Categories
гадаад мэдээ

БРИКС баяртай! DNN.mn

БРИКС-ийн ээлжит дээд чуулган ОХУ-ын Казань хотод болов. Орос бол Бразил, Энэтхэг, Хятадын хамт БРИКС-ийг үүсгэн байгуулагч орнуудын нэг. Өмнөд Африк 2010 онд нэгдэн орсны дараа уг байгууллагаоролцогч улсуудын эхний үсгээр одоогийн нэрээ бий болгосон билээ. Хожим нь Иран, Египет, Арабын Нэгдсэн Эмират, Этиоп улсууд мөн тус холбоонд нэгдсэн. Мөн Турк, Азербайжан улсууд БРИКС-т элсэх хүсэлтээ ирүүлээд байгаа билээ.

ВВС-ийн Оросыг хариуцсан албаны тоймч Григор Атанесян “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хувьд Казань дахь дээд хэмжээний уулзалт нь түүнийг дэлхийн бусад улсаас тусгаарлагдсан, гадуурхагдсан хүн биш гэдгийг харуулах боломж юм. Гэхдээ дэлхийн өмнөд бүсийн 30 гаруй орны дипломатууд болон албаны хүмүүс Путинтэй санал нийлэхгүй байгаа нь ойлгомжтой. Хятад улс ялангуяа аюулгүй байдлын асуудлаар Оросын талыг баримтлахыг үнэхээр хүсэхгүй байна. Тухайлбал, АНУ-аас удаа дараа хүсэлт тавьсны дараа Хятад улс ОХУ-д давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортыг хязгаарлаад байгаа билээ” гэжээ. Харин ВВС-ийн Энэтхэгийн албаны сурвалжлагч Хинди Рагвендра Рао “Энэ жилийн БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт нь тус холбооны хоёр гол гүрэн болох Хятад, Оростой харилцах харилцааны хүрээнд Энэтхэгийн хувьд онцгой ач холбогдолтой юм” гэжээ.BBC-ийн Туркийн албаны сурвалжлагч, гадаад бодлогын ахлах мэргэжилтэн Эмре Темел “Анкарагийн Европын Холбоонд элсэх оролдлого гацаанд орж байгаа тул Туркийн хувьд энэ удаагийн дээд хэмжээний уулзалт маш чухал юм” гэжээ. Тэгвэл BBC-ийн Персийн албаны тоймч Си Кайван Хоссейни “БРИКС-тэй холбоотой бүх зүйл нь Ираны чихэнд хөгжим юм. Учир нь барууны улсууд давамгайлсан дэлхийн өнөөгийн дэг журмыг эсэргүүцэх зорилготой цөмийн хоёр гүрний тэргүүлдэг БРИКС эвсэл нь Ираны дээд удирдагчийн үзэл баримтлалд бүрэн нийцэж байдаг билээ” гэжээ. ВВС-ийн Бразилийг хариуцсан сурвалжлагч Жулия Браун “Дэлхийн өмнөд хэсгийн нэг удирдагч байх нь Бразилийн хувьд тун таатай зүйл байсаар ирсэн. Да Силва болон түүний засгийн газар энэ зорилгоо хадгалахын тулд БРИКС болон түүний гишүүн орнуудын байгуулсан Шинэ Хөгжлийн банкинд ихээхэн найдвар тавьж байгаа бололтой” гэжээ. BBC Африкийг хариуцдаг редактор Бруно Гарсез “Өмнөд Африкийг БРИКС-ийн холбоонд элсэх үед тус улсын эдийн засгийн хэмжээ бусад дөрвөн гишүүн орныхоос хамаагүй бага байсан. Харин БРИКС-т орсноос хойш Өмнөд Африк Хятадаас банк санхүү, уул уурхай зэрэг салбарт асар их хэмжээний хөрөнгө оруулалт хүлээн авсан” гэжээ.

Казань хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид энэхүү арга хэмжээг зохион байгуулсан ОХУ-д талархал илэрхийлж, барууны улсууд дэлхийн янз бүрийн орны эсрэг “хууль бус хориг арга хэмжээ” авч байгааг буруушаан, хамтарсан тунхаг гаргажээ

Уг тунхаглалд чуулганд оролцогчдын мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн яриа хэлцэл, дипломат арга замаар эвлэрүүлэн зуучлах, сайн үйлсийн талаарх холбогдох саналыг сэтгэл хангалуунаар тэмдэглэж байна” гэжээ.Харин БРИКС-ийн дээд хэмжээний энэхүү уулзалтыг энгийн үгээр тайлбарлавал ийм юм.

ОХУ-ын ерөнхийлөгч энэхүү уулзалтын эхэнд гоё гоё үг хэлж оролцогчдоос өөрийн улсад хөрөнгө оруулалт хийхийг уриалсан.Шуудхан хэлэхэд “Бид баларч байна” хэмээн мөнгө гуйсан. Тэгвэл БРИКС оршиж буй 15 жилийн хугацаанд гишүүн улсууд ОХУ-д 3,8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь эдгээр улсын бусад улсад хийсэн нийт хөрөнгө оруулалтын нэг хүрэхгүй хувь юм. Гол найдвар болох Хятадаас Орост оруулсан хөрөнгө оруулалт 2014 онд 4,5 тэрбум ам. доллар байсан бол 2024 онд 3,2 тэрбум болж 1/3 хувиар багассан байна. Харин Энэтхэг ОХУ-д ердөө 613 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь Германд энэ улсаас хийсэн хөрөнгө оруулалтаас 33 дахин, Их Британийхаас 61 дахин бага хөрөнгө юм. Харин Бразил, Өмнөд Африкийн хөрөнгө оруулалт хэтэрхий бага байсан учир Оросын төв банкны тайланд ч орсонгүй. Энэ бол Орос Украинд дайн эхлүүлэхээс өмнөх баримт. Харин дайн эхэлснээс хойш Орос улс ичсэндээ зүгээр л гадны хөрөнгө оруулалтын баримтыг нууцалж орхисон билээ. БРИКС-ийн өмнөх уулзалтуудаар хэдэн ч удаа “Бид өөрийн гэсэн валюттай болж байна” гэж зарлаж байв. Харин одоо валютаа орхиж төлбөрийн шинэ хэрэгсэл болох Шинэ Хөгжлийн банктай болж үүнийгээ цахим мөнгөөр хөдөлгөх гэнэ. Хятад болон бусад улсууд аль хэдийн өөрсдийн цахим мөнгийг хэрэглэж байгаа. Путинд зориулан шинэ цахим мөнгө гаргаж хайран цаг, хөрөнгө дэмий үрэх ямар шаардлага байх билээ. Хамгийн гол нь БРИКС бол “Их 7”-ийн эсрэг байгуулсан уулзалт бөгөөд үүнийгээ тэд хөгжингүй улсуудын эсрэг хөгжиж буй улсуудын эвсэл болгох гэж энэ хугацаанд яаж ч чардайгаад барсангүй. Учир нь аливаа эвсэл нь үнэт зүйл дээр тулгуурлаж байгуулагддаг. Энэхүү үнэт зүйлээ хамгаалан, өргөжүүлэх гэж институт гэдэг тодорхой асуудал хариуцдаг бүтэц бий болгож үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. Харин БРИКС-т нэгдсэн үнэт зүйл гэж огт байхгүй. Үнэт зүйлгүй болохоор институтгүй. Институтгүй болохоор ярихаас цааш гардаггүй. Тэгээд ч өнөөдөр дэлхийн баялгийн 24 хувийг АНУ улс, Европын холбоо 22.5, Япон 7.9, Их Британи 4.1 хувийгүйлдвэрлэж байна. Харин Хятад 18, Энэтхэг 3.3, Орос 1.7 хувийг гаргаж байна. Эндээс “Их 7” болон БРИКС-ийн хүчин чадлыг шууд харчихаж болно. Иймээс БРИКС бол Хятад ЗХУ шиг өөрийн тойрон хүрээлэгчидтэй болох гэж, Монгол хоёр хөршийн тэргүүнтэйгээ гурвуул уулзах гэж, Турк “Европын Холбоонд элсүүлэхгүй бол бид энд элслээ шүү” гэж барууны улсуудыг айлгах гэж оролцдог янз бүрийн зорилготой улсуудын эрээвэр, хураавар цугларалт юм.

Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь Украйны Швейцарьт зохион байгуулсан дэлхийн энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзсан,НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчдын нэг болсон явдал байв. Энэ хүн бол дэлхийн баялаг бүтээгчдийг “дарангуйлагч”, хөгжил дэвшлийн шууд саад, татвар хэмээх “террорист” үйл ажиллагаагаар олон улсаас маш их хэмжээгээр цугласан мөнгийг элдэв гоё нэртэй өндөр өртөгтэй төслүүдээр яаж үр ашиггүй үрж болохыг гишүүн улсууддаа үлгэр жишээ болгон харуулдаг НҮБ хэмээх хоцрогдсон байгууллагын сүүлчийн тэргүүн юм. Удахгүй ардчилсан улсуудад “хорт хавдар” болоод байгаа баялаг бүтээгчдээ татвараар дарамтлан улсаа шууд хохироож, боловсролгүй улс төрчид ялаа шиг бэлэн мөнгөн дээр цугладаг энэ бурангуй явдал устана. Учир нь дэлхийн I дайны дараа Австри-Унгарын болон Османы эзэнт гүрэн, дэлхийн II дайны дараа Английн болон барууны улсуудын “Колонийн эзэнт гүрэн” бутарсан. Харин өнөөдөр дэлхийн III дайны дараа Орос, Хятад, Ираны “эзэнт гүрэн” бутарч, үндэстэн бүр тусдаа нэгдэн улс болж, бүх тусгаар улс тэгш эрхтэй болох сайн цаг ирж буй нь тодорхой болчихоод байна. Иймээс БРИКС баяртай! Учир нь үнэт зүйл дээр нэгдээгүй аливаа эвсэл, холбоо “Эвсэлд нэгдээгүй улсуудын эвсэл” шиг “цор, цор” гэж байгаад нэг л мэдэхэд сураггүй болчихсон байдаг билээ.

 

Г.АМАРСАНАА

One reply on “БРИКС баяртай! DNN.mn”

Сайн уншиж, судалж байж ЦОР ЦОР гэж бай. БРИКС бутарлаа гэхэд чамаас л сүүлд бутарна. Тэгээд ч ОХУ-ыг дахин задлах АНУ-ын мөрөөдлийг илэрхийлэгч ЭНЭ СОНИН үүнээс өөрөөр бичихгүй байх л даа. Өгдөг хэдэн ногоон мөнгөө өгөхөө байчихна гэхээс өмдөндөө савируулж байгаа биз. Хамгийн том нүгэл бол өөрийн улсын ард иргэдийн тархийг угаах явдал мөнөөс мөн. Гадныхны гар хөл, бууны нохой байснаас ууланд очиж мод хийх, талд очиж хонь хариулах нь хамаагүй нэр төртэй, цэвэрхэн буянтай ажил. Сайн бичиж чадахгүй энэ мэт тэнэгүүд гайны бага дээр ядахдаа САМАРТ ЯВ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *