“Байгаль дэлхийгээ хайрлах ёстой” гэж гүрээнийхээ судсыг”тасартал” орилдог хүмүүс ихэвчлэн улстөрчид. Тэглээ гээд байгалиа хайрлаад байгаа нь амлалт шигээ нүдэнд харагдахгүй нь тиймхэн л дээ. Улаанбаатар хот хүрээгээ тэлж хөгжих ёстой. Гэхдээ голын бургасыг үй түмээр нь хядаж, Туул голоо сэглэж, төнхөж лав биш. Сар гаруйн өмнөөс “Зүүнбаян рэйфанери” компани маршалын гүүрний зүүн талд буюу Их тэнгэрийн амны зүүн хойно томоохон хэмжээний газар хашаалан бургас, зүлэг ногоог хүчит техникээр булга татан барилга барихаар ажлаа эхлүүлээд байна. Ёстой “Орвонгоор нь эргүүлнэ” гээч л маршалын гүүрний зүүн талд Туулын хөвөөнд болж байна. Усны ундарга Туул голын эргээс 10 хүрэхгүй шахам метрийн зайд, Төрийн гурван өндөрлөгийн өглөө, оройдоо ажилдаа зорчдог улаан зам дээр байгаа “хядлага” явагдаж байгаа юм. Тэдний зорчдог замын зүүн талд ердөө тавхан алхамын зайд болж байгаа дүр зураг юм л даа. Туулын эргийг хашаалж хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг үйлдэл гагц ганц энэ биш. Өдөр бүр нүднийх нь өмнө болж байгаа хууль бус эрээ цээргүй иймэрхүү үйлдлийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав харж л байгаа. Төрийн гурван өндөрлөг хуулийг хэлбэрэлтгүй сахидаг, бусдыг сахиулдаг, бурууд нүд хурц хүмүүс байх ёстой. Үүрэг нь тийм юм. Ард түмэн тэднийг хуулиа сахидаг, хуулийг сахиулдаг, бурууд хазаар болж, зөвд дэм болж яваасай гэж хүсдэгийн шалтгаан энэ. Тэгж ч итгэж ирсэн. “Зүүнбаян рэйфанери” компанийн эрээ цээргүй энэ үйлдлийг харсаар байж яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байна вэ.
Төрийн гурван өндөрлөг ямар учиртай бургас хядан, голын ай савыг ухаж байгааг салбарын сайд, туслахуудаа дуудаад асуу л даа. Бүр болдоггүй юм бол ажилдаа явах замдаа л түр зосгоод асуулгачих. Монголчуудын амьдрал, жаргал, зовлон тэдэнд ямар ч хамаагүй болчихсон юм уу. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч, хуулийг уландаа гишгэж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй болохоор Богд Хан уулын дархан цаазат газрын “хөөрхий” хамгаалагчдад хэн тусалж, хуулийг хэн хэрэгжүүлэх юм бэ. Төрийн гурван өндөрлөгт заларсан хүмүүс ард түмний итгэлийг хүлээсэн манлайлагчид байх ёстой. Зөв зүйлд төр түмнээ уриал. Энэ хууль зөрчсөн үйлдэл Их тэнгэрт байх гэрийн чинь цонхоор бараг харагдаж байгаа. Улаан нүүрэн дээр чинь, улаан зам дээр чинь, улаан шороо манарган нялх бургасыг газрын хөрснөөс арчиж хаяж байгаа нь хамаагүй юу. Салбарын сайд, Нийслэлийн холбогдох хүмүүсийг нь дуудаад ажил, гэрийнхээ хооронд явж байхдаа тавхан минут саатан үйл ажиллагааг нь зогсоох үүрэг өгчих. Ингэж хуулийг сахиулж сурга. “Будаа” болгосон газарт нь нөхөн сэргээлт хийлгэ. Тусгай зөвшөөрлийг нь цуцалж, газрыг нь хураа. Төрийн гурван өндөрлөг сэтгэл гаргавал бүтчих л ажил шүү дээ.
Ингэж “өндөрөө” харуулж, үлгэрлэх цаг болсон. Наад бургасыг чинь хядаж дуусгаад оронд нь орон сууц сүндэрлүүлэх юм билээ. Техникүүд нь өдөр, шөнөгүй ажиллаж байна. Хэн нэг нь шийдвэр гаргаж зогсоочихвий гэхдээ шар нар бор хоногтой уралдаж буй нь тэр. Туул голын эргээс 10 хүрэхгүй метрийн зайд баригдах орон сууц тансаг зэрэглэлийнх байх юм гэнэ. Тансаг нь яахав, Туул гол үерлэдэг юм гэдгийг хэн хүнгүй мэднэ. 1966 оных шиг үер болдоггүй юм аа гэхэд түүнээс арай наахнуур юм болоход тансаг нь ч байсан урсаад л явна. Ядаж хүн ардынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж буй үйлдэл гэж ойлгоод хууль зөрчин баригдаж буй барилгын ажлыг зогсоомоор байна. Энэ монгол чинь төртэй, төр нь хуультай, хуулийг нь ард түмэн нь дагадаг гэдгийг харуулмаар юм. Төрийн гурван өндөрлөгөөс хэрээс хэтэрсэн зүйл нэхсэнгүй, бурууд нүд хурц байцгаая гэсэн юм шүү.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН