Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зүрхний хэм алдагдлаар огт өвдөхгүй байх боломжтой DNN.mn

Үхэлд хүргэх зүрхний эмгэгүүд дотроос хамгийн түгээмэл нь зүрхний хэм алдагдал буюу аритми. Зүрх тайван байдалд нэгэн жигд агшиж чадахгүй байхыг зүрхний хэм алдагдал гэдэг байна. Зүрх хэвийн хэмжээнээс түргэн, эсвэл удаан агшихыг эмгэг гэж тодорхойлдог.

Зүрхний хэм алдагдалд тодорхой нэг шинж тэмдэг байдаггүй. Хамгийн түгээмэл шинж нь гэвэл зүрх хэвийн зүгээр байж байснаа гэнэт амаар гарах шахам огцом, хүчтэй дэлсээд эхлэх явдал. Ийм тохиолдолд шинжилгээ хийлгэж зүрхний эмгэгтэй эсэхээ тогтоолгох нь зүйтэй.

Ямар ч хүн шатаар хурдтай алхах, гүйх зэргээр ердийнхөөс их ачаалал өгөхөд зүрх дэлсдэг. Энэ бол эрүүл дэлсэлт юм. Харин тайван байхад гэнэт дэлсээд эхэлбэл эмгэг дэлсэлт болно. Үүнээс гадна зүрхний дэлсэлт тухайн хүний насанд тохирсон байдаг. 50 настай эмэгтэй хүний зүрхний цохилт 140-150 хүрч дэлсвэл эмгэг. Харин 20 настай эмэгтэй хүний зүрх ингэж дэлсэж байвал эрүүл байж болох талтай. Түүнчлэн зүрхний цохилтын тоо цөөрөн толгой эргэж, нүд эрээлжилж, газар дайвалзаж унах гэж байгаа юм шиг болох нь бий. Энэ бол мөн л зүрхний хэм алдагдсаны шинж учраас яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Хүмүүс зүрхэн тус газар хатгахыг зүрхний өвдөлт гэж андуурдаг. Гэтэл зүрхний өвдөлт арай өөр. Өвчүүний ард чулуу дүүжилчихсэн, дарчихсан юм шиг өвддөг байна.

Зүрхний хэм алдагдлыг эмчлүүлэхгүй удаан явбал хүндэрч, тархинд цус харвах шалтгаан болдог ажээ. Харвалт өгснөөр тухайн хүн өдөр тутам хийдэг зүйлээ хийх чадваргүй болдог. Үүний сацуу зүрхний дутагдал үүснэ. Хэм алдагдсанаас болж зүрх гэнэт зогсох ч эрсдэлтэй.

Зүрхний хэм алдагдлаас сэргийлэхийн тулд хамгийн чухал нь дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Ер нь зүрхний хэм алдагдлаар огт өвдөхгүй байх боломжтой юм. Судалгаагаар, насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний хэм алдагдлаар өвчлөх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Тухайн өвчлөх магадлалтай хүн дасгал хөдөлгөөн сайн хийвэл тэр хэмжээгээр зүрхний хэм алдагдлын эмгэгтэй болох магадлалыг багасгаж, огт өвдөхгүй амьдарч ч болдог.

Идэвхтэй хөдөлгөөнтэй амьдралын хэм маягтай хүмүүст зүрхний хэм алдагдал бага тохиолддог, тохиолдсон ч хурдан эдгэдэг нь тогтоогджээ. Тиймээс алхах, гүйх, аэробикоор хичээллэх, усанд сэлэх, дугуй унах, йогоор хичээллэх зэрэг дасгал, хөдөлгөөн хийх нь чухал ажээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Музейн боловсрол DNN.mn

Гар утас, интернэтийн
хэрэглээ хэт давамгайлсан
энэ цаг үед орхигдож буй
нэг боловсрол бол музей.
Монгол Улсад музейг соёлын
байгууллага хэмээн үзэж,
соёлын асуудал эрхэлсэн
яам нь голдуу харьяалалдаа
байлгадаг. Гэтэл олон
улсад музейг боловсролын
байгууллагад тооцож, зарим
орон заавал судлах хичээлийн
жагсаалтад музей үзэхийг
оруулсан байдаг.
Гар утсаараа эртний
динозавруудын тухай хичнээн
3D, 4D юм үзсэн бай нэг удаа
музейд очиж, бодит араг ясыг

нь харж, чихмэлд нь ойр
очиж зогсоод тайлбарлагчийн
үгийг сонсох нь юугаар ч
орлуулшгүй амьд мэдрэмж,
бодит мэдлэг болж үлддэг.
Ямар ч музейгээр бүтэн
тойроод гарахад нэг боть
ном уншсантай тэнцэхүйц
мэдээллийг олж авдаг хэмээн
музейн ажилтнууд ярьдаг нь
үүнийг батална.
Музей үзсэнээр заавал
аялж, олон мянган километр
зам туулж, дэлхийг тойрох
шаардлагагүй болдог. Музейгээс орон нутгийнхаа ёс
заншлаас эхлүүлээд байгаль,
ан амьтан, дэлхий, сансар огторгуй, дэлхийн соёл,
түүх, шинжлэх ухааны нээлт
гэхчлэн бүхий л салбарын
мэдээллийг авна.
Зарим хичээл дээр
зааснаа бататгах гэж багш
нар сурагч даа музейд
дагуулж очдог шалгарсан
арга ч бий. Зуны цагт гэртээ
гиюүрэн суугаа, хөдөө очих
хамаатангүй, хот суурингийн,
гэр хорооллын хүүхдүүд олон
бий. Тэдэнд музей үзүүлбэл
боловсролд нь нэмэр болж,
танин мэдэхүй нь зузаарах
юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хар нүүрсэн эмийн ач тус DNN.mn

Айл бүрийн эмийн санд байвал зохих эмийн нэг бол идэвхжүүлсэн нүүрс буюу бидний хэлж заншсанаар хар нүүрсэн эм. Ходоод гэдэс цэвэрлэх, хордлого тайлах, холестерины хэмжээг бууруулах, батга арилгах, шүд цайруулах болон шарталтаас сэргийлэхээс гадна өөр олон зорилгоор уг бэлдмэлийг хэрэглэдэг байна.

Наад захын жишээ гэхэд, хоол идэхээс өмнө идэвхжүүлсэн нүүрс уухад л гэдэсний хий мэдэгдэхүйц буурдаг аж. Хортой бодисыг хурдан саармагжуулах үйлдэлтэй тул нүүрсэн эмийг хордлогын үед өргөн хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, идэвхжүүлсэн нүүрс нь хоол боловсруулах зам дахь харшлын урвал, эсийн гэмтэл, дархлаа бууруулах үйлчилгээтэй хоруудыг цэвэрлэдэг. Эмч нарын зөвлөж буйгаар ходоод гэдсийг бүрэн цэвэрлэхийн тулд 10 грамм нүүрсэн эмийг хоол идэхээс 90 минутын өмнө хоёр өдрийн турш ууна. Цэвэрлэгээний үед зөвхөн органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой аж.

Хар нүүрсэн эмийг дотуур хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар гадуур эмчилгээнд хэрэглэх боломжтой. Тодруулбал, биеийн эвгүй үнэр, батга арилгах, шавжинд хазуулах, халгайд түлэгдэх болон могойд хазуулсан үед гадуур хэрэглэнэ. Шумуул эсвэл зөгийд хатгуулсны дараа нэг ширхэг нүүрсэн эмийг наргил модны тостой холин хазуулсан хэсэгт түрхэхэд тэр дор нь зүгээр болдог гэнэ. Гэхдээ ийн хэрэглэхдээ, идэвхжүүлсэн нүүрс хүрсэн болгондоо толбо үүсгэх гээд байдгийг анхаарч гадуур нь цэвэр боолтоор боож өгвөл зүгээр.

Хар нүүрсэн эм нь цусан дахь муу холестериныг бууруулж, сайн холестериныг ихэсгэдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Нэгэн судалгаанд, нүүрсэн эмийг хэрэглэсэн дөрөвхөн долоо хоногийн дотор нийт холестериныг 25 хувь, LDL буюу муу холестериныг 41хувь бууруулж, HDL буюу сайн холестериныг найман хувиар ихэсгэсэн үр дүн гарчээ.

Уг бэлдмэлийг насанд хүрэгсэд богино хугацаанд ууж хэрэглэхэд сөрөг нөлөө харьцангуй бага юм. Мөн жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд нүүрсэн эм нь аюул багатай ч уухаасаа өмнө эмчтэй зөвлөх хэрэгтэйг анхаарна уу. Хэрэв гэдэсний түгжрэл болон байнгын өтгөн хатах зовуурьтай бол эмч зөвлөөгүй л бол уусны хэрэггүй. Мөн өөр эмтэй хавсарч уух тохиолдолд нөгөө эмийнхээ үйлчлэлийг сулруулдаг тул уух цагийг сөөлжүүлж тохируулах шаардлагатай байдаг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Бүх зүйлийн арга олддог” DNN.mn

Энэ удаа уншигчдадаа “Болор судар” хэвлэлийн газраас орчуулан гаргасан зохиолч Мари Форлеогийн “Бүх зүйлийн арга олддог” номын тухай ярьж өгье. Ном хэвлэгдсэн даруйдаа Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн юм. Тус ном нь “Тропикана жүрж”, үр дүнд хүргэх төлөвлөгөө, итгэл үнэмшлийн ид шид, шалтгийг үгүй хий, айдсыг даван туулах нь, мөрөөдлөө тодорхойл, бэлэн болохоосоо өмнө эхэл, төгс төгөлдөрт бүү тэмүүл зэрэг 10 хэсгээс бүрдэнэ. Уг номд бүх зүйлийн арга олддог хэмээх итгэл, сургаалын ачаар урам авч амьдралдаа тохиолдсон хүнд сорилтыг даван туулсан эгэл хүмүүсийн түүх олон бий. Юу ч тохиолдсон учрыг нь олох, оногдсон тавилангийнхаа эзэн болоход шаардлагатай бүхэн бидэнд байгаа тухай өгүүлнэ.

Өөрийн төлөө болон бусдын төлөө бодитой зүйл бүтээх хүчийг оюун ухаан л бидэнд өгдөг. Учир нь материаллаг ертөнцийн бүх зүйлс оюун санааны түвшинд үүсдэг. Бидний оюун ухаанд үүсээгүй зүйл энэ ертөнцөд оршдоггүй. Хүмүүс бид санаа, төсөөллөө амьдралд хэрэгжүүлэх заяагдмал бүтээгчид. Аливааг бүтээх үйл явцыг дараах байдлаар хураангуйлан томьёолж болно. Итгэл үнэмшил – бодол – мэдрэмж – зан төлөв – үр дүн байна. Аливаа асуудлыг шийдэх эсвэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд бид хамгийн эхэнд итгэл үнэмшлээ өөрчлөх ёстой аж. Итгэл үнэмшил өөрчлөгдөхөд бүх зүйл дагадаг байна.

Ахиц дэвшлийн зам олонхын төсөөллөөр шулуун байдаг бол бодит байдал дээр зорилго биелэх цэгт хүрэхэд асар их замыг туулдаг. Унаж босохоос бүү ай, харин алдаа оноогоо хэрхэн бүтээлчээр ашиглах, юу сурч болохыг судал. Нэг алхам урагшлаад дөрвөн алхам ухрах шиг санагдана. Таны бүтээж, хүрч, туулж, мэдрэхийг хүссэн зүйлс бодсоноос тань илүү удаан биелэх магадлалтай. Чадвар болон амбицын хоорондох зайг арилгах арга зам бол төгс төгөлдөр байхад бус ахиц дэвшил гаргахад анхаарах тухай уг номд гарна. Ихийг сурч мэдэх хүртлээ чадлынхаа хэрээр хичээ, ихийг сурч мэдсэн бол улам шаргуу зүтгэ. Өөрийн амьдралдаа хийж буй ахиц дэвшил бүр нь танд бүтээлч сэтгэлгээг суулгах аж.

Дэлхий дээр шалтаг хэлдэг, үр дүн гаргадаг хоёр төрлийн хүн бий. “Би үүнийг мэднэ ээ” гэж бодохын оронд, “Би үүнээс юу сурч болох вэ” гэж өөрөөсөө асуугаарай. Итгэл үнэмшил өөрчлөгдөх дургүйн учир нь бид юмсыг буй янзаар нь биш, өөрсдийн үзэмжээр хардагт байдаг аж.

Мөн номд цагаа дэмий үрснээр ямар боломжуудыг алдах талаар ч өгүүлэх юм.

Уг номд айдсыг даван туулах талаар маш энгийнээр өгүүлнэ. Энэ хорвоод айх зүйл нэгээхэн ч үгүй, харин ойлгох ёстой зүйл л бий. Ирээдүйд бага айхын тулд одоо ихийг ойлго. Айдас бол таны дайсан биш. Айдсыг дайснаа болгох нь маш том алдаа. Өөрийгөө өөрчил.

Уг номд өгүүлдэг үзэл баримтлалуудаас хуваалцвал бусдын бодол санаанд анхаарал хандуулах тусам та тэдний эрхшээлд орно. Таны мэдрэмж яагаад ч бусдын бодлоос шалтгаалах ёсгүй, сэтгэл хөдлөлийг тань хянах хүчийг хэнд ч хэзээ ч бүү өг. Аливаад авах гээхийн ухаанаар ханд. Хүн танд шийдэлд чиглэсэн шүүмж дүгнэлт өгөх үед хэтэрхий сул дорой байвал зарим мэдээллийг сонголгүй орхин, суралцаж чадахгүй юм. Шүүмжлэлээс үнэ цэнийг бий болгож чадахуйц хүчтэй бай. Түүний хэлж ярьснаас юу нь үнэн байж болох вэ, өсөж хөгжих, илүү сайн хийдэг болохын тулд ашиглаж болох зүйл байна уу зэрэг асуултууд танд туслах аж.

Сэдэв бүрийн үргэлжлэл болгож дадал болгох тактикуудаас ч зохиолч хуваалцана.

Бүх зүйлийн арга олддогийг батлах түүхүүдээс яривал “Мансуурах донтой, өрөнд баригдсан, амиа хорлох тухай боддог, сэтгэл санаа нь гүн хямарсан зэрэг олон асуудалтай Ула гэгч бүх зүйлийн арга олддог сургаалын ачаар хорт зуршилгүй, өргүй эрүүл болсон” тухай “27 настайдаа хөхний хорт хавдартай тэмцэхийн хажуугаар гэр бүлийнхээ бизнесийг татварын асуудлаас ангижруулж, орлогоо гурав дахин нэмэгдүүлсэн бүсгүй” зэрэг түүх гарна. Шаргуу хөдөлмөр, тууштай байдалд бүх зүйлийн арга олддог байна.

Энэхүү номыг уншсанаар та үр дүнд хүрэхэд туслах зорилготой “Сурснаа хэрэгжүүлэх дасгал”, дадал болгох дүрмүүд зэрэг олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дуут дохиог зохистой хэрэглэж хэвшвэл хэрэгтэй сэн DNN.mn

Замын хөдөлгөөний дүрэмд зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд дуут дохиог хэрэглэх талаар тодорхой заасан байдаг. Өнөөдөр нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хэдхэн хором хүлээх зуурт л ёнгинотол сигналддаг муухай зуршилтай болчихож. Гэрлэн дохион дээр зогсож байхад л цэхэлзэж хараад л сигналдана. Бусдын тав тухыг алдагдуулж байгаадаа санаа зовсон шинж тэдэнд огт алга. Нэг удаагийн гэрлэн дохиогоор багтаж ороогүйдээ хорсож дуут дохиогоо чарлуулж байгаа нь биеийн хэлэмжээс нь илт харагдана.

Хамгийн хорлонтой нь амралтын цагаар хороолол дунд дуут дохиогоо дахин дахин чарлуулна. Өтгөс, нялхас, өвчин зовлонтой нэгэн амарч байгааг ухамсарлах соёл тэдэнд үгүй. Даралт ихтэй нэгэн бол харвалт өгчихөөр л дуут дохиог хангинуулна. Амралтын цагаар тэр шүү дээ. Ингэж бусдын амгаланг алдагдуулдаг жолооч хаа сайгүй тааралдах юм. Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбатын онцолж байгаагаар бол жолооч нарын дүрмийн мэдлэгтэй холбоотой гэнэ. Жолооч бэлтгэж буй курсуудын хөтөлбөрт дуут дохиог зөв зохистой хэрэглэх тухай хичээл хэрэгтэй байгааг тэрбээр онцолсон. Дуут дохиог зөв зохистой хэрэглээд хэвшчихвэл “Аз жаргалтай Улаанбаатар”-ын статуст нэг алхмаар ч болов дөхөх юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ковид, дайн нэгэн цагт дуусна, тэр үед ядаж Дарханы замтайгаа байхсан DNN.mn

Хэсэг хугацаанд орсон борооны улмаас Дарханы замын хамгийн гайгүй яваа гэсэн хэсэг нь хуулраад, замыг нь хаачихсан бололтой. Уг нь энэ зам дээр холбогдох яамных нь дэд сайд нь билүү бараг л очиж байрлаад байнгын хяналт дор үйл ажиллагааг нь өдөр шөнөгүй хянаад явах юм болоод байсан. Гэтэл нөхцөл байдал муухан байгаа тухай олон нийтийн сүлжээгээр зураг хөрөгтэйгээ байнга л гарч байх боллоо. Уг нь бол салбарын яам нь энэ асуудал дээр дориухан шийд, шийдвэр гаргаад, хамтрах газар байвал хамтраад хурдан дуусгачихвал хаа хаанаа амар баймаар. Гэтэл тийм биш ажээ. Дарханы замаас болж иргэд аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа шууд болон шууд бус хохирлын талаар ямар нэгэн тооцоо ч байхгүй. Машины нэг дугуй бөөрөөрөө задрахад л тухайн жолоочид эдийн засгийн хувьд багагүй хохирол учирна. Дарханы зам угтаа их л ач холбогдолтой чухал зам гэж дарга болгон шахуу ярьдаг. За тэр ач холбогдол энэ тэрийг нь тооцохоо больё гэхэд хэдэн зуун салаа зам бий болоод ойр тойрны байгаль орчны байдал утгаараа аймшиг болж байгаа. Ер нь эхнээсээ хуучин замыг нь яагаад хуулчихсан, түр замуудаа яагаад олигтой тавиагүй вэ гээд тухайн үед тийм мунхаг шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй санагддаг. Тухайн үед нэг багцад эрх өгсөн хүн нь ажлаас гараад явсан учраас хариуцлага тооцох боломжгүй гэж сайд нь Ерөнхий сайдад танилцуулж байсан. Тэгвэл ганц ч тэр биш хариуцлага алдсан, ажлыг удаашрахад нөлөөлсөн этгээдүүдийг олоод хариуцлага тооц л доо.

Бараа бүтээгдэхүүн зөөх том машинуудаас эхлээд хүн зөөдөг жижиг машинууд гээд хойшоо зүгтэй бүх машин үүгээр л өнгөрдөг. Эдийн засаг талаасаа бараа бүтээгдэхүүний эргэлтийн гол зангилаа болсон замаа тавьж дөнгөхгүй бол эдийн засгаа сэргээнэ барина гэж ярих утгагүй санагддаг. Ковид, Орос-Украйны асуудал хэзээ нэгэн цагт төгсгөл болно. Тэр үед гол зангилаа зам ч үгүй, шороо манаргаад байж байвал үнэхээр хэрэг алга даа. Бараа таваарын эргэлт харьцангуй бага байгаа энэ үедээ Дарханы замаа босгоод авбал хаа хаанаа чухлаас чухал. Гэхдээ зам дууслаа гэж шоудаад, маргааш нь орох бороонд хуулраад унавал зам байхын хэрэгтэй ч юм уу л гэж бодогдох юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ойгоос түүсэн жимсийг бүлээн усаар угааж хэрэглээрэй DNN.mn

Гүзээлгэнэ гэх мэт бутлаг модтой жимсийг түүхийгээр нь аваад л амруугаа хийдэг нийтлэг үзэгдэл бидэнд бий. Ойгоос түүсэн жимсээ шилэнд хийгээд замын хажууд зарж зогсох хүмүүс ч жил бүрийн өдийд түгээмэл харагддаг. Үүнд хорхойсч сонирхох хүмүүс ч олон.

Тэгвэл эмт ургамлын багш, доктор Б.Алтантуяагийн онцолж байгаагаар бол жимсэнд үнэгний шүлсээр дамжиж үлдсэн шимэгч хорхойн өндөг байх нь түгээмэл гэнэ. Үнэг ч жимсэнд дурлаж иддэг амьтан. Хэрэв шимэгч хорхойн өндөг жимсээр дамжиж хүний биед нэвтэрсэн бол элгийг сэглэж хаядаг талаар Б.Алтантуяа доктор анхааруулжээ. Элэгний өвчлөл, тэр дундаа хорт хавдрын тэргүүлэх шалтгаан нь түүхий жимсийг амруугаа шууд чулууддаг зуршилтай холбоотой байж болохыг тэрбээр сэрэмжлүүлжээ. Ийм эрсдэлээс сэргийлэх энгийн арга нь ойгоос түүсэн ямар ч жимсийг бүлээн усаар сайтар угааж хүнсэндээ хэрэглэх гэнэ.

Аялал зугаалгын үе үргэлжилж байгаа энэ өдрүүдэд жимс сонирхох хүн элбэг тааралддаг. Түүсэн жимсээ амруугаа шууд хийдэг энэ зуршил таны амин чухал эрхтэн элгийг богинохон хугацаанд сүйрүүлэх эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагаас ч анхааруулжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Богино хугацаанд наранд борлосон арьсаа цайруулахыг хүсвэл нимбэг хэрэглээрэй DNN.mn

Наранд түлэгдэж борлосон арьсыг цайруулах хамгийн үр дүнтэй арга бол витамин C ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх юм. Гэрийн нөхцөлд арьсаа богино хугацаанд цайруулахыг хүсвэл нимбэг, тараг, жүрж, алое зэргийг ашиглан маск бэлтгэх боломжтой.

Витамин С-гээр хамгийн баялаг жимс болох нимбэг хэрэглэх нь арьс цайруулах хамгийн үр дүнтэй арга юм. Мөн нимбэгэнд агуулагдах антиоксидант нь арьсыг түргэн цайруулж, нөхөн төлжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг аж. Арьсаа цайруулахын тулд нимбэгний шүүсийг усанд найруулж уух, дангаар нь түрхэх, эвсэл бусад бүтээгдэхүүнүүдтэй холин маск тавих хэлбэрээр хэрэглэж болдог.

Ингээд нимбэгний маск бэлтгэх заавар хүргэе. Нэг ширхэг нимбэгийн шүүс, нэг ширхэг өндөгний цагаан, 10гр элсэн чихрийг /эсвэл органик зөгийн бал/, 100мл буцалсан усанд өнгө нь цайвар болтол сайтар хольж хутгасны дараа нүүрэнд жигд түрхэнэ.

Ингээд 30-40 минут байлгасны дараа усаар сайтар угааж арилгаад чийгшүүлэгч эсвэл тэжээлийн тос түрхээрэй.

Эцэст нь наранд удаан явсны дараа хүний бие шингэнээ хөлс болгон гадагшлуулснаар шингэний дутагдалд ордог. Энэ нь арьс харлах бас нэгэн шалтгаан болдог. Тиймд биеийн шингэнээ тэнцвэржүүлэх үүднээс шингэн зүйл уух хэрэгтэй.

Тиймээс нимбэгтэй ус ч арьсанд сайнаар нөлөөлдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй л болов уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Амьдрахуй” DNN.mn

Энэ удаа Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Үй Хуагийн бүтээл, Тагтаа Паблишингаас 2018 онд эрхлэн гаргаж, хэвлэгдсэн цагаасаа хэдэн сар жил дамнаж бестселлер болж буй ном “Амьдрахуй”-г ярьж өгье.

“Амьдрахуй” тууж бол аз жаргал, зовлон зүдгүүр хийгээд хүмүүний амьдралын оршихуй, тариачдын тосгон болон тариачин эр Фу Гүйн тухай өгүүлнэ.
Зохиолын гол утга санаа ердөө л амьдрах. Туужид “Амьдрах л аз жаргал, ядуу зүдүү ч хамаагүй” гэж өгүүлсэн байдаг.
Хүний амьдралыг өөрчлөх олон зүйлс бий. Тэдгээрээс хувьсгалт хөдөлгөөн, дайн дажин, гэнэтийн үхэл зэрэг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх чадалтай. Яг л эдгээр хүчин зүйлс Амьдрахуй туужийн гол дүр Фу Гүйн амьдралыг өөрчилж зовлон зүдгүүр, бас түүнийг давж босох итгэлийг өгдөг. Өөрөөр хэлбэл Фу Гүй хэмээх эрийн гэр бүл амьдралаар дамжуулан аав хүн, ядуу тариачин хүний уйг гашууг мэдрүүлэхтэй зэрэгцэн хятадад өрнөсөн коммунизм боловсролтой нэгнийг буруутган цаазалж, сэхээлэг давхаргыг үгүй хийж байсныг харуулжээ.
Залуу насны алдаа эндлээс болж ядуу дорд амьдрал руу гулссан Фу Гүй өөрт оногдсон хувь тавилангаас бултах, зугтах газар үгүй гэж хувь заяатайгаа эвлэрсэн нэгэн юм. Учир нь тэр хүнд хэцүү амьдралд цөхрөх үе олон байсан ч үхэх, амиа хорлох талаар бодох ч үгүй байна. Үйлийн үр нь боловсорч гүйцсэн Фү Гүй түүнийгээ хүртэх л учиртай байж.
Эцгийг нь нас барсны дараа эхийнх нь бие чилээрхэн эмч залахаар явах замдаа Фу Гүй дайны талбар руу ачигддаг. Дайны талбарт амьд үлдэх л хамгийн чухал, хэдхэн хормын дараа ч үхэж мэднэ. Амьд үлдэх үлдэхдээ хэн нэгний үхлийг тэвчиж, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Тэр дайны талбараас амьд эргэн ирсэн ч өвчинд шаналсан ядуу гэр бүл угтана. Гэвч цаашид үргэлжлүүлэн амьдрах нь, гэр бүлтэйгээ байгаа нь л хамгийн сайхан.
Туужийн эхлэл хэсэгт Фү Гүй өвгөн ганц үхрээ Фэн Шиа, Жиа Жэн, Ёу Чин, Ван Чи, Кү Гэн хэмээн их олон үхэр тууж яваа мэтээр дуудаж үзэгдэнэ. Гэвч үхэр ганц, өөрийнх нь нэр адилаар Фү Гүй гэх нэртэй ажээ. Учрыг гайхан харсан залуу хүүд өвгөн Фү Гүй:
“Би түүнийг гав ганцаараа газар хагалан зүтгэж байгаа гэдгээ мэдчихвий гэхээс айсан юм. Олон нэрээр дуудах юм бол ондоо олон үхэр, тариа хагалж буй гэж ойлгоод, урамтай гэгч нь урагш зүтгэдэг юм” гэж хариулдаг.
Энэ хэсэг инээдтэй мэт боловч өөрөө өөртөө урам өгч амьдрахаас өөр аргагүй ганцаардмал өвгөний гунигт хувь тавиланг илтгэнэ.
Туужийн төгсгөлд Фу Гүйгийн дэргэд гэр бүлийнхнээс нь хэн ч үлдээгүй. Түүний хүү 13 насандаа сургуулийнхаа захирлыг авраад өөрөө амь эрсэдсэн бол охин нь эмэгтэй хүний ёсоор үрээ төрүүлээд тэнгэрт хальсан.
Ингээд л гансарч үлдсэн Фу Гүй өвгөн хөгшин ганц үхэртээ хандаж “Өнөөдөр Ёу Чин, Ван Ши хоёр газар хагалж байгаа. Жиа Жэн, Фэн Шиа хоёр ч бас долоо найман хэсэгт талбай хагалж буй. Кү Гэн нас бага болохоор хагас талбайг хагална. Харин чи хэчнээнийг хагалахыг би хэлэхгүй. Хэллээ гэхэд лавтай чиний тоцоолсноос дутаах магад. Яриангүй чи минь өтөлжээ. Энэ олон талбайг хагалахад яах аргагүй, хүч хөдөлмөр сэтгэл шаардана шүү…” гэсэн хэсэг бий. Эл хэсэгт мөн л өөрийгөө урамшуулж, өөртэйгөө ярилцаж, өөрийгөө хөгширснийг ч мэднэ. Одоо түүнд үхэл л хамгийн ойр.
Фу Гүйн “Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй. Миний таньдаг хүмүүс нэг нэгээрээ цувран одсон ч би байж л байна” хэмээх үгээр яриагаа дуусгая.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зуун жилийн ой ба 100 жилийн хоцрогдол DNN.mn

Аймаг, сум, сургууль, цэцэрлэгийн тэгш ой шил шилээ даран тохиож байна. Тухайн аймаг сумдын удирдлагууд тэгш ойн баяраа дэнж хотойтол дэлгэр сайхан зохион байгуулахаар хэрэндээ л хичээж байгаа бололтой. Зарим нэг нь сумынхаа брэнд хонин сүргийг харуулахын тулд хүүхдүүдийг хонь болгоод талаар нэг бэлчээсэн бол зарим нь хүчит бөхийн барилдааны эхний даваанд 10 гаруйхан настай бяцхан хүүхдүүдийг ч барилдуулж олон түмнээ цэнгүүлж байна. Энэ мэт ойрд харагдаж үзэгдээгүй сонин содон нээлтүүд цаашид их л үзэгдэх бололтой. Бэлтгэлтэй л байгаарай та нар минь. Үнэндээ Монголчууд бидний тэгш тоо шүтсэн баяр наадмын хэнээрхэл хаана очиж дуусах юм бол. Бүхэл бүтэн нэгэн зууны түүхтэй суманд нь дэлхийд байтугай монголдоо танигдсан ганц ч үйлдвэр, брэнд бүтээгдэхүүн байхгүй, ажилгүйдэл, ядуурал нүүрлэчихсэн байхад юугаар огшиж, юугаараа ондооших гэж…

Тэгш ойн жилд зориулж тэрбум төгрөгөөр бурхан багшийн хөшөө босгосон түүх Сүхбаатар аймгаар л дуусаасай билээ. Өвлийн хүйтэнд бяцхан хүүхдүүд цэцэрлэгийнхээ гадна дагжин чичирч модон жорлондоо дугаарласаар байхад 100 жилийн ойгоо тэмдэглэхээс ичих хэрэгтэй. Байнгын ажиллагаатай ганц ч халуун ус, шүдний эмнэлэг, бүтэн биеийн оношилгооны аппарат ч байхгүй эмнэлгийн байгууллага 100 байтугай 1000 жилийнхээ ойг тэмдэглээд яах юм бэ. Хот хөдөөгийн ЕБС-ийн сургалтын чанар алд дэлэм байтугай хол зөрүүтэй байхад тэгш ойд зориулсан төгсөгчдийн хандиваар ширээ, сандал, ширдэг, буйдан авч байгааг ойлгох ухаан хайрла. Бид тооноос илүү чанарт ач холбогдол өгч үзүүлэнгээр биш үр дүнгээрээ бахархдаг, уралддаг цаг болсон л баймаар сан. Техник технологи, шинжлэх ухааны эрин үед зуун жилийн ойгоо 100 жилийн хоцрогдолтой баярлаж, хөөрч өнгөрүүлмээргүй байна.