Categories
мэдээ нийгэм

Бөөрний өвчлөл болон таргалалтад анхаарал хандуулав

“Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийн хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн эмч нар, Рафаэл Интернэйшнл Олон Улсын ТББ хамтран Төв аймгийн Баяндэлгэр суманд сайн дурын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ хийжээ. Энэ жилийг “Бөөрний өвчлөл болон таргaлалт” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ үеэр үйлчлүүлэгчдийн биеийн жин, өндрийг хэмжих жингийн илүүдлийг тодорхойлж, цусны даралт, шээсний ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, дотрын бүх нарийн мэргэжлийн болон эмэгтэйчүүдийн үзлэг хийж, эмч нарын зөвлөгөөний дагуу зохих эм болон витаминуудыг үнэ төлбөргүй тараалаа. Мөн“Бөөрний өвчлөл болон таргалалт” сэдэвт сургалт явуулж, танилцуулга тараасан юм.

Уг үзлэг оношлогоонд Төв аймгийн Баяндэлгэр сумын 170 гаруй иргэд хамрагджээ. Мөн орон нутагт олдоц муутай, өндөр үнэтэй 3 сая төгрөгний эмээр үнэ төлбөргүй хангасан байна.

Та бүхэнд бөөрний архаг өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөөг хүргэж байна.

Бөөрний архаг өвчин гэдэг нь хэдэн сараас хэдэн жилийн хугацаанд янз бүрийн шалтгаанаар бөөр гэмтэж, улмаар бөөрний үйл ажиллагаа буурахыг хэлнэ.

Бөөрний архаг өвчний тархалт

Дэлхийн хүн амын 10 хүн тутамын 1 нь бөөрний архаг өвчинтэй байна.

Бөөрний архаг өвчний шалтгаан

  • 1/4 хувийг цусны даралт ихсэлт
  • 1/3 хувийг чихрийн шижин өвчин
  • Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл
  • Бөөрний тэвшинцрийн үрэвсэл
  • Бөөр шээсний замын саад болох түрүү булчирхайн томрол ба бөөрний чулуу
  • Эмийн хордлого тухайлбал өвчин намдаах эм тус тус эзэлнэ.

“Бөөрний архаг өвчин” үүсэх эрсдэл:

  1. Артерийн даралт ихсэлт
  2. Чихрийн шижин
  3. Архаг, хууч өвчин
  4. Таргалалт
  5. Тамхидалт
  6. 50-аас дээш нас
  7. Удмын асуумж (бөөрний өвчин, даралт ихсэлт, чихрийн шижин)\
  8. Амьдралын буруу хэв маяг

Та дараах зүйлсийг мартаж болохгүй!

  • Бөөрний архаг өвчин эрт үедээ шинж тэмдэггүй.
  • Бөөрний өвчнийг эмчилж болно. Та эмчид эрт хандаж эмчлүүлбэл илүү үр дүнтэй.
  • Бөөрний өвчнийг цус болон шээсний шинжилгээгээр оношлоно.
  • Бөөрний өвчин бөөрний дутагдалд хүргэнэ.

Бөөрний архаг өвчний шинж тэмдэг

Эрт үедээ шинж тэмдэг илэрдэггүй. Энэ өвчний үед ядрах, хөлөөр хавагнах, анхаарал төвлөрөхгүй байх, хоолны дуршил буурах, цустай болон хөөстэй шээх шинжүүд илэрдэг.

Эмч таны цусны креатинин болон түүдгэнцрийн шүүлтийн хурдыг тооцоолон таны бөөрний үйл ажиллагааг, цусны сахарын хэмжээгээр чихрийн шижин байгаа эсэх, шээсэн дэх уураг байгаа эсэхээр бөөрний эмгэгийг тус тус илрүүлдэг.

БАӨ-ний эрт үед дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авснаар бөөрний өвчний даамжрал болон түүний хүндрэл зүрх судасны өвчлөлөөс та сэргийлж чадна. Үүнд :

  • Цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгах, хянах
  • Цусны даралтыг буулгах болон шээсний уургийг багасгах зорилгоор эмчийн зөвлөсөн эмүүдийг түлхүү тогтмол хэрэглэх
  • Давсны хэрэглээг багасгах
  • Шингэний зохистой хэрэглээг хэвшүүлэх
  • Цусны сахар, холестерин, триглицерид, цус багадалтыг хянах
  • Тамхинаас татгалзах
  • Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
  • Биеийн жингээ хянах
  • Эмийн зохистой хэрэглэх учиртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *