Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун – томилолт(6)

Түрүүч нь
¹154, 155, 156 (4794, 4795, 4796) дугаарт

Үнэгэтэй
тосгоны төв гудам

Буриадын тосгоны амьдралыг сонирхохоор буриадууд голдуу амьдардаг
газруудыг сурлаа. Үнэгэтэй буюу Үнэгтэй, Ацагат буюу Ацагтад буриадууд амьдардаг
гэцгээнэ. Ингээд Үнэгэтэй рүү явдаг автобусанд суулаа. Суудлууд дүүрчихэж. Хамгийн
ард сул суудал харагдана. Очоод суучихлаа. Суудал дээр хар тортой зүйл байна. Тэмтэртэл
ундааны саванд хөлдөөсөн сүү бололтой, хүйт даана. Хажууд хүүхэдтэйгээ явсан бүсгүй
наад суудал чинь хүнтэй гэж байна. Орос залуу орж ирээд суудал нь эзэнтэй болчихсонд
дургүйцсэнгүй. Тортой юм минийх, буухдаа авна гэв. Сүү цагааг ямар хөл дороо авч
явалтай биш гээд тэврэх шахуу өвөр дээрээ тавилаа.

Үнэгэтэй тосгон Улаан-Үдээс зүүн тийш наяад километрт оршино. Замын
дунд явж байтал хүчтэй аадар бороо асгалаа. Үнэгэтэйд буухад бороотой байх нь. Шүхэргүй
гараад ирсэн хэцүүдэх нь гэж бодогдов. Замын хажуугаар өнгөрөх замын тэмдэг, тэмдэглэгээ,
газар усны нэрүүдийг сонирхсон шигээ хэрэндээ л ажилтай явлаа.

Эрхирэг тосгон, Тасархай гол, Даваат гол, Арвижил, Онхой тосгон,
Добо-Ёнхор, Чулуут, Хар шивэр, Ацагт гэх монгол нэрүүдийг харахаар Монголынхоо аль
нэг аймаг, суманд явж байгаа юм шиг санагдана. Автобусанд надаас өөр монгол хүн
байхгүй байгаа нь хүмүүсийн царай төрхнөөс харагдана. Ингэхэд би чинь буриад тосгон
руу очиж байна уу гэж өөрөөсөө асуухад хүргэлээ. 

Өнөө залуу тортой юмаа нэхэж байна. Өгчихлөө. Зайлуул ээждээ хотоос
сүү цагаатай очиж байгаа ачлалтай хүү байх нь гэж бодоод дуусаагүй байтал торноосоо
савтай зүйл гаргаад ирлээ. Сүү биш ээ, квас байж. Тагийг нь онгойлгоод залгилж гарлаа.
Бүр талд нь ортол нь шуналтай залгилав. Автобус бүгчим халуун гэж жигтэйхэн, бүх
цонх нь хаалттай. Цангаж явсан болохоор цэв хүйтэн квас ууж байгаа залууг хүн бүр
л шүлсээ гүдхийтэл залгин харна.

Бороо татарлаа. Хүмүүс замд нэг хоёроор буусаар Үнэгэтэйд дөрөв тавхан
л хүн ирлээ. Монголжуу төрхтэй ганц ч хүнийг автобусны цонхоор харсангүй. Монголоос
явж байгаа, буриад тосгоны аж амьдралыг сонирхох гэж байгаагаа автобусанд явсан
хүмүүст дуулгавал “Буруу газраа иржээ. Түрүүн Ацагатад буух байж. Энд буриадууд
байдаггүй, орос тосгон шүү дээ” гэж байна. Автобус 15.00 цагаас буцаад хөдөлнө.
Гучин минутын зай байсан учир Үнэгэтэйн гудмаар алхлаа. Нээрээ буриад хүн таарсангүй.
Өглөөнөөс хойш хэлэн дээрээ юм тавиагүй болохоор цайны газар сурвал байдаггүй гэнэ.
Дэлгүүрт нь орлоо. Идчихмээр юм алга. Лангуу нь ерөнхийдөө хоосон. Нэг ширхэг элэгний
нухаш байна. Үйлдвэрлэсэн хугацаа нь дуусчихаж. Нэг литрийн савтай цэвэр ус аваад
тал хүртэл нь нэг амьсгаагаар ууж цангаагаа тайлав.

Үнэгэтэй гэж энэ тосгон цагтаа сангийн аж ахуй байсан бололтой юм
даг. Энд тэнд эвдэрч хаягдсан ферм, үйлдвэрийн барилгын балгасууд. Халгай, шарилж
дүүрсэн газар. Ганцхан төв замтай. Замын хоёр талаар айлууд цуварчээ. Нүүрэн талын
л байшингуудтай. Араар нь бараг байшин савгүй. Нэг л урт сунасан тосгон. Автобус
төв замаар явсаар эцэст нь очоод эргэдэг юм байна. Ингээд автобусандаа буцаж суулаа.
Жолооч нь “Тэр холоос ирчихээд төөрчих гэж. Одоо би буриад тосгон дээр буулгаж өгье.
Харин буцахад чинь унаа байхгүй. Замын машинд дайгдаарай” гээд эелдэгхэн инээмсэглэнэ.

Ацагат буюу Ацагт тосгонд буулаа. Зүүн өмнөөс цахилгаан цахисан,
бөөн хар үүлс бараантан наашилна. Аадрын үүл. Удахгүй асгах нь. Хашааны булангууд
дээр “Раднаева”, “Доржиева” гээд биччихэж. Хүн амьтан харагдсангүй. Ядаж захиргаа,
сумын төв гэж байшин байдаг байлгүй. Дээрээ туг хатгасан байшин олж харлаа. Тийш
зүглэж явтал нэгэн өвгөн тааралдав. Сайн байна уу гэвэл “Мэнд амур” гэж байна. 

Ацагат тосгон бол буриадуудын хэдэн үеэрээ амьдарч ирсэн газар юм
байна. Улаан-Үдийн буриад тосгод дундаас иргэд нь баян чинээлэг, амьдрал ахуй нь
жигдэрсэн, бүгд ажил төрөл, үхэр малтай гэдгээрээ шагшигдана. Цагаан сарыг эндхийнхэн
өргөн дэлгэр тэмдэглэнэ. Бүр Монголоос ахан дүүс нь золгох гэж ирдэг гэсэн.

Тосгон нь дунд сургуультай учир хүүхдүүд нь бүгд их дээд сургуулийн
мөр хөөнө. Их сургуулиа төгссөн хүүхдүүдийн тодорхой хувь нь нутагтаа эргэн ирдэг
гэнэ. Энэ тосгон 130 гаруй өрхтэй. Залуус нь Улаан-Үдийн онгоцны үйлдвэрт голдуу
ажилладаг аж. Өглөө бүгд машинаа унаад хотын төв рүүгээ орчихно. Ард нь настайчуул,
үр хүүхдүүд нь үлдэнэ. Ацагатад машингүй айл бараг байдаггүй гэнэ. Яагаад гэвэл
бүгд хотод ажил төрөл эрхэлдэг болохоор хувийн тэрэггүй бол ажил нь амжихгүй. Орой
ажил тарах цагаар залуус нь ирээд тосгон дуу шуутай болно. Буриад өвөө хот руу явах
замд уул давахаар буузны газар байдаг гэв. Эхлээд юутай ч хүн амьтантай уулзъя дараа
нь хоол унд болъё гэж бодоод гудмаар нь алхав. Тэртээд нэг байшин руу хүмүүс орж
гарч байгаа нь харагдана. Тийш очлоо. “Асагадай соелой байшан” гэсэн хаягтай юм.
Соёлын төв нь. Ацагатын нэгэн залуу энд хуримаа хийх гэж байгаа гэнэ. Том зааланд
дөрвөн эгнээ урт ширээ засчихаж. Хоол унд, зууш, ундаа сархад, амттан алаглана.
Хурим 16 цагаас эхлэх зар тараажээ. Эхний зочид нь ирж байна. Бэр, хүргэн хоёр хотоос
гарч байгаа дуулдана. Тэгэхээр 18 цагаас нааш хурим эхлэхгүй нь бололтой. Соёлын
байшингаас гарч, нөгөө зааж өгсөн зүгт буузны газар руу зүглэлээ. Ацагатын даваан
дээр, дацангийн ойролцоо ирж байтал бороо ганц хоёр дусалж эхлэв. Соёлын төв рүү
буцахаар шийдлээ.

Хуримын зочид гийчид машинтай нь машинтайгаа, машингүй нь бороонд
норон гүйлдсээр ирцгээнэ. Нэгэн настайвтар эмэгтэйтэй танилцлаа. Тэр эмэгтэй тосгоныхоо
талаар танилцуулж, хуримаа хийж байгаа хосуудын талаар ярина. Залуу нь Ацагатынх
юм байна. Харин бэр нь Зэдийн аймгийнх. Бэрийн талдаа хийдэг найраа хийчихээд өнөөдөр
төрсөн газартаа, төрөлх нутагтаа ханиа дагуулж ирж хуримлаж байгаа нь энэ гэнэ.

Бороо хүчтэй шаагина. Хүмүүс соёлын төвийн үүдний өрөөнд борооноос
хоргодно. Бүгд гадагшаа харж бороо хэрхэн хүчтэй асгаж байгааг харна. Дотор биллиардны
ширээ байна. Өвгөчүүлтэй биллиард тоглолоо. Тэд ганц ч шарик унагасангүй, би ч унагаж
чадсангүй. Тэнд байсан хүмүүс намайг бэрийн талаас ирсэн үү, Зэдийн аймгийнх уу
гэж байна. Монголоос явааг дуулаад бөөн баяр хөөр болж, найрын ширээнд нэрэлхэхгүй
суугаарай. Манай буриадууд чинь зочломтгой улс, бид өөрсдөө хүргэний аав, ээжид
дуулгачихъя. Бэлэг сэлт гэж зовсны хэрэггүй. Чи өөрөө бэлэг, тэр холоос ирсэн зочин
юм чинь гээд дуу дуугаа авалцан баярлана.

Бороо шаагисаар. Тэгтэл биллиардны ширээний яг голд дээврээс дусаал
дуслаа. Эмэгтэйчүүд таваг тавиад тосчихов.

Цахилгаан цахина. Бэр, хүргэн хоёр дацан дээр ирсэн дуулдана. Дацанд
мөргөчихөөд ирэх гэж байна гэцгээнэ. Цахилгаан гялсхийж, тэнгэр дуугарав. Авгайчуул
“Ээ, бурхан багш минь! Айхавтар чанга бэр ирж байна даа” гэнэ.

Цэцэг, туузаар чимэглэсэн, гоёмсог хар саарал машин дохиогоо анивчуулсаар
бороон дундуур ирлээ дээ. Хүмүүс бүгд үүд рүү очлоо. Хоёр гурван цагийн турш хүлээсэн
мөч шүү дээ. Аав, ээж нь хүү, бэрдээ хадагтай сүү барилаа. Хүүдээ цэнхэр хадаг,
охиндоо цагаан хадаг барих аж. Залуу нь цайвар гоонжтой, бүсгүй нь цагаан даашинзтай.

Ингээд хосууд ширээ зассан танхим руу орж, зочид гийчид араас нь
дагалаа. Найр эхэллээ. Хүмүүс ширээн дэх идээ унданд хүрч, охид данхтай халуун аагтай
шаргал цай зөөнө. Гахайн мах, өөх, үхрийн хэлэн зууш, тахиа, загасны махтай салат,
өргөст хэмх, улаан лоолийн салат, давсалсан, хатаасан, чанасан загас, хар, улаан
түрстэй талх, сүши, кимбаб, усан үзэм, шийгуа, алим, чангаанз, чавганы компот, цөцгий,
чөмөгтэй чихэр гээд амттан шимттэнээр дүүрсэн ширээ. 250 гаруй зочин. Хөтлөгч нь
Буриаддаа нэртэй дуучин залуу. Мэндчилгээ дэвшүүлээд хурим эхэлснийг зарлана. Буриад
дуу дуулна. Залуу хосын ээжүүдэд зориулан буриадын “Эжий минь” дууг дуулав.

Юхэн хара хэбэл соогоо

Юумын гамтай шэрээш

Намар байгаа талхан соогуур

Намай түрөө бэлэйш

   Эжы, эжы, эльгэ зүрхэмш

   Эгээн дүтэш намдаа

   Эжы, эжы, оршон ябыш

   Элүүр энхэ зандаа…

Зочид хөтлөгч залууд нэрээ бичүүлнэ. Бичүүлсэн дарааллаараа тайзан
дээр гарч хүргэн, бэрд ерөөл дэвшүүлж бэлгээ гардуулна. Хүргэний найз нь гарч ирээд
бэрд алтан гинж бэлэглэв. Нэг эгч нь гарч ирээд мебель бэлэглэж байгаагаа хэлээд
авчирч чадсангүй. Гэрт чинь оруулж өгье гэнэ. Бас нэг ах нь хос буйдан өгч байгаагаа
хэлнэ. Садан төрлүүд нь нэг хоёроороо, ахан дүүсээрээ, гэр бүлээрээ бултаараа тайзан
дээр гарч ирж ерөөл хэлж, зарим нь халуун хошуутай мал тасалж өгч байгаагаа дуулгана.
Тайзан дээр ахан дүүс нь ийн ерөөлөө хэлж, бэлгээ өгч байхад наана нь бусад зочин
нь хундага тулгаж эхэллээ. Хундагатай зэрэгцэн шинэ хонины шөл, таван цулын шөл,
бүхэл мах, бууз ирлээ. Холоос ирсэн хүн идээний дээж сархад амсдаг юм гээд эхний
хундагыг барь гэлээ. Хоёр дахь хундагыг танилцсаных гээд тогтоо гэнэ. Гурав дахь
хундагыг аз жаргалын төлөө. Аз жаргалаа Буриадад үлдээгээд явахгүй биз дээ гэцгээнэ.
Тэгснээ дөрөв дэх хундагыг барь гэнэ. Барь гэхийгээ “Баригты” гэх. Дөрөв дэх хундагыг
эрчүүдийн төлөө барьдаг юм. Эрчүүдийг гомдоох гээгүй биз. Сайн нөхөртэй, сайхан
хөвүүдтэй болохын төлөө миний дүү наад хундагаа барь гэлээ. За тав дахь хундага
бол хайр дурлалынх байдаг юм, хамгийн чухал нь гэнэ.

Нөгөө танилцсан эмэгтэйд баярлалаа гэдгээ хэлээд, явж байгаагаа дуулгалаа.
Тэрээр “Дүү минь санаа зоволтгүй, сайхан үйл явдалтай таарлаа шүү дээ. Бид баяртай
байна. Буриад хурим маань нэг иймэрхүү болдог юм. Унаа олдохгүй бол буцаад ирээрэй.
Зочдоос хот руу буцах хүмүүс байвал машинд нь суугаад явчих” гэсээр гар даллан үдсэн
юм.

Бороо татарчихаж. Зам дээр гучаад минут гар өргөн зогслоо. Дахиад
нэлээд удсаны дараа суудлын тэрэг ирлээ. Жолооч нь буриад эр. Түүнд хуримнаас гарч
ирснээ хэллээ. Баахан хөөрөлдөв. Тэрээр Монголд ирэхээрээ говиор явах төлөвлөгөөтэй
байгаа тухайгаа, буриад залуус өв уламжлалаа сэргээх тал дээр сүүлийн үед их идэвхитэй
ажиллах болсон, ажилгүйдэл их байгаа ч буриад залуус ажилсаг зангийнхаа ачаар нийгмийн
бүхий л салбарт амжилттай яваа талаар ярьсаар Улаан-Үд рүү орж ирлээ.

 

Д.ГАНСАРУУЛ

Үргэлжлэл
бий 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *