Бид “Лантуун дохио ТББ”, “Ид шидийн орон”-той хамтран долоо дахь шилдээ зохион байгуулж буй “Ид шидийн уут 2021” аяныг сурвалжлахаар Анаржин төвийг зорилоо. Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийсэн Улаанбаатарын энэ л өглөө, үүр цайж гэгээ тодроход -38 градусын хүйтэн байлаа. Бид байгууллагын тэргүүнтэй холбогдож бямба гаригийн өглөө 8:30 цагт 120 мянгатын “Анаржин” төвд уулзахаар тохиролцсон юм. Биднийг очиход төвийн үүдэнд “Ид шидийн орон” гэсэн бичигтэй арав гаруй машин цуварч хаалгуудаа нээн зогссон байлаа. Маш олон охид, залуус хайрцагтай, ууттай бэлэг зөөж, уур савсуулан орж гарч гүйлдэнэ. Их л яарсан бололтой.
Анаржин төв рүү ороход үүднээс хоймор хүртэл халгисан их бэлэг биднийг угтав. Энэ бүхэн хүмүүсийн сэтгэлийн хандиваас бүрдсэн гэхэд бахархал төрмөөр. Ийнхүү цааш ажвал шуугилдаж, инээлдсэн, цасан охин, алиалагчийн хувцсаа өмсөж буй охид, кофе чанаж бусдыгаа дулаацуулж байгаа бүсгүй, дууны аянд толгой дохин өвлийн өвгөний хувцсаа өмсөж буй залуу, өрөөний цаад буланд сэмэрсэн ханцуйгаа оёж буй охин гээд хүн бүр дор бүрнээ завгүй харагдлаа. Бэлэгнүүдийг анзаарвал зөвхөн чихэр, жимс биш гутал, цүнх, куртик, ноосон өмд, сүү, боорцог, хөнжил, оймс, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэл гээд хүүхэд төдийгүй хүн бүхэнд амин чухал хэрэгцээтэй зүйлсийг цуглуулжээ. Зүүн гар талын ханан дахь хувцасны шүүгээний хаалга нүдэнд тусав.
Хаалган дээр Багахангай Мэндээ, Налайх Сүхбат, БЗД1 Энхтүвшин, БЗД2 Өнөрөө, ХУД1 Ганбаяр, ХУД2 Анударь гэх мэт 19 хүртэл дугаарлан бичжээ. Хажуу эгнээнд нь хантааз, нөмрөг оёх, сахал, уут угаах, өвлийн өвгөнд шинэ монгол дээл гурав, бүс дөрөв, нөмрөг 15, сахал 18 гэх мэт шигүү бичсэн байв. Үүнээс анзаарахад ид шидийн орны өвлийн өвөө
“Цас мөсний их орноос
Цан хүүрэн татуулан
Үүлтэй тэнгэрээс доогуур
Үзүүртэй модноос дээгүүр” ирдэггүй бололтой. Харин Анаржин төвөөс машиндаа бэлгээ ачин, сахлаа зүүж, дээлээ өмсөөд, таягаа тулан, их хотын өнцөг булан бүрт хайр хэрэгтэй зүрх бүр рүү цасан охин, алиалагч, тандалтын багаа дагуулан үүрийн гэгээнээр бэлэг өгөх айлын эрэлд гардаг аж. 9:00 цагаас эхлэн хотын алслагдсан дүүргүүд рүү багуудаа хуваарилж бэлэг ачуулан хөдөлгөлөө. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр “Нийт 19 баг байна. Өнөөдөр манай баг Төв аймаг руу явна. Та бидэнтэй хамт явах уу. Бүх дүүргийн багуудаа хөдөлгөчихөөд хамгийн сүүлд нь бид хөдөлнө шүү” хэмээв.
Ингээд бэлэг ачиж, багуудаа хөдөлгөх зуур сайн дурын гишүүн “Бидний зарим нь энд хоносон юм. Өглөө гэрээсээ ирэх гэж байснаас энд хоночихвол цаг хэмнэж бид нар эрт гарч, олон хүүхдүүд баярлуулах боломжтой шүү дээ” гэж ярилаа. Дөрөв, таван баг хөдөлсний дараа тэд хоорондоо “Машин дутчихлаа. Сошиал хаяг дээрээ тусламжийн нийтлэл оруулах уу”, “Тэгье”, “Хоёр машин олчихлоо” гэх мэт яриа өрнөнө. Төд удалгүй машин ч бүрдэж, зорьсон газар руугаа хөдөллөө. Манайхтай нийлээд гурван баг ес эхэлж жавар тачигнасан энэ л өглөө мянга мянган зүрхийг дулаан байлгахаар Био комбинат руу хөдөллөө. Бидний эхний зорилт бол Био дахь хогийн цэгийн ажилчдыг баярлуулах. 11:35 цагт бид гурван машинтай хогийн цэгт очлоо. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан машинаас түрүүлж буун ажилчидтай уулзаад бидэнд ирж хүмүүст буруу ойлголт төрүүлэхгүйн тулд бичлэг, зураг авахгүй, цагаасаа өмнө машинаас буухгүй байхыг анхаарууллаа. Удалгүй өвлийн өвгөн, санта клаус хоёр машины ар дээр гарч дуу дуулан, машины хоёр талаар өвлийн өвгөн, цасан охины араас бид жагсан ажилчид руу алхлаа. Тэнд хориод ажилчид байсны ихэнх нь 30 гаруй насны залуучууд байлаа. Ойр хавиар хогон дунд бэлчих үхэр сүрэг. Хогийн цэгт хөө тортог болсон хувцастай, шатааж буй машины дугуйны салхин дээд талд ажилчид дор бүрнээ зав чөлөөгүй тонголзоно. Хогны илжирсэн үнэрт хамар цоргино.
Бид гадаа салхинд гучхан минут зогсоход л гар хөл чичирч, хөл бээрэв. Бидний дэргэд жилийн дөрвөн улирал энд ажилладаг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хог ялгадаг иргэд зогсоно. Тэнгэр газар нь ялгагдахгүй нүүгэлтсэн утаан дунд овойж, оцойсон их хог. Энэ бүх хог биднийх гэж бодоход гутах шиг болов. Санта, өвлийн өвгөн бэлгээ ачин хогийн төв цэгт ирж зогсоод алиалагч, цасан охид, багийн залуус явж хүмүүсийг урилаа. Санта клаус “Шинэ бүхний эхлэл, шинэ оны мэнд хүргэе, сайхан цаг айсуй” хэмээн дуулна. Хэзээ гэдгийг нь үл мэдэх ч хүн бүхний нүдэнд хайр гэрэлтэнэ. Тэд шатаж буй дугуйны илчинд дулаацаж байлаа. Хавар, намрын нимгэн куртиктэй эмэгтэй галын дэргэд гараа ээн, хөлөө хооронд нь савлан зогсоно. Тэрээр таван хүүхэдтэй гэдгээ хэлж өвлийн өвгөнөөс бэлгээ авлаа. Бүгд жагсаж зогсоод хүүхдийнхээ тоог хэлэн бэлгээ авч зарим нь “Та нартаа баярлалаа, сайхан баярлаарай”,“Ямар сайхан юм бэ”, “Хогийн цэгт болж байгаа анхны тоглолт байх аа” гэж нулимс унагав.
Бэлгээ тарааж дуусаад Био комбинатын захад байрлах дараагийн айлыг зорилоо. Тандагч охин айл руу орж “Нэг нярай, бага, дунд, ахлах ангийн дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон аав байна. Нярайд нь живх өгье” гэж хэлэв. Багийнхан бэлэгний том улаан богцондоо дөрвөн уут бэлэг, живх хийж өвлийн өвгөн үүрч цасан охин, алиалагч, баримтжуулагч, тандагчаа дагуулсаар “Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ. Өвлийн өвгөн аав нь ирлээ” гэсээр гэр рүү оров. Зүүн орон дээр охин дөрвөн сартай хүүхдээ хуурайлж, хойд матрасан дээр дунд ангийн хүүхэд толгой дээгүүрээ хөнжил нөмрөн хэвтэнэ. Харин дунд охин бишүүрхэнгүй орны дэргэд нүдээ гялалзуулан зогслоо. Өвлийн өвөө хүн бүрийн ажил, цахим хичээлийн хамрагдалт, хүндрэлтэй зүйл, эрүүл мэндийн байдлын талаар ярилцаж дунд охин ч авьяасаа үзүүлээд амжлаа. Тэр хооронд багийн бүх гишүүд үүргээ гүйцэтгэнэ. Цасан охин хүүхдүүдийг дуудаж өвөр дээрээ суулган ярилцаж, бэлэг богцноос гаргаж өвөөд өгнө, алиалагч хүүхдүүдтэй ярилцана, тандагч асран хамгаалагчаас асуулгын судалгаа авна. Судалгаанд айлын гурван үгт хаягийг бичиж, эрүүл мэнд, өрхийн амьжиргааны түвшин, боловсрол зэрэг олон зүйлийг хамруулжээ. Ингээд бэлгээ өгөөд өвлийн өвөө “Миний хүү хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч байгаарай, биеэ бодоорой, баяртай” гэсээр гэрээс гарав. Гарч ирээд багийнхан өөрсдийн ажигласан зүйлээ тандагчид хэлж бичүүлнэ. Хүүхдийн биен дээр шарх, сорви байсан эсэх ямар нэг хүчирхийллийн шинж илэрсэн үү, дахин ирэх шаардлагатай юу, юугаар туслах боломжтой талаар бичүүлээд дараагийн айл руу хөдөллөө. Бидний очих дараагийн айл бол “Лантуун дохио” ТББ-ын 2017 онд тохижуулсан монгол гэр байлаа. Тэнд ойр хавийн бүх хүүхдийг цуглуулж жил бүр баярлуулдаг уламжлалтай талаараа ТББ-ын ажилтан ярив. Гэрт 22 хүүхэд цугларчээ, дөрвөн өвлийн өвөө тэдэнтэй ярилцаж авьяасыг нь үзлээ. “Авьяасаа үзүүлсэн хүүхдийг өвөө нь шагнана аа” гэтэл дөрвөн настай жаахан шар охин “мост” буулаа. Хүүхэд гэдэг ийм л гэнэхэн. Гэрийн үүдэн дэх амбаарын босго газраас хөндий 30 орчим см өндөр хүүхэд байтугай том хүн ч давахад бэрх байлаа. Гэр энд тэнд огло татсан хулдаастай байв. Ойр хавийн хүүхдүүдээ цуглуулаарай гэх сургаар ой гаруйтай шалдан хүүхдээ тэврээд гэр рүү гүйж ирэх эмэгтэй, тав, зургаан настай хөл нүцгэн хоёр охиноо хөтлөн хурдан алхах настан гэх мэт хүмүүсийг харахад ийм хүйтэнд ямар хэцүү байгаа бол хэмээх бодол толгойд бууж, нулимс нүдэнд зурсхийв. Өвлийн өвөө нар “Энэрэл миний хүү бэлгээ аваарай, миний хүү хичээлдээ сайн анхаараарай. Дөлгөөн миний хүү сайн хүн болоорой” гээд л бүх хүүхэдтэй танилцаж тэдэнд нэрээр нь дуудаж бэлэг өгөх дүрэмтэй аж.
13:30 цаг. Бид Зуунмод хотыг зорилоо. Багийн ахлагч замд очих айлуудын байршлыг шалгаж, өөр очих ёстой айлуудыг хүмүүсээс сурна. Байгаль дэлхий бүхэлдээ цагаан нөмрөгөө нөмрөн дэндүү үзэсгэлэнтэй. Бид 15:00 цагт бэлгээ хуваарилаад гурван баг тус тусын хэсэг рүү хөдөллөө. Манай баг Төв аймгийн Сэргэлэн сумыг зорих болов. Сумын төв аймгаасаа 15 минутын зайтай агаад цомхон, цэвэрхэн байлаа. Бид эхний айлд ирэхэд цэцэрлэгийн насны хоёр хөөрхөн хүү ээжийнхээ цаанаас булталзана. Тэд өвлийн өвөөгөөс нүдээ салгалгүй
“Зулзаган ногоон гацуурхан
Зундаа өвөлдөө ногоорно оо
Хөлтэй их хотод маань
Хүчилтөрөгч бэлэглэнэ” хэмээн дуулав. Хүүхдүүдийн ээж бидэнд дараагийн очиж болох айлыг зааж өгөв. Тэр айлаас гаран гудамжаар явж буй хоёр охинд бэлэг өгч, гэрт нь орлоо. Тэдний гэр бүл зургуулаа. Гэрийн хаалгыг татахад л биднийг дулаан галын илч ээв. Гэр дотор ээж нь бага хүүхдээ тэвэрч, аав нь баруун хойд хоймортоо сууж, дунд дүү нь унтаж, хоёр эгч нь гаднаас орж ирж байв. Сурсан дүрмээрээ сайхан харилцаа үүсгэж ярилцаж, хүүхдүүддээ бэлэг өгөн, хоёр охин хүслээ өвлийн өвөөгийн чихэнд шивнэлээ. Ингээд бид цааш сумын төвийг тэдний хэлж заншсанаар хэд хэд “самналаа”. Дийлэнхдээ хашаа муутай, сондгой айлууд руу тандагчаа оруулна. Тандагч хэдэн хүүхэд, ямар хүн байгааг мэдэж гарч ирээд бид орох ёстой эсэхээ шийддэг. Тандагч Ө.Ундрал “Хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлтэй айл байна. Бараг ямар ч хамаагүй айлд морь унуулна гэсэн нэрийдлээр авчраад таван жил болж байгаа юм байна. Өвөө энэ айл руу орох уу” гэв. Энэ янзаар явсаар бид арваад айлыг тандаж таван айлд бэлэг өгчихөөд харуй бүрийтэй зэрэгцэн Төв аймаг руу хөдөллөө.
Замдаа Төв аймагт очих айлаа хүнээр заалгаж эхний айлдаа ирлээ. Биднийг зургаан хүүхэдтэй аав угтсан юм. Башингийн гадна машин очиж зогсоход л хүүхдүүд жижиг цонхон дээрээ шавав. Тандагчийн хэлснээр бүх хүүхдэд гутал, цамц, бэлгээ бэлтгэн орлоо. Биднийг ороход нүд нь гялалзаж, хөөрхөн хацарт нь мишээл тодрон “Өвлийн өвөө!” гэж амаа дарцгаана. Тэднийх гурваас 17 насны зургаан хүүхэдтэй. Бид уламжлал ёсоор нэрийг нь дуудан бэлэг өгч, өвөр дээрээ суулган гутал, хувцасуудаа өмсгөж үзүүлнэ. Хувцас солих явцад хүүхдийн биед ямар нэг сорви, шарх байгаа эсэхийг ажиглах ёстой. “Өвөөдөө хүслээ шивнээрэй, өвөө нь биелүүлж чадах зүйл газартай болмоор байна”, дунд охин “Гар утас авмаар байна” хэмээв. Багийн ахлагч бидэнд “Айлуудаа сайн анзаараарай, сондгой, бүдэг гэрэлтэй айлууд бидний очих ёстой айл шүү” гэж анхааруулав. Тандалт хийж явсаар бид хэд хэдэн айлаар орж явсаар гэртээ ганцаараа байсан 75 настай өвөөгийд оров. Түүнд боорцог, сүү, аарц, ууталсан бэлэг өгөөд “Миний хүү эрүүл энх байж, урт наслаарай. Өвөө нь 500 настай шүү дээ” хэмээн манай 20 гаруйхан настай өвлийн өвөө баргил хоолойгоор хэлээд гарав. Ингээд бид дараагийн айлуудаар орж 20:00 цагт Зуунмодын төв талбай дээр ирлээ. Өдөр гурван баг салахдаа 20:00 цагт уулзахаар тохиролцсон юм. 20:20 цагт Улаанбаатар хотын Анаржин төвийг зорилоо. Энэ жилийн “Ид шидийн уут” аяныг жийп, патрол, ланд машины клубүүд болон хувь хүмүүс унаагаар хангажээ. Багийн ахлагч “Бараг сарын өмнөөс бэлэг цуглуулах аян эхэлж олон сайхан сэтгэлтэй хүмүүс алслагдсан хязгаарын хүүхдүүдийг баярлуулах гэж өөрөөсөө илүүчлэн дулаан хувцас, идэх амттан, ном дэвтэр, тоглоом хүртэл авчирч өгсөн. Түүнийг сайн дурын олон залуус ангилж савлан бэлтгэнэ. Энэ жил бэлэгний уутуудаа залуус өөрсдөө оёсон. Зүгээр ёс болгож бус хайраа шингээж бэлддэг болохоор бэлэг болгон хайрын амттай. Бид хол гэлтгүй өвлийн өвөө цасан охид нь очих л болно. Тэгш хүртээмж, тэгш боломж” хэмээн ярилаа. Бидэнтэй нийлээд 19 баг, 110-130 сайн дурын ажилчид ажиллалаа. Энэ удаа ойрын аймаг болох Төв аймаг, Багахангай, Багануур, Налайх, гээд хол дүүргүүд рүү явсан юм. Тэд жил бүр өөрсдийн очдог дата, нэмэлт тандалтын баг худаг, дэлгүүрийн хүмүүсээс асууж, нийтийн байр айлуудаар орж хайр хэрэгтэй өрхүүдийг илрүүлдэг ажээ. Багийн цасан охин “Орон нутгийн өрхүүдийн амьдрал дундаж байна. Нийслэлийн захын дүүргүүдэд айл руу ороод зүрх зүсэгдэх шиг болдог. Бид нар уйлаад л гарч ирдэг айлууд олон байдаг” гэв. Тандагч “Энэ жил хүүхдүүдийн нүдэнд ганцаардал, гуниг, ээнэгшил ажиглагдаж байсан. Биднийг баярлаж, догдолж биш, бишүүрхэж хүлээж авч байна. Энэ нь хөл хорионы үеэр нийгмийн харилцаанд орохгүй, аав ээж нь ярилцахгүй байгаатай холбоотой. Манай багийнхан энэ жил 6-7 мянган бэлэг бэлдсэн. 600-800 өрхөөр очно” хэмээв.