Categories
мэдээ цаг-үе

Бригадын генерал Т.Хүрэлбаатар: Дотоодын цэрэг нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй

Монгол Улсын Дотоодын цэргийн анги салбар, удирдлагын штабт олон жил ажилласан эдүгээ Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын даргаар ажиллаж байгаа бригадын генерал Т.Хүрэлбаатартай уулзаж Дотоодын цэргийн талаар ярилцлаа.


-Таныг их олон жил салбартаа ажилласан хүн гэдэг байх аа?

-Би 1985-2014 он хүртэл Дотоодын цэргийн Д.Сүхбаатарын нэрэмжит олноо “Одонт хороо” хэмээн алдаршсан 05 дугаар ангид салбарын захирагч, харуулын албаны офицер, хамгаалалт төлөвлөлтийн албаны дарга, штабын орлогч, Дотоодын цэргийн хэлтэс, штабт улсын онц чухал обьектын хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах офицер, штабын даргаар ажилласан. Дотоодын цэрэгт нийтдээ 34 жил алба хаажээ.

-Ингэхэд дотоодын цэрэг хэдэн онд анх байгуулагдсан юм бэ?

-1922 оны долдугаар сарын 16-ны өдөр Их жанжин Д.Сүхбаатарын санаачилга, Ардын түр засгийн газар, Бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр Дотоодыг хамгаалах газрын дэргэд партизан голдуу арав гаруй цэргийн бүрэлдэхүүнтэй “Тусгай тасаг” нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Тухайн үед алслагдсан сум, хошуудад нууц бичиг, шуудан хүргэх, улсын чухал газруудыг манаж хамгаалах, хоригдол, ялтанг цагдан манах, хуяглан хүргэх зэрэг үүргүүдийг голчлон гүйцэтгэж байсан юм.

-Дотоодын цэрэг тэгвэл одоо ямар чиг үүрэгтэй байгаа вэ. Анхныхаасаа өөрчлөгдсөн үү, хэвээрээ юү?

-Би дээр өгүүлсэн. Ер нь Дотоодын цэрэг нь хоёр үндсэн чиг үүрэгтэй байгууллага л даа. Нэгдүгээрт, Засгийн газраас хариуцаж хамгаалахаар тогтоож өгсөн Улсын онц чухал обьектуудыг өдөр, шөнөгүй манаж аюулгүй байдлыг нь хангаж хамгаалах. Хоёрдугаарт, Цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй болсон үед түүнд туслах, бэлтгэл хүчинд ажиллах. Шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин гарсан үед аврах ажилд болон, хөл хорио, хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох үүргийг гүйцэтгэж байлаа.

-Дотоодын цэрэг өмнө нь хэд хэдэн байгууллагад харьяалагдаж байсан…

-Байгуулагдсанаасаа хойш Дотоодыг хамгаалах газарт харьяалагдаж байгаад 1936 оноос Дотоод явдлын яаманд харьяалагдаж урьдын адил даалгагдсан үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ улс оронд гарсан бослого хөдөлгөөн, үймээн самууныг дарах, баруун хязгаарын ард иргэдийг тонон дээрэмдэж, айлган сүрдүүлж байсан хилийн дээрэмчдийг дарах ажиллагаанд оролцож байсан. 1955-1959 онуудад Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамыг байгуулагдахад тус яамны харьяанд шилжиж улсын онц чухал обьектыг хамгаалах чиг үүргийг голчлон гүйцэтгэж байлаа. 1959-1990 он хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газар, Хилийн ба дотоодын цэргийг удирдах ерөнхий газарт харьяалагдаж Төр, засгийн тэргүүн, тэдний уналга, орон байр, гадаадын өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдийн байрлах байр, унаа, дулааны цахилгаан станцууд, онцгой чанга дэглэмтэй шорон гянданг хамгаалах зэрэг үүргийг гүйцэтгэж байв. 1990 онд нийгэм солигдож төр, засгийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, Нийгмийг аюулаас хамгаалах яам татан буугдахад Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын бүтцэд шилжиж, Улсын онц чухал обьект болох хүн амын амьжиргааны нэн чухал хангамжийн обьектуудыг хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулахад Цагдаагийн байгууллагад туслах чиг үүргүүдийг гүйцэтгэж байлаа.

-Дотоодын цэрэг үйл ажиллагаагаа Хилийн цэрэг, цагдаагийн байгууллагатай хамтран явуулж байжээ. Энэ талаар та тодруулж яриач?

-Хилийн цэрэг, Дотоодын цэрэг нь нэгэн удирдлагад ажиллаж, чиг үүргээ хэрэгжүүлэхэд зарим талаар учир дутагдалтай байсан тул Дотоодын цэргийн хүч хэрэгслийг гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох ажиллагаанд татан оролцуулах талаар тухайн үеийн төр, засаг, яам, командлалын удирдлага 1980-аад оны эхэн үеэс олон талаар нь судлан үзэж байжээ.

Иймд тэр үеийн ЗХУ-ын Дотоодын цэргийн туршлагыг судалж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулах цагдаагийн алба хаагчдад нэмэгдэл хүчээр ажиллах, шаардлагатай үед нөөц хүчинд үүрэг гүйцэтгэх зориулалттай Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар ангийг Дотоодын цэргийн орон тоон дээр байгуулан ажиллуулж, тус ангийн цэргийн албаны зохион байгуулалтыг тэр үеийн Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газар, үндсэн үүргийн биелэлтийг нь Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар хариуцан ажиллаж байсан юм билээ. 1988 онд Дотоодын цэргийн гяндан, онцгой дэглэмтэй хорих ангиудыг хамгаалах үүрэг бүхий 0229 дүгээр ангийг гүйцэтгэж байгаа үүргийн ижил төстэй байдлыг нь харгалзан 0230 дугаар ангитай нэгтгэн Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын бүтцэд зохион байгуулж хугацаат цэргийн алба хаагч (Дотоодын цэргийн орон тоон дээр)-дыг тухайн үеийн цагдаагийн дүрэмт хувцас, эрх, үүргээр ханган ажиллуулж байв.

1990 онд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлтийн үед улс орны дотоодод гарсан үймээн самуун, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсооход Хилийн цэргийн хүч хэрэгслийг татан оролцуулах боломжгүй гэж үзэж энэ үүрэг нь Дотоодын цэргийн чиг үүрэг тул Хилийн цэргийн харьяаллаас гаргаж, Цагдаагийн байгууллагын харьяалалд шилжүүлсэн.

-Дотоодын цэргийг дахин байгуулах тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж байна. Дотоодын цэрэг хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдэг асуудал дээр мэргэжлийн хүмүүс, ард иргэд өөр өөр байр суурьтай байх шиг байна?

-Өнөөдөр гэмт хэрэг, хэв журмын зөрчил гардаггүй болсон улс орон байна гэж би лав дуулаагүй юм байна. Дотоодын цэрэг нь түүхэн хөгжлийнхөө 90 гаруй жилийн хугацаанд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, 1973 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан түүхтэй юм. 2014 онд Дотоодын цэргийг татан буулгаж, түүний гүйцэтгэж байсан үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Улсын онц чухал обьектыг хамгаалах чиг үүрэг цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг биш шүү дээ. Дотоодын цэргийн гүйцэтгэж байсан чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлснээр тийм ч сайн үр дагавар авч ирээгүй байх аа гэж бодож байна. Нөгөө талаар шаардлагатай үед цагдаагийн байгууллагад нэмэгдэл хүчээр ажиллах бэлтгэгдсэн шуурхай ажиллах нөөц хүч байхгүй болж байгаа нь учир дутагдалтай юм. Бид дэлхийн 40 гаруй улс орны Дотоодын цэрэгтэй ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагааны талаар судалгаа хийж үзэхэд тэд өөрийн улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудтай байна. Дээрх орнуудын ижил төстэй байгууллагууд нь тухайн улсын нийгмийн байгууламж, төрийн тогтолцоо, үндэсний уламжлал зэрэг онцлогуудаас шалтгаалан Жандармери, Карабинери, Дотоодын цэрэг, Үндэсний гварди, Олон нийтийг хамгаалах хүчин, Ардын зэвсэгт цагдаа гэсэн нэртэй байна. Чиг үүргийн хувьд нийтлэг улсын онц чухал обьект, чухал байгууламж, төр, засгийн тэргүүн, гадаадын зочин төлөөлөгчид, тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газруудыг хамгаалах, улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад туслах, зорчигч, тусгай ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул тохиолдсон үед авран хамгаалах ажилд туслах, гэмт хэргийг таслан зогсоох, нийтийн хэв журмыг сахиулахад цагдаагийн байгууллагад туслах, дэмжлэг үзүүлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг юм билээ. Дээрх байдлаас үзэхэд Дотоодын цэрэг нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангахад ямар чухал үүрэгтэй байгууллага болох нь тодорхой юм.

-Ер нь бусад цэргийн байгууллагууд нь Дотоодын цэргээс юугаараа ялгаатай юм бэ?

-Зэвсэгт хүчин, хилийн цэрэг нь өөр өөрийн хуульд заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг боловч Дотоодын цэргээс чиг үүргийн хувьд дараахь байдлаар ялгаатай гэж үздэг. Үүнд: Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуульд зааснаар “Зэвсэгт хүчин нь хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэнэ”, мөн хуульд зааснаар “Дайны байдал зарламагц…дотоодын цэрэг …зэвсэгт хүчний бүтцэд багтаж үүрэг гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Мөн хуулийн дээрх заалтаас үзэхэд Дотоодын цэрэг нь тайван цагт Зэвсэгт хүчний бүтцэд хамаарахгүйгээр хуульчлагдсан. Хилийн цэрэг, Дотоодын цэрэг нь цэргийн байгууллага боловч улс орны өмнө хүлээсэн өөр өөр чиг үүргүүдийг хэрэгжүүлдгээрээ ялгаатай юм. Тухайлбал, улс орны дотоодод гарсан гэмт хэрэг, оргон нуугдсан гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах, үймээн самуун, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох зэрэг үүргүүдийг Хилийн цэрэг нь цагдаа, бусад үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутам хамтран хэрэгжүүлэх боломжгүй бол Дотоодын цэрэг нь дээрх үүргүүдийг чиг үүргийнхээ дагуу өдөр тутам хамтран хэрэгжүүлэх боломжтой юм гэж бодож байна. Гэхдээ улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүргүүдийг өөрийн командлагчийнхаа шууд шийдвэрээр орон нутгийн засаг захиргаа, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдгээрээ Дотоодын цэрэг бусад цэргийн байгууллагуудаас чиг үүргийн хувьд өөр юм.

-Ер нь Дотоодын цэрэг цагдаагийн байгууллагатай нэг удирдлагад ажиллахыг та зөв гэж үздэг үү?

-Дэлхийн цаг уурын дулаарал, байгалийн гамшигт үзэгдэл, хүн амьдрах орчны бохирдол, халдварт өвчний тархалт, ядуурал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын худалдаа зэрэг “уламжлалт бус” гэгдэх аюулын хамрах хүрээ өргөжин тэлж байгаа өнөө цаг үед “Цагдаагийн төв байгууллагын дарга нь Дотоодын цэргийн командлагч”-аар ажиллах нь манай орны хувьд илүү зохицсон хувилбар. Өөрөөр хэлбэл, хоёр өөр албан тушаалд нэг хүнийг томилон ажиллуулж байгаа явдал юм. Ингэснээр Дотоодын цэрэг нь цагдаагийн байгууллагын харьяа, түүний бүтцэд орж, байцаан шийтгэх ажиллагаанд оролцож, хуулийн байгууллагын шинжийг агуулж байгаа явдал огт биш бөгөөд тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *