Бурхантын-Арын бууцанд Ж.Мөнхсайханых хаваржиж байна. Энэ бол Төв аймгийн Аргалант сумын нутаг, хүмүүсийн мэдэхээр Хустайн нурууны ар, Молцог элсний зүүн хавирга. Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй уясан хавсарга салхинд өвлийн их цас урагдаж, ханзраад бараг дуусчээ. Зөвхөн толгодын ар, гуу жалганд хайлж халтартсан цас, цаг зүтгүү орсныг гэрчлэн байна. Хавар ирдгээрээ л ирж. Цаг агаар хувирамтгай, мал сүрэг туранхай. Өнгөрсөн баасан гаригт ч хүйтэн хавсаргатай, хөхөмдөг, зэвэргэн байлаа.Хууччуулын хэлдгээр “шар тос, ногоон цас” гэгдэх саяын хур Улаанбаатарын ижлээр энд дусаа ч үгүй байна.
Үе үехэн ширүүсэх салхиар боссон шар бууц Бурхантын-Арыг нөмөрч гэрийн эзэн үхэр, тугал, уядаг морьдоо бэлчээрт тууж, гэрийн эзэгтэй хотны мухарт хургалсан хонь, ямаагаа түшгирэн,тойглосоор угтлаа. Малчин Мөнхсайханых гал голомтоо асааснаас хойш сүүлийн хориод жилийн хаврын өглөөг яаж угтсан, яг л тэр хэмнэлээрээ өнөөдрийг эхлүүлж байгаа нь энэ.Өөдлөх айл үүднээсээ гэдгийг үлгэрлэж яваа өрх бололтой. Хонины хашааныхаа ард залгаж хөх блокоор адууны жүчээ, автомашины гарааш барьсан бол өөрсдөө улаан тоосгон байшинд төвхнөжээ. Хуучин амьдарч байсан их таван ханатаа хотондоо шахаж барин ишиг, хурганы пүнзний зориулалтаар ашиглаж байна. Хавар цагийн хот айл гэж овоорсон их ажил, ноолорч навсайсан аж байдал гэж төсөөлдөг бол энэ айл тиймгүй нь хэзээнээсээ хөдөлмөрч улс гэдгийг нь илтгэнэ. Хэдхэн хормын дотор үхэр тугал, хонь хурга, уядаг морьдын өглөөний ажлын ард гарч төл малаа ялгаж хонин сүргээ бэлчээрлүүлэв. Бүл муутай, мал сайтай айл юм. Хоёр настай охин Буяндэлгэр ч эцэг, эхийгээ хормойдож зовооно гэж үгүй. Ишиг, хургаар тоглож хошуу амаа нийлүүлэн эрхэлсээр хотны мухарт өдрийг бардаг хүн бололтой. Эдний мал нь төллөж эхлээд дөнгөж долоо хонож байгаа ч хэдийнэ 70 гаруй ишиг 20 гаруй хурга авчээ.
Нар баруун ханын элгэнд буух үед түр амсхийх боломж олдоно. Ийнхүү гэрийн эзэдтэй хэсэг зуур цагийн байдал, малчны амьдралын талаар хөөрөлдлөө. Мөнхсайханых Бурхантын-Арын бууцанд сүүлийн 20-иод жил өвөлжиж, хаваржиж байгаа. Удахгүй тариалалт эхлэхээр Цагаан хөтөл, Хүй долоон худаг тийш нүүхгүй бол мал аж ахуй, газар тариалан хоёр нэг дор байж таарахгүй. Гэрийн эзэн Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул. Сумын алдарт уяач, сумын хөдөлмөрийн аварга малчин ажээ. Тэрээр Улаанбаатар хотод наймдугаар анги хүртлээ сургуульд суугаад 1990 онд Барилгын цэргийн158 дугаар ангийн туслах аж ахуйг эрхлэн Атарт ирсэн байна. Эхнэр Г.Гэсэржумаа энэ нутгийн уугуул. Том охин, хоёр хүү нь сургуульд сурч байгаа. Өнгөрсөн өвөл цас их, цаг зүтгүү болсон ч хот айлын тухайд малын гарзгүй. Хар, сартай хар, шарга халзан борлонгийн тамир муудаж сүргийн хөл гүйцэхээ байсан тул хотондоо үлдээн тэжээж байна. Хавар ирсэн ч дуусах яагаа ч үгүй. Одоо л “Ногоо идэх үү, нохойнд өгөх үү” гэдэг шийдэгдэнэ дээ хэмээн ирэх цагт санаа зовнин буйгаа илтгэнэ.
Түрүүхэн хөдөлсөн хонь аль хэдийнэ Бурхант уулын баруун сугаар ороон далд оржээ. Мөнхсайхан ч хурганы уутаа үүрэн өглөөнөөс хойш уяан дээр байсан шарга мориндоо мордлоо. Хонины бэлчээрт хүрээд төд удалгүй шинэ төлийн цангинах дуу сонсогдов. Хонины хойд захад хэвтэж босоод байсан шар халзан хонь хургалжээ. Бас мухар хар ямаанаас бор ишиг хүлээн авлаа. Хургалсан хонь, ишиглэсэн ямааг алсаас ажихгүй бол төлөө орхиод хониныхоо хойноос давхичих учир ойртож төвдсөнгүй. Ийн хонины бэлчээрт морио идүүлж, алсыг дурандан суухаас өөрийг хийхгүй тул хот, хөдөөгийн шинэ сонин мэдээллийг хавсаргатай өдрийн хууч болгоно.
Ж.Мөнхсайхан 1995 оноос хойш морь уяж байгаа бөгөөд ойролцоо сумдын наадмаас 30-40 айраг түрүү хүртжээ. Өнөө жил Аргалант сумын 4О Жилийн ойд уралдуулахаар 10 гаруй хурдан морь тэжээж байна. Эднийх таван азарга адуутай бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Дорнодын адуугаар цус сэлбээд авчээ. Харин хонь нь Баргын илүү нугаламт, ямаа нь Говийн улааны удам угшил болжээ. Ер нь Мөнхсайхан мал аж ахуйн уламжлал, заавал бэлчээр сэлгэж нүүдэг байна гэхээсээ илүүтэй орчин үежсэн мал аж ахуйг нэлээд сонирхдог хүн бололтой. Мотоциклиор мал маллахыг байж болох үзэгдэл гэнэ. Австралиас эхлээд олон орон онгоцоор малаа хариулж байхад монголчууд яагаад морио мотоцикль, машинаар юүлж болохгүй гэж гэсэн асуултыг ч тавина. Гэхдээ Ж.Мөнхсайхан төдийгүй тэдний гэр бүлийн хамгийн эрхэмлэдэг мал нь морь, адуу. Энэ гэр бүлд хамгийн эхэлж айраг амсуулж, малгай мялаалгасан хурдан буян гэвэл Төв аймгийн баруун бүсэд алдартай Сармай халзан гэх морь. Сармай халзан морио 25 наслуулж сумандаа амжилт тогтоожээ. Ер нь цаг өнгөрөх тусам яс хэврэгшиж, мөс нимгэрч байна гэж үздэг. Яс хэврэгшинэ гэдэг нь хуучин цагт адуу мал 20-иос дээш наслахад гайхах зүйлгүй байсан бол одоо 15-аас дээш наслахад л мөн ч буянтай мал юм гэх болсон. Мөс нимгэрч буй тухайд гэвэл эднийх жилдээ 1-2 адуу, бусад бог мал хулгайд алддаг болжээ. Өнгөрсөн өвөл л гэхэд Дорнодоос мөнгө хайрлалгүй авсан хурдан азарга бас нэг үрээгээ хулгайд алдсан байна. Арав гаруй хоног эрэлд хатсаны дараа адууныхаа бэлчээрээс цусны толбо л олсон гэж байгаа. Ингээд асуудал тодорхой болсон учир зөнд нь орхиж. Гэтэл садангийнх нь залуус Улаанбаатар хотод авто угаалгын газар машинаа цэвэрлүүлж байхдаа тэнд ажилладаг залуусаас шөнө болгон цус болсон делика машин ирдэг тухай өгүүлснийг цагдаад мэдэгджээ. Асуудлын мөрөөр малын хулгайтай тэмцэх тасгийнхан ажиллахад Ж.Мөнхсайханы хурдан азаргыг буудаж алаад ачиж явсан гэдгээ хүлээжээ. Нийт 60 гаруй адууны хэрэгтэй нөхөд гэнэ. Түүнээс хойш юу болж байгаа нь сураггүй. Ерөнхийдөө бол “хулгай хийсэн хүмүүс төлбөрийн чадваргүй юм байна” гэсэн захиаг л холбогдох байгууллагаас нь ирүүлдэг бололтой.
Ийм сонин дуулсаар шар халзан хонийг хургатай нь үлдээж, мухар хар ямааны ишгийг аваад гэрийн зүг эргэлээ. Гэрийн гадаа Мустанг-5 мотоцикль байсан нь эзэгтэй Гэсэржумаагийн аав Ганбүргэд түүний найз Лантуу нарынх байв. Тэд Хустайн нуруу руу бугын эвэр түүхээр өчигдөр яваад ганзага хоосон иржээ. Үнэ ханшийн тухайд нэг килограмм бугын эвэр 40 мянган төгрөгөөс дээш байдаг бөгөөд өрөөсөн эвэр гурав, дөрвөн килограмм татдаг байна. Хустайн нурууны сонин гэвэл ойр тойрны хүмүүс бүгд л тэнд эвэр түүхээр хонон, өнжин яваа сурагтай. Гэвч бугын сүрэг бараа сураггүй гэнэ. Хүйтэн салхинд уруудан Хустайн нурууныхаа өвөр рүү орсон бололтой. Нэгэнт урагшаа явсан бугын сүргийг тэр хавийн айл өрхүүд адгуулж хариулаад эврийг нь унахыг хүлээж байгаа мэдээллийг ч тэд авчээ.Төд удалгүй Марк-2 машин ирсэн нь Мөнхсайханы авга дүү Батаа байв. Тэрээр жижиг тэргээр адуугаа хайж явна. Түүний араас саахалтын Нямаа гэх мэтээр хот айл нэг хэсэгтээ л хүний хөлд дарагдав.
Тэдний ярианы гол сэдэв нь ноолуурын ханш, ямаагаа самнах тухай. Айл, саахалтынхан нь эр ямаагаа самнаад эхэлсэн бөгөөд бүгд л өнөө маргаашгүй энэ ажлаа эхлүүлэхээр боллоо. Үнэтэй байгаа дээр нь өгөхгүй бол ноолуур элбэгшихээр үнэ хямдарч өрх айл эдийн засагтаа алдагдал хүлээнэ.Ямаа самнах гэдэг том ажил. Нэг хэсэг залуу малчид нийлэн айл саахалтынхаа ямааг самнаад өгчихдөг байсан бол өдгөө амин хувиа хичээж дан биеэр энэ ажлыг нугалахыг оролддог болсон сурагтай. Сумын удирдлагаас амьжиргаа дор хүмүүсийнхээ нэрийг жагсааж тодорхой цалинтайгаар ажилдаа туслуулахыг уриалан малчдадаа тараажээ. Гэвч ийм хүмүүст итгэлтгүй болсон цаг гэнэ. Өнгөрсөн жил хэд хэдэн айлд туслахаар очсон хүмүүс ноолуураас нь шамшигдуулж байгаад баригдсан аж. Үүнээс хойш өөрсдөдөө итгэхээс өөр аргагүй болсон бололтой. Гийчдийн хөөрөлдсөн дараагийн сэдэв нь шилэрч ирээд ботголсон ингэ. Хоёр хоногийн өмнө энэ нутаг гэнэт л тэмээтэй болжээ. Аргалант сумын хоёрдугаар багийнхны хувьд энэ бол содон үзэгдэл. Ботго байтугай тэмээ ховор тааралддаг учраас тэр. Малчдын барагцаалсан яриагаар шилэрч ирсэн ингэ Лүн сумынх байж магадгүй гэнэ. Эндээсээ ангийн сэдэв рүү яриа эргэлээ. Нутагт ан гөрөө хөөдөг хүн ховордсон сурагтай. Харин хотоос хүчит унаа, хурдан буугаар зэвсэглэсэн хүмүүс намрын цагт энэ хавийг эзэгнэх болсоор уджээ. Чоно үргээгээд ашигтай ч намрын хайлган үеийн малд тусгүй байдаг байна. Дорнодынхон чинь хотон дахиа чононд идүүлээд өөрсдөө хээрээс зээр барьж иддэг юм гэх чинь билээ гэх ч дуулдав.
Энэ өдрийн бас нэг үйл явдал бол сурагчдын хаврын амралт эхэлж байгаа. “Хэдэн хүүхдээ бушуухан олж ирж хэсэгтээ нуруугаа амраагаад авъя” хэмээн гэрийн эзэгтэй сумын төв орохоор зэхлээ. Бага охин Буяндэлгэрийн хамтаар төв орж хүүхдүүдээ авах гэнэ. Эднийх Аргалантаас чанх урагшаа 10 километрт, бартаа саадгүй учир машинаар явахад 10 гаруйхан минутын дотор хүрнэ. Сумын төв ороход Аргалантынхан субботник хийж таарлаа. Хоёр банди нь дотуур байрандаа, том охин нь ангийнхантайгаа их цэвэрлэгээ хийж байв. Болормаа багш “Хог түүж дуусахаас нааш хүүхэд авч явахгүй шүү” гэсэн ч зориод ирсэн тул аваад явахаас өөр аргагүй. Хүүхдүүд “Миний хонь хургалсан уу, миний ямаа ишиглэсэн үү” хэмээн асуусаар эх өөдөө гүйж ирцгээв. Том хүү Дэлгэрсайхан утсаа алдсан сонинтой бол бага хүү Дэлгэрмөрөн өчигдөр (өнгөрсөн пүрэв гаригт) болсон сумын сунгаанд хүний морь гуйлгаар унаж түрүүлжээ. Дэлгэрмөрөнг удахгүй Улаанбаатараас хамаатных нь хүн ирж авах бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд Гачууртад болох уралдаанд морь унуулахаар болсныг дуулаад бөөн баяр. Том охин Дэлгэрзаяа нь ангийн дарга, гурван настайгаасаа хурдан мориор уралдсан, одоо онц сурлагатан. Дээхнэ үеийн дотуур байрны хүүхдүүд “өвдөг тохой нь цооронхой, өмссөн хувцас нь нооронхой” хэмээн хочлуулж нэгнээсээ боов, боорцогхон зээлж өдөр хоногийг бардаг байсан бол өнөөдөр өөр болжээ. Утас барьж, нэгж, дата өөр хоорондоо шилжүүлж, фэйсбүүк, чат ашигласан шигээ сэргэлэнтэж явна. Бага хүү Дэлгэрмөрөн бол уяачдын дунд алдартай нэгэн. Сумынхаа шилдэг унаач хүүхэд болсны дээр дуучин Н.Баасандоржийн дуулсан “Далай зээрд” болон “Уяачдын алдар”, “Гангараа” зэрэг дууны клипэнд уралдаанч хүүгийн дүр бүтээжээ. Бас энэ хот айлыг дөрвөн жилийн өмнө Цагаан хөтөлд зусч байхад “Малчин” телевизийнхэн ирж уяачдын тухай нэвтрүүлэг хийхэд гол дүрийг Дэлгэрмөрөн хүү бүтээсэн байна.
Буцаж ирэхэд нар гудайж мал хотлох цаг ойртжээ. Хүүхдүүд цай ч уулгүй хот руу гүйлдлээ. Ууган ишиг, ууган хургаа сурсаар. Буурал чихтийн, бор түрийтийн хурга алив, угждаг ишиг бий юү хэмээн хот хороо, хонь малын ажилд уралдацгаав. Ийнхүү үхрийн баасаа цэвэрлэж дуусаагүй шахам байхад хонь хотолж, залгаад уяа морьд нь хивэг тэжээлдээ ирж малчин айлын оройны их ажил ундарлаа. Хэдийнэ хөрвөжсөн хурга давхиж ирсэн эхийгээ хэсэг нудчин хөхөөд сүрэгт уусах бол ишиг, ямаагаа уулзуулах гэж их ажил болно. Мөнхсайханы ямаа гурван бүлэгт хуваагддаг ажээ. Ишгээ голсон арав гаруй ямаа байна. Тэдгээрийг таван ханатай гэртээ оруулж аваад, тойглон уяраах ажил хамгийн хэцүү нь. Нэг бүрчлэн дэлэндэж суугаад хөхийг нь шувтарч, ишгийг хөхүүлнэ. Гологдсон ишиг доожоогүй байдгийг хэлэх үү, эхийгээ ивлэтэл хөхөж огтоос чадахгүй. Бас хүйтэн өдөр ишгээ хөхүүлдэггүй 20 орчим ямаатай. Зөвхөн ийм нэг ямаанд ишгийг нь хөхүүлэхээр дөрөв, тав оролдсоны эцэст ажлын үр дүн гарч хивж, ивлэж үзэгдэнэ. Харин үлдсэн 40 гаруй ямааны ишгийг нэг бүрчлэн эхэд нь угтуулан ойртуулж өгөхгүй бол нэгнээ хайгаад олдог тохиолдол тун ховор юм.
Цас ханзарч доороос нь өвс борго ихээр гарсан тул одоохондоо малын жилбэ, сүүний гарц тун сайн байгаа ажээ. Гэсэн ч шинэ зусаг ямааны ишгийг угжихгүй бол өлдөх хандлагатай. Харин сагилаас дээш ямааны ишиг угжуулахааргүй байна. Оройн хонь хурганы ажлаа арай гэж амжуулсан хот айлынхны хийх дараагийн ажил нь хурдан морины овьёос, тэжээлийн борлонгийн хивэг, хөгшин үнээний өвс өгөх ажил. Үүнийг хүүхдүүд төвөггүйхэн хийчихнэ. Харин нар шингэж бүрий буухаас өмнө ишиг, хургаа барьж гэрт хийхгүй бол шөнө осгож үхэх аюултай. Түүний хажуугаар энэ өдөр ихээхэн хүйтэн байсан учир ердийн үеэс арай эрт уг ажлыг амжуулахаар боллоо. Нэг, хоёроор нь тэвэрч зөөсөөр дулаан байранд нь оруулна. Сүү сайтай малын ишиг, хурга андашгүй. Сүрэгтээ сүлжиж давхиад баригдана гэж үгүй.
Хаврын өдөр уртасч байгаа ч малчдын их ажилд богинодмоор юм. Өглөөн нарнаас оройн нартай уралдаж мал төллүүлэх, ямаа самнах, цаашлаад сааль сүүний их ажил ийнхүү Монголын хөдөөд эхэлж байна. Хавар урсгасан хөлстэй бол намар таргалсан малтай гэдэг. Ийм л онолоор борви бохисхийлгүй хаврын хавсарга, хүйтний эрчийг үл ажран хөдөлмөрлөж явна. Ж.Мөнхсайханы хот айл, Бурхантын-Арын бууцны хаврын нэг өдөр ийн өнгөрлөө.
Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн