Categories
мэдээ нийгэм

БРИКС нь олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг хүлээж, олон улсын харилцаанд эерэг хүчин болж байна DNN.mn

2022 оны 6 дугаар сарын 22-нд Бээжин хотод авсан зураг. Бээжинд болсон БРИКС-ийн Бизнесийн форумын үеэр БРИКС-ийн Бизнесийн хамтын нийгэмлэгийн санаачилгыг танилцуулж буй нь. /Синьхуа/

Арав гаруй жилийн хөгжлийн явцад БРИКС-ийн орнуудын (Хятад, Орос, Энэтхэг, Бразил болон Өмнөд Африк) хамтын ажиллагааны үндэс суурь бэхжиж, хамтын ажиллагааны чиглэлүүд аажмаар өргөжин тэлж, хамтын ажиллагаа нь улам бүр үр өгөөжтэй болсоор байна. БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөж, дэмжлэгийг нь авч, олон улсын үйл хэрэгт эерэг, тогтвортой бөгөөд бүтээлч хүчин болж байна.

Бээжингийн Багшийн Их Сургуулийн дэргэдэх БРИКС-ийн хамтын ажиллагааны төвийн захирал Ван Лэйн хэлснээр, өнгөрсөн 17 жилийн хугацаанд БРИКС-ийн хамтын ажиллагааны амжилтын туршлага нь хөгжлөө түргэтгэж, тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалан хамгаалахыг эрмэлзэгч хөгжиж буй орнуудын итгэл болон дэмжлэгийг хүлээсэн юм. Ялангуяа БРИКС-ийн орнууд Өмнөд Африкийг бүрэн эрхт гишүүнээ болгосноос хойш хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй орнууд олноороо БРИКС-ийн орнуудтай хамтын ажиллагаагаа цаашид улам бүр бэхжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсээр байна.

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса өнгөрсөн долдугаар сард мэдэгдэхдээ “Удахгүй болох дээд хэмжээний уулзалтын үеэр олон орон БРИКС-т нэгдэхийг хүсэж байгаа тул тус механизмыг өргөжүүлэх асуудлыг нухацтай авч үзнэ” гэсэн юм.

БРИКС-ийн санаачилсан дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтолцооны өөрчлөлтүүд эрчээ авч буй болохыг сэтгүүлч Энтони Роули “South China Morning Post” сонинд гаргасан нийтлэлдээ онцолжээ. Түүний хэлснээр, БРИКС хүрээгээ тэлэх нь чухал биш, харин дэлхийн эдийн засагт түүний үзүүлж буй нөлөө нэмэгдэж, Олон улсын валютын санд дуу хоолойгоо бэхжүүлж буй нь чухал юм. “Дэлхийн үйл хэргийг тэнцвэржүүлэх хүчин” болж, тус механизмын нэр хүнд, нөлөө урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээд байгааг тэрбээр мөн цохон тэмдэглэсэн байна.

No description available.

2017 оны 8 дугаар сарын 26-нд Хятадын зүүн нутгийн Фузянь мужийн Сямэнь хотод авсан зураг. Сямэнь олон улсын үзэсгэлэнгийн төв. /Синьхуа/

БРИКС-ийн орнууд нь хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны чухал тавцан болохын хувьд олон талт үзлийг хөхиүлэн дэмжиж, дэлхийн засаглалын тогтолцоог идэвхтэй шинэчилж, хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг өргөжүүлэхийг эрмэлзэж байна. БРИКС-ийн орнууд нь олон улсын үйл хэрэгт эерэг, тогтвортой бөгөөд бүтээлч хүчин болсон. БРИКС-ийн механизм байгуулагдсан цагаасаа хойш асар олон орны хувь заяа, хамтын ажиллагааг нягт уялдуулж өгсөн юм.

Испанийн “Rebelion” сонинд бичсэнээр, АНУ хэдэн арван жилийн турш эдийн засгийн хувьд дэлхийг бараг бүхэлд нь хянаж, долларын гүйлгээ хийхээс өөр аргагүй болгосон бөгөөд үүнээс нь олон улс орон залхаад байна.

Цагаан ордны зааварчилгааг дагаж мөрдөхгүй л бол хориг арга хэмжээ, эдийн засаг, санхүүгийн шантаажинд өртдөг. Тэгвэл БРИКС-ийн орнууд нь ямар нэгэн болзол нөхцөл тавихгүйгээр улс орнуудын хөрөнгө оруулалт, худалдааг хөгжүүлж, дэмжихэд бэлэн байдаг.

“Хамгийн гол нь БРИКС-ийн орнууд олон туйлт, олон талт үзлийг дэмжинэ… Тэд хүйтэн дайны үеийн үзэл суртлыг эсэргүүцэж, бүх оролцогчдод харилцан ашигтай, тэгш эрхэд суурилсан олон улсын эдийн засгийн шударга дэг журмыг санал болгож байна” гэж Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель нэгэн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр, БРИКС болон ШХАБ-д элсэх хүсэлтэй орнуудын дараалал үүсээд буй нь эдгээр механизмын үүрэг нэмэгдэж байгааг илтгэн харуулж байна.

Барууны орнууд тогтвортой байдлыг алдагдуулж, геополитикийн өрсөлдөгчдийн нөлөөг хязгаарлахын тулд цэргийн хүч, улс төрийн шантааж, эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг гэж ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев долдугаар сард Өмнөд Африкт болсон БРИКС-ийн орнуудын аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгчдийн уулзалтын үеэр хэлсэн юм. Харин БРИКС-ийн орнууд дэлхийн харилцааг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр илэрхийлээд, “БРИКС нь олон талт хамтын ажиллагааг цаашид төлөвшүүлэх, дэлхийн хөгжлийн хөтөлбөрийг тодорхойлох үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэсэн билээ.

No description available.

2022 оны 6 дугаар сарын 15-нд Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао боомт хотод авсан зураг. Шаньдун мужийн Циндао боомтын хөл хөдөлгөөн ихтэй Цяньвань терминалд бараг өдөр бүр БРИКС-ийн боомтуудаас ачааны хөлөг онгоцууд ирж, эсвэл тэдгээр орон руу ачаатай хөлөг онгоц хөдөлж байдаг юм. /Синьхуа/


БРИКС нь хөгжиж буй орнуудад болзол нөхцөл тавихгүйгээр санхүүжилт олгох замаар тэгш бус байдлыг бууруулахад тусалж чадах тул дэлхийн үйл хэрэгт онцгой үүрэг гүйцэтгэж чадна гэж Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва мөн энэ сарын эхээр мэдэгдсэн юм.

БРИКС-ийн орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь болон олон улсын худалдаанд оруулж буй хувь нэмэр мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Тэд дэлхийн эдийн засагт үл тоомсорлогдошгүй чухал хүчин болоод байна. Сүүлийн жилүүдэд БРИКС-ийн орнууд нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эерэг хандлагыг түгээж байна. БРИКС-ийн орнуудын экспортын өсөлт дэлхийн дунджаас давсан нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийн чанарыг ахиулахад чухал хувь нэмэр оруулж байна.

БРИКС-ийн механизм нь цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, ихэнх улс орны хүсэл эрмэлзэлд нийцэж, хөгжлийн зөв чиглэлийг тодорхойлж байна.

Олон улсын хүнд хэцүү нөхцөл байдал, сорилттой тулгарсан ч БРИКС нь цаашид олон улсын үйл хэрэгт илүү эерэг бөгөөд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно.


БРИКС-т эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломж бий

No description available.

2021 оны 9 дүгээр сарын 7-нд Хятадын зүүн нутгийн Фузянь мужийн Сямэнь хотноо БРИКС-ийн орнуудын Инновацийн хөгжлийг дэмжих бааз байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр авсан зураг. Сямэнь олон улсын үзэсгэлэнгийн төв. /Синьхуа/


БРИКС-т эрх тэгш бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их нөөц боломж бий бөгөөд Өмнөд Африкт удахгүй болох гэж буй БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалт нь тус холбоо олон улсын харилцаанд аль хэдийн чухал үүрэг гүйцэтгэдэг болсныг харуулах болно гэж ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн Дэлхийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор Ирина Кокушкина саяхан “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэсэн юм.

Оросын шинжээчийн хэлснээр, БРИКС хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны хүчирхэг хэрэгсэл болсныг БРИКС-ийн эдийн засаг, хөдөө аж ахуй болон сансар судлал зэрэг олон салбарт гаргаж буй ололт амжилт гэрчлэн харуулж байна. Өнөө үед зарим улс орны улс төрийн шахалтад өртөлгүйгээр худалдаа, эдийн засгийн найдвартай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь маш чухал.

“Олон жилийн турш Өрнөдийн колоничлол, неоколоничлолын улмаас зовж шаналж буй хөгжиж буй орнуудын хувьд эрх тэгш нөхцөлтэй хамтын ажиллагаа гэдэг нь туйлын чухал ” гэж И.Кокушкина хэлэв.

Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцаанд Өрнөдийн орнуудын ноёрхсон байр суурийг эсэргүүцсэн улс орнуудыг эдийн засгийн хувьд ялгаварлаж, хавчин гадуурхдаг “Өрнөдийн нэгдсэн бодлого”-ыг сөрөн зогсох нь БРИКС-ийн зорилго, зорилтуудын нэг юм гэж тэрбээр хэлжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, БРИКС-ийн олон улсын тавцан дахь нөлөө мэдэгдэхүйц нэмэгдсэн бөгөөд тус бүлэг нь дэлхийн үйл хэргийг шийдвэрлэхэд нөлөө бүхий хүчин болоод байна. БРИКС-ийн орнууд нь уур амьсгалын өөрчлөлт, худалдаа болон хөгжил зэрэг дэлхийн олон төрлийн асуудлаар хамтдаа дуу хоолойгоо цуурайтуулж байна.

“Хамтын ажиллагаа гүнзгийрэх тусам олон улсын дэг журмыг цогцлооход тус бүлгийн нөлөө улам бүр нэмэгдэх болно” гэж И.Кокушкина онцлон тэмдэглэв.

Хятад улс бол дэлхийн хамгийн том эдийн засагтай бөгөөд улс төрийн асар их нөлөө бүхий улс орнуудын нэг гэдгийг тэрбээр мөн цохон тэмдэглэсэн юм. Өрнөдийн олон орны байдал адармаатай байгаа энэ үед олон улсын харилцааны үйл хэрэгт Хятад улсын оруулж буй хувь нэмэр нь хөгжиж буй орнуудын харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна.

БРИКС-ийн гишүүн орнууд нь одоогоор дэлхийн газар нутгийн 26 хувь, хүн амын 42 хувийг эзэлж байна. И.Кокушкина БРИКС-ийг өргөжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд тус бүлэг өргөжснөөр геополитикийн ач холбогдол нь нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

“БРИКС-ийн гишүүнчлэлийн цар хүрээ өргөжиж байгаа нь БРИКС дэлхийн ихэнх орны нийтлэг ашиг сонирхлыг үнэхээр төлөөлж чадаж байгааг дэлхий нийтэд харуулж байна” гэж шинжээч дүгнэн хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *