Зун цаг шиврээ бороогоо намиран намируулсаар ирлээ. Зулзган болжморууд өрх дэрвэтэл шулганан нисэн буугаад л. Борооны бараан үүл хойноос урагшаа хилэнт өстөн гүрнийхээ өөдөөс дайтахаар яваа бөөн цэргийн улаан тоос татах мэт үзэгдэнэ. Улаан тоос мэт үүлэнд цэцэг ургуулах шид бий. Тэр нь борооны мөнгөлөг дусал ажгуу. Ижийгээсээ салах дургүй хүүхэд шиг түм буман бороон дусал мөнгөн ус мэт цайрах үед зарим нь задран задарсаар үүлэн зүгтээ тэмүүлэх мэт усан зам татуулан газарт бууна. Борооны амиар цэцэг ургана.
Улаанбаатар хот дөрвөн хайрханыхаа нөмөрт оршном билээ. Борооны дараах хот маань хараагүй хүн нүд орох мэт цэлийтэл гэгээ татаад цаанаа л нэг сайхан санагдана. Сайхан гэдгийг бодох зуур Баатар хотын өнгө улам төгөлдөр болно. Би л хувьдаа “Red Нero” хэмээн нийслэлээ нэрлэх дуртай. Улаанбаатарын өмнүүр Богд уул цайран цайрсаар бороо орох нь нэн таатай. Хоёр хүүг чинь онож бууна гэсэн үүлсийн доороос үй түмээрээ агаар тэнгэрт алдуул морь шиг үзэгдэнэ. Ай энэ зургадугаар сарын тансагийгээ.
Үзэсгэлэнт охидын шүхэр доор хоргодох хүсэлтэй залуус тэднээс харцаа үл салгана. Салгаж чадаагүй харцанд нь “Гоо үзэсгэлэнг чинь борооны солонго гэж нэрлэе” гэх гэгээн бодол тээж явааг нь харж болох. Замын хашлага мөргөн буцах борооны усан цардмал замдаа эргэн буухдаа ямархан машины дугуйн хээгээр дахин хашлага давах бол гэх бодол тээх мэт харагдана. Ай энэ Улаанбаатарын бороо гоо охидын үзэсгэлэнг бахдахаас аргагүй болгоно.
Тэртээ хэдэн жилийн өмнө зургадугаар сарын ийм л борооноор “Бороо бороо ороорой оросын маамуу ирээрэй” хэмээн дуулж байсан цаг дөнгөж өчигдрийнх мэт нэн тодхон. Энэ бүгдийг дэргэдэх дүүдээ хэлтэл хэзээ эртийн үлгэр сонсож буй мэт намайг ширтэх нь соньхон. Бороо ороод л… бороон дуслууд газар унахад түүний үрээр тэнгэрийн цэцэг газарт ургана. Ай энэ зун цаг юмсан уу.