэлгээ, оюун санааны тухай хөндсөн нь гайхамшиг юм. Гайхамшиг ч юу байхав дээ дүүрэн гуниг юм. Зохиолын гол баатар, зураач Рэнцэнраа урлаг болоод аж төрөхүйн мөн чанарыг таньсан байдаг. Рэнцэнраад аргаль угалзын эвэр сонин биш, хамгийн гол нь оюун сэтгэлгээний нандин дархлаа байгаад байдаг. Гэвч, сэтгэл зүрхний хайр дурлалд хил хязгаар байдаггүйн үлгэрээр тэрбээр Пенелопедоо мөнхөд үнэнчээр үлддэг.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бөхчүүд буяны үйлсийг дэлгэрүүлдэг болоосой

Хуучин цагт үндэсний их баяр наадам, цагаан сараар л томоохон барилдаан болдог байлаа. Одоо бол үндэсний их баяр наадам, аймаг сумдын ой, Үндсэн хууль батлагдсаны ой гээд цаашилбал нэг компанийн үүсгэн байгуулагдсан өдөр, нэртэй цуутай эрхмүүдийн төрсөн өдөрт зориулаад жилдээ заал, дэвжээний тоймгүй олон барилдаан болдог болж. Бөхчүүд ч аль л шагнал бай өндөртэйг нь сонгон байж барилдаж харагддаг. Энэ зун хичнээн ч аймаг, сумын 90 жилийн ойн барилдаанууд болов. Нэг сумын ойн барилдаанд түрүүлэхэд л дор хаяж хоёр сая төгрөг халаасалчихаж байгаа юм, бөхчүүд. За тэгээд том компанийн нэрэмжит барилдаан хэдэн саяар бай шагнал яригдана. Ингээд бодохоор бөхчүүд орлого өндөртэй байгаа биз. Татвар өгдөг тухай мэддэг ч үгүй байх. Бодвол олсон хэдэн төгрөгөө ёстой өнөөх цолны найраандаа цацдаг биз. Ер нь бөхчүүд сайн үйлсийн аян, буяны үйлст хандив өргөдөг болбол яасан юм бэ. Нутгийн бөх улсын цол хүртлээ гээд л нутаг уснаас нь эхлээд жил бүрийн наадмын дараа Бенз, BMW, Ланд машин, байр орон сууц, насаараа барж идэхээргүй л мөнгө төгрөг тэдэнд өгдөг. Монгол бөхөө дээдэлдэг ард түмэн л бөхөө гээд байхаас биш бөх нь ядарсан нэг ч иргэнд хандивын гараа сунгалаа гэж лав сонсоогүй. Үндэсний бөхчүүдээс шүү. Бусад салбарт амжилттай яваа хүн болгон л нийгэмдээ сайн сайхныг хийж бүтээдэг, боломж бололцоогоороо хувь нэмрээ оруулдаг болчихож, бөхчүүд минь.

Д. ДАВААСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Эрчүүд яагаад жаахан зовж болохгүй гэж…

“Танайх үрийн суваг боох мэс засал хийдэг үү” гэж хэдэн газраас асууж үзвэл “Үгүй” гэсэн хариу сонслоо. Бэлгэвч хэрэглэхийг эс тооцвол эрчүүдийн хувьд үрийн суваг боох мэс засал гэдэг жирэмслэлтээс хамгаалахад оруулж буй эрчүүдийн ганц хувь нэмэр. “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч З.Цэгмид нэгэн сайтад ярилцлага өгөхдөө “Ер нь жирэмслэлтээс хамгаалах эрчүүдийн үрийн суваг боох хагалгаа гэж байдаг. Эмэгтэйчүүд өөрсдөө жирэмслэлтээс хамгаалаад явж чадаж байгаа үед энэ хагалгааг хийх шаардлагагүй гэж үздэг. Надад ийм саналыг үйлчлүүлэгчид маань тавьж байсан. Тэр бүхэнд учрыг тайлбарлаж ойлгуулаад явуулдаг” гэж ярьсан байна. Тэр өөрөө эр хүн болохоор “ашиг сонирхлын зөрчилтэй” хариулсан байж магадгүй. Түүнээс биш үрийн суваг боох нь үр тогтоохгүй л болгож байгаа болохоос биш бэлгийн чадварт нь нөлөөлөхгүй л дээ. Харин үүний оронд эмэгтэйчүүдийг “зовоох” өч төчнөөн арга, эмчилгээ, үйлчилгээ хөвөрнө. Эмэгтэй хүний үр дамжуулах хоолойг боох асуудлыг хэн ч эр хүний үрийн суваг боохын дайтай хүнд хүлээж авахгүй. Жирэмслэлтээс хамгаалахын тулд эмэгтэй хүн элдэв даавар уухаас авахуулаад эрүүл мэндэд гаж нөлөө ихтэй өч төчнөөн арга замыг туулдаг. Үрийн суваг боох мэс заслыг өргөн дэлгэр хийж болохгүй шалтгаан байдаг л даа. Ахиж хүүхэдтэй болохгүй гэсэн үедээ л эрчүүд ийм аргыг сонгох болдог. Нэгэнт ийм арга сонгосон бол буцаах арга байхгүй нь үнэн. Тийм ч учраас нэгээс, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг Хятадад энэ аргыг ихээр хэрэглэдэг. Бас мөнгөтэй эрчүүд, хууль бус хүүхэд, өв залгамжлагчийн зөрчлөөс сэргийлж энэ аргыг сонгох талтай. Гэсэн ч эхнэрээ бодож ийм сонголт хийж байгаа эрчүүдэд сонголт олгох хэрэгтэй шүү дээ.

Б.Янжмаа

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хадам ээж

Хадам ээжтэйгээ байнга зөрчилддөг нэг бүсгүй оточ лам дээр очоод “Би хадмаасаа аль болох хурдан салмаар байна. Аажмаар хордуулах хор өгөөч. Шууд хордуулчихвал намайг гэдгийг мэдчихнэ” гэж л дээ. Оточ бүсгүйд боодолтой зүйл өгөөд “Энэ хорыг хагас сарын турш өглөө оройд бага багаар хувааж өгөөрэй. Хордуулж байгаагаа мэдэгдэхгүйн тулд аль болох сайхан аашилдаг юм шүү” хэмээн захиж гэнэ. Бүсгүй ч өдөр бүр ээждээ амттай хоол, аагтай цай бэлдэж өгч, өнөө хорноос бага багаар хийж эхэлжээ. Мэдээж ламын хэлснээр хадамдаа эелдэг хандахаа мартсангүй. Гэтэл бүсгүйн санаанд оромгүй юм болж. Өдөр бүр үглэж загнадаг хадам ээж нь орж гарсан хүн бүрт бэрээ магтаж, хийсэн хоолных нь амттайг шагшиж, чин сэтгэлийн яриа дэлгэж, хачин сайн ханддаг болчихож. Бүсгүй ч өдөр ирэх бүр хадмынхаа тухай сайхан бодол тээх болж дээ. Долоо хоног өнгөрсний дараа бүсгүй өнөө отчийндоо буцаж очоод “Би хадам ээжийгээ буруу бодож байжээ. Ээж минь үнэхээр сайн хүн юм байна. Таны өгсөн хорыг анагаах ерөндөг гэж байна уу. Ээжийгээ аврахад туслаач” гэж гуйжээ. Энэ үгийг сонссон оточ инээмсэглээд “Би юу гэж танд хор өгөх билээ. Тамир тэнхээ сайжруулах тан өгсөн юм. Танд хандаж буй хүмүүсийн хандлага таны яаж хандахаас л шалтгаалж байгааг ухааруулах гэсэн юм” гэжээ. Энэ бол сэтгэл зүйчдийн хэлдэг нэг жишээ л дээ. Ойр тойрныхондоо чин сэтгэлээсээ талархан хандаж, инээмсэглэл тодруулан алхаж, бусдад туслахыг хичээж явдаг хэн ч яг л ийм эерэг хандлагыг орчин тойрноосоо мэдэрнэ гэдгийг энгийнээр ухааруулсан сайхан жишээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Үйлийн үрээ хойд насандаа биш энэ насандаа үүрдэг болчихжээ

Хуучин цагт хүмүүс богино насалдаг байлаа. Дундаж нас дөч хавьцаа байсан юм болов уу. Тээр хойно жараад оны сүүл хавьцаа намайг бага байхад тавин насны ой гээд л нижгэр найр болдог байв. За тэр ч яахав би энд шал өөр юмны тухай ярих гэсэн юм. Бурханы сургаалд энэ насандаа нүгэл үйлдвэл хойд насандаа зовж үйлдсэн нүглийнхээ төлөөсийг төлдөг гэж сургадаг байв.

Тиймдээ ч бурханы шашинтай хүмүүс их хүмүүжилтэй хүлцэнгүй даруу байдаг. Харин сүүлийн үед “Бурхан гэж хэзээ байсан юм. Бас хойд нас гэж байгаа ч уу үгүй ч үү. Байлаа ч хаа байсан хойд нас вэ” гэсэн бодлоор аливаад ханддаг болсон. Иймдээ ч хүмүүс их эвдэрч ёс жудаг муутай, “ер юу ч хийсэн яадаг юм” гэсэн бодлоор даруулгагүй, аливааг дээрэнгүйлж өөрийгөө ихэд бодон явах нь ихсэв.

Энэ бүхний хариуг бурхан дор нь барьж энэ яваа насанд нь аливаа үйлдсэн нүглийн нь төлөөсийг амсуулаад байх болсон нь хачирхалтай. Бид бүхний хамгийн сайн мэдэх Н.Энхбаяр дарга байна. Тэр бээр нэгэн цагт титэмгүй хаан, амилсан бурхан мэт шүтэгдэж толгойтой болгоныг бөхийлгөж тойгтой болгоныг сөгдүүлж явсан. Түүний ариун нэр төрийг хялгасын төдий буртагласнаас болоод хэвлэл мэдээллүүд цагдаагийн өмнө шавааралдан байж байцаагддагсан. Гэтэл тэрбээр авлигын хэргээр шүүхээр яллуулж шоронд суулаа. Бас Гаалийн хэмээх Баатар, Цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд гэх зэрэг нөхдүүд үйлдсэн үйлийн үрийн төлөөсөө энэ насандаа эдлэв. Бурхан ийм яаруу болчихсон юм уу гэтэл тийм биш бололтой. Хүмүүс урт насалдаг болчихсон болохоор л бурхад хойд нас гэж алгууралгүйгээр энэ насанд нь үзүүлэх юмаа үзүүлж, харуулах юмаа харуулдаг болсон юм болов уу.

Ж.САНДАГДОРЖ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бурхандаа үнсүүлэхээр яарч явна

Уулсын орой шаргалтах бүрийд ижийдээ, аавдаа яарах сэтгэл улам бүр бадардаг. Үүлс нүүх бүрт тэд улам их бодогддог. Мөчрөөсөө хагацахгүй гэж хүрэнтэн бөнжигнөх мойл жимсний амт ч амтгүй мэт санагддаг. Хараа голын усан эргээ даван цамнах шиг их л холын бодол тээн ижийдээ хүрэх гэж тэмүүлдэг. Ганганан нуугих шувуудын чимээ тасрахаас өмнө гэж навчис мэт хийсээд очмоор санагдах. Мандалынхаа хөхрөгч уулсын дунд таван үнээнийхээ дэлэнг намрын хяруутай саамшран хувин дүүргэдэг ижий гэдэг бурхан ажээ. Насны багад эрхлэхэд ижий, аав минь хүүгээ тонгойж үнсдэг байлаа. Идэр насанд хүрэхэд ижий, аав чацуутан мэт үнэрлэдэг боллоо. Он цагийн буурал хүрд духанд нь гэрэлтэх тоолонд аягаа алдан хүүгээ санадаг болсон тухай нутгийн ах хэлж байсан нь бүр ч их санагдлаа. Тэргүүндээ алчуур бус нар зангиддаг ижий минь. Эх орноо гэсэн нар зөв сэтгэлтэй эр яваарай гэж захьсан аав минь. Цээжиндээ халуун хайр, энэрэхүйн ухаан тээж л явдаг ижий, аавдаа очихоор яарч явна. Галт тэрэг уухилан довтолгож урдын өндөр уулс намхан болжээ гэж бодохын зуур ижий мөн л бодогдсоор байх. Ижий минь, эр биеийг өсгөсөн аав минь уулс шиг намсаж байгаадаа гэж сэтгэхийн хооронд тэдэндээ яарах сэтгэлд хязгаар үгүй мэт санагдана. Эр биеийг бүтээсэн энэ л хоёр бурхандаа мөргөж үнсүүлэхээр ганц хүү чинь биш дөрвүүлээ бид яарч явнаа.

Э.ЭНХБОЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нүүр ном биш цахим судар гэлтэй

Цахим мэдээллийн эл эрин үед “Facebook” гэдэг үгийг “цахим судар” гэхэд болох мэт. Зарим учир мэдэх хүмүүс “нүүр ном” гэж махчлан үгчилж, залган бичиж байна. Нүүр номын нөхөр гэж хандахад нэг л утгагүй санагдаад байгаа юм. Олон ном уншиж бүртгүүлсэн уншигчид өгдөг номын нөхөр гэж дээхнэ үед нэг тийм тэмдэг, үнэмлэх байсан. Эсвэл номын нүүр ч гэж ойлгогдохоор үг. Харин цахим судар гэхэд хүндэтгэлтэй бөгөөд цахим судрын нөхөр гэхээр нүүр номын нөхөр гэснээс хамаагүй сонсголонтойн дээр хавьгүй утга төгөлдөр сонстоно гэж бодож байна.

Зарим хүн магадгүй, юун цахим судар вэ, судар чинь “сутра” гэсэн самгарьд үг, facebook чинь угаасаа л зарлалын самбар, хувь хүний ил хуудас л байтал түүнийг судар мудар хэмээн юунд тэгтлээ өргөмжилнө вэ гэх мэтээр маргаж болох юм. Төрийн хэлний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эсэргүүцэл илэрхийлэхийг үгүйсгэх аргагүй ч аялгуут сайхан монгол хэлээрээ харь үгийг өөриймшүүлэхэд буруу нь юу байх билээ. Тиймээс л цахим судар хэмээн нэрлэх санал гаргаж байгаа ухаантай. Хэд гурван хүнээс энэ талаар асуухад “цахим ном гэх нь зөв”, “ил хуудас нь зүгээр юм” гэх мэтээр хариулж байсан бөгөөд хэрвээ тэгж махчлах, үгчлэхээр бол “дэлгэц ном” гэвэл хавьгүй оновчтой байх нь дамжиггүй юм.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ажилтай байх бүр сайхан

Дуртай ажлаа олсон хүнд амралтын хоёр өдөр дээр нь дахиад таван өдөр нэмэгдсэнтэй адил юм. Залуу насанд ажил шиг сайхан юм үгүй. Бас завгүй байх сайхан. Өглөө гэрээсээ ажил руугаа яарч, орой гэр рүүгээ яардаг хүн хамгийн аз жаргалтайд тооцогддог. Ийм үгсийг бид өдөр тутам зөндөө л сонсдог, уншдаг. Зүгээр ч чихний хажуугаар өнгөрдөг, бодит амьдралаас холуур үг биш бололтой.

Зун амраагүй танил маань ээлжийн амралтаа аваад хэд хоножээ. “Хүмүүс ажиллаж байхад амрах шиг утгагүй юм алга. Ажлаа санаад байна” гэж байна. Соёлын төвийн дуу хөгжмийн багш анд маань “Найзыг нь гэр орныхон хүчээр эмнэлэгт хэвтүүлэх гээд байна. Ядаргаанд орсон гээд байх юм. Би зүв зүгээр. Ажлаасаа нэг л өдөр холдвол бүх юм өнгөрчих гээд, надгүй л бол бүх юм бүтэхгүй юм шиг санагдаад байна” гэх.

Гэртээ хүүхдүүдээ хараад суудаг мэргэжил нэгт бүсгүй “Өглөө сэрүүлгээр босох сайхан. Яаран яаран цайгаа уугаад автобуснаас хоцрохгүй гээд гүйх бас сайхан. Тэгээд ажлынхаа газрын хаалгыг татаж орох бас нэг жаргал гэдгийг гэртээ суусан хоёр жилдээ л мэдэрч байна. Залуу байх сайхан ч ажилтай байх бүр илүү сайхан юм” хэмээв. Нээрэн тийм шүү. Чөлөө аваад ажлаасаа холдсон өдрүүд хүртэл галт тэрэгнээсээ хоцорсон мэт сэтгэгдэл төрүүлэх үе бий. Залуу насанд ажил шиг сайхан юм үгүй гэдгийг залуус өөрсдөө ингэж ярьж байна. Залуу байх сайхан ч, ажилтай байх бүр сайхаан.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өнгө өнгийн навчис

Намрын навчсаас би зүйргүй олон өнгө түүдэг. Хөл доор хөглөрөх зүс бүрийн өнгөтэй навчис яг өдийд хотын гудамжийг гэрэлтүүлж байгаа. Зам дагуу ургасан моддын дор, сургуулийн хашаан дотор, олны цуглах дуртай цэцэрлэгт хүрээлэнд гээд хаа сайгүй. Шар, шаргал, улаан, улбар, цагаан, цайвар гээд олон өнгийн навчис нийлэхээрээ ямар өвөрмөц өнгө будаг үүсгэдэг гэж санана. Намрын энэ агшинд би дуртай. Гудамжаар алхах бүр сайхан. Өнгө өнгөөр харц булаах тэр навчсын гэрэлд бодол хөглөгддөг болохоор, урьд эртийн гэгээн мэдрэмж сэргэдэг учраас учиргүй догдолдог.

Ирэх хавар таатай үнэр сэнгэнүүлэн дахиад нахиалах учраас тэр навчсын дээр зөрөг гартал алхдаг. Гудамжинд хөглөрөх навчис удахгүй цасанд дарагдана. Тэгээд ирэх хавар цайвар ногоон өнгийн жижигхээн нахиа болж дэлгэрнэ. Хүний амьдрал ч ялгаагүй. Яг навчис шиг ирж буцдаг. Буцах нэгэн байхад дуу хадаан мэндлэх нялхас өчнөөн. Ийм учраас амьдралд хүн бүр дурладаг, амьдралыг хөгшин хөвөөгүй хайрладаг. Хүний амьдрал шиг ирээд л, буцаад л, ирээд л байдаг учраас намрын өнгө өнгийн навчис ийм мэдрэмж төрүүлдэг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нөхөр ба дайсны тухай эргэцүүлэл

Өндөр модны орой дахь үүрнээсээ өдөлж амжаагүй нэгэн ангаахай доош унажээ. Сэрүүхэн орой байсан тул тэр шувуу даарч ” Хэн нэг нь намайг дулаацуулаад өгөөсэй билээ” хэмээн шогширч гэнэ. Үүнийг нь тэр хавиар идээшилж явсан үнээ сонсоод дөхөж ирмэгцээ хөөрхий ангаахайн дээрээс ялгадасаа асгаж гэнэ. Ангаахай хэдийбээр бүлээцэж , дулаацсан ч гэлээ амьтны өтгөнд хутгалдаад чимээгүй хэвтэж чадсангүй пөөх, паах гээд л баахан шуугиан дэгдээв ээ. Гэтэл бас л тэр хавиар тэнэж явсан үнэг эл чимээг сонсож гүйн ирээд өмхий ялгадсанд хутгалдсан хөөрхий муу ангаахайг дээр дооргүй долоон цэвэрлэж байгаад идчихэж гэнэ.

Үр дүн. Чамайг хир буртагтай холиод шүүмжлээд байгаа хүмүүн бүхэн бүгд чиний дайсан чинь байх албагүй агаад эсрэгээрээ чамайг баясгаад магтаж ерөөгөөд байгаа хүмүүс бүгдээрээ бас чиний найз байх нь үгүй гэдгийг л ойлгуулах гэсэн юм. Энэтхэгийн ерөнхий сайд асан Индра Ганди нэгэн тэмдэглэлдээ “Миний амьдралын туулж өнгөрүүлсэн замд намайг муулж гоочилж байсан хүмүүс эцсийн үр дүндээ надад зөв бодлого шийдвэр гаргахад их тус болж байсныг ойлгосон” гэсэн байна лээ. Амьдралд учрах нэгэн эргэцүүлэл юм даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ