Суурин иргэншилд чиний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ тэрийг ойлгож, ухамсарлаж, хэрэгжүүлдэг нь тун цөөн. Та бидний алхам тутамд энэ байдал анзаарагдаж байгаа биз дээ. Жишээлбэл, явган хүний зам дээр машинаа дамнуулж тавьчихаад хээвнэг дотор нь утсаа ухаад хэвтэж байдаг улс бий. Алхаж яваа хүмүүс тэр машиныг тойрч авто замаар алхах болдог. Хурдтай давхиж байгаа машинд мөргүүлж гэмтвэл явган зорчигчийн замыг булаасан жолооч хариуцах уу. Мөргөсөн жолооч, мөргүүлсэн хүн хоёр л хохирно. Явган хүний зам дээр машинаа хөндөлсүүлбэл гэмгүй иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд том хохирол учруулна гэдгийг манай жолооч нар үргэлж санаж явдаг байгаасай. Бас зорчиж байгаа эгнээ нь түгжрээд байхаар урсгал сөрөөд давхидаг жолооч нар бишгүй байдаг даа. Хэдхэн минут хүлээж чадахгүй урсгал сөрөн урагшилж байгаад урдах, хойдох эгнээгээ явуулахгүй таг түгждэг. Түүнээс болж тэр зам дээр зорчигч олон хүний ажил амьдрал саатаж байгааг мэддэг болов уу. Магадгүй жирэмсэн ээжийн тэсэхийн аргагүй өвдөлт, шалгалтнаасаа хоцорсон оюутны шаналал, түргэн аваад явж буй хэн нэгний харуусалд тэр жолооч буруутай.
Заримдаа томоохон дэлгүүрийн урсдаг шатаар яаран алхах гэхээр урд таглаад зогсчихдог хүмүүсийг өнхрүүлээд уначихмаар санагдах үе танд байдаг уу. Уг нь урсдаг шатан дээр баруун гар талын хэсэг рүү шахаж зогсоод нэг талаа чөлөөлөх ёстой гэдэг ойлголтыг бүгд ухамсарладаг болчихвол хэн хэндээ төвөг удахгүй шүү дээ. Чөлөөтэй хэсгээр нь яарч сандарсан хүмүүс алхана гэж яагаад боддоггүй юм бол. Энэ мэтчилэн бидний энгийн үйлдлүүд хэн нэгэнд төвөг болохгүй байвал нийгмийн стресс нимгэрэх сэн. Ер нь бусдад төвөг удахгүй амьдрах нь хамгийн том буян юм даа.