Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Олдохоороо өлдөнө өө гэж…

Монголчууд оны сүүлээр гурван баяр тэмдэглэдэг боллоо. Нэг нь улс тунхагласны баяр. Нөгөө нь Монгол бахархлын өдөр. Гурав дахь нь үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр. Уг нь тусгаар улс байхын омогшил, бусдаас хараат бус оршихын үнэ цэнийг мэдрүүлсэн утга учиртай сайхан өдрүүд л дээ. Өчигдөр улс тунхагласны баяр болов. Энэ өдөр МАН-ынхнаас бусад нь баярлаж сүйд болсонгүй. Тэд л бөх барилдуулж анхдугаар Үндсэн хууль батлагдсан түүхт өдрийг тэмдэглэцгээв. Өмнө нь улс тунхагласны баяраар нийтээрээ амарч энэ өдрийн үүх түүхийг өөр зуураа хөөрөлдөж өнгөрөөдөг байв. Харин жил гаруйн өмнө 11 дүгээр сарын 26-ныг баярын өдрөөс хасч, Чингисийн мэндэлсэн гэх өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг “Монгол бахархлын өдөр” болгож нийтээр амрахаар хуульчилсан юм. Өнөө “бахархал”-ын өдөр нь энэ жил бүтэн сайнд таарсан учраас монголчууд амарсангүй. Амрах ёстой өдөр нь бямба, ням таарвал иргэдээ нөхөж амраадаг бусад улсын жишиг манайд үйлчлэх биш. Хуулиараа амрахыг зөвшөөрсөн нэг өдөр маань ингээд “будаа”. Монгол бахархал энэ тэр ч ярьж хөөрсөнгүй. Ихэнх хүн “азгүй юм аа, амралтын өдөр таарсангүй” гэсгээдэнэ өдрийг өнгөрөөв.

Ирэх сард бас нэг баяр бий. Албан ёсоор амрахыг зөвшөөрсөн өдөр. Тусгаар тогтнолоо сэргээж, Богдыгоо хаан ширээнд залсан арванхоёрдугаар сарын 29-нийг хэлээд байна л даа. Амралтын биш ажлын өдөр байна лээ. Гэхдээ арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд яадаг билээ. Шинэ жил гэж бужигнасан л улс байдаг. Юун үндэсний эрх чөлөөний хувьсгалын үүх түүх ярих.Амралтын өдөр болгож хуульчлах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Тэгсэн тэгээгүй л амралтын байдал руу шилжчихдэг өдрүүд гэдгийг дээр дооргүй мэднэ. Ингээд бодохоор олдохоороо өлдөнө гээчийн үлгэр л харагдаад байгаа юм даа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Монгол бахархлын өдөр”-ийг луйвардуулчихлаа

Тэмүүжин гуайн төрсөн өдөр болох арваннэгдүгээр сарын 23-ныг Монголын төр “Монгол бахархлын өдөр” хэмээн зарлан бүх нийтийн амралтын өдөр болгосон. Гэтэл энэ жил бүтэн сайн өдөр давхацчихлаа. Ерөөсөө бид албан ёсны баярын өдрүүдээрээ амарч чадахгүй болчихоод байгаа юм. Наадам, цагаан сар… яаж ийж байгаад хагас, бүтэн сайнууд дашралдан давхцаад болохгүй байна. Буян Жагаа эд нар “Юун амрамтгай юм, ажиллацгаа” гэж хэлэх байх. Үүнийх нь хариуд хэлэх тайлбар зөндөө бий. Жишээ нь 67 насалсан хүн 24-хөн мянган өдөр амьдардаг юм ш дээ, ийм богинохон амьдралд тэрэгний морь шиг ясан хэдрэг царайлах уу гэхчлэн. Олон улсад бол хуульчлан баталсан баярын өдөр нь амралтын өдөртэй давхацвал нөхөж амраадаг. Америк, Англи, Япон, Бразил… гэхчлэн олон оронд албан ёсоор нөхөж амардаг. Энэ жишиг манай улсын зарим албан байгууллагад хэрэгждэг юм байна лээ. Тухайлбал Олон улсын сургууль өнгөрсөн даваа гаригт багш ажилчдаа амраахдаа албан ёсоор “Монгол бахархлын өдөр”-ийн амралт шүү гэж зарлажээ. Шинэ монголчуудын хувьд баярын өдөр нь цоо шинэ ойлголт болсон. Далайн эрэг дээр гэр бүлээрээ хоёр өдөр хэвтчихээд ирж буй айл өрх цөөнгүй бий шүү дээ. Албан ажил бол амьдрал юм, амралт бол албан ажлаа сайн хийх сэргээш юм. Энэ жилийн “Монгол бахархлын өдөр”-өө луйвардуулчихлаа, цаашид тэгмээргүй байна. Албан ёсоор нөхөж амардаг болмоор байна.

П.ХАШЧУЛУУН

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Манай бэрээнд

Хөвсгөлөөс анд минь ирлээ. Холоос ирсэн хүний аяны богцыг том болсон ч гэсэн горьддог зан хүмүүст бий. Цаасан хайрцгаа задлаад утсан загас, цагаан загасны консерв гаргаж ирлээ. Хөвсгөлөөс ирсэн хүний богцноос гарах л зүйлс. Тэгтэл “Хөвсгөл сармай дээлт”, “Хөвсгөл брэнд цай”, “Хөвсгөл-100 нэрсний шүүс” гээд элдэв сайхан амттанууд цуварна. Хөвсгөлд л байдаг эдгээр зүйлсийг амтархахад сайхан санж. Бүгд л “Хөвсгөл” гэдэг нэртэй, тэндэхийн брэндүүд. Анд маань нэг нэгээр нь гаргаж ирээд “Манай бэрээнд” гэж танилцуулна. Нэрсний шүүс нь жинхэнэ ориг. Ханиадыг нам дарна. Тамир тэнхээг чинь сэргээнэ гэж ирээд л бахархах.

Нутгийнхных нь үйлд­вэрлэсэн бүтээгдэхүүнийг амталж ээ суухад “Хөвсгөлийнхөн ямар ч байсан зүгээр суухгүй л байгаа юм байна даа. Жижиг дунд үйлдвэр эрхлээд жаахан ч гэсэн орлоготой суугаа аж” гэсэн баярлах сэтгэл төрүүлнэ.

Импортын элдэв төрлийн алаг эрээн, баталгаатай эсэх нь тодорхойгүй олон хүнсний дунд төөрсөн өнөө үед дотоодын брэндээ харахад олзуурхууштай ч юм шиг. “Хамгийн гол нь экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэж тодотгосон нь ийм бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх шаардлагад нийцнэ.

Дээхнэ үед орос чихэр гэхээр л нүд сэргээд, арааны шүлс асгардаг байсан бол одоо аймгуудынхаа брэндийг хараад идмээр санагддаг үе ирж байгаа гэлтэй.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ном, сонин унших моод дэлгэрчихжээ

“Аз хур” номын дэлгүүр өнгөрсөн амралтын өдөр бүх номондоо 30-80 хувийн хямдрал зарласан нь залуусын дунд шуугиан тарилаа. Facebook, twitter хуудаст тус дэлгүүрийн хаягийг бие, биенээсээ сурагласан хүн маш олон байв. “Аз хур” номын дэлгүүрийн үүдэнд өглөөнөөс үдэш хүртэл залуучууд дугаарлахдаа огтхон ч бухимдсангүй. “Эх орны хишиг” 21 мянган төгрөгтөө дугаарладаг байсан шиг номонд дугаарладаг болсон нь сайхан харагдаж байв. Дугаарлаж, дугаарлаж дэлгүүрт орсон хүмүүс номыг хайрцаг, хайрцгаар, боть ботиор нь тэврээд гарч ирж байв. Олонхи нь түүхийн ном авснаа гайхуулж байв. Зарим нь авч амжаагүй номынхоо араас харамсч сонсогдов. Энэ бол залуусын дунд ном унших моод дэлгэрсний илрэл. “Өдрийн сонин” одоогоос хоёр жилийн өмнө “Ном унших моод дэлгэрүүлье” уриа гаргасан билээ. Энэ ажлынхаа хүрээнд ном уншуулах аян өрнүүлж, залуусыг гэрэл гэгээ рүү хөтөлж буй сайн үйлтнүүдийг алдаршуулсан. “Өдрийн сонин”-д “Ном бариагүй гар лонх л барьдагсан даа” нийтлэл гарсан нь олон хүнд юм бодогдуулсан. Одоо залуус ном барьдаг болж. Ном уншсан залуус юм боддог бол мэдээллийг олон талаас нь дүгнэж, өөртөө ургуулдаг болж. Тэр хэрээрээ олноороо сонин уншдаг болжээ. “Танай сонинд гарсан нийтлэлийн талаар хүмүүс шуугиад байна. Хаанаас унших вэ” гэж асуудаг болсон байна. Цахим ертөнцөд “Номонд дурлагсдын клуб” групп-т хэдэн зуун залуус уншсан номоо ярьж, хоорондоо үзэл бодлоо солилцдог болж. Бид ийм л моод дэлгэрүүлэхийг хүссэн юм. Ном, сонин унших моод дэлгэрсэн нь ирээдүйг минь сайхан харагдуулж байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Өлсгөлөн тулаан” цувралын тухай

АНУ-ын зохиолч Сүзаань Колинзын уншигчдад илгээсэн мокинжей хүн бүрийг “Өлсгөлөн тулаанд”-д хамт тулалдуулж, “Галаар наадагсад”-ын харгис тоглоом, шоглолын нэгэн хохирогч болгосон гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Бас мэдээж уншигч бүр Мокинжей болон гэрэлтэж, Катнисын бүхнээ золиослох, бүгдийг эхлүүлэхэд хүргэсэн хамгаас хайртай дүү Примийг нулимс дуслуулан тэнгэрийн орноо залсан биз ээ. Катнис Эвердин. Тэр “Өлсгөлөн тулаан” цувралын гурван дэвтрийн турш уншигч таныг хөтөлнө. Түүний хамтрагч Пийта Мелларк харин танд цааш явах итгэлийг өгсөөр байх болно. Тэд хөгшин архичин бас амь өрссөн “Өлсгөлөн тулаан”-ы ялагч Хэймич буюу зохиолч Сүзаань Колинзын дүрмээр тоглож, Капитолынхны урт удаан тохуурхал, зугаа цэнгэл нэрээр мөлжин, тарчлаах бодлого, хүүхдүүдийг нь бие биенээр нь хөнөөлгөж буй харгислалыг эцэс болгох тэмцлийн бэлэг тэмдэг болно.

Эл уран зөгнөлт цувралын үйл явдал Капитол хотын 12 бүсэд “хуучнаар” Хойд Америкт одоогоос мянгаад жилийн дараахь цаг хугацаанд өрнөнө. Панем гэх улсын нийслэл Капитолын эрх баригчид 12 бүсээ маш хатуу чанга хяналтан дор байлгадаг бөгөөд мөнхөд захирах хүсэлтэй. Энэ хүслийн нэг нь12 бүсээс 12-18 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийг жил бүр сонгож “Өлсгөлөн тулаан”-д оролцуулдаг бөгөөд эсэргүүцэгчийг гэр бүл, ойр дотнынхных нь хамт хүйс тэмтрэх тушаалтай. Харин бусад 23 хүнийг алж, хатуу ширүүн сорилтыг даван туулж чадвал ялагчийг төдийгүй бүсийнх нь иргэдийг хоол, хүнсний төдийгүй эд зүйлсээр хангана. Хатуу ширүүн гэхээсээ илүүтэй тааж, төсөөлөхийн эцэсгүй аймшигт сорилтыг зөвхөн уншигч л мэдрэх боломжтой гэмээр. Тэдэнд оролцогчдын турьхан хийгээд жаахныг, биеэ ч хамгаалж дөнгөхөөргүй нь сонин биш. Тулааны үеэр ямар үзүүлбэр үзүүлж, хэнийг хэрцгийгээр хөнөөж, эсвэл өөрийг нь хэрхэн үхэхийг харах л чухал. Энэ шударга бус шүүлтүүрт сонгогдсон дүүгийнхээ оронд явахаар саналаараа гараа өргөсөн охин бол 16 настай зоригт Катнис Эвердин. Зохиолын гол дүр болох Катнис Эвердин ээж, дүүгийнхээ хамт 12 дугаар бүсэд өөрөөс хэдэн насаар ах, сэтгэлт залуу Гейлийн хамт талийгаач аавынхаа зааж өгсөн туулай, шувуу зэрэгхнийг агнан гэр бүлээ арай ядан амь залгуулдаг охин. Түүний дүү Прим аймшигт “Өлсгөлөн тулаан”-ы оролцогчоор сонгогдоход, дүүгийнхээ өмнөөс явна хэмээн сайн дураараа үхлийн сонголт хийснээсээ эхлэн панемчуудын сэтгэлийг татдаг. Улаан даашинз өмссөн Катнис өөрт нь хайртайгаа панем даяар зарласан ичгүүргүй Пийтагийн хамт “Өлсгөлөн тулаан”-ы аймшигт яргалал, өөрийн дүү шигээ санасан бяцхан Рөүгийн үхэл, өрсөлдөгчдийнхөө нэг нэгнээ хайр найргүй алах, амь тавихыг зүрх шимшрүүлэн харснаар даван туулж, панемчуудын зугаа цэнгэлийн анхны хоёр ялагч болж нэгдүгээр дэвтэр дуусна. Пийтагийн олны өмнө зарласан хайр “Өлсгөлөн тулаан”-аас амь гарахын тулд хийсэн заль мэх үү, эсвэл үнэхээр Катнисыг өлбөрч үхэхийн даваан дээр түлэгдсэн талхаа илүүчилсэн мөчөөсөө хайрласан хайр уу гэдэг асуулт болон үлдэнэ.

Хоёрдугаар ботид юу гарах вэ гэж үү? Нийтдээ 70 гаруй жил зохиогдон үеийн үед ганц л ялагчтай байдаг тулааны дүрмийг зөрчүүлэн Пийтагийн хамт ялсан Катнисийг тэднээс урьд өмнөх “Өлсгөлөн тулаан”-ы ялагчидтай дахин нэг тулаанд оролцуулахаар Капитолын удирдлагууд дуудна. Учир нь Катнис, Пийта хоёрын оролцсон өмнөх өрсөлдөөн панемын иргэдийн дундах Капитолчуудыг үзэн ядах, харгис, хэрцгий, шунаг сэтгэлийг тасчин хаях хүсэлд оч хаясан байв. Тиймээс бүсүүдийг дахин чангатгаж, өчүүхэн боол гэдгийг нь мэдрүүлэхийн тулд ингэж шийдвэрлэнэ. Харин тэмцээний турш Пийтаг халамжилж, бүр үнсэлцсэн Катнистай Гейл урьдын дотно сэтгэлээр уулзахыг хүсэхгүй.

Улмаар тэмцээнээс төрсөн хос хоёр 80 настай эмгэн, архинд толгойгоо мэдүүлсэн 50-тай хөгшин эр, хар тамхичид гээд өмнөх тэмцээнүүдийн ялагчидтай үзэлцэх хэрэг гарна. Гэхдээ тэдний олонх нь энэ удаад өөрөө амь гарахын тулд бие биеэ хөнөөж, үзэгчдэд таашаал өгөхөөс илүүтэй багаар ажиллаж, панемчуудын зөвхөн сэтгэлд нь асаж буй галыг дүрэлзүүлэх тактик барихыг оролдоно. Үүнд Пийтагийн Катнист өгсөн хайр мөн л чухал үүрэг гүйцэтгэнэ. Дээрх оролдлого биелэлээ олохтой зэрэгцэн бүс нутгуудыг Капитолчууд бөмбөгдөн, зуу зуун гэмгүй иргэн амиа алдаж буй энэхүү тоглоомыг хөгшин архичин Хэймич бусадтай хамтран анхнаас нь найруулан тавьсныг Катнис мэдэх мөчид өөрийгөө золиод амьд үлдээхийг үнэн сэтгэлээсээ хүссэн Пийтаг нь Капитолын удирдлагууд нэгэнт хулгайлсан байв.

Харин сүүлчийн бүлэгт панемчууд мокенжейн тусламжтайгаар хувьсгал хийж, хувьсгалын гол удирдагчийг Катнис харван унагааж, уншигчдын хайрыг үргэлж татдаг жаахан охин дүү Прим нь нас барж, өөрийг нь халамжилдаг байсан Пийта түүнийг алахаар дайрах гээд сэтгэл хөдөлгөм, хааяа бүр үзэн ядам үйл явдлууд ээлж дараалан солигдоно… Уг роман нь уншигчийн оюун бодлыг соронзон мэт татах адал явдалт бүтээл гэдгийг дэлхийн олон зуун уншигч баталж буй. Эцэст нь, таныг зоригжуулах, итгэл найдвар төрүүлэх, секундээр хэмжигдэх адал явдал дутагдаж байвал “Өлсгөлөн тулаан” гурамсан романыг уншихыг зөвлөж байна. Мэдээж Катнис Пийта хоёрын хайр дурлал хэрхсэн бол гэж та бодож байна уу. Энэ асуултын хариуг танд үлдээе.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нөхөрлөл ийм хүчтэй

Найзууд нэгийгээ гомдоох нь их. Бас баярлуулах нь ч олон. Нэг нэгэндээ гомдож, муудалцаад явдаг хүмүүс ч бий. Гэхдээ тэдний нөхөрлөл хэвээрээ. Алдахаасаа илүү онодог учраас тэр байх. Учир нь нөхөрлөл бусдыг агуу зүйл рүү хөтөлсөн түүх олон бий. Дэлхийн хамгийн залуу тэрбумтны түүх ч нөхөрлөлөөс эхэлсэн байдаг. Энэ бол “Yahoo” компанийг үүсгэн байгуулагч Жерри Янг, түүний багш Дэвид хоёрын нөхөрлөл. Тэд спортод элэгтэй учир NBA-гийн тоглогчдын тухай мэдээлэл хайж олдог программ зохиосон байдаг. Энэ программаас үүдэн вэб ертөнц дэх өргөн мэдээллийг нэгтгэх “Yahoo”-гийн санааг олсон гэдэг. Нөхөрлөл ийм хүчтэй. Тэд баяжихын төлөө яваагүй ч нөхөрлөл тэдэнд төсөөлөөгүй боломжийг олгосон нь тэр. Энэ мэтээр нөхөрлөлөөс үүдсэн гайхам түүх дэлхийгээр битгий хэл бидний эргэн тойронд ч бий. Нөхөрлөл бусдыг нэгтгэдэг, нээдэг. Магадгүй хэзээ ч санахгүй санаа сэдлийг өгч, хийж чадахгүй зүйлийг нь бүтээлгэж чаддаг байх. “Надад нисэхийн тулд далавч хэрэггүй. Харин нисэх хүчийг өгөх итгэл л хэрэгтэй” гэсэн сайхан үг бий. Бидэнд тэр нисэх хүчийг өгөх итгэлийг нөхөрлөл өгч чаддаг ажээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Аавын үлгэрлэл

О.Дашбалбар найрагчийн аавынхаа талаар бичсэн нийтлэлийн нэг хэсэг санаанаас гардаггүй юм. Найрагчийн ээж гараа гаргаж, сэтгэлээ шингээж байж аавд нь хурган дотортой дээл хийж өгч л дээ. Гэтэл аав нь жавар сэнгэнэсэн, шуургатай нэг өдөр төөрсөн хурга өвөртлөөд ороод ирж. Шинэхэн хурган дээлээ авах юмгүй болгочихоор ээж нь яаж дуртай байхав. Гомдсон үг унагаж таарна. О.Дашбалбар агсан аавынхаа хурга өвөртлөөд ороод ирсэн энэ агшныг “Амьд амьтныг хайрлах учиртай гэдгийн асар том үлгэрлэл болсон” гэж дурссан байдаг. Хүүхдэдээ ингэ тэг гэж сургахын оронд биеэрээ үлгэрлэж байж л зөв, сайн хүн болгоно гэдгийг онож хэлсэн сайхан жишээ. Саяхан нэг ийм судалгаа хийжээ. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдээр гэр бүлийг нь зуруулж л дээ. Хачирхалтай нь хүүхдүүдийн зурсан зураг дээр аавтайгаа хамт тоглож, цугтаа байгаа зураг тун ховорхон байж. Зургийн дэвтрийн цаасан дээрх аавуудын олонх нь зурагт үздэг, сонин гарчигладаг “завгүй, ажил хэрэгч” нөхөд байж. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдгийг Европын судлаачид аль хэдийнэ нотолчихсон. Манайд ийм барим тавим судалгаа байдаггүй ч “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алга”, “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэсэн том утга агуулсан зүйр үгс зөндөө. Хүүхдэдээ үлгэрлэх учиртай аавуудын олонх нь сонин гарчиглаж, буйдан дээр тухлан зурагт үзсэн шигээ суугаад байвал ирээдүйн аавууд үрсдээ ямар үлгэр үзүүлэх бол? Бусдыг хайрлах сэтгэлтэй, ажилсаг, зөв, сайхан хүн байхын эхлэл нь аав, ээж учраас тавих л учиртай асуулт.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

103-ын 99280882 дугаартай эмчид баярлалаа

Саяхан хүүхэд маань гэнэт халуурч, амьсгалж чадахгүй болов. Ийм үед 103 руу л залгадаг шүү дээ. Төд удалгүй эмч залуу амьсгаа дээртэй орж ирлээ. Түгжрэл ихтэй учраас хойд зам дээр машинаасаа буугаад гүйчихлээ гэсээр. Үзлэгийг чамбай хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа. Мөн энэ бичгийг үзүүлээд дүүргийн эмнэлэгтээ оч, асуудалгүй хэвтүүлнэ, 24 цагаар ажиллаж байгаа гэсэн юм. Тэгснээ, би даанч нуруу нь хугарсан хүн авч яваа болохоор яарч байна, гэхдээ хүргээд өгөх юм уу гэж хэлсэн юм. Хүүхэд маань гайгүй болсон учир тайвширлаа. Эмч залуу “Хүүхэд тань тэвдүүлбэл та 103 гэхгүйгээр миний гар утас руу шууд залгаарай би яаж ийж байгаад ирнэ” гэж хэлээд 99280882 гэсэн дугаарыг өглөө. Гарахдаа утсыг минь авлаа. Цаг гаруйн дараа утас дуугарвал “Хүүхэд чинь яаж байна” хэмээн өнөөх эмч залуугийн тогтуун сайхан хоолой сонсогдох нь тэр. Сэтгэл сайхан оргиод тайвшрах ч шиг. Шөнө дунд хоёр дахиа асуухдаа “Би дуудлагатай танай хойгуур гарч явна, дажгүй биз” хэмээн бас асуусан шүү. Хүний сайхан сэтгэл, хүний төлөөх эмч хүний сэтгэл гэдэг энэ. Өндөр нуруутай, дөлгөөн яриатай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг нь илт тэрхүү эмч залуугийн нэрийг асуусангүй. Харин утас нь үлджээ. Энэ сарын эхээр 13 дугаар хорооллын “Натур” төвийн урд байранд шөнө дуудлага өгсөн ах хүү чинь чамд чин сэтгэлээсээ баярлаж яваагаа илэрхийлье. Ажил үйлс тань өөдрөг сайхан байг.

П.ХАШЧУЛУУН

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Тагтаа муу талын баатар болчихжээ

Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж. Энхийн бэлгэдэл болсон номхон тагтаа хүртэл өдгөө муу талын баатар болчихож. Шувуунытомуу хэмээх өвчнөөс болоод хөөрхий муу тагтаа ад үзэгдэхдээ хүрсэн юм. Ганданг тагтаагүйгээр төсөөлөхөд бэрх үе байсан. Олон гэрэл зурганд Гандангийн тагтааамар амгаланг илтгэн мөнхөрсөн.Гандангийн тагтааг хооллохыг буян гэж хүмүүс үздэг байсан учраас хийдийн хашаандбудаа зарж амь зуудаг хэсэг бүлэг хүн бий болсон. “Өрөөнд тагтаа орж ирлээ” гэж хүүхдийн дунд ихэд түгсэн дуу байж билээ. “Тагтаа” гээдсайхан шүлэг байсан. “Тагтаа хөөрхөн, тагтаа номхон, дандаа олуулаа, дандаа тайван” гээд хүүхэд бүр уншдаг байлаа. Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Мөнхшүр “Тагтаа”дууг хүүхдийн найралтай сэтгэлд хоногшим сайхан дуулсан сан. Одоо харин тагтаа хооллохыг буян номын мөр хөөсөн хүрээ хийдийнхэн хүртэл хориглох болжээ.

Тагтааны сангас хүрээ хийдийн барилга байшингийн чанарыг муутгаж эдэлгээг бууруулахад хүргэж байгаа талаар мэргэжлийн хяналтынханмэдээлсэн юм.

Сайн хүн муу болж, “төрөл арилждаг”орчлонд тагтааны тухай бидний ойлголт чбас хувирч дээ. Тагтааг хардаг бидний харах өнцөгөөрчлөгдсөн болохоос биш тагтааны мөн чанар өөрчлөгдөөгүй байх л даа.

Зөвхөн хүрээ хийдийн хашаанд тагтаа хооллох нь буян болдог юм биш.Цонхон дээрээ жаахан будаа, талхны үйрмэг асгаад хөөрхий тагтааг хооллож буян хийх боломж бас бий шүү дээ.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Атлантын нуруу тэнийв

Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” ном нь америкчуудын хувьд бараг л Библийн дараа орохоор алдартай гэгддэг. Айн Рэнд Оросын Санкт Петербургт 1905 оны хоёрдугаар сарын 2-нд төрсөн бөгөөд 1957 онд “Атлантын нуруу тэнийв” романыг хэвлүүлсэн нь түүний хамгийн том амжилт болжээ. Энэ ном бол түүний уран сэтгэмжит зохиолуудынх нь нэг байв. Тэрээр романдаа ёс суртахуун, метафизик, эпистмологи буюу танин мэдэхүйн онол, улс төр, эдийн засгийг нягт холбож, эр эмийн харилцаа болоод нийгэм дэх жендерийн асуудлыг ч хөнджээ. Түүнийг “Хорвоо дээр амьд явах гүн ухаан” гээчийг шинээр томъёолсон гэж хэлэх хүн ч олон таардаг. Ер нь Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” роман төдийгүй бусад бүх зохиол нь уншигчдыг соронздож байгаа шалтгааныг “Айн Рэнд энэ хорвоод 77 жил амьдрахдаа, амьдралын философиороо, бодит хандлагын ёс суртахуунаараа, стандарт бус сэтгэлгээгээ урьд өмнө нь хэний ч хүрч байгаагүй хэмжээний төгс төгөлдөр аргаар тунхаглаж чадсаных”гэж тайлбарлах уншигч судлаачид бий.

“Жон Галт гэж хэн бэ. Тэрээр Атлантидийг олсон гэлцэх юм билээ. Тэгээд тэндээсээ Дэлхийг зогсоох хөдөлгүүрийг олж авсан гэх юм. Жон Галт гэж хэн юм болоо. Жон Галт гэж хэн бэ. Тэрээр нэгэн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд тухайн үйлдвэрийг өөрчлөн шинэчлэх эхний хурал дээр үйлдвэрийн дарга үг хэлж байхад яриаг нь таслан босож ирээд “Та нарыг би үгүй хийх болно” гэж тангараглаад алга болсон гэнэ. Дараа нь сонсох нь ээ түүнийг Жон Галт гэдэг байсан гэнэ лээ. Энэ явдлаас хойш 12 жилийн турш түүнийг хаана ч хараагүй гэх юм билээ. Жон Галт гэж хэн бэ. Энэ үг бараг хэлц үг болоод 12 жил болж байгаа.

Энэ асуулт галт тэргэнд дуулдана, энэ үг цайны газарт дуулдана, энэ үг замаар зөрөх хүмүүсээс дуулдана. Хараал ид гэж ер нь Жон Галт гэж хэн юм бэ”. Романингэж эхэлнэ. Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зохиолыг уншиж байхад хаа сайгүй л энэ үг гарна.Эхчүүд хүүхдүүдээ айлгахын тулд сонгож авсан үлгэр ч юм билүү. Энэ хорвоо ертөнцөд Жон Галт гэгч байдаг эсэхийг хэн ч мэдэхгүй гэж үү. Түүний зорилго юу вэ. Зай завсаргүй асуулт.

“Атлантын нуруу тэнийв” зохиолд Америк мөрөөдлийн талаар түлхүү хөндсөн байдаг. Оюунлаг хүмүүсийн шим шүүсийг сорон авагч паразитууд оюун ухаант хүмүүсийг боолчилж, тэдний бүтээснийг өөрсдийн мэт ашиглан хэрэглэж, тэдний хийсэн бүхнийг хянан удирдаж тэдний хүчээр улам илүү баялгийг цуглуулсаар. Ингэж шулж шулчихаад дараа нь ашиглаж дууссан нефтийн цооног шиг мартаж орхидог болохоор номонд дурдагдсан тэмцэл хийгдэх бололтой. Энэхүү шимэгчдийн бүлгэмд хуульч, жирийн ажилчин, энгийн иргэд, улстөрчид, уран илтгэгчид гээд гараараа юм хийж бүтээгээгүй, зохион бүтээгч биш хүмүүс ордог.

“Би сэтгэж байгаа болохоор би үйлдвэрлэж чадна. Би сэтгэж байгаа болохоор бүтээж чадна. Би сэтгэж байгаа болохоор бас сүйрүүлж чадна” ийм хувиа хичээсэн үзэл номын гол шугам нь болж өгдөг.”Үндсэрхэг үзлийг шороонд булж орхи. Ашгаа ол. Баян нь улам баяж. Ядуу нь сүйрээд тэр чигтээ үлд. Баян бүтээгч 999 үе баян амьдарч. Энэ эхлэлд бүтээж чадаагүй нь 999 үе шал шүүрдээд амьдраад байж.

Айн Рэндийн зохиолд дараах зүйлсийг номлодог.

– Оюун ухаан бол юмыг танин мэдэх цорын ганц зэвсэг. Хүний аливаа үйлдэл түүнд захирагдах ёстой. Зүрх сэтгэл гэдэг бол дэвшилтэт хүний дайсан.

– Хүний амьдралын гол зорилго нь өөрийгөө болон өрөөлийг золиослохгүйгээр хувийн аз жаргалыг олж авах.

– Капитализм бол хүн төрөлхтний хамгийн агуу, хамгийн нандин ололт. Чөлөөт бизнес бол бүх нийтийн аз жаргал, хөгжил цэцэглэлтэд хүрэх цорын ганц арга зам.

– Төр засгийн цорын ганц зорилго бол хувийн өмч, хувь хүний эрхийн халдашгүй байдлыг хангах явдал. Бусад нь бүгд засаглалын дарангуйллын хэлбэрүүд.

– Шашин, хүнлэг зан, нийтэч үзэл, өрөөлийн төлөө өөрийгөө золиослох, үнэнчээр албаа хаах, зөн совин, мэдрэмж ба төсөөлөл гэх мэт нь бүгд чөлөөт нийгэм дэх чөлөөт хүний заналт дайсан бөгөөд гэрэлт ирээдүй, хөгжил дэвшлийг удаашруулан сатааруулагч бартаа саад юм.

– Хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч нь зохиолчид, зураачид, гүн ухаантнууд, яруу найрагчид болон эрдэмтэд биш харин бизнес эрхлэгчид юм. Мөн бизнес эрхлэгчид бол манай өнөө цагийн хамаг хатуу хүтүүг үүрэгчид гэсэн санаануудыг тусгасан байдаг.

Асар өргөн цар хүрээ, гайхалтай сэтгэл түгшээм бичлэгээрээ “Атлантын нуруу тэнийв” зохиол таны урьд өмнө уншиж байсан ямар ч номтой адилгүй. Энэ бол хүний биеийг хөнөөсөн тухай биш, харин түүний оюун санааг алж устгасан, дахин төрүүлсэн тухай нууцлаг хүүрнэл юм. Та алдарт зохиолч Айн Рэндийн энэхүү гайхамшигт номонд гарч буй хачирхалтай эрэгтэй эмэгтэй хүмүүс, тэдний амьдралыг сүйрүүлсэн толгой эргэм үйл явдлуудын цаад учир шалтгааныг олж мэдсэнээр дээр дурдагдсан асуултын хариуг олж авах болно. Эл алдарт бүтээлийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, нэрт дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй монгол хэлнээ буулгасан нь эрэлт ихтэй ном болжээ.

Л.МӨНХТӨР