УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат бөхчүүдийн дунд үүсээд буй маргааны талаар уржигдар Төрийн ордонд мэдээлэл хийхдээ бараг л ингэж хэлэв. Тэрбээр “Баасан гаригийн уулзалтаар бөхчүүд үл ойлголцлоо эцэс болгож, монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр ариун байна гэдэг зүйлийг ярилцлаа” гэсэн юм. А.Сүхбат гишүүний энэ давлиун үг нийгэмд дургүйцэл төрүүлж эхэллээ. Түүний хэлсэн “Бөх бол төр” хэмээх агуулга нь дунд зууны үеийн Францын хаан XVI Людовикийн хэлсэн “Би бол төр” гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Өөрийгөө хэт өндөрт өргөсөн ийм мунхаг үзлээсээ болж XVI Людовик хаан сэнтийгээсээ мултарсан юм. Тухайн үед түүнийг эсэргүүцсэн бослого үймээн дэгдэж, төрийн эргэлт болж, шинээр бүгд найрамдах төр засаг байгуулагдаж байсан түүхтэй.
Дархан аварга А.Сүхбатын мэдэгдлийг өнөөгийн улс төртэй холбоод харахаар ингэж хэлэхээс ч аргагүй юм байна. Монголын эрчүүд бөх барилддаг. Бөх барилдаад түрүүлэхээрээ аварга болдог. Аварга болоод улс төрд орж ирдэг. Улс төрд хөл тавихаараа УИХ-ын гишүүн, сайд цаашлаад Ерөнхийлөгч хүртэл болдог. Тийм болохоор дархан аварга А.Сүхбат оодорч л ингэж ярьсан биз ээ. Үнэн хэрэгтээ монгол бөхийн хэлсэн тэр үг бол дэндүү алдаатай томьёолол юм. Төрийг бөх биш оюун санаа, ухаан бодол удирддаг. Тиймээс төрийг боловсролтой, мэдлэгтэй, ухаантай хүн л залж, чиглүүлж авч явах ёстой. УИХ-ын гишүүн А.Сүхбат та ард түмнээ басамжилж, дорд үзсэн энэ үгнээсээ уучлал гуй. Төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрт бөх гэдэг хүн ямар ч хамааралгүй.Энэ нийгмийг түүчээлж, улс орноо удирдах ирээдүй хойч үеийнхнийг “Эрдэм ном сур. Боловсролтой бол” гэхийн оронд “Бөх бол. Биеийн хүчийг тэргүүнд тавь” гэж уриалж болохгүй. Биеийн хүчний өчүүхэн амжилт, нэр сүрд омойтож монгол төрийг мянга, мянган жил оюун ухаанаараа барьж ирсэн цэцэн мэргэдийг дархан аварга А.Сүхбат та тэр хэлсэн үгээрээ дорд үзлээ гэж ойлгогдож байна. Бөх хүн бол зүгээр л олныг цэнгүүлэгч. Үүнтэй хэн ч маргахгүй. Бөхийн цолыг засуулууд нь дуудахдаа хүртэл “Олныг баясуулагч, цэнгэлийн манлай, тод сонин, үзэсгэлэнтэй…” гэдэг шүү дээ. Харин УИХ-д суугаа хоёр их аварга монгол бөхийнхөө хөгжлийг улдан чангааж байна уу даа. Ер нь тэр хоёрт монгол наадам ямар хамаатай юм бэ. Тэдэнтэй, тэдэнгүй монгол төрийн наадам болдгоороо л болно. Хэний ч хүү байсан үндэснийхээ баяр наадамд зодоглоно. Ард түмэн ч гэсэн жилдээ ганц болдог наадмаа хэнээр ч заалгахгүй очоод үзнэ. Монголын төр оршин байхад шинээр начин, заан, аварга цолтнууд төрж л таарна. Гагцхүү монгол түмнийг цэнгүүлдэг наадмын маань бөхийн барилдааныг элдэв булхай, бузрын үүр болгогч допингийн хэрэглэгч, найраа хийдэг хэнийг нь ч гэсэн барилдуулахгүй хасдаг байх хэрэгтэй. Дэлхийн дахин допингоос татгалзаж байгаа өнөө цагт тамирчин хүнд байх ёстой тэр стандартыг нь монгол бөхчүүд мөрддөг болох шаардлагатай. Гэтэл манай аваргууд талцаж шившгээ тарих юм. Монгол бөхийн жудаг дагаж хийморь сүлд нь өөдөө байдаг биш бил үү. Японы сумочдыг хар л даа. Тэд сумо бөхөө хөгжүүлэхийн төлөө ямар их ёс зүйтэй, хатуу дэгтэй, эв эетэй, зарчимч байна вэ. Монгол бөхчүүд уг нь ингэж л зөв үлгэр дуурайлал болмоор байгаа юм.