Буудлагын спортын онлайн нээлттэй олон улсын тэмцээн энэ сарын 4-5-нд болж 10 метрийн хийн гар бууны төрөлд ОУХМ Э.Даваахүү, Т.Баярцэцэг нар алтан медаль хүртжээ.
Харин А.Түмэндэлгэр мөнгөн медалийн эзэн болсон байна. Индонез улсын Буудлагын спортын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд Монголын 17 тамирчин цэц мэргэнээ сорьсон байна. Энэхүү онлайн нээлттэй тэмцээнийг Индонезийн буудлагын холбооноос сар бүр зохион байгуулах юм байна.
Ташрамд сонирхуулахад, Монголын буудлагын спортын тамирчдаас “Токио 2020” олимпын наадмын хоёр дахь эрхийг ОУХМ Э.Даваахүү аваад байгаа юм. Тэрбээр Бээжин хотноо 2019 оны дөрөвдүгээр сард болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор тавдугаар байрт шалгарсан амжилтаар олимпын эрхээ авсан бөгөөд тус тэмцээнээс СМ Ц.Анударь олимпын эрх өвөртөлсөн билээ. Мөн буудлага спортоор О.Есүгэн Катарын Доха хотноо /2019.11 сард болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн 626,5 оноо авч олимпын эрхийн болзол хангасан. Монголын буудлагын тамирчид ийнхүү олимпын гурван эрх аваад байгаа юм.