Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөл”-ийн дэд зөвлөл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус дэд зөвлөлийн үйл ажиллагааг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан удирдан зохион байгуулдаг. Үндэсний өгөх өдрийг угтан Засгийн газраас манай яаманд ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй хоёр өрхийн ахуй амьдралыг дэмжих хүсэлтийн дагуу БСШУСЯ-ны хамт олон “Сайн үйлсийн аян”-ыг өрнүүллээ.
Яамны нийт албан хаагчид, дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын зээлийн сан болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн хамт олон оролцож сэтгэлийн хандив цуглуулсан юм.
Үндэсний өгөх өдөрт зориулан өрнүүлсэн БСШУСЯ-ны хамт олны сайн үйлийн аяныг Шинэ анагаах ухаан их сургууль, Идэр их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Улаанбаатар-Эрдэм дээд сургууль, Улаанбаатар Олон улсын их сургууль, Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн удирдлага, хамт олон дэмжин гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл гардууллаа. Их дээд сургуулийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй Р.Болджаргал, Б.Энхбаатар нарын хүүхдүүдийг үнэ төлбөргүй суралцуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Аяны хүрээнд хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан Ранжинхүүгийн Болджаргалд иж бүрэн тавилгатай гэр бэлэгллэсэн юм. Тэрээр эхнэр таван хүүхдийн хамт хадам аавындаа арав гаруй жил амьдарч иржээ. Удахгүй зургаа дахь хүүхэд нь мэндлэх гэж байгаа аж. Мөн Балдангийн Энхбаатарт төмөр эдлэл хийх төхөөрөмж, суурь машин худалдаж авахад нь зориулж 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Харааны бэрхшээлтэй тэрээр өөрөө бие даан төмөр эдлэл хийхэд суралцаж, түүгээрээ өрхийнхөө амьжиргааг залгуулдаг байна. “Суурь машин худалдаж авах нь миний мөрөөдөл юм. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсондоо баяртай байна” хэмээн Б.Энхбаатар ярьсан юм.