МУБИС-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ жил “Боловсролын чанар, үр дүн” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болох хуралд Монголоос гадна АНУ, Герман, Итали, ОХУ, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Конго зэрэг есөн орны 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байгаа бөгөөд “Боловсролын үйлчилгээний чанар, үр дүн”, “Боловсролын чанар, үр дүнгийн хэмжилт, үнэлгээ”, “Боловсролын чанар, үр дүнгийн баталгаажуулалт” сэдэвт гурван салбар хуралдаанаар илтгэлээ хэлэлцүүлж байна. Хурлын үеэр гадаад болон дотоодын сургалтын чанар, үр дүнгийн талаар хийгдэж буй судалгаа, туршлагыг хуваалцаж байгаагаараа онцлог юм хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
МУБИС-ийн зүгээс уг хуралд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд хурлаас гарсан судалгааны дүнд тулгуурлан сургалтын үйл ажиллагааг сайжруулах, гадаадын их дээд сургуулиудтай судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавин ажилладаг байна. Уг эрдэм шинжилгээний хурал хоёр өдрийн турш болох бөгөөд маргааш МУБИС дээр үргэлжлэх аж.
“Боловсролын чанар, үр дүн” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.iceee2018.com веб сайтаас авна уу.