Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хөлийн хуруугаа хөдөлгөж, ходоодоо сайжруулаарай

Хөлийн хурууг байнга хөдөлгөх нь ходоодыг сайжруулдаг гэнэ. Өдөр болгон зав чөлөө гаргаж хөлийн хуруугаараа юм хавчих дасгал хийх нь ходоодны чадавхыг сайжруулах аж.

Учир нь хөлийн уланд байх олон цэг нь дотор эрхтэн, тархи мэдрэлтэй нягт холбогдож, биеийн бүх газарт хүрдэг. Тухайлбал, хөлийн эрхий хуруу нь элэг дэлүүний судасны нэвтрэх зам болдог тул эрхий хурууг сайн хөдөлгөвөл элэг дэлүүний үйл ажиллагааг сайжруулан, хоолны дуршлыг нэмэгдүүлж, элэг дэлүүний хаванг анагаах увдистай.

Хөлийн ядам хуруу нь цөстэй холбоотой учраас сайн илж хөдөлгөвөөс өтгөн хатах, шилбэ өвдөхөд тустай гэнэ. Хөлийн чигчий хуруу нь давсагтай холбоотой тул иллэг массаж нь эмэгтэйчүүдийн савны хий ба сав хазайсныг анагаадаг байна.

Мөн хөлийн улыг тогтмол илснээр хөлөнд байрлах цэгүүдээр дамжуулан үе мөч, хөл нуруу, хэвлий өвдөх, нойр алдах, бэлгийн чадавх муудах, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, толгой өвдөх, бөөрний үйл ажиллагааг сайжруулна.

Энэ нь зөвхөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээхээс гадна ядаргааг тайлдаг байна. Тиймээс Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад хөлийн улны бариа ихэд дэлгэрчээ. Түүнчлэн хөл нүцгэн явах нь биед тустайг эмч нар онцолж байна.

Зөвхөн байгальд гэлтгүй гэртээ ч хөл нүцгэн хэсэг хугацаанд алхах нь чухал аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хөлдүү мөр гэж юу вэ?

40-өөс дээш насныханд элбэг тохиолддог энэхүү эмгэг нь мөрний үеийн зөөлөн эдийн урвуу өөрчлөлтөөс үүдэн өвдөх, уян чанар нь буурч, хөдөлгөөн хязгаарлагддаг байна. Ихэнх тохиолдолд ямар нэгэн тодорхой шалтгаангүй үүсдэг. Гэхдээ ижил хөдөлгөөн олон дахин хийснээр мөрний үе ачаалал авах, эсвэл эсрэгээрээ хөдөлгөөн дутагдсанаас үүсэх магадлалтай. Насны онцлогоос хамаарч Японд 40 настны мөр, 50 настны мөр гэж ангилж үздэг байна.

Мөрний үений хөдлөх хүрээ нь өргөн тул тогтвор муутай бүтэцтэй. Энэ дутагдлаа нөхөхийн тулд зөөлөн эд нь хөгжил сайтай байдаг. Мөн олон төрлийн булчин, шөрмөсөөр хамгаалагддаг байна. Тийм учраас зөөлөн эд нь гэмтэж үрэвсэх талтай. Үрэвсэл цааш бусад зөөлөн эд рүүгээ даамжирч, мөрний үе бүхэлдээ өвдөж, хөдөлгөөний хязгаарлалт үүсдэг гэж үздэг. Хөлдүү мөр нь зөвхөн нэг талын мөрөнд үүсэх тохиолдол цөөнгүй. Эмчилгээний гол онцлог нь эм, хөдөлгөөн засал, сэргээн заслаас гадна өвчтөн өөрөө хөдөлгөөн заслын эмчилгээ дасгалыг хэдэн сарын турш тууштай хийх шаардлагатай. Мөн даарч хөрөх, цусны эргэлт сайжруулах, өвдөлтийг хурдан намдаах, булчингийн хатахыг багасгах зорилгоор халуун жин төөнүүр, физик эмчилгээ, хэт авиан долгионы эмчилгээг хослуулах нь үр дүнтэй юм.

Хөлдүү мөр нь өдөр тутмын амьдралд ихээхэн саад бэрхшээл учруулахаас гадна илааршихдаа удаан. Мөн гам барих шаардлагатай. Тиймээс хэрэв мөр нь өвддөг бол цаг алдалгүй эмнэлгийн туслалцаа авахыг эмч нар зөвлөж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Кофенд мөнгө үрнэ гэдэг нь суултуур луу доллараар шээж байна гэсэн үг

Манай Улаанбаатарт кофе шоп борооны дараахь мөөг шиг олширсон. Энэ нь соёлт хүн төрөлхтний нэгэн хэрэглээ, дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэг хэлбэр гэх зэргээр бид өөрсдийгөө хөөргөдөг. Тийм ч байж болно, бас үгүй ч байж болох юм.

Америкийн зохиолч, эдийн засгийн аналитикч Сюзн Орман гэдэг эмэгтэй гарчиг дээрх үгийг хэлсэн байхыг хүн надад уншиж өгөв. Энэ хүн 50 сая ам.долларын хөрөнгөтэй нөлөө бүхий хүн. Тэрбээр тооцоолохдоо нэг аяга кофе 2.5 ам доллар, өдөрт нэг аяга уудаг гэхэд жилд гурван зуун жараад аяга, жилд бараг мянган доллар болдог. Үүнийг дөчин жилээр үржүүлэхэд 40-өөд мянган доллар болно гэсэн байх юм.

Энэ хүний хажууд тавин мянган төгрөгийн хадгаламж ч үгүй бидэнд үнэхээр гангадсан санагдаж байлаа, кофе ууж гайхуулах нь. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж баймаар юм даа. “Уужгүй эмийн дотор уужуухан” гэгчээр өчүүхэн орлоготой бид орлогоо нэмж чадахгүй бол гарлагаа хэмнэж сурах хэрэгтэй байдаг аж. Кофе ууж тансаглах нь төгрөгийг бол зүгээр түймэрдэж хаяж байгаатай адил болох юм байна л даа. Эдийн засгийн бодлого ийм жижиг зүйлээс эхтэй байдаг гэнэ. Харин бидний нэрэлхүү зан хувь хүн дээр ч, улс оронд ч маш их гай болдог. Юм үзсэн хүн шиг байх, том орон шиг амбицлах зэрэг нь цаагуураа маш өндөр төлбөртэй байдаг аж.


Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Миний бахархал бол бүсгүй хүн юм

Бүсгүй хүнийг хайрлах, хүндэтгэн дээдлэх энэ аугаа ойлголт бага балчираас надад ирсэн итгэл үнэмшил юм. Хувьхан амьдралд хэн ч заагаагүй хэрнээ хүмүүний орчлонд өөрөөсөө олж авсан эрдэнэ мэт үнэт зарчим маань юм. Миний бие айлын том хүү. Доороо гурван эрэгтэй дүүтэй. Тийм болоод ч тэр үү багаасаа л хаяа айлынхаа охиныг хайрлаж өссөн. “Аяга тавгаа угаасангүй, үнээ тугалаа нийлүүлчихлээ” гэж айлын эгч охиноо зандрахад усгал тунгалаг нүдтэй охиных нь өмнөөс загнуулмаар болдог. Үхэр тугалыг нь хариулмаар, гэр орныг нь цэвэрлээд өгмөөр болдог байв.

Ижий аав хоёр минь хүсээд хүсээд манай гэрт заяагаагүй охиныг ийм муухай үгээр зандраад байхдаа яахав дээ гэж гоморхох сэтгэл эрхгүй төрдөг байлаа. Хүүхэд насны ийм гэнэн цайлган, өрөвч сэтгэл яван явсаар миний амьдралын философийг бүтээсэн байна. Охид бүсгүйчүүдийг чин зүрхнээсээ дээдлэх, хайрлан энэрэх итгэл үнэмшлийг суулгасан байна. Арван жилийн сурагч байхдаа ч, оюутан ахуй цагтаа ч нэг их ухаантай царай гаргаад бүсгүйчүүдийг дээдэлдгээ ярьдаг байж билээ. Зарим нэг нь сонсоод инээд нь хүрч, хөөрхийдөө хүүхнүүдээс оноо авах арга мэх нь юм байх даа гэж боддог байсан ч магад.

Саяхан нэг сургууль дээр болсон уулзалтын үеэр төгсөх ангийн сурагч охин “Та залуугаараа Болор цомын эзэн болсон, энэ таны бахархал байх” гэж асууна билээ. Миний бахархал бол бүсгүй хүн, бүсгүй хүнийг чин зүрхнээсээ дээдэлдэг зүрх сэтгэл минь юм гэж хариулсаан. “Мөндөр шиг цайрч хуйларсан он цагийн урсгал, мөрөөдлийн цэнхэр бороо мэт алсад одсон нь цаг хугацаа биш ижий минь байж” хэмээн тэртээ хоёр мянгаад оны эхэнд бичжээ. Энэ амьдрал, цаг хугацаа надад ижийгээр минь бүсгүй хүнээр хэмжигднэм.


Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Утаанаас уушгиа хэрхэн сэргийлэх вэ

Утааны улиралд өвчнөөс сэргийлэхийн тулд өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарахдаа амны хаалт зүүх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Дулаан газраас гарч гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроож улмаар астма өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Энгийн материалаар хийсэн амны хаалт нь агаар бохирдуулагч хийнээс бүрэн хамгаалдаггүй учир нанотехнологиор хийсэн амны хаалт хэрэглэх нь илүү үр дүнтэй.

Өдөр тутам илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх нь дархлааг сайжруулдаг. Илчлэг сайтай хоол хүнсэнд үхэр, адууны мах, аарцтай шөл зэрэг орно. Махнаас гадна эрдэс, аминдэм агуулсан жимс, хүнсний ногоо болоод цагаан идээ багтана. Уламжлалт аргаар бүрсэн тараг өглөө, оройдоо уух нь шим тэжээлтэй. Мөн хоол хүнснээс гадна цэвэр агаарт гарах, ууланд авирах зэрэг нь утаанд хордсон уушгийг эмчилдэг. Гэр орондоо байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, төрөл бүрийн цэцэг тарьж ногоон байгууламж бий болгохоос гадна, утаан бүрхүүл тогтсон үед цонхоо онгойлгохгүй байх хэрэгтэй.

Бидний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг хүнд металлууд нь ихэвчлэн 50-80 см өндөрт байдаг. Гэтэл бага насны хүүхдийн хамрын амьсгалах түвшин нэг метрээс доош учраас тэдгээр хүнд металлаар амьсгалдаг байна.

Мөн автомашины яндан нь доор байрладаг учраас эцэг, эхчүүд таваас доош насны хүүхдээ замын хажуугаар дагуулж явахдаа тэвэрч, өөрийнхөө амьсгалын түвшинд авч явах юм бол хүнд металлын өртөлтөөс сэргийлэх боломжтой. Хэн бүхний мэдэх зөвлөгөө ч амьдралдаа дагаж мөрддөг маань хэд бол.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гоё байх гэсэн хэт их шунал хүнийг улам гундуулдаг

disappointment зурган илэрцүүд

“Гоё байх гэсэн хэт их шунал хүнийг улам гундуулдаг” гэж бялдаржуулах төвийн багш найз маань ярьсан юм. Түүний ажигласнаар жингийн илүүдэлтэй хүмүүс гоолиг сайхан биетэй болох гэж хэт их шунаснаас улам л бүдүүрээд байдаг гэнэ. Учир нь тийм хүмүүс хоолоо ч үнэн сэтгэлээсээ дурлаж идэж чадахаа больдог ажээ. “Ийм их хоол идчихлээ. Одоо нэмж таргална даа” гэх юм уу “Яах гэж энэ хоолыг идэв ээ” гэх зэрэг санаа зовоосон бодлууд таныг улам стрестүүлж, үүнээсээ үүдэн хүссэн, хүсээгүй жин нэмж эхэлдэг байна. Харин хоолоо аз жаргалтайгаар үнэн сэтгэлээсээ таашаан идэж байгаа хүмүүст хоол нь эрч хүч, сэтгэл ханамж өгч байдаг болохоор таргалалтын шалтгаан болох нь бага ажээ. Мэдээж хоолны илчлэг, хэдэн цагт идэж байгаа зэрэг нь хамаатай боловч таргалалтын шалтгааны жин дарах хувь нь тухайн хүний санаа зоволт.

Мөн турахаар фитнесст явж байгаа хүмүүс хийж байгаа дасгалуудаа ял мэт боддог нь бие махбодид нь сөргөөр нөлөөлдөг байна. “Яаж дасгал хийнэ ээ, цаг нь хурдан дуусаасай” гэж зүрхшээн бодож байгаа хүн жин хаядаггүй, хаясан ч эргээд амархан нэмдэг гэлээ. Тиймээс алив зүйлийг хийхдээ ял мэт санаж байгаа бол үр дүн гарахгүй гэсэн үг. Харин хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, түүнээс аз жаргалыг мэдэрч чадаж байвал үр дүн нь нүдэн дээр мэдэгдээд ирдэг байна. “Гоё байх, гоо үзэсгэлэн төгс амьдарна гэдэг бол нэг, хоёр сар фитнесст хичээллээд болчихдог юм биш, насан туршийн зөв дадлын үр дүн юм шүү” гэдгийг тэр багш бусдад байнга сануулдаг.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хавар гэдэг дэндүү уйтгартай улирал болж дээ…

Холбоотой ЗурагХавар гэхээр л хүн бүхэн шив шинэхэн улирал гэж бодно. Гэвч хавар хуучнаас хуучин улирал бололтой. Өвлийн хуучин цасны шар ус уйтгартайгаар далан дагаж урсана. Хотын гудмаар өвлийн өлөн тоосонд дарагдсан машинууд цаанаа л нэг гундуухан хөлхөцгөөнө. Тэдний хөлхөж буйн шалтгаан ч хиртэй, хуучин төгрөг. Шинэ төгрөгүүд тэдний хэтэвчинд хэзээ ч очихгүй. Шинэхэн бороо хэзээ нэгтээ орж, хуучин өлөн тоосыг үргээтэл өдий.

Хотын айл бүхний зурагтаар хуучин улстөрчид хуучин хэрүүлээ хийцгээнэ. Байгаль дэлхийтэйгээ ойрхон байсан бол ийм улиг домог болсон зүйлсийг хэн ч анзаарахгүй сэн. Тэртээх жалганд хөгшин бух өеөдөн үхээд ширийг нь гуринхи үнэг сэглэсэн ч хэн үл тоох тийм нэг нэг амгалан Монголын хөдөөд минь бий. Тэнд ямар ч гуниг байдаггүй. Байгаль дэлхий гэдэг жам ёсоороо л цаг улирлаа давтаж буй нь тэр. Харин энэ их хотжилт, хүний нийгэмд бол алив бүхэн уйтгартай. Эргэн санахад Овоон таг дээр хонио хариулж явахад цасан дундаас ургасан яргуй ямархан дотно, ямар сайхан харагддаг байлаа. Одоо гэтэл амьд хүмүүсийн дунд амьдарч яваа атлаа тэртээ олон жилийн өмнө харсан үхсэн цэцгээс ч хоосон санагдах нь дэндүү гунигтай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өнгө өнгийн такси, өөр өөр үнэтэй

Томоохон хотуудын нийтийн тээврийн үйлчилгээ, хүн тээврийн нэлээд хувийг такси компаниуд нуруун дээрээ үүрч явдаг. Харин манайд таксины компани ашиггүй учир хоосон орон зайг нь хувийн тэрэгтэй хүмүүс нөхөж байна гэдэг. Үдэш орой замын дэргэд гараа өргөхөд ямар ч хамаагүй жижиг тэрэг ирэхээр суучихдаг. Тэр такси биднийг гэрт минь хүргэх эсэхийг мэдэхгүй, тэр талаар юу ч бодоцгоохгүй. (Таксины жолоочийн үйлдсэн гэх гэмт хэргүүд өдөр бүр гардаг) Зорьсон газраа ирлээ гэхэд өөр өөр үнэ хэлнэ. Зарим нь бүр маршрут гаргаад тариф тогтоочихсон байдаг. Бензин, тос үнэртсэн, хир тоостой суудалтай, салж унах гэсэн жижиг тэрэг, тохилог, аятайхан такси хоёр ижилхэн тарифтай. Хувийн тэргэнд суучихаар хүний машинд дайгдаж, гуйж суусан юм шиг, ер нь жолоочийнх нь аясаар. Жолооч нь тамхи татвал дагаж дам тамхидалтад өртөнө. Ярианы сэдвийнх нь дагуу ам дагуулж тэрхэн зуур буу халахгүй бол төлбөр дээр мөнгө нэмж мэдэх.

Жуулчид “Улаанбаатарт такси маш ховор. Зөвхөн тусгай дугаар руу утасдаж дууддаг. Замын хажууд гар өргөхөд ирж зогссон жижиг тэрэгний жолоочид итгэж болохгүй” гэж нэгэндээ зөвлөж “Монгол руу аялал, жуулчлалаар явахаар төлөвлөсөн бол анхаарах 20 зүйл”-ийнхээ эхэнд Улаанбаатарын хувийн таксичдаас болгоомжил гэсэн байна билээ шүү. Такси компаниуд шинээр нээгдэх боломжгүй юм бол энэ халтуурчдаа чиглэл чиглэлээр нь багцалж баг, хоршоо болгож зохион байгуулалтад оруулмаар байна. Хүнээс мөнгийг нь авах гэж байгаа бол үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг нь нэг удаа ч болов хэлээд өгөхсөн. Тэгж байтал сайхан цаг ирж, алаг бөөртэй таксинууд олшрох нь мэдээж.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Юу ч хийсэн шүүмжлэх дон шүглэжээ, монголчуудад

Image result for Шөнийн гэрэлт гудамжШөнийн гэрэлт гудамж нэртэй аятайхан ажлыг хийв. “Ёстой дэмий юм хийж байх юм. Зам хаагаад. Ядаж энэ нэг юм аа арай уртхан болгочихгүй дээ. Гэрэл нь унжаад будаа болж байна лээ, хайран мөнгө” гэсэн хэл ам дагуулав. Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зам бүхий гүүрэн гарцтай болов. “Ямар урт юм бэ. Аятайхан зураг гаргаад хийчихгүй, бөөн мөнгө идэж уугаа биз” гээд араас нь мянган шүүмжлэл дагалаа. Нийслэлд өнгө үзэмж нэмчих санаатай хэдэн хөшөөг хотын төвийн гудамжинд байрлуулжээ. “Тамтаггүй өндөр үнээр бий болсон байна. Утгагүй хөшөө босголоо. Үхснийх нь аз жаргалтай Улаанбаатар” гэсэн хэл амыг дагуулав.

Монголчууд ер нь юу ч байсан хамаагүй шүүмжилдэг, хараар буддаг сэтгэлзүйн гажигтай болсон бололтой. Сайн ч зүйл хийсэн, муу ч юм хийсэн заавал араас нь муулдаг заваан сэтгэхүйтэй болжээ.

Уг нь тэр хөшөөнүүд нь бидний жишээ болгон ярих дуртай гадаад орнуудын гудамжинд хэдэн арваараа байдаг. Иргэдээ осол аюулгүй зорчуулахын тулд хийсэн гүүрэн гарцууд хаа сайгүй бий. Компьютерийнхээ ард шигдэж суугаад хамаг бүхнийг харааж суудаг, хар бодлоороо будаж байдаг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс л харин монголчууд бидний тулгамдсан асуудал боллоо. Улсын нийслэл, их хотод гэрэл гэгээ нэмэх хийц донж нь таарсан аятайхан хөшөөг харин ч олныг хийх хэрэгтэй.

Ядаж л хүмүүсийн зургаа авахуулах боломжийн зүйл болно. Ямар өчнөөн тэрбумаар авто замын аюулгүйн тойрог дээр нохойны хөшөө барьж байгаа биш. Одоо санаагаар болдог бол нийслэл хотод хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн нэмж байгуулмаар байна. Бас хотыг тойроод ганц нэг ч болов нуур цөөрөм бүхий зугаалгын газартай болмоор байна. Иргэдэд зугаалж алхах газаргүй болчихоод байгааг хотын дарга нар дээр дооргүй анхаарч ажил болгох хэрэгтэй. Мэдээж ямар ч дарга нар гараад юу ч хийсэн үй түмэн шүүмжлэлийн бай болно. Тэр бүхэнд гомдож тунирхаад байлгүй ажлаа зоригтойхон хиймээр байна. Улаанбаатар гадаадын нүсэр хотуудын хажууд үгүй ээ мөн авсаархан хот шүү дээ.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Уруулын будгуудыг шинжлүүлэхэд

Холбоотой ЗурагӨнөөгийн бүсгүйчүүдийг уруулын будаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Бүсгүйчүүд маань гэрээсээ гарахын өмнө тольдохдоо уруулаа заавал буддаг. Хоол идсэнийхээ дараа, ажил дээрээ, гадагшаа гарахынхаа өмнө будгаа сэргээдэг зуршилтай. Өдөр тутмын хэрэглээ болсон энэ бүтээгдэхүүнд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах “Que Choisir” хэмээх Францын байгууллага нарийвчилсан шинжилгээ хийлгүүлсэн байна. Харамсалтай нь шинжилгээнд хамрагдсан будагнуудын 50 хувь нь чанарын шаардлага хангаагүй гэнэ.

Гоо сайхны бүтээгдэхүүнээрээ дэлхий дахинаа алдаршсан томоохон компаниудын үйлдвэрлэж буй 21 уруулын будаг, өнгөлөгчийг шинжилжээ. Түүний арваас нь канцероген хэмээх бодис илэрсэн байна. Канцероген нь хүний биед нэлээд сөрөг нөлөөтэй тодруулбал хавдар үүсгэх аюултай гэнэ. Эмэгтэйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд ордог минералын тосон дахь нүүрстөрөгчийн агууламж заасан хэмжээнээс хавьгүй их байсныг мэргэжилтнүүд тогтоожээ. Уруулын будаг нь амаар дамжин ямар нэгэн хэмжээгээр хүний биед орж байдаг. Харин францчууд уруулын будгийг эмэгтэйчүүд түрхдэг, эрчүүд иддэг хэмээн ярьдаг.

Гэтэл нүүрстөрөгчийн хэмжээ нь хэтэрсэн минералын тос нь тунгалагийн зангилаа, элэг зэрэг эрхтнийг өвчлөхөд хүргэх аюултай гэнэ.

Шинжилгээний эцсийн дүн гарсны дараа эрдэмтэд уруулын будаг төдийгүй бусад гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглэх хугацааг сайтар нягталж байхыг бүсгүйчүүддээ анхааруулжээ.