70 дугаар сургууль 345 сурагчтай. Сургуулийн барилга харьцангуй том учраас нэг ээлжээр хичээллэж байна. Энэ нь бусад сургуультай харьцуулахад давуу тал болж байгаа юм. Тиймээс үдээс хойш буюу хичээл тарснаас хойш сэргээн засах, өдөр өнжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг үүрэг болголоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн тухайд аав ээжийн аль нэг нь хөдөлмөр эрхлэх боломжгүй байдал үүсдэг. Тиймээс хичээл тарсны дараах цагийг сургууль дээрээ үр бүтээлтэй өнгөрүүлснээр хүүхдийг хөгжүүлэхээс гадна хөдөлмөр эрхлэх боломжийг эцэг, эх, асран хамгаалагчдад бүрдүүлж өгөх юм.
70 дугаар сургуулийн тухайд спорт засал чиглэлд түлхүү анхаарч байна. Ханжоугийн азийн наадамд хоёр тамирчин сурагчийг оролцууулахаар бэлтгэл хангаж байна. Хөгжлийн ялгаатай сурагчид азийн болон олон улсын спортын наадамд амжилт үзүүлж байсан тохиолдол олон. Тиймээс багш, сурагчдад амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөр өргөхийг ерөөлөө.
Боловсрол, шинжлэх ухааны сайд 70 дугаар сургуулийн удирдлагуудад орчин нөхцөлөө сайжруулах, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад сургуультай хамтран менежментээ сайжруулах чиглэлд онцгой анхаарахыг санууллаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.