Бразилын Петрополис хот мягмар гарагт үерт автсан. Үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 94-д хүрлээ гэж тус хотын захирагч Клаудио Кастро мэдэгдээд байна. Петрополис хотын захиргаа гурван өдрийн гашуудал зарлажээ.
Харин үерийн улмаас хөрсний гулгалт болж, орон гэргүй болсон хүмүүсийн тоо 400-д хүрээд байна. Аврах багийнхан өчигдөр бүтэн өдрийн турш эрэн хайх үйл ажиллагаа явуулж 21 хүнийг эсэн мэнд гаргаж авсан байна. Мөн энгийн иргэд ч аврах ажиллагаанд нэгдэж, хотыг сэргээн босгох ажилд оролцож эхэлжээ. Петрополис нь тус улсын анхны төлөвлөлт хийгдсэн хотуудын нэг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд хүн ам нь огцом өсч, нягт бэхлэгдсэн жижиг байшингуудаар дүүрчээ.
Тус хот нь барилга байгууламж барихад тохиромжгүй газартай дэд бүтэц хөгжөөгүй, ус зайлуулах суваг хангалтгүй байгаагаас байгалийн гамшиг, үер усний гамшигт илүү өртөмтгий болж байгааг мэргэжилтнүүд шүүмжилсээр байгаа юм. Сүүлийн 10 жилийн хугацаанд хэд хэдэн удаагийн үерийн гамшиг тохиолдож 900 гаруй хүн нас барсан гэх тооцоо бий.
Мөн сүүлийн 10 жилд Петрополис хотын хөрсний нуралтын эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хотын эрх баригчид танилцуулсаар байгаа ч ажил хэрэг болох нь удаашралтай байгааг иргэд нь цахим орчинд ихээхэн шүүмжилж байна.
Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонаро ОХУ-д айлчлах үеэрээ Бразилчууд эв санааны нэгдэлтэйгээр үерийн гамшгийг туулан гарна гэдгээ мэдэгдлээ.