Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Боловсролыг төмсөөр үнэлдэг сайдуудтай учраас Монгол ийм байгаа юм даа DNN.mn

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах тухай тогтоол баталсан. Уг тогтоолд ургац хураалтад ажиллах хүн хүчний асуудлыг хэрхэн зохицуулах тухай заалт багтсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ талаар хэлэхдээ “Их, дээд сургуулиудын оюутнуудыг ургац хураалтад оролцуулж, оролцсон хэмжээгээр сургалтынх нь кердит цагт тооцохоор Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ургац хураалтад 10-15 мянган оюутныг ажиллуулахаар төлөвлөж байна” гэлээ.

За энэ бол албан мэдээ. Засгийн газрын хуралдаан дээр яригдсан асуудал. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан боловсролыг төмсөөр үнэлэхээ илэрхийлжээ. Төмс ногоо 15 хоног хураах ажлыг их дээд сургуулийн магистрын хэмжээнд аваачиж байгаа солиорол. Ирээдүйд эх орноо авч явах ирээдүйн сэхээтний давхаргаараа төмс түүлгэж, тариа хураалгаж, түүгээр нь хичээлийг нь үнэлэх дүгнэх шийдвэр гаргаж байгаа төр засаг дэлхийд Монголоос өөр байна уу. Монголын газар тариалан мөлжлөгийн системээсээ салаагүй өнөөдрийг хүрсний шинж. Соц нийгэмд ийм л мөлжлөгийн, субботникийн аргааар тариа ногоо хурааж байлаа. Гэтэл өнөөдөр чинь технологийн эрин зуун гээд байгаа биз дээ. Яагаад 40 жилийн өмнөх шиг төмс түүлгэх гээд байгаа юм бэ. “Газар тариаланг дэмжих сан”-гийн хөрөнгийг Гацууртын Чинбатад өгчихдөг 15 жилийн замналаа одоо дуусгаач, МАН-ынхаан. Төмс хураадаг техник авчрах тухай сайд З.Мэндсайхан ярих ёстойгоос элэнцэгийн чинь оюутнуудыг кредит үнэлгээгээр төмс хураалгах вэ. Америкт гэхэд газар тариалангийн салбарт хүний хүчин зүйл 3-4-хөн хувьтай, бүгдийг техник, технологиор хийж байна. Европт бараг 100 хувь техник технологийн хүчээр хийж байна. Хажуу хөрш Хятадад чацаргана хураадаг машин гэхэд төгс бүтээгдсэн байна. Чацарганыг хураагаад, хөлдөөгөөд, хадгалаад явчихдаг техник ажиллаж байна. Гэтэл Монголд хуучин нийгмийн аргаараа оюутнуудыг мянга мянгаар нь ачиж аваачин, тариан талбайд хашиж, тариа ногоогоо хураалгана гэнэ. Дэлхий ингэж хөгжсөн байхад, дэргэдэх хөрш чинь ийм гайхамшгийг газар тариаландаа нэвтрүүлчихсэн байхад Монгол Улс хагас зууны тэртээх арга барилаараа оюутнуудын хүчээр тариа будаагаа хураана, хөлсөнд нь хичээлийн дүнг нь сайн тавина гэх шиг юм ярьж суугаа нь үнэхээр гутармаар. Улс орноо, ирээдүй үеэ доромжилж байна. Учир нь энэ бүх техник, технологийг оруулж ирэх хөрөнгө мөнгө нь хэдхэн хүний гараар ороод дуусдаг, тэдгээр нөхөд нь Хавай, Хайнань, Сентоза арлын нар шарлагууд, орд харшид жаргаж, ядарсан ард түмэн нь мөлхөж, улс орныг ирээдүйд авч явах мянга мянган оюутан залуус үйлийг нь үүрч, номын санд сууж, интернэтээр дэлхийн хөгжилтэй танилцаж байх цаг хугацаагаа тариан талбайд гараа эвэрштэл, нуруугаа тасартал төмс үүрч, түүгээрээ дүнгээ үнэлүүлж байгаа нь гутамшиг. Ийм доромжлол, гутамшиг дунд хэдүй болтол амьдарцгаах юм бэ…

Оюутнуудын ихэнх нь охидууд. Хуучин нийгэмд намрын ажилд явсан оюутан охидын цөөнгүй нь трактор, комбайны жолооч нөхөртэй болж, тэднээс хүүхэдтэй болоод ирдэг шиг тийм л юм руу буцаад байгаа юм уу. Яагаад ухраад байгаа юм бэ, яагаад ургац хураалтад оюутнуудыг дайчлах гээд байгаа юм бэ. Маш товчхоноор хэлэхэд, хагас зууны тэртээх субботникийн нийгмээсээ салаач. Техник, технологи оруулж ирэх мөнгийг нь МАН-ын том жижиг дарга нар, луйварчид нь хувааж иддэг системээсээ салаач ээ, эрх баригчид аа. Зэрлэг зуун л Монголд амь бөхтэй оршиж байна. Шороо ухаж байгаа, шоронгийн ялтан шиг дүр зурагтай оюутан залуусыг зөвхөн Монголд л харна шүү.

“Газар тариаланг дэмжих сан” нь тонон дээрэмдүүл-чихсэн, оюутнуудыг дарамталж хөдөлмөр хийлгэхээс өөр аргагүй болсон юм бол ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы толгойд ядаж төлбөрөөс нь тэдэн хувь чөлөөлье гэсэн санаа төрдөггүй юм уу, наад захын ийм санаа толгойд нь ордог сайд энэ Засгийн газарт байдаггүй хэрэг үү. Бүр болохгүй, соц нийгмийн хөдөлмөрийн мөлжлөгийг ашиглахаас өөр аргагүй байдалд орсон юм бол хийх юмгүй шахуу хэдэн бор цэргээ дайчилж болдоггүй юм уу, ХААИС-ийн энэ чиглэлийн ангийнхныг зөвхөн практик сургалт нэрээр ашиглаж болохгүй юу. Үнэн хэрэгтээ Монголын газар тариаланд Монголын боловсролын салбар, тэр дундаа сургалтын кредит үнэлгээ ямар ч хамаагүй шүү дээ. Түй ч хамаагүй.

Төмс ногоо хураагаад л дипломтой болчихдог болсон юм бол насаараа төмс ногоо тарьж хураасан бүх хүнд Их, дээд сургуульд суралцаж төгссөн үнэмлэх дипломыг өгье. Ийм нөхцөлийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Шууд утгаараа ингэж ойлгосон. Хотоос баруун тийш Лүн хүртэлх засмал замаас хойших, Оросын хил хүртэл тариа ногооны ажил эрхэлж ирсэн бүх хүнд дээд боловсролын диплом олгоё.

Энэ улс орныг чинь ирээдүйд боловсролтой, сэхээтэн хэсэг нь чирч хөтөлж явна. Дэлхийн жишиг өөрөө тийм. Өнөөдөр сэхээтэн хэсэг, улс орныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээх ёстой 40-өөс дээш насныхан нь бэртэгчингүүд, аймхайчууд болчихсон. Энэ улс оронд юу болохгүй байгаа, яаж шийдвэл зөв талаар мэдэж байгаа сэхээтнүүд Монголд цөөнгүй бий. Гэвч тэдний хэн нь ч улс орны хувь заяаны төлөө хөдлөхгүй, үнэнийг хэлэхгүй.

Хэлэх юм бол шүүмжлэл болно, надад гай болно, үр хүүхдэд минь дарамт болно гэж үздэг учраас эхнэртэйгээ ярихаас цаашгүй, өрөөний мухарт бүгэж, гудамжинд томоотой алхаж, нам засаг минь намайгаа, үр хүүхдийг минь бодож яваарай гэсэн бэртэгчингүүд. Үүний үр дүн нь өнөөдрийн улс орны байгаа царай.

Үүнийг ойлгож мэдэрсэн цөөхөн хэсэг бий. Тэд өнөөдрийн бэртэгчин сэхээтнүүдээс огт өөр, боловсрол мэдлэгтэй шинэ үеийг бэлдэн гаргаж, улс орны хувь заяаг тэдэнд даатгахыг хүсч байна. Тийм болохоор Монголын боловсролын салбарт онцгой анхаарч, бяр нь хүрэхгүй ч боловсролын системээ өөрчилье, боловсролтой ирээдүйг бий болгоё хэмээн ярьсаар, хэлсээр, бичсээр, зарим үед тэмцсээр байгаа.

Тийм учраас ХХААХҮ-ийн сайдын ургац хураалтад оролцох 15 мянган оюутнуудыг төмс хэр сайн хурааснаар кредит үнэлгээг нь тооцно гэсэн мунхаг саналд боож үхэх гэж байна. Тариа ногоогоор боловсролоо сольсон, үнэлсэн тийм практик, түүх, Олон улсад байна уу. Ургац сайн жил улс орнууд бүх ургацаа хурааж авч дийлэхгүйгээс 30-40 хувийн алдагдалд орох, хурааж дийлэхгүй балрах тохиолдлууд бий. Энэ мэдээж улс оронд хохиролтой. Тийм болохоор ургацын жилдээ онцгой анхаардаг, улс орны стратегийн асуудал гэж үздэг, эхэнд хэлсэн техник, технолгийн дэвшилд хөрөнгө мөнгө хаяж, энэ салбараа хөгжүүлж байна. Хөдөө аж ахуй, Газар тариалангийн салбар, түүнд хэрэгжиж буй технологи гүйцэгдэхгүй хурдтайгаар хөгжиж байна. Харин Монголд эсрэгээрээ XX зууны дунд үе рүүгээ буцаж байна. Наад захын тод жишээ нь энэ, их, дээд сургуулийн оюутнуудаа төмсний талбайд хөөж оруулдаг, сайн хураасанд сайн дүн тавина гэсэн салбарын сайдуутай, түүнийгээ Засгийн газар нь дэмжээд л… ийм хөгийн шийдвэр Монголоос өөр газар байхгүй. Монголыг удирдаж байгаа хүмүүс ингэж л өчүүхэн сэтгэж, өөдөөс ирж яваа цаг үеэ олж харахгүй, авлигад идэгдсэн учраас өнөөдөр юу ч үйлдвэрлэдэггүй, технократууд нь гудамжинд, бөхчин, дуучингууд нь төрийн толгойд суусан, түүхжсэн, шашинжсан, урлагжсан, спортжсон… энэ хэдийгээ тахин шүтсэн, байдгаа барсан улс орон болох зам дээрээ гарчихаад байна.

Юу ч үйлдвэрлэдэггүй дэлхийн ганц улс Монгол болчихоод байна. Боловсролыг төмсөөр сольсон улстөрчидтэй, удирдлагуудтай, сайдуудтай энэ улс орон цаашдаа хаана хүрч муугаа үзэхийг мэдэх аргагүй боллоо… Долоон бурхан одонд улс орноо даатгаж яваа 76 тэнэгт энэ талаар дуулгаад ч хэрэггүй биз…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *