Categories
мэдээ цаг-үе

Борлуулагчийг хөнөөсөн гэх Т.Пүрэвсүрэн цагдаад худал мэдээлэл өгч чулуу хөөлгөхийг оролджээ

-ТАЛИЙГААЧ ХАМГИЙН СҮҮЛД Т.ПҮРЭВСҮРЭНГИЙН “ХАДАТ МЯНГАН-2” ДЭЛГҮҮРТ БАРАА БУУЛГАСАН БАЙДАГ-

АПУ компанийн бараа бүтээг­дэхүүнийг хувиараа борлуулж байсан Б.Алтанхуяг өнгөр­сөн сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон талаар “Өдрийн сонин” мэдээлж байсан. Сураггүй болсноос нь хойш хагас сарын дараа Налайх дахь уурхайн нүхнээс цогцос нь олдсон. Цагдаагийнхан талийгаачийг хөнөөсөн этгээдийг илрүүлжээ. Сэжиг­­тэн нь талийгаачийн хам­­гийн сүүлд очсон дэлгүү­рийн эзэн аж. Тэрбээр цагдаа нарт худал мэдээлэл өгч, чулуу хөөлгөхийг оролдож байжээ. Уг хэргийг нэхэн сурвалжиллаа.

ГАР УТАСНААС НЬ ИРСЭН МЕССЕЖ СЭЖИГ ТӨРҮҮЛЖЭЭ

Талийгаач “Ариун алтан тэвш” дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг. Мөн АПУ ком­па­нийн бүтээгдэхүүнийг хувиа­раа борлуулдаг байсан. Өнгөрсөн сарын 15-ны өдөр тэрээр Хужирбулан, Гачуурт, Налайхад борлуулалт хийхээр 7-8 сая төгрөгийн бараатай, дөрвөн сая төгрөгтэй явсан гэдэг. Тэр өдөр 11.00 цагийн орчимд дэлгүүрээсээ хөдөлж, Хонхорт гурван дэлгүүрт бараа­гаа буулгасан байдаг. Хамгийн сүүлд Хонхорын автобусны буудлын дэргэдэх “Хадат мянган-2” хүнсний дэлгүүрт бараа буулгаад хот руу хөдөлсөн гэх таамгийг цагдаагийнхан гаргаж байсан. Учир нь тэр өдрийн 15.40 цагийн орчимд 29-83 УНК улсын дугаартай ачааны микро­автобусаараа хот руу явж байгаа дүрс замын камерт үлдсэн аж.

Замын камерт бичигдэхийн өмнө буюу 14.30 цагийн орчимд эмнэлэгт хэвтэж байсан эхнэр рүүгээ “Хонхороос гарах гэж байна. Эндээс шууд эмнэлэгт очоод авъя” гэж ярьсан аж. Төд удалгүй эхнэр нь залгатал утсаа авахгүй байжээ. Дараа нь 16.00 цагийн орчимд “Одоо­хон очлоо” гэсэн мессеж нөхрийнх нь утаснаас ирсэн нь сэжиг төрүүлжээ. Учир нь талийгаач хэрэглэж байсан гар утаснаасаа мессеж бичиж чаддаггүй байж. Мөн эхнэр нь яаруулаагүй байхад ийм мессеж бичсэн нь сэжиг төрүүлжээ. Тэр орой эмнэлэгт ирж, эхнэр хүүхдээ гаргаж аваагүй, утас нь холбогдохгүй болчихоор гэр бүлийнхэн нь хайж эхэлсэн байдаг. Мөн тэр өдрөө цагдаагийн бай­гуул­лагад мэдэгджээ. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн цаг­даагийн алба хаагчид эрэл хийж байсан. Мөн ар гэрийн­хэн нь хувиараа Налайх, Хонхор, Богд уулыг самнасан ч эд мөрийн баримт ч олоогүй. “Өдрийн сонин”-нд энэ талаарх мэдээлэл гарсны дараа цагдаа нар хүч нэмэгдүүлж, Хонхор, Гачуурт, Налайх, Богд уул, Төв аймгийн нутгийг самнаж байсан.

Талийгаачийг сураггүй болсноос хойш 15 хоногийн дараа эхнэр нь хэвлэлийн бага хурал хийж иргэдээс тусламж гуйсан юм. Тэрбээр “Ханийг минь амьд л өгчихвөл бид юу ч хэлэхгүй. Барьцаалсан бол бусад бараа, мөнгө төгрөгийг нь аваад өөрийг нь өгчихөөч. Энэ талаарх сураг сонссон хүн байвал туслаач” уйлан байж гуйсан. Харамсалтай нь тэр өдрийн үдээс хойш талийгаачийн цогцсыг Налайхын нүүрсний уурхайн нүхнээс олсон юм. Нүүрс ухах гэж байсан хүмүүс уурхайн гүнд цогцос байгааг цагдаагийнхан мэдүүлсэн байдаг. Талийгаачийн цогцос танигдахын аргагүй болсон байсан бөгөөд ар гэрийнхэн нь талийгаачийг өмсөж явсан хувцсаар нь таньсан гэдэг.

Т.ПҮРЭВСҮРЭН ХЭРХЭН ЧУЛУУ ХӨӨЛГӨВ

Талийгаачийг хагас сарын хугацаанд хайж бай­хад ч, бусдын гарт амиа алд­сан нь тодорхой болсны дараа ч “Хадат мянган-2” дэл­гүүрийн эзэн Т.Пүрэвсүрэн ар гэрийнхэнд нь болон, цагдаа­гийнханд худлаа мэдээлэл өгч чулуу хөөлгөж байжээ. Тэр­бээр талийгаачийг өөртэй­гөө чацуу болов уу гэмээр, адилхан нуруутай залуутай инээлдэн ярилцаад явсан гэдгийг ярьж байжээ. Мөн ачаа буулгахад нь тэр залуу тусалж байсан гэж ярьсан байна. Тиймээс эхний үед талий­гаачийн ойр дотно байдаг, найзалдаг хүмүүсийг сэжиглэж байжээ. Бүр түүний ярьсанд үндэслэж нэг хүнийг сэжигтнээр байцаасан гэх мэдээлэл ч бий. Гэхдээ талий­гаа­чийн хамгийн сүүлд очсон дэлгүүр гэдэг үндэслэлээр цагдаагийнхан Т.Пүрэвсүрэнг хараандаа байлгаж байсан бололтой.

Үүнээс гадна талийгаачийн цогцос олдсоны дараа маши­ныг нь Төв аймгийн нутаг, эзгүй газраас машиныг нь олсон. Түүний ачиж явсан бараа хаана байгааг цагдаагийнхан хайж байсан бололтой юм. Ингээд Т.Пүрэвсүрэнгийн дүү­гийн гараашид нэгжлэг хийхэд талийгаачийн авч явсан бараа гарч иржээ. Сэжигтэн хэргээ хүлээсэн ч тоймтой мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Энэ хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж таамаглаж байгаа аж. Талийгаач “Хадат мянган-2” дэлгүүрт бараагаа өгөхдөө их хэмжээний мөнгөтэй бай­гаагаа харуулсан. Үүнээс үүдэж мөнгө, барааг нь ава­хаар дээрх хэргийг үйл­дэх сэдэл төрсөн гэдэг таа­маг бай­гаа аж. Мөн Т.Пүрэв­сүрэнгийн хүүхдүүд хотод сургуульд сурдаг. Хүүх­дүү­дээ авах нэрийд­лээр талийгаачийн машинд дайгдаад хотод орж ирээд гэмт хэргээ үйлдсэн байж магадгүй аж. Талийгаачийн гэр рүүгээ холбоо барьсан, камерт үлдсэн дүрс бичлэгийн цаг хугацаа ч ингэж таарч байгаа гэнэ.

ХЭРГИЙГ БҮЛЭГЛЭЖ ҮЙЛДЭВ ҮҮ

Цагдаагийнханд ийм таамаг бас байгаа бололтой. Учир нь талийгаачийн цогцсыг 15 метрийн гүнд нуусан. Ганцаараа ийм зүйл хийхэд хүндрэлтэй. Мөн сэжигтэн өөрөө талийгаачийн машиныг Төв аймгийн нутагт хүргэж хаясан байдаг. Машиныг нь жолоодож очсон гэхэд эргээд өөр хүний машинтай ирсэн нь тодорхой. Хамт явсан хүн нь анхнаасаа энэ хэргийг мэдэж байв уу гэдэг асуулт бас байгаа. Мөн их хэмжээний барааг гараашдаа нуулгасан нь сэжиг төрүүлж байгаа аж. Т.Пүрэвсүрэнгийн дүү эхнэр, хүүхэдгүй залуу байдгийг ойрынхон нь ярьсан.

Т.ПҮРЭВСҮРЭН ГЭЖ

ХЭН БЭ?

Т.Пүрэвсүрэн 35 орчим настай. Хонхорт төрж өссөн нэгэн. Тэрбээр ах дүү зургуулаа гэсэн. Аав нь хорих ангид ажиллаж байсан гэх яриа байна. Ээж нь насаараа цэцэрлэгийн багш хийсэн нэгэн. Аав ээж нь Хонхорт амьдардаг бөгөөд тэтгэврийн насны хөгшчүүд аж. Т.Пүрэвсүрэн дээрээ гур­ван эгчтэй. Арваад жилийн өмнө гэр бүл зохиож байжээ. Тэднийх бага насны гурван хүүхэдтэй. Том нь гуравдугаар анги бол бага нь хоёр ойтой гэнэ. Эхнэр нь хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад өнгөрсөн жилийн хоёрдугаар сард жинхэлсэн аж. Тухайн үед түүнийг хууль бусаар хорооны Засаг дарга болсон гэх мар­гаан гарч, хэдэн хүмүүс хэв­лэлийн бага хурал хүртэл хийж байсан. Хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүс түүний тухай “Засаг даргаар ажиллаж байсан Б.Хоожин руу дугаар нууцал­сан утсаар залгаж “Засаг дар­гынхаа тамга, тэмд­гийг өг. Тэгэхгүй бол гэрийг чинь шатаана” гэх зэргээр заналхийлсэн” гэж ярьж байсан юм. Энэ мэт хэл амнаас болж эхнэр нь хоёр сарын өмнө ажлаа өгсөн байна.

Тэднийх “Мянганы гол” хэмээх компанитай. Тус компани нь боловс­руулсан махан бүтээг­дэхүүн борлуулах эрх­тэй­гээр байгуулагдаж байжээ. Энэ компанийнхаа нэр дор “Хадат мянган-2” дэлгүүрээ ажиллуулдаг. Засаг даргаар ажиллаж байх үед нь “Дэлгүүрээ шөнө орой болтол ажиллуулж хууль зөрчдөг” гэх хэл ам ч гарч байжээ.

Т.Пүрэвсүрэнг хонхорын­хон даруухан, тийм гэмт хэрэг үйлдэхээргүй залуу гэж тодорхойлох юм билээ. “Өр зээлнээс болж мөнгөнд шунаж хэрэг үйлдсэн байж болох талтай” ч гэх хүмүүс байсан. Гэхдээ арав гаруйхан сая төгрөгөөс болж хүний аминд хүрч, айлын гурван хүүхэд өнчрүүлж, өөрийнхөө гурван үрийг амьдын хага­цалд оруулсан гэхэд үнэхээр харам­салтайг хонхорынхон ярьж байсан. “Тэрээр prius-20 маркийн машинтай. Өрөнд орсон бол машинаа зараад өгчихмөөр юм. Олон жил дэлгүүр ажиллуулсан учраас овоо хөл дээрээ тогтчихсон. Одоо дэлгүүртээ худалдагч ажиллуулдаг” гэх хүн ч байлаа. Т.Пүрэвсүрэнгийнх дэлгүүрийнхээ хойд талыг өргөтгөж өөрсдөө амьдардаг юм билээ.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *