Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн ням гаригт шувтарлаа. Орон даяар нийт 36,425 төгсөгч 10 төрлийн хичээлээр шалгалтаа өгөв. Шалгалт түүх, англи хэлний хичээлээр эхэлсэн бөгөөд эхний өдрөөсөө л маргаантай, будлиантай олон зүйл дуулдаж эхэлсэн.
Шалгалтын зохион байгуулалтын талаар анхаарахгүй байхын аргагүй гомдол, саналуудыг элсэгчид, эцэг эхчүүд ярьж байв. Цаанаас тараасан харандаа нь шалгалтын хугацааны дунд хүрэхгүй үзүүр нь хугарч, хүүхдүүд шалгалтын хуудсаа бөглөх боломжгүйд хүрсэн. Танхим дүүрэн хүүхдийн дунд хоёр, гуравхан үзүүрлэгч, баллуур тарааснаар алинд нь ч хүрэлцээгүй гэсэн гомдлыг маш олон шалгуулагч бичжээ. Гэтэл зарим анги, сургуульд гар утас, ухаалаг цагтай хүүхдүүд ч орсон гэж байгаа. Математикийн шалгалтын тест задарсан баримт олон нийтийн сүлжээнд ил болж, нэлээд шүүмжлэл хүртлээ. Өнөөдөр хүртэл энэ асуудлыг үгүйсгэсэн мэдэгдлийг салбарын яам, Боловсролын үнэлгээний төвөөс хийгээгүй байна. Шалгалтын хугацааг журмын дагуу шалгуулагчдад анхааруулж, цагаа зөв зохион байгуулах талаар сануулж байгаа хэсэг байхад шалгалт дууссан тухай гэнэт мэдэгдэж, хуудсуудаа хурааж авсан тохиолдол ч гарсан байна. Цагийн баримжаа авах зүйл оруулахыг хориглосон учраас шалгалтын хуудсаа бүрэн бөглөж чадаагүй гэх гомдолтой төгсөгчид ч нэлээд хэсэг байгаа аж. Энэ тухай “Хоёр хүүхдийн дунд нэг харандаа, нэг бал өгөөд, харандаа нь олигтой гарахгүй, баллуур нь баллуурдахгүй. Зарим хүүхэд нь бусдадаа баллуур харандаагаа өгөхгүй.
Ийм дампуу юм зохион байгуулж байх гэж, Боловсролын яам”, “Харандаанаас гадна ухаалаг цаг олон хүүхдэд байсан энд тэнд тооны машин дуугараад байсан гэсэн. Ер нь ямар нь тэгж ороод, ямар нь үнэнч өөрсдөө бодоод хугацаандаа багтдаггүй юм бэ. Шударга юм гэж алга”, “Утастай олон хүүхэд орсон. Миний хажууд сууж байсан хүүхэд, бас үеэлийн ангид сууж байсан хүүхдүүд гээд математикийн шалгалт бол арай л байна”, “Харандаа баллуур бол үнэндээ сэтгэлд нийцээгүй. Баллуурдах гэхээр арилгаж чадахгүй. Будъя гэхээр харандаа нь хугараад байсан” гээд л сэтгэгдлүүд хэдэн зуугаараа хөвөрч байна.
Цаашлаад шалгалтын агуулга дээр ч төгсөгчид гэлтгүй салбарын эрдэмтдийн зүгээс ч шүүмжлэлтэй хичээл нэг бус гарч ирлээ. Ялангуяа математик, англи хэлний хичээл дээр энэ асуудал түлхүү яригдаж харагдав. Англи хэлний шалгалтын тухай нэгэн төгсөгч “Дараа жил ЭЕШ өгөх дүү нартаа зөвлөе. Англи хэл бол бараг IELTS бэлдчихсэн дээр юм байна шүү. Энэ жил ЭЕШ номноос бэлдсэн биднийг шууд унагачлаа. 12 жилийн сургалтын агуулгаас үнэхээр давсан, бараг тасарсан гэхэд буруудахгүй. 2006-2021 хүртэл өмнөх жилийнхээ жишгийг харж сайжруулдаг атал энэ жил огцом хүндрүүлсэн. Бараг IELTS-даа бэлдээд 6.5 авчихаад 800 болгоод хөрвүүлчихсэн нь дээр байх” гэсэн саналыг дэвшүүлсэн байв. Үнэхээр л ЭЕШ гэдэг хэн ч бодсон 12 жилийн сургалтын агуулгаас ирэх ёстой бус уу. Сургалтын агуулга гээд ярихаар сурах бичгийн асуудал хөндөгдөнө. Жил бүр шинээр хэвлэгддэг сурах бичгийн тендерийн наймааны гор өнөөдрийн энэ асуудал ч байж мэдэх юм.
Түүнчлэн математикийн хичээлийн “В” хувилбарын талаар нэлээд сурагчид маргаан өрнүүлсэн байлаа. Энэ тухай нэгэн шалгуулагчийн мэдэгдлийг сийрүүлбэл “Математик ЭЕШ-ын “В” хувилбар. Өгсөн бүх хүүхдүүд оноондоо эргэлзээд байна. Үнэхээр амархан байсан. Хангалттай хугацаанд дуусчихаад дахин хянасан. Гэтэл оноо 22 байна. Оноогоо хараад зүгээр л шок, хөл чичрээд зүрх өвдөөд. Ийм байх ёсгүй дээ гээд л зогсоод л байсан. Тийм байдалтай байсан ихэнх хүүхэд “В” вариант гэсэн. Сургуулийн хамгийн сайн боддог гавал сурагч хүртэл 80 гэж бодсон ч 40 байна гээд л зогсож байсан. Гараар засуулж болох уу гэж асуухад тийм юм байхгүй гэсэн. Харамсалтай байна. Уйлмаар байна. Ингэхээр биднийг гоншигнуур, хичээгээгүй л гэх юм. Үнэндээ ясаа цайтал хичээсэн. Би гэхэд нэгдүгээр сараас хойш нойр хоолоо хасан байж, ядаргаанд орж эмнэлэгт долоо хоног дусал хийлгэн байж математикаа бэлдсэн. Бүх тандах шалгалт дээрээ 80+ оноо авсан. Би хувьдаа үхтлээ л хичээсэн. Үнэхээр хичээсэн болохоор сайхнаар төсөөлж байсан хүссэн сургууль, ирээдүй, мэргэжилээ зүгээр л дурсаад сууж чадсангүй. Саяхан математикийн олимпиад дээр нэгдүгээр байранд ороод байж байхад минь инээгээд сууж байсан аав ээж хоёртоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Боловсролын системдээ гонсгор байна. Боловсролын яамдаа гомдож байна. Хэдэн мянган хүүхдийн ирээдүйг баллаж хохироож байна” гэсэн хатуухан үгс шидсэн байв.
Өөр ч хүүхдийн сэтгэгдлүүд бий. “Өөрийгөө үнэхээр сайн хийсэн гэж бодоод өөртөө дэндүү бардаж гарч ирсэн. Оноогоо хараад шоконд орсон. Наад машинд чинь итгэхгүй байна. Бид нар 12 жил сурахдаа нэг муу бөөрөнхий нүхнүүдийг л бөглөх гэж сурсан юм уу. Шалгалтаа сайн өгсөн ч гэсэн тэрийг нь дутуу эсвэл тойргоос нь гаргаж будаад оноогоо хасуулж байна. Гараар засахыг шаардаж байна” гэжээ.
Эцсийн дүндээ энэ жилийн ЭЕШ-ын улсын дундаж маш муу байлаа. Улаанбаатарт гэхэд математикийн шалгалтыг 10814 сурагч өгснөөс дөрөвхөн хувь буюу 432 хүүхэд л 60-аас дээш оноо авсан тооцоолол байгаа юм. Үлдсэн 10367 сурагч буюу нийт шалгуулагчийн 96 нь хувь нь 60-аас доош оноог авчээ. Энэ жилийн их, дээд сургуулийн босго оноо 480 гэж байгаа. Улсын сургуульд шалгалт өгсөн нийт хичээлийн хоёроос доошгүй нь босго оноонд хүрсэн тохиолдолд элсэх эрх нээгдэнэ гэж буй. Дээрх зохион байгуулагчдын механик алдаануудаас бэлтгэснийхээ хэрээр хүссэн оноогоо авах битгий босго оноонд хүрч чадаагүй олон зуун сурагч доголон нулимстай, ээж ааваасаа эмээгээд сууж буй нь лавтай.
Энэ жилийн ЭЕШ тойрсон маапаан үүгээр дуусахгүй. Улсын хэмжээнд бүх хичээл дээр сүүл мушгисан Баян-Өлгий аймгийн тухай ч бүр том шүүмжлэл дэгдэж буй. Тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын системд монгол хэлний хичээлийн агуулга хангалттай бус байдгаас төгсөгчид ЭЕШ-ыг монгол хэл дээр бүрэн дүүрэн өгч чадаагүй. Шалгалтандаа унасан казах сурагч амиа хорлохыг завдсан гэх мэдээлэл ч дуулдаад авна лээ.
Эдгээрт ерөөсөө хүүхдийн буруу байхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг төгсөгчдийн хувьд амьдралын хамгийн том босго байдаг. Энэ шалгалтаас л тэд ирээдүйд ямар мэргэжилтэй болох, ямар амьдралтай болох эхлэлээ тавьдаг. Тиймээс шалгалтандаа хариуцлагагүй ханддаг хүүхэд байдаггүй юм. Төгсөгчид хэдийгээр 17, 18 хүрсэн ч тэд бие хүн болж төлөвшөөгүй, хүүхдээрээ амьтад. Тэдэнд шалгалтыг аргацаах, хууран мэхлэх тухай ойлголт огтоос төрөхгүй. Байх ч боломжгүй нас, сэтгэл зүйн үе. Өнөөдөр ажлын байран дээр гарсан хэнбугай нь ч төгсөх үеийнхээ шалгалтыг эргэн дурсаад нэг үзээч. Ямар их хичээл зүтгэл, айдас, сэтгэл хөдлөл дунд шалгуулж, дүнгээ харж, гэрийнхэндээ байцаагдаж, урамшиж, гутарч, аав ээжээсээ эмээж явсан бол тэгж аргалаад тэнцчихсэн, азаа үзээд зөвдсөн гэх нь ховор л болов уу.
Гэтэл зохион байгуулалтын алдааны талаар нийтэд дэлгэсэн хүүхдүүдийг нийгмээрээ буруушааж байх юм. Зохион байгуулагчдын хувьд ч тэр, дүнгээ тулгая, алдаагаа харъя гээд зорьж очсон, өөрсдийнх нь зохион байгуулалт муу байсан талаар хэлсэн болгонд “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэж ирээд омогорхсон гэж байгаа.
Мэргэжил эзэмшиж, ирээдүйдээ эх орондоо хэрэгтэй хүн болъё гээд мэдлэгээ шалгуулж байгаа хүүхдүүдэд харин ч эсрэгээрээ хамгийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Олон мянган хүүхдийн амьдралыг балласан зохион байгуулагч нэртэй нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат тэргүүтэй нөхдийг багаар нь сольж, хариуцлага хүлээлгэ.
Шалгалтын тест шалгадаг машиныг ч шалга. Аливаа зүйл ил тод, хяналттай байх зарчимтай. Гэтэл бүхэл бүтэн хүмүүсийн амьдралыг шийдэж буй тест шалгагч машиныг жил бүрийн шалгалтын үеэр туршилтын тооллогоор баталгаажуулахад яагаад буруу гэж. Банкны системээс ч өндөр үнэтэй программыг боловсролын салбарт шахсан гэдэг дуулиан дэгдсэн байсан нь саяхан. Тиймээс цагдаа, тагнуулын байгууллагууд ажлаа хий. Яг л нөгөө сонгуулийн хар машины булхай шиг л юм болоод явчихлаа.
Гэхдээ энэ байдал зөвхөн энэ жил яригдаж байгаа зүйл биш юм. Жил бүр шалгалтын материал задардаг, зохион байгуулалт муу байсан тухай ноцтой баримт кейс гарч ирдэг. Хэн ч үүн дээр хариуцлага хүлээдэггүй. Одоо болъё. Ядаж л ирээдүйн Монгол Улсын боловсон хүчин бэлтгэж байгаа энэ явдал дээрээ шударга байцгаая.
Манайд элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг шинээр бий болсон тогтолцоо биш юм. Монголын анхдагч сургуулиудын нэг МУИС-ийн шав тавигдаад 70, 80 жил болчихсон. Өөрөөр хэлбэл, ийм хугацаанд бид элсэлтийн шалгалтыг зохион байгуулж ирсэн байна шүү дээ. Гэтэл өнөөдөр XXI зуун. Ийм үед хулхи харандаа, хэдэн баллуур, үзүүрлэгч яриад сууж байж болох уу.
ЭЕШ-ын цаана бүхэл бүтэн хүний амьдрал, хувь заяа шийдэгдэж байгаа. БНСУ-д гэхэд шалгалтаа өгөхөөр цаг нь тулаад гүйж яваа сурагчийг цагдаагийн байгууллага нь шуурхай хүргэж өгсөн явдал өнгөрсөн жил дуулиан болж байв. Хөгжилтэй орон ирээдүйн боловсон хүчиндээ ингэж санаа тавьдаг, анхаардаг юм байна.
Тэгэхэд бид хэдхэн мянган хүүхдийнхээ төлөө шалгалтын хэрэгслийг нь чанартай бэлдчихэд хэдэн тэрбум оров гэж дээ. Ихдээ л баллуур, үзүүрлэгч, харандаа гурав л шаардагдаж байна. Шалгалт гэдэг цаанаасаа л өндөр сэтгэл зүй шаарддаг. Харандаа нь хугарч, баллуур үзүүрлэгч олдохгүй хүүхдүүдэд сэтгэл зүй нь ямар болох вэ. Тийм нөхцөлд тестээ амжилттай бөглөж чадах уу. Ажилдаа сэтгэлгүй, зохион байгуулалтгүй ажилласаар ирсэн Боловсролын үнэлгээний төвийнхөнд хариуцлага тооцож, татан буулгая.
Энэ жилийн ЭЕШ-ыг дахин явуулъя. Төсвөөс мөнгө татаж цалинжиж суугаа нөхдийн буруугаас болж, амьдралаа алдаж байгаа төгсөгчдөд боломж олгоход огт буруудахгүй.